Хэвлэх DOC Татаж авах
                                                                                                                                                                
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын  
2010 оны 06 дугаар сарын  17–ны өдрийн
                                                                                                        211 дугаар тушаалын  4 хавсралт
 
 
 
 
 
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ДҮРЭМ - 191
 
ИРГЭНИЙ НИСЭХИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХТАЙ ХОЛБОГДСОН
МЭДЭЭЛЛИЙН НУУЦЫГ ХАМГААЛАХ
 
 
 
     191.1. Ерөнхий зүйл
 
     (a) "Байгууллагын нууцын тухай" Монгол Улсын хуулийн заалтыг баримтлан, иргэний нисэхийн аюулгүй байдлыг хамгаалахтай холбогдсон баримт, мэдээллийн нууцыг хамгаалах журмыг тогтооход энэ дүрмийн зорилго оршино.
 
     191.3. Нууц баримт мэдээлэл
 
     (а) Иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон мэдээллийг агуулсан дараах баримт бичиг, зураг, схем, газрын зураг, соронзон хальс, пленк, гэрэл зураг, кино зураг болон бусад хэлбэрээр хадгалагдсан зүйлүүд (цаашид Баримт, мэдээлэл гэх)-ийг байгууллагын нууц баримт, мэдээлэлд хамааруулна. Үүнд:
 
1/      Чикагогийн конвенцийн Хэлэлцэн тохирогч улсад хүргүүлсэн болон Хэлэлцэн
    тохирогч улсаас ирүүлсэн нисэхийн аюулгүй байдлын холбогдолтой нууц баримт, мэдээлэл;
2/      дотоод, гадаадын агаарын тээвэрлэгчийн болон нисэх буудлын аюулгүй байдлын хөтөлбөр;
3/      зорчигч, тэдгээрийн гар тээш, тээш болон ачаанд аюулгүй байдлын үзлэг хийх явцад хийгдсэн, хуримтлагдсан аливаа бичлэг;
4/      онцгой байдлын үед ажиллах журам, заавар, дасгал сургуулилтын бичлэг;
5/      аюул учруулж болзошгүй зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодисыг илрүүлэхэд ашиглагддаг багаж хэрэгслийн техникийн тодорхойлолт;
6/      аюулгүй байдлын үзлэгийн тоног төхөөрөмж, түүний үзүүлэлтийг шалгахад ашиглах техникийн тодорхойлолт, тайлбар;
7/      хөндлөнгийн хууль бус үйлдэл, ажиллагаа, агаарын хөлгийн эсрэг гэмт хэргийн тухай мэдээлэл;
8/      нисэх буудлын аюулгүй байдлын хамгаалагдсан болон хориотой бүсийн бүдүүвч зураг;
9/      аюулгүй байдлын зөрчлийг шалгасан тайлан, дүгнэлт;
10/  нисэх буудлын үзлэг шалгалт, ажиглалтын цэгт үзлэг хийх стандарт тест, тестийн арга зүй.
 
     191.5. Нууц баримт мэдээллийг хадгалах
 
     (а) Энэ зүйлийн 191.3-т заасан нууц баримт мэдээллүүдийг Иргэний нисэхийн ерөнхий газар (цаашид ИНЕГ гэх) нь холбогдох алба, газруудын нисэхийн аюулгүй байдал хариуцсан ажилтанд хариуцуулж, тухайн ажилтнаар нууцыг хадгалах баталгаа гаргуулна.
 
     (б) Нууц баримт мэдээллийг хариуцаж, хадгалж байгаа этгээд нь зөвхөн нууц баримт мэдээлэлтэй танилцах эрх, зөвшөөрөл бүхий албан тушаалтанд шаардлагатай баримт мэдээллийг өгч танилцуулна.
 
     (в) Нууц баримт, мэдээлэлтэй танилцах эрх бүхий албан тушаалтны жагсаалтыг ИНЕГ-ын дарга батална.
 
     191.7.  Иргэний нисэхийн аюулгүй байдлын холбогдолтой баримт, мэдээллийг хадгалах хугацаа
 
     (а) Аюулгүй байдлын холбогдолтой нууц баримт, мэдээллийг дараах хугацаагаар хадгална:
 
1/    Чикагогийн конвенцийн Хэлэлцэн тохирогч улсад хүргүүлсэн болон Хэлэлцэн тохирогч улсаас ирүүлсэн нисэхийн аюулгүй байдлын холбогдолтой нууц баримт, мэдээллийг 3 жил;
2/    дотоод, гадаадын агаарын тээвэрлэгчийн болон нисэх буудлын аюулгүй байдлын хөтөлбөрийг хугацаагүй;
3/    зорчигч, тэдгээрийн гар тээш, тээш болон ачаанд аюулгүй байдлын үзлэгийн аливаа бичлэгийг үзлэг хийгдсэнээс хойш 12 сар;
4/    аюулгүй байдлаас шалтгаалсан онцгой нөхцөл байдлын үед ажиллах журам, зааврыг  хугацаагүй, дасгал сургуулилтын бичлэгийг дасгал, сургуулилт хийгдсэнээс хойш 3 жил;
5/    хөндлөнгийн хууль бус үйлдэл, ажиллагаа, агаарын хөлгийн эсрэг гэмт хэргийн тухай мэдээллийг 3 жил;
6/    нисэх буудлын аюулгүй байдлын хамгаалагдсан болон хориотой бүсийн бүдүүвч зургийг хугацаагүй;
7/    аюул учруулж болзошгүй зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодисыг илрүүлэхэд ашиглагддаг багаж хэрэгслийн техникийн тодорхойлолтыг хугацаагүй;
8/    зөрчил шалгасан тайлан, дүгнэлтийг зөрчлийг шалгаснаас хойш 12 сар;
9/    нисэх буудлын үзлэг шалгалт, ажиглалтын цэгт үзлэг хийх "стандарт тест" тестийн арга зүйг хугацаагүй.
 
     (б) ИНЕГ-аас ИНД-140 "Нисэхийн аюулгүй байдлын үйлчилгээний байгууллагыг гэрчилгээжүүлэх"-ийн дагуу гэрчилгээжсэн байгууллагаас нисэхийн аюулгүй байдлын талаар авсан арга хэмжээний дэлгэрэнгүй мэдээллийг 12 сар хадгалсны дараа ИНЕГ-ын архивт шилжүүлнэ.
 
     191.9. Нууц баримт, мэдээллийг задруулах, ил болгохыг хориглох
 
      (а) Нууц баримт, мэдээллийг задруулах, нийтэд тараах, хувилж олшруулахыг хориглоно.
 
      (б)  Дараах тохиолдолд нууц, баримт мэдээллийг ил болгохыг хориглоно:
 
1/      баримт, мэдээлэл нь аливаа байгууллага, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууц, эсхүл арилжааны нууцыг задруулахаар бол;
2/      зорчигчдын аюулгүй байдалд хохирол учруулахаар бол.
 
     191.11. Нууц баримт, мэдээллийг ил болгох
 
      (а) Энэ дүрэмд заасан нууц, баримт мэдээллийг ИНЕГ-ын даргын шийдвэрээр, дараах үндэслэлээр ил болгох буюу хамгаалалтаас гаргана:
 
1/      нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас нууцлах шаардлагагүй болсон бол;
2/      нууцлах хугацаа дууссанаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн бол.
 
     191.13. Бусад зүйл
 
      (а) Иргэний нисэхийн аюулгүй байдлын холбогдолтой баримт, мэдээллийн нууцыг хамгаалахтай холбогдсон үйл ажиллагаанд энэ дүрмээс гадна "Байгууллагын нууцын тухай" Монгол Улсын хуулийг мөрдөнө.
 
 
--------- х ----------
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ДҮРЭМ - 191
 
ИРГЭНИЙ НИСЭХИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХТАЙ ХОЛБОГДСОН
МЭДЭЭЛЛИЙН НУУЦЫГ ХАМГААЛАХ