Хэвлэх DOC Татаж авах

Засгийн газрын 2013 оны 48 дугаар
                                                                               тогтоолын 1 дүгээр хавсралт

 

 

АРЬС, ШИРИЙГ ДОТООДДОО ГҮН БОЛОВСРУУЛАХ БОЛОН
ТҮҮГЭЭР БЭЛЭН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭХ ҮНДЭСНИЙ
ҮЙЛДВЭРЛЭГЧДЭД ХӨНГӨЛӨЛТТЭЙ НӨХЦӨЛӨӨР ЗЭЭЛ
ОЛГОХ,  ХЯНАЛТ ТАВИХ, ТАЙЛАГНАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг

 

1.1. Арьс, ширийг гүн боловсруулах болон түүгээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл (цаашид "зээл" гэх) олгох, зээлийн зарцуулалт, эргэн төлөлтөд хяналт тавих, тайлагнах үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.

 

1.2. Зээлийг зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гүн боловсруулах зорилгоор арьс, шир худалдаж авах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, тоног төхөөрөмж шинэчлэхэд зориулж үндэсний үйлдвэр (үйлдвэр, цех, тасаг, төв зэрэг)-т олгоно.

 

1.3. Зээлийг 5 жилийн хугацаагаар олгоно. Зээл олгосон эхний жил үндсэн төлбөрөөс нь чөлөөлөх бөгөөд зээлийн хүү жилийн 7 хувиас ихгүй байна. Зээлийг зээл авах хүсэлт гаргасан үндэсний үйлдвэрт арьс, шир гүн боловсруулах, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, тоног төхөөрөмж шинэчлэх төсөл сонгон шалгаруулж олгоно.

 

1.4. Зээл олгох арилжааны банкыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам сонгон шалгаруулна.


  
1.5. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам нь Сангийн яам, зээл олгохоор шалгарсан арилжааны банктай гурвалсан гэрээ байгуулна.

 

1.6. Арилжааны банк зээлийн эрсдэлийг бүрэн хариуцна.

 

Хоёр. Зээл олгоход тавигдах шаардлага

 

2.1. Дараахь шаардлагыг хангасан арьс ширний үйлдвэрт зээл олгоно:



2.1.1. хууль тогтоомжийн дагуу татвар, хураамж, төлбөр төлсөн байх;

 

2.1.2. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16, 17 дугаар зүйлийг биелүүлсэн байх;

 

2.1.3. малчин, мал бүхий этгээд болон мах боловсруулах үйлдвэрээс арьс, ширийг зах зээлийн үнээр авах баталгаа гаргасан байх;

 

2.1.4. байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн байна.

 

2.2. Зээл олгоход дараахь үзүүлэлтийг тэргүүн ээлжинд харгалзан үзнэ:

 

2.2.1. зээл аваад хийх ажил, шинэчлэлийн талаар төсөлд тодорхой тусгасан байдал;

 

2.2.2. тухайн үйлдвэрийн үйл ажиллагааны туршлага, төслийн ач холбогдол;

 

2.2.3. үйлдвэрийн зээлийн түүх, хариуцлагын байдал;

 

2.2.4. үйлдвэрийн харилцах дансны гүйлгээний чадвар;

 

2.2.5. тухайн үйлдвэрийн “брэнд” бүтээгдэхүүн, зах зээлийн судалгаа;

 

2.2.6. үйлдвэрлэлд нэвтрүүлсэн технологи, шинэ санаа, инноваци,      ноу-хау;

 

2.2.7. арьс, шир худалдан авах гэрээ эсхүл хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдээс түүхий эд бэлтгэдэг сүлжээтэй эсэх;



2.2.8. төсөл нь төрөөс арьс, ширний салбарт баримталж байгаа бодлого чиглэлтэй уялдсан байдал;

 

2.2.9. үйлдвэрлэлийн байгаль орчинд учруулах хор хөнөөлийг багасгах төлөвлөгөө, хүрэх үр дүнг төсөлд тусгасан байдал.

 

2.3. Нэг хуулийн этгээдэд олгох зээлийн дээд хэмжээ 20.0 (хорь) хүртэл тэрбум төгрөг байна.

 

Гурав. Зээл олгох

 

3.1. Зээл авахаар тухайн үйлдвэрээс ирүүлсэн төслийг хэлэлцэж салбарын бодлоготой  уялдуулан шалгаруулах үүрэг бүхий Зөвлөл ажиллана. Зөвлөл нь        9 хүний бүрэлдэхүүнтэй байна.  

 

3.2. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

 

3.3. Зөвлөлийн бүрэлдэхүүнд Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Хөдөлмөрийн яам, Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбоо  (цаашид "Холбоо" гэх)-ны төлөөлөл орсон байна.

 

3.4. Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байх бөгөөд зөвлөл нь шаардлага гарсан тухай бүрт хуралдана. Зөвлөлийн гишүүдийн гуравны хоёр нь оролцсоноор хуралдааныг хүчинтэйд тооцно.

 

3.5. Зөвлөлийн гишүүний эрх:

 

  3.5.1. хуралд саналын эрхтэй оролцох;

 

3.5.2. зарчмын зөрүүтэй саналаа хурлын тэмдэглэлд тусгуулах.

 

3.6. Зөвлөлийн гишүүний үүрэг:

 

3.6.1. ажлын шугамаар олж авсан аливаа мэдээ, мэдээллийг задруулахгүй, хувийн  зорилгоор ашиглахгүй байх;

 

3.6.2. хуралд тогтмол оролцох.

 

3.7. Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.

 

3.8. Зөвлөлийн хуралдааны явцын тухай тэмдэглэл хөтөлж дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж баталгаажуулна.

 

3.9. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам зээл авахаар ирүүлсэн төслийг хүлээн авч, судлан энэхүү журмын 2.1, 2.2-т заасан шаардлага, үзүүлэлтийг хангасан тохиолдолд төслийг Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангана.

 

3.10. Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж бодлогын хувьд дэмжсэн төслийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам энэхүү журмын 1.5-д заасан гэрээ байгуулсан арилжааны банкинд хүргүүлнэ.

 

3.11. Арилжааны банк нь Зөвлөлөөс зээл олгохоор дэмжсэн үйлдвэрийн төслийн материалыг хүлээн авч судлан, зээл олгох шийдвэрийг ажлын 7 хоногт багтаан гаргаж, зээлийн хорооны шийдвэр, зээлийг эргэн төлөх хуваарийг ажлын 3 хоногийн дотор Сангийн болон Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд тус тус хүргүүлнэ.

 

3.12. Арилжааны банк нь тухайн төсөлд зээл олгох боломжгүй гэж үзсэн бол энэ тухайгаа Сангийн болон Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд ажлын     3 хоногийн дотор мэдэгдэнэ.

 

3.13. Сангийн яам нь арилжааны банкнаас зээл олгохоор шийдвэрлэсэн материалыг үндэслэн зээлийн эх үүсвэрийг Мал хамгаалах сангаар дамжуулан ажлын 5 хоногийн дотор тухайн банкны дансанд шилжүүлнэ. 

 

3.14. Арилжааны банк нь Мал хамгаалах сангаас зээлийн эх үүсвэр шилжин ирснээс хойш ажлын 3 хоногт багтаан зээл олгоно.

 

3.15. Арилжааны банк нь зээлийг эргэн төлснөөс төвлөрөх эх үүсвэрийг зээлийн гэрээний дагуу дараа сарын 10-ны дотор Мал хамгаалах сангийн Төрийн сангийн дансанд төвлөрүүлнэ.

 

3.16. Зөвлөл нь зээлийг эргэн төлснөөс бүрдэх эх үүсвэрийг 2015 оны       12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд дахин зээлдүүлэх шийдвэр гаргаж болно.

 

3.17. Дахин зээл олгох үйл ажиллагааг арилжааны банктай байгуулсан гурвалсан гэрээ, Зөвлөлийн шийдвэрээр дагуу зохион байгуулах бөгөөд зээл төлөх эцсийн хугацаа 2017 оны 12 дугаар сарын 31-ний дотор байна.

 

3.18. Зөвлөл нь энэхүү журмын дагуу олгосон зээлийн талаархи мэдээллийг нэгтгэн нийтэд ил тод мэдээлж байх үүрэгтэй.

 

Дөрөв. Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбооны үүрэг

 

4.1. Үйлдвэр нь авсан зээлийг зориулалтын дагуу зарцуулж байгаа байдал, үр дүнд Холбоо судалгаа хийж, тайланг хагас, бүтэн жилээр гарган Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд хүргүүлнэ.

 

4.2. Холбоо нь зээл авахаар үйлдвэрээс ирүүлэх төслийг салбарын бодлоготой уялдуулах ажлыг зохион байгуулах үүрэгтэй.

 

Тав. Зээлийн олгох, зарцуулахад хяналт тавих, тайлагнах

 

5.1. Зээл олгох, зориулалтын дагуу зарцуулах, эргэн төлөх үйл ажиллагаанд Үйлдвэр, хөдөө аж ахуйн болон Сангийн яам хяналт тавина.

 

5.2. Зээлийн эх үүсвэрийг зориулалтын дагуу зарцуулж байгаа байдал болон төслийн хэрэгжилтийн явц, үр дүнг Үйлдвэр, хөдөө аж ахуйн болон Сангийн яам хамтран жилд 1-ээс доошгүй удаа газар дээр нь шалган дүгнэлт гаргаж Зөвлөлд тайлагнана.

 

5.3. Арилжааны банкнаас үндэсний үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосон зээлийн тайланд хуульд заасны дагуу аудитын дүгнэлт гаргуулсан байна.

 

5.4. Арилжааны банк зээлийн хөрөнгийн орлого, зарлагын улирлын нэгдсэн тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор гаргаж Сангийн болон Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд тус тус хүргүүлнэ.

 

Зургаа. Бусад зүйл

 

6.1. Зээлийг дор дурдсан үйл ажиллагаанд зарцуулахыг хориглоно:

 

6.1.1. бусдад барьцаалах, баталгаа гаргах, хандив өргөх;

 

6.1.2. энэхүү журмын 1.2-т зааснаас бусад зүйлд зарцуулах;

 

6.1.3. зээлийн хөрөнгөөр худалдан авсан түүхий эдийн үнийг дотоодын зах зээлийн ханшид нөлөөлөхөөр хэт өсгөх, бууруулах.

 

6.2. Энэхүү журмын 6.1-д заасныг зөрчиж үйл ажиллагаа явуулсан арьс, ширний үйлдвэртэй холбоотой асуудлыг Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн хөнгөлөлттэй зээлийн гэрээг хүчингүй болгож зээлийг хүүг арилжааны зээлийн хүүд шилжүүлэх, хөнгөлөлттэй зээлд дахин хамруулахгүй байх арга хэмжээ авна.

 

 

 

------оОо------