A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 2 дугаар сарын 7-ны өдөр

Дугаар 30

Улаанбаатар хот

ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.5.3.1, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2014 оны 4 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Ойн цэвэрлэгээ" хөтөлбөрийг хавсралт ёсоор баталсугай.

2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд хяналт тавих, шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгах арга хэмжээ авч ажиллахыг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюунд даалгасугай.

3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж шинээр ажлын байр бий болгох, ажилчдад мэргэжлийн ур чадвар олгох, дадлагажуулах сургалт зохион байгуулж ажиллахыг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавт үүрэг болгосугай.

4. Ойн цэвэрлэгээ явуулах газар нутгийн ойд замын хайгуул хийж, ойн зам барьж байгуулах, ойн цэвэрлэгээгээр бэлтгэсэн модон түүхий эдээр модлог шахмал хавтан, шахмал түлш, барилгын материал, дизель түлш, бионүүрс зэрэг шинэ нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх орчин үеийн технологитой үйлдвэрүүд байгуулахад шаардагдах хөрөнгө оруулалтыг холбогдох яамтай хамтарч шийдвэрлэн, дэмжлэг үзүүлж ажиллахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгад үүрэг болгосугай.

5. Хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхэд шаардлагатай байгаа 15.5 (арван таван тэрбум таван зуун сая) тэрбум хүртэлх төгрөгийг шийдвэрлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав нарт даалгасугай.

6. Хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахыг Завхан аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив, Хөвсгөл аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар, Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ, Булган аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат, Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат, Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат, Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар нарт тус тус үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.ОЮУН