Хэвлэх DOC Татаж авах
Зам, тээвэр,барилга, хот байгуулалтын сайдын
2011 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн
 41 дүгээр  тушаалын  хавсралт
                                                                         
Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим обьект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох журам
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1. Энэхүү журмаар төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект, үйл ажиллагааг гэрчилгээжүүлэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулна.
 
1.2. Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект, үйл ажиллагааг Монгол Улсын хууль, бусад хууль, тогтоомж, холбогдох стандартад нийцүүлэн гэрчилгээжүүлэх ажлыг Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага  эрхлэн гүйцэтгэнэ. 
 
1.3. Иргэн, хуулийн этгээд  нь төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объект, үйл ажиллагааг гэрчилгээжүүлэлтэд хамруулах, тэдгээрт хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт, норм, нормативын баримт бичгээр тавигдах  нөхцөл, шаардлагыг хангах үүрэгтэй.
 
1.4. Энэ журамд заасан нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:
1.4.1. "гэрчилгээжүүлэлт" гэж төмөр замын объект, үйл ажиллагаа тээврийн аюулгүй байдлын нөхцөл, шаардлагыг хангасан  эсэхийг тогтоож, гэрчилгээ олгох үйл ажиллагааг;
1.4.2. "норм, нормативийн баримт бичиг"  гэж нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, байгаль орчин, төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах зорилгоор үйлдвэрийн бүтээгдэхүүн, объект, үйл ажиллагаа, түүнд хамаарах нийтлэг шаардлага тодорхойлсон стандарт, дүрэм, журмыг;
1.4.3. "гэрчилгээжүүлэлтийн нөхцөл, шаардлага" гэж энэ журмын 1.5-д заасан зорилгыг хэрэгжүүлэх, ханган биелүүлэхтэй холбоотойгоор төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объект, үйл ашиллагаанд хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт, норм, нормативийн баримт бичгээр тавигдах  нөхцөл, шаардлагыг;
1.4.4. "гэрчилгээжүүлэх объект" гэж объектын ашиглалтын нөхцөл зөрчигдөх, объект гэмтэл, элэгдэл,  доголдолтой байх нөхцөлд сүйрэл, осол, гологдол гарч болзошгүй бөгөөд энэ журмын 2.1-т заасан объектыг;
1.4.5. "гэрчилгээжүүлэх үйл ажиллагаа"  гэж тухайн үйл ажиллагаанд баримтлах нөхцөл, журмыг зөрчсөн тохиолдолд төмөр замын тээврийн аюулгүй байдал алдагдах, мөн иргэн, хуулийн этгээдийн эрх ашигт хохирол учруулж болзошгүй бөгөөд энэ журмын 2.2-т заасан үйл ажиллагааг;
1.4.6. "гэрчилгээ" гэж объект, үйл ажиллагаа нь төмөр замын тээврийн аюулгүй байдлын нөхцөл, шаардлагыг хангасныг нотолж олгосон баримт бичиг;
1.4.7. "гэрчилгээ хүсэгч" гэж төмөр замын тээврийн тодорхой объект, үйл ажиллагаанд гэрчилгээ авахаар өргөдөл гаргасан иргэн, хуулийн этгээдийг;
 
 
1.5. Төмөр замын тээврийн салбар дахь гэрчилгээжүүлэх ажлын үндсэн зорилго нь:
1.5.1. Төмөр замын тээврийн салбарт хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, сүйрэл, осол, гологдол гарахгүй байх урьдчилсан нөхцлийг бүрдүүлэх;
1.5.2. Төмөр замын тээврийн салбарт техник, технологийн дэвшил хийх, салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх;
1.5.3. Хэрэглэгчдийг аюулгүй, чанартай ажил үйлчилгээг сонгон хэрэглэх боломж, нөхцөлийг хангах, хохирохоос урьдчилан сэргийлэх тус тус болно.
 
1.6.Объект, үйл ажиллагаа нь гэрчилгээжүүлэлтэд хамрагдаж, гэрчилгээний нөхцөл шаардлагыг хангасан байна.
 
1.7. Суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч нар ашиглалтын буюу тээвэрлэлтийн гэрээ байгуулахдаа  объект, үйл ажиллагаа нь гэрчилгээжүүлэлтэд хамрагдсан эсэхийг магадласан байна.
 
1.8. Гэрчилгээжүүлэлтэнд ил тод, шуурхай, хууль ёсны байх, иргэн хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхолыг дээдлэх сайн дурын гэрчилгээжүүлэлт нээлттэй байх, байгаль орчинд сөрөг нөлөөгүй байх зарчмыг баримтална.
 
Хоёр. Гэрчилгээжүүлэх объект, үйл ажиллагаа
 
2.1. Дараахь объектыг гэрчилгээжүүлнэ.
2.1.1. Замын аж ахуйн чиглэлээр
- Өртөө хоорондын зам:
- Нийтийн болон дагнасан хэрэглээний зам:
- Хиймэл төхөөрөмж /гүүр, гүүрэн төхөөрөмж, ус нэвтрүүлэх хоолой, туннель, нүхэн гарц гэх мэт/:
- Зам засвар, арчлалт, оношлогоо, хэмжилт хийх бүх төрлийн машин:
- Төмөр замын гарам.
2.1.2.   Өртөө, зөрлөг
- Нийтийн болон дагнасан хэрэглээний талбай
2.1.3. Зүтгүүрийн аж ахуй:
- Зүтгүүр:             
- Зүтгүүрийн ашиглалтын депо:
- Сэргээн босгох, гал унтраах галт тэрэг:
- Амрах байр.
2.1.4.  Вагоны аж ахуй
- Бүх төрлийн ачааны вагон:
- Бүх төрлийн зорчигчийн вагон:
- Бүх төрлийн чингэлэг.
2.1.5.  Автоматик, телемеханик, холбоо
- Дохиолол, төвлөрүүлэлт, хориглолын байгууламж:
-Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хянах болон удирдах техникийн        байгууламж:
- Төмөр замын холбооны байгууламж.
2.1.6. Туслах үйлдвэрлэл
            - Дэр мод, төмөр бетон дэр:
            - Буталмал чигжээс.
2.2. Дараах үйл ажиллагааг гэрчилгээжүүлнэ:
2.2.1. Тээвэрлэлтийн үндсэн үйл ажиллагаа
            -Дагнасан хэрэглээний зам, тайлбай барих:
            -Ачилт, буулгах:
- Зорчигч үйлчилгээний буудлын үйлчилгээ;
- Галт тэрэгний аяллын үед зорчигчдод үзүүлэх үйлчилгээ;
- Төмөр замын тээвэр зуучлал /ачааны ажиллагааны цогцолбор бүхий/:
- Суурь бүтцийн хөдөлгөөн зохицуулалт;
- Төмөр замын өртөөний үйл ажиллагаа;          
- Зүтгүүр, вагоны техникийн үзлэг, үйлчилгээ
- Хатуу тооцоот багаж, хэрэгслийн үйлдвэрлэл, худалдаа
2.2.2  Бусад үйл ажиллагаа
            -Төмөр замын зураг төсөл боловсруулах;
- Дагнасан хэрэглээний замын дээд, доод бүтцийн засвар, арчлалт;
- Төмөр замын дохиолол, төвлөрүүлэлт, хориглол ба холбооны байгууламжийн засвар, техникийн үйлчилгээ.
 
Гурав. Гэрчилгээжүүлэлтийг хэрэгжүүлэх байгууллага
 
3.1. Гэрчилгээжүүлэлтийн ажлын зохион байгуулалтын бүтэц:
3.1.1. Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага,
3.1.2. Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага,
3.1.3.  Төмөр замын тээврийн хяналтын алба.
 
3.2.  Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага  нь  дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:
3.2.1. Гэрчилгээжүүлэлт хууль тогтоомжийн хүрээнд явагдаж байгаа эсэхэд хяналт тавих;
 
3.3. Төрийн захиргааны байгууллага нь дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:
3.3.1. Гэрчилгээжүүлэлтийн нөхцөл, шаардлагыг боловсруулж  эрх бүхий байгууллагаар батлуулах;
3.3.2. Гэрчилгээ олгох, хугацааг сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох;
3.3.3. Бусад улсын гэрчилгээжүүлэх байгууллагуудаас олгосон гэрчилгээг хүлээн зөвшөөрөх, татгалзах;
3.3.4. Гэрчилгээжүүлэлтэнд хамрагдах төмөр замын объектын техникийн нөхцөл, баримт бичгийг хянах;
3.3.5. Төмөр замын тээврийн объект, үйл ажиллагааг гэрчилгээжүүлэх асуудлаар бусад улсын ижил төрлийн байгууллагуудтай хамтран ажиллах;
3.3.6. Энэ журмын 1.5-д заасан зорилгод нийцүүлэн гэрчилгээжүүлэлтийн үйл ажиллагааг боловсронгуй болгох;
3.3.7. Гэрчилгээжүүлэлтийн баримт бичгийг боловсруулах гэрчилгээжилтийн мэдээллийн сан бүрдүүлж хөтлөх;
3.3.8. Гэрчилгээжүүлэлтийн үр нөлөөг дээшлүүлэх арга хэмжээг зохион байгуулах;
 
3.4  Төмөр замын тээврийн хяналтын алба нь дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
 
3.4.1. Гэрчилгээ бүхий объект, үйл ажиллагаа нь гэрчилгээжүүлэлтийн нөхцөл, шардлагыг хангаж байгаа эсэхийг хянан шалгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох санал гаргах;
3.4.2. Гэрчилгээжүүлэлтийн хууль тогтоомж, дүрэм журмын дагуу явуулж байгаа эсэхийг шалгаж, шаардлагатай тохиолдолд гаргасан дүгнэлт, шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх санал гаргах;
 
3.4.3. Төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдийн  гэрчилгээжүүлэлтийн нөхцөл, шаардлагыг хэрхэн мөрдөж байгаад хяналт тавьж  биелэлтийг нь хангуулах.
 
Дөрөв. Гэрчилгээ хүссэн өргөдлийг хянан шийдвэрлэх
 
4.1. Гэрчилгээ хүсэгч нь өөрөө, эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан төрийн захиргааны байгууллагад  гэрчилгээ авах тухай өргөдөл гаргана.
 
4.2. Гэрчилгээ авах тухай өргөдөл гаргахдаа дор дурьдсан баримт бичгийг бүрдүүлнэ.
4.2.1. Объектын  гэрчилгээ:
4.2.1.1.    Зохих журмын дагуу гаргасан өргөдөл;
4.2.1.2.    Улсын бүртгэлийн гэрчилгээ;
4.2.1.3.    Гэрчилгээжүүлэх объектын танилцуулга;
4.2.1.4.    Гэрчилгээжүүлэх объектын талаар үйлдвэрлэгчийн тогтоосон буюу мөрдөж байгаа нөхцөл, шаардлага;
4.2.1.5.    Техникийн паспорт, засвар өөрчлөлтийн бүртгэл, ашиглалтын
            заавар, техникийн зураг;
4.2.1.6.    Объект нь гэрчилгээжүүлэлтийн нөхцөл, шаардлагыг хангаж байгааг нотолсон баримт бичиг;
4.2.1.7.    Үл хөдлөх эд хөрөнгийн  өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээ.
 
4.2.2. Үйл ажиллагааны гэрчилгээ:
4.2.2.1.       Зохих журмын  дагуу гаргасан өргөдөл;
4.2.2.2.       Улсын бүртгэлийн гэрчилгээ;
4.2.2.3.       Гэрчилгээжүүлэлт хийлгэх үйл ажиллагааны тухай танилцуулга;
4.2.2.4.       Тухайн үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотой технологийн  горим, заавар;
4.2.2.5.       Тухайн үйл ажиллагааг хэрэгжүүлэх боловсон хүчний хангалт, ур чадварын тухай мэдээлэл;
4.2.2.6.       Үйл ажиллагаа нь гэрчилгээжүүлэлтийн нөхцөл, шаардлагыг хангаж байгааг нотолсон баримт бичиг.
 
4.3. Гэрчилгээ хүсэгчийн гаргаж өгсөн материал нь энэ журмын 4.2.1, 4.2.2-т заасан шаардлагыг хангаж байвал төрийн захиргааны байгууллага нь гэрчилгээ олгох асуудлыг ажлын 21 хоногийн дотор шийдвэрлэх бөгөөд шаардлагатай гэж үзвэл энэ хугацааг 14 хоногоор сунгаж болно.
 
4.4. Гэрчилгээжүүлэх  төмөр замын объект, үйл ажиллагаанууд нь  дараах  нөхцлийг хангасан байвал зохино.
4.4.1.     төмөр замын тухай хууль тогтоомж, стандарт, төмөр замын тээврийн нийтлэг багц дүрмийн шаардлага, төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангасан байх;
4.4.2.     объектийн ашиглалт, үйлчилгээг хэрэгжүүлэх технологи, зааврын бүрдлийг хангасан байх;
4.4.3.     үйл ажиллагааг хэрэгжүүлэх этгээд дотооддоо үйлчлэх техник, технологи, дүрэм, зааврын бүрдлийг хангасан байх;
4.4.4.     үйл ажиллагааг хэрэгжүүлэх санхүүгийн чадавхи, боловсон хүчин, техник тоног төхөөрөмжтэй байх.
 
4.5. Төрийн захиргааны байгууллага нь гэрчилгээний нөхцөл шаардлагыг хангаж байгаа бол гэрчилгээ олгох тухай, хангахгүй байгаа бол гэрчилгээ олгохоос татгалзаж байгааг бичгээр мэдэгдэнэ.
 
4.6.           Гэрчилгээний хугацаа:
4.6.1.     Объектын  гэрчилгээний хугацаа 3 жил байна.
4.6.2.     Үйл ажиллагааны гэрчилгээний хугацаа  1 жил байна.
4.6.3.     Шинээр хуулийн этгээд байгуулагдсан, эсхүл тухайн үйл ажиллагааг шинээр эрхлэх болсон, салбар зам, байгууламж барьсан, тухайн объектыг Монгол улсад анх удаа ашиглаж байгаа тохиолдолд энэ журмын 4.6.1, 4.6.2-т зааснаас богино  хугацаатай гэрчилгээ олгож болно.
 
4.7.           Гэрчилгээ нь олгогдсон өдрөөсөө эхлэн хүчин төгөлдөр болж хугацаа нь дууссанаар хүчингүй болно.
 
4.8.            Гэрчилгээний загварыг Төрийн захиргааны байгууллагын даргын тушаалаар батлах бөгөөд гэрчилгээнд объект, үйл ажиллагааны код, нэр, төрөл, хүчинтэй хугацаа, техникийн үзүүлэлтүүд, гэрчилгээний нөхцөл, шаардлага, олгосон байгууллага,  эрх бүхий албан тушаалтны нэр, эзэмшигчийн нэр, хаяг дугаар, олгосон он, сар, өдөр  бичигдэнэ.
 
.
Тав. Гэрчилгээ эзэмшигчийн үүрэг, гэрчилгээг сунгах журам
 
5.1. Гэрчилгээ эзэмшигч нь төмөр замын тээврийн аюулгүй байдал, хөдөлгөөний аюулгүй ажиллагааг хангаж ажиллах, гэрчилгээний нөхцөл шаардлагыг биелүүлэх, гэрчилгээ авахаар анх бүрдүүлж өгсөн материал, мэдээлэл, объектын үндсэн эд анги, үйл ажиллагааны технологид өөрчлөлт орсон бол 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ.
 
5.2. Гэрчилгээний хүчинтэй хугацаанд объект, үйл ажиллагааны хэвийн ашиглалт, хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлж болох  технологийн процесс, бүтэц,  үйл ажиллагаанд өөрчлөлт оруулах тохиолдолд гэрчилгээ эзэмшигч нь энэ тухай төрийн захиргааны байгууллагад урьдчилан  мэдэгдэнэ.
 
5.3. Энэ журмын 5.2-т заасан өөрчлөлтийг хийсэн бол гэрчилгээнд өөрчлөлтийг тусгах буюу шинээр гэрчилгээ олгоно. Шинээр гэрчилгээ олгох асуудлыг энэ журмын дөрөвдүгээр зүйлд заасан журмаар хянан шийдвэрлэнэ.
 
5.4. Гэрчилгээний хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө гэрчилгээний хугацааг сунгуулах тухай өргөдөл гаргана. Өргөдөлд дараах материалыг хавсаргана.
5.4.1.     Зохих журмын дагуу гаргасан өргөдөл;
5.4.2.      Гэрчилгээ /хугацаа дууссан/;
5.4.3.     Гэрчилгээжүүлсэн объектын ашиглалт, үйл ажиллагааны тайлан;
5.4.4.     Гэрчилгээ авахаар бүрдүүлж өгсөн материал, мэдээлэлд орсон өөрчлөлтийн тухай мэдээлэл.
 
5.5. Гэрчилгээний хугацааг сунгуулах тухай өргөдлийг энэ журмын 5.4-т заасан хугацаанд ирүүлээгүй бол гэрчилгээ шинээр олгох журмыг баримтална.
 
Зургаа.  Түдгэлзүүлэх, хүчингүй болгох
 
6.1. Гэрчилгээг түдгэлзүүлэх үндэслэл:
  6.1.1.гэрчилгээний нөхцөл шаардлагыг зөрчсөн;
            6.1.2. энэ журмын 5.1, 5.2 дахь заалтуудыг зөрчсөн;
            6.1.3.гэрчилгээ бүхий иргэн хуулийн этгээдийн хууль бус үйл ажиллагааны улмаас иргэд, байгууллагын эрх ашиг зөрчигдсөн;
            6.1.4.гэрчилгээгүй объект, үйл ажиллагааг ашигласан, гэрчилгээгүй объект, үйл ажиллагааны ашиглах нөхцлийг бүрдүүлсэн;
            6.1.5.гэрчилгээний нөхцөл шаардлага хангахгүй болсон.
 
6.2.  Эрх бүхий улсын  байцаагч гэрчилгээг түдгэлзүүлэх саналаа гаргасны  дагуу төрийн захиргааны байгууллага гэрчилгээг түдгэлзүүлэх эсэхийг хянан шийдвэрлэнэ.
 
6.3. Гэрчилгээг түдгэлзүүлсэн тохиолдолд илэрсэн зөрчил дутагдлыг арилгах хугацаатай үүрэг өгнө.
 
6.4. Гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл:
 
            6.4.1.Гэрчилгээний нөхцөл шаардлагыг зөрчсөнөөс төмөр замын тээврийн аюулгүй байдал алдагдсан;
            6.4.2.Гэрчилгээг түдгэлзүүлж энэ журмын 6.3-т заасны дагуу өгсөн үүргийг  биелүүлээгүй;
            6.4.3.Гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээд татан буугдсан;
            6.4.4.Гэрчилгээ авснаас хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 1 жилийн хугацаанд үйл ажиллагаа эрхлээгүй.
 
6.5. Гэрчилгээг хүчингүй болгосон тухай мэдэгдлийг гэрчилгээ эзэмшигч, холбогдох суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгчид мэдэгдэнэ.
 
6.6. Хугацаа дууссан буюу хүчингүй болгосон гэрчилгээг төрийн захиргааны байгууллага хураан авна.
 
Долоо. Хяналт
 
7. Төрийн захиргааны байгууллага гэржилгээжсэн объект, үйл ажиллагаанд аттестатчилал хийж илэрсэн зөрчил дутагдлыг арилгах арга хэмжээ авч болно.
 
7.2. Төрийн захиргааны байгууллага, Төмөр замын тээврийн хяналтын алба, Гэрчилгээжүүлэлт, гэрээ эрхийн хэлтэс гэрчилгээжүүлэлтэд хамрагдах объект, үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийнэ.
 
7.3. Гэрчилгээ эзэмшигч нь эрх бүхий этгээдийг гэрчилгээжсэн объект, үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх боломжоор хангах, жил бүр объектын ашиглалт, үйл ажиллагааны мэдээ тайлан өгнө.
 
Найм. Гэрчилгээжүүлэлтийн мэдээллийн сан
 
8.1. Гэрчилгээжүүлэлтийн мэдээллийн сан дараахь мэдээллүүдийг агуулна. Үүнд:
8.1.1. Стандарт, норматив, баримт бичиг;
8.1.2. Гэрчилгээжсэн объектууд;
            8.1.3. Гэрчилгээжсэн үйл ажиллагаа;
            8.1.4. Объектын ангилал, төрөл.
 
8.2. Гэрчилгээжүүлэлтийн мэдээллийн санг төмөр замын зарим объект, үйл ажиллагаанд гэрчилгээжүүлэлтийн дараа хийгдэх хяналт, шалгалтын үр дүнгийн болон бусад мэдээллээр баяжуулна.
 
 
-------------------- о0о -----------------