Хэвлэх DOC Татаж авах

/БСШУСС-ын 2018 оны А/750 дугаар тушаалаар хүчингүй болгосон/

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2008 оны 02 дугаар сарын 27-ны
 өдрийн 88 дугаар тушаалын хавсралт
 
СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН ХУВИЛБАРТ СУРГАЛТ, БИЧИГ ҮСГИЙН БОЛОН ИРГЭНИЙ БОЛОВСРОЛ ЭЗЭМШҮҮЛЭХ СУРГАЛТЫГ БАГТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ
 
НЭГ. Нийтлэг үндэслэл
             1.1. "Багийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр"-ийн хүрээнд сургуулийн өмнөх боловсролын хувилбарт сургалт, бичиг үсгийн болон амьдрах ухаан-иргэний боловсрол эзэмшүүлэх сургалтыг засаг захиргааны анхан шатны нэгж багт зохион байгуулахад үүсэх харилцааг энэхүү журмаар зохицуулна.
             1.2.Багт зохион байгуулах сургалт (цаашид "сургалт" гэх)-ын хэлбэр, агуулга, арга зүй, хугацаа нь цэцэрлэг, сургуулийн гадна байгаа хүүхэд, залуучууд, боловсролын ерөнхий түвшингээ ахиулах шаардлагатай иргэдийн хэрэгцээ, боломжид тулгуурласан чөлөөтэй, уян хатан, олон хувилбартай байна.
ХОЁР. Сургалтын зохион байгуулалт, хяналт-шинжилгээ
            2.1.Бичиг үсгийн болон амьдрах ухаан-иргэний боловсрол эзэмшүүлэх сургалтыг бага, суурь, бүрэн дунд боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр сургалт явуулахаар сум, дүүргийн Засаг даргад бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээд (цаашид "сургалт зохион байгуулагч" гэх) биө даасан хэлбэрээр, эсвэл, сургалтын байгууллагатай хамтран зохион байгуулж болно. Сургуулийн өмнөх боловсролын хувилбарт сургалтыг хүүхдийн цэцэрлэг  зохион байгуулна. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2012 оны 11 сарын 20-ны өдрийн А/131 дугаар тушаалаар сургалт зохион байгуулах заалтуудыг хүчингүйд тооцсон/
            2.2.Хүүхдийн цэцэрлэг, сургалт зохион байгуулагч нь сургуулийн өмнөх боловсролын хувилбарт сургалт болон бичиг үсэг, амьдрах ухаан-иргэний боловсрол эзэмшүүлэх сургалтын аль нэгийг, эсвэл, нэгдмэл байдлаар явуулахаар аймгийн Боловсрол, соёлын газарт мэргэжлийн дүгнэлт гаргуулах хүсэлт тавина. Хүсэлт дараах шаардлагыг хангасан байна:
            2.2.1.Сургалт явуулах орчин, холбогдох сурах бичиг, гарын авлага, шаардагдах бусад хэрэглэгдэхүүнийг бэлтгэсэн байх;
            2.2.2.Хувилбарт сургалтын хөтөлбөрийг "Сургуулийн өмнөх боловсролын стандарт", "Сургуулийн өмнөх боловсролын сургалтын талаар баримтлах бодлого"-д, бичиг үсгийн болон амьдрах ухаан-иргэний боловсролын сургалтын хөтөлбөрийг "Бичиг үсгийн боловсролын үндэсний хөтөлбөр", "Бага, суурь, бүрэн дунд боловсролын дүйцсэн хөтөлбөр", "Албан бус боловсролын сургалтын хөтөлбөр"-т тус тус нийцүүлэн боловсруулж, Боловсрол, соёлын газраар батлуулсан  байх;
            2.2.3.Бичиг үсгийн сургалтад нэгж хичээлийн үргэлжлэх хугацааг 40 минутаар тооцон анхан шатанд нэг жилд 120, дунд шатанд 140, гүнзгий шатанд 160, амьдрах ухаан-иргэний боловсролын сургалтад нэгж хичээлийн үргэлжлэх хугацааг 60 минутаар тооцон нэг жилд 100-аас дээш цагаар төлөвлөсөн байх:
             2.2.4.Сургуулийн өмнөх боловсролын хувилбарт сургалтыг "Сургуулийн өмнөх боловсролын сургалтын талаар баримтлах бодлого"-д заасан хугацааг баримтлан зохион байгуулах:  /Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2012 оны 11 сарын 20-ны өдрийн А/131 дугаар тушаалаар сургалт зохион байгуулах заалтуудыг хүчингүйд тооцсон/
             2.2.5.Сургуулийн өмнөх боловсролын хувилбарт сургалтыг ээлжийн бүлэг, явуулын багш, нүүдлийн гэр цэцэрлэгийн, бичиг үсгийн сургалтыг шавь сургалт, явуулын багш, танхимын, амьдрах ухаан-иргэний боловсролын  сургалтыг хот айл дахь явуулын багш, танхимын сургалтын хэлбэрээр явуулахаар төлөвлөсөн байх:
         2.3.Боловсрол, соёлын газар хүсэлтийн дагуу хянаж үзээд, сургалт явуулах боломжтой эсэх талаар дүгнэлт гаргана.
         2.4.Сургуулийн өмнөх, бичиг үсэг, амьдрах ухаан-иргэний боловсрол эзэмшүүлэх сургалт явуулах багш нь багшлах эрхтэй, холимог бүлгийн сургагч багш бэлтгэх сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байна.
        2.5.Танхимын сургалтын үед бүлгийг 8-аас дээш, хот айл, гэрийн сургалтын үед 5-аас доошгүй суралцагчтай байхаар зохион байгуулж, сургалтын явц, үр дүнгийн талаарх мэдээллийг багшийн журналд тэмдэглэх бөгөөд бичиг үсэг, амьдрах ухаан-иргэний боловсрол эзэмшүүлэх сургалтад хамрагдсан иргэдэд хүрсэн түвшинг гэрчлэх батламж, гэрчилгээ олгоно.
        2.6.Багт сургалт зохион байгуулах тухай бүртгэлийн хүчинтэй байх хугацаа нэг жил байх ба сургалтын чанар, үр дүнд үндэслэн, сургалт зохион байгуулагчаас сумын Засаг даргатай байгуулсан гэрээг цаашид нэг жилийн хугацаагаар сунгаж болно.
 
        2.7.Сургалтын үйл ажиллагаанд аймгийн Боловсрол, соёлын газар, сумын Засаг даргын Тамгын газар, ерөнхий   боловсролын сургууль хяналт тавьж, үнэлгээ өгөх ба сургалтын үйл ажиллагаа энэ журмын 2.2-т заасныг хангаагүй болох нь  эрх бүхий байгуулагын  шалгалтаар тогтоогдвол, сумын Засаг  дарга бүртгэлээс хасна.
      2.8.Суралцагчийг ерөнхий боловсролын сургууль, дүйцсэн хөтөлбөрийн сургалтад шилжүүлэн суралцуулах ажлыг сургалт зохион байгуулагч, ерөнхий боловсролын сургууль, сум, багийн Засаг дарга хамтран шийдвэрлэнэ.
ГУРАВ.  Сургалтын санхүүжилт
            3.1.Сургуулийн өмнөх боловсролын хувилбарт сургалтыг зохион байгуулахад шаардагдах дундаж зардлын хэмжээг боловсролын болон  санхүү, төсвийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүний баталсан журмын дагуу, бичиг үсэг, амьдрах ухаан-иргэний боловсролын сургалтын зардал, багшийн цалинг гүйцэтгэлээр тооцон, орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ.
            3.2.Багийн цэцэрлэг байгуулах, тоглоом наадгайн хангамж, албан бус боловсролын төвийн тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүний зардлыг  тухайн жилийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөвт тусгаж санхүүжүүлнэ.
            3.3.Хүүхдийн цэцэрлэг, сургалт зохион байгуулагч дараах баримт бичгүүдийг аймгийн Боловсрол, соёлын газарт жил бүрийн 11 дүгээр сарын 1-ний дотор хүргүүлснээр, сумын Засаг даргын Тамгын газраар дамжуулан санхүүжилт олгоно. Үүнд:
-    Аймгийн Боловсрол, соёлын газрын дүгнэлтэд үндэслэн сумын  Засаг  дарга бүртгэсэн тухай захирамж;
-    Сургалт зохион байгуулагч багийн Засаг даргатай байгуулсан гэрээ;
-    Сургалтын батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөө;
-    Албан бус боловсрол, зайны сургалтын үндэсний төвөөс баталсан загварын дагуу гаргасан сургалтын мэдээ, тайлан, багшлах боловсон хүчин, суралцагчдын дэлгэрэнгүй бүртгэл.
           3.4.Аймгийн Боловсрол, соёлын газар сургуулийн өмнөх боловсролын хувилбарт сургалтын статистик мэдээг жил бүрийн 10 дугаар сарын 1-ний, сургалт зохион байгуулагч болон бичиг үсэг, амьдрах ухаан-иргэний боловсролын сургалтын талаарх статистик мэдээг 11 дүгээр сарын 15-ны дотор Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Албан бус боловсрол, зайны сургалтын үндэсний төвд хүргүүлнэ.
          3.5."Багийг дэмжих үндэсний хөтөлбөр"-ийн хүрээнд явагдах сургуулийн өмнөх боловсролын хувилбарт сургалт, бичиг үсгийн болон амьдрах ухаан-иргэний боловсрол эзэмшүүлэх сургалтын нэгдсэн тайлан гаргах үүргийг Албан бус боловсрол, зайны сургалтын үндэсний төв хүлээнэ.
                                                                                                                       
                                                                 --------------------ооОоо----------------------