Хэвлэх DOC Татаж авах
Байгаль орчны 07  тоот тушаалын 1 дүгээр хавсралт
 
 
ГАЗАР НУТГИЙГ ОРОН НУТГИЙН  ХАМГААЛАЛТАД АВАХ   ТУХАЙ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Газар нутгийг   орон нутгийн   хамгаалалтад авахтай холбогдсон харилцааг зохицуулахад  энэхүү журмыг мөрдлөг болгоно.
1.2. Газар нутгийг орон нутгийн  хамгаалалтад авахад  Газрын тухай хуулийн  18,  19 дүгээр зүйл,  Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28,  29 дүгээр зүйлд заасныг баримтална.
1.3. Энэ журамд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
1/ "орон нутгийн хамгаалалттай газар" гэж тухайн орон нутгийн байгалийн унаган төрх ,  өвөрмөц тогтоц,  түүх,  соёлын дурсгал,  амралт,  аялал жуулчлалын ач холбогдол бүхий газар нутгийг хамгаалах,  байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах зорилгоор  аймаг,  нийслэл,  сум,  дүүргийн хамгаалалтад авсан газрыг;
2/ "байгалийн бүс,  бүслүүрийн төлөөлөл" гэж   байгалийн мужлалын хувьд  өөр хоорондоо ялгаатай хам бүрдэл хэсгээс бүрдсэн тэдгээрийн онцлог шинж  чанар, амьтан,   ургамлын  төрлүүдийг    агуулсан  нутгийг;
3/ " улсын хэмжээнд шинжлэх ухааны ач холбогдолтой" гэж  улс, бүс нутгийн хэмжээнд байгалийн  иж  бүрдэл,  тогтолцоо,  түүний хувирч өөрчлөгдөх зүй тогтолыг судлах,   танин мэдэхэд ач холбогдолтой шинжилгээ судалгааны мэдээ,  мэдээллийг цуглуулах талбар бүхий газрыг
4/ "улсын хэмжээнд түүх,  соёлын ач холбогдолтой" гэж    улсын  хамгаалалтад байх  түүх, соёлын дурсгалт зүйлийн жагсаалтанд  орсон хадны зураг, бичигт хад,  эртний  булш бунхан,  буган ба хүн чулуун хөшөө,  тахилгат уул,  овоо,  хот балгасын туурь,   чулуун болон хүрэл,  төмөр зэвсгийн орд газар,  суваг  шуудуу,  түүхэн үйл явдал болсон нутгийг  тус тус хэлнэ.    
Хоёр. Газар нутгийг орон нутгийн   хамгаалалтад авах  зорилго, шалгуур
2.1. Газар нутгийг дор дурдсан зорилгоор орон нутгийн  хамгаалалтад авна. Үүнд:
1/байгалийн унаган төрх,  түүх,   соёлын дурсгалт зүйлийг  хадгалах,  хамгаалах,  доройтсон орчныг нөхөн сэргээх;
2/байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах 
3/аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар экологийн  боловсрол, хүмүүжил   олгох   
2.2. Газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авахад дараахь  шалгуурыг  баримтална:
1/  байгалийн унаган төрхөө хадгалсан байдал
2/  байгалийн нөөц баялгийг  нөхөн сэргээх    шаардлага
3/ хамгаалалтад авах газрын хэмжээ  нь  хамгаалалтын үүрэг,  зорилгыг хэрэгжүүлэхэд  хүрэлцэхүйц    талбайтай байх
4/ элбэг ан  амьтан,  ургамлын ангилалд багтах  боловч тухайн    аймаг,  сумын  хэмжээнд  нөөц  багатай,  хязгаарлагдмал      тархац бүхий  амьтан,  ургамлын байршил нутаг
5/ байгалийн  өвөрмөц тогтоцтой газар нутаг /геологийн ховор илэрц,  мөнх цас,  мөсөн гол,  агуй,  хүрхрээ,  хясаа,  хавцал,  хунх,  явар,  цонж,  рашаан булаг, баян бүрд,  элсэн  манхан,  солирын цар,  өрх,  галт  уулын тогоо,  эртний ургамал,  амьтдын олдвор бүхий газар/
6/ аймаг,  нийслэл,  сум,  дүүргийн хамгаалалтад байх  түүх,   соёлын жагсаалтанд  орсон газар нутаг
7/ амралт,  аялал жуулчлалыг хөгжүүлэх  боломжтой нутаг
8/  ашигт малтмалын онцгой ач холбогдолтой хуримтлал байгаа нь судалгаагаар илэрч,  түүнийг улс,  аймгийн нийгэм эдийн засгийн хөгжлийн эрх ашгийн үүднээс  зайлшгүй ашиглах хэрэгцээ  шаардлага байгаа эсэх. 
Гурав.  Орон нутгийн хамгаалалттай газрын ангилал
3.1. Аймаг,  нийслэл,  сумын хамгаалалттай газар нутгийг дараахь байдлаар ангилна:
1/  ой, амьтан, ургамал, усны нөөц газар
2/ байгаль, түүхийн дурсгалт газар
3.2. Аймаг,  сумын  нөөц газрыг хамгаалалт,  ашиглалтын бүсэд хувааж болно.
3.3.   Орон нутгийн хамгаалалтад  авсан  газар нутагт дараахь дэглэмийг хэрэгжүүлж болно:
1/  ургамал,  амьтны өсч  үржих нөхцөлийг хангах,  хөрсийг нөхөн       сэргээх,  түүх,  соёлын дурсгалыг сэргээн засварлах арга хэмжээ авах;
2/  зохих зөвшөөрөлтэй  ан амьтан агнах,  барих;
3/ батлагдсан зураг төсөл,  зөвшөөрлийн дагуу  амралт,  аялал  жуулчлалын бааз,  үйлчилгээний цэгүүд  байгуулах,  зам  тавих;
4/ ойд арчилгаа цэвэрлэгээ хийх болон ахуйн зориулалтаар мод   бэлтгэх,  байгалийн дагалт баялаг болон рашаан,  эмчилгээний   зориулалттай эрдсийг ашиглах;
5/ судалгаа шинжилгээний ажил явуулах,  сонгосон талбайд ашигт малтмалын хайгуул хийх; 
6/ экологийн боловсрол хүмүүжил олгох сургалт зохион байгуулах;
7/ уламжлалт аргаар мал аж  ахуй эрхлэх;
8/ орон нутгийн хэрэгцээг хангах чиглэл бүхий байгаль орчинд халгүй жижиг үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах;
Дөрөв. Газар нутгийг  орон нутгийн хамгаалалтад авах тухай санал гаргах,  шийдвэрлэх
4.1. Аймаг,  нийслэл,  сум,  дүүргийн Засаг дарга Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ дагуу нутаг дэвсгэрийнхээ  зарим  хэсгийг  улсын  болон орон нутгийн хамгаалалтад авах тухай  саналаа боловсруулж    зохих  шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн  мэдүүлнэ.  
4.2.Газар нутгийг орон нутгийн  хамгаалалтад авах  тухай саналд дараахь зүйлийг тусгана. Үүнд:
а/  хамгаалалтад авах тухай үндэслэл,  шаардлага,  хилийн зааг
б/ авах газрын   байршил,  хилийн заагийг тодорхойлсон зураг
4.3. Газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авах асуудлыг Засаг даргын өргөн мэдүүлснээр Газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг,  Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 3-т  заасныг үндэслэн   аймаг,  нийслэл,  сум,  дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал  шийдвэрлэх ба  түүний хилийн заагийг тогтоож,  өөрчилж болно .      
4.4. Орон нутгийн хамгаалалтад  авсан газар нутагт  ашигт малтмалын онцгой ач холбогдолтой хуримтлал байгаа нь судалгаагаар илэрч,  түүнийг улс орны нийгэм эдийн засгийн хөгжлийн эрх ашгийн үүднээс зайлшгүй  ашиглах шаардлагатай нь мэргэжлийн шинжээчдийн дүгнэлтээр нотлогдсон тохиолдолд  ашигт малтмалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр аймаг,  нийслэл,  сум,  дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал  тухайн газар нутгийг хамгаалалтаас бүрэн буюу хэсэгчилэн чөлөөлж болно.
4.5. Газар нутгийг орон нутгийн хамгаалалтад  авсан  тухай шийдвэрийг  холбогдох материалын хамт  жил бүрийн  1 дүгээр улиралд багтаан Байгаль орчныг хамгаалах албанд  ирүүлнэ.
4.6. Аймаг,  нийслэл,  сум,  дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байгалийн бүс,  бүслүүрийн  төлөөлөл, нэн ховор,  ховор  амьтан,  ургамлын үндсэн байршил нутаг, байгалийн унаган төрхөө хадгалсан, улсын хэмжээнд шинжлэх ухаан,  түүх, соёлын ач холбогдолтой, байгалийн аялал жуулчлалыг  хөгжүүлэх боломжтой, байгалийн нэн ховор,  өвөрмөц  тогтолцоо бүхий газар нутгийг улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд хамруулах тухай саналаа байгаль орчны асуудал эрхлэсэн Төрийн захиргааны байгууллагад  уламжилж болно.
4.7. Орон нутгийн хамгаалалтад авсан ой,  амьтан, ургамал,  усны нөөц газрыг аймаг,  нийслэл, сумын иргэдийн Төлөөлөгчдийн  Хурал  иргэн,  аж  ахуйн нэгж,  байгууллагад  тодорхой хугацаа,  төлбөртэйгээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлж  болно.
4.8. Бусдын эзэмшилд байгаа газрыг орон нутгийн хамгаалалтад  авах тохиолдолд "Газрын тухай" Монгол хуулийн 36 дугаар зүйлийн 3; 4; 37 дугаар зүйлийн 2; 4 дэх хэсэгт заасныг  баримтална.
Тав.  Орон нутгийн хамгаалалттай газар нутгийн санхүүжилт
Орон нутгийн хамгаалалттай газрын төсөв нь  дараахь  эх үүсвэрээс бүрдэнэ:
1/  аймаг,  нийслэл,  сумын төсвийн хөрөнгө
 2/  газар болон  байгалийн  бусад дагалт баялаг ашигласны төлбөрөөс  олсон орлогын тодорхой хэсэг
3/  иргэн,  аж  ахуйн  нэгж,  байгууллагад гэрээгээр эзэмшүүлсний  төлбөр болон хандив тусламж
4/ аялал жуулчлалын  болон бусад ажил,  үйлчилгээний орлого
5/бусад
               
 
--------оОо-------