Хэвлэх DOC Татаж авах
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын
2011 оны 256 дугаар тушаалын 6 дугаар хавсралт
 
 
        МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН ДҮРЭМ
         ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН АМЬДРАХ ОРЧНЫ ШААРДЛАГАД НИЙЦСЭН ЗУРАГ ТӨСӨЛ ЗОХИОХ ДҮРЭМ
БД 31-112-11
 

        2011 оны .... дугаар сарын ......-ний өдрөөс эхлэн мөрдөнө.
 
 
Нэг. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1. Хэрэглэх хүрээ

1.1.1.Энэ барилгын дүрэм нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан төлөвлөлтийн онцлог шаардлагуудыг тодорхойлсон бөгөөд “Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилт” /БНбД 30-01-11/, “Олон нийт иргэний барилга” /БНбД 31-03-11/, “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөх норм ба дүрэм” /БНбД 31-01-11/-ийг энэхүү дүрэмтэй нийцүүлэн зураг төсөл боловсруулахад зөвлөмжийн чанартай мөрдөнө.

1.1.2.Энэхүү барилгын дүрэмд тулах, хөдлөх эрхтэний бэрхшээлтэй, сонсгол болон хэл ярианы бэрхшээлтэй, харааны бэрхшээлтэй, оюуны хомсдолтой, сэтгэцийн эмгэгтэй болон дотор эрхтэний өвчний улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон мөн өндөр настай иргэдэд зориулсан төлөвлөлтийн онцлогийг тусгасан болно.

1.2. Иш татсан баримт бичгүүд

- БНбД 30-01-04 “Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилт”

- /БНбД 31-03-03/ “Олон нийт иргэний барилга”

- БНбД 31-01-10 “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөх норм ба дүрэм”

- /БНбД 31-04-03/ “Захиргаа аж ахуйн барилга”

- /БНбД 31-17-10/ “Өндөр барилгын төлөвлөлт”

- /БНбД 32-04-06/ “Хот суурины гудамж зам талбайн төлөвлөлт”

- БД 31-101-04 “Тахир дутуу иргэдэд зориулсан барилгын төлөвлөлтийн гарын авлага”

- MNS 5611:2006 “Орон сууцны барилгад тавигдах үндсэн шаардлага”

- MNS 6055:2009 “Иргэний барилгын төлөвлөлтөд хөгжлийн бэрхшээлтэй хүний шаардлагыг тооцсон орон зай, орчин”

- Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенц. 2007 он.

- Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан акт (Americans with Disabilities Act /Access Guide: Survey Checklist/)

1.3. Нэр томьёо
Энэхүү дүрэмд хэрэглэх нэр томьёог дараах утгаар ойлгоно. ("Иргэний барилгын төлөвлөлтөд хөгжлийн бэрхшээлтэй хүний шаардлагыг тооцсон орон зай, орчин" /MNS 6055:2009/-ээс).
1.3.1. хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс
урт хугацааны бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн согогтой бөгөөд энэ бэрхшээл нь орчны бусад хязгаарлалттай нэгдэн нийлж бусдын нэгэн адил нийгмийн амьдралд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцоход нь саад учруулахуйц болсон хүмүүс  
1.3.2. хөгжлийн бэрхшээлтэй хүн
эрүүл мэндийн хувьд төрөлхийн согогтой, биеийн үйл ажиллагаа, тэсвэр хатуужил муудаж доройтсон буюу өвчилсөн эсвэл бэртэж гэмтсэн, хөдөлмөрийн чадвараа бүрэн буюу хагас алдсан, амьдралын хүнд бэрхшээлд орсон хүн
1.3.3. хөдөлгөөний хязгаарлалттай хүмүүс
ихэвчлэн 60 ба түүнээс дээш өндөр настай хүмүүс, 16-аас 60 насны хөдөлмөрийн чадвартай тахир дутуу, 16 хүртэлх насны тахир дутуу хүүхэд, түр зуурын хөдөлмөрийн чадваргүй, хүүхдийн тэргэнцэр хэрэглэдэг 8-10 насны хүүхэд багтана
1.3.4. налуу зам
босоо чиглэлд барилгын гадна дотно хэсгийг холбосон налуу хавтгай
1.3.5. бүсчлэл ба орон зай
хэмжигдэхүүний тоон утга (урт, өргөн, өндөр) - Орон зай болон байгуулалт дээр ямар нэг юмны хоорондох хязгаарлалтыг заасан хэмжээ. (Жишээлбэл: хөгжлийн бэрхшээлтэй хүний эзлэх орон зайн өргөн, урт, тэргэнцрийн эргэх радиус, хүрч болох өндрийн хэмжээ г.м.)
1.3.6. үйл ажиллагаа-зориулалтын бүс
ямар нэг үйл ажиллагаатай холбогдсон орчны хязгаарлалтын шинж чанарыг тодорхой харуулсан орон зай. Жишээ нь: автомат-харилцуур утасны дэргэдэх орон зай, ширээ болон лангууны ойролцоох бүсчлэлийн орон зай г.м.
1.3.7. орон сууц
хүн байнга буюу түр оршин суух зориулалттай нэг ба олон айлын сууцны байшин

Хоёр. ХОТ, ТОСГОНЫ БАРИЛГАЖИЛТ ТӨЛӨВЛӨЛТ

2.1. Нийтлэг үндэслэл

2.1.1.Хот, тосгоны ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилгын орчны тохижилтын зураг төслийг боловсруулахдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан төлөвлөлтийн онцлог, шаардлагыг нийцүүлэн төлөвлөнө.

2.1.2.Хот, тосгоны гудамж замын сүлжээ, нийтийн тээврийн хэрэгсэлийн зогсоол, явган хүний замыг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулан зураг төсөлд тусгана.

2.1.3.Тэргэнцэртэй иргэнд зориулсан орон сууцны барилгыг өдөр тутам үйлчлүүлэх худалдааны төв, дэлгүүр, ахуйн иж бүрэн үйлчилгээний төвөөс З00 м-ээс холгүй төлөвлөнө.

2.1.4.Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан орон сууцны барилга, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол олгох байгууллагыг гал унтраах ангийн байраас 3000 м-ээс багагүй зайд төлөвлөнө.

2.1.5.Тусгай хэрэгцээт боловсрол олгох хүүхдэд боловсрол олгох сургууль, дотуур байрт сургуулийн байрлалыг БД 31-111-11-ийн шаардлагын дагуу төлөвлөнө.

2.2. Нутаг дэвсгэрийн хэмжээ

2.2.1.Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өндөр настай иргэнд зориулсан асрамжийн байр, нийтийн үйлчилгээний төвийн эдэлбэр газрын талбайг хүснэгт 1-ээс, тусгай хэрэгцээт боловсрол олгох хүүхдийн байгууллагын эдэлбэр газрын талбайн хэмжээг хүснэгт 2-оос тус тус авна.  
Хүснэгт 1
 
Барилгын төрөл
Багтаамж ,
(хүнээр)
1 хүнд ноогдох эдэлбэр газрын талбай, м2
Хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настай иргэний асрамжийн байр
     50 хүртэл
     51-100
     101-200
     201-300
200
175
125
100
Олон нийтийн үйлчилгээний төвүүд
     50 хүртэл
     51-75
     76-100
150
125
100
  
Тайлбар: Асрамжийн байрыг хотын захын бүсийн ногоон байгууламжид ойр төлөвлөх бол эдэлбэр газрын талбайн хэмжээг 20%-иар багасгаж төлөвлөж болно.
Хүснэгт 2
 
Зэргэлдээх ангийн тоо
Тусгай сургууль, дотуур байрны 1сурагчид ногдох эдэлбэр газрын талбайн хэмжээ, м2
Хөгжлийн бэрхшээлтэй
Нуруу нугасны ба мэдрэлийн өвчтэй
сонсгол
хараа
оюун ухаан
1
2
200
160
205
160
225
180
180
140
 

2.2.2.Сургуулийн өмнөх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан боловсрол олгох байгууллагын эдэлбэр газрын талбайг 1 хүнд 60 м2-аас багагүй байхаар тооцно.

2.2.3.Оюуны хомсдолтой хүүхдэд зориулсан асрамжийн байрны эдэлбэр газрын талбайн хэмжээг хүснэгт 3-ын дагуу тооцно.

Хүснэгт 3
 
1 сурагчид ногдох эдэлбэр газрын талбай, м2
Суралцдаг хүүхдүүдийн хувьд
Суралцдаггүй хүүхдүүдийн хувьд
Хөдөлж явах чадвартай
Хөдөлж явах чадваргүй
Хөдөлж явах чадвартай
Хөдөлж явах чадваргүй
100
120
80
50
 
Тайлбар: Оюуны хомсдолтой хүүхдэд зориулсан асрамжийн байрны эдэлбэр газрын талбайн хэмжээг 15%-иар багасгаж төлөвлөж болно.

2.2.4.Сургуулийн өмнөх насны болон оюун ухааны хомсдолтой хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан асрамжийн байрны талбайг хүйтэн сэрүүн цаг уурын бүсчлэл бүхий газраас бусад газарт (сургалт туршилтын талбайг оролцуулан) 1 хүүхдэд 0.6 м2-аас багагүй талбай байхаар тооцно.

2.2.5.Тусгай сургууль, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өндөр настанд зориулсан асрамжийн байрны эдэлбэр газрыг 1.6 м-ээс багагүй өндөртэй хашаа, хайсаар хүрээлэх ба сэтгэцийн болон оюуны хомсдолтой хүүхдэд зориулсан асрамжийн байрны хашааны өндрийг 2 м-ээс багагүй байхаар тооцно.

Гурав. БАРИЛГА БАЙГУУЛАМЖ, ОРЧНЫ ҮНДСЭН ЭЛЕМЕНТ

3.1. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний орон зай

3.1.1.Тэргэнцэртэй иргэнд зориулсан талбайн өргөн 0.9 м; урт нь 1.5 м-ээс багагүй байна.

3.1.2.Тэргэнцэртэй иргэний зорчих замын өргөн нэг талын хөдөлгөөнтэй үед 1.2 м-ээс багагүй, хоёр талын хөдөлгөөнтэй үед 1.8 м-ээс багагүй байна.

3.1.3.Нэвтрэх хаалганы өндөр 2.1 м-ээс багагүй байна.

3.1.4.Тэргэнцрийг 90 градуст эргүүлэх талбай 1.3х1.4 м; 180 градуст 1.3х1.7 м; 360 градуст 1.5х1.7 м-ээс багагүй байна. Тэргэнцэртэй хүний ашиглахад тохиромжтой тоног төхөөрөмж, шүүгээний өргөн 0,6 м-ээс багагүй, өндөр нь шал болон явган хүний замын түвшингээс 0,6 м-ээс багагүй байна. Тоног төхөөрөмж, тавилга руу очих замын өргөн 0,9 м-ээс багагүй, тэргэнцэртэй 90 градуст эргэх тохиолдолд 1.2 м-ээс багагүй талбайтай байна.

3.1.5.Барилга байгууламжийн хананд байрлуулсан шуудангийн хайрцаг, харилцах утасны мэдээллийн самбар, зарын самбар гэх мэт тоног төхөөрөмж нь хөгжлийн бэрхшээлтэй болон тэргэнцэртэй иргэний явах, эргэлт хийх зам, талбайд саад болохооргүй байна.

3.2. Явган хүний зам

3.2.1.Тэргэнцэртэй болон өндөр настай иргэнд зориулсан явган хүний замын налуу уртаашаа 5%, хөндлөн чиглэлд 1%-иас илүүгүй налуутай байна. Газрын гадаргын нөхцөлөөс хамаарч заагдсан хязгаарыг баримтлах боломжгүй бол 12 м-ээс багагүй урттай замын налууг 10%-иар нэмж болно. Гэхдээ уруудах замын дунд хэсэгт хэвтээ тэгш талбай төлөвлөнө.

3.2.2.Явган хүний зам болон авто тээврийн хэрэгсэл зорчих замын огтлолцлын өндрийн зөрүү 4 см-ээс ихгүй, 2 см-ээс багагүй байна. Замын гарцанд хурц үзүүртэй хашлага, чулуу хэрэглэх мөн хөдөлгөөний хэсгийн өргөнийг нарийсгахыг хориглоно. Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихтэй хэсэгт хаалт төлөвлөнө.

3.2.3.Авто тээврийн хэрэгсэл зорчих зам дахь зурвас газрыг дайран өнгөрөх явган хүний замын өргөн 3 м, урт нь 2 м-ээс багагүй байна.

3.2.4.Орон сууцны бичил хороололд хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулан явган хүний замын дагуу 300 м тутамд сандал төлөвлөнө.

3.2.5.Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг болзошгүй аюултай хэсгээс хамгаалах зорилгоор 5 см-ээс багагүй өндөртэй чулуун хашлагаар тухайн хэсгийг хашиж өгнө. 

3.2.6.Ослын үед хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг нүүлгэн шилжүүлэх гарцыг чөлөөтэй орж гархаар төлөвлөнө.

3.3. Явган хүний зам, шалны гадаргуу

3.3.1.Хөгжлийн бэрхшээлтэй иргэний амьдрах, ажиллах барилга, байгууламжийн доторх шал, явган хүний зам нь хатуу, нягт, хальтрахаас сэргийлсэн гадаргуугаар хийгдсэн байна.

3.3.2.Явган хүний зам, налуу зам (пандус)-ын гадаргууг хэт товгор, гүдгэр материалаар хийхийг хориглоно. Харин бетон хавтангаар хийх бол гадаргуу нь тэгш, хавтангийн хоорондын зай 1.5 см-ээс ихгүй байна.

3.3.3.Хивсэнцэр дэвссэн замын уулзвар хэсэг болон захын ирмэг хэсгийг сайтар бэхэлсэн байна. Хивсэнцэрийн зузаан 1.3 см-ээс ихгүй байна.

3.3.4.Харааны бэрхшээлтэй иргэнд зориулсан тоглоомын болон бэлтгэл сургуулилт хийх биеийн тамирын заалын шалны гадаргуу тэгш байна.

3.3.5.Явган хүний зам дээр тавигдсан сараалжин тагийг хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлгөөний чиглэлд эгц байрлалтай, сараалжийн хоорондын зай 1.3 см-ээс ихгүй байна.

3.3.6.Харааны бэрхшээлтэй иргэний хөдөлгөөнд саад болох шат, явган хүний гарц, аюулгүйн зурвасын төгсгөлд ирж буйг анхааруулах зорилгоор хучилтын гадаргуугийн үеийг өөрчилж тод ялгарах өнгө болон материалаар зурвасыг тодотгож өгнө.

3.4. Авто зогсоол

3.4.1.Орон сууцны хорооллын авто машины ил зогсоол, ахуйн үйлчилгээ соёлын газар, амралт сувилал, худалдааны төв, дэлгүүр, спортын байгууламж, нисэх онгоц болон төмөр замын буудлын ойролцоо хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан авто зогсоолыг тусгайлан төлөвлөнө. Эдгээр газарт хамгийн багадаа:

1. 100 хүртэлх машины зогсох зогсоолд 4% буюу 1-ээс багагүй

2. 101-200 хүртэл 3%

3. 201-1000 хүртэл 2%

4. 1000-аас дээш 100 машин тутамд 1%, нэмж 20 машинаас ихгүй байхаар тооцно.

3.4.2.Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үйлчлэх тусгай зориулалттай барилга байгууламжийн гадна авто машины зогсоолын нийт талбайн 10%-иас багагүй, хөдөлгөөний болон нуруу нугасны өвчтэй иргэдийг эмчлэх эмнэлгийн ойролцоо 20%-иас багагүй зогсоол төлөвлөнө.

3.4.3.Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан авто зогсоолыг орон сууц, олон нийтийн барилга байгууламж, ажлын байр хүртэл 50 м-ээс ихгүй зайд төлөвлөнө.

3.4.4.Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үйлчлэх нийтийн тээврийн зогсоолын талбай олон нийтийн барилга байгууламжаас 100 м-т, тэдгээрийн амьдрах орон сууцны барилга байгууламжаас 300м-т байхаар тооцно.

3.4.5.Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувийн авто тээврийн хэрэгсэл зогсох зогсоолын талбайг тусгайлан тэмдэглэж таних тэмдгээр заасан байна. Зогсоолын өргөн 3.5 м-ээс багагүй байна.

3.5. Шат ба налуу зам (пандус)

3.5.1.Явган хүний зам, талбайн түвшин барилга байгууламжийн шалны хоорондох уналтын зөрүү 4см-ээс их бол налуу зам эсвэл шат төлөвлөнө. Налуу замын бүтээц, тэдгээрийн хаалт хамгаалалтыг галд тэсвэртэй материалаар хийж, гал тэсвэрлэлтийн хязгаар 2 цагаас багагүй байна. Дугуй хэлбэрийн налуу зам төлөвлөхийг зөвшөөрөх бөгөөд дотор радиусын хэмжээг хавсралт 2-т тооцсоны дагуу авна. Дугуй хэлбэртэй налуу замын завсар хоорондын талбайн урт түүний радиусаас хамаарч 2 м-ээс багагүй байна.

3.5.2.Налуу замын налууг түүний уртаас хамаарч хавсралт 1-д заасан хэмжээнээс хэтрүүлэхгүй.

3.5.3.Налуу замын өгсөлт бүрийн эхлэл төгсгөл дээр тэгш талбайг төлөвлөх ба өргөн нь налуу замын өргөнөөс багагүй, урт нь 1.5 м-ээс багагүй байна. Налуу замын чиглэлийг өөрчлөх тохиолдолд тэгш талбайн нь өргөн дугуйт тэргэнцэр эргэхэд саадгүй байна.

3.5.4.Налуу зам, тэгш талбайн захаар 5 см-ээс багагүй өндөртэй хашлага хийх шаардлагатай. 

3.5.5.Хөгжлийн бэрхшээлтэй иргэний явах чигийн дагуу шатны гишгүүр нягт, тэгш, тээглэх зүйлгүй, гадаргуу нь бага зэрэг барзгар байна. Гишгүүрийн ирмэг 5 см-ээс багагүй дугуйралттай байна. Шатны гишгүүрийн захаар 2 см-ээс багагүй хашлага хийнэ. Гадна шатны гишгүүрийн өргөн 40 см-ээс багагүй, барилгын дотор шатны гишгүүрийн өргөн 30 см-ээс багагүй, гишгүүрийн өндөр гадна шатанд 12 см, дотор шатанд 15 см-ээс ихгүй байна.

3.5.6.Налуу замын 2 талаар хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон бусад хүмүүс барихад зориулагдсан хаалтын бариулын дээд ирмэг хүртлэх өндөр 0.7-0.9 м-ээс багагүй, сургуулийн өмнөх насны хүүхдэд бариулын өндөр 0,5 м байна. Налуу замын эхлэл төгсгөлд бариулыг 0.3 м-ээс ихгүй илүү гаргаж төгсгөнө. Бариулын хөндлөн огтлолын диаметр 3 см-ээс багагүй 5 см-ээс ихгүй, хөндлөн огтлолоор зузаан нь 0.04 м-ээс ихгүй байна.

3.5.7.Хоёр болон түүнээс дээш давхраас аврах зориулалттай налуу замыг барилга байгууламжаас гадагшаа гарах хаалгатай шууд холбосон байна.

3.6. Барилга байгууламжийн орц, гарц

3.6.1.Хөгжлийн бэрхшээлтэй иргэн барилга, байгууламжид орж гарахад зориулж налуу зам болон тусгай зориулалтын төхөөрөмжийг тоноглоно. Эдгээр нь барилга байгууламжийн орцонд хүргэх, нэгдүгээр давхар болон цахилгаан шатанд очих боломжоор хангана.

3.6.2.Барилга байгууламжийн орцыг цас борооноос хамгаалах саравч болон орцын өмнөх талбайд 1х2.5 м хэмжээтэй ус зайлуулах (дренажийн) систем мөн тухайн орон нутгийн цаг уурын нөхцөлөөс хамааран халаалттай төлөвлөж болно.

3.6.3.Барилга байгууламжид хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон бусад хүмүүс ороход зориулсан хаалганы өргөн 0.9 м-ээс багагүй байна. Уг хаалга шилтэй байх бол цохилтонд тэсвэртэй, шил нь шалны түвшингөөс 0.9 м-т бусад хаалгын доод ирмэгийг 0,3 м хүртэл цохилтонд тэсвэртэй материалаар хамгаалсан байна. Савах нугастай, эргэх хаалга тоноглож болохгүй. Шилэн хаалга төлөвлөх тохиолдолд автоматаар онгойхоор төлөвлөх ба тод өнгийн тэмдэглэгээг хийсэн байна.

3.6.4.Барилга байгууламжид хөгжлийн бэрхшээлтэй иргэн орох замд босго төлөвлөхгүй ба шаардлагатай тохиолдолд босгыг 2.5 см-ээс өндөргүй төлөвлөнө.

3.6.5.Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ороход зориулсан автомат ба хагас автомат шилэн хаалгыг тоноглосон тохиолдолд хажууд нь энгийн хаалга төлөвлөх ёстой. Автомат болон хагас автомат хаалганы нээгдэх, хаагдах хугацаа 5 сек-ээс багагүй байна.

3.7. Цахилгаан шат

3.7.1.Налуу зам (пандус) төлөвлөх боломжгүй тохиолдолд цахилгаан шат эсвэл тусгай өргөх төхөөрөмжийг хөгжлийн бэрхшээлтэй иргэн тэргэнцрээсээ ажиллуулах боломжтойгоор төлөвлөнө.

3.7.2.Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орж гарах өрөө тасалгаа 1 дүгээр давхраас дээш байх бол барилгад цахилгаан шат төлөвлөх ба хүн тээвэрлэх бүхээгийн өргөн 1.1 м, гүн нь 1.5 м, хаалганы өргөн 0.85 м-ээс багагүй байна. Цахилгаан шат нь давхрын түвшингээс болон бүхээгээс удирдах удирдлагатай байх ба гудамж руу шууд гарах гарцтай байна.

3.7.3.Хоёр ба түүнээс дээш давхарт тэргэнцэртэй, хөдөлгөөний бэрхшээлтэй, өндөр настай иргэд байнга байх өрөө тасалгаанд очиход зориулж цахилгаан шат төлөвлөх ба хэрэв 1 дүгээр давхарт хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байр төлөвлөх боломжгүй бол 3.5-р хэсгийн шаардлагын дагуу налуу зам төлөвлөнө. Цахилгаан шатны хүн зөөвөрлөх бүхээгийн өргөн 1.1 м, гүн нь 2.2 м, хаалганы өргөн 0.85 м байна. Галын аюулын үед цахилгаан шатыг ажиллуулах зарчим нь жирийн үед ажиллах зарчимтай ижил байна. Цахилгаан шатанд гал гарсан тохиолдолд утаа зайлуулах агааржуулалтын тусгай системтэй байх ёстой. Агааржуулалтын системийн илүүдэл даралт 20 Па-аас багагүй байна. Цахилгаан шатанд гал гарсан тохиолдолд түүний ажиллагаа, бүх систем 2 цагийн турш тасралтгүй хэвийн ажиллаж байх 1 дүгээр зэргийн найдвартай ажиллагааны ангиллын шаардлагыг хангасан байна. 

3.7.4.Цахилгаан шатны гарах гарцыг 1 дүгээр давхарт үүдний хонгил болон хөлийн өрөө рүү шууд гарахаар төлөвлөнө. Цахилгаан шатны хонгил нь галд тэсвэртэй тусгаарлагч хана ба хаалгаар зааглагдсан байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан цахилгаан шатны хонгилыг шат хоорондын талбайд төлөвлөхийг хориглоно.

3.7.5.Цахилгаан шатны шал, барилгын шалны хоорондын түвшний зөрүү 2.5 см-ээс ихгүй байна.

3.7.6.Цахилгаан шат нь газар доорх давхар (подваль) болон газар дээрх давхар (цоколь)-тай шууд харьцахгүй. Харин цахилгаан шатны өмнө уснаас хамгаалах тусгай төхөөрөмж тавьж өгсөн тохиолдолд аль нэгийг нь зөвшөөрнө.

3.7.7.Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан цахилгаан шатны бүхээг нь оператортай холбогдох шуурхай гэмтлийн 2 талт утсан холбоогоор холбогдсон байна. Цахилгаан шатыг дуудах болон түүний хөдөлгөөнийг удирдах товчлуур шалнаас дээш 1.2 м-ээс ихгүй өндөрт байна. Цахилгаан шатанд байрлаж буй 2 талт утсан холбооны аппарат нь дуу авиаг ихэсгэх, шаардлагатай бол дуут (визуаль) мэдээллийг (дохиоллыг) хүлээн авах төхөөрөмжөөр тоноглогдсон байх ёстой.

3.7.8.Тавцан хэлбэртэй өргөгчийг хэрэглэх үед шатны гишгүүрийн дагуу эсвэл хэвтээ, босоо чиглэлд шилжүүлэхэд тавцангийн өргөн 0.9 м-ээс багагүй, гүн нь 1.2 м-ээс багагүй байна.

3.7.9.Цахилгаан шатны гадна дотор товчлуурыг тэргэнцэртэй иргэнд зориулж 1 м-ээс ихгүй өндөрт байрлуулах ба хараагүй иргэнд зориулж брайл (товруут) үсгээр давхар тоноглосон байна.

3.8. Ариун цэврийн өрөө

3.8.1.Олон нийтийн барилгын ариун цэврийн өрөөнд тэргэнцэр болон бусад хэрэгсэл ашиглах хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан ариун цэврийн өрөөг төлөвлөнө. Ариун цэврийн өрөөний өргөн 1.65 м, урт нь 1.8 м, хаалганы өргөн 0.9 м-ээс багагүй ба босгогүй байна. Тэргэнцрээс бие засах суултуурын нэг талаас шилжин суух хангалттай зайтай байна.

3.8.2.Таяг болон бусад хэрэгсэл ашиглаж явдаг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд нийтийн ариун цэврийн өрөөний нэгээс багагүйд нь хажуугийн хананд бариул байрлуулна.

3.8.3.Ариун цэврийн өрөөний бие засах газарт 1 хөтөвчийг шалнаас 0.4 м-ээс ихгүй өндөрт, 2 талд нь босоо тулгуур бариул хийж өгнө.

3.8.4.Нийтийн ариун цэврийн өрөөний 1 угаалтуурыг шалны түвшинөөс дээш 0.8 м-ээс ихгүй өндөрт, хажуугийн хананаас 0.2 м-ээс багагүй зайд байрлуулна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан толь ба гар хатаагчийг шалны түвшнээс дээш 0.8 м-ээс ихгүй өндөрт байрлуулна.

3.8.5.Нийтийн халуун усны газарт тэргэнцэртэй иргэнд зориулж нэг өрөөг төлөвлөнө. Шүршүүрийн бүхээгийн хэмжээ 1.2х0.9 м-ээс багагүй байна. Бүхээгийн өмнөх зайг тэргэнцэртэй иргэн орохоор тооцно.

3.8.6.Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан шүршүүрийн бүхээгийн төлөвлөлт нь шүршүүрт орох, шүршүүрийн суудалд суух зэрэгт саадгүй байх шаардлагатай.

3.8.7.Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ариун цэврийн өрөө, бусад өрөөний хаалгыг гадагшаа онгойхоор төлөвлөнө. 

3.8.8.Орон сууцны угаалгын өрөөний өргөн 1.2 м, урт нь 1.6 м-ээс багагүй байна.

3.9. Тоног төхөөрөмж

3.9.1.Явган хүний зам, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, зөрлөг, цэцэрлэгт хүрээлэн, галт тэрэгний өртөө станц, нийтийн тээврийн зогсоолд хөгжлийн бэрхшээлтэй иргэнд анхааруулах, шаардлагатай бол болзошгүй аюулын талаарх мэдээллийг байрлуулах хэрэгтэй.

3.9.2.Явган хүний зам болон шалны түвшнээс 1.5 м-ээс багагүй, 4.5 м-ээс ихгүй өндөрт дуут дохиог тод өнгийн дэвсгэрт байрлуулна.

3.9.3.Олон нийтийн газарт дуут болон аялгуут мэдээллийн хэрэгсэлийг төлөвлөнө. Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулах гэрлэн дохио нь хараагүй болон харааны бэрхшээлтэй иргэнийг гарцаар гарах үед дуут дохио өгөх нэмэлт тоноглолоор тоноглогдсон байна.

3.9.4.Нийтийн эзэмшлийн газарт хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан харилцах утасны таксофоныг 1-ээс багагүйг эсвэл эгнээ болгонд 1-ийг шал, талбайн гадаргуугийн түвшнээс 0.8 м-ээс өндөргүй байрлуулна.

3.9.5.Шуудангийн хайрцгийг тэргэнцэртэй иргэн хүрч болохоор явган хүний зам ба шалны түвшнээс 1.3 м өндөрт байрлуулна.

3.9.6.Хүн амын үйлчилгээний цэг болох мухлаг, худалдааны лангуу, тасалбар түгээх цонх, бүртгэлийн газар, буфет, өлгүүрийн тавцанг явган хүний зам ба шалнаас 0.8 м-ээс ихгүй өндөрт байрлуулна.

3.9.7.Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон өндөр настанд үйлчлэх автомат тоног төхөөрөмж, билетийн автомат худалдааны тоноглол, цахилгааны залгуур, унтраалганы товч зэрэг хэрэгслийг шал, явган хүний замын түвшнээс 1 м-ээс ихгүй өндөрт байрлуулах ба хажуугийн хананаас 0.4 м зайтай байна. Сэтгэцийн өвчтэй болон оюун ухааны бэрхшээлтэй хүүхдийн дотуур байранд унтраалга, залгуурыг 1.8 м-ийн өндөрт төлөвлөж нэмэлт хамгаалах хэрэгслээр тоноглоно.

3.9.8.Таяг болон алхагч хэрэглэх хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулан ариун цэврийн өрөөнд бариул, өргүүр, хашлага, тулгуур, татах татуурга зэрэг нэмэлт тоноглолыг хийх ба шүршүүрийн өрөөнд түшлэгтэй сандал байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэний бие засах газарт хувцас, таяг өлгөх өлгүүр, тавиур болон бусад шаардлагатай тоноглолыг хийнэ.

3.9.9.Нийтийн бие засах газарт хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан нэг тасалгаанд суултуураас хүрэх боломжтой хонхны товч байрлуулна. Дохио дамжуулах хонх нь ойролцоох жижүүрийн өрөөтэй холбогдсон байна. 

3.9.10.Хөгжлийн бэрхшээлтэй иргэн хэрэглэхэд зориулсан тоноглол нь найдвартай бэхлэгдсэн байх ёстой. Тоноглолын бэхэлгээ, унтраалга бусад зүйлс хана болон бэхлэгдэж байгаа тоноглолоос илүү гарахгүй байна.

3.9.11.Харааны бэрхшээлтэй буюу бүрэн хараагүй иргэн орох шаардлагагүй байр, өрөөний хаалганы бариул, цоож болон бусад хэсгийг мэдэгдэхүйц ялгарах хээ дүрс, барзгар гадаргуутай материалаар онцлон ялгана.

3.9.12.Хөгжлийн бэрхшээлтэй иргэн үйлчлүүлэх олон нийтийн барилга байгууламжийн орчин дахь хувийн авто зогсоол, нийтийн тээврийн зогсоол, буудал, барилга байгууламжийн орц, гарц болон тэдэнд зориулсан аврах гарц, шилжих өрөө, нийтийн ариун цэврийн өрөө, халуун усны өрөө нь ялгах тэмдэг, тэмдэглэгээтэй байна.

3.9.13.Хөгжлийн бэрхшээлтэй иргэний амьдрах, ажиллах нийтийн байр, үйлдвэрийн газар, тусгай зориулагдсан барилгын дотор гал мэдрэх автомат дохиоллыг суурилуулах ёстой.

3.9.14.Орон сууц, олон нийтийн барилга, үйлдвэрийн газар, тусгай тоноглогдсон барилгад дуут болон гэрлэн дохиог нэгтгэсэн дохиолол төлөвлөх ба энэ дохиолол нь гал гарсан тухай мэдээлэх үүрэгтэй. Эсвэл стандартын нэмэлт залгуур тавьж өгөх ба энэ нь галын аюулыг мэдрэх дохиоллын системд холбогдсон байх шаардлагатай ба тэдгээр дохио өгөх багаж төхөөрөмжийг залгах боломжтой байна.

3.9.15.Харааны бэрхшээлтэй иргэнд зориулан барилга байгууламжийн ойр байх ослын гарц руу гарах хонгилын ханын дагуу шалны түвшнээс 1 м-ийн өндөрт бариул суурилуулна.

Дөрөв. БАРИЛГА, БАЙГУУЛАМЖ

4.1. Ерөнхий шаардлага

4.1.1.Орон сууц, олон нийт, үйлдвэрийн болон тээврийн барилга, байгууламжийн дотор, гадна орон зайн төлөвлөлтөд тэргэнцэр болон бусад туслах тоноглол ашиглах хөгжлийн бэрхшээлтэй иргэний шаардлагыг тооцон зураг төслийг боловсруулна.

4.1.2.Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өндөр настанд зориулсан орон сууцны барилга, үйлдвэрийн барилгын өрөө тасалгаа нь галд тэсвэрлэлтийн зэрэг 2-оос доошгүй байхаар тооцож зураг төслийг боловсруулна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өндөр настанд зориулсан орон сууцны давхар 3-аас дээшгүй, харин хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үйлчлэх байгууллагын барилга 2-оос дээшгүй давхартай байхаар төлөвлөнө.

4.1.3.Олон нийтийн зориулалттай барилга байгууламж, нийтийн байрны зураг төслийг боловсруулахад хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан өрөө, байрыг нийт барилгын багтаамжийн 2 %, сувилал болон амралт, аялал жуулчлалын байгууллагад 3 %-иас доошгүй байхаар тооцож төлөвлөнө.

4.1.4.Спортын болон үзвэрийн барилга, байгууламжид индэрийн болон заалны үзэгчдийн суудлын тоог тэргэнцэртэй иргэнд зориулан 300 суудал тутамд 1 суудал байхаар тооцно. 1000 хүртэлх суудлын багтаамжтай зааланд 4-өөс доошгүй суудлыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд, харин 1000-аас дээш суудлын багтаамжтай бол 20 суудал түүнчлэн 1000-аас дээш 100 суудал тутамд 1% нэмж төлөвлөнө.

4.1.5.Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан хүлээлгийн болон уулзалтын тасалгааг хонгилын хэсэгт төлөвлөж болох ба багтаамж нь 30 хүнээс илүүгүй байна. Харааны болон хөгжлийн бэрхшээлтэй сургуулийн өмнөх насны хүүхдэд зориулсан барилгад байнга байх зориулалттай өрөөнөөс мухар хонгил руу гарах хаалга төлөвлөхгүй.

4.1.6.Тэргэнцэр, бусад хэрэгсэл ашиглах ганц бие болон гэр бүлтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байр, тэдэнд зориулсан тусгай барилга байгууламж, нийтийн байрны доторх орон сууцны хэсэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан байртай зочид буудлын өрөө ба сувилалын өрөө тасалгааг 1-р давхарт төлөвлөнө.

4.1.7.Тэргэнцэр ашиглах иргэний байрны 1-р давхарт байх тагтнаас ногоон байгууламж руу шууд гарах гарц, налуу зам эсвэл өргүүр төлөвлөж болно.

4.1.8.Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байрны гал зуухны талбай 9м2-аас багагүй, өргөн нь 2,2 м-ээс багагүй байх ёстой.

4.1.9.Орон сууцны барилгад амьдардаг тэргэнцэртэй иргэнд зориулан тэргэнцэр хадгалах тасалгаа, жижиг агуулах төлөвлөнө.

4.1.10.Хөгжлийн бэрхшээлтэй иргэний амьдрах орон сууцны өрөөнд багаж хэрэгсэл, материал болон эдлэл хадгалахад зориулсан жижиг агуулахыг төлөвлөж болно. Уг агуулахын талбай нь 4 м2-аас багагүй байна.

4.1.11.Орон сууцны барилга дотор нэмж эсвэл өргөтгөж барьсан хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон өндөр настанд үйлчлэх соёл-ахуйн, эрүүл мэндийн үйлчилгээний байгууллагыг 2-оос доош давхарт төлөвлөх ёстой.

4.1.12.Эрүүл мэндийн үйлчилгээний байгууллага, спортын зориулалттай барилга, байгууламжид эмчийн өрөө 16 м2-аас багагүй, иллэгийн ортой өрөө тус бүр 16 м2-аас багагүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан хувцас солих өрөөг 6 м2-аас багагүй талбайтай байхаар тооцно.

4.1.13.Нийтийн барилга, байгууламжийн үүдний танхим болон хувцасны өлгүүрийн талбайг хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэднийг дагаж яваа асран хамгаалагчдын талбайг хамтатган 0.5 м2-аас багагүй байхаар тооцно.

4.1.14.Тусгай зориулалттай орон сууцны барилгын болон нийгмийн үйлчилгээний төвийн зураг төслийг 1.4 м-ээс багагүй гүнтэй тагттай байхаар төлөвлөнө.

4.1.15.Үзвэрийн танхимд сонсголын болон харааны бэрхшээлтэй иргэнд зориулсан тусгай сонсголын аппаратаар тоноглогдсон 3-аас доошгүй үзэгчийн суудлыг 1-3-р эгнээнд төлөвлөнө. Тэргэнцэртэй иргэдийн суудлыг 1 эгнээнд 3-аас илүүгүй байрлуулна.

4.1.16.Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон өндөр настныг задгай, ил төмөр шатаар нүүлгэн шилжүүлж болохгүй. 
Тав. СПОРТЫН ЗОРИУЛАЛТТАЙ БАРИЛГА, БАЙГУУЛАМЖ

5.1. Ерөнхий шаардлага

5.1.1.Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан биеийн тамир-эрүүлжүүлэх дасгал сургууль хийх заал тасалгааг өөр зориулалттай барилгын дотор оруулж эсвэл нийлүүлж барьсан спортын заал, тусдаа байгаа барилгын бүтцэд оруулж төлөвлөж болно. Хараагаа бүрэн буюу хагас алдсан иргэний дасгал сургуулийг дуу авианы тусгаарлалт (дуу тусгаарлагчгүй) хангахгүй хаалт, хамар ханатай тусгаар талбай, бүс олон секцтэй заалуудад хийхийг хориглоно. Эдгээр иргэдэд зориулсан биеийн тамирын заалыг дуу шингээдэг таазтай, хананд шалнаас 2 м-ээс багагүй өндөрт хамгаалалтын зөөлөн бүрээс хийж ханын дагуу чиглэлд бариул тогтооно.

5.1.2.Үзэгчдийн суудал талаас гүйлтийн замын дагуу өргөнөөрөө 1 м-ээс багагүй аюулгүйн зурвас, харин түүний цаана тэргэнцэртэй хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг байрлуулах 3 м-ээс багагүй өргөнтэй чөлөөтэй хэсэг байхаар төлөвлөнө.

5.1.3.Тэргэнцэртэй болон бусад хөгжлийн бэрхшээлтэй иргэний дасгал сургууль хийх талбай, бүсийн эргэн тойрон 2 м-ээс багагүй өргөнтэй, тоглолтын талбайн богино талаар 3 м-ээс багагүй өргөнтэй аюулгүйн зурвас тогтооно. Одон бөмбөгийн талбар дээр талбайн дагуу 4 м хүртэл, богино талын дагуу 6 м хүртэл аюулгүйн бүсийг нэмэгдүүлнэ.

5.1.4.Хэрэв гүйлтийн зам үзэгчийн суудлаас хаалтаар тусгаарлагдсан байвал хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж хоорондоо 100 м-с багагүй зайтай гарц, зам төлөвлөнө.

5.1.5.Харааны бэрхшээлтэй болон сул хараатай тамирчны явах чиг баримжаа болон аюулгүй байдлыг хангаж өгөхийн тулд:

- хөдөлгөөний чиглэл чиг баримжаа өгөх зориулалтаар дуу авиа бүхий гэрэлт цамхагийг ашиглах;

- тоглолтын талбайн периметрээр (эргэн тойронд) өргөнөөрөө 1.5 м-ээс багагүй чиг баримжааны зурвас, түүнтэй нийлүүлж өргөнөөрөө 2.5 м-ээс багагүй аюулгүйн зурвас тогтоох;

- гүйлтийн эсвэл харайх замын дагуу өргөнөөрөө 2 м-ээс багагүй чиг баримжааны зурвас тогтоох;

- гүйлтийн зам дээр хөдөлгөөний дагуу чиглэлд 5 м-ээс багагүй урттай гарааны бүс болон 25 м-ээс багагүй урттай барианы бүсийг урьдчилан тогтооно;

- хиймэл усан сан, усанд орох онгоцны эргэн тойрон өргөнөөрөө 1.2 м-ээс багагүй чиг баримжааны зурвас байрлуулна;

- чиг баримжааны зурвас болон гүйлтийн замын эргэлтүүд, гараа барианы бүс, үсрэхэд түлхэлт авах талбай зэргийг тод өнгөтэй онцлог гадаргуугаар ялгана.

5.1.6.Харааны бэрхшээлтэй болон сул хараатай иргэний дасгал сургуульд зориулагдсан задгай талбай, байгууламж бүхий бүсийг дуу шуугианаас хамгаалахдаа зуны улиралд нийлбэр тооцооны дагуу 3дБ-ээс доошгүй түвшинд барьж чадах ногоон байгууламж төлөвлөнө.

5.1.7.Халуун усны ууранд орох өрөө (саун)-г тусдаа байгаа барилга дотор эсвэл галд тэсвэрлэлтийн зэрэг 2-оос багагүй барилгын нэгдүгээр давхарт байрлахаар өрөө тасалгааг нь төлөвлөж галын аюулын эсрэг нормын шаардлагуудыг баримтлах ёстой.

5.2. Усан сан

5.2.1.Усан сангийн эргэн тойронд доорх хэмжээнээс багагүй өргөнтэй тойруу замыг төлөвлөнө:

- задгай /ил/ усан сангийн хувьд - 2.5 м;

- заалан доторх усан сангийн хувьд - 2 м.

Гарааны тавцан болон хувцас солих өрөөнөөс усан сан руу орох хаалгатай хэсгийн замын өргөн 3.5 м-ээс доошгүй байх.

5.2.2.Усан сангийн заалын ханын дагуу, хувцас солих өрөө ба шүршүүрийн өрөөнөөс заал руу орох хаалганы хэсэгт шалнаас 0.9-1.2 м-т, харин хүүхдэд зориулсан усан сангийн зааланд шалнаас 0.5 м өндөрт хана дагуулан хөндлөн бариул суурилуулна.

5.2.3.Ил (задгай) усан сангийн тойруу замын дагуу бариултай, 1 м-ээс доошгүй өндөртэй хашлага байхаар төлөвлөнө.

5.2.4.Усан сангийн гүехэн хэсэгт ус руу буухад зориулсан өргөнөөрөө 0,9 м-ээс багагүй, гишгүүр нь 0.3 м-ээс багагүй өргөнтэй, гишгүүрийн өндөр нь 0.14 м-ээс илүүгүй шат суурилуулах хэрэгтэй. Шат нь хөдөлгөөнгүй бариултай байна.

5.2.5.Хүүхдүүдэд зориулсан усан сангийн усанд орох онгоцны хэмжээ нь доорх хэмжээнээс багагүй байх ёстой:

- сургуулийн өмнөх байгууллага, дотуур байранд - 3х7 м;

- дотуур байртай сургуульд - 6х12.5 м.

Усан сангийн гүнийг усны түвшин солигдохоор тооцоно:

- сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд 0.6 м-0.8 м;

- сургуулийн насны хүүхдүүдэд 0.8 м-1.05 м;

- дотуур байрны хүүхдүүдэд 0.25 м-0.5 м.

5.2.6.Тулгуур эрхтэний хөдөлгөөний бэрхшээлтэй иргэнийг ус руу буулгах болон уснаас гаргахдаа усны жижиг онгоц юм уу тусгай өргөгчийг ашиглана.

5.3. Туслах өрөө, тасалгаа

5.3.1.Хичээллэж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан хувцас солих өрөөнд дараах орон зайг урьдчилан төлөвлөнө:

- тэргэнцрүүдийг хадгалах байр;

- хувцас солиход зориулсан тэргэнцэртэй 3 хүний дунд 1 өрөөг тус бүр 4 м2-ээс багагүй талбайтай байхаар тооцно;

- таяг болон хиймэл эрхтэн /протез/ хадгалах;

- хүн бүрт зориулж 2-оос цөөнгүй шүүгээг 1.7 м-ээс илүүгүй өндөртэй төлөвлөнө.

Хувцасны өрөөнд урт нь 3 м, өргөн нь 0.7 м-ээс багагүй, 0.5 м-ээс илүүгүй өндөртэй урт сандал, тэргэнцэртэйгээ сандалд ойртоход нь зориулж сандлын эргэн тойрны орчинг чөлөөтэй байлгана. Тухайн заасан урт сандлыг суурилуулах боломжгүй тохиолдолд аль нэг хананы дагуу 0.6 м-ээс доошгүй өргөнтэй урт сандлыг байршуулна.

5.3.2.Тэргэнцэртэй иргэн болон тэдгээрийг дагалдаж яваа иргэнд зориулсан хувцас солих өрөө нь тус бүр 14 м2 талбайтай 2 давхарласан 3 ш хувцасны шүүгээ, тус тусын шүршүүр, бие засах өрөөтэй 2-оос цөөнгүй блок байхаар урьдчилан тооцож зураг төсөлд тусгана. Спортын барилга, байгууламж нь 35 тэргэнцэртэй хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг нэвтрүүлэх чадамжтай гэж тооцвол дээрх блок 4-өөс цөөнгүй байх ёстой.

5.3.3.Тэргэнцэртэй иргэдийн тус бүрийн хувцас хадгалах шүүгээг доод хэсэгт байрлуулах нь зохимжтой. Гэрийн хувцсыг ил өлгөх тохиолдолд өлгүүрийг шалнаас 1.3 м-ээс илүүгүй өндөрт тогтооно.

5.3.4.Хувцас солих өрөөнөөс усан сан руу явах замд буй хөл угаалгын хэсгээр тэргэнцэртэй хөгжлийн бэрхшээлтэй иргэн дайрч өнгөрөх боломжийг бодолцон төлөвлөлт хийнэ.

5.3.5.Хичээллэж буй тэргэнцэртэй иргэн бүрт хувцасны өрөөнд 0.4 м2; саунд 20 м2-аас доошгүй талбайтай амралтын өрөө байхаар тооцно.

Зургаа. ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН БАРИЛГА, БАЙГУУЛАМЖ

6.1. Орон сууцны барилга

6.1.1.Тусгай зориулалттай орон сууцны барилгын 1 бүлэгт 25 хүнээс ихгүй багтаамжтай сууц төлөвлөнө.

6.1.2.Орон сууцны барилгуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон өндөр настанд зориулсан соёл-ахуйн болон эрүүл мэндийн үйлчилгээний өрөө, тасалгааг төлөвлөнө. Орон сууцны барилгын цогцолборт эрүүл мэндийн, нийгмийн ба мэргэжлийн сэргээн засалтын мэргэшсэн төв болон уг байгууллагуудад зориулсан сургалт-үйлдвэрлэлийн зориулалттай өрөө тасалгааг блокчилж нэгтгэх эсвэл орон сууцны барилгын дотор нь багтааж юм уу тусдаа барилгад төлөвлөн орон сууцны барилгын халаалтын системд холбож болно.

6.1.3.Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон өндөр настанд үйлчлэхэд зориулж дотуур байр, орон сууцны хэсэг бүрт доорх өрөө тасалгааг заагдсан талбайн хэмжээнээс багагүй байхаар төлөвлөнө. Үүнд:

- Угаалгын өрөө - 12;

- Бие засах өрөө - 4.5;

- Шүршүүртэй бүхээг - 3 (хувцас солих хэсгийн хамт);

- Ариун цэврийн өрөө - 16;

- Аж ахуй хэрэглээнд зориулсан цэвэр болон бохир цагаан хэрэглэлийн агуулах өрөө 12 м2 байна.

Үүнээс гадна сууцны бүтцэд хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон өндөр настанд зориулсан өөрөө өөртөө үйлчлэх боломжтой нийтийн өрөөг тооцож төлөвлөнө. Уг өрөөний талбайг 1 хүнд 1.2 м2-аас багагүй мөн буфет-гал зуухны өрөөний талбайг 1 хүнд 0.6 м2-аас багагүй байхаар тооцно.

6.1.4.Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон өндөр настанд зориулсан дотуур байранд 4 м2-аас доошгүй талбайтай өрөөг эмнэлгийн дугуйтай дамнуурга, тэргэнцрийг хадгалахад зориулж төлөвлөнө.

6.1.5.Сэтгэцийн өвчтэй хүнд зориулсан дотуур байранд дараах тасгийг төлөвлөнө. Өвчтөнг чөлөөтэй байлган ажиглаж сэргээн засах эмчилгээ болон хэвтрийн байдалд байнгын асран сувилж сэргээх засах чиглэлийн тасгуудад байна.

6.1.6.Сэтгэл мэдрэлийн эмчилгээний тусгаар барилгын хооллох өрөөний дэргэд нэг суудалд 0.25 м2-аас багагүй хэмжээтэй талбай оногдохоор тооцож хувцасны өлгүүр бүхий хөлийн өрөөг төлөвлөнө.

6.1.7.Орон сууцны өрөө тасалгааг тусгаарласан болон хонгилын хана, шатахад хялбар материал хадгалах, дахин боловсруулах агуулахтай холбогдсон дадлагын өрөөний хана, хамар хананд галын аюулын эсрэг 2 дугаар төрлийн хаалга төлөвлөнө.

6.2. Олон нийтийн үйлчилгээний төв

6.2.1.Нийгмийн үйлчилгээний нутаг дэвсгэрийн төв нь үндсэн хоёр төрөл байна. Өндөр настай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан дотуур байранд өдрийн цагаар гэрийн үйлчилгээ үзүүлэх нэгдсэн төв, тасгуудыг төлөвлөх эсвэл мэргэжлийн төрөлжсөн байгууллагууд (эрүүл мэнд, нийгэм, мэргэжлийн сэргээн засалт)-ын тасаг, хэсэг албаны салбарыг нэгтгэсэн бүс нутгийн төв байж болно.

6.2.2.Нийгмийн үйлчилгээний бүс нутгийн бие даасан төв түүний салбаруудад орон сууцны зориулалтаар баригдсан байранд амьдарч буй өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний 30-аас багагүй хувь нь нийгмийн бүрэн үйлчилгээнд хамрагдахаар тооцож төлөвлөлт хийнэ.

6.2.3.Нийгмийн үйлчилгээний бүс нутгийн төвд, нийтийн орон сууцанд ерөнхий эмчилгээний болон бүртгэл мэдээлэл лавлагааны зориулалттай доорх өрөөнүүдийг заагдсан талбайгаас багагүй байхаар төлөвлөнө.

- хоёр төрлийн үйл ажиллагааны зориулалттай өрөө, (тус бүр) - 12 м2-аас багагүй;

- ороох боох материалын өрөө - 22 м2-аас;

- кабинет гурвыг төлөвлөнө (тус бүр) - 18 м2-аас;

- лабораторийн өрөө - 14 м2-аас (нийт талбай);

- хоёр өрөө, (тус бүр) - 12 м2-аас (хиймэл эрхтэний хэв авах, тааруулах тоноглол мөн цэвэр, бохир цагаан хэрэглэлүүдийг хадгалах тусгай шүүгээ, жижиг агуулах)

6.2.4.Сургалт үйлдвэрлэлийн анги болон ур чадварын дадал олгох байрыг өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний байнга зорчих хэсэг, галын аюулгүйн шаардлага, байруудын байршсан чиглэл зэргийг харгалзан тус тусад нь блокчлох юм уу эсвэл нэг эгнээнд байршуулна.

6.2.5.Өдрийн цагаар ашиглах зориулалттай дор дурдсан өрөөнүүд заагдсан талбайн хэмжээнээс багагүй байна:

- хувцасны өлгүүрийн өрөө - 15 м2-аас;

- өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хүлээж авах өрөө (тус бүр) - 36 м2-аас;

- өдөр амрах зориулалттай өрөө (тус бүр) - 16 м2-аас;

- гал тогоо, буфет - 9 м2-аас;

- шүршүүртэй хувцас солих өрөө.

6.2.6.Өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй нэг бүлэг иргэнд зориулсан өрөөний багтаамж 25 хүнээс илүүгүй багтахаар тооцож барилгын нэгдүгээр давхарт байхаар төлөвлөнө. Өдрийн цагаар үйлчлүүлэхэд зориулагдсан өрөөнүүдийг 2-оос дээш давхарт төлөвлөх бол цахилгаан шат төлөвлөнө.

6.2.7.Гэрийн үйлчилгээний тасаг болон төв хяналтын цэг, албан ажилтны өрөө, хүнсний бүтээгдэхүүн хадгалах зориулалтын жижиг агуулах болон цэвэр, бохир цагаан хэрэглэлд зориулсан шүүгээнүүдийг байрлуулахаар тооцно.

Долоо. ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙГ СЭРГЭЭН ЗАСАХ БАЙГУУЛЛАГА

7.1.Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сэргээн засах тусгай байгууллагыг хөгжлийн бэрхшээлтэй иргэний амьдарч буй газарт болон сувиллын байгууллагын харьяанд эмнэлгийн, нийгмийн, мэргэжлийн сэргээн засах төвийг төлөвлөх ёстой.

7.2.Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тусгай байгууллагуудын бүрэлдэхүүнд хиймэл эрхтэн ба тэргэнцэр засварлах ажлын байр, тэргэнцрүүдийг хадгалах өрөө, мэргэжлийн сэргээн засалтанд зориулсан өрөөг урьдчилан бэлтгэнэ.

Амьдрах өрөө нь сургалт үйлдвэрлэлийн зориулалттай өрөөнөөс галаас хамгаалах 3-р төрлийн хучилттай байна.

7.3.Тусгай зориулалттай төвийг төлөвлөхдөө эмнэлгийн, нийгмийн болон мэргэжлийн сэргээн засалтын зориулалттай байгууллагуудад үндсэн бүлэг өрөөнүүдийг төлөвлөх хэрэгтэй. Үүнд:

- биеийн тамирын дасгалаар эрүүлжүүлэхэд зориулсан өрөө;

- эмнэлгийн зориулалттай өрөө;

- ахуй-албаны зориулалттай өрөө.

7.4.Хөдөлгөөний эмчилгээгээр сэргээн засал хийх өрөөний бүлэгт дараах өрөө орно. Үүнд:

- биеийн хөдөлгөөний ерөнхий дасгал хийх, хөдөлгөөн эмчилгээ хийх, тоглоомын зориулалттай спортын танхим;

- дасгалжуулах заал;

- усан эмчилгээ болон гар заслын эмчилгээ;

- иллэг хийх танхим;

- ахуй заслын танхим;

- хэл заслын танхим;

- халуун ус-ууранд ороход зориулагдсан туслах өрөө тасалгаа бүхий усанд сэлэх усан санг урьдчилан тооцно.

7.5.Эмчилгээний зориулалттай өрөөний бүрэлдэхүүнд цахилгаан, гэрлэн эмчилгээний кабинет, дулаанаар эмчлэх кабинет, эмчийн кабинеттай эмчилгээний өрөө, сэтгэл зүй, дадал зуршлын эмчилгээний өрөө орно.

Цахилгаан ба гэрлэн эмчилгээний кабинетийн шал бүхэлдээ цахилгаан тусгаарлагч материалаар хийгдсэн байх ёстой. Кабинетийн ханын өнгөлгөө керамик хавтанцар бүхий материалаар хийгдсэн байж болохгүй.

7.6.Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан тусгай сувиллын газруудад нийтийн зориулалттай өрөөнөөс гадна сувиллын бүх төрөлд зориулсан дараах өрөө багтана. Үүнд: дурангийн кабинет, оношилгоо хийх бүрэлдэхүүнд ходоодны шүүс оношлох кабинет, булчингийн үйл ажиллагааг сэргээх болон ходоод гэдэсний эмчилгээний кабинет, физик эмчилгээний тасаг түүнчлэн нян судлал болон шавар эмчилгээ, бөөрний эмч нарын кабинетуудыг заавал төлөвлөнө.

7.7.Орон сууцны бүтцэд багтаан хөдөлгөөн засал хийх, явган явж сургах болон иллэг хийх өрөөг төлөвлөнө.

7.8.Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан сувиллын газрын өрөөний талбай 1 хүнд 11 м2, 2 хүнд 16 м2-аас багагүй байна. Орон сууцны өрөөнд үүдний хэсгийн талбай ба ариун цэврийн өрөөний талбай 4.5 м2-аас багагүй байна.

7.9.Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сэргээн засах кабинетыг барилга байгууламжийн нэгдүгээр давхарт төлөвлөнө. Хэрэв хоёроос дээш давхарт төлөвлөхөөр бол цахилгаан шат болон өргөх төхөөрөмжийг төлөвлөнө.

Найм. ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН БАЙГУУЛЛАГА

8.1. Ерөнхий шаардлага

8.1.1.Хараа, сонсголын болон оюун ухаан, хэл ярианы бэрхшээлтэй, ортопедийн туслах хэрэгсэл хэрэглэдэг хүүхдэд үйлчлэх тусгай зориулалттай байгууллагын бүтцэд дараах бүлэг өрөө орно. Үүнд:

- хүүхдийн амьдрах өрөө;

- биеийн тамир, хөгжмийн ба тусгай хичээл заах өрөө;

- эмнэлгийн үйлчилгээ;

- хооллох газар;

- албаны болон аж ахуйн зориулалттай өрөө зэрэг болно

8.1.2.Сурагчдын дотуур байр, дотуур байртай сургуулийн барилгад сургалтын болон сургалт үйлдвэрлэлийн дадлагын өрөөг төлөвлөнө.

8.1.3.Хүүхдэд үйлчлэх тусгай байгууллагад цагаан хэрэглэл угаах өрөөг зайлшгүй төлөвлөнө. Угаалгын газрыг хоёр ээлжээр ажиллахаар тооцож 1 сурагчид өдөрт 1 кг-аас багагүй хуурай цагаан хэрэглэл, хэвтэрт байгаа сурагчид 2 кг-аас багагүй цагаан хэрэглэлээр хангах хүчин чадалтай байхаар тооцно.

8.2. Хүүхдийн амьдрах зориулалттай өрөө

8.2.1.Хүүхдүүдийн амьдрахад зориулсан бүлэг өрөө нь дараах бүтэцтэй байна. Үүнд:

- бүлгээрээ хамт байх өрөө - сургуулийн өмнөх насны хүүхдэд зориулсан;

- сурч амьдрах өрөө - сургуулийн бага насны хүүхдэд зориулсан;

- амьдрах сууцны өрөө - дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан дотуур байртай сургуульд, дотуур байранд.

8.2.2.Амьдрах болон сурч амьдрах хэсэгт дараах өрөөнүүд багтах ба 1 сурагчид оногдох талбай доор зааснаас багагүй байна:

- унтлагын өрөө - 4 м2-аас багагүй;

- хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан сууцны өрөө - 6 м2-ээс багагүй;

- өдөр өнжүүлэх өрөө - 3 м2-аас багагүй;

- сурч амьдрах зориулалттай хэсгийн ангийн өрөө - 2 м2-аас багагүй;

- хувцасны өлгүүрийн өрөө - 1 м2-аас багагүй;

- оюун ухааны бэрхшээлтэй хүүхдэд зориулсан буфет -0.5 м2-аас багагүй;

- эмчилгээ, эрүүл ахуйн өрөөнүүд - 1 м2-аас багагүй;

- хувцас хатаах өрөө - 0.35 м2-аас багагүй.

Хүүхдүүдийн хувийн эд зүйлсийг хадгалах жижиг агуулах бүхий жижүүр багшийн өрөө - 0.5 м2-аас багагүй.

Сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллагын бүлэг өрөө тасалгааны хэмжээ бүтцийг “Олон нийт, иргэний барилга” БНбД /31-03-03/-ын шаардлагыг харгалзан тогтооно.

8.2.3.Дотуур байртай сургуулийн ахлах ангийн хүүхдүүдэд зориулж сууцны хэсэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн дасгал сургууль хийх өрөөг 1 сурагчид 1.5 м2-аас багагүй талбай ноогдохоор тооцно. Нуруу нугас, тархины саажилттай хүүхдүүдэд зориулж 1 сурагчид 1.8 м2-аас багагүй талбайтай өрөөг нэмж төлөвлөнө.

8.3. Сургалт болон сургалт үйлдвэрлэлийн өрөө

8.3.1.Дотуур байртай сургуульд дараах өрөөг төлөвлөнө.

- Сургалтын кабинет

Талбайг нь сонсголын ба оюун ухааны хомсдолтой 1 сурагч тутамд 2.5 м2-аас багагүй, нуруу нугас, тархины саажилттай 1 хүүхдэд 3 м2-аас багагүй талбай ноогдохоор тооцож төлөвлөнө.

- Сургалтын лаборатори

Талбайн хэмжээ нь хараа ба оюун ухааны хомсдолтой сурагч тус бүрт 3 м2-аас багагүй тархи, нуруу нугасны саажилттай 1 сурагчид 3.5 м2-аас багагүй талбай ноогдохоор тооцно.

Харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан баримал болон дүрс зургийн сургалтын кабинетын талбайн хэмжээ хүүхэд тус бүрт 4 м2-аас багагүй байна.

8.3.2.Сургалтын кабинет болон лабораторид лаборантын өрөө нь 18 м2-аас багагүй талбайтай байна.

8.3.3.Дунд болон бага насны сургуулийн хүүхдүүдэд зориулсан амралт, тоглоомын өрөөг хүүхэд тус бүрт 1.2 м2-аас багагүй талбай оногдохоор тооцож төлөвлөнө. Сургуулийн бага насны хүүхдэд зориулж сургалт-сууцны хэсэгт амралт тоглоомын өрөөг өдрийн цагаар ашиглахаар төлөвлөнө.

8.3.4.Сургалт үйлдвэрлэлийн дадлага, ажлын ур чадварын дадал олгох хэсэгт доорх өрөө, тасалгаа орно. Үүнд:

- сургуулийн бага насны хүүхдүүдэд зориулсан дадлагын газар. 1 ажлын байранд оногдох талбайн хэмжээгээр тодорхойлно. Тухайлбал, сонсголын болон оюун ухааны хомсдолтой хүүхдүүдэд 2 м2-аас, харааны болон нуруу нугас, тархины саажилттай хүүхдүүдэд 2.5 м2-аас багагүй талбай ноогдоно.

- ахлах болон дунд сургуулийн хүүхдүүдэд зориулсан дадлагын газар. Ажлын байрны талбайн хэмжээ оюун санааны болон сонсголын бэрхшээлтэй 1 хүүхдэд 5 м2-аас багагүй, харааны болон нуруу нугас, тархины саажилттай 1 хүүхдэд 5.5 м2-аас багагүй байна.

- хөдөлмөрлөх дадал олгоход зориулсан газар. Энэ нь ажил хөдөлмөр гүйцэтгэх технологийн шаардлагуудтай уялдуулан төлөвлөгдсөн ажил зохион байгуулагчийн кабинет, агуулахын өрөөнүүдтэй байна.

Дээр дурдсан өрөөнүүдийг (дадлагын газруудыг) тусгаар блокод нэгтгэн, дотуур байртай сургууль эсвэл асрамжийн байртай зэрэгцүүлэн байршуулж сургалтын ба сууцны өрөө тасалгаануудтай төвөггүй холбогдсон, эдэлбэр газар руу шууд гарах гарцтай төлөвлөнө. 

8.3.5.Сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллагад:

- 4-н бүлэг сууц бүрт эсвэл сургалт-сууц бүхий нэг хэсэгт хэл ярианы бэрхшээлтэй хүүхдэд зориулан 12 м2-аас багагүй талбайтай хэл заслын 1 танхим;

- хүүхдийн дадлагын сургалтанд зориулсан 24 м2-аас багагүй талбайтай өрөөг тус тус төлөвлөнө.

8.4. Биеийн тамир, дуу хөгжим, тусгай хичээлийн өрөө

8.4.1.Дотуур байртай сургуульд биеийн тамир, дуу хөгжим, айзам хэмнэлийн дасгалын заал, усан санг төлөвлөх ёстой.

8.4.2.Дотуур байр, сургуульд дугуйлан хичээллэх өрөө, кино гаргах тайзтай тусгай заал, номын сангийн өрөөг төлөвлөнө. Олон нийтийн заалын хэмжээг хүүхэд бүрт 0.8 м2-аас багагүй талбай оногдохоор тооцож нийт хүүхдийн 75%-ийг багтаахаар тооцно.

8.5. Эмнэлгийн сэргээн засалтын өрөө

8.5.1.Сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллагад эмнэлгийн сэргээн засалтын үйлчилгээгээр хангахад зориулж эмчийн өрөө, хөдөлгөөн заслын өрөө, ахуй заслын өрөө, хэл заслын өрөө төлөвлөнө.

8.5.2.Дотуур байртай сургууль, асрамжийн байранд эмнэлгийн үйлчилгээний дараах өрөөг төлөвлөнө. Эдгээрт: эмч, зөвлөх эмчийн өрөө, хүлээн авах тасаг, тусгаарлах өрөө, ахлах сувилагчийн өрөө, дотрын кабинет, сэргээн засах эмчилгээний өрөө, ерөнхий эмчилгээний лаборатори, эмийн сан орно.

8.5.3.Тусгаарлах тасагт 30 хүүхэд багтахаар төлөвлөнө. Тусгаарлах хэсгийн өрөө болон тусгаарлагч өрөөг ариун цэвэр эрүүл ахуйн шаардлагаар барилгын 1-р давхарт тусдаа орцтой төлөвлөнө.

8.5.4.Тусгаарлах хэсгийн өрөөний багтаамж нь сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллагад 1 байранд 50 хүүхэд, дотуур байртай сургуульд 20 хүүхэд хүлээн авахаар тооцно. Тусгаарлах тасаг нь 1 сурагчид 6 м2-аас багагүй талбайтай 1-2 ортой төлөвлөнө. Сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллагын эмнэлгийн өрөөг тусгаарлахдаа хонгилоос орох тусгай орцтой төлөвлөх ба уг орц тусгаарлах тасгуудын нэгтэй нь зэрэгцээ төлөвлөнө.

8.6. Хооллох байр

8.6.1.Сургууль ба асрамжийн хооллох байрны бүтцэд хүүхэд болон багш нарт зориулсан тус тусын хооллох заал, үйлдвэрлэлийн, захиргаа аж ахуй, агуулахын зориулалттай өрөө, тасалгаанууд орно.

8.6.2.Дотуур байртай сургуулийн хооллох зааланд нийт сурагчдын 70%-аас багагүйг хамрахаар тооцож, 1 суудлын талбайн хэмжээг харааны бэрхшээлтэй болон нуруу нугас, тархины саажилттай хүүхдэд 1.6 м2-аас багагүй, оюун ухаан, сонсголын бэрхшээлтэй хүүхдэд 1.3 м2-аас багагүй талбай оногдохоор тооцно. Дээрх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд нь зөвхөн бие дааж явах чадвартай тохиолдолд тэднийг нэг ээлжинд хооллохоор зохион байгуулж тооцох хэрэгтэй.

 
 
Хавсралт 1
 
 
Налуу замын явалтын урт нь түүний налуугийн хэмжээнээс хамаарах нь.
 
Хавсралт 2
 
Мушгиа налуу замын радиус, налуугийн хэмжээ 2-ын хамаарал