Хэвлэх DOC Татаж авах

/ХЗС, АҮС-ын 2015-11-09-ний А/253, 180 дугаар тушаалаар хүчингүй болсон/

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Үйлдвэр, худалдааны сайдын

хамтарсан 2002 оны 180/75 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

 

 

ГАЛТ ЗЭВСЭГ, СУМЫГ НИЙТЭД ХУДАЛДАХ ЗОРИЛГООР УЛСЫН ХИЛЭЭР ОРУУЛАХ

ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Галт зэвсэг болон сумыг нийтэд худалдах зорилгоор улсын хилээр оруулах үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийг сонгон шалгаруулахад энэхүү журмыг баримтална.

1.2.Галт зэвсэг болон сумыг нийтэд худалдах зорилгоор улсын хилээр оруулах үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийг хууль зүйн болон үйлдвэр, худалдааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдийн хамтарсан шийдвэрээр байгуулагдсан комисс /цаашид “Комисс” гэх/ сонгон шалгаруулна.

1.3.Комисс нь үйл ажиллагаагаа хуралдааны хэлбэрээр явуулах бөгөөд тухай бүр тэмдэглэл үйлдэж, хуралдаанд оролцсон гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна.

1.4.Комиссын хуралдаан нь гишүүдийн дийлэнх олонх хүрэлцэн ирснээр хүчин төгөлдөр болно. Комиссын шийдвэрийг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхийн саналаар гаргана.

1.5.Сонгон шалгаруулалтыг хаалттай хэлбэрээр явуулна.

Хоёр. Сонгон шалгаруулалт явуулах журам

2.1.Комисс нь сонгон шалгаруулалтын урилгыг сонгон шалгаруулалтад оролцох хуулийн этгээдэд сонгон шалгаруулалт эхлэхээс 2 долоо хоногийн өмнө хүргүүлсэн байна.

2.2.Урилгыг гурваас доошгүй хуулийн этгээдэд хүргүүлнэ.

2.3.Урилга хүргүүлэх хуулийн этгээдийн нэрийг Үйлдвэр, худалдааны яамны саналыг үндэслэн Комисс тогтооно.

2.4.Комисс нь сонгон шалгаруулалтын баримт бичгийг боловсруулна.

2.5.Сонгон шалгаруулалтын баримт бичигт дараах зүйлсийг тусгасан байвал зохино.

2.5.1.шаардагдах хөрөнгийн хэмжээ;

2.5.2.галт зэвсэг болон сумыг хэдэн онд, хаана үйлдвэрлэсэн болох;

2.5.3.чанарын баталгаа;

2.5.4.харилцагч талын тодорхойлолт;

2.5.5.бараа нэвтрүүлэх улсын хилийн боомт нэр;

2.5.6.сонгон шалгаруулалтад заасан нөхцөлүүдийг хангасан байдлыг нотолсон
тооцоо, үндэслэл;

2.5.7.банк, татвар, гаалийн байгууллагын тодорхойлолт;

2.5.8.сонгон шалгаруулалтад шаардвал зохих бусад материал.

2.6.Хуулийн этгээд сонгон шалгаруулалтын урилгыг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор сонгон шалгаруулалтад оролцох эсэхээ Комисст бичгээр мэдэгдэнэ.

2.7.Сонгон шалгаруулалтын баримт бичгийг хүлээн авсан хуулийн этгээд нь сонгон шалгаруулалтад оролцох тухай санал /төсөл/-аа сонгон шалгаруулалтын баримт бичигт заасны дагуу бэлтгэж, битүүмжлэн түүнд заасан хугацаанд Комиссын хаягаар ирүүлнэ.

2.8.Комисс нь сонгон шалгаруулалтад оролцогч хуулийн этгээд /цаашид “оролцогч” гэх/-ээс ирүүлсэн сонгон шалгаруулалтын баримт бичгийн огноо, цаг хугацааг нь бүртгэн хүлээн авна.

2.9.Оролцогч нь сонгон шалгаруулалтад оролцох тухай хүсэлтдээ дараах материалыг хавсаргаж ирүүлнэ:

2.9.1.улсын хилээр оруулах галт зэвсэг болон сумны төрөл;

2.9.2.галт зэвсэг болон сумны марк, тоо ширхэг;

2.9.3.галт зэвсэг болон сумны үнэ, техникийн болон бусад үзүүлэлт;

2.9.4.гэрээ контрактын хуулбар;

2.9.5.сонгон шалгаруулалтын баримт бичигт тусгагдсан асуудлууд.

2.10.Урилгыг хүлээн аваагүй, тогтоосон хугацаанд саналаа ирүүлээгүй буюу зохих журмын дагуу битүүмжлээгүй санал /төсөл/-ыг Комисс хүлээж авахгүй.

2.11.Комисс нь урилгад заасан хугацаа дуусгавар болсон өдрөөс хойш ажлын 3 хоногт багтаан сонгон шалгаруулалтад ирүүлсэн санал /төсөл/ бүхий битүүмжилсэн материалыг нээнэ. Энэ тухай оролцогчдод Комисс урьдчилан мэдэгдсэн байна.

2.12.Комисс нь оролцогчдоос битүүмжлэн ирүүлсэн санал /төсөл/-ыг гишүүдийн дийлэнх олонх болон оролцогчдын төлөөлөгчдийг байлцуулан нээж материалын хуудас бүрт тэмдэглэл хийж дараах үзүүлэлтийн дагуу бүртгэнэ:

2.12.1.хуулийн этгээдийн нэр;

2.12.2.хуулийн этгээдийн хаяг;

2.12.3.ирүүлсэн баримт бичгийн хуудасны тоо;

2.12.4.бусад.

2.13.Комисс мэдэгдсэн боловч оролцогч нь энэ журмын 2.12-т заасан нээлтийн ажилд оролцоогүй бол уг ажлыг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл болохгүй.

2.14.Комисс сонгон шалгаруулалтын шалгуур үзүүлэлт болзол, нөхцөл, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг шалгаруулж энэ тухай шийдвэр /дүгнэлт/ гаргана.

2.15.Комисс галт зэвсэг, сумыг нийтэд худалдах зорилгоор улсын хилээр оруулах хуулийн этгээдийн тоог тухайн үеийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтэд үндэслэн тогтооно.

2.16.Шаардлагатай гэж үзвэл Комисс нь сонгон шалгаруулалтын явцад оролцогчийн
талаарх тодорхой мэдээлэлтэй газар дээр нь очиж танилцах буюу албан бичиг
солилцох замаар тодруулж болно. Комисс энэ тухай бүх оролцогчдод тухай
бүрд нь мэдэгдэнэ.

2.17.Комисс нь сонгон шалгаруулалтад зах зээлийн эрэлт хэрэгцээ, чанарын
шаардлага, сонгон шалгаруулалтад оролцогчдын хөрөнгийн эх үүсвэр,
төлбөрийн чадвар, эрх зүйн зөрчилд холбогдож байсан эсэхийг харгалзан үзнэ.

2.18.Комисс нь сонгон шалгаруулалтад шалгарсан хуулийн этгээдэд тусгай
зөвшөөрөл олгуулах тухай санал /дүгнэлт/-аа үйлдвэр, худалдааны асуудал
эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлнэ.

Гурав. Сонгон шалгаруулалтад оролцох хуулийн этгээдэд тавих шаардлага

2.1.Галт зэвсэг болон сумыг нийтэд худалдах зорилгоор улсын хилээр оруулах үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийг сонгон шалгаруулах ажиллагаанд дараах нөхцөлийг хангасан хуулийн этгээдийг оролцуулна:

2.1.1.оролцогч нь гадаадын хөрөнгө оруулалтгүй байх;

2.1.2.галт зэвсгийн тухай хууль тогтоомж зөрчиж байгаагүй;

2.1.3.галт зэвсэг болон сумыг аюулгүй хадгалах харуул хамгаалалт бүхий
агуулах байгууламжтай байх;

2.1.4.урьд өмнө нь улсын хилээр оруулсан галт зэвсэг болон сумны тооцоог
галт зэвсгийн тухай хууль тогтоомжийн дагуу хийж гүйцэтгэж байсан
буюу хийж гүйцэтгэж байгаа;

2.1.5.галт зэвсэг болон сумыг үйлдвэрлэгч-нийлүүлэгч байгууллагуудтай
байгуулсан албан ёсны гэрээний эх хувьтай байх;

2.1.6.хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэлгүй, гааль, татварын болон
нийгмийн даатгалын холбогдох байгууллагад өргүй байх;

2.1.7.эрх бүхий аудитын байгууллагаар баталгаажсан сүүлийн хоёр жилийн
санхүүгийн тайлан, баланстай байх.

Дөрөв. Бусад зүйл

4.1.Оролцогч нь Комиссын шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо ажлын 7 хоногийн дотор үйлдвэр, худалдааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд гаргаж болно.

4.2.Гомдлыг үйлдвэр, худалдааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хүлээн авснаас хойш ажлын 10 хоногт шийдвэрлэж хариу мэдэгдэнэ.

4.3.Гомдол гаргасан хуулийн этгээд энэ журмын 4.2-т заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргана.