Хэвлэх DOC Татаж авах

Хууль зүйн сайдын 2013 оны

А/211 дүгээр тушаалын хавсралт

 

 

ГАДААД УЛСАД ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ АВСАН ИРГЭН

ГАНЦААРЧЛАН БОЛОН ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ ХЯЗГААРЛАГДМАЛ ХАРИУЦЛАГАТАЙ НӨХӨРЛӨЛ

БАЙГУУЛАН МОНГОЛ УЛСАД ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү журам нь гадаад улсад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн /цаашид “гадаадын хуульч” гэх/ ганцаарчлан болон хуулийн этгээд байгуулан Монгол Улсад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.

Хоёр.Гадаадын хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хэлбэр

2.1.Гадаадын хуульч нь Монгол Улсад дараах хэлбэрээр хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулна:

2.1.1.ганцаарчлан хууль зүйн туслалцаа үзүүлэх;

2.1.2.гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл /цаашид “ГХОХХН” гэх/ байгуулах;

2.1.3.Монгол Улсын хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй хуульч болон өмгөөллийн хуулийн этгээдтэй гэрээний үндсэн дээр хамтран ажиллах.

Гурав.Гадаадын хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны төрөл

3.1.Энэ журмын 2.1 дэх хэсэгт заасан хэлбэрээр хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах гадаадын хуульч нь зөвшөөрөл авсан тухайн улсынхаа хууль тогтоомж ба олон улсын эрх зүйн асуудлаар дараах төрлийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэн явуулна:

3.1.1.хууль зүйн асуудлаар амаар болон бичгээр лавлагаа, зөвлөгөө өгөх;

3.1.2.хууль зүйн ач холбогдол бүхий баримт бичгийн эх боловсруулах, хянах, батлах;

3.1.3.иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр хууль тогтоомжид заасан хууль зүйн туслалцаа үзүүлэх, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шүүхээс бусад зохих байгууллагад төлөөлөх;

3.1.4.нэхэмжлэл, хүсэлтийг шийдвэрлэх, хохирол барагдуулахад чиглэсэн аливаа зөвшилцөх, эвлэрүүлэх үйл ажиллагаа явуулах;

3.1.5.Монгол Улсын арбитрт маргаан хянан шийдвэрлэхэд болон олон улсын шүүх, арбитрт үйлчлүүлэгчээ төлөөлөх.

3.2.Гадаадын хуульч нь энэ журамд заасны дагуу бүртгүүлээгүй бол 3.1 дэх хэсэгт заасан үйл ажиллагааг Монгол Улсад эрхлэхийг хориглоно.

Дөрөв.Гадаадын хуульч Монгол Улсын хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй хуульчтай хамтран ажиллах

4.1.ГХОХХН нь Монгол Улсын хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй хуульч гишүүнтэй бол Монгол Улсын хууль тогтоомж, эрх зүйн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлнэ.

4.2.Гадаадын хуульч нь энэ журмын 2.1.3 дахь заалт болон 4.1 дэх хэсэгт зааснаар хамтран ажиллаж байгаа тохиолдолд Монгол Улсын хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй тухайн хуульчийн нэр, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн талаар үйлчлүүлэгчид заавал мэдэгдэнэ.

Тав.Гадаадын хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд тавигдах шаардлага

5.1.Гадаадын хуульч нь Монгол Улсад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхэд дараах шаардлагыг хангана:

5.1.1.гадаад улсад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх;

5.1.2.хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг 2 болон түүнээс дээш жил эрхэлсэн туршлагатай байх;

5.1.3.хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг эрхлэх хугацаанд мэргэжлийн болон ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй;

5.1.4.Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасан зөвшөөрлийг авсан эсхүл авах төлөвлөгөөтэй байх. ГХОХХН байгуулан ажиллах бол 1-ээс доошгүй гишүүн нь энэ хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

5.1.5.Монгол Улсад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хугацаанд хуульчийн мэргэжлийн хариуцлагын даатгалд даатгуулсан байх.

5.2.Гадаадын хуульч нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийг дагаж мөрдөнө.

5.3.Гадаадын хуульч нь аль улсын хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй болох тухайгаа байгууллагын албан харилцааны бичиг баримтад тодорхой тусгана.

Зургаа.Гадаадын хуульчийн бүртгэл

6.1.Энэ журмын 5.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан гадаадын хуульчийг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага бүртгэж, гэрчилгээ олгоно.

6.2.Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь гадаадын хуульчийн бүртгүүлэх өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор бүртгэлд бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

6.3.Гадаадын хуульч нь бүртгүүлэх өргөдөлдөө дараах бичиг баримтыг Монгол орчуулгын хамт хавсаргана:

6.3.1.гадаад улсад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй болохыг нотолсон гэрчилгээ, батламж зэрэг нотлох баримтын хуулбар;

6.3.3.хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг эрхлэх хугацаанд, мэргэжлийн болон ёс зүйн зөрчил гаргаж байгаагүйг нотолсон баримт;

6.3.4.хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг 2 болон түүнээс дээш жил эрхэлсэн туршлагатай болохыг нотолсон баримт;

6.3.5.Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасан зөвшөөрлийг авсан эсхүл авах төлөвлөгөөтэй болохоо илэрхийлсэн өргөдөл;

6.3.6.хуульчийн мэргэжлийн хариуцлагын даатгалд даатгуулсан тухай баримт;

6.3.7.гадаад паспортын хуулбар.

6.4.Энэ журмын Зургаа, Найм дугаар зүйлд заасан гадаадын хуульчийн бүртгэл, бүртгэлээс хасах тухай асуудлыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга шийдвэрлэнэ./ХЗДХС-ын 2019 оны А/54 дүгээр тушаалаар нэмэлт орсныг тусгав/

Долоо.Гадаадын хуульч гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл байгуулах журам

7.1.Гадаадын хуульч нь Монгол Улсад ГХОХХН байгуулан хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх бол гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийг бүртгэх эрх бүхий этгээдэд гаргах өргөдөлдөө дараах бичиг баримтыг хавсаргана:

7.1.1.ГХОХХН-ийн гишүүн тус бүрийн энэ журмын 6.1 дэх хэсэгт заасан бүртгэлийн гэрчилгээ;

7.1.2.гадаад улс дахь хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулах бол тухайн байгууллагын зөвшөөрөл болон өргөдөл гаргагч нь тус байгууллагын гишүүн бөгөөд эрх олгосон болохыг нотолсон тодорхойлолт;

7.1.3.энэ журмын 7.1.2-т заасан хуулийн этгээд нь тухайн улсдаа хууль тогтоомжийн хүрээнд байгуулагдан үйл ажиллагаа явуулдаг тухай эрх бүхий байгууллагын тодорхойлолт эсхүл хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар.

7.2.Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ журамд заасны дагуу бүртгүүлсэн гадаадын хуульчийн, хуулийн этгээдийн улсын бүртгэл хариуцсан төрийн захиргааны байгууллага нь ГХОХХН-ийн талаарх мэдээллийг Монголын Хуульчдын холбоонд хүргүүлнэ.

Найм. Гадаадын хуульчийг бүртгэлээс хасах

8.1.Гадаадын хуульчийг энэ журмын 6.1 дэх хэсэгт заасан бүртгэлээс хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах тохиолдолд хасна:

8.1.1.бүртгүүлэхдээ хуурамч бичиг баримт бүрдүүлсэн;

8.1.2.энэ журмыг зөрчиж үйл ажиллагаа явуулсан;

8.1.3.хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийг зөрчсөн талаар энэ журмын 8.2 дахь хэсэгт заасан зөвлөлийн дүгнэлт гарсан;

8.1.4.ГХОХХН нь хууль зүйн туслалцаа, үйлчилгээнээс бусад ашгийн төлөө үйл ажиллагаа явуулсан.

8.1.5.хуульч өөрөө хүсэлт гаргасан;

8.1.6.гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл хүсэлт гаргасан. /ХЗДХС-ын 2019 оны А/54 дүгээр тушаалаар нэмэлт орсныг тусгав/

8.2.Гадаадын хуульчийн мэргэжлийн хариуцлагын асуудлаарх маргааныг хууль зүйн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүний дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэн дүгнэлт гаргана. Зөвлөлийг хууль зүйн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн байгуулна. Зөвлөлийн бүрэлдэхүүнд хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын асуудал хариуцсан нэгжийн удирдлага, мэргэжилтэн, Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүн, гадаадын хуульчдын төлөөлөл, гадаадын хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан төрийн байгууллагын төлөөлөл багтана.

8.3.Гадаадын хуульч, ГХОХХН-ийн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавина. Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ийнхүү хяналт тавихдаа холбогдох этгээдээс шаардлагатай мэдээлэл, баримт бичгийг шаардах эрхтэй.