Хэвлэх DOC Татаж авах

Засгийн газрын 2012 оны 30 дугаар
тогтоолын 1 дүгээр хавсралт


ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН НЭГДСЭН САН БОЛОН
ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГААС ОЛГОХ
ШИЛЖҮҮЛЭГ ТООЦОХ АРГАЧЛАЛ

 

Нэг. Нийтлэг үндэслэл


1.1. Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан, орон нутгийн хөгжлийн сангийн орлого, эх үүсвэрийг төлөвлөх, тэдгээр сангаас доод шатны төсөвт олгох орлогын шилжүүлгийг тооцоход энэхүү аргачлалыг баримтална.

1.2. Энэ аргачлалд хэрэглэсэн нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

1.2.1. “орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан” гэж Төсвийн тухай хуулийн 4.1.28-д заасныг;

1.2.2. “орон нутгийн хөгжлийн сан” гэж орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор олгосон орлогын шилжүүлэг болон аймаг, нийслэл, сум, дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагч Төсвийн тухай хуульд заасны дагуу бүрдүүлж, хуваарилан зарцуулах хөрөнгийг;

1.2.3. “орлогын шилжүүлэг” гэж Төсвийн тухай хуулийн 4.1.22-т заасныг;

1.2.4. “орон нутгийн хөгжлийн индекс” гэж Засгийн газрын 2010 оны 88 дугаар тогтоолын 3 дугаар зүйлд заасан бүлгүүд, тэдгээрт харгалзах үзүүлэлтийг ашиглан тооцож гаргасан итгэлцүүрийг.

1.3. Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас аймаг, нийслэлийн орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлгийг санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага тооцно.

1.4. Аймаг, нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангаас сум, дүүргийн орон нутгийн хөгжлийн санд олгох шилжүүлгийг аймаг, нийслэлийн санхүү, төсвийн асуудал хариуцсан нэгж тооцно.

1.5. Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан нь төв төрийн санд, орон нутгийн хөгжлийн сан нь аймаг, нийслэл, сум, дүүргийн төрийн санд данстай байна.

Хоёр. Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан, орон
          нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэр

 

2.1. Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан нь Төсвийн тухай хуулийн 59.1-д заасны дагуу дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:

2.1.1. импортоос бусад бараа, ажил, үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын орлогын 25 хувь;

2.1.2. ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогын 5 хувь;

2.1.3. орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор олгосон дотоодын төрийн бус байгууллагын болон гадаадын албан ёсны тусламж, хандив;

2.1.4. орон нутгийн төсвийн үндсэн тэнцлийн ашгаас суурь зарлагатай тэнцэх хэсгийг тухайн шатны төсөвт үлдээж, үлдэх хэсгийг дээд шатны төсөвт төвлөрүүлэх дүн.

2.2. Орон нутгийн хөгжлийн сан нь Төсвийн тухай хуулийн 60.2-т заасны дагуу дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:

2.2.1. орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас олгох шилжүүлэг;

2.2.2. Төсвийн тухай хуулийн 59.2-т заасан хөрөнгө;

2.2.3. Төсвийн тухай хуулийн 56.2-т заасан орон нутгийн төсвийн үндсэн тэнцлийн ашиг;

2.2.4. татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх болон зарлагыг хэмнэх замаар бий болгосон нэмэгдэл эх үүсвэр;

2.2.5. тухайн орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор олгосон дотоод, гадаадын хандив, тусламж;

2.3. Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн эх үүсвэрийг тухайн жилийн төсөв, тодотгосон төсөвт тусгаж төлөвлөнө.

2.4. Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас орон нутгийн хөгжлийн санд тооцож олгох орлогын шилжүүлгийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан сар, улирлын хуваарийн дагуу Төсвийн тухай хуулийн 56.3-т заасан нөхцөл байдал үүсээгүй тохиолдолд дараа сарын 5-ны өдрийн дотор дээд шатны төсвөөс доод шатны төсөвт шилжүүлнэ.

2.5. Аймаг, нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангаас сум, дүүргийн орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлгийг аймаг, нийслэлийн Засаг даргын баталсан сар, улирлын хуваарийн дагуу сар бүрийн 10-ны өдрийн дотор хуваарилна.

Гурав.  Орон   нутгийн   хөгжлийн   нэгдсэн  сан,  Орон  нутгийн
            хөгжлийн сангаас орон нутгийн төсөвт олгох шилжүүлэг
       тооцох итгэлцүүр, түүнд ашиглах мэдээлэл,
     мэдээллийн эх сурвалж

 

3.1. Тухайн төсвийн жилд орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас аймаг, нийслэлийн орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг тооцох дор дурдсан итгэлцүүрийг холбогдох байгууллагаас  хамгийн сүүлд гаргасан албан ёсны мэдээлэлд үндэслэнэ:

3.1.1. орон нутгийн хөгжлийн индексийг Засгийн газрын 2010 оны 88 дугаар тогтоолоор баталсан “Хөгжлийн индекс тооцох аргачлал”-д заасны дагуу хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас нийтэд зарласан үзүүлэлтэд;

3.1.2. хүн амын тоог Үндэсний статистикийн хорооноос нийтэд зарласан Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хүн амын тоонд;

3.1.3. хүн амын нягтрал, алслалт, нутаг, дэвсгэрийн хэмжээг тооцоход холбогдох мэдээллийг дараахь  эх үүсвэрээс ашиглана:

3.1.3.1. Үндэсний статистикийн хорооноос нийтэд зарласан Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээнд үндэслэж, хүн амын нягтралын индексийг;

3.1.3.2. Засгийн газрын 2010 оны 88 дугаар тогтоолоор баталсан аргачлалын дагуу хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас нийтэд зарласан нутаг дэвсгэрийн алслалтын индексийг;

3.1.3.3. Үндэсний статистикийн хорооноос нийтэд зарласан нутаг дэвсгэрийн хэмжээг.

3.1.4. Орон нутгийн татварын идэвх санаачлагын индексийг тооцохдоо холбогдох мэдээллийг дараахь эх үүсвэрээс ашиглана:

3.1.4.1. орон нутгийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг тооцоход санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас нийтэд мэдээлсэн тухайн төсвийн жилийн өмнөх жилийн төлөвлөгөө болон гүйцэтгэл, тухайн төсвийн жилийн эхний хагас жилийн төлөвлөгөө болон гүйцэтгэлийн тоон мэдээг;

3.1.4.2. татвар төлөгчийн татварт хамрагдсан байдлын үзүүлэлтийг тооцохдоо татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас нийтэд мэдээлсэн тухайн төсвийн жилийн өмнөх жилийн татвар төлөгчийн тоон мэдээ, тухайн төсвийн жилийн эхний хагас жилийн татвар төлөгчийн тоон мэдээг;

3.1.4.3. татварын өр барагдуулалтын үзүүлэлтийг тооцоход татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас нийтэд мэдээлсэн тухайн төсвийн жилийн өмнөх жилийн урьд оны өр, тайлангийн болон хяналт, шалгалтын барагдуулалтын тоон мэдээ, тухайн төсвийн жилийн эхний хагас жилийн урьд оны өр, тайлангийн болон хяналт, шалгалтын барагдуулалтын тоон мэдээг;

3.1.4.4. орон нутгийн татварын хувь хэмжээг хуульд заасны дагуу тухайн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон үзүүлэлтийг;

3.2. Энэ аргачлалын 2.1.1, 2.1.3, 2.1.4-т заасан эх үүсвэрээс бүрдэх орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн хөрөнгийг дор дурдсан байдлаар хувийн жинд  харгалзуулан  орлогын шилжүүлгийн хуваарилалтад нөлөөлөх байдлыг тогтооно:

3.2.1. орон нутгийн хөгжлийн индекс–харгалзах хувийн жин 25 хувь;

3.2.2. хүн амын тоо–харгалзах хувийн жин 25 хувь;

3.2.3. хүн амын нягтрал, алслалт, нутаг дэвсгэрийн хэмжээ–харгалзах хувийн жин 25 хувь;

3.2.4. орон нутгийн татварын идэвх санаачилга–харгалзах хувийн жин 25 хувь.

Индексэд харгалзах хуваарилалтыг томъёогоор илэрхийлбэл:
N=0.25
N – индексэд харгалзах хувь
〖M×N=M〗_d=M_p=M_l=M_t
M – орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас олгох орлогын шилжүүлгийн нийт дүнгээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогын хуваарилах дүнг хасч тооцсон дүн (аргачлалын 2.1.1, 2.1.3, 2.1.4-т заасан эх үүсвэрүүдийн нийлбэр)
M_d – орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас орон нутгийн хөгжлийн индексээс хамаарч, харгалзах хувиар хуваарилахаар тооцсон дүн
M_p – орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас хүн амын тооноос хамаарч, харгалзах хувиар хуваарилахаар тооцсон дүн
M_l – орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас хүн амын нягтрал, алслалт, нутаг дэвсгэрийн хэмжээнээс хамаарч, харгалзах хувиар хуваарилахаар тооцсон дүн
M_t – орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас орон нутгийн татварын идэвх санаачлагын индексээс хамаарч, харгалзах хувиар хуваарилахаар тооцсон дүн


Дөрөв. Орон нутгийн хөгжлийн индекс ашиглан орлогын шилжүүлгийн  дүнг тооцох


4.1. Орон нутгийн хөгжлийн индексээс хамааруулан олгох орлогын шилжүүлгийн дүнг тооцоход хөгжлийн индекс багатай орон нутгийн засаг захиргааны нэгжид илүү хөрөнгө хуваарилагддаг байх зарчим баримтална.

4.2. Орон нутгийн хөгжлийн индексээс хамааран аймаг, нийслэлд хуваарилах шилжүүлгийг энэ аргачлалын 2.1.1, 2.1.3, 2.1.4-т заасан  эх үүсвэрээс бүрдэх орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн хөрөнгийн  уг индекст харгалзах 25 хувиар тооцно.

         4.3. Энэ аргачлалын 3.1.1-д заасны дагуу орон нутгийн хөгжлийн индексийг аймаг, нийслэл бүрээр тооцож, түүнээс улсын дунджийг арифметикийн дунджаар тооцон гаргана.

         4.4. Улсын дундаж хөгжлийн индексийг аймаг, нийслэлийн хөгжлийн индекстэй харьцуулан дүйцүүлэх индексийг тооцно.

4.5. Тухайн аймаг болон нийслэл хотын дүйцүүлэх индексийг нийт аймаг, нийслэлийн дүйцүүлэх индексийн нийлбэрт харьцуулсан харьцааг орон нутгийн хөгжлийн индексээс хамааруулан хуваарилах эх үүсвэрийн дүнгээр үржүүлж  аймаг, нийслэл тус бүрийн орон нутгийн хөгжлийн санд олгох шилжүүлгийн дүнг тодорхойлно.

Орон нутгийн хөгжлийн индексээс хамаарах дүнг тодорхойлох аргачлалыг томъёогоор илэрхийлбэл:
D_i=f_i/(∑_(i=1)^n▒f_i )×M_d
i – тухайн аймаг, нийслэлийн харгалзах индекс
n – аймаг, нийслэлийн нийт тоо
D_i – орон нутгийн хөгжлийн индексээс хамаарч тухайн аймаг, нийслэлд олгох шилжүүлгийн дүн
M_d – орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас орон нутгийн хөгжлийн индексээс хамаарч, харгалзах хувиар хуваарилахаар тооцсон дүн (аргачлалын 4.2)
f_i – тухайн аймаг, нийслэлийн улсын дундажтай дүйцүүлэх индекс
            Энд:                 f_i=a/d_i
a – аймаг, нийслэлийн хөгжлийн индексийн арифметик дундаж (улсын дундаж индекс)
d_i – тухайн аймаг, нийслэлийн хөгжлийн индекс

Тав. Хүн амын тооноос хамаарах шилжүүлгийн дүн тооцох


5.1. Хүн амын тооноос хамааруулан олгох орлогын шилжүүлгийн дүнг тооцоход хүн ам ихтэй орон нутгийн засаг захиргааны нэгжид  хөрөнгө илүү хуваарилагддаг байх зарчим баримтална.

5.2. Хүн амын тооноос хамааран аймаг, нийслэлд хуваарилах дүнг энэ аргачлалын 2.1.1, 2.1.3, 2.1.4-т заасан эх үүсвэрээс бүрдэх орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн хөрөнгийн уг индекст харгалзах 25 хувиар тооцно.

5.3. Энэ аргачлалын 3.1.2-т заасны дагуу хүн амын тоог аймаг, нийслэл бүрээр тооцно.

5.4. Тухайн аймаг, нийслэлд оршин сууж байгаа хүн амын тоог хүн амын нийт тоонд харьцуулсан харьцааг хүн амын тооноос хамааран хуваарилах эх үүсвэрийн дүнгээр үржүүлж тухайн аймаг, нийслэлд олгох дүнг тодорхойлно.

Хүн амын тооноос хамаарах дүнг тодорхойлох аргачлалыг томъёогоор илэрхийлбэл:
P_i=p_i/(∑_(i=1)^n▒p_i )×M_p
i – тухайн аймаг, нийслэлийн харгалзах индекс
n – аймаг, нийслэлийн нийт тоо
P_i – хүн амын тооноос хамаарч тухайн аймаг, нийслэлд олгох шилжүүлгийн дүн
M_p – орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас хүн амын тооноос хамаарч, харгалзах хувиар тооцсон дүн (аргачлалын 5.2)
p_i – тухайн аймаг, нийслэлийн хүн амын тоо

Зургаа. Хүн амын нягтрал, алслалт, нутаг дэвсгэрийн
         хэмжээнээс хамаарах шилжүүлгийн
  дүнг тооцох

 

6.1. Хүн амын нягтрал, алслалт, нутаг дэвсгэрийн хэмжээнээс хамааран аймаг, нийслэлд хуваарилах дүнг энэ аргачлалын 2.1.1, 2.1.3, 2.1.4-т заасан эх үүсвэрээс бүрдэх орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн хөрөнгийн уг индекст харгалзах  25 хувиар тооцно.

6.2. Энэ аргачлалын 6.1-д заасан дүнг дор дурдсан үзүүлэлт тус бүрт тэнцүү хэмжээгээр хуваарилна:

6.2.1. хүн амын нягтрал 1/3;

6.2.2. алслалт 1/3;

6.2.3. нутаг дэвсгэрийн хэмжээ  1/3;

6.3. Хүн амын нягтрал бага байх нь төрийн үйлчилгээг нэг хүнд хүргэх өртөг зардал өндөр байхад нөлөөлөх тул хүн амын нягтрал багатай орон нутгийн засаг захиргааны нэгжид илүү хөрөнгө хуваарилагддаг байх зарчим баримтална.

6.4. Алслалтаас хамааруулан олгох орлогын шилжүүлгийн дүнг тооцоход алслагдсан орон нутгийн засаг захиргааны нэгжид  хөрөнгө илүү  хуваарилагддаг байх зарчим баримтална.

6.5. Нутаг дэвсгэрийн хэмжээ том байх нь нэг хүнд ногдох төрийн үйлчилгээний зардал өндөр байхад нөлөөлөх тул нутаг дэвсгэр том орон нутгийн засаг захиргааны нэгжид хөрөнгө илүү хуваарилагддаг байх зарчим баримтална.

6.6. Энэ аргачлалын 3.1.3.1-д заасны дагуу хүн амын нягтралын индексийг аймаг, нийслэл бүрээр тооцож, тэдгээрийг тус бүрт нь 1-д харьцуулах замаар тус бүрийн харгалзах урвуу индексийг  тооцон гаргана.

6.7. Аймаг, нийслэлийн хүн амын нягтралын урвуу индексийг тухайн аймаг, нийслэлд харгалзах индексүүдийн нийлбэрт харьцуулсан харьцаа, энэ аргачлалын 6.2.1-д заасан харьцааг, хүн амын нягтралын индексээс хамааруулан хуваарилах эх үүсвэрийн дүнгээр үржүүлж аймаг, нийслэлийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлгийн дүнг тодорхойлно.

6.8. Энэ аргачлалын 3.1.3.2-т заасны дагуу алслалтын индексийг аймаг, нийслэл бүрээр тооцно.

6.9. Аймаг, нийслэл тус бүрт харгалзах алслалтын индексийг аймаг, нийслэлийн алслалтын индексүүдийн нийлбэрт харьцуулсан харьцаа, энэ аргачлалын 6.2.2-т заасан харьцааг алслалтын индексээс хамааран хуваарилах эх үүсвэрийн  дүнгээр үржүүлж аймаг, нийслэлд олгох дүнг тодорхойлно.

6.10. Энэ аргачлалын 3.1.3.3-т заасны дагуу нутаг дэвсгэрийн хэмжээг аймаг, нийслэл бүрээр тооцно.

6.11. Аймаг, нийслэл тус бүрийн нутаг дэвсгэрийн хэмжээг нутаг дэвсгэрийн нийт дүнд харьцуулсан харьцаа, энэ аргачлалын 6.2.3-т заасан харьцааг нутаг дэвсгэрийн хэмжээнээс хамааран хуваарилагдах эх үүсвэрийн дүнгээр үржүүлж аймаг, нийслэлд олгох дүнг тодорхойлно.
Хүн амын нягтрал, алслалт, нутаг дэвсгэрийн хэмжээнээс хамаарах дүнг тодорхойлох аргачлалыг томъёогоор илэрхийлбэл:
L_i=C_i+V_i+G_i
L_i – хүн амын нягтрал, алслалт, нутаг дэвсгэрийн хэмжээнээс хамаарч тухайн аймаг, нийслэлд олгох шилжүүлгийн дүн
C_i– хүн амын нягтралын урвуу индексээс хамаарч тухайн аймаг, нийслэлд олгох шилжүүлгийн дүн
V_i - алслалтын индексээс хамаарч тухайн аймаг, нийслэлд олгох шилжүүлгийн дүн
G_i – нутаг дэвсгэрийн хэмжээнээс хамаарч тухайн аймаг, нийслэлд олгох шилжүүлгийн дүн
Энд                 C_i=(1⁄c_i )/(∑_(i=1)^n▒〖(1⁄c_i )〗)×m_c
c_i – хүн амын нягтралын индекс (хүн амын тоог нутаг дэвсгэрийн хэмжээнд харьцуулсан)
m_c – хүн амын нягтралаас хамаарч тухайн аймаг, нийслэлд олгох дүн (6.2.1)
Энд                 V_i=v_i/(∑_(i=1)^n▒v_i )×m_V
v_i – тухайн аймаг, нийслэлийн алслалтын индекс
m_V – алслалтаас хамаарч тухайн аймаг, нийслэлд олгох дүн (6.2.2)
Энд                 G_i=g_i/(∑_(i=1)^n▒g_i )×m_G
g_i – тухайн аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээ
m_G – нутаг дэвсгэрийн хэмжээнээс хамаарч тухайн аймаг, нийслэлд олгох дүн (6.2.3)
M_l=m_c+m_v+m_g

Долоо. Орон нутгийн татварын идэвх санаачилгаас
хамаарах  шилжүүлгийн дүнг тооцох

 

7.1. Орон нутгийн татварын идэвх санаачилгаас хамааруулан олгох орлогын шилжүүлгийн дүнг тооцоход орлогын төлөвлөгөөний биелэлт, татвар төлөгчийн татварт хамрагдсан байдал, татварын өр төлбөрийн барагдуулалт, орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон татварын хувь хэмжээ нь хуульд заасан доод хувь хэмжээнээс нэмэгдсэн буюу татварын идэвх санаачилга өндөртэй орон нутгийн засаг захиргааны нэгжид хөрөнгө илүү хуваарилагддаг байх зарчим баримтална.

7.2. Орон нутгийн татварын идэвх санаачилгаас хамааран аймаг, нийслэлд хуваарилах дүнг энэ аргачлалын 2.1.1, 2.1.3, 2.1.4-т заасан эх үүсвэрээс бүрдэх орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн хөрөнгийн  уг индекст харгалзах 25  хувиар  тооцно.

7.3. Энэ аргачлалын 7.2-т заасан дүнг тооцохдоо энэ аргачлалын 7.1-д заасан үндсэн 4 үзүүлэлтийн жигнэсэн дундаж индексийг ашиглана.

7.4. Орон нутгийн татварын төлөвлөгөөний биелэлтийн үзүүлэлтийг тооцоход энэ аргачлалын 3.1.4.1-д заасан тоон мэдээг үндэслэж, орон нутгийн орлогын төлөвлөгөөний биелэлтийн хувийн дунджаар тооцно.

7.5. Татвар төлөгчийн татварт хамрагдсан байдлын үзүүлэлтийг энэ аргачлалын 3.1.4.2-т заасан тоон мэдээг үндэслэж, орон нутгийн орлогын нэр төрлөөр татварт хамруулалтын хувийн дунджаар тооцно.

7.6. Татварын өр барагдуулалтын үзүүлэлтийг энэ аргачлалын 3.1.4.3-т заасан тоон мэдээг үндэслэж, орон нутгийн татварын өрийн барагдуулалтын хувийн дунджаар тооцно.

7.7. Энэ аргачлалын 3.1.4.4-т заасан үзүүлэлтийг тухайн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон орон нутгийн татварын хувь хэмжээг хуульд заасан татварын доод хувь хэмжээтэй харьцуулсан хувийн дунджаар тооцно.

Орон нутгийн татварын идэвх санаачилгаас хамаарах дүнг тодорхойлох аргачлалыг томъёогоор илэрхийлбэл:
T_i=M_t×t_i
T_i – татварын идэвх санаачилгаас хамаарч тухайн аймаг, нийслэлд олгох шилжүүлгийн дүн
M_t– орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас татварын идэвх санаачилгаас хамаарч, харгалзах хувиар тооцсон дүн ( аргачлалын 3.2.4)
t_i – тухайн аймаг, нийслэлийн татварын идэвх санаачилгын индекс
            Энд                 t_i=((〖r_i+b〗_i+h_i+e_i))⁄4
r_i – тухайн аймаг, нийслэлийн орлогын төлөвлөгөөний биелэлт;
b_i – тухайн аймаг, нийслэлийн татвар төлөгчийн татварт хамрагдсан үзүүлэлт;
h_i- тухайн аймаг, нийслэлийн татварын өр барагдуулалтын үзүүлэлт;
e_i- тухайн аймаг, нийслэлийн орон нутгийн татварын хувь хэмжээг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар тогтоосон үзүүлэлт;


Найм. Орон нутгийн  хөгжлийн  нэгдсэн  сангаас  ашигт
           малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогын
         дүнг хуваарилах

 

8.1. Энэ аргачлалын 2.1.2-т заасан нийт дүнг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа нийт хүн амын тоонд харьцуулж нэг хүнд ногдох дүнг тодорхойлно.

8.2. Аргачлалын  8.1-д заасан нэг хүнд ногдох дүнг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хамгийн их төвлөрүүлсэн орон нутгийн засаг захиргааны нэгжид ногдох хэмжээ нь тухайн орлого төвлөрүүлээгүй орон нутгийн засаг захиргааны нэгжид ногдох хэмжээнээс 10 хувиар их байхаар тооцож нэмэгдүүлнэ.

8.3. Аргачлалын  8.2-т зааснаас бусад орон нутгийн засаг захиргааны нэгжийн нэг хүнд ногдох дүнг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн нийт дүнд харьцуулсан харьцаагаар тооцож, 10 хувь хүртэлх хэмжээнд багтаан нэмэгдүүлнэ.

8.4. Аймаг, нийслэлд ногдох нийт дүнг энэ аргачлалын 3.1.2-т заасан эх үүсвэртэй тэнцүү байхаар хувьчлан, ижил харьцаагаар аймаг, нийслэл бүрээс бууруулан тооцно.


Ес. Аймаг, нийслэлийн хөгжлийн сангаас сум,
     дүүргийн  хөгжлийн  санд  олгох  орлогын
     шилжүүлгийг тооцох зарчим

9.1. Энэ аргачлалын 2.2.1-д заасан эх үүсвэрийг сум, дүүргийн хөгжлийн санд хуваарилахад Төсвийн тухай хуулийн 59.2-т заасныг  мөрдлөг болгоно.

9.2. Аймаг нийслэл нь орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас шилжүүлсэн орлогын шилжүүлгийн 60-аас доошгүй хувийг сум, дүүргийн орон нутгийн хөгжлийн санд хуваарилахад энэ аргачлалын 3 дугаар зүйлд заасан  мэдээллийг ашиглан мөн аргачлалын 4-8 дугаар зүйлд заасан итгэлцүүрүүдийг орон нутгийн үзүүлэлтэд дүйцүүлэн тогтооно. 

9.3. Итгэлцүүрт ашиглах сум, дүүргийн хөгжлийн индексийг аймаг, нийслэлийн Хөгжлийн бодлогын хэлтэс, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан сум, дүүргийн хөгжлийн индекс тооцох нийтлэг арга зүйн дагуу өөрийн аймаг, нийслэлийн хөгжлийн онцлог, тоон мэдээллийн боломжид нийцүүлэн тооцож, гаргана.

9.4. Энэ аргачлалын 3.2.1-д заасан орон нутгийн хөгжлийн индексийг сум, дүүргийн түвшинд үнэн зөв, бодитой байдлаар гаргах боломжтой болох хүртэлх хугацаанд уг индексэд харгалзах 25 хувийг аргачлалын 3.2.2-3.2.4-т заасан үзүүлэлтүүдэд тэнцүү хуваарилах байдлаар орлуулан хэрэглэж болно.

9.5. Энэ аргачлалын 9.2-т заасан заалтыг хэрэгжүүлэхдээ итгэлцүүрийг сум, дүүргийн түвшинд ашиглахад хангалттай, үнэн зөв, бодитой тоон мэдээлэлд үндэслэнэ.


------oOo-----