Хэвлэх DOC Татаж авах

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын

 сайдын 2012 оны 6 дугаар сарын

13-ны өдрийн 183 дугаар тушаалын хавсралт

 

ХОТ, ТОСГОНЫ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТӨСЛИЙГ ОЛОН НИЙТЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

     1.1. Энэхүү журмын зорилго нь хот төлөвлөлтийн талаархи мэдээллийг олон нийтэд ил тод хүргэх, сурталчлах, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор төслийг олон нийтэд танилцуулж, олон нийтийн хэлэлцүүлгийг (цаашид хэлэлцүүлэг гэх) зохион байгуулах, санал авах, оновчтой саналыг төсөлд тусгуулах үйл ажиллагааг зохицуулахад оршино.

     1.2. Ерөнхий төлөвлөгөөний хэлэлцүүлэгт тухайн хот, тосгоны оршин суугчид, үйлдвэр, аж ахуйн газрууд, албан байгууллага, төр захиргааны байгууллагууд, томоохон барилга, байгууламжийн эзэмшигч, өмчлөгч болон бусад сонирхогчид  оролцоно.

     1.3. Хэлэлцүүлэгт үнэ цэнэтэй мэдээллээр хувь нэмэр оруулах төрийн албан хаагчид, судлаач, шинжээч, мэргэжлийн байгууллагын төлөөлөгчдийг тухайн орон нутгийн Засаг даргын урилгаар оролцуулж болно.

     1.4. Олон нийтийн хэлэлцүүлгийн үйл явц, үр дүн нь ил тод явагдах ба хэлэлцүүлэгт сайн дураар, чөлөөтэй оролцоно. 

     1.5. Олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулахтай холбогдож гарах зардлыг орон нутгийн төсвийн хөрөнгөөс санхүүжүүлнэ.

     1.6. Хэлэлцүүлэг нь хэлэлцүүлэг зохион байгуулах тухай шийдвэр гаргах, хэлэлцүүлгийн бэлтгэл хангах, хэлэлцүүлгийг олон нийтэд зарлах, хэлэлцүүлэгт санал ирүүлэх, хэлэлцүүлэг зохион байгуулах, саналыг төсөлд тусгах, саналыг төсөлд тусгасан талаар мэдээлэх, хэлэлцүүлгийн үр дүнг Засаг даргад танилцуулах гэсэн дарааллаар явагдана.

 

Хоёр. Хэлэлцүүлэг явуулах тухай шийдвэр гаргах

 

     2.1. Захиалагч хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний төслийг экспертизийн дүгнэлт гаргуулахаас өмнө олон нийтээр хэлэлцүүлэх хүсэлтээ тухайн шатны Засаг даргад тавина. Олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах тухай шийдвэрийг түүнийг явуулахаас 35 хоногийн өмнө Засаг дарга гаргах бөгөөд хэлэлцүүлэг зохион байгуулах он, сар, өдөр, цаг, байрыг тодорхой заасан байна.

     2.2. Засаг дарга нь хэлэлцүүлгийг зохион байгуулах ажлын хэсгийг ерөнхий төлөвлөгөө боловсруулагчид, аймаг, хотын ерөнхий архитектор, Засаг даргын Тамгын газрын болон орон нутаг дахь газрын харилцаа, барилга, хот байгуулалтын нэгжийн холбогдох мэргэжилтнүүд оролцсон 9-өөс доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байгуулна. Шаардлагатай гэж үзвэл  мэргэжлийн хүмүүсийг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулж болно.

     2.3. Хэлэлцүүлгийг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч нь тухайн орон нутгийн Засаг даргын орлогч, нарийн бичгийн дарга нь аймаг, нийслэл, хотын  ерөнхий архитектор байна.

     2.4. Ажлын хэсэг нь хэлэлцүүлгийг олон нийтэд зарлах, санал мэдээлэл хүлээж авах, хэлэлцүүлгийг зохион байгуулах, хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр  мэдээлж сурталчлах, хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг нэгтгэж Засаг даргад танилцуулах, оновчтой саналыг төсөлд тусгуулахаар боловсруулагч байгууллагад хүргүүлэх зэрэг ажлыг хариуцан гүйцэтгэнэ.

 

Гурав. Хэлэлцүүлгийг олон нийтэд зарлах

     3.1. Хэлэлцүүлэг болох он, сар, өдөр, байр, цаг, үргэлжлэх хугацаа, иргэдийн санал хүлээн авах харилцаа холбооны болон электрон шуудангийн хаяг, лавлагаа авах, хэлэлцүүлэгт биечлэн оролцохоор бүртгүүлэх утасны дугаар, хаягийг дурдсан албан ёсны зарыг ажлын хэсэг хэлэлцүүлэг зохион байгуулахаас 30 хоногийн өмнө өдөр тутмын болон орон нутгийн хэвлэл, интернэт, хөдөлгөөнт холбооны сүлжээ болон бусад мэдээллийн хэрэгслэлээр зарлахаас гадна зарыг Засаг даргын Тамгын газар болон банк, худалдаа үйлчилгээний төв зэрэг олон нийтийн газруудад байрлуулна.

Дөрөв. Хэлэлцүүлэгт санал ирүүлэх

     4.1. Ерөнхий төлөвлөгөөний тухай мэдээллийг оршин суугчдад хүргэх зорилгоор холбогдох материалаар  гаргасан үзэсгэлэнтэй танилцаж, хуанлийн 30 хоногийн хугацаанд санал бэлтгэж ирүүлнэ.

      4.2. Саналд ерөнхий төлөвлөгөөний төслийн аль хэсэгт, ямар өөрчлөлтийг оруулахыг тодорхой тусгаж, овог нэр, оршин суугаа хаяг (албан тушаал)-аа бичиж, бичгээр болон электрон шуудангаар ирүүлэхээс гадна үзэсгэлэнгийн үеэр саналын хайрцагт хийж болно.

     4.3. Мэдээлэл хангалтгүй байна гэж үзвэл иргэд төсөл боловсруулагч байгууллагад хандан нэмэлт танилцуулга авч болно.

     4.4. Саналыг Засаг даргын Тамгын газарт хүлээн авч, хэлэлцүүлэг болохоос 5 хоногийн өмнө ажлын хэсэгт хүлээлгэн өгнө.

     4.5. Төсөлд ирүүлсэн саналыг ажлын хэсэг нэгтгэж, ирсэн санал бүрийг тайлбарын хамт төсөлд хавсарган хэлэлцүүлэгт бэлтгэнэ.

 

Тав.  Хэлэлцүүлгийн бэлтгэл хангах

     5.1. Хэлэлцүүлэг зохион байгуулах байр болон хэлэлцүүлгийн үеэр аудио болон видео материал үзүүлж сонсгох, зураг үзүүлэн таниулах материал байрлуулах, дэлгэцээр үзүүлж танилцуулах материалыг хэлэлцүүлэг эхлэхээс өмнө бэлтгэсэн байна.

      5.2. Ажлын хэсгийн гишүүд хэлэлцүүлэг эхлэхээс өмнө  хэлэлцүүлэгт оролцогсдыг бүртгэнэ.

 

Зургаа. Хэлэлцүүлэг явуулах

  6.1. Хэлэлцүүлгийг ажлын хэсгийн ахлагч удирдаж явуулна.

      6.2. Хэлэлцүүлгийн үеэр тухайн ерөнхий төлөвлөгөөний төсөлд ирүүлсэн санал, ажлын хэсгийн санал, зөвлөмж, дүгнэлтийг танилцуулах  бөгөөд хэлэлцүүлэгт оролцогсод саналаа хэлж, асуулт, хариулт явуулна.

       6.3.Хэлэлцүүлгийн тэмдэглэлийг ажлын хэсгийн нарийн бичгийн дарга хөтөлнө.

     6.4. Хэлэлцүүлгийн тэмдэглэлийг бүрэн хөтлөхийн тулд зураг, аудио хэрэгсэл, видео бичлэг болон бусад техник хэрэгслүүдийг ашиглаж болно. Тэмдэглэлд олон нийтийн хэлэлцүүлэг болсон он, сар, өдөр, цаг хугацаа, байр, хэлэлцүүлэг зохион байгуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн,  оролцогсдын тоо, хэлэлцүүлэгт оролцогсдын гаргасан санал зэргийг тодорхой тусгасан байна.

    6.5. Анхны хэлэлцүүлгийн дараа хэрэв шаардлагатай гэж үзвэл нэмэлт хэлэлцүүлгийг Ажлын хэсгийн дарга удирдан, дахин нэг долоо хоногийн хугацаанд явуулж болно.  

 

Долоо. Саналыг төсөлд тусгах

     7.1. Хэлэлцүүлэгт ирүүлсэн саналыг ажлын хэсэг хүлээн авч хэлэлцээд төсөлд тусгах шаардлагатай хууль, тогтоомж, норм дүрэм, журмын дагуу тавьсан оновчтой саналуудын жагсаалтыг гаргаж, тусгуулахаар хүргүүлнэ.

     7.2. Боловсруулагч байгууллага саналыг төсөлд 7 хоногийн дотор тусгана.

     7.3. Саналыг төсөлд тусгасан эсэхэд ажлын хэсэг хяналт тавина.

 

Найм. Саналыг төсөлд тусгасан талаар мэдээлэх

 

     8.1. Хэлэлцүүлгийн үр дүнд саналыг төсөлд хэрхэн тусгасан талаар  хэлэлцүүлэг явагдсанаас хойш 14 хоногийн дотор өдөр тутмын болон орон нутгийн хэвлэл,  цахим хуудсанд нийтэлнэ.

 

Ес. Хэлэлцүүлгийн үр дүнг Засаг даргад танилцуулах

 

     9.1.   Хэлэлцүүлгийн тэмдэглэлд ажлын хэсгийн  дарга, нарийн бичгийн дарга, гишүүд гарын үсэг зурж баталгаажуулан  бэлэн болгож, тухайн орон нутгийн Засаг даргад танилцуулна.  

     9.2. Олон нийтийн хэлэлцүүлгийн үр дүнг харгалзан Засаг дарга  дараах шийдвэрийн аль нэгийг гаргана. Үүнд:

     9.2.1. Хот, тосгоныг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний төслийг батлуулахаар Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлэх;

     9.2.2. Хот, тосгоныг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний төсөлд дахин нэмэлт өөрчлөлт хийлгэхээр төсөл боловсруулагч байгууллагад буцаах.

 

----оОо----