Хэвлэх DOC Татаж авах

/ХХААХҮС-ын 2018 оны А-66 дугаар тушаалаар хүчингүй болсон/

Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2001 оны А/43 дугаар тушаалын хавсралт
 
МАХНЫ ХЯНАЛТЫН ДҮРЭМНЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
1.1.         Монгол Улсын "Малын удмын сан, эрүүл мэндийн тухай" хууль, "Хүнсний тухай" хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, махны үйлдвэрүүдэд мөрдөх мал эмнэлэг, эрүүл ахуйн шаардлага, мах, махан бүтээгдэхүүний ариун цэвэр, аюулгүй байдлыг хянан баталгаажуулах зарчим, мах экспортлохоор Олон улсын байгууллага, гадаад орнуудтай байгуулсан гэрээ хэлэлцээрт мал эмнэлэг, ариун цэврийн талаар Монгол Улсын хүлээсэн үүргийг биелүүлэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад энэхүү дүрмийн зорилго оршино;
1.2.         Мал, амьтан нядлах, мах боловсруулах үйлдвэрлэл эрхлэн явуулж буй өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага нь Олон улсын болон улс хооронд байгуулсан гэрээ хэлэлцээр, ариун цэврийн шаардлага, тэдгээртэй холбогдон Монгол улсын мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хэрэгжүүлэх, түүнийг сахин биелүүлэх зорилгоор энэхүү дүрэмд заасан нөхцөлүүдийг хангах үүрэгтэй;
1.3.         Иргэдийн хувийн хэрэгцээний мал, амьтан, мах бэлтгэх, худалдаалах үйл ажиллагаанд энэхүү дүрэм хамаарахгүй.
Энэ дүрэмд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурьдсан утгаар ойлгоно:
2.1. Мал, амьтан төхөөрөх гэж:
-Бод мал /үхэр, адуу/-ыг нядлах дамжлагын дагуу муужруулах, цусыг юүлэх, толгойг салгаж, арьс ширийг өвчиж, хуулах, дотор эрхтэн, үржлийн эрхтэн, давсаг, шийр, дэлэнг гулуузаас салгахыг;
-Гахайг муужруулах, цусыг юүлэх, хялгасыг зумлах буюу арьсыг хуулах, шийр, дэлэн, үржлийн эрхтэн, давсаг, дотор эрхтэн, толгойг гулуузаас салгахыг;
-Шувууны цусыг юүлж, өд, сөдийг зулгааж, толгой, сарвуу, үржлийн эрхтэн, дотор эрхтэнг гулуузаас салгахыг;
-Бог мал /хонь, ямаа/-ын цусыг юүлж, толгойг салгаж, арьсыг хуулах, дотор эрхтэн, шийр, дэлэнг гулуузаас салгахыг.
2.2. Гулууз мах гэж цусыг юүлж, толгой, шийрийг салгаж, арьсыг өвчиж, дэлэн, гэдэс, дотор эрхтэн, үржлийн эрхтэн, толгой, шийрийг нь салгаж авсан тураг махыг;
Бод мал, гахайн гулууз махыг хагас гулууз байдлаар бэлтгэнэ.
2.3. Дотор эрхтэн гэж хүнсний зориулалтын элэг, зүрх, бөөр, уушиг, өрц, тархи, арилгасан гүзээ, сархинаг, ходоод, гэдэс, цөвдөл мах, өөх зэрэг эрхтнүүдийг;
2.4. Дайвар бүтээгдэхүүн гэж толгой, шийр, цус, дотоод шүүрлийн булчирхайнууд, хүнсний бус бусад эрхтэн /дэлүү, үржлийн эрхтэн, шөрмөс зэрэг/-г;
2.5. Доройтсон мал, амьтан гэж бэртсэн, өвчтэй, босох чадваргүй, тулгуур эрхтний гэмтэлтэй мал, амьтныг;
2.6. Зайлшгүй шаардлагаар нядлах гэж яс хугарах, амьсгал боогдох зэрэг гэмтлээс шалтгаалж мал, амьтныг зайлшгүй шаардлагаар нядлахыг;
2.7. Зориулалтын тэмдэглэгээ гэж мал, амьтан, мах, махан бүтээгдэхүүн болон бусад зүйлсийг байцаагч саатуулах, устгахад хэрэглэдэг зориулалтын тэмдгийг;
2.8. Итгэмжлэх /мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зөвшөөрөл/ гэж мал, амьтны цэвэр, аюулгүй, чанартай гулууз, дотор мах үйлдвэрлэдэг газрыг хяналтын эрх бүхий этгээд баталгаажуулахыг;
2.9. Махны мал эмнэлгийн хяналтын байцаагч /цаашид "хяналтын байцаагч" гэх/ гэж Хүнс, хөдөө аж ахуйн Сайдын шийдвэрээр мал, амьтан, мах, махан бүтээгдэхүүнд Улсын нэрийн өмнөөс хяналт тавихаар эрх олгогдсон, мэргэшсэн малын их эмчийг;
2.10. Махны хяналтын гэрчилгээ гэж мал, амьтан нядлах газрын хяналтын байцаагчийн үзлэгт орж зөвшөөрөгдсөн мал, амьтны мах, махан бүтээгдэхүүнд олгож буй баталгааг. Энэхүү гэрчилгээ нь тусгай дугаар, бүртгэл, Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн улсын хяналтын албаны тамгатай байна;
2.11. Мах боловсруулах үйлдвэр гэж Хяналтын эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй, махыг боловсруулж хагас ба бэлэн боловсруулсан бүтээгдэхүүн гаргадаг үйлдвэрийг;
2.12. Мал, амьтан нядлах газар гэж Хяналтын эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй, хүнсний хэрэгцээнд зориулан мал, амьтан нядлах зориулалтын тоноглол бүхий газрыг;
2.13. Махны үйлдвэр гэж Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн улсын хяналтын алба баталгаажуулж бүртгэсэн, мал, амьтан нядлах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хадгалах, худалдах, тээвэрлэх үйл ажиллагаа явуулдаг газрыг;
2.14. Махны мал эмнэлгийн хяналт гэж амьд мал, амьтанд болон мал, амьтан нядлах ажиллагааны явцад гулууз, толгой, дотор эрхтэнд хийх мал эмнэлгийн үзлэгийг;
2.15.       Махан бүтээгдэхүүн гэж бүхэлдээ буюу зарим хэсэг нь махаар хийгдсэн хүнсний бүтээгдэхүүнийг;
2.16.       Бэлтгэлийн мал, амьтан гэж үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэж, нядлах газарт нийлүүлсэн мал, амьтныг;
2.17.       Мал, амьтныг үйлдвэрт хүлээн авах үзлэг гэж үйлдвэрийн газар, махыг халдвараас сэргийлэх, өвчтэй эсвэл доройтсон мал, амьтныг нядлах газар оруулахгүй байх үүднээс нядлахын өмнө амьд мал, амьтанд хийх үзлэгийг;
2.18.       Мал, амьтан нядлах ажиллагааны явцад хийх үзлэг гэж нядлах дамжлагын дагуу мах, дотор эрхтэн, дайвар бүтээгдэхүүнд үзлэг хийхийг;
2.19.       Ундны ус гэж улсын стандартад тохирсон цэвэр, чанартай усыг;
2.20.       Химийн болон хорт үлдэгдэл гэж мал, амьтныг нядлахын өмнө болон нядалсны дараа эд, эрхтэнд хуримтлагдсан химийн болон хорт бодисууд /антибиотикууд, цагаан хорхойн туулга, өсөлтийг сайжруулагч, даавар, пестицид, тайвшруулагч болон цацраг идэвхит бодисууд/-ыг;
2.21.       Хяналтын алба гэж Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагыг;
2.22.       Хүнсэнд тэнцсэн гэж хяналтын байцаагчийн үзлэг, лабораторийн шинжилгээгээр ямар нэгэн өвчний шинж тэмдэг, гэмтэлгүй гарч, хяналтын тэмдэг дарагдсан мах, махан бүтээгдэхүүнийг;
2.23.       Мал, амьтад гэж үхэр, сарлаг, адуу, хонь, ямаа, гахай, шувуу, туулайг;
2.24.       Хүнсэнд тэнцээгүй бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэсэг гэж хүнсэнд тэнцээгүй мах, махан бүтээгдэхүүнийг хүлээн авах, боловсруулах, тээвэрлэх, худалдаалах зэрэг үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрийн хэсгийг;
2.25.       Хөлдөөх гэж махны гүний хэмийг –80С-ээс доош хэмд оруулахыг;
2.26.       Хөргөх гэж мах, дотор эрхтнийг +30С хүртэл хөргөхийг;
2.27.       Махны цэвэрлэгээ гэж махнаас цусны нөж, үс, хялгас, цөвдөл, үлдэгдэл, бохирдол зэргийг арилгахыг.
2.28.       Чанарын шаардлага хангаагүй гулууз, түүний хэсэг, мах, махан бүтээгдэхүүн гэж:
-Бүтээгдэхүүн бүхэлдээ буюу зарим хэсэг нь бохирдсон, ялзарч муудсан, эсвэл хүнсний хэрэгцээнд тохирохгүй болсныг;
-Ариун цэврийн шаардлага хангаагүй нөхцөлд бэлтгэсэн, савласнаас бүтээгдэхүүн бохирдсон, хүний эрүүл мэндэд хор учруулахаар болсныг;
-Өвчтэй болон үхсэн мал, амьтны мах, дотор эрхтнийг;
-Мах, махан бүтээгдэхүүнд хөнөөл учруулах, хордуулах, ялзруулагч бодис агуулсан материалаар хийсэн сав, боодол ашиглавал;
-Бүтээгдэхүүнийг бүхэлд нь эсвэл зарим хэсгийг нь ямар нэгэн бодисоор орлуулсан, чанаргүй бүтээгдэхүүнийг өнгөлөн далдалсан, хэмжээ, жинг нэмэхийн тулд ямар нэг зүйлтэй хольж савласныг;
-Хэрэв эдгээр нь хүний эрүүл мэндэд хор учруулж болох ямар нэгэн хортой болон аюултай бодис, хими, хөдөө аж ахуйд өргөн хэрэглэдэг пестицид агуулсан, хүнсэнд зөвшөөрөгдөөгүй өнгө, амт, үнэр сайжруулагч бодис хольсон байвал;
2.29.       Эерэг урвал бүхий мал, амьтан гэж ийлдэс судлалын шинжилгээгээр тухайн өвчинд нэрвэгдсэн болох нь батлагдсан мал, амьтныг.
3.1. "Ариутгах" гэж гологдол гулууз болон өрөөл, мөчилсөн махыг зориулалтын төхөөрөмжид чанахыг;
3.2. "Дахин боловсруулах" гэж гологдол гулууз, өрөөл, мөчилсөн махыг хүнсэнд тэнцээгүй бүтээгдэхүүн болгохыг;
3.3. "Саатуулах" гэж гулууз, дотор эрхтэн, өрөөл, мөчилсөн мах болон бусад зүйлсийг хяналтын байцаагч дахин шалгаж шийдвэр гартал хүлээлгэхийг;
3.4. "Сэжигтэй" гэж амьд мал, амьтан, түүнчлэн мах, дотор эрхтэн бүхэлдээ болон зарим хэсэг нь эмгэгт нэрвэгдсэн буюу гологдол болсон, устгах шаардлагатай эсэхийг тодруулахаар цаашид нарийн шинжилгээ хийлгэхээр тусгаарлахыг;
3.5.         "Зөвшөөрөв". Энэхүү тэмдэг нь тухайн бүтээгдэхүүн эрүүл, чанартай, хүнсний хэрэгцээнд тэнцэж буйг гэрчилнэ.
3.6.         "Гологдол". Энэхүү тэмдэг нь тухайн бүтээгдэхүүн хүнсний хэрэгцээг хангаж чадахгүйг гэрчилнэ.
3.7.         "Устгах" гэж хүнсний хэрэгцээнд тэнцэхгүй мал, амьтан, махан бүтээгдэхүүнийг шаардлагын дагуу байцаагчийн хяналтын дор устгалын акттайгаар үгүй хийхийг хэлнэ.
 

Хоёрдугаар бүлэг Мал, амьтан нядлах, мах боловсруулах үйлдвэрийн зураг төсөл, байршил, барилга байгууламжид тавигдах шаардлагууд

4-р зүйл. Мал, амьтан нядлах, мах боловсруулах үйлдвэрийн байршлыг сонгох, зураг төсөл зохиоход дараах шаардлагуудыг хангасан байна. Үүнд:
4.1.         Нуранги, хог хаях цэгээс хол, сул шороогүй, намагшилтгүй, мөнх цэвдэггүй газар;
4.2.         Мах, махан бүтээгдэхүүнийг бохирдуулж болох хортон шавьж, мэрэгчид бусад хортон цугларч болзошгүй газраас алслагдсан;
4.3.         Ус, чийгэнд тэсвэртэй, цэвэр, бат бэх материалаар баригдсан, шавьж, мэрэгчид нэвтрэн орохоос хамгаалагдсан;
4.4.         Үндсэн үйлдвэрлэлээс гадна ахуйн болон туслах үйл ажиллагааны зориулалттай өрөөгөөр бүрэн хангагдсан;
4.5.         Байр нь үйлдвэрлэлийн шугамыг түүхий эдээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн хүртэлх нэг чиглэлийн урсгалтай байх баталгааг хангахаар зохион байгуулагдсан;
4.6.         Үйлдвэрийн цэвэр болон бохир хэсгийг заагласан байна. Үүний тулд зураг төлөвлөлтөд дараах шаардлагыг тусгасан байх. Үүнд:
      -Үхэр, гахай нядлах өрөө рүү орох хаалга, гулууз бэлтгэх байр хоорондоо тусгаарлагдсан;
      -Мах ба дотор эрхтний шугам тусгаарлагдсан;
      -Гүзээ ба өлөн цэвэрлэх тусгай байртай;
      -Мах хөргөх, хөлдөөх, хадгалах өрөөтэй.
4.7.         Хүн ам оршин суудаг хороолол, мах, махан бүтээгдэхүүнд тохиромжгүй үйл ажиллагаа явуулж байгаа ямар нэгэн орчноос тусгаарлагдсан;
4.8.         Үйлдвэрийн байрны шал, хана, таазыг цэвэрлэхэд хялбар, чийг үл нэвтрэх, хүнсний үйлдвэрлэлд харшлахгүй материалаар хийгдсэн;
4.9. Стандартын шаардлага хангасан халуун /+820С-ийн/, хүйтэн устай;
4.10.       Бие засах газар, хувцас солих өрөө, цайны газар зэрэг соёл, ахуйн зориулалттай өрөөнүүд зөв байрлалтай, стандартын тоног, төхөөрөмжөөр бүрэн хангагдсан;
Бие засах газар нь:
-Мах, махан бүтээгдэхүүн хөргөх, хөлдөөх, бэлтгэх, савлах, хадгалах болон бусад боловсруулалт хийдэг өрөөнүүд рүү шууд орохооргүй, тусгаарлагдсан;
-Битүү ханатай, хаалга нь өндөр, нээж, хаахад хялбар хийцтэй;
-Зориулалтын угаагуур, ариутгалын хэрэгслээр тоноглогдсон;
-Ариутгалын бодис, саван, нэг удаагийн цаасан буюу даавуун алчуур, гар хатаагч зэргээр хангагдсан;
-Бие засах газарт орсны дараа гараа тогтмол угааж, ариутгаж байхыг анхааруулсан санамжтай байна.
4.11.       Шингэн болон хатуу хаягдлыг зайлуулах суваг хоолой нь зориулалтын тоног төхөөрөмж, хэрэгслээр тоноглогдсон, хүрээлэн байгаа орчин, мах, махан бүтээгдэхүүнийг бохирдуулахаас хамгаалагдсан;
4.12.       Шалны талбайн 371.612.000 см2 тутамд угаадас зайлуулах цорго байрлуулсан, хаягдлыг зайлуулах чиглэлд суваг нь метр тутамд 0.6 см-ээр налсан байна;
4.13.       Бие засах газрын бохирын шугам, үйлдвэрийн хаягдал ус зайлуулах шугам тус тусдаа байхаар угсрагдсан;
4.14.       Бохир, хатуу хаягдлыг үйлдвэрийн хаягдлаас тусгаарлах, тос баригч, бохирын төв шүүлтүүр, хаалтыг зөвхөн хүнсэнд тэнцээгүй бүтээгдэхүүний талбайд байрлуулсан байна;
4.15.       Мах, махан бүтээгдэхүүнийг хөргөх, хөлдөөх, хадгалах, боловсруулах, савлах, хаяглах өрөө, талбайн халуун, хүйтэн, чийгийг хянах төхөөрөмжөөр тоноглогдсон;
4.16.       Цэвэрлэгээ, ариутгалын үйл ажиллагаа явуулах, шаардлагад нийцсэн гэрэлтүүлэг, агааржуулалт, халаалтын болон цэвэр ус дамжуулах хэсэгтэй;
4.17.       Цэвэрлэгээ, савлагаа болон бүтээгдэхүүний найрлагад оруулдаг бодис, материалуудыг тус тусад нь хадгалах агуулахтай;
4.18.       Ачих, буулгах зориулалтын талбай нь саравчтай, хана, тааз, шалыг ус нэвтэрдэггүй материалаар хийсэн, усыг шавхахад тохиромжтой шалтай, шалны түвшин нь автомашин, вагоны шалны өндрийн хэмжээнд тохирсон.
5 дугаар зүйл. Үйлдвэрийн газар нь хяналтын байцаагчдыг дараах зүйлсээр хангана. Үүнд:
5.1.         Албан ажлын болон хувцас солих өрөө, шүршүүр, бие засах газар;
5.2.         Бичиг баримт, багаж хэрэгслэл хадгалах зориулалтын шүүгээ;
5.3.         Албан ажлын багаж хэрэгсэл, хяналт явуулахад шаардагдах бусад зүйлсээр.
 
6-р зүйл. Тусгай нөхцлүүд:
Үйлдвэрийн газар дараах тусгай нөхцлүүдийг хангасан байна. Үүнд:
6.1.         Үйлдвэрийн газар бүтээгдэхүүний савлагаа, баглаа, боодолд хэрэглэх хайрцаг, савуудыг хадгалах тусгай байртай; хайрцаг, сав, тээврийн хэрэгслийн чингэлэгийг цэвэрлэх, халдваргүйжүүлэх зориулалтын цэгтэй байх бөгөөд энэ нь мал, амьтанд үзлэг хийх, нядлахад тэнцэхгүй мал, амьтан хаших хашаанаас хол;
6.2.         Хүнсэнд тэнцэхгүй болон сэжигтэй мал, амьтныг нядлах тусгай цэгтэй;
6.3.         Мал, амьтан хүлээн авах, сойх хашаа хороо, үйлдвэр рүү мал, амьтан оруулах талбай нь мал, амьтныг гэмтээж, бэртээхгүй байх шаардлага хангасан;
6.4.         Хөдөлмөр хамгааллын хувцсыг цэвэрлэх, ариутгах тоног төхөөрөмжтэй;
6.5.         Мал, амьтан нядлах, дотор эрхтэн, дайвар бүтээгдэхүүнийг угааж, цэвэрлэх дамжлагуудад гар угаах, хутга, багажаа ариутгах цэгтэй;
6.6.         Амьд мал, амьтан болон хүнсэнд тэнцээгүй бүтээгдэхүүнтэй харьцдаг ажилчид хувцас солих, бие засах газар, угаалгын болон усанд орох тусгай өрөөтэй;
6.7.         Мах, дотор махыг хөргөх, хөлдөөх шаардлага хангасан тоноглолтой;
6.8.         Мал эмнэлэг, ариун цэврийн үзлэгээр тэнцээгүй, сэжиг бүхий мах, махан бүтээгдэхүүнийг тодорхой хугацаанд байцаагчийн хяналтын дор хадгалах тусгай өрөөтэй;
6.9.         Гахайн трихинеллийг устгах зориулалтын хөлдөөгч бүхий тусгай өрөөтэй байна.
 

ГУРАВДУГААР БҮЛЭГ Үйлдвэрийн газрын тоног төхөөрөмж, түүний ашиглалтад тавих шаардлага

7 дугаар зүйл. Үйлдвэрийн газрын тоног төхөөрөмжийн зориулалт, зохион бүтээлт, суурилуулалт, засварын ажилд дараах шаардлагыг тавина. Үүнд:
7.1. Зориулалтын дагуу ашиглах;
7.2. Засвар үйлчилгээ, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийн төхөөрөмжөөр хангагдсан байх;
7.3. Хүнсэнд тэнцээгүй бүтээгдэхүүн болон хогийг тусгай таних тэмдэг бүхий шавьж үл нэвтрэх, таглаатай, зэвэрдэггүй төмөр эсвэл хуванцар саванд хийх;
7.4. Махан бүтээгдэхүүнийг бохирдохоос сэргийлж хор, аюултай бодис хадгалж байсан сав, тоног төхөөрөмжийг тусгай таних тэмдэг бүхий цоожтой байранд хадгалах;
7.5. Бүтээгдэхүүний чанар, махны аюулгүй байдлыг хангахад тохиромжтой халуун, хүйтний горимыг барьдаг, махан бүтээгдэхүүнийг чанар, өндөр хэмд боловсруулалт хийх, хөргөх, хөлдөөх, хадгалахад шаардагдах тоног төхөөрөмжөөр тоноглож найдвартай ажиллагааг хангасан байх.
 

ДӨРӨВДҮГЭЭГ БҮЛЭГ Үйлдвэрийн байр, тоног төхөөрөмжийг цэвэрлэх, халдваргүйжүүлэхэд тавих шаардлага

8 дугаар зүйл. Үйлдвэрийн газрын удирдлага үйлдвэрлэлийн байр, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл болон бусад зүйлсийг бохирдлоос сэргийлэх үүднээс дараах үйл ажиллагааг төлөвлөгөөтэйгээр хэрэгжүүлнэ. Үүнд:
8.1. Цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт;
8.2. Хортон шавьж, мэрэгчидтэй тэмцэх, золбин нохой, муур бусад амьтдыг устгах;
8.3. Хог хаягдыг цэвэрлэх, устгах;
8.4. Пестицид, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийн болон бусад хортой бодисоор мах, махан бүтээгдэхүүн бохирдох эрсдэлийг арилгах;
8.5. Мал, амьтан нядлах, мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, савлах, хаяглах, хүлээн авах хэсгийг ажлын ээлж бүрт зориулалтын цэвэрлэгээний бодисоор угааж, цэвэр усаар сайтар шүршиж цэвэрлэх;
8.6. Мах, махан бүтээгдэхүүнийг хөргөх, хөлдөөх, хадгалах, ачих, буулгах байр талбайд өдөр бүр хуурай цэвэрлэгээ хийнэ. Шаардлагатай үед агуулахын цас, мөсийг хайлуулж, цэвэрлэн, халдваргүйжүүлэлт хийх;
8.7. Ямар нэгэн халдвартай, бохирлогдсон бүтээгдэхүүнтэй харьцсан нөхцөлд тоног төхөөрөмж, багаж хэрэгслэлийг тэр дор нь цэвэрлэж, халдваргүйжүүлэх;
8.8. Хүнсэнд тэнцээгүй бүтээгдэхүүний сав, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслэлийг үйлдвэрийн тусгай хэсэгт байрлуулж, сануулах бичиг хадаж, сайтар цэвэрлэж, халдваргүйжүүлж байх;
8.9. Эргэлтийн хайрцаг, чингэлэгийг үйлдвэрт бүтээгдэхүүн савлахын өмнө сайтар цэвэрлэж, халдваргүйжүүлэх;
8.10. Мах, махан бүтээгдэхүүн хөлдөөх, хадгалах, боловсруулах, савлах, хаяглах болон бусад ажиллагаа явуулдаг өрөөнүүдэд ямар нэгэн үнэрт бодис ууршин тархахаас сэргийлж, бие засах газар, угаалтуур, бохирын сувгийг тогтмол цэвэр байлгах;
8.11. Угаалгын болон ариутгалд зориулагдсан химийн бодисуудыг  сайтар хаяглаж, мах, махан бүтээгдэхүүнтэй тэдгээрийг хавьтахаас сэргийлэх;
8.12. Үйлдвэрийн газрын хана, тааз, тоног төхөөрөмжүүдийг чийг цохихоос сэргийлж мал, амьтан нядлах газрын хөлдөөх, хадгалах, савлах, хаяглах болон бусад үйл ажиллагаа явуулдаг өрөө бүрийн дулаан, чийгшилд тогтмол хяналт тавих;
9-р зүйл. Үйлдвэрийн газар нь дараах шаардлагыг хангасан цэвэр усны хангамжтай байна. Үүнд:
9.1. Хангалттай даралт бүхий ундны халуун, хүйтэн усны найдвартай эх үүсвэртэй, усны халуун, хүйтнийг хянах, ус нөөцлөх, түгээх тоног төхөөрөмжтэй;
9.2. Төвлөрсөн усан хангамжгүй газарт гал түймрээс сэргийлэх, уурын зуух болон бусад хэрэглээний зориулалттай усыг ундны уснаас бүрэн тусгаарласан байх;
9.3. Мах, махан бүтээгдэхүүнийг боловсруулахад хэрэглэж байгаа уурыг ундны уснаас гаргах бөгөөд энэ нь химийн хортой нэгдэл агуулаагүй, үйлдвэрийн бүх хэрэгцээг хангахуйц даралт, хэмжээтэй;
9.4. Усны цоргыг тогтмол засварлаж, усны даралтын түвшинг хянах боломжтой.
 

ТАВДУГААР БҮЛЭГ Ажиллагсдын эрүүл мэнд, ариун цэврийн байдалд тавих шаардлага

10-р зүйл. Ажиллагсдын эрүүл мэнд, ариун цэвэрт дараахь шаардлагуудыг тавина. Үүнд:
10.1. Ажиллагсдыг хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулахын өмнө ба цаашид жил бүр эрүүл мэндийн үзлэгт хамруулж, эрүүл мэндийн дэвтэртэй тохиолдолд ажиллуулна. Ажиллагсад нь эрүүл, халдварт, паразиттах өвчингүй байна;
10.2. Мах, махан бүтээгдэхүүн боловсруулах, хаяглах, савлах, хадгалах болон бусад ажиллагаанд оролцож буй ажилчид хувийн ариун цэврийг сайтар сахиж, гараа тогтмол цэвэр байлгах, ил болон халдвар авсан шархгүй байна;
10.3. Ажилчдыг хөдөлмөр хамгааллын хувцас, мөн үс далдлах зориулалтын малгай, алчуур, бээлийгээр хангана;
10.4. Ажилчид бие засах газар орсны дараа гараа заавал угааж, халдваргүйжүүлж байхыг сануулсан сануулгыг ил харагдахуйц газар хадсан байна;
10.5. Ажиллагсдыг биед тохирсон, ээлжийн хувцас, хэрэгслэлээр хангасан байна. Хувцсыг өдөр бүр угааж, халдваргүйжүүлж байна;
10.6. Үйлдвэрлэлийн дамжлага дээр бохь зажлах, тамхи татах, хүнсний зүйлс хэрэглэх, цай уухыг хориглоно;
10.7. Ажиллагсдыг бүтээгдэхүүний ариун цэвэр, аюулгүй байдлыг хангах, махтай зөв харьцах сургалтад хамруулна.
 

ЗУРГАДУГААР БҮЛЭГ Мал нядлах, мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл ажиллагаанд тавих мал эмнэлэг, ариун цэврийн хяналт

11-р зүйл. Үйлдвэрийн газрын ажиллагсад нь нядлахаар бэлтгэсэн мал, амьтантай харьцахдаа дараах шаардлагуудыг хангаж ажиллана. Үүнд:
11.1. Мал, амьтныг төрлөөр нь ялган хаших ба нэг хашаанд хэт олноор шахцалдуулахыг хориглоно;
11.2. Мал, амьтны хашаа агааржуулалт сайтай, цэвэр байна;
11.3. Мал, амьтныг усаар шаардлагын дагуу хангаж, нядлахаас 3-4 цагийн өмнө услалтыг зогсооно. Хэрэв 24-48 цагаас илүү хугацаагаар сойх бол тэжээл өгнө;
11.4. Мал, амьтан нядлах газрын хашаанд гурав хүртэл хоногоос илүү хугацаагаар мал, амьтан байлгахыг хориглоно;
11.5. Өвчтэй, бэртэж гэмтсэн мал, амьтныг эрүүл мал, амьтнаас нэн даруй тусгаарлана;
11.6. Арьсны төрөл бүрийн өвчтэй, арьс, үс нь гулуузыг бохирдуулж болзошгүй химийн бодисоор бохирдсон мал, амьтныг нядлахыг хориглоно;
11.7. Бусад мал, амьтанд гэмтэл учруулж болзошгүй омголон догшин мал, амьтныг сүргээс нэн даруй тусгаарлана;
11.8. Мал, амьтныг нүдэж, зодох бусад хэлбэрээр бэртэнг, гэмтэл учруулахыг хориглоно. Мал, амьтны үржлийн эрхтэн, толгой, дэлэн зэрэг өвдөлт, дарамт үүсгэж болохуйц биеийн хэсэгт цахилгаан ташуураар үйлчлэхийг хориглоно.
12-р зүйл. Мал, амьтан нядлахын өмнөх үзлэг:
12.1. Нядлахаар зэхэж буй мал, амьтанг тухайн өдөр нь мал эмнэлгийн үзлэгт заавал хамруулна;
12.2. Эрх бүхий мэргэжлийн байгууллагаас итгэмжлэгдсэн малын эмч, мэргэшсэн мэргэжилтнүүд хяналтын байцаагчтай хамтран мал, амьтан бүрт үзлэг хийнэ;
12.3. Үзлэгээр мал, амьтны зан араншин, гадаад байдал хэвийнхээс өөрчлөгдсөн байвал бусад мал, амьтнаас тусгаарлаж, мал эмнэлгийн хяналтанд авч, нарийвчилсан үзлэг, шинжилгээнд оруулна;
12.4. Мал эмнэлгийн үзлэгээр мал, амьтанд ямар нэгэн өвчний шинж тэмдэг илрээгүй боловч үйлдвэрийн дамжлагын явцад гулуузын аль нэг хэсгийг гологдол болгож болзошгүй эмгэгтэй байвал үзлэг дуустал "Сэжигтэй" гэж тусгаарлана;
12.5. Үе мөчний хүнд бэртэлтэй, хөлөөрөө явах боломжгүй мал, амьтныг энэ дүрэмд зааснаар "сэжигтэй" гэсэн ангилалд оруулж заазлана;
12.6. Сүрьеэлүүрт эерэг урвал үзүүлсэн мал, амьтныг "сэжигтэй" гэж үзээд энэ дүрэмд заасны дагуу шийдвэрлэнэ;
12.7. Вакцин тарьснаас хойш 21, антибиотик, туулга, гадна шимэгчдийн эсрэг бэлдмэл хэрэглэснээс хойш 14-21 хоногийн дотор мал, амьтан нядлахыг хориглоно;
12.8. Хөнгөлөөд удаагүй, шинэ шархтай, нас гүйцсэн эр мал, амьтныг тусгайлан тэмдэглэж "Сэжигтэй"-д тооцно.
12.9. Тархмал хавантай мал, амьтан илэрвэл устгана. Харин бага зэрэг хавантай мал, амьтныг "Сэжигтэй" гэж тэмдэглэн эмчилгээнд оруулж, эдгэрсэн тохиолдолд хяналтын байцаагчийн шийдвэрээр нядална;
12.10. Хээл нь томорсон, эсвэл төллөөд удаагүй хээлтэгч мал, амьтан үзлэгийн үеэр илэрвэл нядлахыг хориглоно;
12.11. Үйлдвэрийн хашаанд байхдаа үхсэн эсвэл үхэж байгаа мал, амьтныг энэ дүрэмд зааснаар устгана;
12.12. 12.7-д заасан хугацаанаас дотогш хугацаанд мал, амьтныг эмчилсэн буюу ямар нэгэн бодис хэрэглэсэн бол махыг "Гологдол" болгоно.
12.13. Биологийн үлдэгдэл бодис илэрсэн бүх гулууз, дотор эрхтэн, махан бүтээгдэхүүнийг "Гологдол" гэж үзэн энэхүү дүрмийн дагуу устгана.
12.14. "Сэжигтэй" гэж тэмдэглэгдсэн мал, амьтныг тусад нь нядална. Сэжигтэй мал, амьтан бүрт дугаар бүхий "Сэжигтэй" гэсэн тэмдэг зүүсэн байна;
12.15. Эдгээр мал, амьтны бүтэн гулууз болон гулуузын зарим хэсгүүдийг энэ дүрэмд заасны дагуу байцаагчийн хяналтын дор бутлан боловсруулах цехэд шилжүүлж, устгана;
12.16. Мал, амьтанг нядлахын өмнөх үзлэгээр Кетоз, Лептоспироз, Листериоз, Төрөхийн саажилт, Хуурамч галзуу, Галзуу, Скрепи, Зогсоо, Сахуу, Цусны өвчин, Ям, Боом, Шүлхий, Бруцеллёз, Үхрийн тархи сархиагтах, Дуут хавдар, Ёлом, Мялзан, Цусан халдварт, Шээсэнд азот ихсэх, Анаплазмоз зэрэг өвчний шинж тэмдэгтэй төстэй өвчин илэрвэл лабораторийн шинжилгээнд дээж авч, онош нь батлагдсан тохиолдолд мал, амьтныг устгана.
13-р зүйл. Мал, амьтан нядлах үед тавигдах ариун цэврийн шаардлагууд:
13.1. Мал, амьтныг зөвхөн хяналтын эрх бүхий байцаагчийн зөвшөөрлөөр нядална;
13.2. Мал, амьтан хаших, муужруулах, нядлахдаа мал, амьтанд зовиур, дарамт бага учруулах тоног төхөөрөмж, хэрэгслэл хэрэглэх ба эдгээрийг зөвхөн мэргэшсэн, дадлага туршлагатай, согтууруулах ундаа хэрэглээгүй, эрүүл хүн гүйцэтгэнэ;
13.3. Мал, амьтан нядлах ажиллагааг технологийн зааврыг чанд мөрдөж хэрэгжүүлэхийн хамт дотор эрхтэн салгах явцад гулууз бохирдохоос сэргийлнэ;
14-р зүйл. Мал, амьтан нядлах ажиллагааны явцад гулууз болон дотор эрхтэнд дараах байдлаар мал эмнэлгийн үзлэг, хяналтыг явуулна. Үүнд:
14.1. Хяналтын байцаагч нь нядалсан бүх мал, амьтны гулууз болон бусад хэсгийг тэмтрэх, тунгалагийн зангилаа, дотор эрхтэн, гулуузын тогтоосон хэсгүүдийн булчинг зүсэж үзэх бөгөөд шаардлагатай үед лабораторийн шинжилгээнд дээж авна;
14.2.       Хяналтын байцаагч нь бүх гулууз, боловсруулж буй махан бүтээгдэхүүнд нэг бүрчлэн үзлэг хийж, гулууз бүрт тусгай дугаар наана;
14.3.       Шинжилгээнд авсан цус, гулуузны дээжийг нэг бүрчлэн гулуузын дугаартай ижил тоогоор дугаарлаж, ялган танихад хялбар, ойлгомжтой болгоно;
14.4.       Цусны дээжинд хэвийн бус шинж илэрвэл тухайн гулууз, дотор эрхтэн, цус хүнсний хэрэгцээнд тэнцэхгүй бөгөөд дугаараар нь хөөн олж байцаагчийн хяналтын дор гологдол болгоно.
15-р зүйл. Мал, амьтны гулууз, түүний хэсэгт дор дурьдсан өвчнүүдийн шинж тэмдэг илэрвэл энэ дүрэмд зааснаар устгана. Үүнд:
15.1. Боом
-Лабораторийн шинжилгээгээр Боом болох нь тогтоогдвол дотор эрхтнийг салгахгүйгээр "Саатуулах" буюу "гологдол" болгож тэр даруйд нь шатаах эсвэл тусгай битүү саванд хийж устгана;
-Өвчний сэжигтэй эсвэл шинж тэмдэг нь төстэй байвал оношилгоог баталгаажуулах үүднээс эмгэгт эрхтний дээжийг зориулалтын цэвэр саванд авч, сайтар таглан, боож лабораторид илгээнэ. Лабораторийн нарийн шинжилгээ хийх боломжгүй бол хяналтын байцаагчийн шийдвэр эцсийнх байна;
-Боомд нэрвэгдсэн байж болзошгүй гулууз, толгой, туурай, эвэр, үс, дотор эрхтнийг агуулагдахуунтай нь, цус, өөхийг энэ дүрмийн шаардлагад нийцүүлэн яаралтай устгана;
-Боомд нэрвэгдсэн мал, амьтны гулууз, түүний хэсгийг энэ дүрмийн дагуу яаралтай устгана;
-Халдвартай материалаар дамжин бохирлогдсон үйлдвэрийн дамжлагын шугам, шал, хана, хоолой, тавцан, багаж хэрэгслэл, зумлах тогоо, хувцас солих өрөө зэргийг яаралтай цэвэрлэж, халдваргүйжүүлсний дараа үйлдвэрлэлийг үргэлжлүүлнэ;
-Ажилчдын бохирлогдсон хувцас, малын уяа, ногт, тоног төхөөрөмжийг шатаана. Зумлах тогоо, мал, амьтан нядлах өрөөний шал, хана, тавцан, багаж болон бусад хэрэгслэлийн цэвэрлэгээнд натрийн шүлтийн 5 хувийн уусмал ашиглана. Халдваргүйжүүлсний дараа багаж болон зумлах тогоо зэрэг хэрэгслэлүүдийг хэрэглэхийн өмнө цэвэр усаар сайтар зайлна;
-Боомтой материалтай харьцсан хүн гар болон бугуйгаа сайтар савандан угааж анхан шатны урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна.
15.2. Цус үжих
-Тарга тэвээрэг сайтай мал, амьтанд цочмогдуу болон зөөлөн явцтай цус үжих өвчин илэрвэл гулуузыг энэ дүрэмд зааснаар халдваргүйжүүлээд зөвхөн орон нутгийн хүнсний хэрэгцээнд хэрэглэж болох ба нэрвэгдсэн хэсэг болон эрхтнүүдийг гологдол болгоно. Харин дээрх гэмтэл илэрсэн гулуузыг экспортлохыг хориглоно.
15.3. Дор дурьдсан өвчин оношлогдсон, өвчний шинж тэмдэг илэрсэн гулуузыг гологдол болгоно. Үүнд:
1. Боом                                                                  16. Цусан халдварт
2. Дуут хавдар                                                     17. Цусны өвчин
3. Вирусын диарей                                            18. Пиеми /Цус идээрлэх/
4. Цээж                                                                  19. Галзуу
5. Адууны халдварт цус багадалт                  20. Мялзан
6. Хийт үхжилт                                                     21. Ёлом
7. Гахайн холер                                                  22. Зогсоо
8. Үхрийн ринотрахеит                                     23. Хордлого
9. Элэгний халдварт үхжилт үрэвсэл            24. Токсоплазмоз
10. Лептоспироз                                                 25. Шүлхий
11. Листериоз                                                     26. Гударга
12. Хорт хаван                                                    27. Шувууны хуурамч тахал
13. Меланоз                                                        28. Ям
14. Мелоидиоз                                                    29. Бруцеллез
15. Салст бүрхүүлийн өвчнүүд                       30. Ку чичрэг
15.4. Дор дурьдсан шинж тэмдэг бүхий, хордлого үүсгэж болзошгүй эмгэгт нэрвэгдсэн эрхтэн, гулуузыг гологдол болгоно. Үүнд:
      -Уушиг, үнхэлцэг, гялтан хальс, нугасны үрэвсэл;
      -Төрөлт, гэмтэл эсвэл нугасны үрэвслийн улмаас үүссэн цусны үжил;
      -Гэдэс болон ходоодны салст бүрхүүл үрэвссэн, цус харвалттай, үхжилтэй;
      -Дэлэнгийн цочмог явцтай, тархмал үрэвсэл;
      -Бүх үений үрэвсэл;
      -Хүйсний тараагуур судасны үрэвсэл;
      -Үнхэлцэгний бэртэнгит үрэвсэл;
      -Ямар нэгэн цочмог үрэвсэл, буглаа эсвэл идээт шарх нь цочмог бөөрний үрэвсэл, элэгний өөхөн сөнөрөл, дэлүүний хөөнгө зөөлрөлт, уушгинд цус ихдэх, тунгалагийн зангилааны хавдар, арьс нэлэнхүйдээ улайх зэрэг эмгэгүүд дангаараа болон хамт илэрвэл;
-Дээр дурьдсан шинж тэмдэг бүхий мал, амьтныг нядалсны дараа байр, тоног төхөөрөмжийг яаралтай халдваргүйжүүлнэ. Өвчтэй мал, амьтан нядалсан газар эсвэл тэдгээрийг нядлахад хэрэглэсэн багаж хэрэгсэлтэй хавьтсан гулуузын хэсгийг халдваргүйжүүлэлт дуусахаас өмнө салгаж, гологдол болгоно. Бохирдсон хэсгийг 2 цагийн дотор гулуузаас салгаж аваагүй тохиолдолд гулуузыг бүхэлд нь устгана.
15.5. Некробактериоз, Актиномикозын үед үүссэн гэмтлийг хэсэг газрын гэмтэл гэж үзнэ. Тарга хүч сайтай, гэмтэлтэй гулуузын үхжил бүхий хэсгийг авч устгасны дараа хүнсний хэрэгцээнд нийлүүлнэ. Тураал, булчирхайт эрхтнүүдийн хавдартай, эсвэл тунгалагийн зангилаа томорсон, өнгө нь өөрчлөгдсөн байвал гулуузыг гологдол болгоно. Хэсэг газрын үхжлийн хүндрэлийн улмаас идээлсэн, цусны үжлийн шинж тэмдэг илэрсэн гулуузыг гологдол болгоно;
15.6. Халдвар, хордлогын улмаас цуллагийн эрхтнүүд сөнөрсөн, шарлалттай гулууз, халдвар, хордлогын шинж тэмдэггүй боловч их шарласан, ногоон шар өнгөтэй болсон гулуузыг устгана. Хэдийгээр энэ зүйлд дурьдсан шалтгааны нөлөөгөөр шарласан боловч хөлдөөх явцад өнгө нь хувирч алга болж байгаа гулуузыг нарны гэрэлд шалгасны дараа хүнсний хэрэгцээнд нийлүүлнэ;
15.7. Тархмал нөсөө /пигмент/-ний өнгөтэй, өнгөр бүхий гулуузыг устгана;
15.8. Хэрвээ тунгалагийн зангилаа өөрчлөгдөөгүй бол хэл, уруул, амны салст бүрхүүл дээрх бага зэргийн тод илэрсэн гэмтлийг болгоомжтой огтолж аваад, зөвхөн нэрвэгдээгүй, хэвийн эдийг үлдээж, хүнсний хэрэгцээнд нийлүүлнэ. Эрхтэн болон гулуузын их гэмтэлтэй, буглаа, идээт шарх бүхий хэсгийг, энэхүү гэмтэл нь тархмал байдалтай байвал гулуузыг бүхэлд нь устгана. Идээ буюу бусад эмгэгтэй материалаар бохирдсон гулуузыг устгана;
15.9. Шивтэр, заарны үнэр шингэсэн, үрийн шингэнээр бохирдсон гулуузыг гологдол болгоно. Түүнчлэн тэжээл, ургамлын үнэр шингэсэн гулуузыг "Хөлдөөх" гэсэн тэмдэг зүүж, хөлдөөсний дараа гулуузаас хэсэгчилсэн дээж авч халаах, буцалгах замаар үнэрийг илрүүлнэ;
15.10. Хамуунд нэрвэгдсэний улмаас гулууз туранхай болсон, ихээр үрэвссэн байвал гологдол болгоно. Хамуунд хөнгөн хэлбэрээр нэрвэгдсэн бол зөвхөн гэмтсэн хэсгийг авсны дараа гулуузыг хүнсний хэрэгцээнд нийлүүлнэ;
15.11. Хээлтэй, хээл нь томорсон, төллөөд удаагүй эсвэл үжилт халдварт өвчний шинж илэрсэн үед нядалсан мал, амьтны гулуузыг чанах буюу гологдол болгоно;
15.12. Хүнсний хэрэгцээнд тэнцэхгүй нялх тугал, ишиг, хурганы дараах шинж бүхий гулуузыг гологдол болгоно:
      а/ хэт их сэвсгэр, үлхгэр байдалтай болсон, усанд дүрсэн юм шиг  /улбайсан/ амархан урагддаг, хуруугаар амархан салдаг;
      б/ саарал-улаан өнгөтэй;
      в/ булчингийн ялангуяа гуяны хөгжил сул, шар ус нэвчирсэн, булчин хооронд хавангийн нэвчдэс хуримтлагдсан;
      г/ бөөрний өөхөн бүрхүүл хавагнасан, шар, саарал өнгөтэй;
15.13. Зулбадас, үхсэн төлийг устгана;
15.14. Каротин зэрэг нөсөөтэй элгийг гологдол болгоно. Гэмтэлтэй хэсгийг авч устгаад бусдыг хүнсний хэрэгцээнд нийлүүлнэ;
15.15. Сүрьеэ
-Сүрьеэгийн савханцраар халдварласан, түүний хор шингэсэн эсвэл сүрьеэтэй хамт илэрсэн бусад өвчинд нэрвэгдсэн махыг хүнсний хэрэгцээнд нийлүүлэхийг хориглоно;
-Хэрэв тарга хүч сайтай мал, амьтны гулууз нь сүрьеэгийн голомттой байвал голомт бүхий хэсгийг авч устгасны дараа гулуузыг хүнсэнд нийлүүлнэ;
-Тархмал сүрьеэтэй гулуузыг устгана. Сүрьеэнд нэрвэгдсэн дараах шинж тэмдэг бүхий гулуузыг устгана. Үүнд:
-Нядлахын өмнө мал, амьтан халуурч байсан;
-Сүрьеэтэй болох нь тогтоогдсон буюу тураалтай;
-Сүрьеэгийн савханцар бүх биеэр тархсан. Сүрьеэгийн улмаас уушигны баруун, зүүн хэлтэрт голомтолсон хувиралт үүссэн;
-Булчин, булчингийн хоорондох эд, яс, үе эсвэл биеийн тунгалагийн зангилаанд голомт үүссэнээс булчин, яс, үе хоорондын шингэн багассан;
-Сүрьеэгийн голомт томорч /тэлж/ биеийн нэг болон хоёр хөндийг хамарсан бол;
-Голомтууд идэвхитэй, эрс олширч цочмог үрэвслийн шинжтэй болсон, боловсорч буй залуу гүвдрүү нь нойтон үхжилтэй;
Дараах шинж тэмдэг бүхий эрхтэн, гулуузын хэсгийг устгана. Үүнд:
-Сүрьеэгийн голомттой;
-Цээж, хэвлийн гялтангийн тархмал сүрьеэтэй;
-Сүрьеэтэй мах, дотор эрхтэнтэй хавьтсан шал, бохир хутга бусад зүйлсээр дамжин халдварласан;
-Сүрьеэд ихээр нэрвэгдсэн гулуузын толгойг устгана;
-Тунгалагийн зангилаа нь сүрьеэд нэрвэгдсэн бүх эрхтэн;
-Сүрьеэгийн хэсэг газрын голомттой, сүрьеэд багаар нэрвэгдсэн, шохойжсон, бүрхүүл үүсээгүй буюу ганц болон зарим эрхтэн нэрвэгдсэн, сүрьеэ биеийн бүх тогтолцоог хамраагүй бол гулуузыг хүнсэнд хэрэглэхийг зөвшөөрнө;
-Сүрьеэлүүрт эерэг урвал өгсөн малыг "Сэжигтэй" гэж тэмдэглээд дамжлагын үзлэгээр сүрьеэгийн голомт илрээгүй ч "Ариутгах" гэсэн тэмдэг дарна;
15.16. Бруцеллез. Бруцеллезод нэрвэгдсэн гулуузын голомт бүхий эдийг авч устгасны дараа гулуузыг хүнсэнд хэрэглэнэ.
15.17. Гахайн холер.
-Холероор өвчилсөн гахайн гулуузыг бүхэлд нь устгана;
-Нядлахын өмнөх үзлэгээр холер өвчинтэй төстэй шинж тэмдэг илэрвэл "Сэжигтэй" гэсэн тэмдэг зүүж гахайг нядлаад, дамжлагын үзлэгээр бөөр, тунгалагийн зангилаанд холертой төстэй гэмтэл илэрвэл гулуузыг бүхэлд нь устгана;
-Бөөр, тунгалагийн зангилаанд холер өвчинтэй төстэй гэмтэл илэрсэн ч нядлахын өмнөх үзлэгээр холертой төстэй шинж илрээгүй гахайны гулуузанд нотлох үзлэг хийнэ. Бөөр, тунгалагийн зангилаанаас бусад эрхтэн, эд нэрвэгдсэн бол гулуузыг устгана;
15.17. Ёлом. Цочмог, тархмал ёломд нэрвэгдсэн, тархмал өөрчлөлт бүхий гулуузыг устгана.
15.19. Үений үрэвсэл /артрит/ Үений хэсэг газрын үрэвсэлтэй гулуузын гэмтэлтэй хэсгийг авсны дараа хүнсний хэрэгцээнд нийлүүлнэ. Хэсэг газрын тунгалагийн зангилаа, гэмтсэн үеийг авч гологдол болгоно.
Гулуузыг бохирдуулахгүй байх үүднээс гэмтэлтэй үеийг салгасны дараа үеийн бүрхүүлийг нээнэ;
-Бүх үеийн тархмал гэмтэлтэй гулуузыг гологдол болгоно.
15.20. Неоплазм /хавдар, хорт ургалт/
-Неоплазмд нэрвэгдсэн эрхтэн, гулуузын хэсгийг авч устгана. Хэрэв неоплазм үсэрхийлж хэмжээ, байрлал, чанар нь өөрчлөгдсөн бол гулуузыг гологдол болгоно.
-Тунгалагийн зангилааны эд хорт хавдарт нэрвэгдсэн гулуузыг устгана.
15.21. Гахайн заар
-Заарны үнэртэй гахайн махыг гологдол болгоно;
-Заар хэт их үнэртэхгүй бол зөвхөн орон нутгийн хүнсний бүтээгдэхүүн боловсруулах газрын хэрэгцээнд нийлүүлэх эсвэл устгана;
15.22. Туузан хорхойн уйлинхай /цист/ Уйланхайд ихээр нэрвэгдсэн, булчин нь хавагнасан, өнгө нь хувирсан үхрийн гулуузыг устгана. Гулууз, зүрх, өрц, өрцний хөхөнцөр, зажлуурын булчин, улаан хоолой, хэл, бусад булчингийн хоёрт нь л голомт илэрвэл;
-Хоёр гуяны зузаан булчинг хөндлөн зүснэ;
-Хоёр хааны булчинг залааны товгороос мөрний чиглэлд 5-7 см хэмжээтэйгээр зүснэ;
-15.22 дэд зүйлд дурьдсан шиг их хэмжээний гэмтэлгүй зүрх, өрц, өрцний хөхөнцөр, зажлуурын булчин, улаан хоолой, хэл бусад булчинд уйланхай илрүүлээгүй боловч үзлэгийг сайтар хийснээр нэг ба түүнээс олон голомт гулуузанд илрүүлбэл гэмтлийг хүрээлэн буй эрүүл эдийн хэсэгтэй хамт авч устгасны дараа гулуузыг хүнсэнд нийлүүлнэ. Гулуузанд "Саатуулах" гэсэн тэмдэг зүүж ялгах бөгөөд –100С орчинд 10-аас дээш хоногийн турш хөлдөөсний дараа энэхүү тэмдгийг байцаагчийн хяналттайгаар авах буюу дээр дурьдсан гулуузаас махыг шулж хайрцаг, торх, бусад саванд хийж, "Саатуулах" гэсэн тэмдэг зүүж, байцаагчийн хяналттайгаар 20-оос дээш хоногийн хугацаатай  –100С орчинд хөлдөөнө. Дээр дурьдсан гулуузыг +600С-аас дээш хэмийн халуун аргаар боловсруулж болно;
-Хүнсэнд тэнцсэн дотор эрхтэнг аль гулуузынх болох буюу уйланхай илэрсэн байдлаас нь дээр дурьдсан аргын дагуу устгана;
-Уйланхайд нэрвэгдсэн гахайн гулуузыг чанах, хэрэв хэт ихээр нэрвэгдсэн байвал устгана;
-Хэрэв гулууз болон хүнсэнд тэнцсэн дотор эрхтэн нь хүн халдварладаггүй шимэгчдэд нэрвэгдсэн бол нэрвэгдсэн хэсгийг авсны дараа гулуузыг хүнсний хэрэгцээнд нийлүүлнэ. Эрхтэн, гулуузын хэсэг шимэгчдэд ихээр нэрвэгдсэн бол гэмтэлтэй хэсгийг авч устгана.
15.23. Гулууз, гулуузын хэсэг, цусанд хэвийн биш байдал илэрвэл цаашдын боловсруулалтад тэнцэхгүй гэж үзэх бөгөөд энэхүү дүрмийн дагуу шийдвэрлэнэ;
15.24. Хүнсэнд тэнцээгүй мал, амьтны эвэр, туурай, үс, толгой, шийр, өд сөдийг хэрхэхийг хяналтын байцаагч шийдэх бөгөөд дараагийн боловсруулалт хийхгүй байж болно.
15.25. Гулуузын үзлэгийн явцад нөжирсөн цус, шарх, ясны хэлтэрхий болон гадны биетүүд байвал энэ дүрэмд заасны дагуу махыг цэвэрлэнэ;
15.26. Үзлэгээр тугалын гулууз эмгэгтэй, арьс нь бохирдсон байвал арьсыг яаралтай хуулна;
15.27. Арьстай байгаа тугалын гулуузаас арьсыг сайтар угааж, цэвэрлэсний дараа дотор эрхтнийг салгана;
15.28. Гахайн хялгасыг зумлаж, турууг авч, арьсыг сайтар угааж, цэвэрлэсний дараа дотор эрхтэнг салгана;
15.30. Хүнсэнд тэнцэхгүй, гэмтэлтэй буюу өвчний шинж тэмдэг илэрсэн гулууз, дотор эрхтэнг хяналтын байцаагч "саатуулах" гэсэн тэмдэг зүүж, үзлэг дуустал саатуулна;
15.31. Хяналтын байцаагчийн эцсийн үзлэгээр гулууз, түүний гэмтэлтэй хэсэг эмгэгтэй, чанараа алдсан, хүнсний хэрэгцээнд тохирохгүй бол "Устгах" гэсэн тэмдгийг нүдэнд үзэгдэхүйц газар дарна. Тэмдэг дарах боломжгүй тохиолдолд эрхтнүүдийг тусгай саванд хийж "Гологдол" гэж тэмдэглэнэ. Бүх гологдол гулууз, гулуузын хэсэг, эрхтнүүдийг хяналтын байцаагчийн мэдэлд байдаг "Гологдол"-ын цоожтой өрөөнд хадгалах бөгөөд тухайн өдрийн нядалгаа дууссаны дараа энэ дүрэмд заасны дагуу шийдвэрлэнэ;
15.32. Эрүүл, чанартай, хүнсний хэрэгцээнд нийцсэн гулууз, гулуузын хэсэгт "Зөвшөөрөв" гэсэн тэмдгийг дарна;
15.33. Хяналтын байцаагч нь ариутгах гулууз, гулуузын хэсгийн өнгөн хэсэгт "Ариутгах" гэсэн тэмдгийг нүдэнд үзэгдэхүйцээр дарна. Ийм тэмдэг бүхий гулууз, өрөөл, мөчилсөн махыг дахин боловсруулах, ариутгах арга хэмжээ авна;
15.34. Гулуузыг саатуулах бол "Саатуулах" гэсэн тэмдэг хэрэглэнэ. Махан бүтээгдэхүүнд цаасан дээр бичсэн "Саатуулах" гэсэн шошгыг хэрэглэнэ;
15.35. "Гологдол", "Ариутгах" гэсэн тэмдгийг шошго хэлбэрээр хэрэглэж болно;
15.36. Зайлшгүй шаардлагаар нядлах. Гэмтэлтэй мал, амьтныг амралтын өдрүүд, эсвэл шөнө нядлахад хяналтын байцаагч тэдгээрийг хүлээн авах боломжгүй бол мал, амьтныг нядалж, ходоод, давсаг, гэдэснээс бусад дотор эрхтэн, гулууз, толгойг хадгална. Дээр дурьдсан эрхтнүүдийг хадгалаагүй бол гулуузыг гологдол болгоно. Хэрэв хяналтын байцаагчийн оролцоогүйгээр зайлшгүй шаардлагаар нядалсан мал, амьтны гулуузыг шинжлэх явцад тухайн мал, амьтан өвчтэй буюу гологдол болгох байдал илэрвэл гулуузыг устгана.
 

Долоодугаар бүлэг Гологдол бүтээгдэхүүнтэй харьцах, тэдгээрийг устгах

16-р зүйл. Үйлдвэрийн газар нь гологдол бүтээгдэхүүнийг устгах зориулалтын ариутгалын төхөөрөмжтэй байна.
16.1. Гологдол бүх бүтээгдэхүүнийг ариутгах төхөөрөмжид хийж сайтар таглан 76.60С-ээс дээш халуунд 30 минутаас доошгүй хугацаанд ариутгана;
16.2. Ариутгах явцад ялгарсан тосноос зөвхөн зөвшөөрөгдсөн эрх бүхий этгээд дээж авч шалгана.
16.3. Хяналтын байцаагчийн оролцоотойгоор халдварт өвчтэй мал, амьтны махыг гулууз байдлаар карболын хүчил, крезол агуулсан халдваргүйжүүлэх бодисууд, зориулалтын будаг, 40 хэсэг ус, 40 хэсэг шингэн саван, 40 хэсэг цитронеллийн тосны холимгоор өнгө, бүтцийг хувирган боловсруулах, эсвэл шатаах, Онцгой нөхцөлд Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас баталгаажуулсан зориулалтын материалыг хэрэглэнэ. Үндсэн бүтцийг хувиргахын өмнө устгах материалыг сайтар жижиглэнэ. Арьсыг нь хуулаагүй байгаа үхсэн мал, амьтанд дээрх бодисуудыг тарина. Үндсэн бүтцийг хувиргагч бодисыг гулууз болон бүтээгдэхүүнд хүнсний зориулалтаар хэрэглэх боломжгүй болтол нь жигд тараана.
16.4. Устгалын тусгай төхөөрөмжтэй, итгэмжлэгдсэн үйлдвэрийн газарт боомын эмгэгтэй гулууз, гулуузын хэсгийг 1/ сайтар шатаах 2/ карболын хүчил, крезол агуулсан бодисоор үйлчлүүлж эсвэл энэхүү дүрмэнд заасны дагуу устгана;
16.5. Үйлдвэрийн газрын гологдол ба хүнсэнд тэнцээгүй бүтээгдэхүүнээс шаргаасан тосыг хүнсний зориулалтын тосноос ялгахын тулд доод зэрэглэлийн дотор эрхтэн, шатахуун /дизель/ эсвэл спирт, худалдаанд байдаг нарсны тос     /эсвэл розмарины/-ны холимогт уусгасан бручиныг хольж байдлыг хувиргана;
16.6. Хэрэв үйлдвэрийн газар дахин боловсруулах битүү төхөөрөмжгүй бол гулууз, гулуузын хэсгийг зөвшөөрөл бүхий этгээдийн оролцоотойгоор тогоонд ажлын цагаар чанах ба энэ дүрмийн 16.1 дэд зүйлд заасан горимыг мөрдөнө.
 

Наймдугаар бүлэг Махны ариун цэврийн тэмдэг, хаяглалт, хяналтын гэрчилгээ

 
17-р зүйл. Маханд ариун цэврийн тэмдэг дарах, хаяглалт хийх, хяналтын гэрчилгээ олгоход дараахь шаардлагыг хангасан байна. Үүнд:
17.1. Хүнсний хэрэгцээнд тэнцсэн гулууз, өрөөл мах, мөчилсөн мах, бусад бүтээгдэхүүнд хяналтын эрх бүхий этгээдийн баталгаажуулсан тэмдэг дарахдаа тохирсон өнгөтэй, хүнсний будгийг тамганд хэрэглэнэ;
17.2. Гулууз болон мөчилсөн мах, элэг, үхрийн хэл, зүрхийг үйлдвэрээс гаргахын өмнө тэдгээрт тухайн үйлдвэрийн дугаар бүхий "Зөвшөөрөв" гэсэн тэмдэг дарна. Хэрэв бүтээгдэхүүний савыг энэ дүрэмд заасны дагуу хаягласан бол тэмдэглэгээ хийх шаардлагагүй;
17.3. Байцаагчийн үзлэгээр тэнцсэн, зохих тэмдэг бүхий гулууз, өрөөл мах, мөчилсөн маханд үйлдвэрээс гаргах болон тээвэрлэхийн өмнө тухайн үйлдвэрийн хяналтын гэрчилгээ олгоно;
17.4. Үзлэгт ороогүй, тэмдэггүй, хяналтын гэрчилгээгүй гулууз, өрөөл мах, мөчилсөн махыг аль нэгэн үйлдвэр авах, худалдах, тээвэрлэхийг санал болгож болохгүй;
17.5. Тухайн үйлдвэрийн удирдлага нь тамганы будаг болон бүтээгдэхүүний бусад тэмдэглэгээг бэлтгэнэ;
17.6. Хэрэв боловсруулалт хийгээгүй гулууз болон жижиглэсэн хэсгүүдийг тээвэрлэх, хадгалах явцад зөвхөн бохирдолт ба хаталтаас сэргийлж боосон тохиолдолд хаяг хийнэ;
17.7. Хэвлэмэл хаяггүй, өнгөгүй, тунгалаг /жишээ нь полиэтилен/ савлагааны гадна талд тодорхой хаяг дагалдуулна;
17.8. Хаяган дээрх мэдээллийг ил тод, анхаарал татахуйц байдлаар, жирийн худалдан авагч, хэрэглэгчид уншаад ойлгох хэллэгээр бичнэ;
 

Есдүгээр бүлэг Хүнсэнд тэнцээгүй бүтээгдэхүүнтэй харьцах

18.1.       Үйлдвэр бүр хүнсэнд тэнцээгүй махан бүтээгдэхүүнийг цуглуулах, халдваргүйжүүлэх, хадгалах, устгах тоног төхөөрөмж, багаж хэрэгслэл, тэдгээртэй харьцах боловсон хүчинтэй байна;
18.2.       Мал, амьтны тэжээлд зориулсан махан бүтээгдэхүүнийг үйлдвэрт боловсруулна;
18.3.       Тэжээлд зориулсан бүтээгдэхүүн нь мал, амьтны эрүүл мэндэд хор учруулахгүй тухай тодорхойлолтыг хяналтын байцаагч гаргана;
18.4.       Хүнсэнд тэнцсэн гулуузын хүнсэнд тэнцээгүй дотор эрхтэн, махан бүтээгдэхүүнийг амьтны тэжээлд хэрэглэх шийдвэрийг хяналтын байцаагч гаргана. Үндсэн бүтцээ алдаагүй, гологдол махан бүтээгдэхүүнийг амьтны тэжээлд хэрэглэж болно.
18.5.       Хүнсэнд тэнцсэн гулуузын хүнсэнд тэнцээгүй дотор эрхтэн, махан бүтээгдэхүүнийг амьтны тэжээлд хэрэглэх шийдвэрийг хяналтын байцаагч гаргана. Үндсэн бүтцээ алдаагүй гологдол махан бүтээгдэхүүнийг амьтны тэжээлд хэрэглэж болно;
18.6.       Үйлдвэр нь хүнсэнд тэнцээгүй дотор эрхтэн, мах, гологдол бүтээгдэхүүн, хог хаягдал хийх тусгай савнуудтай байх бөгөөд тэдгээр нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
      -Эдгээр савнууд нь зөвхөн дээр дурьдсан зүйлд зориулагдсан, өөр зориулалтаар ашиглахыг хориглосон анхааруулгатай байна;
      -Савнуудыг хэрэглэхийн өмнө тогтмол цэвэрлэж, засварлаж байна;
      -Савнуудыг аль болох зохистой газарт байрлуулна;
18.6.       Хүнсэнд тэнцээгүй дотор эрхтэн, мах, гологдол материал, хогийг үйлдвэрийн ойролцоо ил задгай хаях, овоолохыг хориглоно;
18.7.       Мах,  махан бүтээгдэхүүнийг хөлдөөх, хадгалах, боловсруулах, савлах болон бусад ажиллагаа явуулдаг өрөөнүүдээс хүнсэнд тэнцээгүй дотор эрхтэн, махыг аль болох хурдан гаргаж зориулалтын савнуудад хийнэ;
18.8.       Хүнсэнд тэнцээгүй дотор эрхтнийг 48 цаг болон түүнээс доошгүй хугацаагаар +100С-аас доош хэмтэй орчинд хадгална.
18.9.       Хяналтын байцаагчийн "Гологдол" гэж үзэж лабораторийн шинжилгээнд илгээсэн махан бүтээгдэхүүнийг үйлдвэрийн хүнсэнд тэнцээгүй бүтээгдэхүүн хадгалах хэсэгт шилжүүлнэ;
18.10. Эмгэг төрүүлэгч болон болзолт эмгэг төрүүлэгч нянгуудыг устгах зорилгоор бүтээгдэхүүнд дахин боловсруулалт юмуу эсвэл өөр тусгай боловсруулалт хийж болно;
18.11. Хүнсэнд тэнцээгүй мах, махан бүтээгдэхүүний үндсэн бүтцийг хувиргах, өөр үйлдвэр болон дахин боловсруулах үйлдвэр лүү шилжүүлэх, эсвэл устгана;
18.12. Хүнсэнд тэнцээгүй мах, махан бүтээгдэхүүнийг хяналтын байцаагчийн зөвшөөрлөөр эмнэлэг, эрдэм шинжилгээ, боловсролын салбарт хэрэглэж болно;
18.13. Амьтны тэжээлд зориулсан махан бүтээгдэхүүнийг зориулалтын өрөөнд боловсруулна. Мах болон махан бүтээгдэхүүний үндсэн бүтцийг хувиргахдаа ямар нэгэн химийн бодисыг дур мэдэн хэрэглэж болохгүй зөвхөн энэ дүрэмд заасан бодисуудыг хэрэглэнэ;
18.14. Үйлдвэрийн газрын хүнсэнд тэнцээгүй бүтээгдэхүүний хэсгээс махан бүтээгдэхүүнийг өөр хэсэг рүү шилжүүлэхийг хориглоно;
18.15. Үйлдвэрийн удирдлага нь дараах үүргийг хүлээнэ:
      -Хүнсэнд тэнцээгүй бүтээгдэхүүнийг хянах үйл ажиллагааг боловсронгуй болгох;
      -Хүнсний бүтээгдэхүүнийг бохирдуулах, чанарыг алдагдуулахаас сэргийлэх;
      -Ариун цэврийн шаардлага хангахуйц аргаар, хортон шавьжгүй орчинд бүтээгдэхүүнийг боловсруулсан байх;
      -Хүнсний бус материалыг ялган таних тохиромжтой аргуудыг боловсруулж хэрэгжүүлэх.
 

Аравдугаар бүлэг Лабораторийн дээж авах, шинжилгээ хийлгэх

19-р зүйл. Махны үйлдвэр, газрууд нь өөрийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнд өдөр тутам хяналт тавьж, бүтээгдэхүүнийхээ чанарт баталгаа олгох дараах лабораторуудтай байна. Үүнд:
19.1. Бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн орчинд нянгийн ерөнхий тоо, эмгэг төрүүлэгч нян /салмонелл, протеи, гэдэсний савханцар, агааргүйтэн нян, мөөгөнцрийн төрөл гэх мэт/, гахайн трихинеллийг тодорхойлох нян судлалын лаборатори;
19.2. Бүтээгдэхүүний чийг, давс, нитрит, фосфор, цардуул зэрэг нэмэлтүүдийн агууламж, рН, хуршилт, хуучралтын түвшин зэрэг физик-химийн үзүүлэлтүүдийг тодорхойлох физик-химийн лаборатори;
19.3. Хяналтын байцаагч нь мах, махан бүтээгдэхүүнээс батлагдсан аргачлалын дагуу дээж авч, шинжилгээ хийлгэнэ;
19.4. Хяналтын байцаагч нь лабораторийн шинжилгээнд зориулан махан бүтээгдэхүүн боловсруулахад хэрэглэдэг амтлагч болон бусад материалуудаас шаардлагатай гэж үзвэл дээж авах эрхтэй;
19.5. Хяналтын байцаагч нь лабораторийн шинжилгээний хариуг үйлдвэрт өгч байна;
19.6. Лабораторууд нь мах, махан бүтээгдэхүүн, амтлагч бусад нэмэлтийг батлагдсан шинжилгээний стандарт, аргачлалын дагуу шинжилнэ;
19.7. Хүнсний хэрэгцээнд нийлүүлэхээр төлөвлөж байсан гулууз нь антибиотик буюу химийн элемент агуулсан, бохирдолттой гэж байцаагч сэжиглэвэл дээжийг итгэмжлэгдсэн лабораторид илгээнэ. Лабораторийн шинжилгээний хариуг үндэслэн эцсийн шийдвэр гаргана.
19.8. Үйлдвэрийн дэргэдэх лабораторид шинжилгээ хийх бололцоогүй тохиолдолд улсаас итгэмжлэгдсэн лабораторид дээжийг өгч шинжлүүлнэ;
19.9. Монгол Улсын Сангийн сайд, Хөдөө аж ахуй үйлдвэрийн Сайдын 1997 оны 11-р сарын 14-ний өдрийн 392/А216 дугаар тушаалын хавсралт "Мал эмнэлэг, үржлийн ажил үйлчилгээний төлбөрийн жишиг үнэлгээний жагсаалт"-ыг үндэслэн амьд мал, амьтны болон нядалсны дараах үзлэг, экспорт, импортын гэрчилгээ олгох, лабораторийн шинжилгээ хийх, үйлдвэрүүдийг итгэмжлэх мөн энэхүү дүрмэнд нийцүүлэн явуулах хяналтын бусад үйл ажиллагаанууд хураамжтай байна.
 

Арваннэгдүгээр бүлэг Хяналтын лац, савлагаа, савлагааны материалд тавих шаардлага

20-р зүйл. Хяналтын лац, савлагаа, савлагааны материал дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
20.1. Мах, махан бүтээгдэхүүн нь тэдгээрийн аюулгүй байдал, чанарын баталгаа бүхий гэрчилгээтэй байна;
20.2. Шинэ мах болон дотор эрхтнийг ариун цэврийн шаардлагын дагуу жижиглэсний дараа шууд савлана;
20.3. Мах, махан бүтээгдэхүүнийг энэ дүрэмд заасны дагуу хаяглах ба хаяг нь ойлгомжтой, хэрэглэхэд тохиромжтой /амархан салж унахааргүй/ байна;
20.4. Хаягийг савлагаагүй мах, махан бүтээгдэхүүнд нааж, хэрэглэхийг хориглоно;
20.5. Урьд нь хэрэглэж байсан хаягийг дахин ашиглахыг хориглоно;
20.6. Хяналтын албаны эрх бүхий байцаагчийн зөвшөөрлийг үндэслэн үйлдвэрийн мах, махан бүтээгдэхүүнд тэмдэг дарж, хаяглана. Хаяг, тэмдгэнд үйлдвэрийн итгэмжлэлийн дугаарыг заавал бичсэн байна.
20.7. Мах, махан бүтээгдэхүүн үзлэг, шинжилгээнд хамрагдсан болохыг баталсан хяналтын лацыг дараах байдлаар хэрэглэнэ:
      -Битүүмжилсэн уут, хайрцагны амсар, тагийг лацдана;
      -Битүүмжилсэн уут, хайрцагтай лац бүхий бүтээгдэхүүнийг чингэлгээр зөөх тохиолдолд чингэлэгийг лацдана;
      -Савлах үед байцаагч лацдаагүй бүтээгдэхүүнийг чингэлэгт хийж нийлүүлэх тохиолдолд хаягийг давхар лацдана;
      Зөвшөөрөгдсөн, тусгай тэмдэг дарагдсан гулууз, өрөөл мах, мөчилсөн махыг савлагаагүйгээр нийлүүлэх нөхцөлд чингэлэг, тээврийн хэрэгслийн хаалгыг лацдана;
      -Шувууны гулуузыг савлаагүй тохиолдолд цээжний орчимд шошгыг зүүж лацдана;
20.8. Мах, махан бүтээгдэхүүнийг тамгалахад зөвхөн хүнсний зориулалтын будгийг хэрэглэнэ;
20.9. Түр саатуулсан эсвэл гологдол болгосон бүтэн ба өрөөл гулууз, шувууны маханд хяналтын тамгыг зөвхөн хөргөх, хөлдөөхийн өмнө тавина;
20.10. Хяналтын байцаагчийн дарсан хяналтын тэмдэг нь мал эмнэлэг, чанар, ариун цэврийн хүчин төгөлдөр баталгаа болно;
20.11. Үйлдвэрийн удирдлага нь эрх бүхий байцаагчийн хяналтыг баталгаажуулдаг тамга, шошго, уут, боодол зэрэг бусад шаардлагатай зүйлсээр хангана;
20.12. Үйлдвэр нь хяналтанд зарцуулсан материал, зардлын бүртгэлтэй байна;
20.13. Үйлдвэрийн удирдлага дараах хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Үүнд:
      -Савлагааны материалыг физик, хими, нянгийн бохирдлоос сэргийлэх, хянах;
      -Эмгэг төрүүлэгч, ялзруулагч болон хор /токсин/ ялгаруулдаг нян үржих боломжгүй гадаад орчинг бий болгох;
      -Бүтээгдэхүүнийг гэмтлээс сэргийлэх;
20.14. Савлагааны материал нь хорт бодис агуулаагүй, цэвэр байна. Хайрцаг болон цаасан хайрцаг нь дотор талдаа тохирсон жийрэг эсвэл хамгаалах бүрээстэй байна;
20.15. Цэвэрлэхэд хялбар, урьдчилан сайтар ариутгасан, зэвэрдэггүй материалаар хийгээгүй бол савлагааны материалыг дахин хэрэглэхийг хориглоно;
 

Арванхоёрдугаар бүлэг Бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлт

21-р зүйл. Бүтээгдэхүүн хадгалах, тээвэрлэхэд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
21.1. Мах, махан бүтээгдэхүүнийг хими, физикийн болон бичил биетний бохирдол, гэмтэл үүсгэхгүй, нян үржихээргүй орчинд хадгалах, тээвэрлэх стандартын шаардлага хангасан нөхцөлийг бүрдүүлнэ;
21.2. Удирдлага нь махан бүтээгдэхүүнийг бохирдолгүй тээвэрлэхэд хяналт тавина;
21.3. Үйлдвэрийн удирдлага нь амтлагч бодис болон савлагааны материалыг гэмтэл, бохирдлоос сэргийлсэн нөхцөлд хадгална. Хүнсний бус зориулалттай химийн бодисыг зөв хадгалж буй эсэхэд хяналт тавина;
21.4. Дараах шаардлагыг хангасан чингэлгээр хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэнэ:
      -Хор хөнөөлтэй бодис агуулаагүй материалаар хийсэн;
      -Дотор тал нь хатуу, гөлгөр, чийг нэвтэрдэггүй, бүтэн, цэвэр гадаргуутай;
      -Махан бүтээгдэхүүн, чингэлгийг бохирдлоос хамгаалсан;
      -Хөргөх, хөлдөөх төхөөрөмжөөр тоноглогдсон;
      -Мал, амьтан болон махан бүтээгдэхүүнийг зөвхөн зориулалтын тээврээр тээвэрлэнэ.
 

Арвангуравдугаар бүлэг Махыг хөргөх, хөлдөөх

22-р зүйл. Мал, амьтны махыг хөргөх, хөлдөөхөд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
22.1. Гахайн мах
-Зөвхөн эрүүл, чанарын шаардлага хангасан махыг хөргөж, хөлдөөнө;
-Гулуузыг тамгалсны дараа хөргөх өрөөнд оруулна;
-Хөргөх өрөөний агаарын хэм +1-ээс +30С байна;
-Махыг 7-оос илүү хоног хөргөх өрөөнд хадгалахыг хориглоно;
-Хөргөсөн гулууз цэвэр, хэвийн бус үнэр, өнгө, хөгцгүй байна;
-Гулуузыг –180С-аас доош хэмд 6 сараас илүүгүй хугацаагаар хадгална;
-Агуулахын харьцангуй чийгшилт 85 хувь байна;
22.2. Үхэр, адууны мах
-Зөвхөн эрүүл, чанарын шаардлага хангасан махыг хөргөж, хөлдөөнө;
-Цусыг юүлснээс хойш 2 цагийн дотор гулуузыг хөргөх өрөөнд шилжүүлнэ;
-Хөргөх өрөөний агаарын хэм +1-ээс +30С байна;
-Махны гүн хэсгийн хэм нь –80С-аас дээшгүй болтол 48 цагийн турш хөлдөөнө;
-Түргэн хөлдөөгчийн агаарын хурд 60 м/мин байх ба агуулахын хэм нь –350С-аас дээшгүй байна;
-Утсан, давсалсан үхрийн махыг +2-40С хэмтэй, 85-87 хувийн харьцангуй чийгшилтэй орчинд хадгална;
-Гулуузыг –180С-аас доош хэмд 6 сараас илүүгүй хугацаагаар хадгална;
 
22.3. Хонины мах
-Зөвхөн эрүүл, чанарын шаардлага хангасан махыг хөргөж, хөлдөөнө;
-Цусыг юүлснээс хойш 2 цагийн дотор гулуузыг хөргөх өрөөнд шилжүүлнэ;
-Хөргөх өрөөний агаарын хэм нь +1-ээс +30С байна;
-Махны гүн хэсгийн хэм нь –80С-аас дээшгүй болтол 24 цагийн турш хөлдөөнө;
-Гулуузыг –180С-аас доош хэмд 6 сараас илүүгүй хугацаагаар хадгална;
 
22.4. Нийтлэг шаардлагууд
-Эрх бүхий этгээд нь гулууз, өрөөл мах, мөчилсөн мах, хүнсэнд тэнцээгүй дотор мах, дайвар бүтээгдэхүүнийг хөргөх, хөлдөөх өрөөнүүдэд дор дурьдсан байдлыг мөрдөн үйл ажиллагаа явуулна:
-Агуулахын хаалгуудыг хурдан хааж, дулаан алдагдахаас хамгаална;
-Хөргөх, хөлдөөх өрөө, агуулахад багтаамжаас нь илүү мах хураахгүй байх;
-Дээрх өрөөнүүдэд халуун, хүйтнийг автоматаар бичдэг термометр суурилуулсан байна;
-Хэрэв автоматаар бичдэг термометр байхгүй бол эдгээр өрөөнүүдийг байнга шалгаж, тэмдэглэл хөтлүүлнэ;
-Хөргөх, хөлдөөх өрөөнд оруулж, гаргаж буй махыг тогтмол бүртгэж байна. Хөлдөөх өрөөнөөс гаргаж буй махыг дахин үзлэгт хамруулна;
-Хөргөж буй гулууз, хүнсэнд тэнцсэн дотор маханд хяналт тавина. Хөргөх өрөө нь дараах шаардлагуудыг хангасан байна:
-Өлгөсөн болон зэвэрдэггүй төмөр тавиур дээр тавьсан мах, дотор маханд хүйтэн агаарын урсгал жигд үйлчилж байвал зохино;
-Махны шүүс нэгээс нөгөөд дусахгүй байхаар байрлуулна;
-Махыг хадгалах явцад өрөөний хэм, харьцангуй чийгшил, агаарын урсгалыг тогтмол хянана;
-Мах, дотор махыг хөргөх агуулахад хадгалахдаа технологийн заавар, хөргүүрийн аюулгүй ажиллагааны дүрмийг чанд мөрдөж ажиллана;
-Махыг агаарын солилцоо сайтай орчинд хадгална. Картонон хайрцагт савласан махан бүтээгдэхүүнд агаарын урсгал оруулах зорилгоор нүхэлсэн байх. Хайрцагт савлаагүй бол нэг нь нөгөөгийн хэв дүрсийг алдагдуулахгүй хураах.
23-р зүйл. Мах, махан бүтээгдэхүүнийг агуулахад шалгаж, хүлээн авна. Цэвэр, чанартай бүтээгдэхүүнийг хадгална. Бүтээгдэхүүн бохирдсон байвал цэвэрлүүлсний дараа агуулахад оруулна.
24-р зүйл. Савлагаанд нь гэмтэл гарсан бүтээгдэхүүнийг тусад нь ялгаж, тээвэрлэх явцад бүтээгдэхүүн бохирдохоос сэргийлэх үүднээс савыг засаж янзална. Бохирдсон бүтээгдэхүүнийг байцаагчийн хяналтын доор цэвэрлэнэ. 
25-р зүйл. Хяналтын байцаагч нь бүтээгдэхүүний цуврал, хадгалсан, ачуулсан хугацаа /он, сар, өдөр/-ны талаарх бүртгэлтэй байна.
26-р зүйл. Агуулахын нярав дараах бүртгэлүүдийг хөтөлнө. Үүнд:
-Бүтээгдэхүүн хүлээн авсан он, сар, өдөр;
-Бүтээгдэхүүн тээвэрлэсэн тээврийн хэрэгсэл;
-Илгээгч, импортлогч, үйлдвэрлэгчийн нэр;
-Агуулахаар үйлчлүүлэгч /хэний хэрэгцээний/-дийн нэрс;
-Махны байдал /Хөргөсөн, хөлдөөсөн, савласан, савлаагүй гэх мэт/;
-Агуулахын хэсэг тус бүрт хураасан махны хэмжээ;
-Агуулахын хэсгийн дугаар;
-Бүтээгдэхүүнийг нэг агуулахаас нөгөөд шилжүүлэхэд чанарын гэрчилгээ, падааныг дагалдуулна.
 

Арвандөрөвдүгээр бүлэг Мах, махан бүтээгдэхүүний борлуулалтын хяналт, бүртгэл, гологдлыг буцааж татах

27-р зүйл. Хяналтын эрх бүхий байгууллагын өгсөн загварын дагуу мах, махан бүтээгдэхүүний бүртгэлийг нямбай, тодорхой хөтөлнө;
28-р зүйл. Үйлдвэрлэгч нь бүтээгдэхүүнээ ялган таних, борлуулалтын цэгүүдэд хяналт тавих, гологдол гарсан тохиолдолд буцааж татах чадвартай байна;
29-р зүйл. Аль ч цувралын махыг буцааж татах боломжтой байхын тулд үйлдвэрлэгч нь бүтээгдэхүүн тараалтын бүртгэлтэй байна. Энэ бүртгэлийг тухайн жилийг дуустал хадгална.
 

Арвантавдугаар бүлэг Мал, амьтан нядлах, мах боловсруулах үйлдвэрүүдэд итгэмжлэх олгох

30-р зүйл. Мал, амьтан нядлах, мах боловсруулах үйлдвэрүүдийг үйл ажиллагаагаа эхлэхээс нь өмнө тэдгээрийн барилга байгууламж, тоног төхөөрөмж, үйл ажиллагааны горим, мал, амьтан нядлах, үйлдвэрлэх техник, технологийн түвшин, хүнсэнд тэнцээгүй зүйлийг хэрхэн зайлуулж, боловсруулж байгаа байдал, мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуй, лабораторийн хяналт зэрэг үзүүлэлтүүдээр дахин шалгаруулж, дараах зэрэглэлийн аль нэгт хамруулна. Үүнд:
30.1. "ААА" зэрэглэлийн үйлдвэрийн газар- Зэрэглэл олгох үзүүлэлтээр 81-100 оноо авсан дотоодын болон олон улсын зах зээлийн стандартын шаардлагад бүрэн нийцсэн барилга байгууламж, тоног төхөөрөмж, үйл ажиллагааны горимтой үйлдвэр;
30.2. "АА" зэрэглэлийн үйлдвэрийн газар- Зэрэглэл олгох үзүүлэлтээр 61-80 оноо авсан, дотоодын зах зээлийн стандартын жишгийн шаардлага хангасан барилга байгууламж, тоног төхөөрөмж, үйл ажиллагааны горимтой, хоёрдогч орны эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр зөвхөн тухайн оронд экспортын үйл ажиллагаа явуулах эрхтэй үйлдвэр;
30.3. "А" зэрэглэлийн үйлдвэрийн газар –Зэрэглэл олгох үзүүлэлтээр 41-60 оноо авсан, барилга байгууламж, тоног төхөөрөмж, үйл ажиллагааны горим нь стандартын жишгийн доод түвшинд байгаа тухайн үйлдвэр байрлаж буй орон нутгийн зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжтой үйлдвэр;
30.4. "Х" зэрэглэлийн үйлдвэрийн газар –Зэрэглэл олгох үзүүлэлтээр 41-ээс доош оноо авсан, стандартын жишгийн шаардлага хангаагүй тоног төхөөрөмж, үйл ажиллагааны горимтой үйлдвэрүүд багтах бөгөөд энэ зэрэглэлийн үйлдвэрийг стандартын жишгийн шаардлага хангах хүртэл үйл ажиллагааг нь хаана;
30.5. Үйлдвэр бүрт албан ёсны хувийн дугаар бүхий итгэмжлэл олгоно. Мах боловсруулах үйлдвэр, мал, амьтан нядлах газрууд нэг дор байрлахыг үл харгалзан тус тусад нь дугаар олгоно. Энэхүү дугаарыг тухайн үйлдвэрт бэлтгэж, үзлэгт хамрагдаж тэнцсэн мах, махан бүтээгдэхүүн тамгалах, хаяглахад ашиглана.
30.6. Олгосон итгэмжлэл нь зөвхөн тухайн үйлдвэрт хамаарах бөгөөд энэ итгэмжлэлийг өөр үйлдвэрт шилжүүлж болгохгүй;
30.7. Нэг эзэмшигчтэй хоёр ба түүнээс дээш үйлдвэрүүдэд нэг ерөнхий дугаарын дор үйлдвэр тус бүрийг ялгах нэмэлт дугаар олгоно
30.8. Үйлдвэрийн эзэн, байршил, хөлслөгч, эсвэл эзэмшигч нь солигдвол шинээр итгэмжлэлд орох өргөдлийг итгэмжлэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад гаргана;
30.9. Мах боловсруулах үйлдвэрүүдийг итгэмжлэх ба боловсруулалтад оруулж байгаа түүхий эдийг дахин үзлэгт хамруулан зөвхөн "ААА", "АА", "А", зэрэглэлтэй үйлдвэрүүдээс авахыг зөвшөөрнө;
30.10. Агуулах ажиллуулж буй этгээд хяналтын албанд бүртгүүлж мах хадгалах эрх авна. Агуулахын ариун цэвэр, эрүүл ахуй, хөргөлт, хөлдөөлтийн тусгай нөхцөл, хадгалалтын үргэлжлэх хугацаа нь энэ дүрмийн "Хөргөх, хөлдөөх" хэсэгт заасан махан бүтээгдэхүүний стандартын нөхцөлүүдийг хангасан байна;
30.11. Мах үйлдвэрлэх, боловсруулах, тээвэрлэх үйл ажиллагаа эрхэлж буй бүх этгээд хяналтын байгууллагад жил бүр бүртгүүлнэ;
30.12. Эрх олгогдсон малын их эмч нар махны хяналтыг хэрэгжүүлнэ;
30.13. Энэ дүрэмд тусгайлан зааснаас бусад нөхцөлд мал, амьтныг үзлэгт оруулахгүйгээр нядлахыг хориглоно. Үзлэгт хамрагдаагүй гулууз, гулуузын хэсгийг үйлдвэрт хэрэглэх, борлуулахыг хориглоно.
30.14. Хяналтад ороогүй гулууз, өрөөл мах, мөчилсөн махыг хадгалсан, тээвэрлэсэн, худалдсан болон бусад байдлаар үйлдвэрээс гаргасан эсвэл шалгалтын явцад хүнсний хэрэгцээнд тэнцэхгүй мах илэрвэл энэхүү дүрмийн дагуу эрх бүхий малын их эмч зохих арга хэмжээг авч шийдвэрлэнэ.

Арванзургадугаар бүлэг Хяналт шалгалт, хариуцлага

31.1. Махны үйлдвэрлэл явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага энэхүү дүрмийг хэрхэн биелүүлж байгаа талаар Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, түүний эрх бүхий байцаагч нар өөрсдийн эрх хэмжээний дотор хяналт шалгалтыг явуулна;
31.2. Үйлдвэрийг итгэмжлэх явцад тоног төхөөрөмж, мал, амьтан нядлах, мах боловсруулах технологи, гологдол бүтээгдэхүүнийг устгах үйл ажиллагаа нь дүрмийн шаардлагыг хангахгүй байвал тухайн үйлдвэрийн зэрэглэлийг дахин тогтооно;
31.3. Хяналтын байцаагч нь шаардлагатай тохиолдолд үйлдвэрийн удирдлагад үйлдвэрийг бүхэлд нь болон тухайн хэсгийн үйл ажиллагааг түр зогсоох, зөрчил дутагдлыг арилгуулах талаар үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулах арга хэмжээ авна;
31.4. Энэхүү дүрмийн шаардлагыг ноцтой зөрчсөн, хяналтын байцаагчийн тавьсан шаардлагыг удаа дараа биелүүлээгүй үйлдвэрийн үйл ажиллагааг тусгайлан томилсон ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн хяналтын алба нь бүрмөсөн буюу түр зогсоох шийдвэр гаргаж болно;
31.5. Энэхүү дүрмийн заалтыг зөрчсөн, гэрчилгээ, зөвшөөрөл, шошго болон бусад баримт бичиг, тэмдэглэгээг өөрчилсөн, хуурамчаар үйлдсэн, устгасан, мал, амьтныг тарчлаан зовоосон, мал, амьтантай энэрэнгүй бус харьцсан, үзлэгт хамрагдаагүй мал, амьтныг нядалсан, зөвшөөрөлгүй буюу шалгалтаар хүнсний хэрэгцээнд тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гулууз, дотор эрхтэн, өрөөл мах, мөчилсөн мах хадгалсан, тээвэрлэсэн, худалдсан, бусад үйл ажиллагаа явуулсан иргэд, аж ахуйн нэгж, байгууллага тэдгээрийн албан тушаалтан, ажилтанд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хяналтын байцаагч нь Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу хариуцлага ногдуулна.
 
 
ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХӨДӨӨ АЖ
АХУЙН УЛСЫН ХЯНАЛТЫН АЛБА