Хэвлэх DOC Татаж авах
Гэгээрлийн сайдын 1999 оны 234 дүгээр тушаалын хавсралт
 
 
ТӨРИЙН ӨМЧИЙН МЭРГЭЖЛИЙН УРЛАГИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ
 
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1.                 Төрийн өмчийн мэргэжлийн урлагийн байгууллага /цаашид энэ дүрэмд "Мэргэжлийн урлагийн байгууллага" гэнэ/ гэдэг нь төрийн өмч бүхий, төрөөс санхүүжилт авч үйл ажиллагаагаа явуулдаг төвийн болон орон нутгийн уран бүтээлийн байгууллагыг хэлнэ.
1.2.                 Энэхүү үлгэрчилсэн дүрмийн зорилго нь мэргэжлийн урлагийн байгууллагуудын нийтлэг чиг үүрэг, тэдгээрийг хэрэгжүүлэх удирдлага зохион байгуулалтыг тодорхойлох болон үйл ажиллагааны үндсэн харилцааг зохицуулахад оршино.
1.3.                 Мэргэжлийн урлагийн байгууллага нь улсын төвлөрсөн болон орон нутгийн төсөв, өөрийн орлого, хандив, бусад орлогоор санхүүжнэ.
1.4.                 Мэргэжлийн урлагийн байгууллага нь Монгол улсын хууль тогтоомж, удирдах дээд байгууллагын шийдвэрийг үйл ажиллагаанд мөрдлөг болгоно.
1.5.                 Мэргэжлийн урлагийн байгууллага нь энэхүү үлгэрчилсэн дүрмийг үндэслэн үйл ажиллагааныхаа онцлогт нийцүүлэн байгууллагынхаа дүрэм, дотоод журмыг боловсруулж мөрдөнө.
1.6.                 Мэргэжлийн урлагийн байгууллага нь хуулийн этгээд бөгөөд тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас, банканд харилцах данстай байна.
1.7.                 Мэргэжлийн урлагийн байгууллага нь эрхлэх үйл ажиллагааныхаа хүрээ, онцлог, түүхэн уламжлалыг илэрхийлсэн билэгдлийн ялгах тэмдэг /эмблем/-тэй байж болно.
 
Хоёр. Мэргэжлийн урлагийн байгууллагын нийтлэг чиг үүрэг
 
            Мэргэжлийн урлагийн байгууллага дор дурдсан чиг үүргийг хүлээнэ.
 
2.1.                 Монгол улсын хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн зорилтыг өөрийн үйл ажиллагааныхаа хүрээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангах.
2.2.                 Байгууллагынхаа мэргэжлийн боловсон хүчний хэрэгцээг тодорхойлж, тэднийг бэлтгэх, давтан сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх, дахин мэргэшүүлэх ажлыг зохион байгуулах, ажиллагчдын хөдөлмөрийн хэвийн нөхцөл, нийгмийн баталгааг хангахтай холбогдсон арга хэмжээг авч хэрэгжүүлэх.
2.3.                 Үйл ажиллагааныхаа хүрээнд зах зээлийн эдийн засгийн харилцааг төлөвшүүлэх, төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах, ажлын үр өгөөжийг дээшлүүлэх арга хэмжээ авах.
2.4.                 Хууль тогтоомжид нийцүүлэн үйл ажиллагаандаа дагаж мөрдөх заавар, дүрэм, журам  боловсруулж мөрдүүлэх, биелэлтэд нь хяналт тавьж, илэрсэн гажуудал, дутагдлыг арилгах.
2.5.                 Үйл ажиллагааных нь чиглэлээр гаргасан иргэдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх.
2.6.                 Хууль тогтоомж, байгууллагын дүрэм, дотоод журмыг зөрчсөн албан тушаалтанд хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд хариуцлага хүлээлгэх.
2.7.                 Байгууллагын эзэмшилд байгаа төрийн өмчийг зохистой ашиглах, ашиглалтын байдалд хяналт тавих, хадгалах, хамгаалах зохицуулах арга хэмжээ авах.
2.8.                 Байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах, түүний биелэлтийг зохион байгуулахад шаардагдах бүртгэл, тооцоо, судалгаа, хяналт шалгалтын холбогдолтой мэдээг батлагдсан маягтын дагуу гаргах, байгууллагын нэгдсэн бүртгэл тооцоог хариуцан гаргах.
2.9.                 Байгууллагынхаа чиг үүрэгт хамаарах асуудлаар гадаад орнуудын ижил төрлийн болон олон улсын холбогдох байгууллага, хүмүүстэй хууль тогтоомжоор олгосон эрх хэмжээний хүрээнд хамтран ажиллах гэрээ, хэлэлцээр байгуулан хэрэгжүүлэх.
2.10.             Уран бүтээлчдийн ажиллах нөхцөл, материаллаг бааз, эд хогшил, тайз чимэглэл, хувцас, гэрэл, дуу чимээний хэрэгслийн ашиглалтыг сайжруулах, эрүүл мэнд, хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг хангах.
2.11.             Өөрийн үйл ажиллагаа, уран бүтээл, уран бүтээлчдийн тухай гадаад дотоодод сурталчлах, тэргүүний хүмүүсийг алдаршуулах, дэмжих урамшуулах, өөрийн байгууллага, уран бүтээлчдийн нөөц бололцоо, авьяас чадавхад тулгуурлан бие даасан үйл ажиллагаа явуулах.
2.12.             Хууль тогтоомжид заасан чиг үүргийг хэрэгжүүлэх.
 
Гурав. Мэргэжлийн урлагийн байгууллагын удирдлага, зохион байгуулалт
 
3.1.                 Төвийн мэргэжлийн урлагийн байгууллагын дарга, захирлыг Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага томилно.
3.2.                 Орон нутгийн театр, чуулгын дарга, захирлыг тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн томилно.
3.3.                 Дарга, захирал нь тухайн байгууллагын зорилт, үйл ажиллагааны чиг үүргийн хэрэгжилтийг томилсон байгууллагын өмнө хариуцна.
3.4.                 Дарга, захиралд зөвлөх эрхтэй уран сайхны зөвлөл ажиллана.
3.5.                 Уран сайхны зөвлөлийн ажиллах дотоод журмыг дарга, захирал батална.
3.6.                 Мэргэжлийн урлагийн байгууллагыг удирдаж байгаа дарга, захирал нь эрх хэмжээнийхээ хүрээнд Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн дангаараа буюу бусад байгууллагын дарга, захиралтай хамтран шийдвэр /тушаал/ гаргаж биелэлтийг хангуулна.
3.7.                 Мэргэжлийн урлагийн байгууллагын урын сангийн бодлогын асуудлыг уран сайхны удирдагч /ерөнхий найруулагч/ хариуцна. Уран сайхны удирдагч нь тухайн байгууллагын үйл ажиллагааны гол чиглэлд тохирох мэргэжлийн уран бүтээлч байна. Уран сайхны удирдагчийг байгууллагын дарга, захирал томилно.
3.8.                 Мэргэжлийн урлагийн байгууллага нь уран бүтээл, үйлдвэр, захиргаа, аж ахуй, зохион байгуулах нэгж хэсгүүдийг батлагдсан төсөв, орон тоондоо багтаан байгууллагын захирлын тушаалаар баталгаажуулан ажиллана.
 
Дөрөв. Мэргэжлийн урлагийн байгууллагын уран сайхны зөвлөл
 
4.1.                 Мэргэжлийн урлагийн байгууллага нь шинэ уран бүтээл сонгох, сэргээн бүтээх, уран сайхны бодлого явуулах, уран бүтээлчдэд мэргэжлийн үнэлгээ өгөх, шагналд тодорхойлох болон үйл ажиллагааны тулгамдсан асуудлаар байгууллагын дарга, захиралд зөвлөх үүрэг бүхий уран сайхны зөвлөл /цаашид "зөвлөл" гэнэ/ ажиллуулна.
4.2.                 Зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр хүндтэй, ахмад, залуу уран бүтээлчид, захиргаа, нэгжийн удирдлагыг хамт олны санал болгосноор оруулна. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг дарга, захирлын тушаалаар батална.
4.3.                 Зөвлөл нь байгууллагын жилийн төсөв, хөрөнгө оруулалт, хандивыг зарцуулах хуваарийг баталж зарцуулалтад нь хяналт тавина.
4.4.                 Зөвлөл нь өөрийн үйл ажиллагааны дотоод журамтай байна.
 
Тав. Мэргэжлийн урлагийн байгууллага хоорондын харилцааны зохицуулалт
 
5.1.                 Мэргэжлийн урлагийн байгууллагууд нь өөрийн байгууллагын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр уран бүтээлчдээ гэрээний үндсэн дээр солилцон ажиллаж болно.
5.2.                 Уран бүтээлчдийг урих, солилцож ажиллуулах гэрээнд дараах зүйлийг тусгасан байна. Үүнд:
 
-          тоглолтын тодорхой хугацаа,
-          уран бүтээлч болон байгууллагад төлөх тоглолтын хөлсний хэмжээ,
-          уран бүтээлчдийн тоглолтын хувцас, дагалдах техник хэрэгслийн тухай
 
5.3.                 Мэргэжлийн урлагийн байгууллагын уран бүтээлчид нь бусад мэргэжлийн тайз, дэлгэцийн байгууллагад тодорхой хугацаанд гэрээнд заасан нөхцөлөөр ажиллана. Уран бүтээлчид нь байгууллагын удирдлагуудтай тохиролцож, гэрээ байгуулаагүйгээр бусад мэргэжлийн байгууллагад ажил гүйцэтгэхийг хориглоно.
5.4.                 Төрийн болон улсын чанартай, Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын захиалгатай соёл, урлагийн арга хэмжээ зохион явуулахад мэргэжлийн урлагийн байгууллагын удирдлага, байгууллагынхаа үйл ажиллагааг зохицуулан оролцуулна.
 
Зургаа. Мэргэжлийн урлагийн байгууллагын хөрөнгө
 
6.1.                 Урлагийн байгууллага нь зориулалтын байр, тоног төхөөрөмжтэй байна. Тэдгээрийг байгууллагын үйл ажиллагаа, уран бүтээлд ашиглаж, уран бүтээл хийх эх үүсвэр бүрдүүлэх /төлбөртэйгөөр заал, танхим, тайзыг уралдаан, тэмцээн, хуралд түрээслэх/ зорилготой ашиглаж болно.
6.2.                 Урлагийн байгууллагын хөрөнгө, эд хогшил дараах зүйлээс бүрдэнэ.
 
а/ байгууллагын сан хөмрөгт бүртгэгдсэн эд зүйл,
б/ байгууллагын үндсэн хөрөнгөд тусгагдсан барилга, тоног төхөөрөмж, эд хогшил
в/ байгууллага, иргэдээс хандивласан эд зүйл, тоног төхөөрөмж, бусад зүйл.
 
6.3.                 Урлагийн байгууллагын санхүүжилт нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
 
а/ төсвийн санхүүжилтийн хөрөнгө,
б/ байгууллагын үйл ажиллагааны орлого,
в/ хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн бусад ашиг орлого,
г/ байгууллагын үйл ажиллагааг дэмжсэн дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, олон улсын байгууллага, иргэдээс хандивласан хөрөнгө, хөнгөлөлттэй зээл
 
Долоо. Мэргэжлийн урлагийн байгууллагын бичиг баримтын бүрдүүлэлт, архивын ажлыг зохицуулалт
 
7.1             Мэргэжлийн урлагийн байгууллагуудын бичиг баримтын бүрдүүлэлт, архивын ажлыг Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 52, 53, 54 дүгээр тогтоолд заасны дагуу хэрэгжүүлнэ.
7.2             Төрийн хүндэтгэлийн болон бусад концерт, Соёлын өдрүүдийн найруулагчийн төлөвлөгөө, сценари-цомог, хөтөлбөр, шинэ уран бүтээлийн хувцасны загвар /эскиз/, хөгжим, бүжгийн цомнол, нот зэргийн нэг хувийг байгууллагынхаа архивт, нэг хувийг Театрын музейд шилжүүлнэ.
7.3             Шилжүүлэх баримт нь бүрэн эмхлэн цэгцлэгдсэн, уран сайхны зөвлөл болон тухайн ажлыг зохион байгуулсан ажлын хэсгээр батлагдсан байна.
7.4             Байгууллагын шинэ буюу сэргээн бүтээсэн уран бүтээлийн найруулагчийн төлөвлөгөө, сценари-цомог, хөтөлбөр, нот, хувцасны загвар /эскиз/, тайз, хувцас, нүүр будгийн загвар, макет, хөтөлбөр, кино буюу жүжгийн зохиол, жүжгийн, гэрлийн, хөгжим чимэглэлийн дараалал /партитур/, мантажийн тэмдэглэл, бүжгийн цомнол зэрэг баримтыг бүрдүүлж байгууллагынхаа архивт хадгална.
 
 
 
Найм. Бусад зүйл
 
8.1             Мэргэжлийн урлагийн байгууллагын үйл ажиллагааны бусад харилцааг байгууллагын дотоод журам, уран бүтээлчидтэй хийсэн гэрээгээр зохицуулна.
8.2             Мэргэжлийн урлагийн байгууллагын дүрмийг Гэгээрлийн сайдын тушаалаар баталж, батлагдсан өдрөөс эхлэн хүчинтэйд тооцогдоно.
8.3             Мэргэжлийн урлагийн байнгын дүрэмд өөрчлөлт оруулах тухай мэргэжлийн урлагийн байгууллагын дарга, захирал уран сайхны зөвлөл хэлэлцэн Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад санал болгоно.
 
 
----------оОо-------