Хэвлэх DOC Татаж авах
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын
                                                                        2002 оны 230 дугаар тушаалын хавсралт
 
                                    ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН
                                                ЗӨВЛӨЛИЙН ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ
 
            Нэг. Нийтлэг үндэслэл
 
            1.1.Төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн зөвлөл /цаашид "зөвлөл" гэнэ/ нь тухайн сургууль, цэцэрлэгийн өөрийн удирдлагыг хэрэгжүүлэх байгууллага мөн.
 
            1.2.Зөвлөлийн үндсэн зорилго нь сургууль, цэцэрлэгийн хөгжлийн бодлого, хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, сургууль, цэцэрлэгийн дотоод дэг журам, зохион байгуулалтын хэлбэрийг тодорхойлох, сургууль, цэцэрлэгийн болон тэдгээрийн захирал, эрхлэгчийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих, үнэлэлт, дүгнэлт өгөх, туслах, сургалтын ажлын чанар, түвшинг сайжруулах санал боловсруулах, багш, суралцагч, ажилтны эрх ашгийг хамгаалахад оршино.
 
            1.3.Зөвлөл нь үйл ажиллагаандаа Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, боловсролын багц хууль, бусад хууль тогтоомж болон энэхүү үлгэрчилсэн дүрмийг удирдлага болгоно.
 
            1.4.Цогцолбор сургууль нь нэг зөвлөлтэй байна.
 
            1.5.Зөвлөл нь боловсролын тухай хууль болон энэхүү үлгэрчилсэн дүрэмд нийцүүлэн үйл ажиллагааныхаа дүрмийг боловсруулж, зөвлөлийн хурлаар хэлэлцэн баталж мөрдөнө.
 
            1.6.Гадаад улстай хамтарсан хэлбэрээр байгуулсан ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг нь удирдах зөвлөлтэй байна. Удирдах зөвлөлийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг боловсролын тухай хуулийн 36 дугаар зүйл болон хоёр талын харилцан тохиролцсон бусад баримт бичгээр тодорхойлно.
 
            Хоёр. Зөвлөлийг байгуулах, ажиллуулах
 
            2.1.Зөвлөлийг боловсролын тухай хуулийн 35.1-35.3-д заасны дагуу байгуулна.
 
            2.2.Бага сургууль, цэцэрлэгийн зөвлөл нь суралцагчийн төлөөлөгүй байж болно.
 
            2.3.Сонгосон хамт олны санал, зөвлөлийн гишүүний хүсэлтийг үндэслэн зөвлөлийн бүрэлдэхүүнд сонгуулийн хугацаанаас өмнө өөрчлөлт оруулж болно.
 
            2.4.Зөвлөлийн бүрэлдэхүүний төлөөллийг дор дурдсанаар сонгоно.
 
                        24.1.Зөвлөлд орох багш, ажилтан, суралцагч, эцэг эхийн төлөөллийг тэдгээрийн хамт олны 50-аас доошгүй хувийн ирцтэй хурлаас тус тус сонгож тогтоол гаргана.
 
            24.2.Зөвлөлийн бүрэлдэхүүнд орох бусад байгууллагын төлөөллийг үүсгэн байгуулагчийн саналыг үндэслэн сургууль, цэцэрлэгийн нийт ажиллагчдын хурлаас сонгож тогтоол гаргана. Бусад байгууллагын төлөөлөл зөвлөлийн бүрэлдэхүүний 40 хувиас хэтрэхгүй байна.
 
            2.5.Зөвлөлийн даргыг зөвлөлийн гишүүдийн хурлаас ил санал хураалтаар 3 жилийн хугацаатай сонгоно. Үндсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, өөрөө хүсэлт гаргасан болон хүндэтгэх бусад шалтгаан /эрүүл мэнд, шилжин явах гэх мэт/-аар зөвлөлийн даргыг бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө чөлөөлж болно.
 
            2.6.Зөвлөл нь орон тооны бус нарийн бичгийн даргатай байж болох бөгөөд түүнийг зөвлөлийн гишүүдийн хурлаас ил санал хураалтаар олонхийн саналаар сонгоно.
 
                        Гурав. Зөвлөлийн чиг үүрэг, үйл ажиллагаа
 
            3.1.Зөвлөл нь боловсролын тухай хуулийн 35.4-д заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ.
 
            3.2.Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал байх бөгөөд гишүүдийн 75 хувиас доошгүй ирцтэй хурлыг хүчинтэйд тооцно. Хурал хэлэлцсэн асуудал бүрээр олонхийн саналаар шийдвэр /тогтоол/ гаргаж, тэмдэглэл хөтөлнө. Зөвлөлийн хурлын шийдвэр /тогтоол/-т дарга гарын үсэг зурж, тухайн сургууль, цэцэрлэгийн тамга /тэмдэг/ дарж баталгаажуулна.
 
            3.3.Зөвлөл нь хичээлийн жилд З-аас доошгүй удаа хуралдана. Ажлын шаардлага гарсан тухай бүр ээлжит бус хурлыг зөвлөлийн даргын саналаар, эсхүл гишүүдийн 30-аас доошгүй хувийн санаачилгаар хуралдуулж болно.
 
            3.4.Зөвлөлийн хурлын товыг хурал болохоос З-аас доошгүй хоногийн өмнө гишүүдэд мэдэгдэж, холбогдох баримт бичгийг хүргүүлнэ.
 
            3.5.Зөвлөлийн хурлаар хэлэлцэж байгаа асуудлаар тухайн сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч, орлогч захирал, хичээлийн эрхлэгч /сургалтын менежер/, багш, ажилтан, эцэг эх, суралцагчийн төлөөллийг хуралд оролцуулан тэдний санал, хүсэлт, тайлбарыг сонсож болно.
 
            3.6.Зөвлөл тодорхой асуудлаар үйл ажиллагаандаа туслах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан түр хугацаагаар ажиллуулж болох бөгөөд зөвлөлийн гишүүнээр ахлуулна.
 
            3.7.Зөвлөлийн дарга дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ.
 
                        3.7.1.зөвлөлийн гишүүдийн ажил үүргийн хуваарийг батлан мөрдүүлэх.
 
                        3.7.2.зөвлөлийн хурлаар хэлэлцэх үндсэн асуудлыг хичээлийн жилийн эхэнд тодорхойлох, хурлын товыг тогтоох, зарлах, бэлтгэлийг хангуулах, хурлыг удирдан явуулах, шийдвэрийг батламжлах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах,
 
                        3.7.3.үүсгэн байгуулагчийн бодлого, шийдвэрийг тайлбарлан таниулах,
                        3.7.4. зөвлөлөөс томилсон ажлын хэсгийн хийх ажлын чиглэлийг тогтоох, удирдамжийг батлах, гүйцэтгэлд нь хяналт тав х,
                        3.7.5.зөвлөлийн хурлын шийдвэр, үйл ажиллагааны үр дүнгийн тухай үүсгэн байгуулагч, сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарт тогтмол мэдээлэх,
 
            3.8.Зөвлөлийн гишүүн дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ.
 
                        3.8.1.зөвлөлийн хурлын шийдвэрийг сурталчлах, хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулахад оролцох,
 
                        3.8.2.зөвлөлийн дарга буюу хурлаас хариуцуулсан ажил, даалгаврыг хугацаанд нь чанартай биелүүлж, дүнг хуралд мэдээлэх.
 
                        3.8.3.сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл авах, хариуцуулсан асуудлын хүрээнд танилцах, туслах, зөвлөх үйл ажиллагаанд оролцох.
 
                        3.8.4.зөвлөлийн хуралд асуудал оруулж хэлэлцүүлэх, хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх талаар холбогдох албан тушаалтанд шаардлага тавих, түүний биелэлтийн байдалтай танилцах, тайлбар гаргуулах.
 
                                    Дөрөв. Бусад зүйл
 
            4.1.Зөвлөл нь үйл ажиллагааныхаа дүнг үүсгэн байгуулагч болон сургууль, цэцэрлэгийн хамт олны өмнө тайлагнана.
 
            4.2.Зөвлөл нь хуулийн этгээдийн эрх эдлэхгүй.
 
            4.3.Зөвлөлийн үйл ажиллагаанд шаардагдах бичиг хэргийн зардлыг сургууль, цэцэрлэгийн жилийн төсөвт тусган зарцуулна.
 
 
 
-          - - оОо - - -