Хэвлэх DOC Татаж авах

Засгийн газрын 2013 оны 394 дүгээр
                                                                             тогтоолын 2 дугаар хавсралт


ҮНДЭСНИЙ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРТ АРЬС, ШИР БЭЛТГЭН ТУШААСАН
ХОРШООНЫ ГИШҮҮН МАЛЧИН, МАЛ БҮХИЙ ЭТГЭЭДЭД
МӨНГӨН УРАМШУУЛАЛ ОЛГОХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1. Арьс, ширийг гүн боловсруулах үндэсний үйлдвэр (цех, төв, цэг зэрэг)-т (цаашид “үйлдвэр” гэх) арьс, ширийг стандартын дагуу бэлтгэн тушаасан, малаа гарал үүслийн баталгаажуулалтад хамруулсан хоршооны гишүүн* малчин, мал бүхий этгээдэд (цаашид “малчин, мал бүхий этгээд” гэх) мөнгөн урамшуулал олгох ажлыг зохион байгуулах, хяналт тавих, тайлагнахтай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.2. “Арьс, ширийг гүн боловсруулдаг үйлдвэр” гэдэгт арьс, ширийг хатаах боловсруулалт хийсний дараа элдэж зөөлрүүлэн гүйцэд боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэр хамаарна.

1.3. Үйлдвэрт арьс, шир тушаасан малчинд мөнгөн урамшуулал олгох талаархи хууль тогтоомж, журмыг тухайн нутаг дэвсгэртээ сурталчлах, малчдад сургалт явуулах ажлыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар зохион байгуулна.

 

Хоёр: Урамшуулалд хамрагдах малчин, мал бүхий
этгээдэд тавигдах шаардлага

 

2.1. Малчин, мал бүхий этгээдэд дараах шаардлага тавигдана:

     2.1.1. малаа бүртгэлийн нэгдсэн санд бүртгүүлж, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд технологийн хугацаанд нь тогтмол хамруулсан, эрүүл болохыг баталгаажуулсан эрүүл мэндийн гэрчилгээ авах;

     2.1.2. өөрийн харилцах банкны нэр, дансны дугаараа арьс, шир бэлтгэлийн баримтад зөв, гаргацтай бичиж, малчин өрхийн баталгааны тэмдэг* дарах;

     2.1.3. энэхүү журмын 3.1.1-д заасан жагсаалтад багтсан үйлдвэрт арьс, ширээ тушаах.

 

Гурав. Урамшуулал олгох үйл ажиллагаанд Монголын арьс,
ширний үйлдвэрлэлийн холбооны оролцоо

 

3.1. Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбоо (цаашид “холбоо” гэх) нь дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

*Тайлбар: Энэхүү журамд заасан “Малаа гарал үүслийн баталгаажуулалтад хамруулсан хоршооны гишүүн” гэснийг 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

*Тайлбар: Энэхүү журамд байгаа "малчин өрхийн баталгааны тэмдэг" гэсэн тодотголыг 2014 оны       1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

     3.1.1. арьс, ширийг гүн боловсруулдаг үйлдвэрийн жагсаалтыг жил бүрийн 8 дугаар сард баталж, олон нийтэд зарлах;

     3.1.2. энэхүү журамд заасан баримтын загварыг 2002 оны Санхүү, эдийн засгийн сайд, Үндэсний статистикийн газрын даргын хамтарсан “Загвар батлах тухай” 171/111 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Бараа материалын тооцооны баримт”-ын загварт нийцүүлэн холбогдох мэдээлэл, ялгах тэмдэглэгээг тусгаж хэрэглэх;

     3.1.3. холбооны болон мал бэлтгэлийн төлөөлөгчид итгэмжлэл олгох;

     3.1.4. худалдан авсан арьс, ширэнд чанарын тордолт хийх, гарах хохирлыг бүрэн хариуцах гэрээг холбооны төлөөлөгчтэй байгуулж ажиллуулах;

     3.1.5. энэхүү журмын 3.1.2-т заасан баримтын маягтыг хуваарилах, олгох, тооцох.

 

Дөрөв. Урамшуулал олгох

 

4.1. Малчин, мал бүхий этгээд нь өөрийн харилцдаг банкиндаа хүсэлт гаргах эсхүл шинээр данс нээлгэх болон тухайн банкны салбар холбогдох мэдээллийг банкны төвд, банкны төв нь Монголбанкинд тус тус хүргүүлнэ.

4.2. Орон нутаг дахь Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбооны төлөөлөгч (цаашид “холбооны төлөөлөгч” гэх), мал бэлтгэлийн төлөөлөгч, малчнаас арьс, шир эсхүл бэлтгэлийн мал хүлээн авахдаа баримтад энэхүү журмын 4.1-д заасан дансыг бичүүлж, малчин өрхийн баталгааны тэмдгээр баталгаажуулан 3 хувь үйлдэж 1 хувийг өөртөө, 2 хувийг малчин, мал бүхий этгээдэд хүлээлгэн өгнө.

4.3. Малчин, мал бүхий этгээд нь мал бэлтгэлийн төлөөлөгчид мал худалдах тохиолдолд малыг нядалсны дараа арьс, ширийг үндэсний үйлдвэр эсхүл холбооны төлөөлөгчид нийлүүлэх нөхцөлийг гэрээндээ тусгана.

4.4. Мал бэлтгэлийн төлөөлөгч нь арьс, ширийг чанар байдлыг нь алдагдуулалгүйгээр баримтын хамт үйлдвэрт эсхүл холбооны төлөөлөгчид тушаана.

4.5. Малчин, мал бүхий этгээд нь энэхүү журмын 4.2-т заасан баримтын       1 хувийг сум, дүүргийн мал эмнэлэг, үржлийн тасгийн ажилтанд өгнө.

4.6. Сум, дүүргийн мал эмнэлэг, үржлийн тасгийн ажилтан баримтыг малчин, мал бүхий этгээдээс хүлээн авч, хаяг, малын тоо, бүртгэлийн нэгдсэн сангийн мэдээлэлтэй тулган, тушаасан арьс, ширний болон худалдан борлуулсан малын төрөл, тоо хэмжээг нэгтгэн сум, дүүргийн Засаг даргаар баталгаажуулж холбогдох материалыг аймаг, нийслэлийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан газарт жил бүрийн 7 дугаар сарын 15-ны болон 1 дүгээр сарын 15-ны дотор хоёр удаа хүргүүлнэ.

4.7. Аймаг, нийслэлийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан газар нь сум, дүүргээс ирүүлсэн материалыг бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан болон анхан шатны баримттай тулган нэгтгэж, аймгийн хэмжээний материалыг 8 дугаар сарын 15-ны болон 2 дугаар сарын 15-ны дотор жилд хоёр удаа Мал хамгаалах санд хүргүүлнэ.

4.8. Холбоо нь үйлдвэр тус бүрээс арьс, шир худалдан авсан бүртгэл болон баримтыг нэгтгэн жил бүрийн 8 дугаар сарын 15-ны болон 2 дугаар сарын 15-ны дотор жилд хоёр удаа Мал хамгаалах санд хүргүүлнэ.

4.9. Мал хамгаалах сан нь аймаг, нийслэл болон холбооноос ирүүлсэн материалыг харьцуулан хянаж, үндэсний үйлдвэрт стандартын дагуу бэлтгэсэн арьс, шир тушаасан малчинд урамшуулал олгох асуудлыг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулна.

4.10. Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн урамшуулал олгох шийдвэрийг гаргаж, Сангийн яам дахь Төрийн сан, Монголбанкинд тус тус хүргүүлнэ.

4.11. Төрийн сан урамшуулалд шаардагдах мөнгийг энэхүү журмын 4.10-т заасан шийдвэрийг хүлээн авсанаас хойш ажлын 3 хоногт багтаан Мал хамгаалах сангийн данснаас Монголбанк дахь “Малчин” дансанд шилжүүлнэ.

4.12. Монголбанк банкны төвөөс ирүүлсэн малчны дансны мэдээллийг энэхүү журмын 4.11-д заасан хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэртэй тулгаж, урамшууллын мөнгийг банкинд 1 хоногийн дотор шилжүүлнэ. 

4.13. Малчин, мал бүхий этгээдийн банкны нэр, дансны дугаар, регистрийн дугаар зөрсөн эсхүл урамшуулал авах зорилгоор банкинд давхар данс нээлгэсэн зөрчил илрүүлсэн тохиолдолд Монголбанк урамшууллын мөнгийг шилжүүлэхгүй бөгөөд холбогдох мэдээллийг банк болон Мал хамгаалах сангаас шаардана.

4.14. Малчин, мал бүхий этгээдийн харилцагч банк нь Монголбанкнаас шаардсаны дагуу банкны нэр, малчны дансны дугаарын талаар шинэчилсэн мэдээллийг ажлын 3 хоногт багтаан хүргүүлнэ.

4.15. Малчин, мал бүхий этгээдийн материалд байгаа зөрчлийн тухай мэдээлэл болон уг зөрчлийг хэрхэн арилгах талаархи мэдэгдлийг Мал хамгаалах сангаас тухайн аймаг, нийслэлийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан газарт, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан газар нь сум, дүүргийн мал эмнэлэг, үржлийн тасагт ажлын 3 хоногт багтаан хүргүүлнэ.

4.16. Сум, дүүргийн мал эмнэлэг, үржлийн тасаг нь мэдэгдэл хүлээн авсанаас хойш ажлын 5 хоногт багтаан зөрчлийг арилгаж, аймаг, нийслэлийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан газраар уламжлуулан Мал хамгаалах санд хүргүүлнэ.

4.17. Мал хамгаалах сан нь энэхүү журмын 4.16-д заасан хугацаанд багтаан ирүүлсэн материалыг хүлээн авсанаас хойш ажлын 3 хоногт багтаан Монголбанкинд хүргүүлнэ.

4.18. Монголбанк нь банк болон Мал хамгаалах сангаас ирүүлсэн мэдээллийг хүлээн авсанаас хойш энэхүү журмын 4.12-т заасан хугацаанд тухайн малчны харилцах банк руу шилжүүлнэ.

 

Тав. Урамшуулал олгохоос татгалзах үндэслэл

 

5.1. Малчин, мал бүхий этгээд нь энэхүү журмын 2 дугаар зүйлд заасан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд урамшуулал олгохгүй.

5.2. Энэхүү журмын 4.17-д заасан хугацаанд холбогдох мэдээллийг шинэчлэн ирүүлээгүй малчин, мал бүхий этгээдэд урамшуулал олгохгүй.

 

Зургаа. Урамшуулал олгох хөрөнгийг төлөвлөх

 

6.1. Аймаг, нийслэлийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан газар нь мал сүргийн эргэлтэд үндэслэн дараа жил бэлтгэн нийлүүлэх боломжтой бэлтгэлийн мал болон арьс, ширний төрөл, тоо хэмжээ, тухайн нутаг дэвсгэрт ажиллаж байгаа үйлдвэрийн жагсаалт, тэдгээрийн хүчин чадлыг сум, дүүрэг тус бүрээр гаргаж, жил бүрийн II улиралд багтаан Мал хамгаалах санд хүргүүлнэ.

6.2. Холбоо нь үйлдвэр тус бүрийн дараа жил худалдан авах арьс, ширний төрөл, тоо хэмжээг үйлдвэрлэлийн хүчин чадалд нь нийцүүлэн гаргаж нэгтгэн жил бүрийн II улиралд багтаан Мал хамгаалах санд хүргүүлнэ.

6.3. Мал хамгаалах сан нь тухайн жилийн сүргийн бүтэц болон энэхүү журмын 6.1, 6.2-т заасан мэдээллийг харьцуулан судалж, дараа жил үйлдвэрт нийлүүлэгдэх арьс, ширний төрөл, тоо хэмжээг тодорхойлно.

6.4. Мал хамгаалах сан нь энэхүү журмын 6.3-т заасныг үндэслэн малчин, мал бүхий этгээдэд олгох урамшууллын санхүүжилтийг төлөвлөж, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний төсвийн багцад тусгуулах санал тавина.

 

Долоо. Тайлагнах, хяналт тавих

 

7.1. Урамшууллын мөнгө олголтыг дараах байдлаар тайлагнана:

     7.1.1. урамшууллын мөнгө нь банкинд шилжүүлэх мөнгөнөөс илүү гарсан тохиолдолд Монголбанк үлдэгдэл мөнгийг Төрийн сан дахь Мал хамгаалах сангийн дансанд буцаана;

     7.1.2. Монголбанк нь урамшууллын мөнгө олгож байгаа банктай тооцоо нийлж, тайланг жил бүрийн 5 дугаар сарын 1-ний болон 11 дүгээр сарын 1-ний өдрийн дотор тус тус Мал хамгаалах санд хүргүүлнэ;

     7.1.3. үйлдвэр нь худалдан авсан арьс, ширний талаархи мэдээ, холбогдох баримтыг нэгтгэн холбоонд энэхүү журмын 4.8-д заасан хугацаанд багтаан хүргэнэ;

     7.1.4. Мал хамгаалах сан нь тухайн онд урамшуулалд хамрагдсан малчны бүртгэл, хөрөнгийн зарцуулалтын талаархи мэдээ, тайланг дараа оны        2 дугаар сарын 1-ний болон 7 дугаар сарын 1-ний дотор хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад тус тус хүргүүлнэ;

     7.1.5. Мал хамгаалах сан нь жил бүр урамшуулалд зарцуулсан хөрөнгө, санхүүгийн тайланд аудит хийлгүүлнэ;

     7.1.6. Мал хамгаалах сан нь урамшуулал олгох асуудлыг төлөвлөх, олгохтой холбоотой материал, мэдээлэл, тайланг архивын нэгж болгон хадгална.

7.2. Урамшууллын мөнгө олголтыг дараах байдлаар хянана:

       7.2.1. тухайн нутаг дэвсгэрт малчдад мөнгөн урамшуулал олгох үйл ажиллагаанд сум, дүүргийн Засаг дарга хяналт тавина;

     7.2.2. улсын хэмжээнд энэхүү журмын хэрэгжилтэд хөдөө аж ахуйн болон төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хяналт тавьж ажиллана;

     7.2.3. үйлдвэр нь малчин, мал бүхий этгээд болон мал бэлтгэлийн төлөөлөгчөөс арьс, шир худалдан авахдаа зах зээлийн үнийг баримталж байгаа эсэхэд холбоо хяналт тавина;

     7.2.4. холбоо худалдан авсан арьс, ширэнд чанарын тордолт хийх, гарах хохирлыг бүрэн хариуцах гэрээг холбооны төлөөлөгчтэй байгуулж, хэрэгжилтэд хяналт тавина.

7.3. Үйлдвэр худалдан авсан арьс, ширээр гүн боловсруулсан болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа эсэхийг дараах байдлаар хянана:

     7.3.1. холбоо нь үйлдвэр тус бүр худалдан авсан арьс, ширээр гүн боловсруулсан болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа явцтай улирал бүр танилцаж, тайланг дараа оны 6 дугаар сарын 1-ний дотор хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ;

     7.3.2. холбоо арьс, ширээр гүн боловсруулсан болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн мэдээллээ ирүүлээгүй үйлдвэрийн нэрийг нийтэд мэдээлж, мэдээллийг нөхөн авч нэгтгэн 6 дугаар сарын 15-ны дотор багтаан хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

 

Найм. Хариуцлага

 

8.1. Малчин, мал бүхий этгээдийн нийлүүлсэн арьс, ширний нэр төрөл, тоо хэмжээний талаар буруу ташаа мэдээ гаргасан, баримтыг засварласан үйлдвэрт хөнгөлөлтэй зээл дахин олгохгүй бөгөөд хохирлыг хуулийн дагуу нөхөн төлүүлнэ.

8.2. Малчинд арьс, шир бэлтгэсэн тухай хуурамч гэрчилгээ олгосон мал эмнэлэг, үржлийн нэгжийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасч, хохирлыг нөхөн төлүүлнэ. Малчин нь өрхийн баталгааны тэмдгийг бусдад ашиглуулахгүй байхыг бүрэн хариуцна.

8.3. Урамшууллын материалыг нэгтгэх, хянах явцад албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас болж алдаа дутагдал гарсан тохиолдолд гарсан хохирлыг холбогдох хуулийн дагуу буруутай этгээд хариуцна.

8.4. Үйлдвэр хуурамч мэдээлэл гаргаж өгсөн эсхүл тогтоосон хугацаанд холбогдох мэдээллийг ирүүлээгүйгээс малчин, мал бүхий этгээдэд учирсан хохирлыг уг үйлдвэр бүрэн хариуцна.