Хэвлэх DOC Татаж авах

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны

өдрийн 171 дүгээр тушаалын хавсралт

 

 

НОТАРИАТЫН ҮЙЛДЭЛ ХИЙХ ЗААВАР

 

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Нотариатч, нотариатчийн үүрэг гүйцэтгэгч(цаашид "нотариатч" гэх) нь нотариатын үйлдлийг хийхдээ хууль, энэхүү зааврыг мөрдөнө.

1.2.Нотариатч нь нотариатын үйлдэл хийхдээ Нотариатын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан зарчмыг баримтална.

Хоёр. Нотариатын үйлдэл хийхэд тавигдах шаардлага

2.1.Нотариатч нь үйлчлүүлэгчийн хийлгэх гэж байгаа үйлдэл, үйлчилгээний хөлс, зардлыг түүнд тайлбарлаж өгнө.

2.2.Нотариатын үйлдлийг хийхэд шаардагдах баримт бичгийн бүрдүүлбэрийг үйлчлүүлэгч хангасан тохиолдолд нотариатч үйлдэл хийнэ.

2.3.Үйлчлүүлэгч төлөөлөгчөөрөө дамжуулан нотариатын үйлдэл хийлгэхийг хуулиар зөвшөөрсөн болон Нотариатын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд үйлчлүүлэгч нь нотариатчийн ажлын байранд өөрийн биеэр ирж үйлчлүүлнэ.

2.4.Үйлчлүүлэгч нь гэрчлүүлэх баримт бичгээ өөрөө урьдчилан боловсруулж болохоос гадна нотариатчийн дэргэд түүний тусламжтайгаар боловсруулж болно. Үйлчлүүлэгч хүсвэл баримт бичгийг нотариатч боловсруулж болно. Нотариатаар гэрчлүүлэх баримт бичгийг харандаа, арилдаг тосон бал, уусдаг бэхээр бичихгүй.

2.5.Балласан, засварласан, харандаагаар бичсэн болон үг, үсэг дарсан баримт бичгийг нотариатч гэрчлэхийг хориглоно.

2.6.Нотариатч нь нотариатын үйлдэл хийхдээ гэрчлүүлэх баримт бичгийн гүйцээгүй мөр, сул зайг зураас татаж гүйцээнэ.

2.7.Баталгааны тэмдгийг баримт бичгийн баруун доод хэсэгт, нотариатчийн тамгыг баталгааны тэмдгийн зүүн дээд хэсэгт тус тус дарж гэрчилнэ. Олон хуудастай гэрээ, хэлцэл, баримт бичгийн хуудас бүрт нотариатчийн тамгыг уг хуудасны баруун доод хэсэгт бичиг оруулж дарна.

2.8.Баримт бичгийн төгсгөлийн хуудсанд нотариатчийн тамга, баталгааны тэмдэг дарж гэрчилнэ.

Тогтоосон маягтын дагуу бичигдэж, тусгайлан гэрчилгээ олгодог үйлдлийн хувьд маягтыг гараар бөглөж зөвхөн нотариатчийн тамга дарж гэрчилнэ. Нотариатч гэрчилсэн баримт бичигт соёмбо бүхий нотариатчийн тамганы дугаарыг тод гаргаж, баталгааны тэмдгийн бичилтийг хийх ба баталгаат гарын үсгээ зурна. Энэ шаардлагыг хангаагүй үйлдэл хүчингүйд тооцогдоно. 

2.9.Үйлчлүүлэгч нь хэлгүй, дүлий, монгол хэл мэддэггүй, эсхүл хараагүй бол орчуулагч/хэлмэрч/-аар нь дамжуулан гэрчлүүлэх үйлдлийн утга агуулга, хууль зүйн ач холбогдол, үр дагавар, хариуцлага зэргийг түүнд тайлбарлаж, Нотариатын тухай хуулийн 34, 35 дугаар зүйлд заасны дагуу тэмдэглэл үйлдэнэ.

2.10.Нотариатч нь Нотариатын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу үйлчүүлэгчийн хүсэлтээр байгаа газарт нь очиж үйлчилгээ үзүүлсэн бол тухайн үйлдлийг бүртгэлийн дэвтэрт тусгайлан тэмдэглэж, үйлдэл хийсэн газрын байршил, хаяг, цаг хугацааг тэмдэглэнэ.

2.11.Нотариатын үйлчилгээ авсан тухай лавлагаа, холбогдох баримт бичгийг зөвхөн уг үйлдлийг биечлэн хийлгэсэн болон уг үйлдэлд холбогдох иргэн, байгууллагад олгоно.

Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагаас албан бичгээр ирүүлсэн хүсэлтийг үндэслэн зөвхөн тэдгээр байгууллагад хянагдаж буй эрүү, иргэн, захиргааны хэрэгтэй холбогдсон лавлагаа өгч, үндсэн баримтаас хуулбар, хэсэгчилсэн хуулбар олгож болно.

2.12.Гэрчлүүлэх баримт бичгийг засварласан, он, сар, өдөр, регистрийн дугаар, овог, эцгийн нэр, нэр нь эх баримт болон бусад баримт бичигтэй зөрөөтэй тохиолдолд холбогдох байгууллагаас олгосон лавлагаа, тодорхойлолтыг үндэслэн баримт бичгийг гэрчлэх эсэхийг шийдвэрлэнэ.

2.13.Нотариатч нь нотариатын үйлдэл хийхдээ үйлчлүүлэгчийн иргэний баримт бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хүчинтэй эсэхийг шалгах ба тэдгээрийн хугацаа нь дууссан тохиолдолд гэрчлэхгүй. Үүний зэрэгцээ баримт бичгийн хугацааг сунгуулахыг үйлчлүүлэгчид зөвлөнө.

2.14.Нотариатын үйлдэл хийх үед үйлчлүүлэгч хууль зөрчсөн нь илэрвэл нотариатч нь үйлдлийг зогсоож, энэ тухай холбогдох байгууллагад мэдэгдэнэ. Түүнчлэн нотариатчаар гэрчлүүлэх баримт бичгийн жинхэнэ эх баримт мөн эсэх нь эргэлзээтэй байвал уг баримт бичгийг олгосон байгууллагаас лавлагаа, хуулбар авах, тодорхойлолт гаргуулах, зайлшгүй шаардлагатай гэж үзвэл баримт бичгийг магадлан шинжлүүлэхээр эрх бүхий байгууллагад хүргүүлнэ.

2.15.Нотариатч нь үйлчилгээ үзүүлсэн даруйдаа нотариатын үйлчилгээний хөлс хураасан тухай баримт /мөнгөний тасалбар/-ад үйлчлүүлэгчийн хийлгэсэн нотариатын үйлчилгээний төрөл, үйлчилгээний хөлсний хэмжээг тоогоор болон бичгээр тэмдэглэж үйлчлүүлэгчээр гарын үсэг зуруулна. Түүнчлэн нотариатын үйлдэл хийсэн он, сар, өдрийг тэмдэглэж нотариатч гарын үсгээ зурна.

Мөнгөний тасалбарт нэгдсэн дугаар хэрэглэнэ. Мөнгөний тасалбарын гол хэсэгт "хураав" тэмдэг дарж, тасалбарыг үйлчлүүлэгчид олгох ба тасалбарын үлдэх хэсгийг нотариатч өөртөө үлдээнэ.

2.16.Нотариатчийн үүрэг гүйцэтгэгч нь нотариатын үйлдэл, орлогын мэдээг нэгтгэж, жилийн эцсийн дүнг дараа оны нэгдүгээр сарын 3-ны дотор аймгийн Засаг даргын Тамгын газрын холбогдох нэгжид хүргүүлнэ.

Гурав. Нотариатын үйлдлийн бүртгэл хөтлөх

3.1.Нотариатч Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан үйлдэл тус бүрээр бүртгэлийн дэвтэр хөтөлнө. Үүнд:

3.1.1.гэрээ, хэлцэл, хуулийн этгээд үүсгэн байгуулах баримт бичиг;

3.1.2.гэрээслэл;

3.1.3.итгэмжлэл;

3.1.4.өвлөх эрхийн гэрчилгээ олгох, өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалах;

3.1.5.эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбогдох баримт бичиг;

3.1.6.гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс оногдох хувиа өмчлөх эрх/ гэрээ, хэлцлийн дэвтэрт бүртгэнэ/;

3.1.7. баримт бичгийн хуулбар, орчуулсан баримт бичиг;

3.1.8. баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөв;

3.1.9.нотариатчийн мэдэгдэх хуудас.

3.2.Нотариатчийн үүрэг гүйцэтгэгч нь нотариатын дараахь үйлдэл тус бүрээр бүртгэлийн дэвтэр хөтөлнө. Үүнд:

3.2.1.баримт бичгийн хуулбар;

3.2.2.гэрээ, хэлцэл;

3.2.3. хуулийн этгээд үүсгэн байгуулах баримт бичиг;

3.2.4.итгэмжлэл;

3.2.5.баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөв;

3.2.6.гэрээслэл, өвлөх эрхийн гэрчилгээ.

3.3.Нотариатын бүртгэлийг хөтлөхдөө Нотариатын тухай хуулийн 26 дугаар зүйлийг баримтална.

3.4.Бүртгэлийн дэвтрийн хуудас бүр дугаарлагдсан байна.

3.5.Нотариатын хэд хэдэн үйлдлийг нэг дэвтэрт хольж бүртгэхийг хориглоно.

3.6.Бүртгэлийн дэвтэрт үйлчлүүлэгчийн гарын үсгийг нэрийн тайллын хамт зуруулах бөгөөд хуулийн этгээд хувьд тамга, тэмдгээр нь баталгаажуулж болно.

3.7.Гэрээслэлээс бусад нотариатын үйлдлийн бүртгэлийн дугаарыг жил бүр 001-ээс эхлэн дугаарлана. 

3.8.Дуусаагүй бүртгэлийн дэвтрийг дараа онд үргэлжлүүлэн хэрэглэхийг хориглоно. Энэ заалт гэрээслэлийг бүртгэх дэвтэрт хамаарахгүй.

Дөрөв. Үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоох

4.1.Нотариатч нь Нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасны дагуу үйлчүүлэгчийн хувийн байдлыг дараахь баримт бичгийг үндэслэн тогтооно.Үүнд:

4.1.1.иргэний үнэмлэх;

4.1.2.16 хүртэлх насны хүүхдийн төрсний гэрчилгээ;

4.1.3.батлан хамгаалах, хил, гааль, дотоодын цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, гал түймэртэй тэмцэх болон цагдаагийн байгууллагын албан хаагчийн хувьд тухайн байгууллагуудаас олгосон хувийн үнэмлэх буюу цэргийн батлах, офицерийн үнэмлэх;

4.1.4.Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга оршин суугч, цагаач гадаадын иргэн, харьяалалгүй хүний оршин суух үнэмлэх;

4.1.5.гадаадын иргэний паспорт буюу түүнийг орлох хууль ёсны баримт бичиг.

4.2.Эрүүл мэндийн ноцтой шалтгааны улмаас, түүнчлэн нотариатын үйлдлийг хойшлуулах боломжгүй бусад тохиолдолд үйлчлүүлэгч нь иргэний үнэмлэхгүй байвал гадаад паспорт, жолооны үнэмлэх, цэргийн батлах, нийгмийн даатгалын дэвтэр зэрэг уг этгээдийн фото зураг, регистрийн дугаар бүхий бусад баримт бичгийг үндэслэн түүний хувийн байдлыг тогтоож болно.

4.3.Үйлчлүүлэгчийн овог, эцгийн нэр, нэр өөрчлөгдсөн бол овог, эцгийн нэр, нэрийг нь өөрчилсөн эрх бүхий байгууллагаас олгосон гэрчилгээг шалгана.

4.4.Иргэний эрх зүйн зарим чадамжтай /Иргэний хуулийн 17 дугаар зүйл/, иргэний эрх зүйн чадамжгүй / Иргэний хуулийн 18 дугаар зүйл/ мөн иргэний эрх зүйн чадамж нь хязгаарлагдсан/ Иргэний хуулийн 19 дугаар зүйл/ иргэний өмнөөс нотариатын үйлдэл хийлгэх бол тухайн иргэний иргэний баримт бичгээс гадна хууль ёсны төлөөлөгч, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн иргэний баримт бичгийг мөн шалгана.

4.5.Сэтгэцийн өвчний улмаас эрх зүйн чадамжгүй болсон иргэн, түүнчлэн мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис, согтууруулах ундаа байнга хэрэглэж эрх зүйн чадамж нь хязгаарлагдсан иргэний хувьд энэ зааврын 4.4-т заасан баримт бичгээс гадна уг иргэнийг эрх зүйн чадамжгүйд тооцсон болон иргэний эрх зүйн чадамжийг нь хязгаарласан шүүхийн шийдвэрийг үйлчлүүлэгчээс шаардана.

4.6.Нотариатч нь үйлчлүүлэгч-хуулийн этгээд эрх зүйн чадамжтай эсэхийг түүний улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийг үндэслэн тогтоохын зэрэгцээ улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэсэн өөрчлөлтийн талаарх бүртгэлийг нягталж үзнэ. Түүнчлэн хуулийн этгээдийг төлөөлж буй этгээдийн бүрэн эрх болон хувийн байдлыг тогтооно.  Ингэхдээ төлөөлж буй этгээдийн бүрэн эрхийг хуулийн этгээдийн гэрээ, дүрэм, Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол зэргийг; итгэмжлэлээр төлөөлж буй тохиолдолд тухайн итгэмжлэл хуулийн шаардлага хангасан эсэхийг шалгана.

4.7.Үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн байдал илтэд муудах зэрэг зайлшгүй нөхцөл байдлын улмаас нотариатын үйлдлийг яаралтай хийх шаардлага гарвал үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тусгайлан тодруулахгүйгээр Нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийг үндэслэн нотариатын үйлдэл хийнэ. Үйлчлүүлэгчийн хувийн байдлыг нөхөн тодруулахад хуульд харшлах нөхцөл байдал илрээгүй бол тухайн үйлдэл хүчин төгөлдөрт тооцогдоно.

4.8.Нотариатч нь Нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасны дагуу үйлчлүүлэгч эрх зүйн чадамжтай эсэхэд эргэлзээ төрвөл эрх бүхий байгууллагаас тодорхойлолт гаргуулж болно.

Түүнчлэн гэрчлүүлэх баримт бичиг нь түүнийх мөн эсэхэд эргэлзээ төрвөл тухайн үйлчлүүлэгчийг таних 2 гэрчээр тодорхойлуулан тогтоож болно. Ийнхүү гэрч оролцсон тохиолдолд Нотариатын тухай хуулийн 34, 35 дугаар зүйлд заасны дагуу тэмдэглэл хөтөлнө.

Тав. Гэрээ, хэлцэл гэрчлэх

5.1.Нотариатч нь гэрээг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийг баримтлана.

5.2. Дор дурдсан гэрээ, хэлцлийг хуульд заасны дагуу заавал гэрчлэнэ:

5.2.1.гэрлэгчдийн эд хөрөнгийн эрхтэй холбогдсон хэлцэл /Иргэний хуулийн 132.2 дугаар зүйл/;

5.2.2.орон сууц дангаар өмчлөх эрх үүсгэх хэлцэл /Иргэний хуулийн 145.2 дугаар зүйл/;

5.2.3.үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэх хэлцэл /Иргэний хуулийн 109.2 дугаар зүйл/;

5.2.4.бэлэн байгаа эд хөрөнгийг бусдад шилжүүлэх, хязгаартайгаар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ /Иргэний хуулийн 190.2 дугаар зүйл/;

5.2.5.тодорхой хөрөнгө бэлэглэхээр амласан амлалт /Иргэний хуулийн 276.4 дүгээр зүйл/;

5.2.6.тэжээн тэтгэх гэрээ /Гэр бүлийн тухай хуулийн 45.1 дүгээр зүйл/;

5.2.7.үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах гэрээ, хэлцэл/Иргэний хуулийн 237.1 дүгээр зүйл/;

5.2.8.мөнгө буюу үнэт цаасыг банкинд хадгалуулахаар хүлээн авах гэрээ/Иргэний хуулийн 237.1 дүгээр зүйл/.

5.3.Нотариатч нь Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт заасны дагуу хуульд заавал гэрчлэхээр заагаагүй боловч түүнд харшлаагүй гэрээ, хэлцлийг талуудын хүсэлтээр гэрчилж болно.

5.4.Нотариатч нь үйлчлүүлэгчийн хүсэлтээр гэрээний төслийг боловсруулсан бол гэрээг гэрчлэхээс өмнө төслийг түүнд танилцуулна.

5.5.Гэрээ, хэлцлийн агуулгыг хянах явцад тэдгээр нь хууль тогтоомж зөрчсөн, эсхүл өөр гэрээ хэлцлийг халхавчлах зорилго агуулсан, түүнчлэн хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн зэрэг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлийн шинжийг агуулсан, эсхүл хэлцэл хийсэн этгээд ноцтой төөрөгдсөн, мэхлэгдсэн, хүчинд автсан зэрэг Иргэний хуулийн 58-60 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бусад тооцож болох хэлцлийн шинж илэрвэл тухайн гэрээ, хэлцлийг нотариатч гэрчлэхгүй.

5.6.Гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөлд байгаа үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь захиран зарцуулахад Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.9 дэх хэсгийг баримтлах бөгөөд энэ тохиолдолд гэр бүлийн насанд хүрсэн гишүүдийн зөвшөөрлийг авна.

5.7.Үнэ цэнэтэй, ховор эд зүйлийг барьцаалж байгаа бол тухайн эд зүйлийн фото зураг, бичлэг зэргийг нотариатчид үлдэх гэрээний хувьд хавсаргана.

5.8.Гэрээ, хэлцэлд нэмэлт, өөрчлөлт оруулсан, хугацааг сунгасан, цуцалсан, дуусгавар болсныг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.8 дахь хэсгийг баримтална. 

5.9.Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, гэрчилгээ авснаар өмчлөх, эзэмших эрх нь хууль ёсоор баталгааждаг эд хөрөнгө/автомашин, кран, чиргүүл, буу, үл хөдлөх эд хөрөнгө зэрэг/-ийг бусдад шилжүүлсэн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй тохиолдолд тухайн гэрээг үндэслэн эрх шилжүүлэх гэрээ гэрчлэхийг хориглоно.

Зургаа.Гэрээслэл гэрчлэх

6.1.Нотариатч нь гэрээслэлийг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 40 дүгээр зүйлийг баримтална.

6.2.Нотариатч нь эрх зүйн бүрэн чадамжтай иргэний хүсэлтийг үндэслэн гэрээслэлийг нь гэрчлэх ба гэрээслэлд гэрээслэгч өөрөө гарын үсгээ зурна.

Гэрээслэл нь Иргэний хуулийн 523 дугаар зүйлийн 523.1 дэх хэсэгт заасны дагуу бичгээр 2 хувь үйлдэгдэх бөгөөд үйлдсэн газар, он, сар, өдөр, цаг, минутыг гэрээслэлд тэмдэглэнэ.

6.3.Гэрээслэлийн зүйл нь хөдлөх хөрөнгө байвал түүний фото зургийг авч гэрээслэлд хавсаргаж болно.

6.4.Гэрээслэгч өөрийн хийж байгаа үйлдлийг бүрэн ойлгох чадвартай байгаа эсэхэд эргэлзээ төрвөл нотариатч нь эмчийн дүгнэлтийг үндэслэн гэрээслэлийг гэрчлэх бөгөөд энэ нь эрүүл мэндийн зарим шалтгаанаар бусдын асрамжинд байгаа гэрээслэгчид нэгэн адил хамаарна.

6.5.Гэрээслэгч хуульд зааснаар хэдийд ч гэрээслэлээ өөрчлөх буюу цуцлах эрхтэй бөгөөд ийнхүү гэрээслэлээ өөрчлөх, цуцлах тухай баримт бичигт зурсан гэрээслэгчийн гарын үсгийг нотариатч гэрчилнэ.

6.6.Гэрээслэл болон түүнийг өөрчилсөн, цуцалсан бүртгэл нь улсын хэмжээнд нэгдсэн дугаартай байна. Нотариатч гэрээслэлийн бүртгэлийн дугаарыг Нотариатчдын танхимаас авах бөгөөд уг гэрээслэлийг гэрчилснээс хойш 14 хоногийн дотор Танхимд бүртгүүлнэ. 

6.7.Гэрээслэл болон түүнийг өөрчилсөн, цуцалсаны бүртгэлийг Нотариатчдын танхим хөтөлнө.

6.8.Гэрээслэлийг гэрчлэхдээ гэрээслэгч гэрээслэлээр өв залгамжлагчийг байлцуулах тухай хүсэлт гаргаснаас бусад тохиолдолд өв залгамжлагчийг байлцуулалгүй гэрчилнэ.

6.9.Гэрээслэлийг бүртгэлийн дэвтэрт дугаарлахдаа тухайн нотариатчийн гэрээслэлийн бүртгэлийн дугаар болон Нотариатчдын танхимаас авсан гэрээслэлийн бүртгэлийн дугаарыг тус тус авч 001/25 гэх мэтчлэн бичнэ.

Гэрээслэлийг гэрчилсэн огноо, цаг, минутыг тодорхой бичнэ.

6.10.Гэрээслэгчийн өөрийнх нь бичсэн гэрээслэлийн эх хувийг нотариатч архивт авч үлдэнэ.

6.11.Гэрээслэгч гэрээслэлээ өөрчлөх эсхүл цуцлах тухай хүсэлтээ анхны гэрээслэлийг гэрчилсэн нотариатч болон Нотариатчдын танхимд гаргах эрхтэй болохыг нотариатч түүнд зөвлөнө.

Хэрэв гэрээслэгч гэрээслэлээ өөрчлөх, цуцлахаар хүсэлт гаргавал анхны гэрээслэлийг гэрчилсэн нотариатч "Гэрээслэлийн бүртгэлийн дэвтэр"-т; Нотариатчдын танхимын Ерөнхийлөгч анхны гэрээслэл болон Танхимд хөтлөгддөг "Гэрээслэлийн нэгдсэн бүртгэлийн дэвтэр"-т гэрээслэл өөрчлөгдсөн, эсхүл цуцлагдсан тухай тэмдэглэх ба тэмдэглэл, гэрээслэгчийн хүсэлтийг гэрээслэлд хавсаргана.

Гэрээслэл өөрчилснийг гэрчлэхдээ гэрээслэл гэрчлэх дараалал, журмыг; гэрээслэл цуцалсныг гэрчлэхдээ баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэх дараалал, журмыг тус тус баримтална.

6.13.Гэрээслэл биелүүлэх тухай баримт бичгийг гэрээслэлд хавсаргаснаар гэрээслэлд холбогдох баримт бичгийг бүрдүүлсэн гэж үзэх ба гэрээслэлийн хувь тус бүрт нотариатчийн тамга, баталгааны тэмдэг дарж гэрээслэл гэрчлүүлсэн он, сар, өдөр, цаг, минутыг тэмдэглэж, гарын үсэг зурна.

Гэрээслэлийг ус нэвтэрдэггүй дугтуйнд хийнэ.

Дугтуй тус бүрийн нүүрэн хэсэгт нотариатчийн тамга, баталгааны тэмдгийг дарж, зохих бичилтийг хийх ба гэрээслэгч, гэрээслэл үйлдсэн нотариатчийн эцгийн нэр, нэр, хаяг, утасны дугаар зэргийг тодорхой тэмдэглэж, нэг хувийг гэрээслэгчид гардуулж, үлдэх хувийг Нотариатчдын танхимд хүлээлгэж өгнө.

6.14.Нотариатч нь өв нээгдсэн үед гэрээслэлийг албан ёсоор задалж, гэрээслэлээр өв залгамжлагчид танилцуулахдаа гэрээслэгчийн нас барсны гэрчилгээ, эсхүл энэ тухай лавлагааг үндэслэн гүйцэтгэнэ.

6.15.Гэрээслэгчийг нас барснаас хойш гэрээслэлээр өв залгамжлагч гэрээслэл задлуулах тухай хүсэлтийг гэрээслэлийг гэрчилсэн нотариатч, түүний эзгүйд Нотариатчдын танхимд гаргана.

Гэрээслэлийг задлах үед хөндлөнгийн гэрч, гэрээслэл биелүүлэгчийг байлцуулна.

6.16.Гэрээслэлийн эх хувь Нотариатчдын танхимын архивт хадгалагдана.

6.17.Гэрээслэл гэрчлэх явцыг фото зураг болон бичлэгээр баримтжуулж болно.

6.18.Нотариатч нь гэрээслэл задалсан тухай баримт бичиг үйлдэж, энэ тухай тэмдэглэл хөтөлж, өв залгамжлагчид гэрээслэлээр өвлөх эрхийн гэрчилгээг олгоно.

6.19.Нотариатч нь гэрээслэл биелүүлэгчээр томилогдсон бол энэ үүргийг хуульд заасан журмын дагуу гүйцэтгэнэ.

Долоо. Итгэмжлэл гэрчлэх

7.1.Итгэмжлэлийг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйлийг баримтлана.

7.2.Итгэмжлэлд төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрх нь тодорхой, ойлгомжтой байх бөгөөд олгосон бүрэн эрхийн хүрээнд хийгдсэн хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болох бөгөөд төлөөлүүлэгч нь хэдийд ч итгэмжлэлээ хүчингүй болгох, төлөөлөгч итгэмжлэлээс татгалзах эрхтэй болохыг нотариатч нь тэдгээрт тайлбарлана.

7.4.Нотариатч итгэмжлэлийг гэрчлэхдээ Иргэний хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт зааснаар төлөөлөгч нь төлөөлүүлэгчийн нэрийн өмнөөс өөртэйгөө, түүнчлэн гуравдагч этгээдийн нэрээр өөрөө төлөөлүүлэгчтэй хэлцэл хийх эрхгүйг үйлчлүүлэгчид тайлбарлана.

Найм. Өвлөх эрхийн гэрчилгээ олгох

8.1.Нотариатч нь өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийг баримтална.

8.2.Дараахь баримт бичгийг үндэслэн хууль ёсны өвлөгчийн гэрчилгээг олгоно. Үүнд:

8.2.1.өвлүүлэгчийн эхнэр /нөхөр/ болох тухай гэрлэлтийн гэрчилгээ эсхүл гэрлэлт бүртгэлийн лавлагаа;

8.2.2.төрүүлсэн болон үрчилсэн хүүхэд болох тухай төрсний болон үрчлэлтийн гэрчилгээ эсхүл төрөлт, үрчлэлт бүртгэсэн архивын лавлагаа;

8.2.3.өвлүүлэгчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх мөн болохыг нас барагчийн төрсний болон үрчилсний гэрчилгээ эсхүл төрөлт, үрчлэлтийг бүртгэсэн лавлагаа;

8.2.4.өвлүүлэгчийн ах эгч дүү мөн болохыг нотлох хүн тус бүрийн төрсний гэрчилгээ, эсхүл төрөлт бүртгэсэн лавлагаа, төрөл садангийн лавлагаа, эцэг, эхийн хэдэн хүүхэд төрүүлсэн тухай лавлагаа;

8.2.5.өвлүүлэгчийн өвөг эцэг, эмэг эх, ач, зээ, ачинцар, зээнцэр мөн болохыг нотлох төрсний гэрчилгээ, зохих лавлагаа, хүн амын тооллогын архивын магадлагаа;

8.2.6.өвлүүлэгчийг нас барахаас өмнө 1-ээс доошгүй жилийн хугацаанд түүний асрамжинд байсан хөдөлмөрийн чадваргүй иргэний тухайд холбогдох баг, хорооны Засаг даргын тодорхойлолт, эмнэлгийн магадлагаа, шаардлагатай тохиолдолд гэрчийн тодорхойлолт бусад баримт бичиг;

8.2.7.өвлүүлэгчийн насанд хүрээгүй болон нас барснаас хойш төрсөн хүүхдийн төрсний гэрчилгээ эсхүл төрсөн тухай лавлагаа, түүнчлэн өвлүүлэгчийн асрамжид байсан хөдөлмөрийн чадваргүй насанд хүрсэн хүүхэд, эхнэр/нөхөр/, төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эхийг эмнэлгийн магадлагаа, баг, хорооны Засаг даргын тодорхойлолт, холбогдох бусад байгууллагын тодорхойлолт;

8.2.8.өвлүүлэгчийн нас барсны гэрчилгээ, сураггүй алга болсонд тооцсон, нас барсан гэж зарласан бол энэ тухай шүүхийн шийдвэр;

8.2.9.өвлөгдөх эд хөрөнгийн оршин байгаа газар, бүрэлдэхүүн, тоо хэмжээ, тэдгээр нь өвлүүлэгчийн өмч болохыг нотлох баримт бичиг;

8.2.10.хууль ёсны өвлөгч гэдгээ баримтаар нотлох боломжгүй бол энэ талаар гарсан шүүхийн шийдвэр;

8.2.11.өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлт, түүний оршин суугаа газрын засаг захиргааны тодорхойлолт /өвлүүлэгч нас барах үедээ хэн хэнтэй амьдарч байсан, одоо уг хаягт хэн, хэн амьдарч байгаа, тухайн хаягт амьдарч байгаа хугацааг тодруулсан/;

8.2.12.гэрээслэлээр өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо гэрээслэгч бүх эд хөрөнгөө хууль ёсны өвлөгч бус этгээдэд гэрээслэсэн тохиолдолд Иргэний хуулийн 522 дугаар зүйлийн 522.3 дахь хэсэгт заасан өвлөгч байгаа эсэхийг тодруулсан баримт бичиг, лавлагаа;

8.2.13.бусад холбогдох баримт бичиг, лавлагаа.

8.3.Нотариатч нь өвлөх эрхийн гэрчилгээг Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-д заасны дагуу өв нээгдсэн өдрөөс хойш нэг жил өнгөрсний дараа хууль ёсны өвлөгчид олгоно.

8.4.Гэрчилгээ олгох тухай хүсэлт гаргасан бөгөөд өвлөгдсөн эд хөрөнгийг авсан этгээдээс өөр өвлөгч байхгүй нь лавтай баримтаар нотлогдвол нотариатч нь гэрчилгээг Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-т заасан хугацаанаас өмнө олгож болно.

8.5.Өвлөгдөх эд хөрөнгийг төрийн өмчлөлд шилжүүлэх бол өв нээгдсэнээс хойш нэг жилийн дараа нотариатч нь төрийн холбогдох байгууллагад өвлөх эрхийн гэрчилгээг олгоно.

8.6.Хууль ёсны болон гэрээслэлээр өвлөгчдийн зарим нь өөрт оногдох хэсгийг хэнд шилжүүлэхийг заалгүй өвлөхөөс татгалзсан бол түүний бичгээр үйлдэж, гарын үсгээ зурсан татгалзлыг нь нотариатч гэрчлэх бөгөөд татгалзсан этгээдэд оногдох хувийг бусад хууль ёсны өвлөгчид олгоно.

8.7.Гэрээслэгч нь Иргэний хуулийн 522.3-д заасны дагуу бүх эд хөрөнгөө хууль ёсны өмчлөгч бус этгээдэд гэрээслэсэн тохиолдолд өвлүүлэгчийн насанд хүрээгүй буюу хөдөлмөрийн чадваргүй, түүнчлэн түүнийг нас барсны дараа төрсөн хүүхэд, түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадваргүй нөхөр/эхнэр/, төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх, хууль ёсны бусад өвлөгчдөд хуульд зааснаар өвлүүлбэл зохих хөрөнгийн хоёрны нэгээс багагүй хэсгийг заавал өвлүүлнэ.

Хэрэв өвлөх эрх бүхий этгээд байхгүй тохиолдолд гэрээслэлээр өвлөх эрхийн гэрчилгээг гэрээслэлийг үндэслэн өв нээгдсэн өдрөөс хойш нэг жилийн дотор өвлөгчид олгоно.

8.8.Өвлөгч нь насанд хүрээгүй буюу эрхийн чадамжгүй бол өвлөх эрхийн гэрчилгээг хууль ёсны төлөөлөгч болон асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь олгож, энэ тухай тусгайлан тэмдэглэл үйлдэнэ.

8.9.Өв хүлээн авах, өв хүлээн авахаас татгалзсан хүсэлт болон өвлөх эрхийн гэрчилгээ олгосныг нотариатч орон нутагт аймгийн салбарын, нийслэлд Нотариатчдын танхимын нэгдсэн бүртгэлд оруулна.

Ес.Өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалах

9.1.Өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалах арга хэмжээ авахдаа нотариатч нь Нотариатын тухай хуулийн 42 дугаар зүйлийг баримтална.

9.2.Нотариатч нь өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалах зорилгоор уг хөрөнгийг бүртгэж, өвлүүлэгчийн гэр бүлийн гишүүд, өвлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр тодорхой этгээдийн хамгаалалтад өгнө.

9.3.Хөрөнгийн бүртгэлийг хийхдээ 2-оос доошгүй хөндлөнгийн гэрчийг байлцуулан өвлөгдөх эд хөрөнгө, түүний оршин байгаа газар, бүртгэл хийсэн он, сар, өдөр, оролцогч, эд хөрөнгө хадгалахаар хүлээж авсан этгээдийн овог, эцгийн нэр, нэр, регистрийн дугаар, хаяг зэргийг тэмдэглэж, лацдана.

Бүртгэлийг 3-аас доошгүй хувь үйлдэх ба бүх оролцогчдоор гарын үсэг зуруулна.

9.4.Бүртгэлийн ажиллагаа түр завсарлах буюу тодорхой хугацаагаар үргэлжилбэл тухай бүр лацдаж, энэ тухай тэмдэглэл үйлдэнэ.

9.5.Өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалах арга хэмжээ авах боломжгүй бол /өвлүүлэгчтэй хамт амьдарч байсан этгээдүүд татгалзсан, бүртгэгдэх эд хөрөнгийг гаргаж өгөөгүй, тухайн эд хөрөнгө бэлэн байхгүй/ энэ тухай тэмдэглэл үйлдэж сонирхогч талуудад мэдэгдэнэ.

9.6.Хариуцуулсан эд хөрөнгийг үрэгдүүлсэн, нуун далдалсан, гэмтээсэн тохиолдолд хүлээлгэх хуульд заасан хариуцлагыг хадгалагч буюу хамгаалагчид урьдчилан тайлбарлаж, гарын үсэг зуруулна.

Арав. Хуулийн этгээд үүсгэн байгуулах баримт бичгийг гэрчлэх

10.1.Хуулийн этгээд үүсгэн байгуулах баримт бичгийг гэрчлэхдээ нотариатч нь Нотариатын тухай хуулийн 50 дугаар зүйлийг баримтлана.

10.2.Хуулийн этгээдийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулсан болон дүрмийн шинэчилсэн найруулгыг гэрчлэхдээ Нөхөрлөлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйл, Хоршооны тухай хуулийн 10 дугаар зүйлийг тус тус баримтална. 

10.3.Нотариатч нь хуулийн этгээд үүсгэн байгуулах баримт бичгийг гэрчилж, тамга, гэрээний үнэн зөвийг гэрчлэх баталгааны тэмдэг дарна.

Арван нэг. Эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбогдох баримт бичиг гэрчлэх

11.1.Нотариатч нь эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбогдох баримт бичиг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 47 дугаар зүйлийг баримтална.

11.2.Эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбогдох баримт бичгийг гэрчлүүлэгч нь тухайн эд хөрөнгийг өмчлөхөөр хүсэлт гаргасан этгээд байна.

Арван хоёр. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс тодорхой гишүүнд ногдох хэсгээ өмчлөх эрхийг гэрчлэх

12.1.Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс тодорхой гишүүнд ногдох хэсгийг өмчлөх эрхийг гэрчлэхдээ нотариатч нь Нотариатын тухай хуулийн 48 дугаар зүйлийг баримтлах ба ингэхдээ нотариатч нь зөвхөн маргаангүй тохиолдолд гэрчилнэ.

12.2.Гэр бүлийн аль нэг гишүүн нас барснаар бусад гишүүн өөрт ногдох хэсгээ тодорхойлуулах бол нас барсан эхнэр буюу нөхрийн нас барсны гэрчилгээ, гэрлэгсдийн гэрчилгээ, гэрлэгсдийн дундаа эд хөрөнгө өмчлөх эрхийг нотолсон баримт бичгийг үндэслэн гэрчилнэ. 

Арван гурав. Баримт бичгийн хуулбарын үнэн зөвийг гэрчлэх

13.1.Баримт бичгийн хуулбарын үнэн зөвийг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 49 дүгээр зүйлийг баримтлана.

13.2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан хэрэг шийдвэрлэхэд нотлох баримтын ач холбогдол бүхий баримт бичгийг зохигчдын хүсэлтээр гэрчилж болно.

13.3.Нотариатч нь орчуулга хийх эрх бүхий этгээдийн орчуулгыг эх баримтыг нь үндэслэн гэрчилж болно.

13.4.Нотариатч нь баримт бичгийн хуулбарын үнэн зөвийг дараахь тохиолдолд гэрчлэхгүй.Үүнд:

13.4.1.гадаад хэл дээр үйлдэгдсэн баримт бичиг албан ёсоор орчуулагдаагүй, орчуулга зайлшгүй шаардлагатай, эсхүл тухайн хэлийг нотариатч мэдэхгүй;

13.4.2.тухайн баримт бичигт эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй, эсхүл дутуу зурсан, түүнчлэн гэрчлүүлэх баримт бичгийн тамга /тэмдэг/-ны дардас нь гаргацгүй, бүдэг бол.

13.5.Нотариатч шаардлагатай гэж үзсэн зарим баримт бичгийн хуулбарын 1 хувийг архивт хадгалахаар авч үлдэж болно.

Арван дөрөв. Баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэх

14.1.Нотариатч нь баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 44 дүгээр зүйлийг баримтална. Хуульд харшлаагүй, агуулга нь ойлгомжтой, алдаагүй, засваргүй баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг нотариатч гэрчилнэ.

14.2.Төрийн эрх бүхий байгууллагаас олгодог иргэний гэр бүлийн байдлын бүртгэл /төрсний, гэрлэсний, нас барсны гэх мэт/-ийн баримт бичигт зурсан гарын үсгийг гэрчлэхгүй.

14.3.Хуулийн этгээдийн банк, банк бус санхүүгийн байгууллага дахь харилцах данснаас гүйлгээ хийх албан тушаалтны гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэхдээ гарын үсэг зурж буй этгээдийн төлөөлөх эрхийг гэрчилсэн нотлох баримтыг шалгана. Үүнд уг этгээдийг тухайн албан тушаалд томилсон тушаал буюу сонгосон тогтоол/шийдвэр/, холбогдох байгууллагаас олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм зэрэг хамаарна.

14.4.Хуулийн этгээдийн банк, банк бус санхүүгийн байгууллага дахь харилцах данснаас гүйлгээ хийх эрх бүхий этгээдийн гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэх маягтад дээрх хүмүүсийн гарын үсгийн хэв, маяг, тухайн байгууллага, аж ахуйн нэгжийн тамга/тэмдэг/ дарагдсан байна.

14.5.Нотариатч нь баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэхдээ өөрийн ажлын байранд үйлчлүүлэгчийг биечлэн ирсэн тохиолдолд үйлчлэх бөгөөд тухайн баримт бичиг, нотариатын үйлдлийн бүртгэлийн дэвтэрт гарын үсгийг нь тус тус зуруулна.

Харин хуулийн этгээдийн банк, банк бус санхүүгийн байгууллага дахь харилцах данснаас гүйлгээ хийх албан тушаалтны гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэхдээ бүртгэлийн дэвтэрт тухайн байгууллага, аж ахуйн нэгжийн тамга /тэмдэг/-ыг гарын үсгийн ойролцоо даруулна.

14.6.Хэлгүй, дүлий, хараагүй иргэний гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэхдээ үйлчлүүлэгчийн иргэний үнэмлэхийг шалгах ба үүнийг гарын үсэг зурах үед гэрчийг байлцуулна. Хэрэв үйлчлүүлэгч гарын үсэг зурах боломжгүй (эрхтэн дутуу, бичиг үсэг мэдэхгүй гэх мэт) тохиолдолд Нотариатын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу тэмдэглэл үйлдэж, баримт бичигт хавсаргана.

14.7.Гадаад хэл дээр үйлдэгдсэн баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэхдээ түүний албан ёсны орчуулгыг үндэслэх бөгөөд тухайн орчуулгыг нотариатын баримт бичигт заавал хавсаргана.

Арван тав. Нотариатчийн мэдэгдэх хуудас бичих

15.1.Нотариатч мэдэгдэх хуудас үйлдэхдээ Нотариатын тухай хуулийн 45 дугаар зүйлийг баримтална.

15.2.Нотариатч нь зөвхөн эрх бүхий байгууллагаас баталсан мэдэгдэх хуудасны загварын маягтыг хэрэглэнэ.

15.3.Нотариатч мэдэгдэх хуудсыг төлбөр авагч болон түүний төлөөлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн олгоно.

15.4.Талуудын хооронд төлбөрийг нотолж бичгээр хийсэн хэлцэл болон төлбөрийг үл маргах журмаар биелүүлэхээр тохиролцож нотариатаар гэрчлүүлсэн гэрээг тус тус үндэслэн нотариатч мэдэгдэх хуудас бичнэ.

15.5.Мэдэгдэх хуудас бичихдээ үндэслэсэн баримт бичгийн эх хувийг нотариатч өөртөө авч үлдэнэ. Мэдэгдэх хуудсанд хавсаргасан хуулбар, баримтуудын хуудас бүр дээр тамга дарна.

15.6.Нотариатчийн мэдэгдэх хуудас нь хэвлэмэл байна. Мэдэгдэх хуудсанд нотариатч тамгаа дарж, гарын үсгээ зурна. 

15.7.Ирүүлсэн баримт бичгийг үндэслэн мэдэгдэх хуудас бичих бололцоогүй тохиолдолд нотариатч энэ тухай үндэслэлээ хүсэлт гаргасан этгээдэд тодорхой тайлбарлаж баримт бичгийг буцаана.

15.8.Мэдэгдэх хуудсыг тусад нь бүртгэлийн дэвтэрт бүртгэж, хүлээн авсан хүнээр гарын үсэг зуруулна.

15.9.Бүртгэлийн дэвтэрт хүсэлт гаргасан этгээд/төлбөр авагч/ болон төлбөр төлөгчийн овог, эцгийн нэр, өөрийн нэр, хаяг, бичиг баримт/иргэний үнэмлэх, гэрчилгээ/-ын дугаар, регистр, аж ахуйн нэгж, байгууллагын оноосон нэр, хаяг, бүртгэлийн дугаар, төлбөрийн агуулга, хэмжээ, мэдэгдэх хуудас бичсэн он, сар, өдөр, дугаар, үйлчилгээний хөлс зэргийг тодорхой тэмдэглэнэ