Хэвлэх DOC Татаж авах
/ЭМСС-ын 2016-01-06-ны 02 дугаар тушаалаар 4 дүгээр хавсралтыг хүчингүй болгосон/
 
Эрүүл мэндийн сайдын 2010 оны 10-р сарын
377 тоот тушаалын дөрөвдүгээр хавсралт.
 
Цус, цусан бүтээгдэхүүнийг захиалж авах, сэлбэх журам
 
Нэг. Цус, цусан бүтээгдэхүүнийг захиалж авах
1.         Эмчлэгч эмч цус, цусан бүтээгдэхүүн сэлбэх шаардлага, ач холбогдол, болзошгүй эрсдэлийг өвчтөн буюу түүний ар гэрийнхэнд танилцуулж цус, цусан бүтээгдэхүүн сэлбэх зөвшөөрөл авах маягтын дагуу бичгээр зөвшөөрөл авч, өвчний түүхэнд хавсаргана.
2.         Цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх өвчтөний цусны АВО бүлгийг шууд /эсрэг төрөгч тодорхойлох/, урвуу /эсрэгбие тодорхойлох/ 2 хавсарсан аргаар тодорхойлж, өвчний түүхэнд тэмдэглэнэ.
3.         Өвчтөний цусны резус бүлгийг тодорхойлно.
4.         Зонхилон тохиолдох өвчний үед цус, цусан бүтээгдэхүүн хэрэглэх үндэсний  удирдамжийн дагуу цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх шаардлагатай өвчтөн /реципиент/-ий онош, биеийн байдал, лабораторийн шинжилгээний үзүүлэлт зэргийг үндэслэн сэлбэх бүтээгдэхүүний нэр, төрөл, хэмжээг эмчлэгч эмч тогтоож, цус, цусан бүтээгдэхүүн захиалах маягтыг 2 хувь бөглөж цусны албанд хүргүүлнэ.
5.         Эмнэлгийн томилогдсон ажилтан нь цус, цусан бүтээгдэхүүнийг захиалгын  маягтын дагуу чанарыг шалган хүлээн авч, халалт, хөрөлт, доргилтоос хамгаалсан зориулалтын хүйтэн хэлхээний саванд улаан эс, ялтаст эс, сийвэнгийн бэлдмэлийг тус тусад нь зөөвөрлөн, уг бүтээгдэхүүнийг захиалсан тасаг нэгж, эмчид хүлээлгэн өгөхийг хариуцна.
6.         Тасаг нэгж бүр цус, цусан бүтээгдэхүүний захиалсан болон хүлээн авсан бүртгэл стандарт маягтыг хөтөлнө.
7.         Сэлбэлт хийх эмч захиалж авсан бүтээгдэхүүний нэр, төрөл, хэмжээ, АВО, резус бүлэг, бүрэн бүтэн байдал, өнгө, тунадас, хөвдөс, бүлэн байгаа эсэх, хүчинтэй хугацааг нарийвчлан шалгана.
8.         Сэлбэх улаан эсийн бүтээгдэхүүний нэгж бүрт хувийн тохироог заавал  тодорхойлно. Хувийн тохироо тодорхойлох шинжилгээг лабораторид 3 үе шаттай хуруу шилний аргаар тодорхойлно. Тохироо тодорхойлсон сорьцыг  +2+8°С хэмд 72 цаг хадгална. Цусны бүлэг эргэлзээтэй, хувийн тохироо тохирохгүй тохиолдолд цусны албанд төлбөртэйгөөр шинжлүүлж шийдвэрлүүлнэ. Хувийн тохироо тодорхойлох өвчтөн мөн эсэхийг шалган тодруулж, авсан сорьцыг бүрэн, зөв хаяглан лабораторид хүргүүлнэ.
 
Хоёр. Цус, цусан бүтээгдэхүүнийг сэлбэх
1.         Сэлбэх улаан эсийн бүтээгдэхүүний АВО, резус бүлгийг заавал шалгана.
2.         Цус, цусан бүтээгдэхүүнийг өвчтөнд сэлбэхийн өмнө хувийн тохироог зайлшгүй тодорхойлсон байна.
3.         Хувийн тохироо тодорхойлж, тохирсон улаан эсийн бүтээгдэхүүн мөн эсэхийг хаяган дээрх мэдээллээр тулган шалгана.
4.         Сэлбэлт хийх эмч биологийн тохироог үзэж, тохирсон тохиолдолд сэлбэлтийг үргэлжлүүлнэ
5.         Цус, цусан бүтээгдэхүүнийг зөвхөн эмнэлгийн нөхцөлд сэлбэж, сэлбэсэн протоколыг бүрэн хөтлөн өвчний түүхэнд заавал хавсаргана.
6.         Сэлбэлтийг эмч, түүний шууд хяналтан дор бэлтгэгдсэн сувилагч сэлбэнэ.
7.         Шинжилгээ хийгдээгүй цус, цусан бүтээгдэхүүн сэлбэхийг хатуу хориглоно.
8.         Цус, цусан бүтээгдэхүүнийг зөвхөн 170-260 ммк-ийн шүүлтүүртэй системээр сэлбэнэ.
9.         Цус, цусан бүтээгдэхүүнийг сэлбэж дууссаны дараа үлдэгдлийг нь сэлбэсэн системийн хамт +2+8-ын хэмд 24 цаг хадгалж, ямар нэг урвал өгөөгүй бол устгалд шилжүүлнэ.
10.    Цус, цусан бүтээгдэхүүний сэлбэлттэй холбоотой урвал хүндрэл илэрвэл сэлбэлтийг даруй зогсооно.
11.    Урвал хүндрэл гарсан үед сэлбэлт хийсний эсрэг талын мөчний судаснаас авсан  шинжилгээний сорьц болон, дараах зүйлсийг бүрдүүлж цусны албанд 24 цагийн дотор хүргүүлж шалтгааныг тодорхойлуулна. Үүнд:
·  Цус цусан бүтээгдэхүүн сэлбэлттэй холбоотой урвал, хүндрэлийг мэдээлэх маягт,
·  Цус сэлбэлттэй холбоотой урвал хүндрэлийн шалтгааныг судлах маягт,
·  Сэлбэсэн бүтээгдэхүүн түүний үлдэгдлийг буцаан ирүүлэх маягт,
·  Хувийн тохироо үзсэн сорьц,
·  Сэлбэсэн протоколын хуулбар,
·  Сэлбэсэн бүтээгдэхүүний үлдэгдэл, системийн хамт илгээнэ.
12.    Өвчтөн цус сэлбэлтээс шалтгаалж нас барсан тохиолдолд 24 цагийн дотор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, аймгийн шүүх эмнэлгийн эмчид дээрх зүйлсийг бүрдүүлж хүргүүлнэ.