Хэвлэх DOC Татаж авах

/БСШУЯ-ны 2017.01.27-ны өдрийн 2/789 тоот албан бичгээр хасалт хийсэн/

Боловсрол, шинжлэх ухааны
cайдын  2013 оны 08 сарын 09-ний өдрийн
А/287 дугаар тушаалын хавсралт

 

                                                              Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын
                                                                 байгууллагын багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх  журам

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгийн багш, ажилтан (захирал, эрхлэгч, сургалтын менежер, нийгмийн ажилтан, арга зүйч, дотуур байрын багш, номын санч, туслах багш)-ын мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.
1.2. Багш, удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагааг багшийн мэргэжил дээшлүүлэх чиг үүрэг бүхий сургалт- арга зүйн төв байгууллага, орон нутгийн боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага зохион байгуулна.
1.3. Энэхүү журмын зорилго нь багш, удирдах болон бусад ажилтны ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлэх, тасралтгүй хөгжлийг хангах таатай нөхцөл бүрдүүлэхэд оршино.
1.4. Мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагаа нь боловсролын  салбарт институцэд суурилсан багшийн мэргэжил дээшлүүлэх үйлчилгээг төрийн болон иргэний нийгмийн байгууллага, олон улсын төсөл, хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр зохион байгуулах зарчимд тулгуурлана.
1.5. Мэргэжил дээшлүүлэх сургалтыг танхимын болон зайн, онлайн сургалтын хосолсон хэлбэрээр  үндэсний, орон нутгийн болон ажлын байранд буюу байгууллагын түвшинд зохион байгуулна.
Хоёр. Мэргэжил дээшлүүлэх сургалтын төрөл, тэдгээрийн зорилго
2.1. Багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх сургалт нь тэдний ажил, мэргэжлийн чиглэлээр эзэмшсэн мэдлэг, ур чадвараа ахиулах үндсэн сургалт, боловсролын бодлого, чиглэлийг таниулах, хэрэгжүүлэх болон мэргэжлийн тусгай дидактикийн ур чадварт суралцах төрөлжсөн сургалт, чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа хөгжих  ажлын байран дахь сургалт гэсэн төрөлтэй байна.
2.2. Мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад эхний болон хоёр, гурав, дөрөв, тав, арав дахь жилдээ ажиллаж байгаа багш, эхний болон тав, арав дахь жилдээ ажиллаж байгаа ажилтныг хамруулна.
2.3. Эхний жилдээ ажиллаж байгаа багш, ажилтанд зориулсан үндсэн сургалтын зорилго нь хувь хүний хөгжил болон ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино.
2.4. Эхний жилдээ ажиллаж буй багш нь мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад хамрагдсанаар багшлах эрхээ авах үндэслэл болно.
2.5. Хоёр, гурав, дөрөв дэх жилдээ багшилж буй багш, ажилтанд зориулсан сургалтыг орон нутгийн үндсэн сургалт гэнэ.
2.6. Нэг, тав, арав дахь жилдээ ажиллаж буй багш, ажилтанд зориулсан сургалтыг үндэсний хэмжээний үндсэн сургалт гэнэ.
2.7. Хоёр, гурав, дөрөв дэх жилдээ багшилж буй багш, ажилтанд зориулсан үндсэн сургалтын зорилго нь хуримтлуулсан туршлага, хэрэгцээнд нь тулгуурлан байгууллагын болон сургалтын менежментийн онол арга зүйг хөгжүүлэхэд чиглэнэ.
2.8. Арав дахь жилдээ багшилж буй багш, ажилтанд зориулсан үндсэн сургалтын зорилго нь мэдлэг чадвар, арга туршлагаа хуваалцах, харилцан суралцах, дидактикийн шинэ онол, арга зүй, туршилт судалгааны ур чадвар, зөвлөн туслах арга барил эзэмшихэд чиглэнэ.
2.9. Тав ба арав дахь жилдээ  ажиллаж буй багш нь мэргэжил дээшлүүлэх сургалтад оролцсоноор багшлах эрхээ сунгах үндэслэл болно.
2.10. Мэргэжил дээшлүүлэх төрөлжсөн сургалтын зорилго нь боловсролын бодлого, чиглэлийг таниулах, хэрэгжүүлэх арга зам болон мэргэжлийн тусгай дидактикийн ур чадварт суралцах, хувь хүний хөгжил, мэдлэг ур чадварыг дэмжихэд оршино.
2.11. Ажлын байран дахь сургалтын зорилго нь үйлийн судалгаа хийх, багшлах ур чадвараа хөгжүүлэх, харилцан суралцах замаар үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа хөгжихөд чиглэнэ.
Гурав. Мэргэжил дээшлүүлэх сургалтад тавигдах шаардлага
3.1. Мэргэжил дээшлүүлэх сургалт нь дараах шаардлагыг хангасан байна.

3.1.1. Сургалтын зорилго нь зорилтот бүлгийн хөгжих, суралцах хэрэгцээ шаардлагад үндэслэсэн байх
3.1.2. Сургалтын агуулга нь зорилтот бүлгийн ажил мэргэжлийн онцлог, ажлын байрны чиг үүрэгт нийцсэн байх
3.1.3. Сургалтын арга зүй нь зорилтот бүлгийн сонирхол хүсэл дээр суурилан сонголт хийх, гүнзгийрүүлэн судлах, туршлага, судалгааны үр дүнг хуваалцах, мэдээлэл, технологид суурилсан байх
3.1.4. Сургалтын зохион байгуулалт нь байршил, цаг хугацаа, давтамжийн хувьд оновчтой байх
3.1.5. Сургалтын үнэлгээ нь суралцсан агуулга, хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнгээр үнэлэгдэх

Дөрөв. Мэргэжил дээшлүүлэх сургалтын зохион байгуулалт

4.1. Эхний болон тав, арав дахь жилдээ ажиллаж буй багш, ажилтанд зориулсан үндсэн сургалтыг багшийн мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулах чиг үүрэг бүхий сургалт, арга зүйн төв байгууллага, хоёр, гурав, дөрөв дэх жилдээ ажиллаж буй багшийн мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага зохион байгуулна.
4.2. Үндэсний хэмжээний үндсэн сургалтын үргэлжлэх хугацаа 10 хоног, орон нутгийн үндсэн сургалтын үргэжлэх хугацаа 3 хоног байна.

4.3. Төрөлжсөн сургалтыг мэргэжил дээшлүүлэх эрх бүхий бүхий төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, иргэн зохион байгуулж болно.
4.4. Ажлын байран дахь мэргэжил дээшлүүлэх сургалт нь сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдсан байх ба захирал, сургалтын менежер, заах аргын нэгдлийн ахлагч, арга зүйч удирдлагаар ханган ажиллана. Энэ сургалтыг төлөвлөж, хэрэгжүүлэхдээ орон нутгийн боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран ажиллана.  
4.5. Мэргэжил дээшлүүлэх орон нутгийн үндсэн сургалтын хөтөлбөрийг багшийн мэргэжил дээшлүүлэх чиг үүрэг бүхий сургалт, арга зүйн байгууллага, үндэсний хэмжээнд зохион байгуулах үндсэн сургалтын хөтөлбөрийг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тус тус батална.
4.6. Төрөлжсөн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг уг сургалтыг зохион байгуулах байгууллага боловсруулж, багшийн мэргэжил дээшлүүлэх чиг үүрэг бүхий сургалт, арга зүйн төв байгууллага баталгаажуулна.
4.7. Ажлын байран дахь сургалтын агуулга, хөтөлбөр, төлөвлөгөөг тухайн сургалтын  байгууллага боловсруулж, баталгаажуулна.
4.8. Багшийн мэргэжил дээшлүүлэх чиг үүрэгтэй сургалт, арга зүйн төв болон аймаг, нийслэл, дүүргийн боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь мэргэжил дээшлүүлсэн багш, ажилтны талаарх мэдээллийн нэгдсэн сантай байна.
Тав. Мэргэжил дээшлүүлэх сургалтын санхүүжилт
5.1. Мэргэжил дээшлүүлэх сургалтын зардал дараах эх үүсвэрээс санхүүжинэ.Үүнд:
5.1.1. Үндсэн сургалтыг тухайн жилд ажиллаж байгаа багш нарын статистик судалгаа, тухайн сургалтын нэг суралцагчид ногдох зардлыг үндэслэн улсын төсвөөс санхүүжүүлнэ. Энэ зардал нь албан томилолт, унаа, хичээл заасан багшийн ажлын хөлс, өдрийн хоол, бичиг хэрэг, сургалтын хэрэглэгдэхүүн, бусад зардлаас бүрдэнэ.
5.1.2 Боловсролын бодлого чиглэл, тэдгээрийг хэрэгжүүлэх арга зүйг таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой сургалтаас бусад төрөлжсөн сургалтын санхүүжилт нь сургалтын төлбөр байна.  Төрөлжсөн сургалтыг  зохион байгуулагчийн санаачилгаар гадаад, дотоодын төсөл, хөтөлбөр, хандив тусламжаас санхүүжүүжиж болно. Энэ тохиолдолд санхүүжилт өгсөн байгууллагын санхүүгийн журмыг баримтална.

5.1.3 Ажлын байран дахь сургалтын зардал нь байгууллагын тухайн жилийн мэргэжил дээшлүүлэх зардалд багтана.
---------оОо---------