Хэвлэх DOC Татаж авах

Засгийн газрын 2013 оны 291 дүгээр
  тогтоолын хавсралт



МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРААС ГЭРЭЭЛЭГЧ КОМПАНИУДТАЙ БАЙГУУЛСАН
“БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААХ ГЭРЭЭ”-НИЙ ДАГУУ КОМПАНИУДААС ОЛГОДОГ СУРГАЛТЫН
УРАМШУУЛЛЫН ХӨРӨНГӨӨР СУРАЛЦАХ ИРГЭДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ, ХӨРӨНГИЙГ
ЗАРЦУУЛАХ ЖУРАМ

 

Нэг. Ерөнхий зүйл 

 

Монгол Улсын Засгийн газрын 1991 оны 204 дүгээр тогтоолоор батлагдсан “Газрын тосны тухай хуулийг хэрэгжүүлэх журам”-ын 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын баталсан “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний дагуу газрын тосны хайгуул, олборлолтын ажлыг гүйцэтгэж байгаа гадаад, дотоодын компаниудаас олгодог сургалтын урамшууллын хөрөнгийг зарцуулах, сургалтын дансны хөрөнгөөр суралцах иргэдийг сонгон шалгаруулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

 

Хоёр. Суралцагчийг сонгон шалгаруулах
        шалгуур үзүүлэлтүүд

 

2.1. Сүүлийн 5 жилийн хугацаанд аттестатчилагдсан Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад (их, дээд сургууль) газрын тос, уул уурхайн салбарын чиглэлээр суралцахад дараах шалгуур үзүүлэлтийг хангасан иргэн сонгон шалгаруулалтад оролцох эрхтэй:

2.1.1. бакалаврын сургалтад хамрагдах иргэн нь дээд боловсролын сургалтын байгууллагад зохих журмын дагуу элсэн суралцах эрх авсан, эсхүл нэг, хоёрдугаар курс, түүнээс дээш курсыг төгссөн; 

2.1.2. магистрын сургалтад хамрагдах иргэн нь газрын тос, уул уурхайн салбарын чиглэлийн мэргэжлээр бакалаврын зэрэгтэй, мэргэжлээрээ      2 ба түүнээс дээш жил ажилласан байх; 

2.1.3. докторын сургалтад хамрагдах иргэн нь газрын тос, уул уурхайн салбарын чиглэлийн мэргэжлээр магистрын зэрэгтэй, мэргэжлээрээ 5 ба түүнээс дээш жил ажилласан, судалгаа шинжилгээний ажлын туршлагатай байх;

2.2. Гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад (их, дээд сургууль) суралцахад дараах шалгуур үзүүлэлтийг хангасан иргэн сонгон шалгаруулалтад оролцох эрхтэй:

2.2.1. бакалаврын сургалтад хамрагдах иргэн нь газрын тос, уул уурхайн чиглэлээр дотоодын их, дээд сургуулийн хоёрдугаар курс, түүнээс дээш курсын оюутан гадаадын сургуульд мэргэжлээрээ шилжин суралцах эрх авсан, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй бол;

2.2.2. их, дээд сургууль хоорондын харилцан оюутан суралцуулах хөтөлбөр, гэрээний дагуу газрын тос, уул уурхайн мэргэжлээр гуравдугаар курсээс гадаадын их, дээд сургуульд үргэлжлүүлэн суралцах эрх авсан оюутан;

2.2.3. магистрын сургалтад хамрагдах иргэн нь газрын тос, уул уурхайн салбарын чиглэлийн мэргэжлээр бакалаврын зэрэгтэй, мэргэжлээрээ      2 ба түүнээс дээш жил их, дээд сургуульд багшилсан эсхүл ажилласан;

2.2.4. докторын сургалтад хамрагдах иргэн нь газрын тос, уул уурхайн салбарын чиглэлийн мэргэжлээр магистрын зэрэгтэй, мэргэжлээрээ 5 ба түүнээс дээш жил ажилласан, их, дээд сургуульд багшлах болон судалгаа шинжилгээний ажлын туршлагатай байх;

2.3. Энэ журмын 2.2-т заасан сургалтад хамрагдах иргэн нь гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцах гадаад хэлний мэдлэгийг бүрэн эзэмшсэн байх. 

 

Гурав. Сонгон шалгаруулалтыг нийтэд зарлах,
           бүртгэх үйл ажиллагаа

 

3.1. Сонгон шалгаруулалтыг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон өдөр тутмын хэвлэл, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын цахим хуудсаар сонгон шалгаруулалт болохоос 30 хоногийн өмнө зарлана.  

3.2. Энэ журмын 2 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлтийг бүрэн хангасан иргэнийг сонгон шалгаруулалтад оруулахаар бүртгэнэ.

3.3. Сонгон шалгаруулалтад оролцох иргэн нь дараах материалыг бүрдүүлнэ:

3.3.1. Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад бакалаврын сургалтын тэтгэлэг авах сонгон шалгаруулалтад оролцох иргэн:

3.3.1.1. газрын тос, уул уурхайн салбарын чиглэлийн мэргэжлээр их, дээд сургуульд элсэн суралцах эрх авсныг нотлох баримт;

3.3.1.2. газрын тос, уул уурхайн салбарын чиглэлийн мэргэжлээр их, дээд сургуульд суралцаж байгааг болон голч дүнг гэрчлэх тодорхойлолт;

3.3.1.3. боловсролын гэрчилгээний хуулбар;

3.3.1.4. иргэний үнэмлэхний хуулбар;

3.3.1.5. сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт.

3.3.2. Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад магистр, докторын сургалтын тэтгэлэг авах сонгон шалгаруулалтад оролцох иргэн:

3.3.2.1. бакалаврын болон магистрын диплом;

3.3.2.2. нийгмийн даатгалын дэвтэр;

3.3.2.3. иргэний үнэмлэхний хуулбар;

3.3.2.4. ажиллаж байгаа байгууллагын тодорхойлолт;

3.3.2.5. сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;

3.3.2.6. оршин суугаа газрын баг, хорооны Засаг даргын тодорхойлолт.

3.3.3. Гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад бакалаврын сургалтын тэтгэлэг авах сонгон шалгаруулалтад оролцох иргэн:

3.3.3.1. суралцахаар сонгосон улс, орныхоо сургалтын стандартыг хангах хэмжээнд гадаад хэлийг эзэмшснийг нотлох баримт бичиг;

3.3.3.2. гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад элсэн суралцах эрх авсныг нотлох баримт;

3.3.3.3. Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад хоёрдугаар курс, түүнээс дээш курст суралцаж байгааг болон голч дүнг гэрчлэх тодорхойлолт;

3.3.3.4. боловсролын гэрчилгээ;

3.3.3.5. иргэний үнэмлэхний хуулбар;

3.3.3.6. сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт.

3.3.4. Гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад магистр, докторын сургалтын тэтгэлэг авах сонгон шалгаруулалтад оролцох иргэн:

3.3.4.1. бакалаврын болон магистрын диплом;

3.3.4.2. суралцахаар сонгосон улс, орныхоо сургалтын стандартыг хангах хэмжээнд гадаад хэлийг эзэмшснийг нотлох баримт бичиг;

3.3.4.3. нийгмийн даатгалын дэвтэр;

3.3.4.4. иргэний үнэмлэхний хуулбар;

3.3.4.5. ажиллаж байгаа байгууллагын тодорхойлолт;

3.3.4.6. сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;

3.3.4.7. оршин суугаа газрын баг, хорооны Засаг даргын тодорхойлолт.


    
Дөрөв. Сонгон шалгаруулах комисс,
сонгон шалгаруулалт

 

4.1. Сонгон шалгаруулах комиссыг уул уурхайн болон боловсролын асуудал эрхэлсэн сайдын тушаалаар байгуулна. Комисс нь зөвхөн тухайн жилийн сонгон шалгаруулалтыг явуулах эрхтэй байна.

4.2. Комиссын бүрэлдэхүүнд уул уурхайн болон боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын төлөөлөл оролцуулна.

4.3. Гадаад, дотоодод суралцах суралцагчийн тоог газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг харгалзан уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага тогтооно.  

4.4. Сонгон шалгаруулалтыг дараах хэлбэрээр зохион байгуулна:

4.4.1. шалгуур үзүүлэлтийг ханган бүртгүүлсэн иргэдийн боловсролын баримт бичиг, дипломын голч дүн, гадаад хэлний түвшин, байгууллагын тодорхойлолт, сурах чиглэл, суралцах сэдвээрээ англи хэл дээр бичсэн эссэ (1500-2000 үгтэй) зэрэгт дүн шинжилгээ хийж үнэлгээ өгнө;

4.4.2. комиссын гишүүд бакалавр, магистр, докторын сургалтанд хамрагдах иргэдээс суралцах чиглэл, мэргэжлийн онцлогт тохируулан зохиосон тестээр шалгалт авч үнэлгээ өгнө;

4.4.3. тестийн шалгалтад тэнцсэн иргэдээс ярилцлага авна.

4.5. Сонгон шалгаруулах комиссын дүнг үндэслэн уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдэд тухайн сургуульд суралцах эрхийг олгоно. Суралцах эрх олгосон тухай мэдээллийг өдөр тутмын хэвлэл, мэдээллийн хэрэгслээр шийдвэр гарснаас хойш 1-3 хоногт багтаан зарлана.

4.6. Сонгон шалгаруулалтад оролцсон иргэд сонгон шалгаруулалтын комиссын дүнг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд өөрийн сонгон шалгаруулалтын материал болон дүнтэй танилцах эрхтэй.

4.7. Комиссын дүнг хүлээн зөвшөөрөөгүй сонгон шалгаруулалтад оролцсон иргэн материалтай танилцсан өдөртөө багтаан гомдол гаргах эрхтэй.

4.8. Сонгон шалгаруулалтын комисс сонгон шалгаруулалтад оролцсон иргэний гомдлыг ажлын 3 хоногт багтаан эцэслэн шийдвэрлэнэ.

 

Тав. Урт хугацааны сургалтын гэрээний агуулга,
     түүнд тавигдах шаардлага

 

5.1. Сургалтын урамшууллын хөрөнгөөр суралцах эрх авсан иргэдтэй Газрын тосны газар урт хугацааны сургалтын гэрээг байгуулна. Гэрээнд дараах зүйлийг тусгана:

5.1.1. суралцагчийн сургалтын төлбөрийг зөвхөн сургуулийн дансанд шилжүүлэх;

5.1.2. суралцагч зөвхөн сонгосон сургуульд зөвшөөрсөн мэргэжлээр суралцах, сурлагын дүнг улирал бүр Газрын тосны газарт ирүүлж байх, сурлагын дүнг үндэслэн гэрээг сунгах;

5.1.3.    суралцагчийн эрх, үүрэг, хариуцлага;

5.1.4. суралцагч сургалтын төлбөр болон бусад авсан санхүүжилтийн тайлангаа жил бүр газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад ирүүлж байх, төгсөж ирээд эрх бүхий байгууллагаас томилсон газарт 5 жилээс доошгүй хугацаанд тогтвор суурьшилтай ажиллах;

5.1.5. хэрэв суралцагч тухайн сонгосон сургуульд зөвшөөрсөн мэргэжлээр суралцаагүй,  сургалтын дүн хангалтгүй, санхүүжилтийг зориулалтын бусаар зарцуулсан, эрх бүхий байгууллагаас томилсон газарт ажиллаагүй болон сургалтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд суралцагчид олгосон санхүүжилтийг нөхөн төлүүлэх.

5.2.  Газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага сургалтын гэрээний хэрэгжилтийг уул уурхайн асуудал эрхэлсэн сайдын зөвлөлийн хуралд жилд нэг удаа тайлагнана.  


                
Зургаа. Сургалтын урамшууллын хөрөнгийн санхүүгийн
             эх үүсвэр, сургалтын дансыг байршуулах

 

6.1. Сургалтын зардлын санхүүгийн эх үүсвэр нь газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагааг “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний дагуу гүйцэтгэж байгаа гадаад, дотоодын компаниудаас жил бүр олгодог сургалтын урамшууллын хөрөнгө, хамтран ажиллах гадаадын байгууллагын санхүүжилт зэргээс бүрдэнэ.

6.2. Гэрээлэгч компаниудаас “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний дагуу олгож байгаа сургалтын урамшууллын хөрөнгийг газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын сургалтын дансанд төвлөрүүлнэ.

6.3. Сангийн сайдын 2008 оны 180 дугаар тушаалаар баталсан “Засгийн газрын болон төсвийн байгууллагын дансыг нээх, хаах журам”-ын 4, 5 дугаар зүйлд  заасны дагуу санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн даргын албан бичгээр олгосон зөвшөөрлөөр арилжааны банкинд валютын данс нээж урамшууллын хөрөнгийг төвлөрүүлж, гүйлгээ хийнэ.

 

Долоо. Сургалтын дансны хөрөнгийг зарцуулах

 

7.1. “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний дагуу төвлөрсөн сургалтын дансны хөрөнгийг доорх арга хэмжээнд зарцуулна:

7.1.1. энэхүү журмын 4.5 дахь заалтын дагуу суралцах эрх авсан иргэдийн сургалтын төлбөр болон энэхүү журмын 8.1-д заасан тэтгэлэг, тэтгэмжийн зардал;

7.1.2. “Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль”-ийн 6.1.8-д заасан газрын тосны бүтээгдэхүүнийг импортлох, үйлдвэрлэх, худалдах, тээвэрлэх, хадгалах талаар сургалт, судалгаа явуулах, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх болон тэдгээртэй холбоотой бусад төсөвт тусгагдаагүй арга хэмжээ;

7.1.3. ашигт малтмалын хайгуул, олборлолт, газрын тос боловсруулах, нүүрс шингэрүүлэх, нүүрсний давхаргын метан хий, байгалийн хийн хайгуултай холбоотой мэргэжлийн ном, сурах бичиг, сэтгүүл, судалгааны материал, сургалтын  тоног төхөөрөмж,  техник хэрэгсэл худалдан авах зардал;

7.1.4. уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болон газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын албан хаагч болон энэхүү журмын 2.1-д заасан чиглэлээр судалгаа, шинжилгээ хийж байгаа эрдэм шинжилгээний байгууллагын ажилтан, дээд боловсролын сургалтын байгууллагын багш нарыг уул уурхай, газрын тос түүнтэй холбогдсон техник технологи, удирдахуйн ухаан, хууль, эрх зүй болон нарийн мэргэжлийн чиглэлээр гадаад, дотоодын семинар, богино хугацааны мэргэшүүлэх сургалтад хамруулах, гадаадад туршлага судлах, дадлага хийлгэх зардал.

7.1.5. газрын тосны чиглэлээрх зочин профессор солилцох зорилго бүхий хөтөлбөр, гэрээний дагуу гарах зардал.

7.2. Сургалтын дансны хөрөнгийг улсын төсөвт төвлөрүүлэхтэй холбогдох харилцааг Төсвийн тухай хуулиар зохицуулна.

 

Найм. Суралцагчдад олгох тэтгэлэг, тэтгэмж

 

8.1. Сургалтын дансны хөрөнгөөр суралцах эрхээ авсан иргэдэд дараах тэтгэлэг, тэтгэмжийг олгоно:

8.1.1. Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын төлбөр;

8.1.2. гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагч, гадаадад богино хугацаагаар мэргэжил дээшлүүлэгчид сургалтын төлбөр, байрны зардал, амьжиргааны тэтгэлэг, эрүүл мэндийн даатгал, замын зардал.

8.2. Гадаад улсад суралцагчдад олгох 1 жилийн нийт зардлын дээд хязгаар нь 25.0 (хорин таван) мянган америк доллартай тэнцүү төгрөг байна. Түүнээс дээш гарсан зардлыг суралцагч өөрөө хариуцна.

8.3. Энэхүү журмын 4.5 дахь заалтын дагуу суралцахаар эрх авч, урт хугацааны сургалтын гэрээ байгуулсан иргэдийн сургалтын, амьдрах байрны болон эрүүл мэндийн даатгалын төлбөрийг тухайн сургуулиас ирүүлсэн нэхэмжлэлийн дагуу зөвхөн сургуулийн дансанд шилжүүлнэ.  Гадаад оронд амьдрах амьжиргааны тэтгэлэг болон замын зардлыг холбогдох баримт, тухайн гадаад улсын амьжиргааны өртгийг тооцон суралцагчид өөрт нь олгоно.

 

Ес. Сургалтын дансны хөрөнгийн зарцуулалт, хяналт

 

9.1. Энэхүү журмын 7 дугаар зүйлд заасан зориулалтаар хөрөнгө гаргах тухай уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн даргын тушаалыг үндэслэн сургалтын дансны хөрөнгийн зарцуулалтын төлбөрийн баримтад нэгдүгээр гарын үсгийг газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга, хоёрдугаар гарын үсгийг тус байгууллагын ерөнхий нягтлан бодогч зурж, төлбөрийг гүйцэтгэнэ.

9.2. Газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын удирдлага сургалтын дансны хөрөнгийн зарцуулалтын тайланд хяналт, шинжилгээ, дотоод аудит хийж, уул уурхайн асуудал эрхэлсэн сайдын зөвлөлийн хурлаар хагас жилд 1 удаа хэлэлцүүлнэ. 

9.3. Сургалтын дансны хөрөнгийг энэ журамд зааснаас бусад зориулалтаар захиран зарцуулахыг хориглоно.

 

Арав. Зохион байгуулалтын бусад арга хэмжээ

 

10.1. Уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын төрийн захиргааны удирдлагын нэгж, боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын дээд боловсролын сургалт, оюутны асуудал хариуцсан нэгжтэй хамтран суралцагчийн сургалтын явцад хяналт тавих, үнэлэлт дүгнэлт өгөх ажлыг жил бүр хийнэ. 

10.2.  Газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь газрын тосны хайгуул, олборлолт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа явагдаж байгаа бүс нутагт газрын тосны салбарын мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв болон сургалтын баазыг бэхжүүлэх үйл ажиллагааг нутгийн захиргааны байгууллага, гэрээлэгч компанитай хамтран жил бүрийн төсөв, төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлнэ.

 

Арван нэг. Хариуцлага



11.1 Сургалтын дансны хөрөнгийг зориулалтын бус зарцуулсан, сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд нөлөөлөх гэж оролдсон, “Урт хугацааны сургалтын гэрээ”-г санаатайгаар зөрчсөн зэрэг хууль бус үйлдэл гаргасан этгээдэд Захиргааны хариуцлагын тухай хууль, Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх арга хэмжээ авна.

 


                                                            ---oOo---