Хэвлэх DOC Татаж авах
Эрүүл мэндийн сайдын 2001 оны 34 тоот тушаалын нэгдүгээр хавсралт
 
НӨХӨН, НЭМЭЛТ, ТАРХВАР СУДЛАЛЫН ЗААЛТААР ДАРХЛААЖУУЛАЛТ ХИЙХ ЖУРАМ
 
Нийтлэг үндэслэл
 
Монгол Улсын Дархлаажуулалтыг тухай хуулийн 10.6, 11.1, 11.2 заалтуудыг хэрэгжүүлэхэд энэ журмыг мөрдөнө.
 
Нэг. Нөхөн дархлаажуулалт
 
Дархлаажуулалтын эхлэл болон дархлал сэргээх тунгаас хоцорсон хүүхдийг байнгын дархлаажуулалтад хамруулна. Нөхөн дархлаажуулалтыг магадлан итгэмжлэх эрх бүхий эрүүл мэндийн байгууллага харьяалал харгалзахгүйгээр хийнэ. Нөхөн дархлаажуулалт хийх вакциныг тусад нь тооцож төлөвлөхгүй.
1.1.Халдварт саагийн нөхөн дархлаажуулалт:
Саагийн эсрэг вакцин уугаагүй 2 хүртэлх насны хүүхдэд товлолын дагуу 3 удаа уулгана.
Саагийн вакцины тунг дутуу уусан хүүхдийг тун хоорондын алдагдсан хугацааг харгалзалгүйгээр дараагийн тунг үргэлжлүүлэн уулгана.
Урьд нь саагийн вакцин уусан эсэх нь тодорхойгүй, тодорхой бүртгэлгүй түр оршин суугч, тэнэмэл хүүхдэд нас харгалзахгүйгээр нэг удаа уулгана.
1.2.Сахуу, хөхүүл ханиад, татрангийн гуравт вакцины нөхөн дархлаажуулалт:
2 хүртэлх насандаа сахуу, хөхүүл ханиад, татрангийн гуравт вакциныг огт тариулаагүй хүүхдийг товлолын дагуу 3 удаа тарина.
Тунг дутуу тариулсан хүүхдийг тун хоорондын алдагдсан хугацааг харгалзалгүйгээр дараагийн тунг үргэлжлүүлэн тарина.
Сахуу, хөхүүл ханиад, татрангийн вакциныг урьд нь тариулаагүй 2-оос дээш насны хүүхдэд сахуу татрангийн 2-т вакциныг нэг сарын зайтай 2 удаа тарина.
1.3.Улаанбурханы вакцины нөхөн дархлаажуулалт:
            Улаанбурханы вакциныг товлолын дагуу зохих насандаа огт тариулаагүй 5 хүртэлх насны хүүхдийг нэг удаа тарина.
 1.4.Сүрьеэгийн вакцины нөхөн дархлаажуулалт:
            Сүрьеэгийн вакциныг ямар нэг шалтгаанаар эхлэл вакцинжуулалтын нэгдүгээр тунг амаржих газар тариулаагүй хүүхдийг тарина.
            2 сар хүртэлх насны хүүхдэд сүрьеэгийн хавьталгүй бол түберкулины сорилгүйгээр шууд, уг сорил 2 сараас 1 хүртэлх насны хүүхдэд сөрөг гарсан тохиолдолд тарина.
            Дархлал сэргээх тунгаас хоцорсон хүүхдийг товлолын дагуу нөхөн тарина.
            Сүрьеэгийн вакциныг товлолын дагуу тариулсан боловч 1,3,12 дахь сард ажиглалт хийхэд вакцины дараах сорви үүсээгүй бол түберкулины сорил сөрөг тохиолдолд дахин вакцинжуулна.
1.5.Гепатит В-гийн вакцины нөхөн дархлаажуулалт:
            Гепатит В- гийн вакциныг огт тариулаагүй нэг хүртэлх насны хүүхдийг товлолын дагуу нөхөн тарина.
            Гепатит В-гийн вакциныг нөхөн тарихдаа эхний тунг тарьснаас 1 сарын дараа 2 дахь, 5 сарын дараа 3 дахь тунг тарина. Хэрвээ өөр зарчмаар үйлдвэрлэсэн вакцин хэрэглэвэл үйлдвэрлэгчийн зааврыг баримтална.
1.6.Нөхөн тарьсан тухай мэдээг сэргийлэх тарилгын картын "нөхөн" гэсэн хүснэгтэд тэмдэглэх ба тайланг мэдээний маягтын дагуу сар бүр Халдварт өвчин судлалын үндэсний төвд ирүүлнэ.
Хоёр. Нэмэлт дархлаажуулалт
2.1.Улаанбурхан, сахуу, хөхүүл ханиад, менингококкт халдвар, вируст гепатит, томуу, улаанууд зэрэг цочмог халдварт өвчнүүд дэгдэлт байдлаар гарах хандлага илэрсэн нөхцөлд Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр нэмэлт дархлаажуулалт хийнэ.
2.2.Сэргийлэх тарилгын хамралт тавьсан зорилтод хүрээгүй, дархлалын түвшин буурсан, хүйтэн хэлхээний горим алдагдсан бүс нутагт Халдварт өвчин судлалын үндэсний төвийн саналыг үндэслэн нэмэлт дархлаажуулалт хийнэ.
2.3.Нэмэлт дархлаажуулалт хийсэн тухайгаа сэргийлэх тарилгын картын "нэмэлт" гэсэн хүснэгтэд тэмдэглэнэ. Сарын тайланг гаргахдаа тарилгын мэдээний маягтын "нэмэлт дархлаажуулалт" гэсэн хүснэгтээр гаргаж Халдварт өвчин судлалын үндэсний төвд ирүүлнэ.
Гурав. Тархвар судлалын заалтаар хийх дархлаажуулалт
3.1.Халдварт саа, сахуу, хөхүүл ханиад, улаанбурхан, гэдэсний балнад.боом зэрэг өвчний голомтод уг өвчнөөр өвчилж болзошгүй хүнийг илрүүлж дархлаажуулна.
3.2.Халдварт саа өвчний сэжиг илэрсэн тохиолдолд тухайн голомтын 0-15 насны бүх хүүхдэд 24-48 цагийн дотор урьд нь сааны вакцин уусан эсэхийг харгалзалгүйгээр сарын зайтай 2 удаа вакцин уулгана.
3.3.Улаанбурхан өвчний сэжиг илэрсэн тохиолдолд тухайн голомтын улаан бурхны вакцин тариулаагүй 0-15 насны хүүхдэд 24-48 цагийн дотор нэг удаа вакцин тарина.
3.4.Сахуу өвчний сэжиг илэрсэн тохиолдолд тухайн 24-48 цагийн дотор голомтын вакцин тариулаагүй 2-оос дээш насны хүүхдэд эхний тунг, сарын зайтай 2 дахь тунг, сүүлийн 10 жилийн хугацаанд вакцин тариулаагүй насанд хүрэгчдэд сахуу татрангийн хоргүйсүүрээр 0.5 мл -ээр нэг удаа тарина.
3.5.Балнадын голомтод балнадын нян залгиурыг тухайн үйлдвэрлэгчийн зааврыг баримтлан уулгана.
3.6.Боомын хүн, малын голомтын хавьтагсдад 5-6 хоног пеницеллины төрлийн эмээр урьдчилан сэргийлэлт хийнэ. Боомын хүн, малын өвчлөл байнга гардаг нутгийн малчдад эхний жилд 2 удаа сарын зайтай, 2 дахь жилд 1 удаа вакцин тарина.
3.7.Тарьсан тухай тайлан мэдээг мэдээний маягтын "тархвар судлалын заалтаар" гэсэн хүснэгтээр гаргаж сар тутам Халдварт өвчин судлалын үндэсний төвд ирүүлнэ.
 
                                                                                                         -----------оОо----------