Хэвлэх DOC Татаж авах
/ЗТХС-ын 2018 оны 264 дүгээр тушаалаар хүчингүй болгосон/
 
Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын 2008 оны 05 дугаар сарын 27 -ны
өдрийн 88 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт  
 
 
 ТӨМӨР ЗАМААР ЗОРЧИГЧ, ТЭЭШ, АЧААН ТЭЭШ ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ
 
НЭГДҮГЭЭР ХЭСЭГ
 
I БҮЛЭГ
 
 Нийтлэг үндэслэл
 
 
1 дүгээр зүйл  Зорилго
 
 1.1. Энэхүү журмын зорилго нь Төмөр замын тээврийн тухай хууль хэрэгжүүлэх хүрээнд тээвэрлэлтийн үйл ажиллагааны нийтлэг зарчимд тулгуурлан зорчигч, тээш, ачаан тээшийг түргэн шуурхай, бүрэн бүтэн аюулгүй байдлыг хангаж тээвэрлэхэд оршино.
 
1.2. Үйлчлэх хүрээ: Орон нутгийн зорчигч харилцаанд оролцогч ажилтан болон зорчигч, тээш, ачаан тээш илгээгч ба хүлээн авагч нарын үйл ажиллагаанд үйлчилнэ.
 
II БҮЛЭГ
 
Зорчигч тээвэрлэлтийн ерөнхий нөхцөл
 
2 дугаар зүйл. Тасалбар худалдах үйл ажиллагаа
 
2.1. Тасалбар худалдах газар нь галт тэргэнд аль болох сул байр гаргахгүй байх, зорчигчдод тасалбар худалдах үйл ажиллагааг түргэн шуурхай зохион байгуулахад ажлаа чиглүүлнэ. Тасалбарыг доор заасан хугацаанаас эхлэн худалдана.
2.1.1. Урьдчилсан захиалгат тасалбарыг хуваарьт галт тэрэг явахаас 2 сарын өмнөөс
2.1.2. Өдөр тутмын тасалбарыг тухайн тасалбар худалдах газрын нээгдэх цагаас
 2.1.3. Завсрын өртөөнд худалдах тасалбарыг тухайн галт тэрэгний чөлөөтэй байрын мэдээг хүлээн авч, галт тэрэг ирэхээс нэг цагийн өмнөөс
 
Тасалбар худалдах үйл ажиллагааг галт тэрэг хөдлөхөөс 15 минутын өмнө зогсооно. Тасалбар худалдах газрын байршилтаас хамаарч өртөө ба буудлын дарга дээрхи хугацааг өөрчилж болно. Тасалбар худалдах газартай өртөө, зөрлөгөөс галт тэргэнд тасалбаргүй суусан зорчигчид тасалбар худалдах явуулын нярав /цаашид явуулын нярав гэх/ тасалбарыг нэмэгдэлтэй тарифаар худалдана. Нэмэгдлийн хэмжээг төмөр замын байгууллагын дарга тогтооно.
Хот дүүргийн галт тэрэгний тасалбар худалдах газрын ажиллах цагийг галт тэрэгний цагийн хуваарьтай уялдуулан өртөөний дарга тогтооно.
 
2.2. Галт тэргээр зорчих тасалбарт аяллын чиглэл, галт тэрэг, вагон, зорчих байрын дугаар, явах огноо, цаг минут, хүний тоо, тариф үнэлгээ, зорчигчийн нэр, регистрийн дугаар, олгосон огноо, цаг минутыг тус тус бичнэ. Тасалбарын ар талд зорчигчид зориулсан санамж байна.
Зорчих тасалбарыг зүүт цоолтуураар цоолох ба цоолтуургүй бол тусгай дугаарлагчаар тэмдэг дарна. Картон тасалбар, унтлагын байрны нэмэгдлийг зөвхөн дээд талд нь цоолох бөгөөд маягтын тасалбарыг нугалж тарифт хэсгийн 1/3-ийг оролцуулан цоолно.
 
2.3. Маягтын бүсийн тасалбарын үлдэх хувийг эхлэн бөглөж, очих өртөө хүртэлх зайн бүсийг заасан хэсэг нь зорчигчийн тасалбарт үлдсэн байхаар зөв хайчилна.
2.4. Маягтын бүсийн тасалбарын бичилтийг гаргацтай, үгийг товчлохгүйгээр бичих ба тэмдэг дарна. Маягтын бүсийн тасалбарын бичлэгийг баллах, засварлахыг хориглоно.
 
2.5.  5-12 насны иргэнд хөнгөлттэй зорчих тасалбар олгоно.
 
          2.6. Буудлын  дотор болон гадна зорчигчдод зориулан галт тэрэг ирэх, явах цагийн хуваарь, зорчигч ба тээш, ачаан тээш тээвэрлэлтийн тариф, зорчих тасалбар, тээш олгох газрын ажиллах цагийн хуваарь, тасалбар худалдах ажилтны нэр, санал гомдлын дэвтэр, гэнэтийн ослын даатгалын хураамжийн үнэлгээ, үйлчилгээний газрууд (зоогийн газар, амрах байр, үсчин, зурагчин, шуудан холбоо, эмнэлгийн цэг ба эмийн сан, лавлах товчоо зэрэг)-ын бүдүүвч зургийг байрлуулсан байна.
 
2.7. Галт тэргээр зорчих тасалбар нь төмөр зам, зорчигч хоёрын хооронд  тээвэрлэлтийн гэрээ байгуулсныг нотлох бичиг баримт бөгөөд батлагдсан маягтын дагуу бичигдсэн байх ёстой.
 
2.8. 3орчих тасалбарыг бэлэн ба бэлэн бус тооцоо эсвэл тогтоосон журмын дагуу зээлээр олгож болно.
 
2.9. Зорчигчийн вагоны байрны тооноос илүү тасалбар худалдахыг хориглоно.
 
2.10. Хурал, зөвлөлгөөний төлөөлөгчид, тойрон аялагчид, жуулчид, жүжигчид, тамирчид, оюутан сурагчид зэрэг зохион байгуулалттай бүлгээр явах зорчигчдын урьдчилан өгсөн захиалгыг үндэслэн өртөө ба буудлын даргын зөвшөөрлөөр тасалбарыг хадгалж олгоно.
 
2.11. Нийтийн вагоны тасалбар худалдаж авсан зорчигч хүсвэл явах чиглэлийнхээ дагуу унтлагын байрны нэмэгдэл төлж, очих өртөө хүртлээ зорчиж болно. Харин нэмэгдлийг шилжин суух эхний өртөөнөөс авах ба шууд харилцааны вагонд бол уг вагон хүрэх өртөө хүртэл авна.
 
2.12. Зорчигч тасалбараа гээгдүүлвэл нөхөн олгохгүй ба төлбөрийг буцааж олгохгүй. Зорчих тасалбарт нэр нь бичигдсэн зорчигч уг тасалбараар үйлчлүүлнэ. Аялалын дундуур зорчих тасалбарыг дур мэдэн өөр зорчигчид шилжүүлэхийг хориглох ба хүчингүйд тооцно.
 
2.13. Тасалбар худалдах газар нь доорхи тохиолдолд зорчих тасалбар худалдахаас татгалзах эрхтэй:
      2.13.1. Галт тэргэнд чөлөөтэй байр байхгүй
            2.13.2. Асран хамгаалагч, харгалзан дэмжигчгүй хүнд өвчтэй зорчигч, согтууруулах ундаа хэрэглэсэн этгээд
            2.13.3. Ямар нэгэн албан ёсны биеийн байцаалтгүй
 
    
     3 дугаар зүйл. Зорчих тасалбарын хүчинтэй хугацаа
 
3.1. Зорчих тасалбарт тэмдэглэсэн хугацаанд, аялал эхлэх өртөөнөөс дуусах өртөө хүртэл тухайн галт тэрэг, вагонд хүчинтэй.
 
3.2. Өртөө, буудлын дарга буюу тасалбар худалдах газрын эрхлэгч тасалбарын хугацааг доорхи тохиолдолд сунгах эрхтэй. Үүнд:
3.2.1. шилжин суух галт тэргэнд чөлөөтэй байргүй бол дараагийн галт тэргэнд байр авах хүртэлх хугацаанд;
      3.2.2. зорчих ёстой галт тэрэг нь шилжин суух өртөөнд батлагдсан хуваариас хожимдож ирсэн бол аяллаа үргэлжлүүлэх хүртэлх хугацаанд;
      3.2.3. зорчигчид хүндэтгэн үзэх шалтгаан тохиолдсоныг тодорхойлсон бичиг баримтын дагуу;
3.2.4. галт тэргэнд (хот, дүүргийнхээс бусад) зорчих тасалбартай боловч эзлэх ёстой байрыг олгоогүй бол зохих байр олгох бололцоотой дараагийн галт тэргээр явах хүртэл;
3.2.5. зорчигч хоорондын өртөө, зөрлөгт түр буух бол 10-аас дээшгүй хоногоор сунгаж болох ба тасалбарт сунгасан тухай тэмдэглэл хийнэ. Бусад тохиолдолд зорчих тасалбарын хүчинтэй хугацааг сунгахгүй.
 

4 дугаар зүйл. Зорчих нөхцөл

 
4.1. 3орчигч тасалбар худалдах газартай өртөөнөөс зорчих тасалбар авч галт тэргэнд суух ба тасалбараа аялалын хугацаа дуустал өөртөө хадгалж, шалгагч (эрх бүхий албан тушаалтан)-ийн шаардлагаар үзүүлэх үүрэгтэй.
 
4.2. Зорчигчийг вагонд суулгахад нь вагоны үйлчлэгч зорчих тасалбарын хүчинтэй эсэх, биеийн байцаалтайгаа тохирч буй эсэх, тогтоосон хэмжээний гар тээштэй эсэх зэргийг шалгаж оруулна.
4.2.1. Зорчих тасалбаргүй болон тогтоосон овор, хэмжээнээс хэтэрсэн гар тээштэй зорчигчид үйлчлэхгүй.
4.2.2. Галт тэрэг 2 хүртэл минутын зогсолттой өртөө, зөрлөгт зорчигчийг галт тэрэгний аль ч вагонд оруулж болно.
4.2.3. Вагоны үйлчлэгч зорчигчид зорчих тасалбарт заасан вагондаа суухад нь зохих туслалцаа үзүүлнэ.
 
4.3. Тасалбар худалдах газар зорчих тасалбарт байр давхардуулан бичсэн байвал галт тэрэгний дарга, вагоны үйлчлэгч, тасалбар худалдах газар (буудал)-ын ажилтны оролцоотойгоор галт тэргэнд байр олж өгөх буюу буруу үйлдсэн тасалбарыг залруулах арга хэмжээ авна. Хэрэв зорчих тасалбар буруу олгосон нь аялалын явцад илэрвэл галт тэрэгний дарга, вагоны үйлчлэгч, явуулын нярав хамтран акт үйлдэн холбогдох арга хэмжээ авна.
 
4.4. Төмөр замын ажилтны буруугаас зорчигч тасалбарт зааснаас өөр чиглэлийн галт тэргэнд суусан эндүүрэл гарвал түүнд торгууль ноогдуулахгүй бөгөөд ойролцоох өртөөнд буулгаж үндсэн өртөө хүртэл үнэгүй зорчихыг зөвшөөрнө. Буруутай ажилтанд хариуцлага тооцно.
 
4.5. Зорчигч нь тасалбарт цоолборлон заасан хугацаанаас өмнө галт тэргэнд суусан тохиолдолд тасалбарыг хүчингүйд тооцож, уг зорчигч  дахин тасалбар худалдан авна.
 
4.6. 3орчигч нь зорчих тасалбарт заасан байрыг аялалын хугацаанд эзэмших эрхтэй.
 
4.7. Завсрын өртөөнд буух зорчигч уул вагонд цааш аяллаа үргэлжлүүлэхийг хүсвэл энэ тухайгаа вагоны үйлчлэгчид мэдэгдэх ба явуулын нярав сул байр байгаа эсэхийг тодруулсны дараа цааш зорчих хөлсийг нэмж авна.
 
4.8. Вагоны үйлчлэгч зорчигчдод галт тэрэг ямар өртөө, зөрлөгт хүрэлцэн ирж буйг урьдчилан мэдэгдэх үүрэгтэй.
Зорчигч буух буюу шилжин суух өртөөнд буухгүй өнгөрсөн тохиолдолд дахин  зорчих тасалбар авна.
Хэрэв зорчигч өөр чиглэлийн галт тэргээр зорчихоор болсон тохиолдолд өмнө худалдаж авсан тасалбараа эргүүлэн өгч, тарифын зөрүүг өгснөөр шинэ тасалбар авна.
 
4.9. Зорчигч галт тэрэгнээс хоцорвол энэ тухайгаа тасалбар худалдах газарт мэдэгдэж тэмдэглэл хийлгэнэ. Хүндэтгэх шалтгаанаар хоцорсон бол энэ дүрмийн 3.2-т  заасны дагуу сунгалт хийж, зорчигчийг дараагийн галт тэргэнд суулгана. Бусад тохиолдолд зорчих тасалбарыг энэ журамд заасны дагуу буцаалт хийж зохих хувийг суутгана.
4.10. Галт тэрэгнээс хоцорсон зорчигчийн гар тээш, тасалбар гэх мэт эд юмс нь уг галт тэргэнд явсан бол буудлын дарга эсвэл тасалбар худалдах газрын эрхлэгч зорчигчийн очих байсан өртөө рүү ярьж, түүний эд юмсыг авч үлдэхийг мэдэгдэнэ.  Галт тэрэгний дарга (вагоны үйлчлэгч) уг мэдээг хүлээн авмагц хоцорсон зорчигчийн эд юмсыг хамгаалах арга хэмжээ авч, хүссэн өртөөнд хїлээлгэн єгнє. Үйлчилгээний хөлсийг тарифын дагуу уул зорчигчоор төлүүлнэ.
 
4.11. Вагоны үйлчлэгч зорчигч галт тэрэгнээс хоцорсныг мэдвэл энэ тухай галт тэрэгний дарга, явуулын нярав нарт мэдэгдэж, уг зорчигчийн орхисон эд юмсыг акт үйлдэн хадгална.
 
4.12. Шууд харилцааны вагон бүхий галт тэрэг хуваарьт цагаас хоцорч, уг вагоныг залган аялалыг цааш үргэлжлүүлэх галт тэрэг явснаас хойш ирсэн бол буудлын дарга зорчигчдыг аль болохоор эхний ээлжинд явах арга хэмжээг авна. Зорчигч унтлагын байр худалдаж авсан бол зэрэглэл бууруулалгүй сольж өгнө.
 
4.13. Зорчигч зорчих галт тэрэгнээсээ өмнө явах болсон тохиолдолд өмнө нь худалдаж авсан тасалбараа тасалбар худалдах газарт буцааж, өөрийн явах галт тэргэнд дахин тасалбар худалдан авч зорчино.
 
5 дугаар зүйл. Зорчих тасалбарыг буруу ашиглах
 
5.1. Нийтийн вагоноор зорчих тасалбартай зорчигч унтлагын байрны нэмэгдлийн зөрүүг төлөхгүйгээр унтлагын байранд буюу дээд зэрэглэлийн вагонд суусан бол зорчигчийг тасалбарт заасан байрандаа суухыг шаардана. Хэрэв суусан вагонд нь чөлөөтэй байр байвал зохих нэмэгдлийг төлүүлснээр тухайн байранд зорчихыг зөвшөөрнө. Харин зорчигч тарифын зөрүүг төлөхөөс татгалзвал холбогдох хууль тогтоомжийн дагуу торгууль ногдуулж, тарифын зөрүүг төлүүлнэ.
 
5.2. 3орчигч нь өөр хүний нэр бүхий тасалбар, хугацаа дууссан эсвэл хуурамч тасалбараар зорчвол тасалбарыг хүчингүйд тооцож, холбогдох хууль тогтоомжийн дагуу торгууль ногдуулж, дахин тасалбар авахыг шаардах ба татгалзвал галт тэрэгнээс буулгана.
 
5.3. Зорчигч тасалбараа үрэгдүүлсэн тохиолдолд дахин тасалбар худалдан авах шаардлагатай.
 
6 дугаар зүйл. Зорчих тасалбар үйлдэх үед гарах зөрчлийг залруулах
 
6.1. Төмөр замын ажилтны буруугаас хүрэх өртөөний нэр тавигдаагүй, цоолбор хийгдээгүй зэрэг бүрэн бус тэмдэглэл хийгдсэн зорчих тасалбар илэрвэл хүчингүйд тооцон хураан авч, энэ тухай акт үйлдэн зорчигчид шинээр тасалбар олгох ажиллагааг дараахь журмаар гүйцэтгэнэ:
6.1.1. Тасалбарыг солих тухай актыг галт тэрэгний дарга, байцаагч үйлдэх ба харин галт тэрэг сэлгэн суух өртөөнд нэгэнт ирсэн, зорчигч аялалаа цааш үргэлжлүүлэх бол өртөө болон буудлын дарга акт үйлдэнэ.
6.1.2. Өртөөний тасалбар худалдах газар эсвэл явуулын нярав нь зохих зэрэглэлийн вагонд төлбөргүйгээр шинэ тасалбар олгох ба хүчингүй болгосон тасалбарыг актанд хавсаргана. Тасалбарын ар талд "хураасан тасалбарын оронд олгов" гэсэн тэмдэглэл хийнэ.
6.1.3. Хураагдсан тасалбарт "тээш" гэсэн тэмдэглэлтэй бол түүнийг шинээр үйлдсэн тасалбарт нөхөж бичнэ.
6.1.4. Шинээр олгосон тасалбар ба актанд тухайн зорчигчоор гарын үсэг зуруулна.
 
7 дугаар зүйл. Ашиглагдсан тасалбарыг буцаах
 
7.1. Вагоны үйлчлэгч зорчигч буух өртөөндөө хүрэлцэн ирэхийн өмнө тасалбар болон бусад тээврийн бичиг баримтыг эзэнд нь буцааж өгнө.
 
8 дугаар зүйл. Цагаан хэрэглэл олгох, бусад зүйлээр үйлчлэх
 
8.1. Унтлагын байр бүхий вагонд тасалбартай зорчигчийг цагаан хэрэглэлээр заавал хангана.
 
8.2. Зорчигч цагаан хэрэглэлийг аян замын туршид ашиглах ба галт тэрэгнээс буухаас 30 минутын өмнө вагоны үйлчлэгчид хураалгана.
 
8.3. Цагаан хэрэглэлийг үрэгдүүлсэн буюу цаашид ашиглах боломжгүй болгосон, хими цэвэрлэгээ шаардахуйц бохирдуулсан тохиолдолд зорчигчоос цагаан хэрэглэлийн  үнийг 2 дахин нэмэгдїїлж төлүүлнэ.
 
8.4. Вагоны үйлчлэгч нь зорчигчийн хүсэлтээр чихэртэй ба чихэргүй цай, кофе, цэвэр ус, буцалсан ус зэргээр тогтоосон тарифын дагуу үйлчилнэ.
 
     9 дугаар зүйл. Замд түр буудаллах, шилжин суух
 
9.1. Зорчигчийн хүсэлтээр зорчих тасалбарын хүчинтэй хугацааг 10-аас дээшгүй  хоногоор сунгаж болно. Энэ тохиолдолд зорчигч галт тэрэг ирснээс хойш 30 минутын дотор тус өртөөний тасалбар худалдах газарт очиж зорчих тасалбартаа тэмдэглэл хийлгэж, буудлын даргаар сунгуулна. Зорчигч дээрх хугацааны дотор аялалаа үргэлжлүүлж болох ба энэ тохиолдолд зорчих тасалбараа ердийн журмаар тэмдэглүүлж байр авна.
 
9.2. Зорчигч хүсвэл аялалын явцад доод зэрэглэлийн вагонд шилжин сууж болох бөгөөд анх төлсөн тээврийн хөлсний зөрүүг буцааж олгохгүй.
 
9.3. Төмөр замын байгууллагын буруугаас зорчигчийг дээд зэрэглэлийн вагон буюу галт  тэргэнд шилжүүлэн суулгах шаардлага гарсан тохиолдолд галт тэрэгний дарга ба өртөө, буудлын дарга акт үйлдэж, уг ажлыг зохион байгуулна.
 
9.4. Энэ дүрмийн 9.3 дугаар зүйлд дурдсан тохиолдолд дээд зэрэглэлийн вагонд шилжүүлэн суулгасан нэмэгдлийг зорчигчоос хураахгүй, харин доод зэрэглэлийн вагонд шилжүүлэн суулгасан бол зорчих тасалбарын үнийн зөрүүг зорчигчид буцааж олгоно. Гэхдээ галт тэргэнд зорчигчийн зорчих тасалбарт тохирсон сул байр гармагц уг зорчигчийг тухайн байранд шилжүүлэн суулгана. Хэрэв зорчигч түүнээс татгалзсан тохиолдолд зорчих тасалбарт нь тохирсон байр эзлэхийг мэдэгдсэн өртөө хүртэл дээд зэрэглэлийн вагонд суулгасан зорчих тасалбарын үнийн зөрүүг төлөхгүй буюу мэдэгдэл өгсөн өртөөнөөс эхлэн дээд зэрэглэлийн вагоноор зорчсоны нэмэгдлийг зорчигчоор төлүүлнэ.
 
9.5. Салгагдсан вагонд зорчигч цагаан хэрэглэлийн үнэ төлсөн байвал уг вагоны үйлчлэгч акт үйлдэж /галт тэрэгний дарга/ гарын үсэг зурж буудлын тэмдэг дараад нэг хувийг зорчигчид өгөх бөгөөд энэ актыг үндэслэн дараагийн вагонд цагаан хэрэглэлийг үнэгүйгээр олгоно.
 
9.6. Салгагдсан вагоноос өөр вагонд зорчигчдыг шилжүүлэн суулгахад төмөр замын ажилтан шаардагдах туслалцаа үзүүлэх ба галт тэрэгний дарга нар зорчигчдын аюулгүй байдлыг хангах урьдчилсан арга хэмжээг авсан байвал зохино.
 
        10 дугаар зүйл. Тээвэрлэхээс татгалзах
 
10.1. Төмөр замын байгууллага дараахь тохиолдолд зорчигчийг цааш тээвэрлэхээс татгалзах, зорчигчийг галт тэрэгнээс буулгах эрхтэй:
   10.1.1. Зорчигч аялалын журам зөрчих буюу вагонд зорчигчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан тохиолдолд цагдаагийн ажилтны оролцоотойгоор 
   10.1.2. Бусад зорчигчдын амгалан тайван байдлыг алдагдуулах, гэм хор учруулахуйц зорчигч /сэтгэцийн хүнд өвчтэй зэрэг/ байвал түүнд тусгайлан байр гаргаж өгөх буюу тийм бололцоогүй нөхцөлд зорчигчийг эмнэлэгийн байгууллага бүхий өртөөнд галт тэрэгнээс буулгана.
Дээрх шалтгаанаар зорчигчийг галт тэрэгнээс буулгасан тохиолдолд өртөөний жижүүр, галт тэрэгний дарга нар холбогдох хүмүүсийг байлцуулан акт үйлдэнэ.
 
10.2. Энэ дүрмийн 10.1.2-д дурдсан шалтгаанаар галт тэрэгнээс буусан зорчигчийн хүсэлтээр зорчоогүй зайн зорчих тасалбарын үнийн зөрүүг буцааж олгох буюу зорчих тасалбарын хүчинтэй хугацааг сунгах асуудлыг зорчигч буусан өртөө, буудлын  дарга шийдвэрлэнэ.
 
10.3. Хэрэв буусан зорчигч өөрийнхөө тээшийг зорчих тасалбарт заасан өртөө хүртэл илгээхийг зөвшөөрөөгүй тохиолдолд тээшийн тасалбарыг үндэслэн уг зорчигчийн буусан өртөөнд тээшийг олох ба бололцоогүй бол уг тээшийг очих өртөө хүртэл илгээнэ.
 
III БҮЛЭГ
 
Гар тээш тээвэрлэх нөхцөл
 
11 дугаар зүйл. Гар тээш тээвэрлэх
 
11.1. Гар тээш нь сав, баглаа, боодлын байдлаас үл хамааран хэмжээгээрээ вагоны гар тээшний байранд хялбар багтах, бусад зорчигчдод саад болохооргүй байх ёстой.
 
11.2. Зорчигч нь зорчих тасалбараар 25 кг-аас илүүгүй жинтэй, 40х60х80см-ээс хэтрэхгүй хэмжээтэй нэг гар тээшийг үнэ төлбөргүй авч явах эрхтэй. 
 
11.3. Гар тээшинд зорчигчийн аялалын туршид хэрэглэх хүнсний болон хувийн хэрэгцээний эд зүйлс, ариун цэврийн хэрэглэл, ахуйн зориулалттай бараа орно.
 
11.4. Хорио цээр тогтоосон бүс нутгаас гар тээш тээвэрлэхийг хорио цээрийн албаны зөвшөөрлийн үндсэн дээр гүйцэтгэнэ.
 
11.5. Гар тээшийн бүрэн бүтэн байдлыг зорчигч өөрөө хариуцах үүрэгтэй.
 
11.6. Вагон болон зорчигчийн эд юмсыг гэмтээх, бохирдуулах, эвгүй үнэртэй, хортой ачаа, галт зэвсэг, галын аюултай, түргэн ба өөрөө шатах, тэсрэх, дэлбэрэх, цацраг идэвхит, идэмхий болон хордуулах бодис зэрэг хууль тогтоомжоор тээвэрлэхийг хориглосон зүйлс, мөн түүнчлэн түүхий мах гэх мэт түргэн муудах эд юмсыг гар тээшинд авч явахыг хориглоно.
 
11.7. Вагоны гар тээшний байранд багтахгүй том хэмжээний радио, телевизор, компьютер, дуу ба дүрс бичигч зэрэг эмзэг ачааг гар тээшинд хамааруулан зорчих тасалбараар үнэ төлбөргүй галт тэргэнд авч явахыг зөвшөөрнө.
 
11.8. Мал эмнэлгийн дүрмээр хориглоогүй бол 2 хүртэл тооны гэрийн тэжээвэр амьтан (нохой, шувуу, муур, туулай, зараа зэрэг)-г зорчигчийн галт тэргэнд зохих хөлс, тээврийн бичиг баримтыг бүрдүүлэн тасалгаат вагонд авч явахыг зөвшөөрнө. Харин амьтан, шувууг хүүхэд зорчиж буй вагонд тээвэрлэж болохгүй.
 
11.9. Нохойг хушуувч, оосортойгоор бусдын аюулгүй байдлыг хангаж тээвэрлэнэ. Бусад тэжээвэр амьтан ба шувууг хайрцаг, тор зэрэг зориулалтын саванд тээвэрлэнэ.
 
11.10. Тэжээвэр амьтан, шувууг зорчигчийн ба тээшийн вагонд авч явахад  тээшийн тасалбар үйлдүүлж, нүүрэн талд нь "зорчигч гартаа авч явах тээш" гэсэн тэмдэглэгээ хийлгэж тээшийн тарифаар хөлсийг төлнө.
 
11.11. Тэжээвэр амьтан, шувууг тээшийн дагалдах бичиггүй, төлбөр хийгээгүйгээр галт тэргэнд авч орохыг хориглоно. Хэрэв орсон бол тээврийн хөлсийг нөхөн төлүүлэх бөгөөд татгалзсан тохиолдолд галт тэрэгнээс буулгах арга хэмжээ авч акт үйлдэнэ.
 
12 дугаар зүйл. Гар тээш буруу тээвэрлэх
 
12.1. Зорчигч тогтоосон хэмжээнээс их овор, хэмжээтэй гар тээш тээвэрлэвэл суусан өртөөнөөс очих өртөө хүртэл тээврийн хөлсийг тээшийн тарифын дагуу төлүүлнэ. Зорчигч төлбөрөөс татгалзвал түүнийг дараачийн өртөөнд галт тэрэгнээс буулгана. Зорчигч галт тэргэнд тээвэрлэхийг хориглосон гар тээш авч явбал түүнийг тээштэй нь хамт галт тэрэгнээс буулгана.
 
13 дугаар зүйл. Гар тээш хадгалах ажиллагаа, нөхцөл
 
13.1. Гар тээш хадгалах байр өртөө, буудалд байна. Энэ байранд зорчих тасалбарыг үл харгалзан овор хэмжээ багатай гар тээшийг хүлээн авна. Гар тээш хадгалах байрын ажиллах цагийн хуваарийг зорчигчдод үзэгдэхүйц газар байрлуулна.
 
13.2. Гар тээш хадгалах байранд 50 кг-аас дээшгүй жинтэй, сав, баглаа, боодолтой тээшийг байр тус бүрээр нь хүлээн авч хадгална. Харин энэ дүрмийн 11.6; 11,8-д заасан тээш болон амьтан, жигүүртэн хүлээн авахгүй. Гар тээш хадгалах байранд зорчигчийн хадгалуулахаар өгсөн тээшин дэх түргэн муудах, гэмтэх эд юмсыг төмөр замын байгууллага хариуцахгүй.
 
13.3. Хадгалах байранд гар тээш хүлээн авахдаа сав, баглаа, боодлын бүрэн бүтэн байдлыг шалгах ба тасалбарын үлдэх хувь дээр ачааны эзнээр нотолгоо болгон гарын үсэг зуруулна.
 
14 дүгээр зүйл. Үнэ зарлах
 
14.1. Хадгалуулахаар өгөх гар тээш тус бүрт эсвэл нийтэд нь үнэ зарлаж болно. Тээшийн үнэ эргэлзээтэй байвал уул ачааны баглаа, боодлыг задлахыг эзнээс нь шаардана. Хэрэв эзэн нь задлаж үзүүлэхийг эс зөвшөөрвөл уул гар тээшийг хадгалахаар хүлээж авахгүй. Ачааны эзэн тогтоосон тарифын дагуу зарласан үнэд зохих хөлсийг төлнө
 
15 дугаар зүйл. Хадгалалтын хөлс төлөх
 
15.1. Хадгалахаар хүлээн авах гар тээш тус бүрийн зарласан үнийн дүн, хүлээн авсан огноо, цаг минут, тоо ширхэг болон гар тээшийн эзний биеийн байцаалтын тухай тэмдэглэл бүхий дагалдах бичгийг олгоно.
 
15.2. Гар тээшийн эзэн тээш хадгалуулсны хөлсийг тогтоосон тарифын дагуу төлнө. Хадгалуулсан гар тээшийг олгохдоо гар тээшийн эзний биеийн байцаалт болон дагалдах бичгийг шалгаж олгох ба дагалдах бичгийг хурааж авна.
 
16 дугаар зүйл.  Гар тээш хадгалах автомат хайрцгийг ашиглах
 
16.1. Гар тээш хадгалах автомат хайрцгуудыг буудал дотор, зорчигчдод үйлчлэх үйлчилгээний шаардлага хангасан, гэрэлтүүлэг сайтай газар байрлуулсан байна.
 
16.2. Хадгалах автомат хайрцаг тус бүрийг дэс дараалан дугаарласан байна. Автомат хадгалах хайрцгийн ашиглах журмыг тод тодорхой бичиж, зорчигчдод үзэгдэхүйц газар байрлуулна.
 
16.3  Зорчигч тээшээ автомат хадгалах хайрцагт нууц дугаараар хадгалах ба нууц дугаарын хадгалалт, ашиглалтыг зөвхөн зорчигч өөрөө хариуцна.
 
16.4. Хадгалах автомат хайрцагны ашиглалтад буудлын ажилтан хяналт тавина.
 
16.5. Төмөр замын байгууллага тус бүр өөрийн ашиглаж байгаа хадгалах автомат хайрцагны ашиглах журмыг тогтооно.
 
17 дугаар зүйл. Үрэгдсэн гар тээш болон дагалдах бичгийг шийдвэрлэх
 
17.1. Хадгалуулахаар өгсөн гар тээш үрэгдвэл өртөө ба буудлын дарга ерөнхий маягтын дагуу акт үйлдэж, тасалбар үзүүлэгчид зарласан үнийн хэмжээгээр хохирлыг барагдуулна. Гар тээшинд үнэ зарлагдаагүй тохиолдолд хуулийн байгууллагаар шийдвэрлүүлнэ.
 
17.2. Алга болсонд тооцоогдсон гар тээш олдвол өмнө нь эзэнд нь төлсөн төлбөрөө эргүүлэн авч, гар тээшийг олгоно.
 
17.3. Хадгалуулсан гар тээшийн дагалдах бичгийг зорчигч үрэгдүүлсэн тохиолдолд гар тээшийн эзэн нь мөн болохоо нотолбол олгож болно.
 
18 дугаар зүйл. Нэхэмжлээгүй гар тээшийг борлуулах
 
18.1. Гар тээшийг 5 хүртэлх хоногийн хугацаатайгаар хадгалах байранд хүлээн авна. Гар тээшээ 30 хоногийн дотор авахгүй бол төмөр замын байгууллага, холбогдох мэрэгжлийн байгууллагатай хамтран комиссыг томилж, уг гар тээшийг борлуулах арга хэмжээг зохион байгуулна.
 
IY БҮЛЭГ
 
Тээш хүлээн авах ба тээвэрлэх нөхцөл
 
19 дүгээр зүйл. Тээш хүлээн авах, тээвэрлэх
 
            19.1. Тээш гэж зорчигч зорчих тасалбараа үзүүлж, аялах галт тэрэгнийхээ тээшний вагонд тээвэрлүүлэхээр хүлээлгэн өгсөн, энэ дүрмийн 19.5-д заасан нөхцөлийг хангасан эд юмсыг хэлнэ.
 
19.2. Зорчигчийн галт тэрэгний зогсолттой, тээш тээвэрлэлтэнд нээлттэй бүх өртөө, зөрлөгт тээш хүлээн авах, тээвэрлэх, олгох ажиллагаа явагдана.
 
19.3. Зорчигчоос хүлээн авах тээш нь тээшийн вагоны хаалгаар чөлөөтэй багтах, ачих, буулгах, зөөвөрлөхөд хялбар бариултай, сав, баглаа, боодол нь тээвэрлэлтийн явцад тээшийн бүрэн бүтэн байдлыг найдвартай хангахаар зохих дүрэм, зааврын дагуу бэлтгэгдсэн байвал зохино.
Задарч эвдрэхээргүй унадаг дугуй, мотоцикл, хүүхдийн тэрэг, тахир дутуу хүний тэргэнцэр зэргийг ороолт, боодолгүйгээр тээвэрлэлтэнд хүлээн авч болно.
 
19.4. Тээшийн сав, баглаа, боодол нь бат бэх, цоож нь гэмтэлгүй байх шаардлага хангасан байна.
 
19.5. Нэг байр эзлэх тээш нь 75 кг-аас ихгүй байх ба нэг зорчих тасалбараар тээвэрлүүлэх тээшний нийт хэмжээ 200 кг-аас их байж болохгүй.
 
19.6. Бүрэн бүтэн бус сав, баглаа, боодолтой тээшийг тээвэрлэлтэд хүлээж авахгүй. Бусад тээшинд гэм хор учруулах, бохирдуулах, эвгүй үнэртэй ачаа, галт зэвсэг, галын аюултай, түргэн ба өөрөө шатах, тэсрэх, дэлбэрэх, цацраг идэвхит, идэмхий болон хордуулах бодис зэрэг хууль тогтоомжоор тээвэрлэхийг хориглосон зүйлс, мөн түүнчлэн хорио цээрийн голомтод байсан тэжээвэр амьтанг тээвэрлэхээр хүлээж авахыг хориглоно.
 
19.7. Зорчигчийн зорчих тасалбарт заасан өртөө хүртэл тээшийг тээвэрлэх бөгөөд хүлээн авах цэгийн байрлалаас хамаарч галт тэрэг хөдлөхөөс нэг цагаас доошгүй хугацааны өмнө тээшийг тээвэрлэлтэнд хүлээн авна.
 
19.8. Тээвэрлэсэн тээшний сав, баглаа, боодлын илэрхий дутагдлын талаархи шаардлагыг хүлээн авсан өдөр, харин далд дутагдалтай холбоотой шаардлагыг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор бичгээр гаргаагүй бол хариуцлагыг төмөр замын байгууллага хүлээхгүй. Харин хагарч эвдрэх ачааны тэмдэг наасан тээшийг анхаарал болгоомжтой тээвэрлэх үүргийг төмөр замын байгууллага хариуцна.
 
19.9. Өртөөний тээш хүлээн авах, олгох газрын ажиллах цагийн хуваарь  зорчигчдод үйлчлэх бүх боломжийг хангасан байна.
 
19.10. Тээшийг тухайн зорчигчийн аялах галт тэргээр илгээх ба боломжгүй тохиолдолд дараагийн галт тэргээр эхний ээлжинд явуулна.
 
20 дугаар зүйл. Тээшийг хүлээн авах, тэмдэглэл хийх, тээвэрлэлтэнд
       бэлтгэх
 
20.1. Зорчигчийн тээвэрлүүлэх тээш тус бүр дээр 3х15 см-ийн хэмжээтэй цаас, картон ба даавуун наадас буюу зүүлтийг тодоор бичиж хадах үүргийг тээшийн газрын ажилтан гүйцэтгэж, зохих хөлсийг тээш илгээгчээс авна.
Наадас буюу зүүлт дээр бичигдэх зүйл:
-         Тээшийн эзний овог нэр, хаяг
-         Явуулах өртөөний нэр
-         Хүрэх өртөөний нэр
-         Тээшийн тасалбарын дугаар
-         Тээшийн жин
-         Байрын тоо
-         Тээшийн нэр
-         Илгээсэн огноо
 
20.2 Тээшийг тээвэрлэлтэнд хүлээн авч, дагалдах бичгийг үйлдэж, тээшийн тасалбарыг зорчигчид олгох ба зорчигчийн зорчих тасалбарт "тээш" гэсэн тэмдэг дарна.
 
20.3. Тээш хүлээлцэгч ороож боох боломжгүй унадаг дугуй, тэргэнцэр зэргийг тээшинд хүлээж авахдаа тээшийн замын хүснэгтэнд тухайн эд зүйлийн серийн дугаар болон хонх, гэрэл гэх мэт эд анги нь бүрэн бүтэн эсэхийг заавал тэмдэглэж бичнэ.
 
21 дүгээр зүйл. Үнэ зарлах
 
21.1. Зорчигч тээшээ тээвэрлэлтэнд хүлээлгэн өгөхдөө түүнд заавал үнэ зарлах ба зохих хөлсийг тарифын дагуу төлнө. Хэрэв хэд хэдэн тээш өгсөн бол тээш тус бүрд эсвэл нийтэд нь үнэ зарлаж болно. Тээшийн эзний хэлсэн үнийн дүнг тээшийн тасалбарт тоо ба үсгээр бичнэ. Харин тээш тус бүрийн жин ба үнийг тоогоор бичнэ.
 
21.2. Төмөр замын ажилтан уул зарласан үнийн зөв эсэхэд эргэлзвэл тээшийг задлахыг шаардаж болох ба энэ талаар маргаан гарах тохиолдолд өртөөний буюу буудлын дарга асуудлыг шийдвэрлэнэ. Хэрэв зорчигч нь тээшээ задлаж үзүүлэхгүй эсвэл өртөө (буудал)-ний даргын шийдвэрийг эс зөвшөөрвөл уг тээшийг хүлээн авахаас  татгалзана.
 
22 дугаар зүйл. Гэрийн тэжээвэр амьтан, шувууг тээшээр тээвэрлэх
 
22.1. Гэрийн тэжээвэр амьтан, шувууг замдаа шилжүүлэн ачилтгүй шууд явах галт тэргэнд тээшээр тээвэрлэхээр хүлээн авна.
 
22.2. Гэрийн тэжээвэр амьтан, шувууг бусад тээш болон вагоныг гэмтээхгүй, бохирдуулахгүй байх боломжоор хангасан контейнер, сагс, тор, саванд тээвэрлэнэ. Энэ тор, сав нь тээвэрлэх амьтадын тоо, хэмжээнд тохирсон байх шаардлагатай бөгөөд хэт овортой байж болохгүй. Нэг байрны хэмжээ нь 50 кг-аас хэтэрч болохгүй. Гэрийн тэжээвэр амьтан, шувууг галт тэрэг хөдлөхөөс нэг цагийн өмнө тээвэрлэлтэнд хүлээн авна. Мал адгуус болон зэрлэг амьтдыг тээшээр тээвэрлэхгүй. Мал адгуусыг тээшийн вагонд тээвэрлэх тохиолдолд тусгайлсан гэрээний үндсэн дээр тээвэрлэж болно.
 
22.3. Төмөр замын байгууллагын буруугаар ташаа илгээснээс бусад тохиолдолд гэрийн тэжээвэр амьтан, шувууг хооллох арчлах ажлыг эзэн нь хариуцна.
 
22.4. Гэрийн тэжээвэр амьтан, шувууг тээшээр тээвэрлэж буй галт тэрэг хүргэх ёстой өртөөнд ирмэгц тээш хүлээн авагч нь заавал хүлээн авна. Хэрэв аваагүй тохиолдолд уул амьтан, шувууг холбогдох байгууллагад актаар хүлээлгэн өгнө.
22.5. Дагалдах бичгээ үрэгдүүлсэн тохиолдолд тээш хүлээн авагч мөн болохыг нотлох бичиг баримт (иргэний үнэмлэх, магадлагаа зэрэг)-ыг үндэслэн түүний тодорхой хаяг, утасны дугаар тэмдэглэн авч, гарын үсэг зуруулж тээшийг олгоно.
 
22.6. 5-аас дээшгүй гэрийн тэжээвэр амьтан, шувууг мал эмнэлгийн магадлагаатай бол нэг илгээлтээр тээвэрлэж болно.
 
23 дугаар зүйл. Ургамал, суулгац тээвэрлэх
 
23.1. Бусад тээшийг бохирдуулахааргүй, сав, баглаа, боодол нь тэдгээрийн бүрэн бүтэн байдлыг хангасан, хорио цээрийн бичигтэй бут, суулгац болон бусад ургамлыг тээшээр тээвэрлэж болно. Тээшийг тээвэрлэлтэнд тухайн галт тэрэг хөдлөхөөс 2 цагийн өмнө хүлээн авна. Тээш тус бүрийн хүндийн жин 50 кг, өндөр нь 2 м-ээс хэтэрч болохгүй. Хорио цээр тогтоосон нутаг дэвсгэрээс тээвэрлэх ургамал, суулгацыг зохих журмын дагуу хорио цээрийн албаны зөвшөөрлийг үндэслэн хүлээн авч тээвэрлэнэ.

  24 дүгээр зүйл. Тээш илгээх

 

24.1. Зорчигч тээшээ өөр галт тэргээр илгээх тухай захиалга өгөөгүй бол уг зорчигчийн аялах галт тэргээр тээшийг явуулах ёстой ба тээвэрлэх боломжгүй бол дараагийн эхний галт тэргээр явуулна.

 

24.2. Тээшийг шилжүүлэн ачих нөхцөлөөр тээвэрлэлтэнд хүлээн авах үед тээш илгээгч шилжүүлэн ачилтын үйлчилгээний хөлсийг хариуцах ба төмөр замын байгууллага зорчигчийн оролцоогүйгээр ачих, буулгах ажлыг гүйцэтгэнэ.

 

24.3. Хууль, хяналтын байгууллагын шийдвэрээр тээшийг хүргэх өртөөнөөс өөр өртөөнд саатуулагдахаар бол өртөө буюу буудлын дарга, цагдаагийн ажилтан хамтран акт үйлдэн гарын үсэг зурж, энэ тухай тээш хүрэх өртөөнд мэдэгдэнэ.

 
25 дугаар зүйл. Аялалын замд тээш олгох
 
25.1. Зорчигч аялалын замдаа тээшээ авахыг хүсвэл галт тэрэгний даргаар дамжуулан эсвэл өөрийн биеэр тээш, түгээгчид урьдчилан мэдэгдэх ёстой. Тээшийн вагон дахь ачааны байрлал болон өртөөн дээр галт тэрэг зогсох хугацаанд тээшийг олгох боломжтой бол түүнийг олгоод тээшийн дагалдах бичгийг зорчигчоос хурааж авна. Уг дагалдах бичгийг замын хүснэгтийн хамт тээш түгээлтийн ээлжит тайланд хавсарган төмөр замын байгуулагын санхүүд явуулахаар тээш олгосон өртөөний буюу буудлын даргад хүлээлгэн өгнө. Харин тээш тээвэрлэгдээгүй зайн хөлсийг буцааж олгохгүй.
 
26 дугаар зүйл. Тээврийн хөлс төлөх
 
         26.1. Тээш тээвэрлэх хөлсийг түүний дагалдах бичгийг үйлдэх үед хураана. Тээшийн хүндийн жин дагалдах бичигт зааснаас илүү байвал аялалын замд буюу очсон өртөөнд ерөнхий маягтын акт үйлдэн тээврийн хөлсний зөрүүг зорчигчоос шаардаж авна.
 
27 дугаар зүйл. Хаягласан өртөөнд тээшийг хүлээн авах ба олгох
 
27.1. Өртөөнд ирсэн тээшийг олгохдоо тээшийн дагалдах бичгийг төмөр замын хүснэгттэй тулган тохирсон тохиолдолд хүлээн авагчид олгоно. Тээшийн хүснэгтийг тээшийн тайланд хавсарган төмөр замын харъяа холбогдох байгууллагын санхүүд  явуулна.
 
27.2. Тээш тээвэрлэлтийн үйл ажиллагаанд нээлттэй өртөөнд тээш хүлээлцэгчид тээшийг хүлээн авах ба хүлээлгэн өгөх бөгөөд хаалттай өртөөнд тээш түгээгч нь вагоноос шууд олгоно.
 
27.3. Тээш нь хүрэх өртөөнд ирээгүй тохиолдолд зорчигчийн тээшийн дагалдах бичгийн ар талд "тээш ирээгүй" гэсэн тэмдэглэл хийж он, сар, өдрийг бичиж өртөөний буюу буудлын тэмдэг дарна. Тээш ирсэн тухайд уг зорчигчид мэдэгдэх хаяг, утасны дугаар болон мэдэгдэх арга байдлыг тодруулж авна.
 
27.4. Тээш хүргэх хугацааг эзэн нь зорчиж буй тээшийн вагон бүхий галт тэрэгний эсвэл зорчигчийн хүссэн ёсоор тээшийг илгээсэн галт тэрэгний замд явах хугацаагаар тус тус тодорхойлно. Тээшийг шилжүүлэн ачилт бүхий чиглэлээр явуулсан тохиолдолд түүнийг хүргэх хугацааг тээшийн вагон буюу зорчигчийн галт тэрэгний цагийн хуваарьт заасан хугацаан дээр шилжүүлэн ачилт бүрт тус бүр нэг хоног нэмж тодорхойлоно.
 
27.5. Тээш ирсэн тухай мэдэгдлийг тээш хүлээн авагчид тухайн өдөр нь хаягийн дагуу утсаар мэдэгдэнэ. Мэдэгдлийн үйлчилгээний хөлсийг хүлээн авагч төлнө.

  28 дугаар зүйл. Тээшийн гэмтэл

 
28.1. Хүлээн авагч тээшийн тоо ширхэг, жин дутсан эсвэл сав, баглаа, боодол нь эвдэрсэн байхад хүлээн авахыг зөвшөөрвөл тээшийг олгож, дагалдах бичгийг тээшийн пүүлэгчид өгөх ба замын хүснэгтийн ард "өөрөө авахыг хүсэв" гэж тэмдэглэл хийж хүлээн авагчаар гарын үсэг зуруулна. Бусад тохиолдолд дутагдал, эвдрэлийн тухай түүний овог нэр, хаяг, үнэ зарласан байвал үнийн дүн зэргийг тусгасан ерөнхий маягтын дагуу акт тогтоох ба тээврийн акт үйлдэн хуулбарыг түүнд өгнө.
 
28.2. Хэрэв тээшийн дутагдал төмөр замын байгууллагын буруугаас болсон бол хохирлыг тээш тус бүрийн зарласан үнийн дагуу, хэрэв зарласан нэг үнэтэй байвал дутсан тээшийн жинтэй шууд (пропорциональ) хамаарлаар, хэрэв зорчигч тээшиндээ үнэ зарлаагүй бол дутагдсан хүндийн хэмжээгээр хохирлыг 1,0 кг тутмыг 2,0 швейцарь франкаар тооцож тухайн өдрийн Монгол банкны тогтоосон тооцооны ханшаар төгрөгт шилжүүлэн бодож төмөр замын байгууллага нөхөн төлнө.
 
28.3. Хэрэв тээш алга болсонд тооцогдож, эзэнд нь нөхөн төлбөр төлсний дараа уул тээш чанар, хэмжээ алдагдаагүй олдвол нөхөн төлбөр, үйлчилгээний хөлсийг суутгаж, тээшийг эзэнд нь хүлээлгэн өгнө.
29 дүгээр зүйл. Тээш болон тээшийн тасалбарыг үрэгдүүлэх
 
29.1. Зорчигч тээш хүргэх хугацаа (энэ дүрмийн 27.4-д тодорхойлсон) өнгөрснөөс хойш 21 хоногийн дотор уул өртөөнд тээш ирээгүй бол (эрх бүхий байгууллагын шийдвэрээр тээшийг саатуулснаас бусад тохиолдолд) хохиролоо нөхөн төлүүлөх шаардлагаа бичгээр гаргах эрхтэй. Хохирлыг энэхүү дүрмийн 28.2-т заасны дагуу эзэнд нь төлж холбогдох бичиг баримтыг бүрдүүлнэ.
 
29.2. Зорчигч тээшийн дагалдах бичгээ үрэгдүүлсэн тохиолдолд түүний бичгэн мэдүүлэг болон бусад холбогдох бичиг баримтыг үндэслэн уул тээш тухайн зорчигчийнх мөн болохыг нотлох баталгааг гаргуулж тээшийг олгож болно. Өртөө, буудлын холбогдох ажилтан нь дагалдах бичиггүйгээр тээш олгосон шалтгааны талаар тээшийн замын хүснэгтэд тэмдэглэл хийж үлдээнэ.
 
30 дугаар зүйл. Тээшийг дахин илгээх
 
30.1. Тээш нь тээшийн замын хүснэгтээс салж тээвэрлэгдсэн, тээврийн бичиг баримтанд заагдсанаас өөр өртөөнд хүргэгдсэн ба тээш нь зорчигчийн хамт хүрэх өртөөнд ирээгүй, түүний хүрэх хугацаа өнгөрсөн тохиолдолд уг зөрчлийг илрүүлсэн өртөө нь энэ тухай бүх өртөөнд болон Зорчигч тээврийн асуудал эрхэлсэн төмөр замын байгууллагад мэдэгдэнэ. Зорчигч тээврийн асуудал эрхэлсэн төмөр замын байгуулага эрэл хийх ба тээш олдсон тохиолдолд тухайн өртөөнд дахин илгээлт хийх шийдвэр гаргана. Шийдвэр авсан өртөө ба буудлын дарга тээшийн дагалдах бичиг болон замын хүснэгтийн ар талд "тээш зохих хугацаандаа ирээгүй учир тээшийг дахин илгээх тухай мэдэгдлийг хүлээн авлаа" гэсэн тэмдэглэл хийж он, сар, өдөртэй тэмдэг дарна. 
 
30.2. Дахин илгээсэн тээш өртөөнд ирмэгц өртөө ба буудлын даргын нэрийн өмнөөс тээшийн хүлээн авагчийн нэр дээр бичиг баримт (ачаа тээшээр) үйлдэж илгээнэ. Тээшийн шинэчилсэн замын хүснэгтэд түүний анхны илгээлтийн дугаарыг заана.
Дахин илгээсэн тээшийг замын шинэчилсэн хүснэгтээр явуулж, харин тээшийн дагалдах бичиг, дахин илгээх тухай мэдэгдэл зэргийг дагалдах бичгийн үлдэх хувьтай хавсарган тайлангийн хамт төмөр замын байгууллагын санхүүд явуулна.
 
30.3. Тээш ирсэн ба түүнийг дахин илгээсэн тухай анх хүргэх ёстой байсан өртөө, дахин илгээсэн цаг, нөхөн хүргэх дагалдах бичгийн дугаар зэргийг заасан бичгээр тээш хүлээн авагчид мэдэгдэнэ. Шинээр хүргэсэн өртөө нь уг тээшийг үнэгүйгээр олгох ба анх илгээсэн тээшийн дагалдах бичгийг тээш хүлээн авагчаас хурааж авна. Дээрхээс бусад тохиолдолд тээшийг дахин илгээж болохгүй.

  31 дүгээр бүлэг. Тээшийг хадгалах

 
31.1. Өртөөнд ирүүлсэн тээшийг ирсэн өдрөөс эхлэн тээш хүлээн авагчид олгох хүртэлх хугацаанд хадгалсны хөлсийг төмөр замын байгууллагын даргын баталсан үнэлгээний дагуу зорчигчоос авна.

  32 дугаар бүлэг. Нэхэмжлээгүй тээшийг борлуулах

32.1. Зорчигч, байгууллага, аж ахуйн нэгж тээшээ 30 хонгийн дотор авахгүй бол төмөр замын байгууллага холбогдох мэргэжлийн байгууллагаас оролцуулсан комиссыг томилж, уг комисс тээшийг борлуулах арга хэмжээг авна. Тээшийг худалдан борлуулснаас хойш 6 сарын дотор тээш хүлээн авагч илэрч нэхэмжилвэл борлуулалтын орлогоос төмөр замын байгууллагын ажил, үйлчилгээний хөлсийг суутгаад үлдэх хэсгийг нэхэмжлэгчид тээшийн дагалдах бичгийг үндэслэн олгоно.

Y БҮЛЭГ

 
Ачаан тээш хүлээн авах ба тээвэрлэх нөхцөл
 
33 дугаар бүлэг. Ачаан тээш хүлээн авах, тээвэрлэх 
 
33.1. Ачаан тээш гэж илгээгчээс зорчих тасалбар шаардалгүйгээр захиалгын маягтыг бөглүүлж, хүлээн авсан энэ дүрмийн 33.4-д заасан нөхцөлийг хангасан эд юмсыг хэлнэ.
 
33.2. Ачаан тээшийн сав, баглаа, боодол нь тэдгээрийн бүрэн бүтэн байдал, тээвэрлэлтийн нөхцөлийг  хангасан байна.
 
33.3. Ачаан тээш тээвэрлэхэд нээлттэй өртөөдөд ачаан тээш хүлээн авах, явуулах, олгох үйл ажиллагаа хийгдэнэ.
 
33.4. Нэг ачаан тээшийн хүндийн жин нь 10 кг-аас бага, 100 кг-аас их байж болохгүй. Гурван хэмжээсийн нийлбэр нь 500 см-ээс ихгүй, ачааг ачаан тээш тээвэрлэлтийн тарифаар тооцно.
 
33.5. Дараахь ачаан тээшийг эхний ээлжинд тээвэрлэнэ. Үүнд:
-         Сонин, бусад өдөр тумын тогтмол хэвлэл
-         Түргэн муудах бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүн
-         Зөвшөөрөгдсөн гэрийн тэжээвэр амьтан, шувуу
-         Гэрийн эд хогшил (замдаа шилжүүлэн ачилттай хүлээн авч болно)
-         Шарил
 
33.6. Түргэн муудах хүнсний бүх төрлийн бүтээгдэхүүнийг тээшийн вагонд тээвэрлэхээр хүлээн авахдаа түүнийг тээвэрлэх хугацаа, зайг гэмтэж муудахгүй тээвэрлэгдэх боломжтой эсэхийг тооцож хүлээн авна. Жилийн дулааны болон хүйтний улирлыг дараахь байдлаар тооцно. 5 дугаар сарын 01-нээс 9 дүгээр сарын 30-ыг хүртэлх хугацааг дулааны, 10 дугаар сарын 01-нээс 4 дүгээр сарын 30-ыг хүйтний улирал гэнэ.
 
33.7. Дулааны улиралд ирсэн ачаан тээшийг төмөр замын байгууллага 6 цагаас дээш хадгалахгүй.
 
33.8. Түргэн муудах ачааг ачаан тээшээр тээвэрлэхэд галт тэрэг хөдлөхөөс 2 цагийн өмнө хүлээн авна.
 
33.9. Хаяг нь тодорхой нөхцөлд түргэн муудах ачааг тогтоосон хугацаанд нь авах талаар хүлээн авагчид мэдэгдэх арга хэмжээг өртөө ба буудал мөн ачаа илгээгч аль алин нь хариуцна.
 
33.10. Түргэн муудах ачаан тээш нь гэрээт хугацаанд хүргэгдсэн боловч төмөр замаас үл хамаарах шалтгаанаар шинж чанар муудсан тохиолдолд тээвэрлэгч гэм буруугүй болохоо нотолж, хариуцлагаас чөлөөлөгдөнө.
 
34 дүгээр зүйл. Тээвэрлэлтэнд хүлээн авах
 
34.1. Төмөр замын байгууллага ачаан тээшийн сав, баглаа, боодол тээвэрлэлтийн шаардлага хангасан эсэхийг шалгасны дараа ачаа илгээгч захиалгын маягтыг зааврын дагуу бөглүүлж, захиалгыг өртөө ба буудлын даргад өгнө. Үүнд:
34.1.1. сав, баглаа, боодлын тоо, төрөл, хүндийн жин
34.1.2. ачааны нэр, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн тэмдэг, тэмдэглэгээ
34.1.3. илгээсэн өртөө, огноо
34.1.4. хүргэх өртөө, огноо
34.1.5. зарласан үнэ
34.1.6. тухайн барааг худалдан авсан үнэ
34.1.7. илгээгчийн овог нэр, хаяг, регистрийн дугаар
34.1.8. хүлээн авагчийн овог нэр, хаяг, регистрийн дугаар
34.1.9. хуульд заасан бусад нөхцөл
Захиалагч маягтын төлбөрийг төлнө.
 
34.2. Захиалгыг үндэслэн зохих журмаар тээвэрлэлтийн бичиг баримт үйлдэнэ. Өртөө ба буудлын дарга ачаан тээшийг явуулах огноо, цаг минут, галт тэргийг тогтоосны дараа ачаан тээшийг тээвэрлэлтэнд хүлээн авч, төлбөр төлсөн дагалдах бичгийг ачаан тээш илгээгчид олгоно.
Ачаан тээшийн нэр зөв эсэх талаар эргэлзээ гарсан тохиолдолд төмөр замын байгууллага ачааны сав, баглаа, боодлыг задлах шаардлага тавих эрхтэй. Ачаа тээшийг задлаж үзэхийг илгээгч эс зөвшөөрвөл түүнийг тээвэрлэлтэнд хүлээж авахгүй.
 
34.3. Илгээгч нь тогтоогдсон журмын дагуу ачаан тээшиндээ заавал үнэ зарлана. Тээврийн хөлс ба үнэ зарласан хураамжийг тарифт заагдсаны дагуу төлнө.
 
34.4. Ачаан тээшийг замаас дахин илгээх болон замд тавьж олгохыг зөвшөөрөхгүй.
 
34.5. Ачаан тээшийг тухайн зорчигчийн явах галт тэрэгний тээшийн вагоноор явуулах боломжгїй (багтаагїй зэрэг бусад шалтгаанаар) тохиолдолд тухайн чиглэлийн дараагийн галт тэргээр явуулж болно.
Зорчигч ачаан тээшиндээ үнэ зарлахаас татгалзвал эсвэл зорчигчийн үнэ зарласан байдал барааны нэр төрөл, тоо ширхэг нь бодит үнэтэй тохирохгүй байвал явуулах өртөө ачаан тээшийг тээвэрлэлтэнд хүлээн авахаас татгалзана.
 
35 дугаар зүйл. Ачаан тээшийг тавьж олгох
 
35.1. Ачаан тээш ирсэн өртөө нь уг ачаан тээш хүлээн авагчид мэдэгдэх арга хэмжээ авах ёстой. Мэдэгдэх үйлчилгээ үзүүлсэн хөлсийг хүлээн авагчаас авна.
 
35.2. Албан байгууллага, компанийн нэр дээр ирсэн ачаан тээшийг хүлээн авах этгээд нь уул байгууллагын дарга, нягтлан бодогчийн гарын үсэг, тэмдэг бүхий итгэмжлэлийг иргэний үнэмлэх эсвэл бусад биеийн байцаалтын хамт шалгуулан замын хүснэгтийн ар талд гарын үсэг зурж, ачаан тээшийг хүлээн авна. Ачаан тээш хүлээн авагчаас итгэмжлэлийг авч үлдэнэ. Тодорхой хүний хаягаар ирсэн ачаан тээшийг хүлээн авагчид эсвэл түүний итгэмжилсэн этгээдэд иргэнийн үнэмлэх эсвэл бусад нотлох баримтыг үзэж олгох ба замын хүснэгтийн ар талд тэмдэглэл хийж гарын үсэг авна. Ачаан тээш байнга ирдэг байгууллагын хүлээн авагч байнгын итгэмжлэх бичиг байх шаардлагатай ба түүгээр ачаан тээшийг олгоно.
 
36 дугаар зүйл. Ачаан тээшийг хадгалах, цэгцлэх
 
36.1. Ачаан тээшийн жинг шалгасны үнийг төмөр замын байгууллагын даргын тогтоосон тарифын дагуу ачаа илгээгч эсвэл ачаа хүлээн авагчаас авна.
 
36.2. Ачаан тээшийн өртөөнд хадгалсан хөлсийг тээвэрлэн ирсэн өдрөөс хүлээлгэн өгсөн өдөр хүртэлх хугацаагаар тооцож тогтоосон тарифын дагуу төлүүлнэ.
 
36.3. Ачаан тээшээ 30 хоногийн дотор авахгүй бол төмөр замын байгууллага холбогдох мэргэжлийн байгууллагаас оролцуулсан комиссыг томилж, уг комисс ачаан тээшийг борлуулах шийдвэр гаргаж зохион байгуулна.
 
36.4. Төмөр замын байгууллагын буруугаас ачаан тээш үрэгдэх, дутах мөн түүнчлэн хүргэх хугацаа хожимдуулсны хариуцлагыг энэ дүрмийн дагуу төмөр замын байгууллага хүлээнэ. Хэрэв ачаан тээш алга болсон бол хохирлыг зарласан үнийн хэмжээгээр төлнө.
 
YI БҮЛЭГ
 
Тээвэрлэлтэнд тавих хяналт
 
37 дугаар зүйл. Тээвэрлэлтэнд хяналт тавих
 
37.1. Төмөр замын тээврийн аюулгүй байдал, тээвэрлэлттэй холбоотой ажил, үйлчилгээний чанар  хууль тогтоомж, стандартын шаардлагад хангаж буй эсэхэд Төмөр замын тээврийн хяналтын улсын байцаагч болон дотоодын хяналтын байцаагч хяналт тавина. Хяналтын байцаагч нь доорхи зүйлийг шалгана:
- зорчигчийн зорчих тасалбар
- галт тэрэгний дарга, мастер, вагоны үйлчлэгчийн гүйцэтгэх үүргийн биелэлт
- зорчигчийн гар тээш энэ дүрмээр тогтоосон тоо, хэмжээнд байгаа эсэх
- зорчих ба тээшийн дагалдах бичиг зохих ёсоор үйлдэгдсэн эсэх
- зорчих тасалбар худалдах газрын үйл ажиллагаа, зохион байгуулалт
- вагоны сул чөлөөтэй байрыг хэрхэн зохицуулсан, түүний тухай мэдээг дараагийн өртөөнд дамжуулсан эсэх
- албаны, түрээсийн вагонууд болон бусад албан байгууллагуудын вагоныг зориулалтын ажилд хэрэглэж байгаа эсэх
 
Хяналт тавих эрх бүхий этгээд нь өртөө, буудал ба галт тэргэнд тасалбар худалдах ажлын зохион байгуулалт, зорчигчдын үйлчилгээнд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах арга хэмжээ авна.
 
37.2. Төмөр замын тээврийн хяналтын улсын байцаагч болон төмөр замын байгууллагын эрх бүхий албан тушаалтан галт тэргэнд шалгалт хийх эрхтэй.
 
37.З. Шалгалтын үед зорчих тасалбаргүй эсвэл хөнгөлттэй тасалбараар зорчиж буй зорчигчийн насны хязгаарт эргэлзвэл холбогдох бүх бичиг баримтыг шалгаж, үнэн зөвийг тогтоох шаардлагатай.
 
 
ХОЁРДУГААР ХЭСЭГ
 
YII БҮЛЭГ
 
Зорчигч тээвэрлэлтийн тариф ба нэмэгдлийн төрөл
 
38 дугаар зүйл. Зорчигч тээвэрлэлтийн тариф, нэмэгдэл
38.1. Тээвэрлэлтийн шууд ба орон нутгийн харилцааны бүх төрлийн галт тэргээр зорчих нийтийн тариф зорчигчдод үйлчилнэ.
 
38.2. 3орчигч тээврийн хөлсийг зохих тарифын үнэлгээ ба түүний жинхэнэ зайгаар тооцно. Тарифын зайг тухайн зорчигч явах зорчигчийн галт тэрэгний чиглэлийн дагуу бодно.
 
38.З. Тээвэрлэлтийн тарифын зай болон өртөөний гүйцэтгэх үйл ажиллагааг  эрх бүхий байгууллагын баталсан тарифын бодлогоор тодорхойлно.
 
38.4. 3орчигчийн галт тэргэнд зорчих тасалбарын үнэ нь төмөр замын байгууллагын даргын баталсан орон нутгийн харилцааны зорчигч тээврийн тарифаар тодорхойлогдох ба бусад ажил, үйлчилгээний үнэлгээг тухайн төмөр замын байгууллага тусд нь тогтооно.
 
38.5. Хөнгөлттэй зорчих тасалбар (5-12нас)-ыг орон нутгийн харилцааны зорчигч  тээврийн тарифын вагоны төрлөөс хамаарсан зохих багананд заасан тарифаар бичнэ.
 
38.6. Хүн суух зориулалтаар тоноглосон ачааны вагонд зорчигчдыг тээвэрлэхэд нийтийн вагоны тарифыг 50 хувиар хямдруулан хэрэглэнэ.
 
39 дүгээр зүйл. Зорчигчийн даатгалын хураамж
 
39.1. Зорчигчоос гэнэтийн ослын даатгалын хураамжийг төмөр зам байгууллагаас  даатгалын  компанитай байгуулсан гэрээнд заасан хэмжээгээр хураана.
 
40 дугаар зүйл. Зорчих тасалбаргүй аялах
 
40.1. Зорчих тасалбар худалдах газартай өртөөнөөс тасалбаргүйгээр эсвэл зөрчилтэй тасалбараар зорчиж байгаа зорчигч үнэ төлбөргүй авч орсон тээшинд  нэмэгдэлтэй тарифаар галт тэргэнд тасалбар бичнэ. Нэмэгдлийн хэмжээг төмөр замын байгууллагын дарга тогтооно.
 
41 дүгээр зүйл. Унтлагын байрны нэмэгдэл
 
41.1. Унтлагын байртай вагонд зорчигч нь тээврийн хөлснөөс гадна унтлагын  байр ашигласны нэмэгдэл хөлсийг тогтоогдсон тарифын дагуу төлнө.
 
41.2. Унтлагын байртай вагонд байр эзэлж зорчих 5-12 насны иргэн том хүний нэгэн адил нэмэгдэл хөлс төлнө.
 
42 дугаар зүйл. Тасалгааны нэмэгдэл
 
42.1.  Тасалгаат унтлагын вагонд зорчих зорчигч нь тээврийн хөлс ба унтлагын байрны нэмэгдэл, тасалгаа эзэмшсэний нэмэгдлийг тус тус төлнө.
 
42.2. Тасалгаатай вагонд 5-12 насны иргэн тусдаа унтлагын байр эзэлж зорчиход том хүний нэгэн адил тасалгааны нэмэгдэл төлнө. 5-12 насны иргэн тусдаа унтлагын байр эзлэлгүй том хүний хамт нэг байранд зорчих тохиолдолд тасалгааны нэмэгдэл төлөхгүй.
 
43 дугаар зүйл. Хурдны нэмэгдэл
 
43.1. Хурдан галт тэргээр  зорчих зорчигч нь зорчих тасалбарын хөлснөөс гадна хурдны нэмэгдэл төлнө.
 
YIII БҮЛЭГ
 
Тээш, ачаан тээш тээвэрлэлтийн тариф
ба нэмэгдлийн төрөл
 
44 дүгээр зүйл. Тээш, ачаан тээш тээвэрлэлтийн тариф, нэмэгдэл
 
44.1. Нийтийн тээш тээвэрлэлтийн тариф нь байнгын ашиглалттай, тээш тээвэрлэлтэд нээлттэй төмөр замын бүх шугамд хэрэглэгдэнэ.
 
44.2. Тээшийн вагонд тээш, ачаан тээш тээвэрлэхэд төмөр замын байгууллагын   даргын  баталсан тариф, нэмэгдлийг мөрдөнө.
 
45 дугаар зүйл. Тээш тээвэрлэлтийн хөлс төлөх журам
 
45.1. Тээшийн тооцооны хамгийн бага хүндийн жинг 10 кг-аар тогтоох ба түүнээс дээших 5 кг тутамд тогтоосон тарифаар төлбөр хураана. Үечилсэн хэмжилтийн 5 кг-д хүрэхгүй тээшийг бүхэлдэж 5 кг-аар тооцно. Тээшийн тасалбарын үнийг тогтоож авна.
 
45.2. Тээшийн вагоноор тээвэрлүүлэх тээшийн хүндийн жинг түүний төрөл, сав, баглаа, боодлыг үл харгалзан зөвхөн жинхэнэ хүндийн жингийн хэмжээгээр нь тооцож тээврийн хөлсийг авна.
 
46 дугаар зүйл. Ачаан тээш тээвэрлэлтийн хөлс төлөх журам
 
46.1. Ачаан тээш тээвэрлэлтийн тарифын зайг зорчигчийн тээш тээвэрлэлтийн зайг тооцохтой нэгэн адилаар зорчигчийын галт тэрэгний аялалын чиглэлээр эрх бүхий байгууллагын баталсан тарифын бодлогоор тодорхойлно.
 
46.2. Ачаан тээшийн тооцооны хамгийн бага хүндийн жинг 20 кг-аар тогтоох ба түүнээс дээших 5 кг тутамд тогтоосон тарифаар төлбөр хураана. Үечилсэн хэмжилтийн 5 кг-д хүрэхгүй тээшийг бүхэлдэж 5 кг-аар тооцно.
 
47 дугаар зүйл. Үнэ зарласан төлбөр
 
47.1. Тээш болон ачаан тээшийн зарласан үнийн хэмжээнд тохируулан төмөр замын байгууллагын даргын тогтоосон үнэ зарласны төлбөрийг тээш, ачаан тээш илгээгчээс авна.
 
48 дугаар зүйл. Тээш, ачаан тээшийн цэгцлэлтийн төлбөр
 
48.1. Тээш, ачаан тээш илгээгчид захиалгын маягт олгох ба пайз, наадас олгосны төлбөрийг авна.
 
49 дүгээр зүйл. Ачаан тээш ирсэн тухай мэдэгдэх
 
49.1. Ачаан тээш ирсэн тухай хүлээн авагчид утас, шуудан, цахилгаан болон бие хүнээр мэдэгдсэний төлбөрийг ачаа хүлээн авагчаас авна.
 
50 дугаар зүйл. Бичгэн магадлагаа
 
50.1. Лавлах товчооноос бичгэн магадлагаа олгосны төлбөрийг авна.
 
51 дүгээр зүйл. Ачаа зөөгч ажиллуулсны төлбөр
 
51.1. Зорчигчийн гар тээш, тээшийг буудлын дэргэдэх нийтийн тээврийн хэрэгслийн зогсоол, хүлээлгийн танхим зэрэгт хүргэх зөөгч ажиллуулсны төлбөрийг авна.
 
52 дугаар зүйл. Бусад үйлчилгээний төлбөр
 
52.1. Дамжин өнгөрөх зорчигчийг буудалд байрлуулах, халуун ус, бусад үйлчилгээгээр үйлчилсний төлбөрийг авна.
 
  БҮЛЭГ
 
Бусад үйлчилгээний төлбөр
 
53 дугаар зүйл. Цагаан хэрэглэлийн төлбөр
 
53.1. Зорчигчийн галт тэргээр зорчсон зорчигчид тавьж өгсөн цагаан хэрэглэлийн төлбөрийг авна.
54 дүгээр зүйл. Гар тээш хадгалсны төлбөр
 
54.1. Зорчигч эд юмсаа өртөө, буудлын гар тээш хадгалах байранд болон автомат хадгаламжинд хадгалуулсны төлбөрийг төлнө.
 
54.2. Үнэ зарласан гар тээш, мөн түүнчлэн олдсон эд юмсыг хадгалсны төлбөрийг тухайн эд юмсын эзэн төлнө.
55 дугаар зүйл. Зорчих тасалбарыг урьдчилан худалдсаны төлбөр
 
55.1. Зорчих тасалбар захиалж, урьдчилан худалдах газраар үйлчлүүлсний төлбөрийг тогтоосон журмын дагуу төлнө.
 
56 дугаар зүйл. Зорчих тасалбар хүргэсний хөлс
 
56.1. Зорчигчийн зорчих тасалбарыг гэрт нь хүргэж өгөх үйлчилгээний төлбөрийг  тогтоосон журмын дагуу авна.
Х БҮЛЭГ
Зарим зорчигчийг тээвэрлэх онцгой нөхцөл
57 дугаар зүйл. Зарим зорчигчийг тээвэрлэх онцгой нөхцөл
 
57.1. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид олон улсын чанартай уралдаан тэмцээн, аялал жуулчлал болон бусад арга хэмжээнд зохион байгуулалттайгаар хэсэг бүлгээр олон улсын зорчигчийн галт тэргээр зорчиход хөнгөлт үзүүлж болно. Хөнгөлөх хэмжээг төмөр замын байгууллага тогтооно.
 
57.2. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид улсын чанартай уралдаан  тэмцээнд оролцох, аялал болон хүүхдийн зусланд амрахаар орон нутгийн зорчигчийн  галт тэргээр зорчиход нийтийн вагоны тасалбарын үнийн дүнгээс хөнгөлөлт үзүүлж болно. Хөнгөлөх хэмжээг төмөр замын байгууллага тогтооно
Өртөө, буудлын дарга хүссэн байрыг галт тэрэг явахаас нэг хоногийн өмнө олгоно. Захиалгат байрыг галт тэрэг явах цагаас 1 цаг 30 минутын өмнө хүртэл хадгална. Захиалгат нэр, албан байгууллагын болон иргэний үнэмлэхийн дугаарыг заасан байна.
 
57.3. Нийтээр амрах баяр болон оюутан, сурагчдын улирлын амралтын үеэр зохион байгуулалттайгаар хэсэг бүлгээр зорчих тохиолдолд төмөр замын байгууллагын шийдвэрээр зорчих тасалбарын үнийг хямдруулж болно.
57.4. Энэ хөнгөлөлт нь гадаадын жуулчин, аялагчид хамаарахгүй.
 
           58 дугаар зүйл. Жуулчдыг тээвэрлэх
 
58.1. Гадаад болон дотоодын жуулчид монгол орноор аялал жуулчлалаар явах тохиолдолд шууд ба орон нутгийн харилцааны вагонд зорчихдоо тасалбар худалдах газарт урьдчилсан захилга өгч үйлчлүүлнэ.
 
58.2. Олон  улсын  галт тэргээр  зорчих  жуулчид төмөр замын олон улсын тасалбар худалдах төвд урьдчилан захиалга өгч үйлчлүүлнэ.
 
58.3. Захиалгат жуулчдын зорчих тасалбар, түүний үнэ нь дотоодын болон олон улсын гэсэн ялгавартайгаар тогтоосон үнэ ба журмын дагуу гүйцэтгэгдэнэ.
 
58.4. Гадаадын аялагч - жуулчид, тэдний тээш, ачаан тээшийг орон нутгийн галт тэргээр (тусгай захиалгат вагонд) тээвэрлэхэд тээврийн хөлсийг нь төмөр замын олон улсын суудлын тарифт зарласан хэмжээг аялах зайд дүйцүүлэн тооцож авна.
 
58.5. Төлбөрийг төгрөгөөр хийх нөхцөлд тухайн үеийн Монгол банкны албан ёсны ханшаар тооцож авна.
 
58.6. Олон улсын байгууллага, гадаадын жуулчдын хэрэгцээнд вагон тїрээслэвэл төмөр замын байгууллагын баталсан їнэ тарифаар тооцно.
 
58.7. Төмөр замаар тээвэрлэх шууданг тусгай гэрээг үндэслэн гүйцэтгэж   тээврийн төлбөрийг гэрээнд тусгагдсан журмаар авна.
 
58.8. Шуудангийн вагонд шуудангаас бусад ачааг төмөр замын бичиг баримтгүйгээр ачсан байвал тээврийн бүх зардлыг ачаан тээшийн тарифаар тооцох бөгөөд гэрээт байгууллага төлбөрийг төмөр замын байгуулагад төлнө.
 
59 дүгээр зүйл. Буфет ба вагон-ресторан явуулах
 
59.1. Зорчигчийн галт тэрэгний бүрэлдэхүүнд залгах вагон-ресторан, буфетын ажиллах нөхцөл, тэдгээрийн ажилтны зорчилтыг тусгай журам буюу гэрээгээр зохицуулна.
 
     60 дугаар зүйл. Ачаатай вагон тээвэрлэх
 
60.1. Зорчигчийн галт тэргэнд ачааны вагон залгаж тээш, ачаан тээш тээвэрлэх тохиолдолд тээш, ачаан тээш тээвэрлэх тарифт үнэлгээгээр зохицуулна.
     
      61 дүгээр зүйл. Шарил тээвэрлэх
 
61.1. Авсалсан шарилыг ачааны болон зорчигчийн галт тэргээр тусад нь вагонд тээвэрлэж болох бөгөөд шарил тээвэрлүүлэгч засаг захиргаа ба эмнэлгийн байгууллагын зөвшөөрөл, магадлагааг явуулах өртөөнд үзүүлнэ. Дээрхи бичиг баримт нь тээврийн бичиг баримтын хамтаар очих өртөөндэх хүлээн авагчид очно. Шарилыг сайн гагнасан төмөр авсанд буюу давирхайдсан модон хайрцганд хийж доторхи хоосон зайг дүүргэх материал (үртэс, нүүрс, хүхэр, шохой зэрэг)-аар чигжсэнийг шалган хүлээн авч тээвэрлэнэ.
 
61.2. Хэрэв тээшийн ба шуудангийн вагоноор шарилыг тээвэрлэвэл тээвэрлэх зардлыг ачаан тээшийн тарифийн үнэлгээ, 300 кг-аар тооцож төлбөрийг авна.
 
61.3. Тээшийн ба шуудангийн вагоноор чандар тээвэрлэх тохиолдолд ачаан тээшийн тарифийн үнэлгээ, 100 кг-аар тооцож, төлбөрийг авна.
 
61.4. Шарилыг дагалдаж хүн заавал явна. Хэрэв дагалдагч нь ямар нэг шалтгаанаар галт тэрэгнээс хоцорвол шарилийг саатуулах шалтгаан болохгүй. Дагалдагч нь бусад зорчигчийн нэгэн адил зорчих тасалбар худалдан авч зорчино.
 
62 дугаар зүйл. Албан тээвэрлэлт
 
     62.1. Зорчигчийн галт тэрэгний бүрэлдэхүүн дэх албаны вагоноор зорчигчид  зорчих тасалбартай байхаас гадна тээштэй бол холбогдох бичиг баримтыг бүрдүүлсэн   байна. Албаны вагонд ачаа тээвэрлэх асуудлыг төмөр замын байгууллагын зөвшөөрлөөр гүйцэтгэх бөгөөд ачаанд ачаан тээшийн тарифаар төлбөрийг төлнө.
 
      62.2. Албаны вагонд зорчих журам зөрчвөл шалгагч нь илэрсэн зөрчилд акт үйлдэнэ. Акт (протокол)-ыг төмөр  замын байгуулагын санхүүгээр дамжуулан төмөр замын байгууллагын дарга ба албаны вагон захиалан авсан байгууллагын харъяалах газарт явуулна.
 
63 дугаар зүйл. Хувийн эзэмшлийн вагоноор зорчигч, тээш, ачаан тээш
тээвэрлэх
 
63.1. Зорчигчийн ба ачааны галт тэрэгний бүрэлдэхүүнд хувийн эзэмшлийн вагон явах тохиолдолд төмөр замын байгуулага вагоны эзэмшигчтэй гэрээ байгуулна.
 
63.2. Хувийн эзэмшлийн вагоныг ачааны, зорчигчийн ба хурдан галт тэргэнд залгасан байдлаар  вагоны гүйлтийн төлбөрийг ялгавартай тогтооно.
 
63.3. Хувийн эзэмшлийн вагоныг тусгай зүтгүүрээр эсвэл вагоныг дагалдсан нэмэгдэл зүтгүүртэй явуулах тохиолдолд зүтгүүрийн гүйцэтгэсэн гол км-ээр төлбөрийг тогтоож авна.
 
 
64 дүгээр зүйл. Түрээсийн вагонд зорчих
 
64.1. Зорчигчийн вагоныг түрээсээр ашиглуулах тохиолдолд тїрээслэгчтэй вагон тїрээслэх гэрээ байгуулж мєрдєнє.
 
XI БҮЛЭГ
 
Дүрэм зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
 
65 дугаар зүйл. Тээвэрлэгч, зорчигчийн хүлээх эрх, үүрэг
 
65.1. Төмөр замаар зорчигч, тээш, ачаан тээш тээвэрлэх дүрмийг үндэс болгон төмөр замын байгуулага нь зорчигчийн өмнө, зорчигч нь төмөр замын байгууллагын өмнө харилцан эрх, үүрэг хүлээнэ.
 
65.2. Төмөр замын байгууллага зорчигчийг ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлж, зорьсон өртөөнд цаг хугацаанд нь хүргэх үүрэгтэй.
 
65.3. Төмөр замын байгууллага нь зорчигчийн тээш ба ачаан тээшийг хүлээж авснаас эхлэн олгох хүртэл тогтоосон журмын дагуу тэдгээрийн бүрэн бүтэн байдлыг хариуцна.
 
65.4. Төмөр замаар үнэгүй зорчсон ба хориглосон зүйлийг вагонд авч явсан зорчигчид холбогдох хууль тогтоомжийн дагуу зохих хариуцлагыг хүлээлгэнэ.
 
65.5. Зорчигч тогтоосон хэмжээнээс илүү гар тээш тээвэрлэвэл тээшийн тарифаар тээврийн төлбөр авна.
 
65.6. Төмөр замын байгууллага тээш хүргэх хугацаа хожимдуулсны нөхөн төлбөрийг очих өртөөн дээр үйлдсэн актыг үндэслэн төлнө.
 
66 дүгээр зүйл. Төлбөрийг буцааж олгох
 
66.1. Төмөр замын байгууллага дараахь тохиолдолд ашиглаагүй зорчих тасалбар, тээвэрлээгүй тээш, ачаан тээшийн тээврийн төлбөрийг төмөр замын байгууллагын зөвшөөрлийн дагуу буцааж олгож болно:
66.1.1. Галт тэргэнд зорчих тасалбарын дагуу зохих байрыг олгоогүй тохиолдолд зорчигчийн шаардлагаар явах өртөөний дарга акт үйлдэн, зорчих тасалбар, тээвэрлээгүй тээшийн тээврийн хөлсийг зорчигчид буцааж өгч, актын ар талд гарын үсэг зуруулна. Хэрэв зорчигчид байр олгосон бол зөвхөн тээврийн хөлсийг буцааж олгоно.
66.1.2. Буцах тасалбартай зорчигч хуагацаандаа буцах боломжгүй болсон тохиолдолд галт тэрэг хөдлөхөөс 24 цагийн өмнө зорчих тасалбартаа төмөр замаар тэмдэглэл хийлгэвэл нийтийн вагонд бол зорчилтын төлбөр, тасалгаат вагонд бол зорчилтын төлбөрийг унтлагын байрны төлбөрийн хамт буцаан авч болно. Харин  галт тэрэг хөдлөхөөс 24 цагаас дотогш хугацаанд тэмдэглүүлсэн тохиолдолд зохих суутгал хийлгэж тасалбарын үнийг буцаан авч болно.
66.1.3. Галт тэрэгний хөдөлгөөн ямар нэг шалтгаанаар саатсан тохиолдолд зорчигч аялалаа үргэлжлүүлэхээс татгалзвал төмөр зам нь зорчигчийн бичгэн мэдүүлгийн үндсэн дээр зорчоогүй зайн үнийг буцаан олгож болно.
66.1.4. Өвчтэй ба хүндэтгэн үзэх шалтгааны улмаас зорчигч аялалаа бүрмөсөн зогсоох тохиолдолд зорчоогүй зайн тасалбарын төлбөрийг буцааж олгоно.
66.1.5. Буцаах тасалбартай зорчигч нь зорчих тасалбарын төлбөрөө тухайн явах өртөөний тасалбар худалдах газраас буцаан авч болно.
 
 
ХII БҮЛЭГ
 
Маргаан шийдвэрлэх
 
67 дугаар зүйл. Олон нийтийн хэв журам сахих
 
67.1.  3орчигч нь төмөр замын тээврийн хэрэгсэл болон буудлын эд хогшилд ариг гамтай хандан олон нийтийн хэв журмыг чанд сахиж, төмөр замын байгууллагад  мөрдөгдөж  буй дүрмийг биелүүлэх үүрэгтэй.
 
67.2. Зорчигч энэ дүрмийн 67.1 заалтыг зөрчсөн тохиолдолд галт тэрэгний ба буудлын дарга, цагдаагийн ажилтан асуудлыг шийдвэрлэнэ.
 
68 дугаар зүйл. Маргааныг шийдвэрлэх
 
68.1. Албан үүргээ гүйцэтгэж буй төмөр замын ажилтан болон зорчигчийн хооронд гарсан  маргаан, їл ойлголцлыг дараахь журмаар шийдвэрлэнэ:
   68.1.1. Өртөөн дээр бол өртөө буюу буудлын дарга, шаардлагатай бол цагдаагийн  ажилтны тусламжтайгаар
   68.1.2. Галт тэрэгний аялал явцад бол галт тэрэгний дарга, мастер эсвэл галт тэрэгний байцаагч, шаардлагатай бол галт тэргэнд ажил үүрэг гүйцэтгэж буй цагдаагийн ажилтны оролцоотойгоор
 
69 дүгээр зүйл. Мартсан болон алдсан эд юмс
 
69.1. Төмөр замын зурвас газар буюу галт тэргэнд гээгдсэн эд юмс олдвол тухай бүрд нь түүний байдлыг тодорхойлж акт үйлдэнэ. Хэрэв эд юмс нь галт тэргэн дотроос олдсон бол тухайн вагоны үйлчлэгчийг байлцуулан галт тэрэгний дарга, өртөөн дээрээс олдсон бол өртөө ба буудлын дарга эд юмсыг олсон этгээдийг байлцуулан акт үйлдэнэ.
 
69.2. Эд юмс нь өртөө буюу эргэлтийн өртөөнд ирсэн галт тэргэн дотроос эсвэл тус өртөөнд ирэх хоорондын замаас олдсон бол түүнийг тусгай дэвтэрт бүртгэж өртөөний даргад хүлээлгэн өгнө. Хүлээн авсан олдсон эд юмсад тэмдэглэл хөтлөж, дэс дугаар бүхий пайз зүүнэ. Олдсон эд юмс нь боодол, хайрцаг, шуудай, чемодан зэрэг тус дусдаа сав, баглаатай байвал тус бүрийг ломбодоно.
 
69.3. Олдсон буюу эзэн нь аваагүй эд юмс (түргэн муудах, гэмтэх зүйлээс бусад)-ыг 30 хоног хадгалсны дараа энэ дүрэмд заасны дагуу борлуулна. Олдсон эд юмс дотор мөнгөн тэмдэгт, үнэт металл болон үнэт цаас байвал түүнийг цагдаагийн байгууллагад бүртгүүлнэ.
 
69.4. Гээгдсэн эд юмсыг авахаар нэхэмжлэгч этгээд нь эд юмсынхаа шинж чанар, хэлбэр, өнгө, дүрс, тоо ширхэгийг тодорхой баримтаар, мөн түүнчлэх онгойлгох түлхүүрийг үзүүлэх зэргээр нотлох ёстой. Гээдсэн эд юмсын эзэн болох нь батлагдвал тэр этгээдэд хүлээлгэн өгнө. Гээдсэн эд юмсыг холбогдох байгууллагад шилжүүлсэн байвал эзэнд нь олгох тухай мэдэгдлийг өртөө (буудал)-ний дарга бичгээр явуулна. Эзэн нь эд юмсаа авахдаа тээвэрлэлт, хадгалалт, зарлуулсан зэрэгт гарсан зардлыг төмөр замын байгууллагад төлөх ба өөрийн тодорхой хаяг, иргэний үнэмлэхийн дугаар, регистрийг тэмдэглүүлж, гарын үсэг үлдээнэ. Хадгалалт, тээвэрлэлтийн төлбөрийг тээшийн тарифаар тооцож авна.
 
69.5. Зорчигч эд юмсаа вагонд орхисноо галт тэрэгнээс буусны дараа өөрөө мэдвэл тэр даруй өртөө ба буудлын даргад мэдэгдэх ёстой. Өртөө буюу буудлын дарга энэ тухай зорчигчийн  бичгэн  мэдэгдлийг үндэслэн галт тэрэгний дарга буюу эргэлтийн өртөө (буудал)-ний даргад уг зорчигч сууж явсан вагон, байрын дугаар, орхисон эд юмсын дүрс хэлбэр, хааш нь ирүүлэх зэргийг заасан цахилгаан явуулна. Уул эд юмсыг эзэнд нь хүргэж ирүүлэхтэй холбогдож гарсан бүх зардлыг эд юмсын эзэн хариуцан төлнө.
 
-------- оОо ------