Хэвлэх DOC Татаж авах

/ХЗС-ын 2014-12-08-ны А/230-р тушаалаар хүчингүй болгосон/

Хууль зүйн сайдын 2013 оны

А/76 дугаар тушаалын хавсралт

 

 

ХОРИХ АНГИЙН ДОТООД ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Шүүхийн шийтгэх тогтоол /магадлал/-оор хорих ялаар шийтгүүлсэн этгээдийн ялыг биечлэн эдлүүлэх, тэдгээрт холбогдох харилцааг зохицуулахад энэхүү журмыг мөрдөнө.

1.2.”Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол Улсын хууль”-ийн 116 дугаар зүйлд заасан хорих ангийн дэглэмийг харгалзан тухайн хорих ангид мөрдөх байршил, чиглэл, хөдөлгөөн, дотоод цагийн хуваарийг энэ журамд нийцүүлэн ангийн дарга баталж мөрдүүлнэ.

Хоёр.Ялтныг хүлээн авах

2.1.Ялтан ял эдлэхээр хуваарилагдан ирсэн тохиолдолд харуул хамгаалалт, гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд дарга, төлөөлөгч, нийгмийн ажилтан, тоо бүртгэлийн ажилтан, эмч, ерөнхий жижүүр /ээлжийн дарга/-ийн бүрэлдэхүүнтэй комисс хүлээн авна.

2.2.Ялтныг дор дурдсан баримт бичгийг үндэслэн хүлээж авна:

2.2.1.шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, эсхүл магадлал;

2.2.2.иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар зэрэг иргэний баримт бичиг, хэрэв тийм бичиг баримт байхгүй бол иргэний бүртгэлийн байгууллагын албан ёсны зурагтай лавлагаа;

2.2.3.эрүүл мэндийн даатгалын дэвтэр;

2.2.4.ялтныг тухайн ангид хуваарилсан эрх бүхий байгууллагын шийдвэр.

2.3.Иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, халамжийн дэвтэргүй ялтан хуваарилагдаж ирсэн бол энэ тухай түүний хувийн хэрэгт тэмдэглэл хийж, хорих ангийн захиргаанаас бичиг баримтын бүрдлийг хангаж, хуульд заасан халамжийн үйлчилгээнд хамруулна.

2.4.Энэ журмын 2.2-т заасан баримт бичиг хоорондоо зөрчилтэй, овог нэр, зураг, нас хүйс, ял эдлэх дэглэм зөрсөн, эсхүл шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон эсэх нь тодорхойгүй бол ажлын 3 хоногт багтаан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт мэдэгдэн, ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан прокурорт танилцуулж шийдвэрлүүлнэ.

2.5.Ял эдлэхээр хуваарилагдан ирсэн ялтны биед үзлэг, эд зүйлд нэгжлэг хийж, энэ үеэр илэрсэн хориотой эд зүйлсийг устгах буюу хадгалж, энэ тухай тодорхой тэмдэглэл үйлдэж, хувийн хэрэгт хавсаргана.

2.6.Хүлээн авсан ялтныг эмчийн үзлэгт оруулж, халдварт өвчтэй хүн илэрвэл бусад ялтнаас тусгаарлан эмчилгээнд хамруулна.

2.7.Эмч үзлэгийн явцад тухайн ялтны биеийн эрүүл мэндийн байдал, нас, хүйс, жин, өндөр болон гэмтэл сорви, шивээс, мэнгэ зэрэг онцлох содон тэмдгийг хувийн хэрэгт тэмдэглэнэ.

2.8.Ялтныг хүлээн авах үед шинээр үүссэн шарх, гэмтлийн талаар дэлгэрэнгүй бүртгэл хөтөлж, хяналт тавьж буй прокурорын газарт материалжуулан албан бичгээр хүргүүлнэ.

2.9.Шинээр хүлээн авсан ялтныг 14 хүртэл хоног тусгаарлан байрлуулж, ангийн дотоод журамтай танилцуулан зохих сургалтад хамруулах, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч нар биечлэн уулзаж, зан байдлыг тодорхойлж, сэтгэцийн оношлогоо хийх бөгөөд энэ хугацаанд дараах ажлыг зохион байгуулна:

2.9.1.тухайн ангийн хориотой бүс, ялтны эрх, үүргийн талаар танилцуулах;

2.9.2.ялтны боловсролын түвшин, мэргэжил, хөдөлмөрийн дадлага, чадварыг тогтоох;

2.9.3.ялтныг байрлуулах, хөдөлмөрлөх хуваарь гаргах;

2.9.4.ялтныг нэг загварын гадуур хувцас, гутлаар хангах;

2.9.5.хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх;

2.9.6.ялтан тухайн ангид ял эдлэхээр ирсэн талаар түүний ар гэрт нь нэн даруй мэдэгдэж, хорих ангийн байршил, эргэлтийн хуваарь, хориглох эд зүйлсийг нийгмийн ажилтан танилцуулах;

2.9.7.хорих ангид оруулахыг хориглосон эд зүйлс, хувцсыг буцаах буюу тусгай зориулалтын өрөөнд хадгалах;

2.9.8.ялтны мөнгө, үнэт эдлэл, үнэт цаас зэргийг хорих ангийн санхүүд шилжүүлэн нэрийн данс нээж хадгалуулна. Ялтан банкинд харилцах данстай байгаа бол түүний талаарх мэдээллийг нийгмийн ажилтан ар гэрийнхэнд нь мэдэгдэж мөнгөн гуйвуулгын талаарх мэдээллийг хүргүүлнэ.

2.10.Ялтан сургалтад хамрагдсаны дараа нийгмийн ажилтны саналыг үндэслэн ангийн даргын баталсан хуваарийн дагуу өрөөнд байрлуулна.

Гурав.Хорих ангийн дотоод дэг

3.1. Ялтны ажлын цагийн хуваарийг ”Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай” хуулийн 120 дугаар зүйлийн 120.2; 120.7-д зааснаар хорих ангийн дарга батална.

3.2.Ялтан ажлын цагийн хуваарийг хэрхэн мөрдөж байгааг харуул хамгаалалтын ажилтнууд хяналт тавих ба зөрчвөл түүнд шаардлага тавьж, зайлшгүй тохиолдолд сахилгын арга хэмжээ авах саналыг хорих ангийн даргад гаргана.

3.3.Ялтныг нэг ялтанд 2.5 ба түүнээс дээш хавтгай дөрвөлжин метр талбай ногдохоор байрлуулах бөгөөд нийтийн байр, тасалгаа нь өдрийн цагт байгалийн гэрэл тусах ердийн цонхтой, оройн цагаар хяналт тавих бүрэн боломж бүхий гэрэлтүүлэгтэй байна. Гэрэлтүүлэх хэрэгслийн унтраалгыг жижүүрийн хяналтад байхаар байрлуулна. /Энэ хэсэгт ХЗС-ын 2013 оны А/234-р тушаалаар орсон өөрчлөлтийг тусгав/

3.4.Ялтны байр, тасалгааны халаалт, агааржуулалт, талбайн хэмжээ нь хууль тогтоомжид заасан, олон улсын хэмжээнд дагаж мөрдөж байгаа хэм хэмжээний шаардлагыг хангасан байвал зохино.

3.5.Ялтны байрны цонх, хаалганд төмөр торон бэхэлгээ хийх бөгөөд шаардлагатай гэж үзвэл нэмэгдэл цоож, бэхэлгээ, хийж телекамерийн хяналтыг тасралтгүй тавина.

3.6.Ялтны байр, тасалгаанд орыг харуул хамгаалалтын хяналтад саад учруулахааргүй байрлуулна.

3.7.Ялтны гадуур хувцасны баруун талын энгэрт хувийн дугаар, нэрийг харуулсан 5x8 см-ийн хэмжээтэй таних тэмдэг байна.

3.8.Ялтны амрах өрөө нь гадуур хувцасны өлгүүр, гутлын тавиуртай байна.

3.9.Ялтанд ангиас нэг загварын өөрт нь таарсан гутал хувцас, ор дэрний хэрэглэлийг олгож, карт хөтлөн суллагдах үед нь буцаан хурааж авна. Гутал, хувцас, ор дэрний хэрэглэлийн эдэлгээний хугацаа дууссан тохиолдолд дахин олгох ба хугацаанаас өмнө хэрэглэх боломжгүй болгосон тохиолдолд зохих суутгал хийж дахин олгоно.

3.10.Хорих ангийн дотоод цагийн хуваарьт зурагтын нэвтрүүлэг үзэх цагийг тодорхой тусгах ба ном унших, хэвлэл, мэдээллийн хэрэгсэл ашиглах нөхцөлөөр хангана.

3.11.Ялтны нийтийн тасалгаанд зурагт, хөгжим зэрэг цахилгаан хэрэгслийг нийтэд хүртээмжтэй хэлбэрээр ашиглахаар зохион байгуулна.

Дөрөв.Гяндангийн дотоод дэг

4.1.Ерөнхий жижүүр, ээлжийн дарга, хянагч нар “Хорих ангийн харуул хамгаалалтын болон ялтанд хяналт тавих журам”-д заасны дагуу гяндангийн ялтанд хяналт тавина.

4.2.Ялтан бичгээр хүсэлт гаргаж, албан хаагчидтай гяндангийн эргэлт уулзалтын байр, төлөөлөгч нарын албан өрөөнд уулзах бөгөөд уулзалтад ирүүлэх, буцаахдаа нэг нэгээр нь, гарыг нь гавлан авчирч, шаланд бэхлэгдсэн дөнгө зүүсний дараа уулзалт явагдана.

4.3.Гяндангийн ялтан жилд 2 удаа ар гэрийнхэнтэйгээ түр хугацааны уулзалт хийх ба уулзалт нь зөвхөн ажлын өдрийн 10.00-17.00 цагийн хооронд явагдаж дууссан байна.

4.4.Гяндангийн ялтан биедээ бэлэн мөнгө хадгалахгүй, зөвхөн нэрийн дансан дахь мөнгөөр хэрэгцээт барааны захиалгыг нийгмийн ажилтнаар дамжуулан өгч ангийн дэлгүүрээр үйлчлүүлнэ.

4.5.Байгалийн гамшиг, гал усны аюул, эмнэлгийн яаралтай тусламж, цагийн тариа хийх зэрэг онцгой тохиолдлоос бусад үед 22.00-06.00 цагийн хооронд гяндангийн хорих өрөөний хаалга онгойлгохыг хатуу хориглоно.

4.6.Гяндангийн хорих өрөө нь дараах нөхцөлийг хангасан байна:

4.6.1.хорих өрөө нь ялтанд хяналт тавих боломжтой торон болон төмөр хаалгатай, хаалга нь хязгаарлагчтай, хагас онгойхоор зохицуулагдсан байхаас гадна байнгын цоожтой байх;

4.6.2.нэг өрөөнд хоёроос илүүгүй ялтныг хорих ба шаардлагатай гэж үзвэл прокурортой зөвшилцөн ганцаарчлан байрлуулж болно;

4.6.3.хорих өрөө нь байгалийн агааржуулалт, гэрэлтүүлэг, тогтоосон хэмийн дулаантай, цэвэр, бохир усны холболттой байх;

4.6.4.зурагтыг ялтнуудад үзэх боломжтойгоор хонгилд байрлуулж, ангийн даргын баталсан цагийн хуваариар үзүүлэх ба нэг зэрэг олон сувгаар үзүүлэхгүй байна.

4.7.Сэтгэл зүйч гяндангийн ялтнуудад сэтгэл засал, сэтгэц оношлогоо хийж тусгайлсан сургалтад хамрагдах ялтны нэрийг ангийн дарга батална.

4.8.Гяндангийн ялтныг байранд нь эмчлэх ба зайлшгүй шаардлагаар эмчилгээг эмч, сувилагчийн өрөөнд хийх бол нэг нэгээр нь гавтай авчрах, эмчлэх сувилах үед хөлд нь дөнгө зүүсний дараа шаардлагатай бол гавыг салгаж болно.

4.9.Ялтны хөдөлгөөнийг давхардуулан хийхгүй бөгөөд шаардлагатай үед эхний ялтныг байршуулж, аюулгүй байдлыг хангасны дараа дараагийн ялтны хөдөлгөөнийг хийнэ.

Тав. Ялтныг хооллох

5.1.Ялтан ангийн даргын баталсан дотоод цагийн хуваарийн дагуу, тогтоосон газарт, хэрэв эмнэлэгт хэвтэж буюу тусгаарлан хоригдож байгаа бол өрөөнд нь харуул хамгаалалтын хяналтын дор хооллоно.

5.2.Ялтан өглөө цай талх, өдөр, орой, тогтоосон хэмжээний илчлэгтэй халуун хоол, цайгаар хангагдах ба тогтоосон хэмжээний илчлэг, амт чанарт тохируулан сүү, сүүн бүтээгдэхүүнийг ялтны хүнсэнд орлуулан хэрэглэж болно.

5.3.Хүнсний нярав нь хүнсний материалыг эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан газар /агуулах/-т хадгалж, өдөр тутамд батлагдсан нормын дагуу хэсгийн тогоочид хүнсийг олгоно.

5.4.Хүнсний нярав нь хоол бэлтгэх, боловсруулах, олгох ажлыг биечлэн хариуцаж, хоолны орц, норм, амт чанар, түүнчлэн ялтан бүрт хоол ногдож байгаа эсэхэд хяналт тавих ба тухайн ээлжийн харуул хамгаалалтын ажилтнууд хоол олгох үед байлцана.

5.5.Эмч хоол бэлтгэх, боловсруулах, олгох явц, хүнсний хадгалалт, хамгаалалт, гал зуух, хоолны хэрэгслийн ариун цэвэр, цэвэрлэгээ, эрүүл ахуйн шаардлагад өдөр тутамд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах, хоолны дээжийг заавал авч хадгалан дараа өдөр нь устгах үүрэг хүлээнэ. Шаардлагатай гэж үзвэл хоолны дээжийг авч шинжилгээнд өгөх, хэрэглэж болохгүй гэсэн хариу гарвал акт үйлдэж устгах үүрэгтэй.

5.6.Ялтанд хоногт олгож буй хоолны дээжийг улирал тутамд шинжилгээнд өгч, илчлэгийг тодорхойлуулах бөгөөд хууль тогтоомжид заасан хэмжээнд хүрээгүй бол нэмэгдүүлэх арга хэмжээ авна. Хоолны илчлэг тодорхойлуулсан баримтыг хорих ангийн санхүүд хадгална.

5.7.Ялтныг ердийн тасалгааны хэмд хооллож, хооллосны дараа 30 минутаас доошгүй хугацаанд байранд нь байлгана.

5.8.Ялтны байр, гал зууханд ялтанд нэг өдөрт олгогдох хүнсний орц норм, 7 хоногийн хоолны цэсийг гарган ил байрлуулж, түүний дагуу хоолоор хангана.

5.9.Ялтан хэрэгцээтэй үед нь уух ундны усаар ангийн захиргаа хангана.

Зургаа. Ялтны ариун цэвэр

6.1.Хорих анги ялтныг өөрийгөө цэвэр авч явахыг шаардах, түүнчлэн түүнийг ариун цэвэр, эрүүл мэндээ сахихад шаардлагатай ус болон ариун цэврийн хэрэгслээр хангах үүрэгтэй.

6.2.Ялтны халуун усны газарт шүршүүр, угаалгын онгоцыг ил байрлуулж, батлагдсан хуваарийн дагуу 14 хоног тутамд усанд оруулж, бүртгэл хөтөлнө. Хөдөлмөр эрхэлж буй ялтныг хөдөлмөрийн хүнд болон бохир нөхцөлөөс хамааран 7 хоног тутам, шаардлагатай бол тухай бүр усанд оруулна.

6.3.Ялтан хувийн чөлөөт цагаараа хувцас, цагаан хэрэглэлээ угаах, хатаах, индүүдэх зориулалтын дагуу тохижуулсан өрөө, тасалгаагаар хангагдана.

6.4.Хорих анги ялтныг нүүр гарын болон эдийн савангаар сар тутам хангах үүрэгтэй.

6.5.Эрэгтэй ялтан халимагтай /0,3 см-ээс их/ байхыг хориглоно.

6.6.Эмэгтэй ялтан үсээ задгай тавихыг хориглоно.

Долоо. Албан хаагч ялтантай харьцах

7.1.Албан хаагчдын зүгээс ялтантай хүнлэг, энэрэнгүй, хүний хууль ёсны эрх, эрх чөлөөг хүндэтгэж эрүүдэн шүүхээс ангид байх эрхийн хүрээнд харьцана.

7.2.Ялтныг ял шийтгэл, арьс өнгө, яс үндэс, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол зэргээр ялгаварлан харьцахыг хориглоно.

7.3.Ялтан албан хаагчтай харьцахдаа түүний албан тушаал, эсвэл цэргийн цолыг хэлж, өөрийн овог нэр, шийтгүүлсэн эрүүгийн хуулийн зүйл ангиа танилцуулж, хүсэл гомдлоо товч тодорхой илэрхийлнэ.

7.4.Ялтнууд хоорондоо энгийн иргэдийн адилаар бие биенээ “Та” гэж харьцана.

7.5.Албан хаагч нь ялтнуудыг гар утсаар яриулах болон тэдэнд зарж борлуулахыг хатуу хориглоно.

Найм. Үзлэг нэгжлэг

8.1.Ялтны бие, байр, түүний ойр орчинд албан хаагч ямарч үед үзлэг, нэгжлэг хийж болно.

8.2.Эмэгтэй ялтны биед эмэгтэй албан хаагч, эрэгтэй ялтны биед эрэгтэй албан хаагч үзлэг, нэгжлэг хийнэ.

8.3.Амьдралын бүсэд орж гарч байгаа ялтанд тухайн үед албан үүргээ гүйцэтгэж байгаа ээлжийн бүрэлдэхүүн үзлэг, нэгжлэг хийнэ.

8.4.Хүчлэн хамгаалалт, өндөржүүлсэн бэлэн байдал зарласан үед нийт албан хаагчийн хүчээр үзлэг, нэгжлэг хийнэ.

8.5.Үзлэг, нэгжлэгийг 7 хоногт 2-оос доошгүй удаа хийж, үзлэг, нэгжлэгээр илэрсэн хориотой эд зүйлийг хураан авч тэмдэглэл үйлдэнэ.

8.6.Хураагдсан эд зүйлсийн талаар ангийн удирдлагад танилцуулж, дараах байдлаар шийдвэрлүүлнэ:

8.6.1.ялтны хувийн хэрэгцээнд хэрэглэхийг хориглосон эд зүйлсийг ар гэрт нь буцаах, боломжгүй бол тэмдэглэл үйлдэж хадгалах;

8.6.2.улсын орлого болгох;

8.6.3.чанарын хувьд эдэлж хэрэглэх боломжгүй буюу байгаль орчин, хүний эрүүл мэнд, амь насанд хор учруулж болох эд зүйлсийг акт тогтоож, тэмдэглэл үйлдэн устгах.

Ес. Ялтанд зөвшөөрөх эд зүйлс

9.1.Ялтан дараах эд зүйлсийг өөртөө буюу байрандаа хадгалан хэрэглэж болно:

9.1.1.боловсруулсан хүнсний болон гурилан бүтээгдэхүүн;

9.1.2.ариун цэврийн болон ахуйн хэрэгцээний зүйлс;

9.1.3.бугуйн цаг;

9.1.4.аллага, хүчирхийлэл, садар самууныг сурталчилснаас бусад сонин, ном, сэтгүүл;

9.1.5.нормын болон ээлжийн дотуур хувцас;

9.1.6.спортын хувцас;

9.1.7 хөлөгт тоглоом;

9.1.8 гэр бүлийн гишүүдийн фото зураг.

9.1.9.Засгийн газраас тогтоосон амьжиргааны баталгаажих доод төвшингийн 10 хувьтай тэнцэх хэмжээний бэлэн мөнгө.

9.2.Дээрх 9.1-д зааснаас бусад эд зүйлсийг ялтанд болон хорих өрөөнд байлгахыг хатуу хориглоно.

Арав. Хяналтын бүртгэл

10.1.Хорих ангийн дотоод цагийн хуваарийн дагуу нэгдсэн бүртгэлийг өдөрт 2 удаа, хэсэгчилсэн бүртгэлийг шаардлагатай тохиолдолд хийнэ.

10.2.Нэгдсэн бүртгэлд бүх ялтныг овог нэрээр нь дуудаж бүртгэнэ. Тухайн бүртгэлийн хугацаанд ажилд томилогдсон буюу гадуур байгаа ялтныг байршил, цаг хугацаагаар нь бүртгэлийн дэвтэрт тодорхой тэмдэглэнэ.

10.3.Эмнэлэгт хэвтэж байгаа болон сахилгын хорих байр, тусгаарлах тасалгаанд байгаа ялтныг өрөөнд нь овог нэрээр нь дуудаж бүртгэнэ.

10.4.Шаардлагатай ямар ч үед амьдралын болон үйлдвэрлэлийн бүсэд хэсэгчилсэн бүртгэл хийж болно.

10.5.Нэгдсэн буюу хэсэгчилсэн бүртгэлийг ерөнхий жижүүр буюу ээлжийн даргын удирдлагын дор харуул, хамгаалалтын ажилтнууд гүйцэтгэнэ.

10.6.Бүртгэлийн дэвтэр нь жижүүрийн тэмдэглэлийн нэг хэсэг болох бөгөөд түүнийг дууссан тохиолдолд хуудсыг дугаарлан харуул хамгаалалт, гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд даргад шилжүүлж, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нууцыг хамгаалах журам”-д заасан хугацаагаар архивт хадгална.

Арван нэг. Түр ба удаан хугацааны уулзалт

11.1.Уулзалтыг хорих ангийн дарга, харуул хамгаалалт эрхэлсэн дэд даргын бичгээр өгсөн зөвшөөрлөөр ерөнхий жижүүр буюу ээлжийн дарга зохион байгуулна.

11.2.Ялтан зохих хяналтын дор төрөл садантай удаан, бусад хүнтэй түр хугацааны уулзалт хийнэ.

11.3.Төрөл садан гэдэгт түүний эхнэр, нөхөр, хүүхэд, төрсөн болон хадам эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, өвөг эцэг, эмэг эх, нэг ам бүлд хамт амьдардаг ач, зээг ойлгоно.

11.4.Түр болон удаан хугацааны уулзалтаар ирэгсдийн иргэний үнэмлэхийн хуулбар өргөдлийг тоо бүртгэлийн байцаагч хүлээн авч уулзагсад /төрөл садан/-ын баримт бичгийн бүрдлийг шалгаж, ялтны ял эдэлж байгаа дэглэм, уулзах хугацааг магадлан хуульд заасны дагуу тодорхойлно.

11.5.Удаан хугацааны уулзалтын байранд ор, ширээ, сандал, хүнсний зүйлс хадгалах шүүгээ, бусад хэрэглэл байх бөгөөд хугацаа нь 72 цагаас илүүгүй байна.

11.6.Түр уулзалтын байранд шаланд бэхлэгдсэн ширээ, сандал байрлуулах бөгөөд уулзалтын хугацааг эрх бүхий албан тушаалтан 3 цагт багтаан тодорхой зааж шийдвэрлэнэ.

11.7.Харуул хамгаалалтын ажилтны шаардлага биелүүлээгүй болон дотоод журам зөрчсөн тохиолдолд уулзалтыг зогсоож, энэ тухай ангийн удирдлагад мэдэгдэнэ.

11.8.Харуул хамгаалалтын алба уулзалтад хяналт тавьж, ялтанд өгч буй хүнсний болон бусад эд зүйлд үзлэг, шалгалт хийх бөгөөд ялтанд өгөхийг хориглосон эд зүйлс үзлэг, шалгалтаар илэрвэл тэдгээрийг түр хурааж, уулзалт дууссаны дараа эзэнд нь заавал буцаан өгч тэмдэглэл үйлдэн уг ялтны хувийн хэрэгт хавсаргана.

11.9.Удаан хугацааны уулзалтаар дор дурдсан нэг удаагийн хэрэгцээнээс илүү ирсэн болон уулзалтын үед хэрэглэж дуусаагүй буюу үлдсэн зүйлсийг буцаан олгоно:

Нэг удаагийн хэрэгцээ гэдэгт:

-       Гурилан бүтээгдэхүүн 5кг

-       Гурил 10кг

-       Будаа 5кг

-       Сахар 2кг, мах 4 кг, хүнсний ногоо 4 кг /бүх төрөл нийлээд/, жимс 2 кг, сүү 2 литр

-       Хагас боловсруулсан бүтээгдэхүүн 2кг хүртэл байх ба бусад ахуйн хэрэгцээний зүйлс 5 ширхэгээс илүүгүй байна. Хүнсний эрүүл ахуй, чанар аюулгүй байдлыг уулзалтаар ирсэн хүн хариуцана. /Энэ хэсэгт ХЗС-ын 2013 оны А/234-р тушаалаар орсон өөрчлөлтийг тусгав/

11.10.Уулзалтын зардлыг уулзагсад хариуцаж ангитай тооцоо хийх ба удаан хугацааны уулзалт хоногт 4500 төгрөг байна.

11.11.Уулзалтыг ажлын өдрийн 10.00-17.00 цагийн хооронд зохион байгуулах бөгөөд хүчлэн хамгаалалт, өндөржүүлсэн бэлэн байдал зарласан үед түр хугацааны уулзалтыг хязгаарлахгүй.

11.12.Амралтын өдрүүдэд өөр орон нутаг, газар /тухайн хорих анги байрлаж буй газраас бусад аймаг, сум, хот/-аас уулзалтаар ирсэн иргэдийг иргэний үнэмлэх түүнтэй адилтгах бусад баримтыг нь үндэслэн уулзуулах асуудлыг хорих ангийн дарга нэн даруй шийдвэрлэнэ.

Уулзах хүсэлт гаргасан хүнтэй ялтан уулзахыг зөвшөөрөөгүй тохиолдолд хувийн хэрэгт нь тэмдэглэл үйлдэж, өөрөөр нь гарын үсэг зуруулна.

11.13.Ялтны хувийн хэрэгт албан ёсоор бүртгэгдээгүй, төрөл садны хүн болохыг нотолсон хууль ёсны баримт бичиг, эсхүл сум, дүүргийн Засаг даргын тодорхойлолтгүй иргэнтэй удаан хугацааны уулзалт хийлгэхийг хориглоно.

Арван хоёр. Захидал, илгээмж, мөнгөн гуйвуулга

12.1.Хорих ангийн тоо бүртгэлийн байцаагч ялтныг байлцуулан захидал, илгээмжийг задлан үзлэг хийж, хүлээн авсан тухай өөрөөр нь гарын үсэг зуруулах бөгөөд хориглосон зүйл илэрвэл энэхүү журамд зааснаар шийдвэрлэнэ.

12.2.Хорих ангид байхгүй ялтны нэр дээр ирсэн захидал, илгээмжийг задлахгүйгээр “Буцаан хүргүүлэв.” тэмдэг дарж хаягаар нь явуулна.

12.3.Ялтны нэр дээр ирсэн мөнгөн гуйвуулгыг түүний нэрийн дансанд хадгалах бөгөөд ялтан юунд хэдий хэмжээгээр зарцуулах тухай баримт гаргаж, гарын үсэг зурж авна. Ялтны нэг удаагийн авах мөнгөний хэмжээ нь энэ журмын 9 дүгээр зүйлийн 9.1.9-т заасантай нийцэж байвал зохино. Мөн “Гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй ялтан нь сард нэг удаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх мөнгөн дүнг төрөл садныхаа данс руу шилжүүлж болно.”

12.4.Дараах утга, шинж байдал агуулсан захидлыг ялтанд өгөхгүй:

12.4.1.оргох болон бусад гэмт хэрэгт уриалан дуудсан;

12.4.2.хэн нэгнийг гутаан доромжилсон, айлган сүрдүүлсэн;

12.4.3.садар самууныг сурталчилсан;

12.4.4.ялтны сэтгэл зүйд цочрол үзүүлэх зорилготой;

12.4.5.нууц тэмдэг, үл ойлгогдох хэл дохиогоор бичигдсэн.

12.5.Ялтанд өгч болохгүй утга, агуулгатай захидал байвал тоо бүртгэлийн байцаагч нь ангийн дарга, дэд даргад танилцуулан тэмдэглэл үйлдэж, хувийн хэрэгт нь хавсаргаж хадгална.

12.6.Ялтны захидлыг нийгмийн ажилтнаар хянуулж бүртгэлд оруулж илгээнэ.

12.7.Албан хаагч нь ялтны захидал харилцаа, хувийн бусад нууцыг задруулахгүй, чанд хадгалах үүрэгтэй.

Арван гурав. Ялтны эрх, үүрэг

13.1.Ялтан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол Улсын хууль”-ийн 115 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээхээс гадна дор дурдсан эрх эдэлнэ:

13.1.1.хорих ангийн дарга ялтныг төрөл, садантайгаа өөрийн зардлаар утсаар ярих нөхцөл боломжоор хангах ажлыг зохион байгуулна. Жирийн дэглэмтэй хорих ангид ял эдэлж байгаа ялтан 7 хоногт 2 удаа 09.00-17.00 цагийн хооронд, чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлж байгаа ялтан 7 хоногт 1 удаа 09:00-17:00 цагийн хооронд, онцгой дэглэмтэй хорих ангид ял эдэлж байгаа ялтан 14 хоногт 1 удаа, гянданд ял эдэлж байгаа ялтан сард 1 удаа 09:00-17:00 цагийн хооронд 5 минутаас илүүгүй хугацаагаар суурин утсаар ярих эрхтэй. Хариуцсан ажилтан нь тухайн ялтан өөрийн төрөл, садантайгаа ярьж байгаа эсэхэд хяналт тавьж хэнтэй, ямар дугаарын утсанд, ямар хугацаанд ярьсан тухай дэлгэрэнгүй бүртгэл хөтөлнө. /Энэ хэсэгт ХЗС-ын 2013 оны А/234-р тушаалаар орсон өөрчлөлтийг тусгав/

13.1.2.их, дээд сургууль, коллежид өөрийн зардлаар эчнээгээр суралцах;

13.1.3.өөрийн нэрийн дансан дахь мөнгөөр хүнс, нэн тэргүүний хэрэгцээт бусад зүйлийг ангийн дэлгүүрээс худалдан авна;

13.1.4.дэлгүүрт худалдах барааны жагсаалтыг ангийн дарга батална.

13.2.Жирийн дэглэмтэй хорих ангийн ялтан ялынхаа хоёрны нэгээс доошгүйг эдэлсэн, сахилгын зөрчил гаргаж байгаагүй бөгөөд их, дээд сургууль, коллежид эчнээгээр суралцах хүсэлт гаргасныг хорих ангийн даргын саналыг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга суралцахыг зөвшөөрсөн тушаал гаргана.

13.3.Эчнээ сургалтыг зөвхөн хорих ангийн байранд явуулна.

13.4.Ялтныг эчнээгээр суралцуулах асуудлыг тухайн ялтны ар гэр, эсхүл түүний өмгөөлөгч нь суралцуулах сургуулийн захиргаатай урьдчилан тохиролцож, сургалтыг хорих ангийн байрлалд явуулахыг зөвшөөрөн гэрээ байгуулж, элсэлтийн болон төгсөлтийн шалгалт өгөх үеийн харуул хамгаалалтыг хорих ангийн дарга зохион байгуулна.

13.5.Ялтны суралцахтай холбогдон гарах зардлыг хорих анги хариуцахгүй бөгөөд ялтан суралцах хугацаандаа сахилгын зөрчил гаргавал сургалтыг зогсоох хүртэл арга хэмжээ авна.

Арван дөрөв. Өргөдөл, гомдол, хүсэлт

14.1.Ялтан шийтгүүлсэн хэргийн талаар болон хорих ангийн үйл ажиллагаа, албан хаагчдын харилцааны талаар, түүнчлэн хууль тогтоомжоор олгосон бусад боломжоо эдлэх талаар хорих ангийн захиргаа, бусад байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол, хүсэлт гаргана.

14.2.Ялтны өргөдөл, гомдол, хүсэлтийг нийгмийн ажилтан хүлээн авч, бүртгэсний дараа хорих ангийн даргад танилцуулж харьяаллын дагуу шилжүүлнэ.

14.3.Өргөдөл, гомдол, хүсэлтийн хариуг нийгмийн ажилтан тухай бүр нь ялтанд танилцуулж, гарын үсэг зуруулан хувийн хэрэгт хавсаргана.

Арван тав. Хувийн чөлөөт цаг

15.1.Хорих ангийн даргын баталсан дотоод цагийн хуваарийн дагуу ялтан хөдөлмөрлөх болон амрах, хооллохоос бусад хугацааг чөлөөт цагт тооцно.

15.2.Чөлөөт цагт ялтан шашны зан үйл үйлдэх, спортын сонирхсон төрлөөр хичээллэх, ном сонин унших, хорих ангийн номын санг ашиглах боломжоор хорих ангийн захиргаа хангана.

Арван зургаа. Ялтанд чөлөө олгох

16.1.Жирийн дэглэмд ял эдэлж байгаа ялтны төрөл садангийн хүн /эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд, төрсөн болон хадам эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, өвөг эцэг, эмэг эх, нэг ам бүлд амьдардаг ач, зээ/ хүндээр өвчилсөн буюу нас барсан, байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсоны улмаас ар гэрт нь үлэмж хор хөнөөл учирсан бол тухайн ялтны зан байдал, засрал хүмүүжлийг харгалзан баривчлах ял эдлүүлэх байр, хорих ангийн дарга зам хоногийг оролцуулан 7 хүртэл хоногийн чөлөө олгоно.

16.2.Чөлөө хүсэгч иргэн дээрх нөхцөл байдал бий болсныг нотолсон сум, дүүрэг, баг, хорооны засаг дарга, эмнэлгийн байгууллагын магадлагааг бүрдүүлэн баривчлах байр, хорих ангийн даргад чөлөө хүссэн өргөдлийн хамт өгч шийдвэрлүүлнэ.

16.3.Чөлөө авах ялтныг түүний төрөл садангийн хоёроос доошгүй хүний баримт бичгийг шалган төрөл садан гэдэг нь нотлогдвол чөлөө олгох бөгөөд барьцаа мөнгө, эд зүйл авахыг хориглоно.

16.3.Хорих анги, баривчлах байрны дарга холбогдох баримт бичгийн бүрдлийг нягтлаж, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч нарын тодорхойлолт гаргасныг үндэслэн тушаал гаргаж чөлөө олгоно.

16.4.Батлан даагч нь ялтныг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, чөлөөний хугацаа дуусмагц өөрийн биеэр буцаан авчрах үүрэг хүлээнэ.

16.5.Ялтныг чөлөөний хугацаанд ирээгүйгээс хорих ангид учирсан зардлыг батлан даагч бүрэн хариуцна.

16.6.Хорих ангийн дарга ялтанд чөлөө олгосон тухайгаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тогтоол гүйцэтгэх газарт нэн даруй мэдэгдэнэ.

16.7.Чөлөөгөөр явах ялтан, түүний батлан даагч чөлөөний хугацаандаа нийслэлд бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын жижүүрт, орон нутагт явах бол тухайн аймаг, сум дахь шийдвэр гүйцэтгэх албанд ажлын цагаар өдөрт 1 удаа бүртгүүлэх үүрэгтэй. Чөлөөгөөр яваа ялтан орон нутаг дахь шийдвэр гүйцэтгэх албанд бүртгүүлсэн бол бүртгэсэн албан хаагч энэ тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын жижүүрт шуурхай мэдээгээр танилцуулна.

16.8.Хэрэв чөлөөний хугацаандаа бүртгүүлээгүй, оршин суух газартаа байгаагүй, эсхүл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол чөлөөг даруй зогсоож, уг ялтанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол Улсын хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулна.

16.9.Ялтанд эрүүгийн өөр хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа, эсхүл ял эдэлж байхдаа дахин гэмт хэрэг үйлдэж шийтгэгдсэн буюу оргохыг завдсан, зөрчил гаргаж сахилгын шийтгэл хүлээсэн, түүнчлэн эмнэлгийн магадлагаа, сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргын тодорхойлолт, тамга, тэмдэг, батлан даагчийн иргэний үнэмлэх зөрчилтэй байгаа бол ялтанд чөлөө олгохыг хориглоно.

Арван долоо. Ялтныг хөдөлмөрлүүлэх

17.1.Төлөөлөгч, тоо бүртгэлийн байцаагч, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч нарын саналыг үндэслэн хорих ангийн даргын баталсан хуваарийн дагуу ялтныг хөдөлмөрт хуваарилна.

17.2.Ялтны хөдөлмөрийн хуваарийг хорих ангийн даргын шийдвэрээр өөрчилнө.

17.3.Дараах нөхцөлд ялтныг хөдөлмөрт гаргахыг хориглоно:

17.3.1.харуул хамгаалалтын зохих шаардлага хангагдаагүй;

17.3.2.хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам биелэгдээгүй, эсхүл энэ талаар зааварчлага өгөгдөөгүй;

17.3.3.ялтны биеийн байдал муу, сэтгэл санаа тогтворгүй байгаа тохиолдолд эмч болон сэтгэл зүйчийн гаргасан тодорхойлолтыг үндэслэнэ.

17.4.Чанга, онцгой дэглэмтэй хорих ангийн ялтны ажил, амралтын цагийг тухайн хорих ангийн үйлдвэрлэлийн онцлогийг харгалзан хорих ангийн дарга өөрөөр зохицуулж болно.

17.5.Ялтны хөдөлмөрийн норм, үнэлгээ, хөлс, түүний нэрийн дансны үлдэгдлийн талаар хариуцсан нягтлан бодогч нь сар тутам уг ялтанд танилцуулж, гарын үсэг зуруулна.

17.6.Хорих анги нь ялтнаар хөдөлмөр эрхлүүлэхдээ түүний мэргэжил, хөдөлмөрийн чадварыг харгалзаж болно.

17.7.Ялтны хөдөлмөрийн хөлсийг түүний нэрийн дансанд төвлөрүүлж, энэ журмын 10 дугаар зүйлийн 10.1.2, 13 дугаар зүйлийн 13.4-т заасны дагуу зарцуулна.

17.8.Тухайн ялтан шүүхээр тогтоогдсон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад төлөх өр, төлбөртэй бол түүний нэрийн дансанд төвлөрсөн мөнгөнөөс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.8, 121 дүгээр зүйлийн 121.3-т зааснаар зохих суутгалыг хийж, үлдсэнийг нэрийн дансанд төвлөрүүлнэ.

17.9.Ялтныг төрийн нууц, цэрэг стратегийн ач холбогдолтой зэрэг тусгай дэглэм бүхий онцгой объектод, түүнчлэн чанга, онцгой дэглэмтэй ялтныг бусад аж ахуйн нэгж, байгууллагад гэрээгээр ажиллуулахыг тус тус хориглоно.

Арван найм. Ялтны дунд зохиох сургалт, хүмүүжлийн ажил

18.1.Ялтныг шийтгүүлсэн хэрэг, түүний нийгмийн хор аюул, бусдад учруулсан хохирол, тэдгээрээс үүдэн гарсан үр дагаврыг ойлгуулах, хорих ялын зорилгыг хангах, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх, ерөнхий боловсролын болон мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор сургалт, хүмүүжлийн ажилд хамруулна.

18.2.Хорих анги дахь сургалт, хүмүүжлийн ажлыг сэтгэл зүйч, нийгмийн ажилтан хариуцан, батлагдсан төлөвлөгөөний дагуу явуулах бөгөөд хорих ангийн дарга өдөр тутмын удирдлагаар хангаж, бусад нэгж дэмжлэг, туслалцаа үзүүлнэ.

18.3.Сургалт, хүмүүжлийн ажлыг ялтны шийтгүүлсэн хэрэг, насны онцлог, хувийн байдал, хорих ялын дэглэмээс хамаарч ялгамжтай явуулах бөгөөд сургалтыг зөвхөн хорих ангийн байрлалд явуулна.

18.4.Хорих анги өөрийн үйлдвэрлэлийн чиглэл, онцлогт тохируулан мэргэжлийн сургалт явуулж болно.

18.5.Ялтны дунд зохиох сургалт, хүмүүжлийн ажлын нэгдсэн төлөвлөгөөг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар батлах бөгөөд энэхүү сургалт, хүмүүжлийн ажилд төрийн болон бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, шашны байгууллагыг татан оролцуулж болно.

18.6.Ялтны дунд явуулж байгаа сургалт, хүмүүжлийн ажил, хамрагдсан ялтны тоо, үр дүнгийн талаарх мэдээллийг Тогтоол гүйцэтгэх газарт сар бүр ирүүлнэ.

Арван ес. Ялтныг урамшуулах

19.1.“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол Улсын хууль”-ийн 126 дугаар зүйлд заасан урамшууллыг ялтанд дараах тохиолдолд олгоно:

19.1.1.хорих ангийн дотоод дэг журмыг чанд сахиж, сахилгын зөрчил гаргаагүй, хөдөлмөрлөх үүргээ хангалттай биелүүлсэн;

19.1.2.хорих ангиас зохиож буй ажилд идэвхтэй оролцож, зарласан болзлыг бүрэн хангасан;

19.1.3.ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийг чанд сахиж, мэдлэг боловсролоо бие даан дээшлүүлсэн, шинэ санаачилга гаргаж хэрэгжүүлсэн;

19.1.4.ерөнхий боловсролын сургалтад хамрагдсан насанд хүрээгүй ялтан нь улирлын болон жилийн эцсийн хичээлийн дүнгээр “А” үнэлэгдсэн.

19.2.Ялтныг урамшуулах тухай санал, тодорхойлолтыг тухайн ангийн аль ч албан хаагч, тоо бүртгэлийн байцаагчаар дамжуулан хорих ангийн захиргаанд гаргаж болно.

19.3.Ялтныг урамшуулах бол хорих ангийн дарга тушаал гаргана.

19.4.Оногдуулсан ялын хуульд заасан хэсгийг эдэлсэн, засарч хүмүүжсэнээ зан байдлаараа харуулж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн ялтныг ялаас хугацааны өмнө тэнсэн суллах тухай саналыг хорих ангийн дарга прокурорт гаргана.

19.5.Ялтныг урамшуулахдаа “Ялтанд шагналын хоног олгох, ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ял эдлэх дэглэмийг өөрчлөхөд мөрдөх журам”-ыг баримтална.

Хорь. Сахилгын шийтгэл

20.1.Ялтан хууль тогтоомж, түүний дагуу батлагдсан заавар, журам зөрчсөн нь гэмт хэргийн шинжгүй бол түүнд хорих ангийн даргын тушаалаар сахилгын шийтгэл ногдуулна.

20.2.Албан хаагч илрүүлсэн зөрчлийн талаар акт бичиж ерөнхий жижүүр, ээлжийн даргад танилцуулна. Ерөнхий жижүүр, ээлжийн дарга нь 24 цагийн дотор ангийн даргад танилцуулж шийдвэр гаргуулна.

20.3.Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг тухайн ялтанд танилцуулж зөрчлийн актад гарын үсэг зуруулна. Гарын үсэг зурахаас татгалзвал энэ тухай зөрчлийн актад тэмдэглэнэ.

20.4.Сахилгын байранд хоригдох ялтан ариун цэврийн хэрэглэл /оо, саван, сойз/-ээс өөр зүйл авч орохыг хориглоно.

20.5.Сахилгын байранд гав дөнгө, номхруулах хэрэгслэлийг ялтан өөрийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахаас бусад тохиолдолд хэрэглэхийг хориглоно.

20.6.Ялтныг сахилгын хорих байранд хорихын өмнө эмчийн үзлэгт оруулж, уг шийтгэлийг биеэр эдлүүлж болох тухай тодорхойлолт гаргуулна.

20.7.Сахилгын хорих байранд хоригдох ялтан тухайн улирлын хувцастай, амрах үед хөнжил, гудасыг дотоод цагийн хуваарьт зааснаар тавьж олгоно.

20.8.Сахилгын хорих байранд хоригдож байгаа ялтныг хорих өрөөнд нь хооллоно.

20.9.Эрүүл мэндийн улмаас ялтныг сахилгын хорих байрнаас хугацаанаас нь өмнө гаргах бол эмчийн тодорхойлолтыг үндэслэн хорих ангийн дарга шийдвэрлэнэ. Ийнхүү гаргасан ялтны эрүүл мэнд хэвийн болсон нөхцөлд сахилгын шийтгэлийг нөхөн эдлүүлнэ.

20.10.Харуул хамгаалалтын хяналтын дор эмч өдөр бүр сахилгын хорих байранд хоригдогсдын эрүүл мэндийн байдалд үзлэг хийж, энэ тухай тэмдэглэл үйлдэн тушаалд хавсаргана.

Хорин нэг. Ялтны аюулгүй байдлыг хангах

21.1.Амь нас, эрүүл мэндэд нь аюул, занал учирсан тохиолдолд ялтан ямар ч албан хаагчтай харьцаж тусламж хүсэх эрхтэй бөгөөд ийм мэдээлэл авсан албан хаагч ялтны аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч, энэ тухай ангийн удирдлагад нэн даруй мэдэгдэнэ.

21.2.Ялтны аюулгүй байдлыг хангах зорилгоор ерөнхий жижүүр, ээлжийн дарга үндэслэл бүхий тогтоол үйлдэн түүнийг тусгаарлах тасалгаанд шилжүүлж болно.

21.3.Хорих ангийн хамгаалалтын бүсээс гадна ажиллаж байгаа ялтны амь нас, эрүүл мэндэд халдаж болзошгүй тухай мэдээллийг хорих ангийн албан хаагч олж мэдсэн, эсхүл цагдаагийн байгууллагын болон бусад байгууллага, иргэдийн мэдээлэл ирсэн бол харуул хамгаалалтын байнгын хяналтад авах, хөдөлмөрийн нөхцөлийг өөрчлөх зэрэг шаардлагатай арга хэмжээг шуурхай зохион байгуулна.

21.4.Дээрх мэдээллийн тухай Тогтоол гүйцэтгэх газрын дарга, эрх бүхий албан тушаалтанд нэн даруй танилцуулна.

Хорин хоёр. Ялтныг суллах

22.1.Ялтны ял эдэлсэн хугацааны тооцоог хорих ангийн тоо бүртгэлийн байцаагч сар тутамд хийж ялтанд танилцуулна.

22.2.Ялтны ялын өөрчлөлтийн тухай бусад газраас ирүүлсэн шийдвэрийг тоо бүртгэлийн байцаагч тухай бүр ангийн удирдлага болон ялтанд танилцуулж гарын үсэг зуруулна.

22.3.Суллагдаж байгаа ялтныг эмч үзэж тодорхойлолт гаргана.

22.4.Хорих ангийн санхүүгийн ажилтан суллагдаж байгаа ялтантай тооцоо хийж, хариуцуулж өгсөн эд хөрөнгийг гэмтээж, үрэгдүүлсэн бол үнийг зохих журмын дагуу төлүүлнэ.

22.5.Ялтны нэрийн данс хариуцсан санхүүгийн ажилтан нь ялтны хадгалуулсан эд зүйлс, нэрийн данс дахь мөнгө, үнэт цаас, үнэт эдлэл зэргийг тэмдэглэл үйлдэн хүлээлгэн өгч гарын үсэг зуруулж, хувийн хэрэгт хавсаргана.

22.6.Нэрийн данс дахь мөнгө нь ялтны замын зардалд хүрэлцэхгүй бол хуульд заасны дагуу нэмж олгоно.

22.7.Суллагдах ялтантай тооцоо хийж дууссаны дараа тоо бүртгэлийн байцаагч түүний иргэний баримт бичиг, уг хүний суллагдсан тухай албан тодорхойлолтыг зам явах хуудсын хамт олгоно.

22.8.Өр төлбөртэй ялтан хугацаа дуусч суллагдвал энэ тухай оршин суугаа газрын Шийдвэр гүйцэтгэх албанд, эсхүл Шийдвэр гүйцэтгэх газарт албан бичгээр даруй мэдэгдэнэ.

Хорин гурав. Ялтны байршил, хөдөлгөөн, чиглэл

23.1.Ялтны байршил, хөдөлгөөн, чиглэлийг ангийн даргын тушаалаар баталж мөрдөнө.

23.2.“Ялтны байршил” гэж хорих ангийн дотоод цагийн хуваарьт заагдсан тодорхой цаг хугацаа, газарт ялтан байрлахыг хэлнэ.

23.3.Байршлыг тогтоохдоо 60-80 ялтны эрхэлж байгаа үйлдвэрлэл, аж ахуйн чиглэлээр нь нийтийн байр, барилга, аж ахуй үйлчилгээний зэрэг хэсэгт хуваан байршуулж, тэдний ор, хувцас, хоол бэлтгэх, савлах, хооллох хэрэгслийг ялтан нэг бүрт хуваарилан дугааржуулсан байна.

23.4.“Ялтны хөдөлгөөн” гэж хорих ангийн дотоод цагийн хуваарийн дагуу 06.00 цагаас 22.00 цаг хүртэл үргэлжлэх үйл ажиллагааг хэлнэ.

23.5.Ялтны хөдөлгөөн нь өглөөний босолт, нүүр гар угаах, цай хоолонд орох, ажилд гарах, буух, нүүр гар угаах, чөлөөт цаг, халуун усанд орох, бие засах, унтаж амрах зэрэг хязгаарлалт бүхий хугацааг заасан ялтны зайлшгүй мөрдөх дэгээс бүрдэнэ.

23.6.Ялтнууд ангийн дотоод цагийн хуваариар зохицуулагдсан хөдөлгөөн хязгаарлалтын хугацаатай ажиллах, амрах, хооллох байртай, зөвшөөрсөн газруудад явах тодорхой чиглэлтэй байна.

23.7.Ялтны явах чиглэлийг эрхэлдэг ажил, эзэмшсэн мэргэжил, засрал хүмүүжлийн төвшинг харгалзан хэсгээр буюу ялтан нэг бүрээр тогтоож болно.

23.8.Ялтны байршил, хөдөлгөөн, чиглэлийг тогтоохдоо ангийн дотоод цагийн хуваарьт нийцүүлнэ.

23.9.Хорих ангийн дотоод ажилд ялтны хөдөлгөөн, байршил, хорих ангийн дотоод цагийн хуваариар зохицуулагдаж байгаа ялтантай холбоотой бүхий л үйл ажиллагааг хамруулна.

Хорин дөрөв. Ялтан ажиллуулахыг хориглосон ажил үүрэг

24.1.Хорих ангийн дор дурдсан объектод ялтан ажиллуулахыг хориглоно:

24.1.1.галт зэвсэг, албаны баримт бичиг болон тусгай хэрэгсэл хадгалагдаж байгаа нэгжүүдэд;

24.1.2.хамгаалалтын техник хэрэгслийн болон дотоодын хориотой бүсийн хамгаалалтын инженерийн хэрэгслэлийн засвар үйлчилгээнд;

24.1.3.албаны компьютер, олшруулах, радио, цахилгаан мэдээний аппарат, утас, факс зэрэг техникийн засвар үйлчилгээнд;

24.1.4.тооллого тооцоотой холбоотой ажил, эм тариа, тэсрэх дэлбэрэх болон хордуулах бодис хадгалдаг байранд;

24.1.5.худалдагч, нягтлан бодогч, мөнгөний нярав, мөн нарийн бүтэцтэй болон өндөр үнэтэй хэрэгсэл хадгалах агуулахад.

Хорин тав. Хорих ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт

25.1.Хорих үйл ажиллагаанд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль”-ийн 142 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн хяналт тавина.

25.2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон түүний харьяа анги, алба, нэгжүүдийн удирдлага хорих ангийн үйл ажиллагаанд хяналт тавина.

25.3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа шийдвэр гүйцэтгэх алба, хорих ангид мэргэжлийн байгууллагаас өөрсдийн эрхлэх асуудлын хүрээнд хэсэгчилсэн шалгалт, үзлэг хийх тохиолдолд удирдамжийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын холбогдох газарт, иж бүрэн шалгалт хийх тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад тус тус урьдчилан танилцуулж, зөвшөөрөл авсны үндсэн дээр хамруулж болно.