Хэвлэх DOC Татаж авах

Засгийн газрын 2012 оны 185 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

 

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ ОЛГОХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.1.2, 13.1.5-т зааснаас бусад нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж (цаашид “тэтгэвэр, тэтгэмж” гэх)-ийг олгохтой холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна. /Энэ хэсэгт Засгийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 18ы өдрийн Журам батлах, журамд өөрчлөлт оруулах тухай 18 дугаар тогтоолоор нэмэлт оруулсан/

Хоёр. Тэтгэвэр, тэтгэмжид хамрагдах хүсэлтийг хянан шийдвэрлэх

2.1.Тэтгэвэр, тэтгэмж тогтоолгон авахыг хүссэн иргэн энэхүү журмын 6 дугаар зүйлд заасан баримт бичгийг бүрдүүлж сум, хорооны нийгмийн ажилтанд өгнө.

2.2.Сум, хорооны нийгмийн ажилтан нь Нийгмийн халамжийн тухай хуулийн 12.1.4, 12.1.5, 13.2, 13.5.1-13.5.4, 13.5.6-13.5.8-д заасан тэтгэвэр, тэтгэмжид хамрагдах хүсэлт гаргасан иргэний бүрдүүлсэн баримт бичгийг хүлээн авч амьдралын нөхцөлийг нь судлан үзэж, холбогдох саналаа ажлын 10 хоногт багтаан сум, хорооны Амьжиргааг дэмжих зөвлөлөөр хэлэлцүүлж, шийдвэрлүүлнэ. Сум, хорооны нийгмийн ажилтан нь Амьжиргааг дэмжих зөвлөлийн шийдвэрийг холбогдох баримт бичгийн хамт ажлын 5 хоногт багтаан аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад хүргүүлнэ.

2.3.Сум, хорооны нийгмийн ажилтан нь Нийгмийн халамжийн тухай хуулийн 12.1.1-12.1.3, 13.5.5, 13.5.9, 13.7-д заасан тэтгэвэр, тэтгэмжид хамрагдах хүсэлт гаргасан иргэний бүрдүүлсэн баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад хүргүүлнэ.

2.4.Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь энэхүү журмын 2.2, 2.3-т заасан баримт бичгийг ажлын 5 хоногт багтаан хянан үзэж, тэтгэвэр, тэтгэмжид хамрагдах иргэнд хувийн хэрэг нээн, нэрсийн жагсаалт болон хувийн хэргийг баталгаажуулж сум, хорооны нийгмийн ажилтан болон нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагатай гэрээ байгуулсан банкинд хүргүүлнэ.

2.5.Сум, хорооны нийгмийн ажилтан нь энэхүү журмын 2.4-т заасан нэрсийн жагсаалтыг үндэслэн тухайн иргэнд тэтгэвэр, тэтгэмжийн дэвтэр нээж, тэтгэвэр, тэтгэмж олгох хугацааг хувийн тэмдгээр баталгаажуулж тухайн иргэний хувийн хэрэгт тэмдэглэнэ. Тэтгэвэр, тэтгэмж авахтай холбогдуулан иргэний бүрдүүлсэн баримт бичиг нь дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага, сумын нийгмийн ажилтанд хадгалагдаж үлдэнэ.

2.6.Сум, хорооны нийгмийн ажилтан нь энэхүү журмын 2.1-д заасан иргэнд тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүссэн эсэх тухай мэдэгдэнэ. Эрх үүссэн иргэнд тэтгэвэр, тэтгэмжийг банкаар дамжуулан олгоно.

2.7.Тэтгэвэр, тэтгэмжийн дэвтэр, хувийн хэрэг, бусад маягтыг иргэдэд үнэ төлбөргүй олгоно. Тэтгэвэр, тэтгэмж олгохтой холбоотой банкны үйлчилгээний хураамжийг нийгмийн халамжийн сангаас төлнө.

2.8.Тэтгэвэр, тэтгэмжийн дэвтрээ хаяж үрэгдүүлсэн иргэнд сум, хорооны нийгмийн ажилтан нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас тогтоосон үнээр дэвтрийг дахин олгоно.

2.9.Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.2.1, 13.2.2-т заасан иргэнд тэтгэмж олгохдоо сум, хорооны нийгмийн ажилтан нь тухайн иргэнтэй “Хүүхэд асран тэтгэх тухай гэрээ” байгуулна.

Уг гэрээнд хүүхдийг асрах, хүмүүжүүлэх, боловсрол олгох нөхцөл, талуудын эрх, үүрэг, хариуцлага, хяналт, гэрээ дуусгавар болох үндэслэлийг тусгана. Гэрээг сум, хорооны Засаг дарга батална.

2.10.Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.2.3, 13.2.4-т заасан иргэнд тэтгэмж олгохдоо сум, хорооны нийгмийн ажилтан нь асрамжилж байгаа болон асруулагч иргэнтэй “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асрах тухай гэрээ” байгуулна.

2.11.Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.2.2, 13.2.3-т заасан иргэнд өөрийнх нь оршин суугаа хаягийн дагуу, 13.2.4-т заасан иргэнд асруулагчийн оршин суугаа хаягийн дагуу тэтгэмж олгоно.

2.12.Энэхүү журмын 2.9, 2.10-т заасан гэрээний загварыг нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.

2.13.Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.6-д заасан байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолтыг суманд сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч их эмч, аймгийн төвийн сум, дүүрэгт аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын хяналтын комисс, төрөлхийн оюуны хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн хүнд хэлбэрийн эмгэгтэй иргэний тодорхойлолтыг аймагт нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын хяналтын комисс, нийслэлд сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, байнгын асаргаа шаардлагатай 0-16 насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тодорхойлолтыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын аймаг, дүүргийн орон тооны бус салбар комисс тус тус эрүүл мэндийн болон нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан маягтын дагуу гаргана. /Энэ хэсэгт Засгийн газрын 2017 оны 7 дугаар сарын 4ий өдрийн Журам батлах, тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 197 дугаар тогтоолоор нэмэлт оруулсан/

2.14.Амьжиргааг дэмжих зөвлөл нь энэхүү журмын 2.13-т заасан иргэний нөхцөл байдлыг судлаад тэтгэмжид хамруулах эсэх талаар шийдвэр гаргана. Энэхүү журмын 2.13-т заасан тодорхойлолт тухайн иргэний бодит нөхцөл, байдалтай нийцэхгүй гэж Амьжиргааг дэмжих зөвлөл дүгнэсэн бол энэ тухай шийдвэртээ тодорхой тусгана.

2.15.Энэхүү журмын 2.13-т заасан тодорхойлолт тухайн иргэний бодит нөхцөл, байдалтай нийцэхгүй гэсэн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзвэл аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь уг шийдвэрийг тухайн аймаг, дүүргийн Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хороонд хүргүүлж, дүгнэлт гаргуулна.

2.16.Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь энэхүү журмын 2.15-д заасан дүгнэлтийг үндэслэн тухайн иргэнд тэтгэмж олгох эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

2.17.Тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт, үйлчилгээний аль алинд нь хамрагдах тохиолдолд иргэн энэхүү журмын 6 дугаар бүлэгт заасан баримт бичгийг давхар бүрдүүлэхгүй байж болно. Энэ тохиолдолд сумын нийгмийн ажилтан, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллага тухайн иргэнд нэг хувийн хэрэг нээнэ.

2.18.Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.2-т заасан асаргааны тэтгэмж авч байгаа иргэнд асаргаа, сувилгааны болон асрамжлах үйлчилгээний ур чадвар эзэмшүүлэх сургалтын хөтөлбөр, түүнийг зохион байгуулах журам, зардлын хэмжээг нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга баталж, зардлыг нийгмийн халамжийн сангаас санхүүжүүлнэ.

2.19.Энэхүү журмын 2.18-д заасан сургалтыг зохион байгуулахдаа иргэний хамрагдах боломж, нөхцөлийг харгалзан гэрээр, явуулын, зайны болон цахим зэрэг хэлбэрүүдийг ашиглаж болно.

2.20.Тэтгэвэр, тэтгэмж авагч нас барсан тохиолдолд түүний өрхийн гишүүн, асруулагч нас барсан тохиолдолд түүнийг асарч байсан иргэн энэ тухай сум, хорооны нийгмийн ажилтанд мэдэгдэж, иргэний хувийн хэрэгт тэмдэглэл хийлгэнэ.

2.21.Аймаг, нийслэл, сумын Засаг дарга нь нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн зардлыг аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын Төрийн сан дахь дансанд сар бүр хугацаанд нь санхүүжүүлнэ. /Энэ хэсгийг Засгийн газрын 2014 оны 4 дүгээр сарын 19ий өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 129 дүгээр тогтоолоор нэмсэн/

2.22.Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь нийгмийн халамжийн сангийн нэгдсэн мэдээлэлд бүртгэгдэн, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүссэн иргэдийн мэдээллийг сум, хорооноос сар бүрийн 5-ны дотор авч, хянан баталгаажуулж шаардагдах санхүүжилтийн хамт гэрээт банкинд хүргүүлнэ. /Энэ хэсгийг Засгийн газрын 2014 оны 4 дүгээр сарын 19ий өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 129 дүгээр тогтоолоор нэмсэн/

2.23.Нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр, тэтгэмжийн санхүүжилтийг олгохдоо нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, арилжааны төв банктай гурвалсан гэрээ байгуулсны үндсэн дээр хэрэгжүүлнэ. /Энэ хэсгийг Засгийн газрын 2014 оны 4 дүгээр сарын 19ий өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 129 дүгээр тогтоолоор нэмсэн/

Гурав. Тэтгэвэр, тэтгэмж олгох хугацаа

3.1.Тэтгэвэр, тэтгэмжийг иргэний өргөдөл гаргасан өдрөөс эхлэн хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх, нас барах, хуулиар тогтоосон бусад эрх нь дуусгавар болсны дараагийн сарыг дуусах хүртэлх хугацаанд олгоно.

3.2.Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс, байнгын асаргаа шаардлагатай байх хугацааг 2.13-т заасан эмч, эмнэлгийн байгууллага тус тус тогтоох буюу сунгана. Иргэний хөдөлмөрийн чадвар алдсан болон байнгын асаргаа шаардлагатай байх хугацааг нөхөн сунгасан бол аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь уг иргэнд тухайн хугацааны тэтгэвэр, тэтгэмжийг нөхөж олгоно.

3.3.Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнд байнгын асаргаа шаардлагатай байх хугацааг энэхүү журмын 2.13-т заасан эмч, эмнэлгийн байгууллага тухайн иргэний эрүүл мэндийн байдлаас шалтгаалан 6 сараас 36 сар хүртэл хугацаагаар тогтоох буюу сунгана.

3.4.Төрөлхийн оюуны хөгжлийн бэрхшээлтэй болон эдгэшгүй хүнд өвчтэй иргэнд байнгын асаргаа шаардлагатай хугацааг 36 сараар тогтоож, мөн хугацаагаар сунгаж байна.

3.5.Жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхийн тэтгэмж олгох хугацааг хоёр ихэр хүүхэд төрүүлсэн эхэд 6 сараар, гурав болон түүнээс дээш ихэр хүүхэд төрүүлсэн, хүүхдээ өөрөө асрамжлан өсгөж байгаа эхэд 12 сараар сунгана. /Энэ хэсгийг Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 13ы өдрийн Журам батлах тухай 340 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон/

Дөрөв. Тэтгэвэр, тэтгэмж олголт

4.1.Тэтгэвэр, тэтгэмжийг иргэн банкнаас өөрийн биеэр очиж авна.

4.2.Иргэн тэтгэвэр, тэтгэмжийг өөрийн биеэр банкнаас авч чадахгүй нөхцөлд итгэмжлэгдсэн хүнээр авахуулж болно. Итгэмжлэлийг Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасны дагуу нотариатчаар гэрчлүүлнэ. Хэрэв суманд нотариатч ажиллаагүй бол сумын Засаг даргын Тамгын газрын дарга Нотариатын тухай хуулийн 10.2-т заасны дагуу итгэмжлэлийг гэрчилнэ.

4.3.Иргэн тэтгэвэр, тэтгэмжээ өөрийн дансанд шилжүүлэх хүсэлтэй бол үйлчилгээ үзүүлж байгаа банкиндаа хандана.

4.4.Тэтгэвэр, тэтгэмжийг тухайн онд авч чадаагүй бол дараагийн санхүүгийн жилд нөхөн олгоно. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 1 жилээс дээш хугацаагаар тэтгэвэр, тэтгэмжээ аваагүй нөхцөлд нөхөн олгохгүй.

4.5.Асаргааны тэтгэмжийг асруулагч тус бүрээр тооцож олгоно. Нэг иргэн нэг хаяг дээр оршин суугаа 3-аас дээшгүй иргэнийг асарч болно.

4.6.Асаргааны тэтгэмжийг хөдөлмөрийн насны иргэнээс гадна ахмад настан болон 16-гаас дээш насны хүүхдэд олгож болно.

4.7.Хоёр болон түүнээс дээш ихэр хүүхэд төрүүлж, эсэн мэнд өсгөж байгаа эх (эцэг, асран хамгаалагч)-д хүүхэд нь 4 нас хүрэхээс өмнөх хугацаанд Засгийн газраас тогтоосон хэмжээгээр нэг удаа тэтгэмж олгоно. Тэтгэмжийг хүүхэд тус бүрээр тооцож олгоно. /Энэ хэсгийг Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 13ы өдрийн Журам батлах тухай 340 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон/

4.8.Нийгмийн халамжийн тухай хуулийн 12.1.4-т заасан 1-2 хүүхдэд Засгийн газраас тогтоосон нийгмийн халамжийн тэтгэврийн, 3-4 хүүхдэд Засгийн газраас тогтоосон нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 1.5 дахин нэмэгдүүлсэн, 5 болон түүнээс дээш хүүхдэд Засгийн газраас тогтоосон нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр бодож тэтгэвэр олгоно.

4.9.Тэжээгчээ алдсаны тэтгэврийг гэр бүлийн 18 хүртэлх насны бүх хүүхдэд нэгтгэн нэг тогтооно. Тогтоосон тэтгэврийг тэдний хүсэлтээр хүүхдүүдэд адил хэмжээгээр хувааж олгож болно.

4.10.Сумын нийгмийн ажилтан, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага оршин суугаа засаг, захиргааны нэгжээсээ бүрмөсөн шилжиж байгаа иргэний хувийн хэргийг хуулбарлан авч хадгалах бөгөөд эх хувийг тухайн иргэнд өөрт нь өгнө. Иргэн нь шилжин очсон засаг, захиргааны нэгжийн нийгмийн ажилтан, нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад хувийн хэргээ хүлээлгэн өгч тэтгэвэр, тэтгэмжээ үргэлжлүүлэн авна.

4.11.Иргэн байнга оршин сууж байсан засаг, захиргааны нэгжээс бүрмөсөн шилжсэнээс хойш 180 хоногийн дотор шилжин суурьшсан нутаг дэвсгэрийн захиргаанд бүртгүүлээгүй бол бүртгэлгүй байсан хугацааны тэтгэвэр, тэтгэмжийг нөхөн олгохгүй.

4.12.Нийгмийн халамжийн тухай хуулийн дагуу тэтгэвэр, тэтгэмж авах эрх нэгэн зэрэг үүсч байгаа бол иргэнд тэтгэвэр, тэтгэмжийг давхар олгоно.

4.13.Монгол Улсад хууль ёсоор байнга оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнд тэтгэвэр, тэтгэмж олгохдоо байнга оршин суугчийн үнэмлэхийг үндэслэнэ.

4.14.Гадаад улсын нутаг дэвсгэрт амьдарч байгаа Монгол Улсын иргэнд Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.7-д заасан тэтгэмж олгохдоо оршин суугаа газрын эмч, эмнэлэгийн байгууллагын тодорхойлолт, Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газрын тодорхойлолтыг үндэслэнэ.

4.15.Хорих ангиас суллагдсан иргэнд тэтгэмж олгохдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасны дагуу холбогдох байгууллагаас гарсан шийдвэрийг үндэслэнэ.

4.16.Гэр оронгүй тэнэмэл өрх, иргэнд тэтгэмж олгохдоо Нийгмийн халамжийн тухай хуулийн 18.1.8-д заасан үйлчилгээнд хамрагдсан бүртгэл, бие даан амьдрах чадвартай, орон гэр зайлшгүй шаардлагатайг нотолсон нийгмийн ажилтны нөхцөл байдлын үнэлгээ, Амьжиргааг дэмжих зөвлөлийн шийдвэрийг үндэслэнэ.

4.17.Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.5.1-д заасан тэтгэмж олгохдоо гамшгийн улмаас гэр оронгүй болсон, эсхүл гэр орон нь цаашид амьдрах боломжгүй болсон, өрхийн амьжиргааны эх үүсвэр болж байсан мал, амьтан, тээврийн хэрэгсэл, өрхийн үйлдвэрлэлийн байр, таримал ургамал (жимс жимсгэнэ, цэцэг, нарийн ногоо, өрхийн хүлэмж гэх мэт) болон тэдгээртэй адилтгах орлогын эх үүсвэрээ алдсан тухай мэргэжлийн (онцгой байдлын асуудал хариуцсан хэлтэс зэрэг) байгууллагын тодорхойлолтыг үндэслэнэ.

Тав. Тэтгэвэр, тэтгэмжийг зогсоох

5.1.Сумын нийгмийн ажилтан, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь дараахь тохиолдолд Амьжиргааг дэмжих зөвлөлийн шийдвэрийг харгалзан иргэний тэтгэврийг энэхүү журмын 3.1-д заасан хугацаа дууссан өдрөөс зогсоох шийдвэр гаргана:

5.1.1.тэтгэвэр авагч нь нас барсан;

5.1.2.нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүссэн;

5.1.3.хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ 50 хувиас доош болсон тухай Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр гарсан;

5.1.4.Нийгмийн халамжийн тухай хуулийн 12.1.5-д заасан эцэг, эхийн хүүхэд нь насанд хүрсэн, үрчлэгдсэн, нас барсан зэрэг шалтгаанаар хүүхдийн тоо 4-өөс бага болж тэтгэвэр авах нөхцөл хангагдахаа больсон;

5.1.5.Нийгмийн халамжийн тухай хуулийн 12.1.4-т заасан хүүхэд 18 насанд хүрсэн;

5.1.6.хуурамч материал бүрдүүлэн тэтгэвэр, тэтгэмж тогтоолгон авсан, тогтоон олгосон нь хяналт шалгалтаар тогтоогдсон.

5.2.Сумын нийгмийн ажилтан, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллага нь Амьжиргааг дэмжих зөвлөлийн саналыг харгалзан дараахь тохиолдолд иргэний тэтгэмжийг зогсоох шийдвэр гаргана:

5.2.1.энэхүү журмын 2.13-т заасан тодорхойлолтын хугацаа дуусч дахин сунгагдахгүй болсон;

5.2.2.энэхүү журмын 2.9, 2.10-т заасан гэрээний хугацаа дуусч цаашид сунгагдахгүй болсон эсхүл гэрээ цуцлагдсан.

Зургаа. Тэтгэвэр, тэтгэмжид хамрагдах иргэний бүрдүүлэх баримт бичиг

6.1.Иргэн нийгмийн халамжийн тэтгэвэр авах хүсэлт гаргахдаа дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:

6.1.1.өргөдөл (маягтын дагуу);

6.1.2.сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;

6.1.3.2 хувь зураг;

6.1.4.иргэний үнэмлэх, хуулбарын хамт;

6.1.5. 16 нас хүрээд нийгмийн халамжийн тэтгэвэр тогтоолгож байгаа иргэнээс бусад иргэнд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй тухай аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс (сумын нийгмийн даатгалын байцаагч)-ийн тодорхойлолт;

6.1.6.Нийгмийн халамжийн тухай хуулийн 12.1.2, 12.1.3-т заасан тохиолдолд одой болон хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоосон тухай Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр;

6.1.7.Нийгмийн халамжийн тухай хуулийн 12.1.4-т заасан хүүхдийн тухайд тэжээгчийн нас барсны гэрчилгээ, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэх, тэдгээрийн хуулбар;

6.1.8.Нийгмийн халамжийн тухай хуулийн 12.1.5-д заасан тохиолдолд 18 хүртэлх насны хүүхдийн төрсний гэрчилгээ, эх (эцэг, асран хамгаалагч, харгалзан дэмжигч)-ийн иргэний үнэмлэх, тэдгээрийн хуулбар.

6.2.Иргэн нийгмийн халамжийн асаргааны тэтгэмж авах хүсэлт гаргахдаа энэхүү журмын 6.1.1-6.1.4-т зааснаас гадна дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:

6.2.1.асруулагчийн иргэний үнэмлэх (16 насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээ), хуулбарын хамт;

6.2.2.Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.2.4-т заасан иргэний хувьд энэхүү журмын 2.13-т заасан тодорхойлолт;

6.2.3.Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.2.1-д заасан иргэний тухайд бүтэн өнчин хүүхэд асран халамжлах бол хүүхдийн эцэг, эхийн нас барсны гэрчилгээ, хүүхдийг үрчлэн авсан эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоогдсон тухай сум, дүүргийн Засаг даргын захирамж, тэдгээрийн хуулбар;

6.2.4.Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.2.2-т заасан иргэний асрах хүүхдийн эцэг, эх нь иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон, эрх зүйн чадамжаа хязгаарлуулсан, эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан, хорих газар ял эдэлж байгаа бол шүүхийн шийдвэр;

6.2.5.Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.2.2-т заасан иргэний асрах хүүхдийн эцэг, эх нь удаан хугацаагаар (3 сараас дээш) эмнэлэгт эмчлүүлж байгаа бол эмнэлгийн ерөнхий эмчийн тодорхойлолт;

6.2.6.Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.2.2-т заасан иргэний асрах хүүхдийн эцэг, эх хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй, эсхүл тэжээн тэтгэхээс зайлсхийсэн хүний хүүхэд бол энэ тухай сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;

6.2.7.Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.2.2-т заасан иргэний асрах хүүхдэд хүчирхийллийн улмаас хамгаалалт шаардлагатай болсон бол энэ тухай цагдаагийн байгууллагын тодорхойлолт.

6.3.Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.5.1-13.5.5-д заасан өрх, иргэн онцгой тохиолдлын тэтгэмжийг авах хүсэлт гаргахдаа энэхүү журмын 6.1.1-6.1.4-т зааснаас гадна дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:

6.3.1.Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.5.1, 13.5.4-т заасан тохиолдолд өрхийн гишүүдийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ хуулбарын хамт;

6.3.2.Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.5.5-д заасан тохиолдолд хоёр болон түүнээс дээш ихэр хүүхэд нь эсэн мэнд бойжиж байгаа тухай суманд бол сумын их эмч, хороонд бол өрхийн эмчийн тодорхойлолт;

6.3.3.Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.5.1-д заасан тохиолдолд гэнэтийн аюул, ослын улмаас гэр оронгүй болсныг тодорхойлсон мэргэжил (онцгой байдлын асуудал хариуцсан хэлтэс)-ийн байгууллагын дүгнэлт;

6.3.4.Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.5.2-т заасан тохиолдолд эцэг, эхийн нас барсны гэрчилгээ, хэрэв хаяж, үрэгдүүлсэн бол иргэний бүртгэл, мэдээллийн байгууллагын архивын лавлагаа, эцэг, эх байх эрхийг нь хассан бол энэ тухай шүүхийн шийдвэр;

6.3.5.Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.5.1, 13.5.3, 13.5.4-т заасан тохиолдолд харьяа эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас орон сууц, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа;

6.3.6.Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.5.3-т заасан тохиолдолд ял шийтгэл эдэлж байгаад суллагдсан тухай холбогдох байгууллагын тодорхойлолт.

6.4.Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.5.6-13.5.9, 13.7-д заасан тэтгэмж авах хүсэлт гаргахдаа иргэн энэхүү журмын 6.1.1-6.1.3-т зааснаас гадна дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:

6.4.1.хүүхдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт эсхүл 16 насанд хүрсэн иргэний үнэмлэх, хуулбарын хамт;

6.4.2.Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.5.6, 13.5.7-д заасан тохиолдолд энэхүү журмын 2.13-т заасан тодорхойлолт;

6.4.3.Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.7-д заасан тохиолдолд жирэмсэн үедээ эмнэлгийн хяналтад орсон тухай болон төрсний дараа хүүхэд эсэн мэнд бойжиж байгаа тухай суманд бол сумын их эмч, хороонд бол өрхийн эмчийн тодорхойлолт;

6.4.4.Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.5.9-д заасан тохиолдолд одонгийн үнэмлэх, хуулбарын хамт.

Долоо. Бусад

7.1.Тэтгэвэр, тэтгэмж олгох үйл ажиллагаанд нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны болон төрийн захиргааны төв байгууллага, аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага, сум, хорооны Засаг дарга хяналт тавина.

7.2.Энэхүү журмын 2.13-т заасан тодорхойлолтыг эмч, эмнэлгийн байгууллага хуурамчаар гаргасан бол учирсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлж, хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

7.3.Сумын нийгмийн ажилтан, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь тэтгэвэр, тэтгэмжид хамрагдсан өрх, иргэний хувийн хэрэг, дэвтэрт тухай бүр бичилт хийж, хяналт тавьж ажиллана.

7.4.Хуурамчаар баримт бичиг үйлдсэн, энэхүү журмын 2.20-д заасныг зөрчиж тэтгэвэр, тэтгэмж авсан, тэтгэвэр, тэтгэмжийг зогсоох нөхцөл бий болсныг мэдсээр байж мэдээлээгүй тэтгэвэр, тэтгэмж авсан иргэн, түүнчлэн нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах иргэнийг буруу тогтоосон, тодорхойлолтыг үндэслэлгүйгээр буюу хуурамчаар үйлдсэн, тэтгэвэр, тэтгэмжийн болон нийгмийн үйлчилгээний сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан албан тушаалтан, нийгмийн ажилтанд Нийгмийн халамжийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу хариуцлага хүлээлгэж, олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийн зардлыг хууль тогтоомжид заасны дагуу нөхөн төлүүлнэ.

7.5.Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь нийгмийн халамжийн сангийн төлөвлөлт, гүйцэтгэлийн байдалд хяналт-шинжилгээ хийж үнэлгээ, дүгнэлт өгсний үндсэн дээр тус сангийн жилийн төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэж дүгнэлтийн хамт санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

7.6.Сум, хорооны нийгмийн ажилтан, аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага болон нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь тэтгэвэр, тэтгэмжид хамрагдсан иргэний талаархи мэдээллийг нийгмийн халамжийн нэгдсэн мэдээллийн санд оруулж холбогдох мэдээ, тайлан, судалгааг сар, улирал, хагас, бүтэн жилээр гаргана.