A

A

A

Бүлэг: 1979

/Монгол банкны Ерөнхийлөгч, Сангийн сайдын 2015-02-06-ны А35/20 тоот тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ

НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН БАГЦ МАТЕРИАЛЫГ БАТЛАХ ТУХАЙ

2003 оны 10 дугаар сарын 30 Улаанбаатар хот

Дугаар 549

"Төв банк /Монголбанк/-ны тухай хууль"-ийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, "Банкны тухай хууль"-ийн 28 дугаар зүйл, Захирлуудын зөвлөлийн 2003 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн банкны нягтлан бодох бүртгэлийг боловсронгуй болгох зорилгоор ТУШААХ нь:

1. Нягтлан бодох бүртгэлийн багц материалыг дараахь хавсралтаар баталсугай:

а/ "Дансны код"-ыг 1 дүгээр хавсралтаар,

б/ "Банкны нягтлан бодох бүртгэлийг хөтлөх үлгэрчилсэн журам"-ыг 2 дугаар хавсралтаар,

в/ санхүүгийн тайлангуудын загварыг 3 дугаар хавсралтаар:

3.1 "Баланс"-ыг 3а дугаар хавсралтаар;

3.2 "Орлого, үр дүнгийн тайлан"-г 3б дугаар хавсралтаар;

3.3 "Өмчийн өөрчлөлтийн тайлан"-г 3в дугаар хавсралтаар;

3.4 "Мөнгөн гүйлгээний тайлан"-г 3г дугаар хавсралтаар;

г/ "Банкны санхүүгийн тайлан бэлтгэх аргачлал"-ыг 4 дүгээр хавсралтаар;

д/ "Санхүүгийн тайлангийн тодруулга бэлтгэх үлгэрчилсэн заавар"-ыг 5 дугаар хавсралтаар.

2. Нягтлан бодох бүртгэлийн багц материалыг 2004 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

3. Банкны Гүйцэтгэх захирлуудад даалгах нь:

а/ Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг мөрдөж, тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан "Банкны нягтлан бодох бүртгэлийг хөтлөх үлгэрчилсэн журам"-д тулгуурлан дотооддоо нягтлан бодох бүртгэлийн бодлого, чиглэлийг тогтоосон журмаа шинэчлэн боловсруулж, мөрдөх;

б/ үлдэгдэл балансыг тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан дансны кодын дагуу, санхүүгийн тайлангуудыг 3 дугаар хавсралтын дагуу гаргаж сар бүрийн 10-ны өдрийн дотор, санхүүгийн тайланд хийх тодруулгыг 5 дугаар хавсралтын дагуу хагас жил тутам гаргаж Хяналт шалгалтын газарт ирүүлж байх;

в/ 2003 оны 11 дүгээр сарын байдлаар туршилтын журмаар 1, 3 дугаар хавсралтын дагуу үлдэгдэл баланс, санхүүгийн тайлангуудыг гаргаж 2003 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор Хяналт шалгалтын газарт ирүүлэх.

4. Энэхүү тушаалыг батлагдсантай холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгчийн 1998 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 537 тоот тушаал, 2000 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 628 тоот тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

5. Энэхүү тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт шалгалтын газар /Л.Чимгээ/-т даалгасугай.

ЕРӨНХИЙЛӨГЧ О.ЧУЛУУНБАТ