Хэвлэх DOC Татаж авах

Хууль зүй, дотоод хэргийн сайдын

2011 оны 52 дугаартушаалын хавсралт

 

 

БАРЬЦАА ГАРГАХ, БУЦААН ОЛГОХ,

БАРЬЦААНЫ ХЭМЖЭЭ ТОГТООХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү журмаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.1, 36.1.3-т заасан зөрчил гаргасан гадаадын иргэн өөрийн хүсэлтээр барьцаа өгөх, буцаан олгох, уг барьцааны хэмжээг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулна.

1.2.Энэхүү журамд дараах нэр томъёог дор дурьдсан утгаар ойлгоно:

1.2.1."барьцаа" гэж Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 36.1.1,36.1.3-т заасан үндэслэлээр саатуулагдвал зохих гадаадын иргэнд холбогдох асуудлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл саатуулахгүй байж, оргон зайлсан тохиолдолд түүнийг эрэн сурвалжлахад зарцуулах, тухайн гадаадын иргэн, уригч болон бусад этгээдээс тусгай дансанд байршуулах мөнгөн хөрөнгийг;

1.2.2."барьцаа авагч" гэж Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар /цаашид "Газар" гэх/-ыг;

1.2.3."барьцаа гаргагч" гэж барьцааны гэрээний дагуу тодорхой үүрэг хүлээж, энэ журмын 1.2.1-д заасан барьцааны мөнгөн хөрөнгийг тусгай дансанд байршуулагч гадаадын иргэн, уригч болон бусад этгээд;

1.2.4."барьцааны гэрээ" гэж талуудын нэр, байнгын хаяг, эрх, үүрэг, үүргийг хангах хугацаа, барьцааны хэмжээ, хөрөнгийг байршуулах газар, байршуулсан огноо зэргийн мэдээлэл бүхий барьцаа авагч болон барьцаа гаргагчын хооронд байгуулсан гэрээг;

1.2.5."батлан даагч" гэж хэн болох нь тогтоогдохгүй гадаадын иргэнийг хэн болохыг нотлох боломж бүхий Монгол Улсад байнга оршин суух хаягтай, тодорхой ажил, хөдөлмөр эрхэлдэг, хөрөнгийн эх үүсвэртэй, батлан даагчийн үүргийг бүрэн хүлээх чадвартай, насанд хүрсэн этгээдийг.

Хоёр. Барьцаа гаргах

2.1.Хуульд заасан үндэслэлээр саатуулагдах гэж байгаа болон саатуулагдсан гадаадын иргэн барьцаа гаргаж, өөрт нь холбогдох асуудлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл саатуулагдахгүй байх тухай хүсэлтээ зөрчлийг шалгаж байгаа гадаадын иргэний хяналтын улсын байцаагчид /цаашид "улсын байцаагч" гэх/ бичгээр гаргана.

2.2.Хүсэлтийг хүлээн авсан улсын байцаагч тухайн гадаадын иргэнийг барьцаатайгаар саатуулахгүй байх эсэх асуудлыг Хяналтын хэлтсийн даргад шуурхай танилцуулан шийдвэрлүүлж хүсэлт гаргагчид хариу өгнө.

2.3.Барьцаа гаргаж саатуулагдахгүй байх тухай хүсэлтийг хүлээн авсан тохиолдолд улсын байцаагч нь барьцаа гаргагчид барьцааны гэрээний агуулгыг тайлбарлаж, барьцааны мөнгөн дүнг банкин дахь тусгай дансанд Монгол Улсын мөнгөн тэмдэгтээр тушаах талаар зааварчилна.

2.4.Барьцаа гаргагч нь барьцааны мөнгийг тушаасны дараа барьцаа авагч болон барьцаа гаргагч талууд барьцааны гэрээ байгуулна.

2.5.Барьцаа авагчийг тухайн зөрчлийг шалгаж байгаа улсын байцаагч төлөөлнө.

2.6.Барьцааны гэрээг хоёр хувь үйлдэж нэг хувийг шалгаж буй зөрчлийн материалд хавсаргаж, нэг хувийг нь барьцаа гаргагчид өгнө.

2.7.Паспорт буюу паспортыг орлох баримт бичиггүй, эсхүл хэн болох нь тогтоогдохгүй байгаа гадаадын иргэнээс барьцаа гаргуулах тохиолдолд барьцааны гэрээг хоёроос доошгүй батлан даагчаар дамжуулан хийнэ.

2.9.Улсын байцаагч нь Хяналтын хэлтэст барьцааны гэрээг бүртгүүлсний дараа гадаадын иргэнийг чөлөөлнө.

Гурав. Барьцааг буцаан олгох, олгохоос татгалзах

3.1.Барьцаа гаргагч нь барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн тохиолдолд барьцааг буцаан олгоно.

3.2.Улсын байцаагч нь барьцааг буцаан олгохдоо барьцаа гаргагчийн дансанд барьцааг шилжүүлж, холбогдох санхүүгийн баримтыг өгч, энэ тухай барьцааны гэрээнд тэмдэглэл үйлдэн санхүүгийн бүртгэлээс хасуулж, зөрчлийг шалгасан материалд хавсаргана.

3.3.Барьцааг дараах тохиолдолд буцаан олгохгүй:

3.4.1.барьцаатайгаар саатуулагдаагүй гадаадын иргэн оргон зайлсан;

3.4.2.барьцаа гаргагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй;

3.4.3.барьцаатайгаар саатуулагдаагүй гадаадын иргэн дахин зөрчил гаргасан.

3.4.Улсын байцаагч энэ журмын 3.3.-т заасан нөхцлийг тогтоосон тохиолдолд уг гадаадын иргэнийг саатуулах арга хэмжээг нэн даруй авч, барьцааг захиргааны зөрчлийг арилгах, тухайн гадаадын иргэнийг харьяалах улс руу нь буцаах тээврийн хэрэгслийн тийзний зардалд зарцуулна.

3.5.Улсын байцаагч нь захиргааны зөрчилд ногдуулсан шийтгэврийн хуудасны хувь болон харьяалах улс руу нь буцаах тээврийн хэрэгслэлийн тийзний хуулбарыг зөрчлийг шалгасан материалд хавсаргана.

Дөрөв. Барьцааны хэмжээ тогтоох

4.1.Барьцааны хэмжээг дараах байдлаар тогтооно: 

4.1.1.Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.1-д заасан үндэслэлээр саатуулагдах гадаадын иргэний барьцааг түүний Монгол Улсаас өөрийн харьяалах улс руу нь онгоцоор буцаахад шаардагдах зардал дээр гаргасан захиргааны зөрчилд хуулиар ногдуулах торгуулийн дээд хэмжээг нэмсэнтэй тэнцэхүйц төгрөгөөр;

4.1.2.Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.3.-т заасан үндэслэлээр хэн болох нь тогтоогдохгүй байгаа гадаадын иргэнийг саатуулах тохиолдолд батлан даагчийн мэдүүлснээр тухайн гадаадын иргэний харьяалах улсыг тогтоож, Монгол Улсаас тус харьяалах улс руу нь онгоцоор буцаахад шаардагдах зардал дээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц төгрөгөөр;

4.1.3.Агаараар зорчих шаардлагагүй, өөрийн харьяалах улс руу нь төмөр зам буюу бусад тээврийн хэрэгслэлээр буцаах боломжтой орны иргэдийн хувьд гаргасан зөрчлөөс нь хамааран хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр.

Тав.Бусад

5.2.Барьцааны гэрээний загварыг Газрын дарга батална.

5.3.Барьцааг буцаан олгох санхүүгийн баримтад нэгдүгээр гарын үсгийг Хяналтын хэлтсийн дарга, хоёрдугаар гарын үсгийг Газрын ерөнхий нягтлан бодогч нар тус тус зурна.

5.4.Барьцааны гэрээний биелэлтэд Хяналтын хэлтсийн дарга хяналт тавина.