A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр

Дугаар 389

Улаанбаатар хот

ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ

Усны тухай хуулийн 9.1.1-ийг үндэслэн, Улсын Их Хурлын 2010 оны 24 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. "Улсын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө"-г хавсралт ёсоор баталсугай.

2. Улсын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх нэгдсэн бодлого, салбар дундын болон бүс нутгийн зохицуулалтаар хангаж ажиллахыг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Усны үндэсний хорооны нарийн бичгийн дарга Ц.Бадрах нарт даалгасугай.

3. Улсын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөвт тусгаж, гадаадын зээл, тусламж, төсөл хөтөлбөртэй уялдуулан санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд Ч.Улаан, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.ОЮУН