Хэвлэх DOC Татаж авах

Засгийн газрын 2013 оны 191
дүгээр тогтоолын хавсралт 

 

ТАМХИНЫ ҮЙЛДВЭРЛЭЛ, ИМПОРТ, ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНД
ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт тамхин бүтээгдэхүүн  (цаашид “тамхи” гэх)-ий үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээ эрхлэгч болон тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавихад энэхүү журмыг баримтална.

 

1.2. Тамхи үйлдвэрлэх, импортлох, худалдаа, үйлчилгээнд хяналт тавихад Тамхины хяналтын тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад хууль тогтоомж, НҮБ-ын Тамхины хяналтын суурь конвенци, түүнийг дагаж гарсан удирдамж, протоколыг удирдлага  болгоно.

 

Хоёр. Тамхины үйлдвэрлэлд тавигдах шаардлага

 

2.1. Тамхины үйлдвэрлэлийн барилга байгууламжийн зураг төслийг мэргэжлийн хяналтын байгууллага хянан баталгаажуулсан байна.

2.2. Тамхины үйлдвэр нь бүтээгдэхүүний нэр төрөлд тавигдах стандарт, шаардлагад тохирсон технологийн шат дамжлага бүхий тоног төхөөрөмж, технологийн заавартай байна.

2.3. Тамхины үйлдвэр нь бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын дотоод хяналт, удирдлагын тогтолцоог дараахь байдлаар бүрдүүлж хэрэгжүүлнэ:

2.3.1. бүтээгдэхүүний чанарын асуудал эрхэлсэн нэгж эсхүл ажилтантай байх;

2.3.2. тамхины түүхий эд, үйлдвэрлэлийн дамжлага дундын болон эцсийн бүтээгдэхүүнд шинжилгээ хийх зориулалт бүхий лабораторитой байх;

2.3.3. технологийн шат дамжлагын болон түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл хөтлөх;

2.3.4.  ажиллагсдыг эрүүл мэндийн үзлэгт жил бүр хамруулж үзлэгийн карт хөтөлсөн байх;

2.3.5. тамхины түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэлд дотоодын чанарын хяналтыг тавьж, түүхий эд, бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлыг бүрэн хангасан байх.

2.4. Тамхины үйлдвэрлэл эрхлэх мэргэжлийн болон мэргэшсэн хүний нөөцтэй байх бөгөөд дор дурдсан шаардлагыг хангасан байна:

2.4.1. тамхины үйлдвэрлэлийн инженер-технологич нь үйлдвэрлэлийн технологич мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй, тамхины үйлдвэрлэлийн технологиор мэргэшсэн байх;

2.4.2. лабораторийн эрхлэгч нь тамхины хими-технологич, химийн технологич, хүнсний үйлдвэрлэлийн технологич, лабораторийн шинжилгээний арга зүйд мэргэшсэн байх;

2.4.3. үйлдвэрлэлийн үндсэн ажилчид нь мэргэжлийн болон эрүүл ахуй, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны чиглэлээр сургалтад хамрагдсан байх.

2.5. Тамхи экспортлох эрх бүхий байгууллага буюу экспортлогч улсын нийлүүлэгч, үйлдвэрлэгчээс олгосон чанарын баталгаа, гэрчилгээ бүхий түүхий эд, материал, бодис, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд ашиглана.

2.6. Тамхины үйлдвэр эрхлэгч нь үйл ажиллагаандаа үйлдвэрлэлийн зохистой дадлыг нэвтрүүлнэ.

2.7. Тамхины үйлдвэрийн үйл ажиллагааг түр болон бүрмөсөн зогсоох, тоног төхөөрөмж, ажлын байр, хаяг өөрчлөгдөх тохиолдолд үйлдвэрлэл эрхлэгч нь хяналтын байгууллага болон тусгай зөвшөөрөл олгосон байгууллагад мэдэгдэнэ.

2.8. Тамхины түүхий эд, бүтээгдэхүүний шинжилгээтэй холбогдсон маргааныг Үндэсний лавлагаа лабораториор магадлан шинжлүүлж, шийдвэрлүүлнэ.

2.9. Тамхины хяналтын тухай хуульд заасан шаардлагыг хангасан байна.

2.10. Стандартын шаардлага хангасан зориулалтын агуулах, тээврийн хэрэгсэлтэй байна.
  
2.11. Адилхан орц, найрлагатай болон нэг төрлийн түүхий эд бүхий тамхийг олон нэрээр үйлдвэрлэхийг хориглоно.

 

Гурав. Тамхи импортлогчдод тавигдах шаардлага

 

3.1. Тамхи импортлохоос өмнө мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаар эрсдэлийн үнэлгээг хийлгүүлж, тамхины чанар, аюулгүй байдал, сав баглаа, боодол нь стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд тамхины нэр төрөл тус бүрээр эрүүл мэндийн дүгнэлтийг гаргуулсан байна. 

3.2. Эрүүл мэндийн дүгнэлтийг гаргахад дараахь бичиг баримтыг бүрдүүлж  ирүүлнэ:

3.2.1. хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

3.2.2. түүхий эд, бүтээгдэхүүнийг худалдах, худалдан авах талаар экспортлогч орны үйлдвэрлэгчтэй байгуулсан гэрээний хуулбар;

3.2.3. экспортлогч, импортлогч улсын эрх бүхий байгууллагаас үйлдвэрлэгчид олгосон зохистой дадал, удирдлагын хяналтын тогтолцоо (GAP, GHP, GMP, ISO, HACCP гм)-г нэвтрүүлсэн тухай бичиг баримтын хуулбар;

3.2.4. экспортлогч улсын эрх бүхий байгууллага болон үйлдвэрлэгчээс бүтээгдэхүүн (гарал үүсэл, ургамлын эрүүл ахуй,  чанар болон эрүүл мэндийн гэрчилгээ)-д олгосон баталгаажуулалтын бичиг баримт;

3.2.5. савлах, тээвэрлэх, хадгалах горим, шаардлагад нийцсэн шинжилгээнд хүрэлцэхүйц хэмжээний түүхий эд, бүтээгдэхүүний дээж;

3.2.6. Монгол Улсын нутаг дэвсгэрт импортлох тамхины хайрцаг, сав баглаа боодол дээр үйлдвэрлэсэн улс, он, сар, өдөр, үйлдвэр, импортлогчийн нэр, тамхины найрлаганд агуулагдах бохь, никотин, бусад хорт бодисын хэмжээ болон дуусгавар болох хугацааг заасан шошгоны загварын талаар экспортлох эрх бүхий байгууллага буюу экспортлогч улсын нийлүүлэгч, үйлдвэрлэгч байгууллагын тодорхойлолт, Монгол Улсад худалдаалахыг зөвшөөрсөн тухай тэмдэглэл.

3.3. Импортлох тамхийг хадгалах стандартын шаардлага хангасан зориулалтын агуулах, тээврийн хэрэгсэлтэй байна.

3.4. Тамхи импортлох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг худалдааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас авсан байна. 

3.5. Импортлох тамхины нэр, төрөл, тоо хэмжээгээр онцгой албан татварын тэмдгийг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас авсан байна.

3.6. Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас энэхүү журмын 3.5-д заасан татварын тэмдэг олгосон тухай шийдвэрийг үндэслэн тамхийг импортлохоос өмнө Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 7.1.3 дахь заалтыг үндэслэн олгох “Импортын мэдэгдэл”-ийг мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас авсан байна.

3.7. Импортын мэдэгдэл авах хуулийн этгээд дараахь бичиг баримтыг мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ:

3.7.1. импортын мэдэгдэл авах хүсэлт гаргасан албан бичиг;

3.7.2. түүхий эд, бүтээгдэхүүнд олгосон эрүүл мэндийн дүгнэлт; 

3.7.3. тамхи импортлох тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар;

3.7.4. хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

3.7.5. түүхий эд, бүтээгдэхүүнийг худалдах, худалдан авах гэрээ, гэрээний хуулбар;

3.7.6. түүхий эд, бүтээгдэхүүнийг тээвэрлэх тээврийн хэрэгслийн төрөл,  нөхцөл, замын чиглэлийн тодорхойлолт;

3.7.7. нэвтрүүлэх хилийн боомт, хугацааны талаархи мэдээлэл;

3.7.8. импортлох тамхины нэр төрөл, тоо хэмжээгээр татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас онцгой албан татварын тэмдэг олгосон баримт;

3.7.9. тамхины түүхий эд, бүтээгдэхүүн нь Монгол Улсын үндэсний стандартын шаардлага хангаж байгаа эсэх талаархи дүгнэлтийг стандартын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаар баталгаажуулсан баримт.
3.8. Тамхи экспортлох тохиолдолд Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 3.1.2-т заасан "Ургамлын хорио цээрийн гэрчилгээ"-г энэхүү журмын 3.7-д заасан бичиг баримтыг бүрдүүлсний дараа, түүхий эд, бүтээгдэхүүний нэр, төрөл бүрээр авсан байна.

3.9. Тамхины хяналтын тухай хуульд заасан шаардлагуудыг хангасан байна.

 

Дөрөв. Тамхины үйлдвэрлэл, импортод тавих хяналт

 

4.1. Тамхины үйлдвэрлэл, импорт, экспортын аливаа үйл ажиллагаанд тухайн аж ахуйн нэгж дотоодын хяналт тавина.

4.2. Мэргэжлийн хяналтын байгууллага нь тамхины үйлдвэрлэлийн үе шат болон импортын үйл ажиллагааны явцад эрсдэлд суурилсан хяналт, тандалт, эрсдэлийн үнэлгээ хийж, зөрчлийн шалтгааныг тогтоон таслан зогсоож, үр дүнг олон нийтэд болон хүнс, хөдөө аж ахуйн, худалдааны, эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад шуурхай мэдээлнэ.

4.3. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10.1.3-т заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий  байгууллага нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлж байгаад хяналт тавина.
 
4.4. Гаалийн байгууллага тамхи импортлогчдод гаалийн үнэ, үнэлгээ, барааны ангиллыг тодорхойлох, онцгой албан татварыг ногдуулах зорилгоор гаалийн магадлан шинжилгээнд хамруулж, Гаалийн тухай хууль, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль, Тамхины хяналтын тухай хуулийн дагуу хяналт тавьж, холбогдох мэдээллийг эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, татварын байгууллагад мэдээлнэ.     

4.5. Цагдаа, татварын байгууллага нь хариуцсан асуудлынхаа хүрээнд хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалд хяналт тавьж, дүнг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад мэдээлнэ.

4.6. Тухайн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны зөрчилтэй холбоотой иргэд, олон нийт болон төрийн бус байгууллагаас ирүүлсэн санал, гомдолд үндэслэсэн хяналт шалгалтыг хяналтын байгууллагууд тухай бүр хийж зөрчлийг арилгуулах арга хэмжээ авна.  
4.7. Тамхины түүхий эд, бүтээгдэхүүний стандарт, аюулгүй байдлын үзүүлэлтийн шаардлага хангаагүй, буруу шошголсон, хуурамч бүтээгдэхүүн болохыг дотоодын болон хөндлөнгийн хяналт, шалгалтаар тогтоосон, импортолсон тамхи, түүхий эд, экспортолсон бүтээгдэхүүний талаархи сэрэмжлүүлэг олон улсын байгууллагын мэдээллийн сүлжээгээр мэдээлэгдсэн тохиолдолд эрх бүхий байгууллагын шийдвэрээр тамхины түүхий эд, бүтээгдэхүүнийг тамхины үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээний зах зээлээс эргүүлэн татан авч, холбогдох хууль тогтоомж, зохих журмын дагуу устгана.


Тав. Тамхины худалдаа, үйлчилгээнд тавигдах шаардлага

 

5.1. Тамхины худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээд дараахь шаардлагыг хангаж ажиллана:

5.1.1. тусгай зөвшөөрөл авсан иргэн, хуулийн этгээд мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн эрүүл мэндийн дүгнэлттэй тамхийг худалдах;

5.1.2. худалдааны бөөний төв нь тамхийг худалдан авагчдад нийлүүлэхдээ мэргэжлийн хяналтын байгууллагаас олгосон эрүүл мэндийн дүгнэлтийг дагалдуулсан байх;

5.1.3. тамхийг худалдааны байгууллагын кассын дэргэд байрлуулахгүйгээр тусгайлсан лангуугаар худалдаалах;

5.1.4. ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн доторхи зайг тодорхойлсон зураглалыг сум, дүүргийн Засаг даргын Тамгын газраар баталгаажуулсан баримт гаргуулсан байх; 

5.1.5. худалдааны газрын стандартын шаардлага хангасан тухай мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дүгнэлттэй байх;

5.1.6. Тамхины хяналтын тухай хуульд заасан шаардлагыг хангасан байна.

5.2. Тамхины худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээд дараахь худалдаа, үйлчилгээ явуулахыг хориглоно:

5.2.1. баяр ёслол, биеийн тамирын уралдаан, тэмцээн, соёл урлагийн арга хэмжээ, спортын шоу, аялал зугаалга, өдөрлөг зэрэг олон нийтийг хамран зохион байгуулагдаж байгаа газар тамхи худалдаалах;

5.2.2. зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт тамхины худалдаа, үйлчилгээ эрхлэх;

5.2.3. тамхийг ширхэгээр, гудамж талбайд, гар дээрээс болон дуудлагаар хүргэх үйлчилгээгээр худалдах;

5.2.4. тамхины бөөний худалдааны цэгт тамхийг жижиглэнгээр худалдаалах.

5.3. Хууль тогтоомжид заасан бусад шаардлага.

 

Зургаа. Тамхины худалдаа, үйлчилгээнд тавих хяналт

 

6.1. Сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга, шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө болон мэргэжлийн хяналт, цагдаа, гааль, татварын байгууллага  бүр тамхины худалдаа, үйлчилгээтэй холбоотой зөрчлийн талаархи иргэдийн мэдээлэл, гомдол, санал хүлээн авах нээлттэй утсыг олон нийтэд зарлан тогтмол ажиллуулна.

6.2. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ тамхины худалдаа, үйлчилгээнд хяналт тавьж, гарсан зөрчил, дутагдлыг арилгуулах арга хэмжээг авч, дүнг холбогдох  төрийн захиргааны төв болон хяналтын байгууллагад хагас, бүтэн жилээр мэдээлнэ. 

6.3. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө болон мэргэжлийн хяналт, цагдаа, татварын байгууллага худалдаа, үйлчилгээний байгууллагад дараахь чиглэлээр хяналт тавина:
       
6.3.1. тамхины хяналтын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар зохион байгуулж байгаа ажил, хуулийн хэрэгжилт;

6.3.2. худалдааны байгууллага нь тусгай зөвшөөрөлтэй эсэх;
      
6.3.3. худалдаж байгаа тамхи нь эрүүл мэндийн дүгнэлттэй эсэх;
             
6.3.4. хаяг, шошго, сав, баглаа боодол нь стандартын шаардлага хангасан эсэх;
     
6.3.5. худалдагч нь хуульд заасан насанд хүрсэн эсэх;
   
6.3.6. тамхины ил, далд сурталчилгаа явуулах, аливаа хэлбэрийн урамшуулалт худалдаа, сугалаа зохион байгуулах зэрэг хууль тогтоомжоор хориглосон заалтуудын хэрэгжилтийн байдал;

6.3.7. татвар төлөлт, онцгой албан татварын тэмдгийн байдал;
     
6.3.8. тамхи борлуулдаг цэгийн зохион байгуулалт;
     
6.3.9. хууль тогтоомжид заасан шаардлага.

6.4. Энэхүү журмын 6.2-т заасан байгууллагууд нь тамхины худалдаа, үйлчилгээтэй холбоотой иргэдийн мэдээлэл, гомдол саналыг хүлээн авч шалган хууль тогтоомжийн хэрэгжилт болон тусгай зөвшөөрлийн хугацаа, нөхцөл, шаардлагын зөрчлийн талаархи баримт бүхий мэдээллээ сум, дүүргийн Засаг даргад хүргүүлж шийдвэрлүүлнэ.

6.5. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах болон бусад төрийн бус байгууллага олон нийтийн хяналтыг өөрсдөө болон олон нийтийн байцаагчтай гэрээ байгуулж үр дүнг хүлээн авч шийдвэрлэх замаар дараахь хэлбэрээр хяналт  тавьж болно:

6.5.1. тамхины хяналтын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих;

6.5.2. төрийн захиргааны болон орон нутгийн холбогдох байгууллагуудтай хамтарсан хяналт, шалгалт  хийх;

6.5.3. Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой иргэдийн гомдол, мэдээлэл, саналыг хүлээн авч хяналт, шалгалт явуулж, мэдээлэл, саналаа эрх бүхий байгууллагуудад хүргүүлж шийдвэрлүүлэх.

6.6. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллага нь тамхи худалдах үйл ажиллагааны зөрчилтэй холбоотой мэдээлэл, гомдол, саналаа сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга, хяналтын болон цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан, улсын байцаагчид хүргүүлж шийдвэрлүүлнэ.
 
6.7. Аж ахуйн нэгж, байгууллага нь НҮБ-ын Тамхины хяналтын суурь конвенцийн 8 дугаар зүйлийг хэрэгжүүлэх удирдамж, “Тамхины утаанд өртөхөөс хамгаалах тухай” зарчмыг хүндэтгэн баримтална. Тамхины хяналтын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор аж ахуйн нэгж, байгууллагын дотоод хяналтын үед гарсан зөрчлийн баримт бүхий мэдээллээ нутаг дэвсгэрийн хувьд харьяалах хороо, багийн Засаг даргад болон холбогдох хяналт, цагдаагийн байгууллагад мэдээлж зохих арга хэмжээг авахуулна.

  6.8. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь хяналт, шалгалт хийсэн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаатай холбоотой асуудлаархи гомдлоо тухайн байгууллагын удирдлага эсхүл түүний дээд шатны байгууллагад гаргана.

  6.9. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын гомдлыг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан шалгаж, дүнг эргэн хариу өгч, нийтэд мэдээлнэ.


 
Долоо. Тамхины хяналтын мэдээллийн сан, сүлжээ

 

7.1. Тамхины хяналтад оролцогч төрийн байгууллагууд дараахь байдлаар мэдээллээ солилцож мэдээллийн сан бүрдүүлнэ:

7.1.1. үйлдвэр, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь тамхи үйлдвэрлэх үйл ажиллагааны талаархи мэдээ мэдээллийг, худалдааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь тамхи импортлох үйл ажиллагааны талаархи мэдээ мэдээллийг, аймаг, нийслэлийн Засаг дарга нь тамхины худалдаа, үйлчилгээ эрхлэх үйл ажиллагаа, хяналтын талаархи мэдээ мэдээллийг, мэргэжлийн хяналт, татвар, цагдаа, гааль болон шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө байгууллагууд нь хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавьсан хяналтын талаархи мэдээ мэдээллийг хагас бүтэн жилд тус тус 1 удаа гаргаж, шаардлагатай тохиолдолд тухай бүр гаргаж эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад мэдээлж байна;
      
7.1.2. тамхины үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээнд олон нийтийн хяналт хийсэн төрийн бус байгууллага мэдээ мэдээллээ холбогдох төрийн захиргааны төв байгууллагад тухай бүр мэдээлнэ;

7.1.3. мэргэжлийн хяналтын байгууллага нь үйлдвэрлэл, импортын үйл ажиллагаанд тавьсан хяналт, шалгалтын талаархи танилцуулгыг тухай бүр, татварын байгууллага нь үйлдвэрлэсэн тамхин бүтээгдэхүүний онцгой албан татвар төлөлтийн талаархи мэдээг хагас, бүтэн жилээр үйлдвэр, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад мэдээлнэ;

 

7.1.4. эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь тамхины хяналттай холбоотой асуудлаар цахим мэдээллийн сан, сүлжээ  байгуулж, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд нээлттэй үйлчилж, жилийн эцэст болон шаардлагатай тохиолдолд холбогдох байгууллага, олон улсын байгууллагад нэгдсэн тайлан, мэдээллийг хүргүүлнэ.

 

Найм. Хариуцлага


   8.1. Хяналт тавьсан байгууллага, эрх бүхий албан тушаалтан хууль тогтоомж, энэхүү журам зөрчсөн хуулийн этгээд, иргэнд Тамхины хяналтын тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

 

-оОо-