Хэвлэх DOC Татаж авах
Санхүү, эдийн засгийн сайдын 2002 оны
                                          327 дугаар тушаалын хавсралт
 
 
ТӨРИЙН САНГИЙН САЛБАР ХООРОНДЫН ТӨЛБӨР ТООЦООНЫ ТҮР ЖУРАМ
 
Нэг. Ерөнхий зүйл
 
1.1. Энэхүү журмыг Төрийн сангийн төв болон салбар хооронд хийгдэх бүх төрлийн бэлэн ба бэлэн бус гүйлгээг үнэн зөв, түргэн шуурхай дамжуулах, салбаруудын төв төрийн сантай болон бусад салбаруудтайгаа хийх салбар хоорондын тооцоог өдөр тутам нийлж тохируулахад ашиглана.
1.2.Журмын зорилго нь: Төрийн сангийн аль нэг салбараас хийгдсэн салбар хоорондын тооцооны эхний гүйлгээ нь, гүйлгээ хийгдсэн тухайн өдөртөө багтаж уг гүйлгээг хүлээн авсан төрийн сангийн салбарт хариу гүйлгээнд орсон байх бөгөөд төрийн сангийн системийн хэмжээнд салбар хоорондын тооцооны актив, пассив үлдэгдэл буюу хоорондын тооцооны өглөг, авлагыг тэнцүүлэж байхад оршино.
1.3. Төрийн сангийн нийт салбаруудын хэмжээнд хийгдэх бэлэн бус төлбөр тооцооны гүйлгээг өглөг, авлагын хэлбэрээр нэг салбараас төв болон өөр бусад салбарт компьютерийн нэгдсэн сүлжээгээр дамжуулан хийж байгаа үйлдлийг төрийн сангийн салбар хоорондын тооцоо гэнэ.
1.4. Салбар хоорондын тооцоогоор хийгдсэн гүйлгээний баримт нь авизын жагсаалт бөгөөд хоорондын тооцооны мэргэжилтэн хэвлэж авч шалгаад төсвийн ерөнхий нягтлан бодогчоор хянуулсны дараа баталгаажиж өдрийн баримтад үдэгдэнэ.
1.5. Төлбөрийн хүсэлтийн үндсэн баримтыг үндэслэн салбар хоорондын тооцоогоор хийгдсэн анхны гүйлгээг салбар хоорондын тооцооны эхний гүйгээ, ирсэн авизо буюу гүйлгээний жагсаалтыг үндэслэн хийж байгаа  гүйлгээг салбар хоорондын тооцооны хариу гүйлгээ гэж нэрлэнэ.
1.6. Төв төрийн сан дээр тус бүрт нэрийн болон түр данс нээж өгнө. Энэ данс нь Монгол банкнаас олгосон салбаруудын кодоор дугаарлагдсан байна.
1.7. Орон нутгийн нэг салбараас нөгөөд дамжих гүйлгээ зөвхөн төв төрийн сангаар дамжин хийгдэх бөгөөд сангийн холбогдох ажилтан хяналт тавина.
1.8. Салбар хоорондын тооцоонд хэрэглэгдэх авизо файл хэлбэрт үүсэх ба энэ нь нууц түлхүүрээр, программын дагуу автоматаар үүссэн байна.
1.9. Салбар хоорондын тооцоогоор хийгдсэн гүйлгээний авизо буюу компьютерийн файлыг архивлан хадгалж байна.
 
Хоёр. Салбар дээр эхний гүйлгээ хийгдэх үйлдэл
 
2.1.Төрийн сангийн нягтлан бодогч салбар хоорондын тооцоогоор дамжуулан гүйлгээний баримтыг хүлээн авч хянаад холбогдох дансны дебит, салбар хоорондын тооцооны 2201 тоот дансы кредит гэсэн гүйлгээ хийнэ.
2.2. Гүйлгээний кредит авизыг нэг хувь хэвлэн авч дахин шалгаад, гарын үсэг зурж баталгаажуулан компьютерийн программд гүйлгээний авизо үүсэх сонголтоор орсны дараа Төв төрийн сан руу дамжуулан үндсэн баримтыг авизын хамт өдрийн баримтанд үдэж хадгална.
2.3. Төрийн сангийн салбар хоорондын эхний гүйлгээнд салбарын төсвийн ерөнхий нягтлан бодогч давхар хяналт тавина.
2.4. Төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн салбар хоорондын эхний гүйлгээний авизыг тухайн ажлын өдрийн 9-16 цагийн хооронд Төв төрийн сангийн банкны төлбөр тооцооны хэсэгт дамжуулж дууссан байна.
 
Гурав. Салбар дээр хариу гүйлгээ хийгдэх үйлдэл:
 
3.1.Хариу гүйлгээ хийх төрийн сангийн мэргэжилтэн салбар хоорондын сүлжээгээр дамжиж ирсэн гүйлгээний авизыг тухайн өдөрт нь хүлээн авч, холбогдох данс, бичилтийг хянаад салбар хоорондын тооцооны 2201 тоот дансны дебит, холбогдох дансны кредит гэсэн (салбар хорондын тооцоогоор авлага) гүйлгээ  хийнэ.
3.2. Гүйлгээний мемориалын ордер авизыг нэг хувь авч давтан шалгаад гарын үсэг зурж баталгаажуулан гүйлгээнд оруулна.
3.3. Тодорхойгүй буцаах авизыг ахлах ажилтанд танилцуулж буцаана.
3.4. Салбар хоорондын тооцоогоор ирсэн бүх авизууд тухайн өдөртөө гүйлгээнд орсон байна.
3.5. Гүйлгээнд мемориалын ордерын нэг хувийг баримтанд, авизын нэг хувийг тусгай үдэж, хадгална.
3.6. Салбар хоорондын тооцооны хариу гүйлгээнд төрийн сангийн тухайн салбарын төсвийн ерөнхий нягтлан бодогч давхар хяналт тавина.
 
Дөрөв. Төв төрийн сан дээр хийгдэх үйлдэл:
 
4.1.Төв төрийн сангийн банкны баланст салбар бүрээр /Архангай-4201030 гэх мэт/ нэрийн данс нээж өгнө. Мөн салбар бүрээр хоорондын тооцоог бүртгэх түр данс нээсэн байна.
4.2.Төв төрийн сан салбаруудаас ирсэн авизыг тухайн салбарын хоорондын тооцооны түр дансны дебит, банк хоорондын тооцооны түр дансны кредит гэсэн гүйлгээ хийнэ.
          4.3. Салбаруудаас ирэх авизыг 14:00 цаг хүртэл авч гүйлгээнд оруулах бөгөөд тухайн өдрийн 14:00 цагаас хойш ирсэн авизыг хүлээлгийн дансанд бүртгэн  дараагийн өдрийн 10:00 цагт хүлээлгийн дансны дебит, банк хоорондын тооцооны түр дансны кредит гэсэн гүйлгээ хийнэ.
          4.4. Төв төрийн сангаас тухайн салбарын хоорондын тооцооны түр дансны кредит, банк хоорондын тооцооны түр дансны дебит гэсэн гүйлгээ хийж төрийн сангийн салбарууд руу авизо бичиж дамжуулна. Төв төрийн сангаас 17:00 цаг хүртэл сүлжээгээр авиз дамжих бөгөөд салбаруудын түр дансны тэнцлийн 4201 холбогдох нэрийн данс руу бичиж хаана.
         
Тав. Салбар хоорондын тооцоог нийлж тохируулах:
 
5.1.Төв төрийн сан болон төрийн сангийн хэлтсүүдийн салбар хоорондын тооцооны дансдын өдрийн үлдэгдэл нь салбар хоорондын тооцооны эхний ба хариу гүйлгээнд орсон авизын зөрүү дүнтэй тохирч байна.
5.2. Төрийн сангийн хэлтсүүд нь тухайн өдрийн түр дансны үлдэгдлийг 17:00 цагаас 17:30 цаг хүртэл Төв төрийн сантай тулгаж нийлсэний дараа ТСНэгдсэн данс  руугаа хаана. Төрийн сангийн салбаруудын ТСНД нь Төв төрийн сан дээр байрших тухайн төрийн сангийн хэлтсийн дансны өдөр бүрийн үлдэгдэлтэй тохирч байх ёстой бөгөөд үүнд төрийн сангийн хэлтсийн дарга байнга хяналт тавина.
5.3. Төв төрийн сан дээр системийн хэмжээний салбар хоорондын тооцоонд орсон гүйлгээний өдөр тутмын мэдээллийг гүйлгээний үндсэн болон нэгдсэн файлаар нэгтгэн хадгалж, салбар хоорондын тооцооны дансдыг нийлж, тохируулах  хяналт тавих үйл ажиллагааг хийнэ.
          5.4. Төрийн сангийн системийн өдөр тутмын хоорондын тооцооны эхний ба хариу гүйлгээний дүнг нэгтэн гаргахад салбар хоорондын тооцооны дансдын актив, пассив үлдэгдэл буюу авлага, өглөг, тэнцэж ялгавар нь "0" байвал хоорондын тооцоо нийлж тохирсон, бүх авизо гүйлгээнд орсон гэж үзнэ. Төрийн сангийн төв болон хэлтсүүдийн тухайн өдрийн нийлж тохирсон салбар хоорондын тооцооны дансдын үлдэгдэл нь Төв төрийн сангийн тухайн өдрийн баланс дахь тухайн салбарын үлдэгдэл дүнтэй тохирч байна.
5.5.Салбарууд тухайн өдрийн салбар хоорондын тооцооны эхний ба хариу гүйлгээг гүйлгээнд бүрэн оруулж дууссаны дараа уг дансны үлдэгдлийн дүнгийн зөрүүгээр салбар хоорондын тооцооны данс нь актив ба пассив үдэгдэлтэй гарна.
Энэ үлдэгдэл нь Төв Төрийн сангийн өдрийн банкны тайлан балансны тухайн салбарын дүнтэй тохирч байна.
5.6.Эхний болон хариу гүйлгээ хийсэн салбар нь салбар хоорондын тооцооны дансдын хаалтыг тухайн өдрийн 17:30 цагт хийж дууссан байна. Тухайн салбараас Төв төрийн санд дамжсан гүйлгээний тоо, файлын нэрийн дугаар зэргийг хаалтын дүнтэй хамт тулгаж тохируулна.
5.7. Төв төрийн сангийн хоорондын тооцоо хариуцсан мэргэжилтэн системийн салбар хоорондын тооцооны дансдын тухайн өдрийн гүйлгээ, үлдэгдлийг өдрийн баланс дахь дүн, гүйлгээний нэгдсэн файлыг үндэслэн хянаж шалгах ба дансдын актив, пассив үлдэгдэл тэнцэж байвал тухайн өдрийн системийн салбар хоорондын тооцоо нийлж тохирсон гэж үзнэ.
 5.8. Төв төрийн сангийн хоорондын тооцоо хариуцсан мэргэжилтэн салбар хоорондын тооцоо нь нийлж, тохироогүй үед зөрүүтэй байгаа салбарын талаархи мэдээллийг тусгай дэвтэрт тэмдэглэж, төсвийн ерөнхий нягтлан бодогчид танилцуулж зохих арга хэмжээ авна.
 
Зургаа. Хяналт шалгалт, хариуцлага:
 
6.1.Салбар хоорондын тооцоонд гүйлгээний салбарын кодыг буруу хийх, баримтын бүрдэл хангаагүй авизо дамжуулах, сүлжээнд авизо хонуулах болон гүйлгээний цагийн хуваарийг мөрдөж ажиллаагүй, хоорондын тооцооны үлдэгдлийг хугацаанд нь хаагаагүй зэрэг буруутай үйл ажиллагааны улмаас төлбөр тооцоог будлиантуулсан, гүйлгээ саатуулсан гэм буруутай ажилтныг хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
6.2. Салбар хоорондын тооцооны гүйлгээ болон түүний нийлж тохируулах үйл ажиллагаанд тухайн төрийн сангийн хэлтсийн дарга хяналт тавина.
 
 
ЪЪЪ