Хэвлэх DOC Татаж авах
 /БОНХАЖС-ын 2015-А-138 дугаар тушаалаар хүчингүй болсон/
 
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын
2009 оны 12 -р сарын 29-ний өдрийн 417 дугаар  
тушаалын хавсралт
 
 

НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЭРХ ЗҮЙН ОРЧИН

           

1.1        Аргачлалд хэрэглэсэн нэр, томъёоны хялбаршуулсан тайлбар

 
Нөхөн сэргээлтийн гол нэр томъёог хэрэглэхдээ "Эвдэрсэн газрын нөхөн сэргээлт. Нэр томъёо, тодорхойлолт MNS 5914 : 2008" стандартыг баримтална. Харин энэхүү аргачлалд зарим нэр томъёог хэрэглэхэд дөт болгох үүднээс дээрх стандарттай нийцүүлэн хялбаршуулсан тайлбар хийж хүснэгт 1-д үзүүлэв.
 
Хүснэгт  1. Нэр томъёоны хялбаршуулсан тайлбар
Нэр томъёо
Хялбаршуулсан тайлбар
Ерөнхий ойлголт
Газрын эвдрэл
Ашигт малтмал олборлох, геологи-хайгуулын ажил гүйцэтгэх, судалгаа хийх, барилга байгууламж барьж байгуулах, хөрсөн бүрхэвчийн эвдрэл үүсгэхүйц бусад төрлийн ажил гүйцэтгэх, тэрчилэн тухайн орчны гидрологийн горим алдагдах, үүсмэл гадаргуу үүсгэх зэргээр газрын төлөв байдлын бусад шинж чанар өөрчлөгдөх үйл явц
Эвдэрсэн газар
Эвдрэлийн улмаас аж ахуйн анхдагч үнэ цэнээ алдаж,  хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэх эх үүсвэр болж хувирсан газар
Газрын нөхөн сэргээлт
Эвдэрсэн газрын аж ахуйн үнэ цэн, бүтээмжийг нь сэргээх, тэрчилэн хүрээлэн буй орчны нөхцөлийг нийгмийн ашиг сонирхолд нийцүүлэн сайжруулахад чиглэсэн  цогц арга хэмжээ
Техногенез
Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны нөлөөгөөр байгалийн бүрдэл хэсгүүд болон биогеоценоз өөрчлөгдөх үйл явц
Биогеоценоз
Сав шим бүлгэмдэл (Биоценоз, түүнтэй харилцан үйлчлэлцэж орших агаар мандал, усан мандал, хөрсөн бүрхэвч нь нэг төрлийн шинжтэй, дотоод харилцан уялдаа холбоогоор нөхцөлдсөн дэлхийн гадаргын хэсэг)
Биоценоз
Эх газар, усан сангийн тодорхой ямар нэгэн төрлийн хэсэгт тархсан организм, мөөг, ургамал, амьтны харилцан зохицсон уялдаа холбооны нийтлэг цогц бөгөөд энэ нь хүрээлэн буй орчныхоо нөхцөлд мөн нэгэн адил зохицох үзэгдэл
Үүсмэл ландшафт
Бүтэц ба хэлбэршилтийн онцлог шинж чанар нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаар нөхцөлдсөн антропоген ландшафт                                
Уулын үйлдвэрийн ландшафт
Бүтэц ба хэлбэршилт нь уулын олборлох болон боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаагаар нөхцөлдсөн техноген ландшафт
Нөхөн сэргээсэн уулын үйлдвэрийн ландшафт
Нөхөн сэргээлтийн явцад нийгмийн хэрэгцээ шаардлагын дагуу тухайн газрын аж ахуй, байгаль хамгааллын болон гоо зүйн үнэ цэнийг сэргээх үйл ажиллагаатай хамтдаа төлөвлөгдөн үүсч бий болсон уулын үйлдвэрийн ландшафт
Үүсмэл гадаргуу
Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны үр дүнд бий болсон гадаргуу
Биологийн нөхөн сэргээлтэд зориулан уулын чулуулгийг ангилах
Хөрсний шинж чанарыг нь харгалзан хучаас болон агуулагч чулуулгийг биологийн нөхөн сэргээлтэд тохиромжтой байх талаас нь үнэлсэн задаргаа
Газрын нөхөн сэргээлтийн чиглэл
Эвдэрсэн газрыг аж ахуйн тодорхой зориулалтаар ашиглахын тулд хийх нөхөн сэргээлт 
Тайлбар: Нөхөн сэргээлтийн үндсэн чиглэлд хөдөө аж ахуйн, ойн аж ахуйн, усны аж ахуйн, амралт сувиллын гэх мэт чиглэлүүд хамаарна.
Үүсмэл ландшафтын үр ашгийг сэргээх
Нийгмийн хэрэгцээ шаардлагыг харгалзан үүсмэл ландшафтыг шинэчлэн зохион байгуулах замаар түүний бүтээмж, байгаль хамгаалал, аж ахуйн болон гоо зүйн үнэ цэнийг нь сэргээх ба дээшлүүлэхэд чиглэсэн ажиллагаа
Хөрсний чанарыг сайжруулах ажиллагаа
Хөрсний үржил шимт давхарга эсвэл потенциал үржил шимт чулуулгийг хуулж тээвэрлэн бүтээмж багатай буюу үржил шим багатай газрын чанарыг сайжруулах зорилгоор байршуулах цогц үйл ажиллагаа
Газрын нөхөн сэргээлтийн техникийн үе шат
 
 
Эвдэрсэн газрыг цаашид аж ахуйн тодорхой зориулалтаар ашиглах зорилгоор бэлтгэл байдлаар нөхөн сэргээх үе шат.
Тайлбар: Нөхөн сэргээлтийн техникийн үе шатанд дүүргэлт, булшлалт, тэгшлэлт, хажуу налуугийн хэлбэршүүлэлт, хөрс хуулалт, хуулсан хөрс ба үржил шимт чулуулгийг нөхөн сэргээж буй газарт тээвэрлэн хүргэж хучилт хийх, шаардлагатай тохиолдолд усалгаа хийх, зам болон тусгай зориулалтын гидротехникийн байгууламжуудыг барьж байгуулах зэрэг ажил багтана. 
Хажууг налуулан засах
Ил уурхайн ухашны хажуу болон овоолгын хажуугийн налуугийн өнцгийг багасгах зорилгоор хийх газар шорооны ажил 
Овоолгыг хэлбэршүүлэх
Дараа нь ашиглахад таатай нөхцөл бүрдүүлэх зорилгоор овоолгын хэлбэрийг өөрчлөх
Нөхөн сэргээлтийн үе давхарга
Техникийн нөхөн сэргээлтээр биологийн нөхөн сэргээлтэд ашиглахад тохиромжтой нөхцөл бүхий зориуд бэлтгэсэн хөрсний өнгөн давхарга
Нөхөн сэргээлт хийж буй хэсгүүдийг засварлах
Овоолгын чулуулгийг нягтруулах ба нөхөн сэргээлт хийх үеийн эвдрэлээс үүссэн үүссэн гадаргуугийн тэгш бус байдал, мөн түүнчлэн гидротехникийн байгууламж, замын өөг арилгах ажил
Хөрсний үндсэн сайжруулалт
Ургамлын ургалтад таагүй нөлөөлөх овоолгын өнгөн давхарга дахь чулуулгийн шинж чанарыг үндсээр нь сайжруулж, тарьцны ургац, чулуулгийн шимт чанарыг тасралтгүй дээшлүүлэхэд чиглэсэн хөрс сайжруулах арга ажиллагаа
Тайлбар: Үндсэн сайжруулалтад төрөл бүрийн зориулалт бүхий бодисоор хөрс тордох арга хэмжээ багтана.
Газрын нөхөн сэргээлтийн биологийн үе шат
 
Эвдэрсэн газрын үржил шимт чанарыг сэргээхэд чиглэсэн агротехник болон фитомелиорацийн арга ажиллагааг иж бүрэн хамарсан нөхөн сэргээлтийн үе шат
Чулуулгийн бүрдлийн ангилал
Эвдэрсэн газрын өнгөн үе давхарга дахь уулын чулуулгийн бүрдлийг геологийн шинж чанар, мөхлөгийн бүтэц болон химийн шинж чанараас нь хамааруулан биологийн нөхөн сэргээлтэд ашиглахад хэр зэрэг тохиромжтой болохыг тогтоосон задаргаа
Хөрсний шимт давхарга
Ургамлын ургалт, төлжилтөд маш таатай нөлөөлөхүйц физик, хими, биологийн шинж чанартай, ялзмаг бүхий хөрсний давхарга
Потенциал шимт чулуулаг
Ургамлын ургалт, төлжилтөд хязгаарлагдмал хүрээнд таатай нөлөө үзүүлэхүйц физик, химийн шинж чанар бүхий уулын чулуулаг
Хэрэгцээ багатай чулуулаг
Ургамлын ургалт, төлжилтөд таатай нөлөөгүй физик, химийн шинж чанар бүхий уулын чулуулаг
Хэрэгцээгүй чулуулаг
Мөхлөгийн бүтэц, физик болон химийн шинж чанараараа ургамлын ургалт, төлжилтөд саад учруулах уулын чулуулаг
Тайлбар: Ийм төрлийн чулуулагтай нөхцөлд эдийн засгийн үр ашгийг нь нэмэгдүүлэхийн тулд хөрс сайжруулах үндсэн арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай.
Биологийн хөрсний сайжруулалт
Агротехникийн болон гидромелиорацийн арга ажиллагааны системийг хэрэгжүүлэх замаар эвдэрсэн газрын хөрсний үржил шим, хөдөө аж ахуйн болон ойн өсгөврүүдийн ургац өгөх чадварыг эрчимтэйгээр дээшлүүлэхэд чиглэсэн хөрс сайжруулах арга хэмжээ
Тайлбар: Биологийн нөхөн сэргээлтийн үндсэн арга ажиллагаанд органик болон эрдэс бордооны их тун хэрэглэх, олон наст буурцагт ургамлын суулгац тариалах, хөрс сайжруулах зориулалт бүхий мод, бут сөөг тариалах зэрэг багтана.
Хөрс сайжруулалт хийх үе
Үндсэн болон биологийн хөрс сайжруулалтын арга хэрэгслүүдийг ашиглан нөхөн сэргээсэн газрын чанарыг сайжруулах, түүний үржил шимт чанарыг сэргээхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд тохиромжтой цаг хугацааны зааглал
Хөрсний үржил шим
Ургамлыг шаардлагатай шим тэжээлийн бодис, усаар хангах, үндэсний системийг агаар болон тохиромжтой дулааны нөхцөлд байлгаснаар ургамлын ургах ба өндөр ургац өгөх нөхцөлийг бүрдүүлэх чадвар  
 

1.2        Нөхөн сэргээлтийн эрх зүйн орчин

 
Эвдэрсэн газрын нөхөн сэргээлттэй холбогдох хууль, дүрэм журамд тусгагдсан гол заалтууд болон 2008 онд Байгаль орчны яам, Стандарт, хэмжилзүйн үндэсний төв, ШУТИС-ийн Уул уурхайн сургууль, ХААИС, "Хариуцлагатай уул уурхай" ТББ хамтран боловсруулж мөрдүүлсэн эвдэрсэн газрын нөхөн сэргээлтийн стандартуудыг дор тоймлон үзүүлэв.
 
"Ашигт малтмалын тухай" хуулийн заалтаас…
 
38 дугаар зүйл. Байгаль орчныг хамгаалах талаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх үүрэг.
 
38.1.8. Байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгаа болгон холбогдох сум, дүүргийн Засаг даргын нээсэн тусгай дансанд байгаль орчныг хамгаалах арга хэмжээнд шаардагдах тухайн жилийн зардлын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг шилжүүлэх;
38.3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг бүрэн биелүүлээгүй бол сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.8-д заасан хөрөнгөөр байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг гүйцэтгүүлэх бөгөөд нэмж шаардагдах хөрөнгийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс үл маргах журмаар гаргуулах;
38.4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд тусгагдсан үүргээ бүрэн биелүүлсэн бол энэ хуулийн 38.1.8-д заасан хөрөнгийг түүнд буцааж өгөх;
39 дүгээр зүйл. Байгаль орчныг хамгаалах талаар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх үүрэг.
 
39.1.9. Байгаль орчныг хамгаалах үүргээ биелүүлэхийн баталгаа болгож, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас нээсэн тусгай дансанд байгаль орчныг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах тухайн жилийн зардлын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг шлжүүлэх;
39.3. Байгаль орчныг нөхөн сэргээх арга хэмжээг бүрэн биелүүлээгүй бол байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 39.1.9-д заасан хөрөнгөөр байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг мэргэшсэн байгууллагаар гүйцэтгүүлэх бөгөөд нэмж шаардагдах хөрөнгийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс үл маргах журмаар гаргуулах;
39.5. Энэ хуулийн 39.3-т заасан мөнгөн хөрөнгийг тухайн жилийн олборлолтын ажил эхэлснээс хойш 1 сарын хугацаанд шилжүүлэх бөгөөд энэхүү шилжүүлэг хийгдсэн талаар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн сум, дүүргийн Засаг даргад мэдэгдэх;
39.6. Энэ хуулийн 39.5-д заасан хугацаанд мөн хуулийн 39.1.9-д заасан мөнгөн хөрөнгийг шилжүүлээгүй бол сум, дүүргийн Засаг дарга уурхайн тухайн жилийн олборлолтын ажлыг зогсоох эрхтэй;
39.7. Тухайн жилийн нөхөн сэргээлтийн ажлыг хийгээгүй тохиолдолд сум, дүүргийн Засаг дарга болон Мэргэжлийн хяналтын алба хамтран дараагийн жилийн олборлолтын ажлыг эхлүүлэхгүй байх эрхтэй гэсэн заалтууд бий.
 
"Газрын хэвлийн тухай" хуулийн заалтаас…
 
20.4. Газрын хэвлийг ашиглах явцад эвдэрсэн газрыг аюул осолгүй болгож, цаашид ашиглаж болохуйцаар засч тохижуулан анх зөвшөөрөл олгосон нутгийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө.
411.2. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг үндэслэн байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөллийг арилгах, ашигт малтмалын орд, түүний хэсэг дээр малтсан газрыг дарах буюу цаашид ашиглаж болохуйцаар засч тохижуулах, хөрсийг нь нөхөн сэргээх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
 
"Байгаль орчныг хамгаалах тухай" хуулийн заалтаас…
 
31.4. Байгаль орчинд сөрөг нөлөөлөл бүхий үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагааныхаа сөрөг нөлөөллийг бууруулах, зогсоох болон байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлыг жил бүр төсөвтөө тусган хэрэгжүүлэх
"Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай" хуулийн заалтаас…
 
5.4.10. нөхөн сэргээлтийн төсөл (байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланд тусгах)
6.5. Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний биелэлтийн тайлан болон  хяналтын дүнг үндэслэн төсөл хэрэгжүүлэгчийн баталгааны мөнгийг буцаан олгох асуудлыг асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэнэ гэсэн заалтууд дээрх хуулиудад бий.
 
Нөхөн сэргээлтийн стандартууд
 
Нөхөн сэргээлтэд хэрэглэх гол нэр томъёо, уул уурхайн үйл ажиллагааны явцад эвдэрсэн газрыг ангилах, шимт хөрсийг хуулах, хадгалах, эвдэрсэн газрын нөхөн сэргээлт хийх техникийн ерөнхий шаардлага, эвдэрсэн газрыг ургамалжуулах стандартуудыг 2008 онд шинэчлэн баталсан. Эдгээр стандартуудын жагсаалтыг дор үзүүлэв:
 
1.      "Эвдэрсэн газрын нөхөн сэргээлт. Нэр томъёо, тодорхойлолт"
MNS 5914 : 2008, (MNS 17.5.1.13-80-ын оронд);
2.      "Уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаар эвдэрсэн газрын ангилал"  MNS 5915 : 2008, (MNS 17.5.1.18 : 1983-ын оронд);
3.      "Газар шорооны ажлын үед шимт хөрс хуулалт, хадгалалт"
 MNS 5916 : 2008, (MNS 4917 : 2000 болон MNS 4920 : 2000 -ын оронд);
4.      "Уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаар эвдэрсэн газрын нөхөн сэргээлт. Техникийн ерөнхий шаардлага" MNS 5917 : 2008,
(MNS 17.5.1.19-92, MNS 4915 : 2000 болон MNS 4916 : 2000 -ын оронд);
5.      "Эвдэрсэн газрыг ургамалжуулах. Техникийн ерөнхий шаардлага"
MNS 5918:2008, (MNS 4918 : 2000 болон MNS 4919 : 2000 -ын оронд).
 
Эдгээр стандартуудыг мөрдөхөд зориулан "Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх аргачлал"-ыг аргачлалыг боловсруулахдаа дээрх стандартуудын агуулга, заалтуудтай уялдуулахыг эн тэргүүнд авч үзсэн болно.
 
"Уурхайг түр болон бүрмөсөн хаах журам"-аас…
Энэхүү журмын гол зорилго нь уурхайг түр болон бүрмөсөн хаахад уурхай, уулын малталтын бүс дотор хүн аюулгүй байх, ажил гүйцэтгэх нөхцөлийг хангуулж, уурхайн эдэлбэрийн доторхи ашигт малтмалын хайгдсан нөөцийг иж бүрэн, эдийн засгийн хувьд ашигтай, аюул осолгүйгээр ашиглах, үлдэгдэл нөөцийг бүртгэлд авахад орших бөгөөд уг журмыг зөвхөн уурхайн уул-геологи, гидргеологи, техник-эдийн засгийн нөхцөл зэрэг гол үзүүлэлтүүдэд өөрчлөлт гарч, уурхайг түр болон бүрмөсөн хаах асуудлыг зохицуулахад мөрдөнө.
 
Тэрчилэн Үйлдвэр, худалдааны сайд, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайдын хамтарсан 2007 оны 296/25 дугаар тушаалаар баталсан "Уулын ажлын төлөвлөгөө, тайлан хянан зөвшөөрөх журам"-д уулын ажлын төлөвлөгөө, тайланг хянуулж батлуулахад байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээ, тооцоо, авах арга хэмжээний төлөвлөгөө, зардлын төлөвлөлт, техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн технологи, нөхөн сэргээлтийн талбайн 1:100, 1:2000 масштабтай дэвсгэр зурагтай байх асуудлыг журамлан заасан.
 

1.3        Газрын харилцаа

 
Манай улсад эдэлбэр газрыг ашиглах, эзэмших, өмчлөх, захиран зарцуулах явцад үүсэх аливаа харилцааг зохицуулах эрхзүйн баримт бичиг нь Монгол Улсын "Газрын тухай" болон "Газрын төлбөрийн тухай" хууль юм. Газрын нэгдмэл санг ашиглах зориулалтаар нь дараахь байдлаар ангилна. Үүнд:
1. Хөдөө аж ахуйн газар;
2. Хот, тосгон, бусад суурины газар;
3. Зам, шугам сүлжээний газар;
4. Ойн сан бүхий газар;
5. Усны сан бүхий газар;
6. Тусгай хэрэгцээний газар.
 
Дээрх ангиллын дагуу ашигт малтмал олборлох, боловсруулах зориулалтаар эзэмших газар нь хот, тосгон, бусад суурины газарт хамаарах бөгөөд уул уурхайн зориулалтаар газар эзэмших буюу ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалтын явцад эвдэрсэн болон бохирдсон газрыг нөхөн сэргээх, хоргүйжүүлэн саармагжуулах, газрын эдийн засгийн чадавхи, нөөцийг нэмэгдүүлэх, газарзүйн болон газрын харилцааны таатай орчин бүрдүүлэх (эвдэрсэн газрыг ойн аж ахуй, усны аж ахуй, загасны аж ахуй, байгаль хамгаалал, ариун цэвэр, эрүүл ахуй, барилгын чиглэлээр нөхөн сэргээх г.м) зэргээр нөхөн сэргээх нь юу юунаас чухал юм.
 
            Аливаа газрыг үл хөдлөх хөрөнгө болох утгаар нь голлон анхаарах бус түүнийг байгаль орчны чухал ач холбогдол бүхий бүрэлдүүн хэсэг (хөдөө аж ахуй, усны аж ахуй, болон ойн аж ахуй г.м), үйлдвэрлэлийн хэрэгсэл гэсэн утгаар нь нэн тэргүүнд хамгаалах зарчим баримтлах бөгөөд энэхүү зарчмын дагуу уул уурхайн олборлолт, боловсруулалт явуулж буй аж ахуйн нэгжүүд хүрээлэн буй орчинд хохирол учруулахгүй, өөрсдийн үйл ажиллагааныхаа явцад эвдэрсэн газрыг зохих стандарт, норм, шаардлагын дагуу нөхөн сэргээлтийн ажлыг цаг хугацаанд нь чанартай сайн хийсэн бол уул уурхайн зориулалтаар эдэлбэр газрыг эзэмших давуу эрхийг эдэлнэ. "Газрын тухай" Монгол Улсын  хуульд "Хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдсон газрыг өөрийн хүч, хөрөнгөөр нөхөн сэргээсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн газрыг эзэмшүүлж болно" гэж хуульчлан баталгаажуулсан билээ.
 
  Ашигт малтмал олборлох, боловсруулах явцад хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчныг эн тэргүүнд хамгаалах зарчмыг баримтлах ёстой. Энэ зарчмын хүрээнд газар эзэмших болон хамгаалах үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд хүний амь насыг хамгаалах, эрүүл мэндэд нь сөрөг нөлөөлөл учруулахаас урьдчилан сэргийлэх бүх талын арга хэмжээ авч, түүнд шаардагдах өртөг зардлаас үл хамааран нөхөн сэргээлтийн арга ажиллагааг төгс хэрэгжүүлсэн байх шаардлагатай.
 
Уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа ба иргэдийн ашиг сонирхлыг өөр хооронд нь уялдуулах зарчимд тулгуурлан явуулах бөгөөд энэ хүрээнд иргэн бүр өөртөө ногдсон эдэлбэр газраа чөлөөтэй өмчилж, захиран зарцуулахад уурхайн үйл ажиллагааны улмаас ямар нэг байдлаар саад болохгүй байхын зэрэгцээ газрын ашиглалт ба хамгаалалтын зохицуулалт бүх талаараа нийгмийн ашиг сонирхолд нийцсэн байх шаардлагатай. Энэхүү шаардлагыг харгалзан ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт хийхэд тухайн орчинд оршин сууж буй иргэдийн санал бодлыг авч, тэдний оролцоог хангахын дээр эвдэрсэн газрын нөхөн сэргээлтийг зохих стандартын дагуу чанарын өндөр түвшинд гүйцэтгэж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах баталгааг хангах ёстой. 
  
Ашигт малтмал эрж хайх, олборлох, боловсруулахтай холбоотой аль нэг төрлийн харилцаа "Газрын тухай" хууль тогтоомжид тусгагдаагүй бол түүнийг тухайн салбарын холбогдох хууль тогтоомжоор зохицуулна. Ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалтын явцад эвдэрсэн газрыг нөхөн сэргээхтэй холбоотой үйл ажиллагааны хариуцлагыг тогтоох, түүний санхүүжилт болон учирсан хохирлын нөхөн төлбөрийн нэхэмжлэл гаргах этгээдийг олж тогтоохын тулд газрын харилцаанд оролцогчдын газартай харьцах хэлбэрийг харгалзах бөгөөд үүнийг дараахь байдлаар ангилдаг. Үүнд:
Газар өмчлөх -тухайн газрыг захиран зарцуулах эрхтэйгээр хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгах;  
Газар ашиглах -хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэх;
Газар эзэмших -газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгах.

Ашигт малтмалын эрэл-хайгуул хийх, олборлолт, боловсруулалт явуулахад газар эзэмших эрх авах шаардлагатай. Монгол Улсын "Газрын тухай" хуульд "Газар эзэмших эрхийн гэрчилгээг зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгоно" гэж заасан байдаг. Газар эзэмших эрхийн гэрчилгээг төрлөөр нь гэр бүлийн хамтын хэрэгцээний, төрийн байгууллагын, аж ахуйн нэгж, байгууллагын гэж хуваадаг.

 
"Газрын тухай" Монгол Улсын хуульд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахад байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлсэн талаархи дүгнэлт, тодорхойлолт гаргуулсан байх, тэрчлэн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, нөхөн сэргээлтийн арга хэмжээг хэрэгжүүлээгүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор хуульчилсан.
 
Ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалтын ажил явуулахын тулд нөхөн сэргээлтийн төсөл боловсруулж, эрх бүхий байгууллагаар батлуулан ажилласны үндсэн дээр үйл ажиллагааныхаа туршид нөхөн сэргээлтийг үе шаттай явуулж, үр дүнгийн тайлан бичиж, жил бүрийн ажлын төгсгөлд орон нутгийн холбогдох байгууллагад хүлээлгэн өгч байхаас гадна үйлдвэрлэлийн ажил бүрэн дууссаны дараа хаалтын нөхөн сэргээлтийг төгс хийж, өөрийн эзэмшилд байсан газрыг орон нутгийн засаг захиргаанд зохих журмын дагуу хүлээлгэн өгөх шаардлагатай.
  

1.4        Эвдэрсэн газар болон нөхөн сэргээлтийн өнөөгийн байдал

 

1.4.1       Газрын эвдрэл                                                               

Газрын эвдрэл гэдэг нь хөрсний эвдрэлээс арай илүү өргөн хүрээний ойлголт бөгөөд хөрс болон газрын хэвлий эвдрэлд орохыг хамтад нь газрын эвдрэл гэнэ. Хөрс байгалийн болон хүний үйл ажиллагааны нөлөөгөөр элэгдэж, эвдрэх үйл явцыг хөрсний эвдрэл гэнэ. Хөрсний эвдрэлээр хөрсний шимт чанар алдагддаг учраас ургамал ургахгүй болох, амьд организмын амьдрах орчин алдагдах, хөрсөн бүрхэвч элэгдэл, эвдрэлд хурдан орох гэх мэтээр хурдас чулуулгийн эвдрэлийг бодвол экологийн хохирол илүүтэйгээр учирна. Хөрс, газрын эвдрэл, элэгдэлд зөвхөн хайгуул, олборлолт явуулсны үр дүнд үүссэн ухаш, хотос, хотгороор хязгаарлагдахгүй, уурхай орчмын газрын талхагдал мөн нэгэн адил хамрагдана.      
 
Уул уурхайн үйл ажиллагаанд өртөж эвдэрсэн газрын гадаргын өнгөн хэсгийн үржил шимт ялзмагт давхарга бүхий хөрсөн бүрхэвч эвдрэлд хүчтэй орно. Газар бүр байгаль газарзүйн онцлогоос хамааран янз бүрийн үржил шим бүхий хөрстэй байх учраас тухайн газрын хөрсний шинж чанарыг иж бүрэн тусгасан чанарын үнэлгээ хийгдсэн байх ёстой. Хөрснөөс доош түвшинд эвдэрсэн газрыг газрын хэвлийн эвдрэлд хамааруулна. Хурдас чулуулгийг хатуу хад чулуу, хайргархаг сэвсгэр хурдас гэж бүрэлдэхүүний хувьд 2 хуваана. Хөрснөөс доош ихэвчлэн сэвсгэр хайрга, чулуурхаг хурдас тархдаг.
 

 

Газрын эвдрэл
Хөрсний эвдрэл
Хурдас чулуулгийн эвдрэл
Газрын гадаргын дээд хэсэг буюу дунджаар 0.5 м хүртэл хэсэг хамаарна.
 
0.5 м-ээс доош хэсэг хамаарна.

 

 

 
 
 
 
 
 

Зураг 1. Газар, хөрсний эвдрэлийн төрөл
 
Уул уурхайн үйл ажиллагаа явуулж дууссан газрын хөрсөн бүрхэвчийн эвдрэлийн зэрэглэлийг тогтоосон байх шаардлагатай. Хөрсний эвдрэлийн зэрэглэлийг харьцуулсан судалгаагаар тодорхойлно. Тухайлбал, тухайн газрын хөрстэй адил нөхцөлд орших хүний үйл ажиллагааны нөлөөлөлд ороогүй болон эвдрэлд орсон хөрстэй газруудад хөрсний зүсэлт хийж, морфологи тогтцын бичиглэл, хөрсний дээж авч, шинжилгээ хийсний үндсэн дээр үр дүнг харьцуулах аргаар тогтооно.
 
Хөрсний эвдрэлийн зэрэглэлийг ялзмагийн нөөцөөр тогтооход, хөрсний үе давхаргуудын зузаан, ялзмагийн агууламж, эзлэхүүн жин гэсэн үзүүлэлтүүдийг тогтоосон байх шаардлагатай. Хөрсөн бүрхэвч байхгүй болсон газар "онцгой их" эвдрэлтэй хөрсний зэрэглэлд багтана. Үүнд: ил уурхайг ухаж, хөрс үүсгэгч чулуулаг гадарга дээр ил гарсан газрууд орно. "Хүчтэй" эвдрэлд орсон хөрсний "А"  давхарга байхгүй болж зөвхөн "В" давхаргын тодорхой хэсэг нь үлдсэн байдаг. "Их" эвдрэлд орсон хөрсний талаас ихэнх хувь нь алга болсон байх жишээтэй.  
 
Хүснэгт 2. Өнгөн хөрсний эвдрэлийн шинж чанарын үзүүлэлт
Үзүүлэлтүүд
Хөрсний эвдрэлийн зэрэглэл
Эвдрэлгүй
Бага
Дунд
Их
Хүчтэй
Онцгой их
Ялзмагт давхаргын зузааны багасалт, %-иар
<5
5-25
25-50
50-75
75-95
95<
Чулуу, % (>2мм)
< 10
10 – 25
25 – 50
50 - 75
75 - 90
90 <
Карбонат илрэх гүн, см (карбонатгүй болон дээрх карбонаттай хөрсөнд хамаарахгүй)
< 30
30-20
20-10
10 - 5
0-5
өнгөнөөс
Бүтцийн хэврэгшилт, зэргээр
6
5
4
3
2
1
 
Хөрсний эвдрэлд газарзүйн хүчин зүйлүүд тодорхой нөлөө үзүүлнэ          (Хүснэгт 3).  Хэт налуу газарт байгалийн элэгдэл, эвдрэл илүү их явагддаг онцлогтой. Гуу жалга үүсч бий болох нь хөрсөн бүрхэвчийн шугаман элэгдэл, эвдрэлийн гол үзүүлэлтийн нэгд тооцогддог. Уул уурхайн үйлдвэрлэл явуулж буй нутаг дэвсгэрийн хөрсөн бүрхэвчийн эвдрэлийг судлахдаа байгалийн аясаар болон хүний үйл ажиллагааны нөлөөгөөр эвдэрсэн хөрсний ялгааг тогтоох шаардлагатай. Нөхөн сэргээлтэд хүний үйл ажиллагааны нөлөөгөөр эвдэрч доройтсон буюу уурхайн үйл ажиллагаанд өртсөн хөрсөн бүрхэвчийг илүүтэй хамруулах ёстой. Тухайн газрын хөрсний эвдрэлийг хээрийн нөхцөлд шууд тогтоох хамгийн хялбар арга нь ялзмагт давхаргын зузааны багасалтыг ижил нөхцөлд зэргэлдээ орших эвдрэлд ороогүй хөрстэй харьцуулан судлах арга юм. 
 
Хүснэгт 1. Хөрсний эвдрэлийн газарзүйн үзүүлэлт
¹
Үзүүлэлтүүд
Эвдрэлгүй
Бага
Дунд
Их
Хүчтэй
Онцгой их
1
Налуу, град
< 3
3 - 5
5 - 8
8 - 15
15 - 25
25 <
2
Гуу жалгын нягтрал,  км/км2
0
< 1
1 - 2
2 - 3
3 - 5
5 <
3
Ургамлан бүрхэвч, %
> 90
70 - 90
50 - 70
30 - 50
10 - 30
10 >
4
Гадаргын хад чулуу, %
0
< 10
10-30
30-50
50-70
70-100
5
Гадаргын элсэн бүрхэц, %
0
0-20
20-40
40-60
60-80
80 <

 

Уул уурхайн үйл ажиллагааны улмаас ихээхэн хэмжээний хөрс эвдрэлд ордог. Эвдэрсэн газрыг нөхөн сэргээж, байгалийн унаган төрхөд нь оруулах, хөрс, ургамлан бүрхэвчийг нөхөн сэргээх нь Монгол орны хувьд тулгамдсан асуудлын нэг болоод байна. Манай оронд уул уурхайн үйл ажиллагаанаас эвдрэлд орсон газарт техникийн болон биологийн гэсэн хоёр төрлийн нөхөн сэргээлт хийгдэж байна. Техникийн нөхөн сэргээлтэд гол төлөв дүүргэлт хийх, тэгшлэх, шимт хөрсөөр хучиж биологийн нөхөн сэргээлтэд бэлтгэх үйл ажиллагаа хамрах бөгөөд харин биологийн нөхөн сэргээлтэд техникийн нөхөн сэргээлт хийсэн газрыг ургамалжуулах үйл явц хамрагдана. Тухайн газар орныг байгалийн унаган төрхөд нь оруулах, ургамалжуулах ажлын гол үндэс суурь нь тодорхой шимт чанар бүхий хөрсөн бүрхэвчийг бий болгох явдал юм. Үржил шимт хөрсгүй газарт ургамал бараг ургахгүй буюу ургуулахын тулд ихээхэн хэмжээний нэмэлт зардал шаардагдана. Уул уурхайн эвдрэлд орсон хөрсөн бүрхэвчийг нөхөн сэргээх шинжлэх ухааны үнэдслэлтэй арга зүй, аргачлалыг хэрэглэснээр эвдрэлд орсон газар хурдан нөхөн сэргээгдэх болно. Хөрсөн бүрхэвчийн нөхөн сэргээлтийн гол зорилго нь тухайн газар байсан хөрсний шинж чанартай аль болох адил төстэй хөрсөн бүрхэвчийг бий болгох явдал юм. 
 

1.4.2       Эвдэрсэн газрын өнөөгийн байдал

 
Сүүлийн жилүүдэд манай улсад уул уурхайн салбар хурдацтай хөгжиж байгаагийн дотор алт олборлолтын ажил эрчимтэй явагдаж, 300 шахам сая шоо метр газар шорооны ажлаар газрын хэвлий эвдэрч, геологийн эрэл хайгуулын ажлын явцад 1721.9 га, ашигт малтмалын олборлолтоос 14565.0 га, зам тээвэр, холбооны барилга засвар үйлчилгээний ажлаас 1206.4 га газар эвдэрч, газар нутгийн унаган төрх ихээр алдагдан мал аж ахуй, газар тариалангийн үйл ажиллагаанд бэрхшээл учирч, олон гол горхи ширгэн гол мөрний усны түвшин буурч, байгаль орчинд их хэмжээний хохирол учирсан байна.
Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 41.3% нь гандуу нутагт хамаарагдана. Гандуу нутгийн 76.0% нь цөлжилт сул, 20.0% нь дунд зэрэг, 3% нь хүчтэй, 1.0% маш хүчтэй илэрсэн гэсэн тооцоо байдаг. Монгол орны нийт нутгийн 121.7 сая га газар эвдрэлд орсноос, 91.7 сая га газар салхины эвдрэлд, 21.2 сая га газар усны эвдрэлд, 7.9 сая га газар элсээр хучигдсан, 1.0 сая га газар замын эвдрэлд орсон, нийт бэлчээрийн 30 орчим нь талхагдсан байна. Одоогийн байдлаар манай улсын тариалангийн нийт эргэлтийн талбайн 46.5 % нь элэгдэж, эвдэрсэн хөрстэй болжээ.
 
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, хүний аж ахуйн зохисгүй үйл ажиллагаанаас шалтгаалан нийлбэр ууршцын хэмжээ өндөр уулын бүслүүр, ойт хээрийн бүсэд 10.2-15.0 хувиар ихэсч, XXI зууны эхний хагас дахь нийлбэр ууршцын өөрчлөлт нь хур тунадасны өсөлтөөс 6-10 дахин давах төлөвтэй байгаа бөгөөд газар нутгийн 77.8% нь эвдрэлд орж доройтон, олон арван гол горхи ширгэжээ. Тухайлбал, 2007 онд гадаргын усны тооллого хийхэд 5121 гол горхи тоологдсоны 887 нь, 9340 булаг, шанд тоологдсоны 2096 нь, 3732 нуур, цөөрөм тоологдсоноос 1166 нь тус тус ширгэж, усгүй болжээ. Гол, горхийн эхэнд тэжээгдлийн мужид нь уул уурхайн олборлолт явуулснаас олон гол, горхи ширгэж, улмаар томоохон гол мөрний урсцыг багасгах үндсэн шалтгаан болдог байна.
 
Өнөөгийн байдлаар Монгол улсын уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт дотоодын 461 аж ахуйн нэгж 709 ашиглалтын лиценз, гадаадын хөрөнгө оруулалттай 77 аж ахуйн нэгж ашиглалтын 161 лиценз, хамтарсан хөрөнгө оруулалттай 59 компани 124 лиценз тус тус эзэмшиж, улсын хэмжээгээр нийт 205700.56 га талбай ашиглалтын лицензтэй байна. Иймээс ашигт малтмал олборлох, боловсруулах үйл ажиллагааг байгалъ орчинд халгүй технологиор сөрөг нөлөөлөл, хохирол багатай эрхлэн явуулах зайлшгүй шаардлага зүй ёсоор урган гарч байна.
 

1.4.3       Нөхөн сэргээлтийн өнөөгийн байдал

Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран нөхөн сэргээлтийн ажлыг харьцангуй сайн явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг сурталчлах, бусдад үлгэр дууриал болгох зорилгоор 2006 онд "Гацуурт" ХХК-ий олборлолт явуулж буй Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутагт орших  Зүүн Сөдөтийн алтны орд, 2007 онд Төв аймгийн Заамар сумын нутагт орших "Алтан Дорнод Монгол" ХХК болон "Монполимет" ХХК-ий олборлолт явуулж буй Бумбат, Тосонгийн ордууд, 2008 онд Сэлэнгэ аймгийн Баянгол, Мандал сумдын нутагт орших "Бороо Гоулд" ХХК-ий олборлолт явуулж буй Бороогийн алтны үндсэн орд, 2009 онд Багануурын нүүрсний уурхай зэрэг газруудад түшиглэн уул уурхайн олборлолт явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг оролцуулж, үзүүлэх сургуулийг үе шаттай зохион байгуулж байгаа нь үр дүнтэй арга хэмжээ болов.
 
Нөхөн сэргээлтийн аргачлал боловсруулах ажлын хэсгийн гишүүд хэд хэдэн газарт (Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутагт орших Олон-Овоотын үндсэн орд, Төв аймгийн Заамар сумын нутагт орших Тосонгийн алтны шороон орд, Улаанбаатар хотын Багануур дүүрэгт орших Багануурын нүүрсний уурхай, Сэлэнгэ аймгийн Баянгол, Мандал сумдын нутагт орших Бороогийн алтны үндсэн орд г.м) очиж, нөхөн сэргээлтийн ажлын үр дүнтэй танилцав. Манай орны нөхцөлд нөхөн сэргээлтийн ажлыг амжилттай хэрэгжүүлж буй зарим туршлагаас дурдвал, "Монполимет" ХХК 1997-2007 онуудад нийт 387.5 га талбайд алт олборлолтын үйл ажиллагаа явуулснааас 325.9 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 156.1 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийсэн байна. Тус компани зөвхөн 2007 онд 61.5 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 79.0 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийж, биологийн нөхөн сэргээлтээр модлог ургамалуудаас Америкийн саваа мод 10000 ш, Сибирийн цагаан улиас 6000 ш, орон нутгийн бургас 2000 ш-ийг тус тус тариалснаас гадна согоовор, царгас, ботууль, зүлэг зэрэг олон наст бэлчээрийн ургамлыг 79.0 га талбайд 19320 кг үр тариалж, дунджаар 1.0 м2 талбайд 24.4 гр үр суулгасан нь үр дүнтэй болжээ.
 
 Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутагт орших Олон-Овоотын алтны үндсэн ордын баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны явцад үүссэн нуурыг нөхөн сэргээлтэд бэлтгэсэн байна. Энэ онд 2.8 га талбайд заг тарьжээ. Загийг үрээр бортгонд тариад, хотхоны ойролцоох овооны ар талын талбайд шилжүүлэн суулгаснаас одоогоор нэлээд нь ургаж эхэлсэн байна. Мөн хотир суулгаснаас одоо 60 гаруй хувь нь сайн ургасан, үлдэх хэсэг нь ирэх жил сэргэж ургах байдалтай байна.
 
Уурхайн тосгоны талбайн замуудын дагуу хайлаас тарьсан нь ургалт сайтай байгаа бөгөөд замын дагуу тарьсан хайлаас нь 2 настай. Уурхайн хотхоны хажууд 3500-аад улиас, хайлаас, цөөн тооны саваа мод ургасан байна. Тосгоны хажууд тарьсан 5 настай хайлаас нь жижигхэн ойн төгөл болтол ургажээ. Ер нь говийн нөхцөлд хайлаас ургалт сайтай учир нөхөн сэргээлтэд ашиглах боломжтойг энэ жишээнээс харж болохоор байна. Энэ жил сухай модыг мөчрөөр тарьж эхэлсэн бөгөөд 2.0 га талбайд тарилт хийснээс гадна 300 ш хайлаасны суулгац бэлтгэж, Мандал-Овоо суманд өгчээ.
 
Хаягдсын овоолгын нөхөн сэргээлтийн талбайд 2008 оны байдлаар дараахь ажлыг хийж гүйцэтгээд байна. Үүнд:
-         Техникийн нөхөн сэргээлт 5.6 га
-         Биологийн нөхөн сэргээлт 0.88 га;
-         Хайлаас үрээр 160 м2;
-         Хайлаас суулгацаар 240 ш;
-         Туршилтаар зүлэг согооврын үр 200 м2 талбайд тарьсан.
 
Олон-Овоотын уурхай нь 2003 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд 2005 оноос техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн ажлыг хийж эхэлжээ. 2008 онд ил уурхайн техникийн нөхөн сэргээлтээр 30575.5 м3 уулын ажил гүйцэтгэж, 109.0 сая.төг зарцуулсан байна. Хүдэр баяжуулах үйлдвэрийн орчмын биологийн нөхөн сэргээлтийг 2.5 га талбайд хийж, 41.0 сая.төг тус тус зарцуулсан байна. Мөн 2005 оноос эхлэн эх ургамлын талбайтай болохын тулд мод үржүүлгийн газраас мод авч тарьж эхэлсэн. Эх ургамлын талбайд одоогийн байдлаар 3500 гаруй хайлаас, улиас, сухай, саваа мод ургаж байна.
"Багануур" ХК-ийн хувьд нөхөн сэргээлт хийсэн талбайг нийт эвдэрсэн газартай нь харьцуулан үзвэл 10% хүрэхгүй шахам байгаа нь хангалтгүй тоо боловч, нөхөн сэргээлт хийж эхэлсэн хугацаатай нь харьцуулан үзвэл чамлалтгүй хэмжээний ажлыг хийж гүйцэтгээд байна. Тус уурхай нь бие даасан Байгаль орчны албатай. Сүүлийн жилүүдэд нөхөн сэргээлтийн ажлыг харьцангуй сайн хийж байгаа газруудын нэг юм. Уурхайн ашиглалтын явцад уулын ажлын фронтын ахилтад орж байгаа болон гадна овоолгуудын ахилтад орж шинээр дарагдаж байгаа газруудын шимт ба шимэрхэг хөрсийг 70-120 см зузаантай хуулж, нөхөн сэргээлт хийх талбайн дагуу цувуулан нуруулдаж, шимт хөрсний овоолго хийж байгаа учир техникийн нөхөн сэргээлт хийсэн талбайг шимт хөрсөөр хучихад дахин тээвэрлэх шаардлагагүй сайн талтай байна. Тус уурхай 1999-2005 онд 865.5 мян.м3 шимт хөрс хуулж, 544.7 мян м3 шимт хөрс агуулахад байршуулжээ.
 
Нөхөн дүүргэсэн болон хуучин дотоод овоолгуудыг ЭШ-10/70 экскаватораар хэлбэршүүлэх ажлыг хийж байна. Хэлбэршүүлсэн газрын хажуу налууг 13-18 хэмээр налуулж, налуугийн 30 м дутамд 4 м өргөн, 1-3 градусын эсрэг налуу бүхий огтлолтой хамгаалах тавцан байгуулан үер, борооны усны хурд сааруулах, цуглуулж зайлуулах сувгийг тавцангийн хажуу ирмэгээр хийж байгаа нь үр дүнтэй болж байна. Сэргээх газрын үүсгэцийн хэлбэрийг орчны уул толгод, гүвээ давааны  ерөнхий хэлбэрт аль болох төстэй болгон хэлбэршүүлэхэд анхаарч, 1999-2005 онд  экскаватороор 97.0 га, бульдозероор 97.8 га, нийт 194.8 га талбайд засал хийсэн байна. Тус уурхай нь техникийн нөхөн сэргээлт хийхийн тулд дараахь хувилбаруудыг сонгон авч харьцуулалт хийсэн байна.
Үүнд:
·        Хэлбэршүүлэх талбайг 200 мм гүнтэй хаван сийрэгжүүлж, 300 мм зузаан шимэрхэг хөрсөөр суурилж тэгшлээд, 200 мм шимт хөрсөөр хучих;
·        Хэлбэршүүлэх талбайг 200 мм гүнтэй хаван сийрэгжүүлж,  200 мм шимт хөрсөөр хучаад, тэгшлэх;
·        Хэлбэршүүлэх талбайг 200 мм гүнтэй хаван сийрэгжүүлж, 300 мм зузаан шимэрхэг хөрсөөр хучаад, тэгшлэх;
·        Хэлбэршүүлэх талбайг 500 мм гүнтэй хаван сийрэгжүүлж, шимт хөрсөөр хучилгүй ургамал ургуулж турших;
·        Хэлбэршүүлэх талбайг 200 мм гүнтэй хаван сийрэгжүүлээд, 300 мм зузаантай шимт ба шимэрхэг хөрсний холимгоор хучиж, гадаргууг тэгшлэх зэрэг болно.
 
Эдгээрээс сонгон хэлбэршүүлэх гадаргууг 300 мм гүнтэй сийрэгжүүлж, 200 мм зузаантай шимт ба шимэрхэг хөрсний холимгоор хучин гадаргууг нь бульдозероор тэгшлэн булдаж, чийг хамгаалах үр цацах талбай бэлтгэн үрлэгчээр тариалалт хийж байна. 1999-2005 онд 90.5 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийж, шимт хөрсөөр хучин биологийн нөхөн сэргээлт хийхэд бэлтгэсэн байна. 1999-2006 онд 85.2 га талбайд агротехникийн боловсруулалт хийж, 80.9 га газарт биологийн нөхөн сэрээлт хийсэн. Тариалалтад хөрсийг тогтворжуулах, хөрсний элэгдлийг багасгахын тулд бүрхэвч ургамлаар вегетацийн хугацаа богинотой, ургах чадвар өндөртэй нэг наст ургамлын үр /арвай, хошуу будаа, рапс г.м/-ийг, байнгын ургамлаар олон наст бэлчээр тэжээлийн ургамлын үр /царгас, согоовор, ерхөг, өлөнгө г.м/-ийг сонгон авч, тэдгээрийг хольж тарьжээ. 2000-2004 он хүртэл биологийн нөхөн сэргээлт хийсэн 34.9 га талбайн ургамлын 62-75% нь орон нутгийн өвс ургамлаар бүрхэгдсэн байгаа нь цаашид байгалийн аясаар нөхөн сэргэх боломжтойг харуулж байна.
 
Биологийн нөхөн сэргээлт хийсний дараа цаашдаа байгалийн аясаар аяндаа нөхөн сэргэх боломжтой болсон газрыг орон нутгийн засаг захиргаанд хүлээлгэн өгч, ашиглалтад оруулж байх асуудлыг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
 
Нөхөн сэргээлтийн ажлын нэг гол хэсэг бол биологийн нөхөн сэргээлтэд ашиглах ургамлын үр ба суулгацаар хангах явдал юм. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд үр ба суулгац үржүүлэх ажлыг 10 орчим га талбайд хийж, усалгааны систем байгуулан үр тариа 3.8 га-д, бэлчээр тэжээлийн ургамал 6.9 га-д тариалан жилд 1.5 тн үр хураан авч, нөхөн сэргээлт хийх талбайн ургамалжуулалтын ажилд ашиглаж байна. Мөн техникийн нөхөн сэргээлт хийсэн талбай, замын дагуух болон услах боломжтой газруудад мод тарих зорилгоор бургас, улиас, долоогоно, чацарганы суулгац 10000 гаруйг суулгажээ.
"Бороо Гоулд" ХХК  2006 онд 40 га талбайд техникийн болон биологийн нөхөн тус сэргээлт, 2007 онд 53 га талбайд техникийн, 21 га талбайд биологийн нөхөн сэргээлтийн ажлыг тус тус хийж гүйцэтгэсэн байна. Уг ажлыг хийж гүйцэтгэхэд соргүй согоовор, царгас, ерхөг, арвай, хөх тариа зэрэг нэг болон олон наст ургамлын холимог үрийг тарьж ургуулснаас гадна үр үржүүлгийн талбай байгуулж, суулгацаар нарс, улиас, голт бор, агч, харгана, буйлс, хайлаас болон бургасыг 2 га талбайд тариалж, үр үржүүлгийн талбайтай болсон байна. Намар үрийг хураан авч, дараа жилийн нөхөн сэргээлтэд ашигладаг ажээ.
 
"Бороо Гоулд" ХХК нь үйл ажиллагааныхаа явцад дараахь асуудлуудыг голлон анхаарч ажиллажээ. Үүнд:
·        Олборлолт эхлэхээс уурхайн хаалт хүртэл төслийн үйл ажиллагаанд өөрчлөлт орох бүрт байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж,  байгаль орчныг хамгаалах болон нөхөн сэргээлтийн төлөвлөгөөгөө шинэчлэн боловсруулж, батлуулан мөрдөх;
·        Төсөл хэрэгжүүлэх явцад үүсэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах болон арилгахад чиглэсэн байгаль орчны удирдлагын систем (Байгаль орчны алба)-ийг ажиллуулах;
·        Хаягдсын сангийн менежементийн асуудлаар мэргэжлийн хүмүүсийг тогтмол ажиллуулах, зөвлөгөө авах, байнгын ажиглалт, хяналт хийх; 
·        Олборлолт явуулсан болон эвдэрсэн газарт жил тутмын байгаль орчныг хамгаалах болон нөхөн сэргээх ажлын төлөвлөгөөний дагуу газар ашиглалтад зохистой байдлаар нөхөн сэргээлт хийх;
·        Баяжуулах үйлдвэрийн хаягдсын сангийн аюулгүй байдлыг найдвартай хангах;
·        Жил тутмын байгаль орчныг хамгаалах болон нөхөн сэргээх ажлын зардлыг хүрэлцэхүйц хэмжээгээр төлөвлөж зарцуулах зэрэг болно.
 
2008 оны 12 сарын 31-ний байдлаар "Бороо Гоулд" ХХК-ий уурхайн олборлолтод өртөж, эвдэрсэн газрын талбайн хэмжээ 671.1 га байсан байна. Үүнээс 2003-2008 он хүртэл 155.8 га талбайг нөхөн сэргээсэн бөгөөд 2009-2013 он хүртэл 416.3 га талбайг нөхөн сэргээхээр төлөвлөсөн байна. Цаашид тус компани дараахь ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна. Үүнд:
·        Уурхайн үйл ажиллагаатай зэрэгцэн хийгдэх нөхөн сэргээлтийн ажлыг 2009-2013 онд хийж дуусгах;
·        Ил уурхайн олборлолтын үйл ажиллагааг 2010 оны 3 дугаар сард зогсоох;
·        Үйлдвэрийн бутлуурын хэсгийн үйл ажиллагааг 2010 онд дуусгах;
·        Уурхайн нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг 2010 оны дунд үеээс 2012 оны дунд үе хүртэл 2 жилийн хугацаанд хэрэгжүүлэх;
·        Ил уурхайн ухашны ирмэгийн дагуу тойруулан хамгаалалтын хаалт, далан байгуулах (Өрнөдийн уурхайнуудын стандарт жишгийн дагуу);
·        Овоолгуудыг 170-220 налуутай болгон хэлбэршүүлж, биологийн нөхөн сэргээлт хийж ургамалжуулах;
·        Хаядасны сангийн талбайд нөхөн дүүргэлт хийх, хэлбэршүүлэх, шимт хөрсний давхаргаар хучих, биологийн нөхөн сэргээлт хийх;
·        Нөхөн сэргээлтийн ажлын хяналт-шинжилгээний үйл ажиллагааг 2012 оны дунд үеэс 2015 оны дунд үе хүртэл нийт 3 жил үргэлжлүүлэхээр төлөвлөжээ.
 
"Бороо Гоулд" ХХК нь уурхайн хаалтын төслийг боловсруулж, бэлтгэл ажлыг хийж байгаа бөгөөд энэ нь уул уурхайн салбарын хувьд чухал асуудал юм. Уурхай хаагдсаны дараа тухайн орон нутагт элдэв нөлөөлөл үзүүлж болохоос гадна томоохон уурхай ажиллаж байгаа газар нутагт эдийн засгийн хувьд голлох үүрэг үзүүлж, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, тэдэнд нийгмийн үйлчилгээ үзүүлэх, санхүүгийн тогтвортой эх үүсвэрээр хангах зэрэг ач холбогдолтой. Иймээс уурхайн хаалттай холбогдож, байгаль орчны менежмент, нөхөн сэргээлт, ажилгүйдэл, дэд бүтэц зэрэг олон асуудлууд хөндөгдөнө. Уурхайн хаалтын ажиллагааг төлөвлөхөд зөвхөн хаалтын дараах сөрөг нөлөөллийг бууруулахад анхаарах бус, мөн тухайн орон нутгийнханд эерэг ашиг тус, боломжийг бий болгох асуудлыг давхар авч үзэх шаардлагатай. Уурхайн хаалтын төлөвлөгөөг аль болох эрт, боломжтой бол олборлолт эхлэхээс өмнө төлөвлөж, олборлолтын явцад тогтмол хянан засварлаж, үйл ажиллагааныхаа туршид үе шаттай хэрэгжүүлэх нь чухал байдаг.
 
"Монполимет" ХХК-ий Тосонгийн голдирлын алтны шороон ордын
нөхөн сэргээлтийн байдал
 
   
Зураг 2. Драглайны хайрганы овоолго тэгшлэх         Зураг 3. Үржил шимт хөрсөөр хучиж байгаа нь
 
 
  
  Зураг 4. Хөрсийг борнойдож булдаж байгаа нь                   Зураг 5. Ургамалжуулсан талбай 3 сарын дараа
 
 
     
 Зураг 6. Улиас, модлог ургамлын ногоон төгөл         Зураг 7. Нөхөн сэргээлтийн усалгаанд БНХАУ-ын
                 буюу зурвас байгуулсан байдал                          газар тариалангийн усалгааны системийг
 
Багануурын нүүрсний уурхайн нөхөн сэргээлтийн байдал
 
 
Зураг 8. Овоолгын гадаргыг нөхөн сэргээсэн байдал
 
 
   
     Зураг 9. Нөхөн сэргээсэн талбайг бэлчээрт         Зураг 10. Овоолгыг нөхөн сэргээх
       ашиглаж байгаа нь                                            хэлбэршүүлэлт хийж байгаа нь
 
 
   
Зураг 11. Нөхөн сэргээлтээр тарьж                          Зураг 12. Үр үржүүлгийн талбайд буй
ургуулсан улиас                                             усалгааны систем

 

 
  
Зураг 13. Хаягдсын сангийн талбайн нөхөн сэргээлт
  Зураг 14. Тарьж ургуулсан ойн төглийн хэсэг
 
  
         Зураг 15. Загийн суулгацыг    
             тариалалтадбэлтгэсэн байдал
       Зураг 16. Хүлэмжид тарьсан суулгац
 
 
      
   Зураг 17. Нөхөн сэргээлт хийсэн газрын хэсэг
       Зураг 18. Суулгацаар тарилт хийж
        байгаа нь

 

Бороогийн алтны үндсэн ордын нөхөн сэргээлтийн байдал
 
  
Зураг 19. YI ил уурхайн нөхөн сэргээлт
 
 
 
Зураг 20. Үрслүүрийн талбай
 
 
  
Зураг 21. Улиасны суулгац  тарилт
 
Зураг 22. Хаядсын сангийн далангийн хэлбэршүүлэлт

1.5        Нөхөн сэргээлтийн талаархи гадаадын зарим орнуудын туршлага                                                   

Уул уурхайн үйлдвэрлэл хөгжсөн Хойд Америк, Австрали, Европ зэрэг орнуудад нөхөн сэргээлтийг дэвшилтэт технологи ашиглан чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг байна. Дээрх газруудад ихэвчлэн уул уурхайн нөхөн сэргээлт хийдэг мэргэжлийн компаниуд уг ажлыг хариуцан гүйцэтгэдэг. АНУ-д "Ил уурхайн хяналт ба нөхөн сэргээлтийн акт" (Surface Mining Control and Reclamation Act-SMCRA)-ын дагуу нөхөн сэргээлтэд хэрэглэх зардал болон төлөвлөлтийг зохицуулдаг. Уул уурхайн эвдэрсэн газрыг нөхөн сэргээх ажлыг гүйцэтгэхэд гадаргыг хэлбэржүүлэх, хурдас чулуулгаар дүүргэх, шимт хөрсөөр хучих, ургамалжуулах гэсэн үе шаттай явуулдаг. Хучилт хийх хөрс нь ургамал ургах нөхцөлийг хангасан байх ёстой бөгөөд газарзүйн онцлогоос хамаараад АНУ-ын муж бүрт өөр өөр байдаг (Douglas J.Dollhopf, 2006) байна. Мөн нөхөн сэргээлт хийж байгаа хөрсний физик, хими, биологийн шинж чанарын талаар тусгайлан хөтөлбөр боловсруулж, хяналт (David Jasper 2006) хийдэг байна.    
 
АНУ, Канадын Умарт муж, ОХУ-ын Сибирь, Алс Дорнот, Казакстан зэрэг улс газар нутагт уулын ажлын зураг төсөл зохиох үе шатанд нөхөн сэргээлтийн болон уурхайн хаалттай холбоотой асуудлыг мэргэжлийн байгууллагууд гүйцэтгэдэг бөгөөд уурхайн эдэлбэрийн хүрээн дэх эвдэрсэн газрыг нөхөн сэргээхгүй орхихыг хатуу хориглодог. Ашиглалтын лицензийн хугацааг сунгахад лиценз эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ хангалттай хэрэгжүүлсэн эсэхийг гол үзүүлэлт болгон үздэг байна. Финлянд, АНУ зэрэг зарим оронд нөхөн сэргээлтийн болон уурхайн хаалтын үйл ажиллагааны зураг төсөл боловсруулсан мэргэжлийн байгууллага нь түүний хэрэгжилтийн байдалд зохиогчийн хяналт тавих үүрэгтэй ба хуулийн өмнө хариуцлага хүлээдэг ажээ. Польш улсад нөхөн сэргээлтийн зардлыг тусгай санд төвлөрүүлж, уг ажлыг мэргэжлийн төрөлжсөн компаниудаар хийлгэдэг жишээ байна. Тухайлбал, нүүрсний уурхайн нөхөн сэргээлт болон баяжуулах үйлдвэрийн хаядас боловсруулалтыг Польш, Унгарын хамтарсан "Хольдекс" компани дагнан гүйцэтгэдэг. Австрали улсад дор дурьдсан байгаль хамгаалах, нөхөн сэргээх чиглэлүүдийг баримталж байна.Үүнд:
-Дархан газар, байгалийн нөөц газар, үндэсний хүрээлэн (парк) байгуулах;
-Элсэрхэг хөрсийг 1.0 га-д 700 кг  азот, фосфор, калийн (N+P+K) нийлмэл бордоогоор бордох, шохойн чулуу хольж, pH-ийг саармагжуулах арга хэмжээ авах, олон наст буурцагт болон үетэн ургамал тариалах, загийн төгөл суулгах;
-Эдэлбэр газрын нөхөн сэргээлт хийх техникийн боломж бүхий компанид лиценз олгож байх;
-Элсэрхэг овоолгыг холбогч бодисоор тотворжуулах, цөлжилтөөс хамгаалж ойжуулах;
-Усан сан цөөрөм байгуулах. Жишээ нь: Ил уурхайн ухшийг хэлбэржүүлж усаар дүүргэн амралт, спортын зориулалтаар нөхөн сэргээж, Сарт-Тильманы үүсмэл нуур байгуулсан зэрэг олон арван жишээг дурьдаж болох юм.
 
Дээрх зарим туршлагыг уул уурхайн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүд өөрсдийн нөхцөл байдалд тохируулан нөхөн сэргээлтийн ажилд ашиглах боломжтой юм. Нөхөн сэргээлтийн үед газрыг хэлбэршүүлэх, уул уурхайн олборлолтын үед үүссэн овоолгыг нөхөн сэргээх, овоолгын тогтворшилтыг сайжруулах, ил уурхайн ухшийг усан сан хэлбэрээр нөхөн сэргээх, тэрчилэн техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг дэвшилтэт арга технологиор явуулж буй гадаадын зарим орны туршлагыг дараахь зургуудад үзүүлэв:
 
  
          Зураг 23. ӨАБНУ-ын цайрын ордын             Зураг 24. Овоолгыг хэлбэржүүлэн нөхөн
                         нөхөн сэргээлт                                                      сэргээсэн байдал
 
   
Зураг 25. Овоолгыг хэлбэржүүлж, нөхөн              Зураг 26. Уурхайн  хаалтаар усан сан
                     сэргээсэн байдал                      байгуулсан нь (Австрали)
 
  
       Зураг 27. Овоолгын тогтворжилтыг хангах          Зураг 28. Нүүрсний уурхайн нөхөн сэргээлт
зорилгоор хийсэн үерийн усны суваг                                      (ХБНГУ)