Хэвлэх DOC Татаж авах

/ХЗДХС, СС-ын 2018 оны А/107/132 дугаар хамтарсан тушаалаар хүчингүй болсон/

 Хууль зүйн сайдын 2013 оны А/181

дүгээр тушаалын нэгдүгээр хавсралт

 

ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГААНЫ

ЗАРДЛЫГ ТОДОРХОЙЛОХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал /цаашид "зардал" гэх/-ыг тодорхойлоход Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон энэхүү журмыг мөрдөнө.

Хоёр. Зардлыг тодорхойлох

2.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 82.2.1, 82.2.2, 82.2.5-т заасан зардлыг шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр авагчтай харилцан тохиролцсон хэмжээгээр тодорхойлно.

2.2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 82.2.3, 82.2.4-т заасан зардлыг тухайн үед мөрдөгдөж байгаа эрх бүхий байгууллагаас тогтоосон үйлчилгээний хөлсний хэмжээгээр тодорхойлно.

Гурав. Зардлыг тооцох журам

3.1.Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр авагчтай гэрээ байгуулж, зардлыг тухай бүрт нь гаргуулна.

3.2.Төрийн байгууллагын нэхэмжлэлтэй гүйцэтгэх баримт бичигт зардлыг урьдчилан гаргуулахгүй бөгөөд биелэгдсэн үнийн дүнгийн хэмжээнээс суутган авна.

3.3.Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсны дараа шийдвэр гүйцэтгэгч энэ журамд заасан санхүүгийн анхан шатны баримтыг бүрдүүлэн зардлыг төлбөр төлөгчөөс нөхөн гаргуулж, төлбөр авагчид буцаан олгоно.

3.4.Төлбөрийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг тэр хэмжээгээр төлбөр авагч, төлбөр төлөгч хуваан төлнө.

3.5.Төлбөр авагч, төлбөр төлөгч нь хэд хэдэн этгээд байгаа бол зардлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 82.6-д заасны дагуу гаргуулна.

Дөрөв. Зардлын санхүүгийн баримт гаргах

4.1.Зардлыг гаргуулахдаа тухай бүр нь санхүүгийн баримт үйлдэнэ.

4.2.Зардлыг бэлнээр хүлээн авсан болон дансанд төвлөрүүлсэн талаарх баримт нь нэгдсэн дугаартай, хэвлэмэл маягт байна.

4.3.Зардалд бэлэн мөнгө хүлээн авсан, түүнийг дансанд төвлөрүүлсэн талаарх баримтыг 3 хувь үйлдэж, шийдвэр гүйцэтгэгч, төлбөр авагч нар гарын үсэг зуран, төлбөр авагчид 1 хувийг өгч, 1 хувийг гүйцэтгэх баримт бичигт, үлдэх 1 хувийг албаны санхүүд өгнө.

4.4.Энэ журмын 4.3-т заасан санхүүгийн баримт ямар нэгэн завсаргүй байна.

4.5.Шийдвэр гүйцэтгэгч нь зардалд тооцон хүлээн авсан бэлэн мөнгийг төв суурин газарт 24 цаг, хөдөө орон нутагт 72 цагийн дотор албаны дансанд шилжүүлнэ.

4.6.Шийдвэр гүйцэтгэгч нь зардлын санхүүгийн тайланг тухай бүр үйлдэн холбогдох санхүүгийн болон бусад баримтуудыг хавсарган ахлах шийдвэр гүйцэтгэгчид хянуулна.

4.7.Зардалд тооцон авсан бэлэн мөнгийг зориулалт бусаар зарцуулахыг хориглоно.

4.8.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг үрэгдүүлсэн гэм буруутай этгээд бүх хохирлыг бүрэн хэмжээгээр хариуцна.

4.9.Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр авагч, төлбөр төлөгч нарт зардлын зарцуулалтыг танилцуулж болно. 

Тав. Бусад зүйл

5.1.Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн болон холбогдох бусад хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.