Хэвлэх DOC Татаж авах
Эрүүл мэндийн сайдын 2010 оны 10-р сарын
                            377 тоот тушаалын наймдугаар хавсралт.
 
Сийвэнгийн бүтээгдэхүүнийг хорионд хадгалах,  хорионоос чөлөөлж, эмчилгээнд олгох аргачлал
Нэг. Нийтлэг зүйл
1.1.           Сийвэнгийн бүтээгдэхүүнийг тодорхой хугацаанд эмчилгээнд олгохыг хориглон хорионд хадгалахыг  сийвэнгийн бүтээгдэхүүний хорио (карантинизаци) гэнэ.
1.2.           Сийвэнгийн бүтээгдэхүүнийг хорионд хадгалснаар лабораторийн шинжилгээгээр цус сэлбэлтээр дамждаг халдвар илрээгүй (өвчний нууц үеийн хугацаа "цонх үе")   болон эмнэлзүйн  шинж тэмдэггүй донороос бэлтгэсэн сийвэнг эмчилгээнд хэрэглэхгүй байх боломжийг бүрдүүлнэ.
 
Хоёр. Сийвэнгийн бүтээгдэхүүнийг хорионд хадгалах аргачлал
2.1.           Донор сонгох зааврыг баримтлан, донороос цуглуулсан цус, сийвэнд хийгдэх шинжилгээнүүдээр бүрэн шинжлэгдсэн, шинжилгээгээр тэнцсэн сийвэнгийн бүтээгдэхүүнийг хорионд хадгална.
2.2.           Хорионы өрөөнд тавигдах шаардлага:
·      Зориулалтын хөргүүртэй агааржуулагчтай
·      Зориулалтын цоожтой гүн хөлдөөгч, тог баригч, цахилгаан үүсгэвэртэй
·      Гадны хүн орохыг хориглосон тэмдэглэлтэй
·      Өрөө цоожтой, зөвхөн зөвшөөрөгдсөн үйлдвэрлэлийн технологич сувилагч, их эмч, жижүүрийн сувилагч нар орох эрхтэй
2.3.           Цус сэлбэлтээр дамждаг халдвар илрүүлэх шинжилгээний хариу сөрөг гарсан хөлдөөсөн шинэ сийвэн, криопреципитат, К сийвэн, шингэн сийвэнг бүтээгдэхүүн тус бүрийн бүртгэлд бүртгэн дүгнэнэ.
2.4.           Сийвэнгийн бүтээгдэхүүнийг хугарал гэмтлээс хамгаалсан зориулалтын хайрцганд хийн,  хорионд шилжүүлэн, протокол хөтлөнө.
2.5.           180 хоног буюу 6 сараас доошгүй хугацаанд -30-аас доош хэмд хорионд хадгална.
2.6.           Сийвэнгийн бүтээгдэхүүнийг хорионд хадгалах үед хөлдөөгчний хэмийг өглөө 11.00–12.00, орой 19.00–20.00, шөнө 4.00–5.00 цагийн үед тус тус 3 удаа жижүүрийн сувилагч шалгаж, хадгалалтын явц дахь хэмийг бүртгэлд тэмдэглэнэ.
2.7.           Өдөр бүр технологич их эмч, нөөц хариуцсан ажилтан хөргөгчний лац, хадгалалтын хэм, протокол хөтлөлтийг хянана.
 
Гурав. Хорионоос чөлөөлөх, вирус идэвхгүйжүүлэх, эмчилгээнд олгох аргагчлал
3.1.           Сийвэнгийн бүтээгдэхүүний хорионы хугацаа дуусахад  донорт дахин эмнэл зүйн үзлэг болон лабораторийн (ХДВХ 1, ХДХВ 2 эсрэгбие, гепатит С вирусын  эсрэгбие, гепатит В вирусын гадрагын эсрэгтөрөгч) шинжилгээг давтан хийнэ. Хэрвээ донорт давтан үзлэг өөрчлөлт илрээгүй, цус сэлбэлтээр дамждаг халдваруудын шинжилгээ сөрөг бол 6 сар хадгалагдсан сийвэнгийн бүтээгдэхүүнийг хорионоос чөлөөлж, эмчилгээнд хэрэглэнэ.
3.2.           Сийвэнгийн бүтээгдэхүүний хорионы хугацаа дуусах үед  донор үзлэг, шинжилгээнд дахин хамрагдаагүй тохиолдолд 6 сар хадгалагдсан сийвэнгийн бүтээгдэхүүнийг тусгай тоног төхөөрөмжөөр вирусыг идэвхгүйжүүлэн, хорионоос чөлөөлж, эмчилгээнд хэрэглэнэ. 
3.3.           Бүтээгдэхүүний вирусыг идэвхгүйжүүлэхдээ вирусыг уусгагч буюу уураг задлагч бодисоор үйлчлүүлэх (solvent detergent), метилен хөх, амотосален зэрэг будагч бодисыг ашиглан гэрлээр болон хэт ягаан туяагаар гэрэлтүүлж  идэвхижүүлсний дараа тусгай шүүлтүүрээр будагч бодисыг шүүх зэрэг аргуудаас сонгон тухайн хэрэглэж буй аппарат, урвалж бодисыг хэрэглэх зааврыг чанд мөрдөн  холбогдох баримжуулалтыг хөтөлж, баримтжуулна.
3.4.           Донорын үзлэг, лаборатори, үйлдвэрлэлийн эмч, нөөцийн ажилтан нарын бүрэлдэхүүнтэй баг холбогдох баримтжуулалтыг үндэслэн хорионоос чөлөөлөх шийдвэрийг гаргаж, протокол хөтлөнө.
3.5.           Сийвэнгийн бүтээгдэхүүнийг хорионд хадгалах хугацаанд донор нь вирус (ХДХВ, вируст гепатит) тээгч болох нь батлагдах буюу өвчилвөл тухайн сийвэнгийн бүтээгдэхүүнийг зохих журмын дагуу устгалд шилжүүлж, протоколыг хөтлөнө.
3.6.           Хорионоос чөлөөлөгдөж, эмчилгээнд олгохоор бэлэн болсон сийвэнгийн бүтээгдэхүүнийг "хорионд хадгалагдсан хөлдөөсөн шинэ сийвэн" гэсэн нэмэлт шошго наан эмчилгээнд олгоно.
3.7.           Сийвэнгийн бүтээгдэхүүний вирусыг идэвхгүйжүүлсэн тохиолдолд "вирусыг идэвхгүйжүүлсэн хөлдөөсөн шинэ сийвэн" гэсэн нэмэлт шошго наан эмчилгээнд олгоно.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Эрүүл мэндийн сайдын 2010 оны 10-р сарын
377 тоот тушаалын есдүгээр хавсралт
 
 
Хувийн болон биологийн тохироо тодорхойлох аргачлал
 
Хувийн тохироо тодорхойлох (Compatibility testing) шинжилгээг
хуруу шилний аргаар тодорхойлох аргачлал
 
Хувийн тохироо тодорхойлох шинжилгээгээр сэлбэх улаан эсийн бүтээгдэхүүний нэгж бүрийг өвчтөний цусны сорьцтой шинжилж, тохирох эсэхийг тодорхойлно.
Цусны хувийн тохироо тодорхойлох шинжилгээг:
1.      Өвчтөний сийвэн дэх эсрэгбие, донорын улаан эсийн гадаргуу дээрх эсрэгтөрөгчтэй тохирч байгаа эсэхийг шалгах
2.       Цус сэлбүүлэх өвчтөнд улаан эсийн эсрэгтөрөгчийн эсрэг шинэ эсрэгбие үүсэхээс сэргийлэх  зорилгоор хийнэ.
Шаардлагатай тоног төхөөрөмж, техникийн тодорхойлолт:
1.      +370 С-ийг тогтмол барих чадвартай халуун тогтоогуур (термостат)
2.      Хуруу шилний хурилтуур /центрифуг/
Шаардлагатай зүйлс:
1.      10 х 75 мм, 12 х75 мм хэмжээтэй дугуй ёроолтой, шилэн хуруу шил
2.      Дусаагуур
3.      Хуруу шилний штатив
4.      Шилний харандаа
5.      Нэг удаагийн бээлий
Хэрэглэгдэх урвалж, бодис:
1.      0,9% натри хлоридын уусмал
2.      Анти-А, Анти-В урвалж
3.      Анти-Д
4.      Кумбсын урвалж /Хүний глобулины эсрэг  ийлдэс/
5.      Сэлбэх цусны 2-5%-ийн хөвмөл
6.      Эрчимжүүлэгч уусмал (LISS)
Өвчтөний сорьц бэлтгэх:
·        Сорьцыг авахын өмнө цус сэлбүүлэх өвчтөн мөн эсэхийг танин тодруулна.
·        Улаан тагтай /цус бүлэгнэхээс сэргийлэх уусмалгүй/ хуруу шилэнд 6-9 мл цус авна. Сорьцыг авмагц хуруу шилний хаяг дээр өвчтөний овог, нэр, нас, хүйс, сорьц авсан он, сар, өдөр бичнэ.
·        Авсан цусны ийлдсийг ялгаж, цэвэр хуруу шилэнд юүлнэ. Ийлдэс нь улаан эсийн хольцтой, гемолиз болсон, тослог ихтэй байж болохгүй. Ийлдэс савласан хуруу шилэн дээр өвчтөний овог, нэр, нас, хүйс, сорьц авсан он, сар, өдөр бичнэ.
·        Ийлдсийг 72 цаг +2+80С-ийн хэмд хадгалан цус сэлбэх шаардлага гарсан болон урвал хүндрэл илэрсэн үед  хэрэглэнэ.
·        Сорьц аваад 72 цаг өнгөрсөн бол заавал шинэ сорьц авна.
·        Өвчтөний улаан эсээс 2-5% хөвмөл бэлтгэнэ. Үүний тулд цэвэр хуруу шил авч сорьцтой ижил дугаарлан улаан эсээс 2 дусал хийж дээр нь 0.9%-н натрихлоридын уусмалаас 19 дусал нэмж холино.
·        Дээрхи холимгоос авч АВО, резус бүлэг тодорхойлохдоо стандарт ажиллагааны аргачлал (САА)-г мөрдөж ажиллана.
 
 
Сэлбэх цусны сорьцыг бэлтгэх:
1.      Сэлбэх цусны хүүдийний дагалдах гуурснаас таслан авч цусан бүтээгдэхүүний кодтой адил дугаараар дугаарлана.
2.      Сэлбэх цуснаас 2-5%-ийн хөвмөл бэлтгэнэ. Үүний тулд цэвэр хуруу шил авч сэлбэх цусны бүтээгдэхүүний кодтой адил дугаарлана. Сэлбэх бүтээгдэхүүний хүүдийнээс тасалж авсан гуурснаас 2 дусал цус хийн дээр нь 0.9%-ийн натрихлоридын уусмал 19 дусал нэмж сайтар холино.
3.      Дээрхи холимгоос цусны АВО, резус бүлгийг САА/SOP/-г мөрдөж тодорхойлно
Шинжилгээ хийх аргачлал:
Цус сэлбүүлэх өвчтөнөөс авсан сорьцны АВО, резус бүлгийг тодорхойлно.
Өвчтөний АВО болон резус бүлэг нь сэлбэх цусныхтай ижил байх ёстой.
Цусны хувийн тохироо тодорхойлох шинжилгээг 3 үе шаттайгаар хийнэ. Үүнд:
         I.            шат  Өвчтөний ийлдсэнд агуулагдах хүйтэнд буюу тасалгааны хэмд урвалд ордог эсрэгбиеүүдийг илрүүлэх         IgM (ABO, M, N, P, H, Lewis)
       II.            шат   +370С-ийн дулаанд буюу биеийн хэмд урвалд ордог эсрэгбиеүүдийг илрүүлэх IgG (Rh, Kell,  Kidd,  Duffy, S)
      III.            шат  Кумбсын шууд урвалыг бүрэн биш эсрэгбиеийг илрүүлэхийн тулд тавьдаг.
 
Шинжилгээний I шатны үйл ажиллагаа:
1.      Сэлбэх цусны код, өвчтөний нэрийг тэмдэглэсэн хуруу шилэнд өвчтөний ийлдэснээс 2 дусал хийнэ.
2.      Үүн дээрээ тохироо үзэх бүтээгдэхүүний дагавар цуснаас 2-5%-иар шингэлж бэлтгэсэн хөвмөлөөс 1 дусал нэмж сайн холино.
3.      Тасалгааны хэмд 15 минут байлгана.
4.      Хурилтуурт  2500 эргэлт/минутанд 30 секунд эргүүлнэ.
5.      Хуруу шилээ зөөлөн хөдөлгөн наалдац өгсөн эсэхээр дүгнэнэ.
6.      Дүгнэлт өгөхдөө:
·        Наалдац өгсөн бол тохироо таарахгүй гэж үзээд өөр донорын цустай дахин шинжилнэ.
·        Наалдац өгөөгүй бол тасалгааны хэмд тохирсон гэж үзээд шинжилгээг  үргэлжлүүлнэ.
 Шинжилгээний II шатны үйл ажиллагаа:
1.      Өвчтөний ийлдэс, улаан эсийн хөвмөлийн холимог бүхий хуруу шилээ +370С-ийн халуун тогтоогуурт 45 минутаас 1 цаг хийнэ. Хэрэв эрчимжүүлэгч уусмал 2 дуслыг нэмсэн тохиолдолд 15 минут халуун тогтоогуурт хийнэ.
2.      Хугацаа болмогц хурилтуурт 2500 эргэлт/минутанд 30 секунд эргүүлнэ.
3.      Хуруу шилээ зөөлөн хөдөлгөн наалдац өгсөн эсэхийг ажиглана.
4.      Дүгнэлт өгөхдөө:
·        Наалдац өгсөн бол тохироо таарахгүй гэж үзээд өөр донорын цустай дахин шинжилнэ.
·        Наалдац өгөөгүй бол +37 хэмд тохирсон гэж үзээд шинжилгээг үргэлжлүүлнэ.
Шинжилгээний III шатны үйл ажиллагаа:
1.      Өвчтөний ийлдэс, донорын улаан эсийн хөвмөл бүхий хуруу шилэнд 0.9%-ийн натри хлоридын  1  мл уусмал нэмж холин хурилтуурт эргүүлнэ. Сорьцны дээд хэсэгт ялгарсан натрихлоридын уусмалыг авч асгана. Ингэж 3 удаа угаана.
2.      Хамгийн сүүлчийн буюу 3 дахь угаалтаа маш сайн хуурайшуулна. Ингэхийн тулд шүүдэг цаасан дээр сайн шавхана.
3.      Угаасан холимог бүхий хуруу шилэн дээр кумбсын урвалжаас 2 дусал нэмнэ.
4.      Хурилтуурт 2500 эргэлт/минутанд 30 секунд эргүүлнэ.
5.      Хуруу шилээ зөөлөн хөдөлгөн наалдац өгсөн эсэхээр үнэлнэ.
 
Дүгнэлт өгөхдөө:
·        Наалдац өгсөн бол тохироо таарахгүй гэж үзээд өөр донорын цустай дахин шинжилнэ.
·        Наалдац өгөөгүй бол 3-р  шатанд тохирсон гэж үзээд цусны бүтээгдэхүүний хаяг дээр өвчтөний хаягийг дэлгэрэнгүй бичиж, бүтээгдэхүүн олгох хэсэг болон тасаг нэгжид хүлээлгэн өгнө.
Хувийн тохироо тодорхойлох шинжилгээний 3 үе шатанд бүгдэд нь наалдац өгөөгүй бол сэлбэлт хийж болно. Хэрэв аль нэгэнд нь наалдац өгвөл уг бүтээгдэхүүнийг өвчтөнд  сэлбэж болохгүй.
 
Биологийн тохироо тодорхойлох аргачлал
Сэлбэх цус, цусан бүтээгдэхүүнийг эхний 3 минутын турш нэг минутанд 40-60 дусал байхаар хурдыг тохируулж 6-10 мл-ийг  сэлбэж, сэлбэлтийг зогсоон өвчтөний биеийн байдлыг 3 минут ажиглана. Өвчтөнд бүсэлхий, ууц нуруугаар өвдөх, сэлбэсэн судас дагаж өвдөх,  цээж давчдах, даралт унах, толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих зэрэг шинж тэмдгүүдээс аль нэг нь  илэрвэл сэлбэлтийг нэн даруй зогсоож, яаралтай эмчилгээг эхлүүлнэ.  Хэрвээ өвчтөнд ямар нэгэн зовиур илрэхгүй бол энэ үйлдлийг дахин 2 удаа давтаж, ямар нэгэн зовиур илрээгүй, урвал өгөөгүй бол сэлбэлтийг эмчийн хяналтанд үргэлжлүүлнэ
 
                                   
 
 
 Эрүүл мэндийн сайдын 2010 оны10-р сарын
377 тоот тушаалын аравдугаар хавсралт.
 
 
Цусны АВО, резус бүлэг тодорхойлох аргачлал
 
Цусны АВО бүлгийг шууд болон урвуу аргаар хавсарч тодорхойлно.
1.      Улаан эсийн гадаргуу дээр байгаа А болон В эсрэгтөрөгчүүдийг  агуулж байгаа эсэхийг α, β эсрэгбие агуулсан  урвалж ашиглан  тодорхойлохыг шууд арга гэнэ. 
2.      Ийлдэс буюу сийвэнд α, β эсрэгбие агуулагдаж байгаа эсэхийг А болон В эсрэгтөрөгч агуулсан улаан эс ашиглан тодорхойлохыг урвуу арга гэнэ.
Дээрхи 2 аргаар хийсэн шинжилгээний дүн нь хоорондоо тохирч байвал тухайн хүний цусны АВО бүлгийг зөв тодорхойллоо гэж үзнэ.
Шууд аргаар цусны АВО бүлэг тодорхойлохдоо О,А, В бүлгийн стандарт ийлдэс буюу Анти-А, Анти-В моноклон урвалж ашиглана.
 
Стандарт ийлдсээр АВО бүлэг тодорхойлох аргачлал
Шаардлагатай зүйлс:
1.       Таваг буюу хуруу шил
2.       Өндөг цоологч
3.      Ариун хөвөн
4.      Спирт
5.      Халдваргүйжүүлэх уусмал бүхий сав
6.       Бээлий
7.      Аюулгүйн сав
8.      Шилний харандаа
9.      Хуруу шилний тавиур
Хэрэглэгдэх урвалж бодис: О, А, В бүлгийн стандарт ийлдэс
Шинжилгээ хийх аргачлал:
·  Таваг буюу хуруу шил дээр бүлэг тодорхойлох хүний нэр, дугаар болон дусаах оношлуурын бүлгийг тэмдэглэнэ
·  Бүлэг тодорхойлох хүний өндөгний буюу хураагуур судасны цуснаас таваг дээр О, А, В гэж тэмдэглэсэн 3 тусгай газар болон О, А, В гэж тэмдэглэсэн 3 хуруу шил тус бүрд нэг, нэг жижиг дуслыг дусаана
·  Бүлэг тодорхойох цус дусаасан О гэж тэмдэглэсэн таваг буюу хуруу шилэнд О бүлгийн, А гэж тэмдэглэсэн таваг буюу хуруу шилэнд  А бүлгийн, В гэж тэмдэглэсэн таваг буюу хуруу шилэнд  В бүлгийн стандарт ийлдэснээс 3-4 том дуслыг 1:8 харьцаатай байхаар дусаана
·  Жигд зөөлөн хөдөлгөж холино
·  Тасалгааны хэмд 5 минут байлгана
·  Хуруу шилэнд хийсэн бол хурилтуурт 30 секунд эргүүлнэ
·  Хариуг наалдац өгсөн эсэхээр дүгнэнэ.
 
Хариу:  Наалдац өгсөн эсэхээр хариуг дүгнэнэ.
Шинжилгээний дүн
Цусны бүлэг
Стандарт ийлдэс
О
А
В
0
0
0
О
+
0
+
А
+
+
0
В
+
+
+
АВ
+ Наалдац өгсөн, О наалдац өгөөгүй  
 
Цоликлон анти-А ба анти-В урвалжаар
цусны АВО бүлэг тодорхойлох аргачлал
Шаардлагатай зүйлс:
1.      Өндөг цоологч
2.      Спирт
3.      Ариун хөвөн шарик
4.      Таваг буюу хуруу шил
5.      Халдваргүйжүүлэх уусмал бүхий сав
6.      Аюулгүйн хайрцаг
7.      Бээлий
8.      Хуруу шилний тавиур
9.      Шилний харандаа
Хэрэглэгдэх урвалж бодис: Цоликлон Анти- А, Анти- В урвалж
Шинжилгээ хийх аргачлал:
·        Таваг болон хуруу шилэн дээр бүлэг тодорхойлох хүний нэр, дугаар болон дусаах оношлуурын бүлгийг тэмдэглэнэ.
·        Цусны бүлэг тодорхойлох цуснаас таваг дээр А, В гэж тэмдэглэсэн 2 тусгай газар эсвэл А, В гэж тэмдэглэсэн 2 хуруу шилэнд тус бүр нэг, нэг жижиг дусал дусаана
·        Бүлэг тодорхойлох цус дусаасан В гэж тэмдэглэсэн таваг буюу хуруу шилэнд Анти В урвалжаас, А гэж тэмдэглэсэн таваг буюу хуруу шилэнд  Анти А урвалжаас 2 том дуслыг тус тус нэмнэ
·        Жигд зөөлөн холино
·        Тасалгааны хэмд 1-2 минут байлгана
·        Хуруу шилэнд хийсэн бол хурилтуурт 30 секунд эргүүлнэ
Хариу: Наалдац өгсөн эсэхээр хариуг дүгнэнэ.
Шинжилгээний дүн
Цусны бүлэг
Цоликлон урвалж
Анти-В
Анти-А
0
0
О
0
+
А
+
0
В
+
+
АВ
Тэмдэглэгээ: + наалдац өгсөн, 0 – наалдац өгөөгүй.
 
Стандарт улаан эсээр цусны АВО бүлэг тодорхойлох
Шаардлагатай зүйлс:
1.       А,В бүлгийн стандарт улаан эс
2.      Цусны бүлэг тодорхойлох хүний ийлдэс буюу сийвэн
3.      Хуруу шил
4.      Хуруу шилний хурилтуур
5.      3.2%-ийн цитрат натрийн уусмал бүхий хуруу шил 2 ширхэг
6.      Хуруу шилний тавиур
7.      Цэвэр дусаагуурууд
8.      Халдваргүйжүүлэх уусмал бүхий сав
9.      Судас хатгах ариун зүү
10.      Бээлий
11.       Шилний харандаа
12.       Таваг
Стандарт улаан эс бэлтгэх:
Шинжилгээнд ашиглах стандарт улаан эсийг  УБ хотод ЦССҮТ-өөс  захиалж авч болох ба хөдөө орон нутагт дараах аргаар бэлтгэж хэрэглэнэ.
1.      А болон В бүлгийн цустай хүнээс 3.2%-ийн натри цитрат агуулсан А болон В гэж тэмдэглэсэн хуруу шилэнд 1:9 харьцаагаар цус авч, зөөлөн холино.
2.      Хурилтуурт эргүүлж, ялгарсан сийвэнг соруулан авч асгаж, тунасан улаан эс дээр нь авсан сийвэнтэй тэнцүү хэмжээний 0.9%-ийн натрихлоридын уусмал нэмж зөөлөн холино.
3.      Үүнийгээ хурилтуурт эргүүлж дээр нь ялгарсан натрихлоридыг авч асган дахин натрихлорид нэмж, холиод хурилтуурдана.  Дээрхи угаалтыг 3 удаа хийнэ.
4.      Таваг ашиглан бүлэг тодорхойлж байгаа бол  улаан эсийг 0,9%-ийн натрихлоридын уусмалаар шингэлж 50%-ийн хөвмөл, хуруу шилэнд бүлэг тодорхойлж байгаа бол улаан эсийн 5%-ийн хөвмөлийг тус тус  бэлтгэж ашглана.
Ийлдэс буюу сийвэн бэлтгэх:
1.      Бүлэг тодорхойлох хүний  судаснаас цэвэр хуруу шилэнд 6-9 мл цус авна
2.      Хурилтуурт эргүүлж ийлдсийг ялган авна
3.      Цэвэрхэн хуруу шилэнд ийлдсийг савлан бүлэг тодорхойлох хүний нэр, дугаар, сорьц авсан  сар,  өдөрийг  тэмдэглэнэ.
Шинжилгээ хийх аргачлал:
·        Бүлэг тодорхойлох хүний ийлдэс буюу сийвэнгээс таваг дээр А, В гэж тэмдэглэсэн 2 тусгай газар болон А, В гэж тэмдэглэсэн 2 өөр хуруу шилэнд 8-10 дуслыг тус бүр дусаана
·        А гэж тэмдэглэсэн таваг буюу хуруу шилэнд  А бүлгийн,  В гэж тэмдэглэсэн таваг буюу хуруу шилэнд  В бүлгийн стандарт  улаан эсийн хөвмөлөөс тус бүр 1 дуслыг нэмнэ. Зөөлөн холино
·        Тасалгааны хэмд 5-10 минут байлгана
·        Хуруу шилэнд тодорхойлж байгаа  бол хурилтуурт 30 секунд эргүүлнэ.
 
Хариу: Наалдац өгсөн эсэхээр хариуг дүгнэнэ.
Шинжилгээний дүн
Цусны бүлэг
Стандарт улаан эс
А
В
+
+
О
0
+
А
+
0
В
0
0
АВ
Тэмдэглэгээ: + наалдац өгсөн, 0 – наалдац өгөөгүй.
 
Цусны резус бүлэг тодорхойлох аргачлал
Эсрэг бие агуулсан ийлдэс ашиглан улаан эсийн гадаргуу дээрхи  резус бүлгийн Д эсрэгтөрөгчийг наалдах урвалын зарчмаар тодорхойлно.
Шаардлагатай зүйлс:
1.      Өндөг цоологч
2.      Спирт
3.      Ариун хөвөн шарик
4.      Таваг буюу хуруу шил
5.      Хуруу шилний хурилтуур
6.      Халдваргүйжүүлэх уусмал бүхий сав
7.      Аюулгүйн хайрцаг
8.      Бээлий
9.      Хуруу шилний тавиур
10.      Шилний харандаа
Хэрэглэгдэх урвалж бодис:   Анти Д урвалж
Шинжилгээ хийх аргачлал:
·        Хуруу шил болон таваг дээр бүлэг тодорхойлох хүний нэр, дугаарыг тэмдэглэнэ.
·        Бүлэг тодорхойлох хүний цуснаас Д гэж тэмдэглэсэн  таваг болон хуруу шилэнд 1 жижиг дуслыг хийнэ
·        Дээр нь Анти Д урвалжаас 2 том дусал хийнэ
·        Жигд зөөлөн холино
·        Тасалгааны хэмд 1-2 минут байлгана
·        Хуруу шилэнд тодорхойлж байгаа  бол хурилтуурт 30 секунд эргүүлнэ.
Хариу: Наалдац өгсөн эсэхээр хариуг дүгнэнэ
   -  Наалдац өгсөн бол резус эерэг цустай
   -  Наалдац өгөөгүй бол резус сөрөг цустай гэж үзнэ.  
 
 
 
/ЭМСС-ын 2016-01-06-ны 02 дугаар тушаалаар 11 дүгээр хавсралтыг хүчингүй болгосон/
 
Эрүүл мэндийн сайдын 2010 оны 10-р сарын       
       377 тоот тушаалын арван нэгдүгээр хавсралт
 
 
Донорын  шинжилгээний сорьцыг хадгалж,  ийлдсийн сан
 бүрдүүлэх аргачлал
 
Зорилго: Доноруудаас цугпуулсан цус сийвэнгийн нэгж бүрээс   шинжилгээний дээжийг авч хадгалан ийлдсийн санг бүрдүүлж, лавлагаа шинжилгээ, халдварын тандалт,  эрдэм шинжилгээ судалгааны зорилгоор хэрэглэнэ.
               Нэг. Сорьц  цуглуулах:  
           1.1.Тухайн өдөр цуглуулсан цус сийвэнгийн нэгж бүрээс шинжилгээг         цус сийвэн цуглуулсан цусны албаны тусгай мэргэжилтэн авна.
            1.2. Цус үл бүлэгнүүлэгч уусмалгүй, улаан тагтай    вакуумтейнер хуруу шилэнд 9мл шинжилгээний  цус  авч, тухайн донорын кодыг гаргацтай,  бүрэн тосон балаар бичнэ.
           1.3. Шинжилгээний дагавар бичигт донорын код, нас, хүйс, цус авсан он сар өдөр, донорын төрөл, шинжилгээг авсан ажилтны нэр болон дугаар бичигдсэн байна.
 
Хоёр. Лабораторт шинжилгээг хүлээн авах, боловсруулах:
                 2.1.Лабораторийн ажилтан шинжилгээний дагавар бичиг дээрх кодыг хуруу шилэн дээр тэмдэглэсэн кодтой тулгаж авна.
                 2.2. Бичиглэл бүрэн гаргацтай, дугаар нь тохирч байвал дагавар бичлгийг салгаж, шинжилгээний журналд бүртгэнэ.
                 2.3. Хуруу шилтэй сорьцыг ценрифугдэж, ийлдсийг ялгаж авна.
                 Ялгасан ийлдэснээс нэг удаагийн эппендорфт 3 мл-ийг юүлж, донорын код, шинжилгээний дугаарыг шилний харандаагаар бичиж, ийлдсийн санд шилжүүлнэ.
 
Гурав. Дээжийг хадгалах :
                     3.1. Эппендорфт савласан сорьцуудыг штативт босоо байрлуулан -300 С буюу түүнээс доош хэмтэй зориулалтын хөлдөөгчинд хийнэ.
                     3.2. Сорьцыг бүрэн хөлдсөний  дараа гэсгээлгүйгээр,  өдөр бүрээр нь тусад нь уутанд хийж цус, сийвэн цуглуулсан он сар өдөр, нийт сорьцын  тоо,  байнга болон явуулын донорын төрлийг   бичин  хаяглана. Протоколд  сорьцны тоо хэмжээ, хамрагдсан код,  бүрэн бүтэн байдал, хүлээлгэн өгсөн он сар, өдөр, хүлээн  авсан  болон хүлээлгэн өгсөн хүний нэр, гарын үсэг бичигдсэн байна.
                     3.3. Хөлдөөсөн дээжийг ЦССҮТ дээр чанарын удирдлагын тасагт, хөдөө орон нутагт цусны салбар банкин дээр тус тус хадгална.
                     3.4.Хөлдөөгчний хэмийг өдөрт 2 удаа шалган, баримтжуулна.
                     3.5.Нэг сарын хугацаанд  цуглуулсан дээжүүдийг  нэг уутанд нэгтгэн,               уутан  дээр  хамрагдсан код, он, сарыг гаргацтай тод  бичиж хаяглана.
                     3.6.Ийлдсийн сан хадгалж буй хөлдөөгч нь цоожтой  лац тэмдэг тавигдсан байх ба гадны хүн орохгүй  өрөөнд байрлуулж, эрх бүхий ажилтан (лаборатори, чанарын алба, цусны албаны ажилтан) нэвтэрнэ.
                     3.7.Сорьцыг 1 жилийн турш  хадгалан, хугацаа дууссан сорьцуудыг халдваргүйжүүлэлт, устгалд    шилжүүлэн баримтжуулна.
 
Дөрөв. Ийлдсийн сангаас дээж авч, лавлагаа лабораторит хүргүүлэх:
Ийлдсийн санд хадгалсан дээжийг лавлагаа шинжилгээ болон тандалт судалгааны зорилгоор шинжлэх тохиолдолд Цус сэлбэлт судлалын төв дээр Чанарын удирдлага, лаборатори, үйлдвэрийн тасгийн эрхлэгч нар, хөдөө орон нутагт лабораторийн тасгийн эрхлэгч, чанарын менежер, цус сэлбэлтийг зохицуулах салбар зөвлөлийн дарга, салбар банкны эрхлэгч нарын бүрэлдэхүүнтэй баг шаардлагатай ийлдсийг ялган авч холбогдох газар нь албан тоотын хамт хүргүүлнэ.
 
 
 
 
 
 
-----оОо-----