Хэвлэх DOC Татаж авах

Засгийн газрын 2014 оны 87 дугаар
              тогтоолын хавсралт

 

НООЛУУРЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ, ЭКСПОРТЫГ
НЭМЭГДҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх зорилгоор үйлдвэрүүдийн түүхий эд бэлтгэлд зориулан агуулах дахь ноолуурын баталгаажсан үлдэгдлийг барьцаалан эргэлтийн хөрөнгийн зээл олгох, улмаар ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх байнгын тогтолцоог бүрдүүлэхэд энэхүү журмын зорилго оршино.

1.2. Ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх үйлдвэрүүдийн түүхий эд бэлтгэлд зориулж банкнаас зээл олгох, зээлийн нөхцөл, хяналт тавих, агуулахын хөдөлгөөнийг бүртгэх, тайлагнах харилцааг энэхүү журмаар зохицуулна.  

Хоёр. Нэр томьёоны тодорхойлолт

2.1. “Ноолуур боловсруулах үндэсний үйлдвэр” гэж (цаашид “үйлдвэр” гэх) 51 болон түүнээс дээш хувийг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж эзэмшдэг үйлдвэрийг.

2.2. “Cертификат” гэж агуулах дахь ноолуурын чанар, хэмжээг тодорхойлж, үнийг тусган баталгаажуулсан баримт бичгийг.

Гурав. Зээл олгоход тавих шаардлага

3.1. Үйлдвэрт эргэлтийн хөрөнгийн зээл олгоход дор дурдсан үндсэн шаардлага тавина:

3.1.1. ноолуур угаах, самнах дамжлага бүхий экспорт хийж байсан туршлагатай үйлдвэр байх;

3.1.2. үйлдвэр нь “Хөдөө аж ахуйн бирж”-ийн итгэмжлэгдсэн агуулахын нөхцөлийг хангахуйц, түүхий болон самнасан ноолуурыг тус тусад нь хадгалах зориулалтын агуулахтай байх;   

3.1.3. агуулах дахь түүхий болон самнасан ноолуурын урсгалыг сертификатаар баталгаажуулах зарчмыг хүлээн зөвшөөрөх;

3.1.4. түүхий ноолуур худалдан авах, боловсруулах, самнасан ноолуур арилжаалахад Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, банк, Нэхмэлийн хүрээлэн хяналт тавих болон бусад нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн байх;

3.1.5. хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;

3.1.6. Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу төлөх ёстой татвар, хураамж, төлбөрөө төлсөн байх;

3.1.7. үйлдвэр нь хэрэгцээт түүхий ноолуурын 30 хувийг өөрийн эх үүсвэрээр худалдах авах буюу банкинд хөрөнгөө барьцаалуулах замаар зээл авч, уг зээлийн эх үүсвэрээр агуулах дахь түүхий ноолуурын нөөц бүрдүүлэх чадамжтай байх;

3.1.8. агуулахад баталгаажсан, банкны зээлийн барьцаа хөрөнгө болох ноолуурыг даатгуулсан байх.

3.2. Банк нь эргэлтийн хөрөнгийн зээл олгохдоо энэ журмын 3.1-д зааснаас гадна өөрийн шаардлагыг тавина.

Дөрөв. Батлан даалт

4.1. Ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээнд зориулан Монголбанкнаас банкинд олгосон зээлийн эх үүсвэрт учирч болзошгүй гадаад зах зээлийн эрсдэлд Засгийн газрыг төлөөлж Сангийн яам тодорхой нөхцөлтэй батлан даалт гаргана.

4.2. Батлан даалт гаргахтай холбогдсон харилцааг Монголбанк, Сангийн яам хооронд байгуулах Батлан даалтын гэрээгээр зохицуулна.

4.3. Энэ журмын 4.1-д заасан батлан даалт нь дараах ерөнхий нөхцөлтэй байна:

4.3.1. батлан даалтаар зохицуулах эрсдэл: самнасан ноолуурын гадаад зах зээлийн үнэ буурсны улмаас Монголбанкнаас банкинд олгох зээлийн эргэн төлөлтөд эрсдэл үүсэх; 

4.3.2. самнасан ноолуурын гадаад зах зээлийн үнийг тодорхойлох үндсэн эх сурвалжийг Монголбанк, Сангийн яам харилцан тохиролцоно;

4.3.3. эрсдэл хүлээх дараалал:

4.3.3.1. үйлдвэрийн өөрийн гаргасан хөрөнгө;

4.3.3.2. үйлдвэрийн хөрөнгийг барьцаалж банкны өөрийн эх үүсвэрээр олгосон зээл;

4.3.3.3. Засгийн газрын батлан даалт;

4.3.3.4. Монголбанкны эх үүсвэр.

4.4. Энэхүү журмын 4.3.2-т заасан ноолуурын гадаад зах зээл дэх үнэ нь Монголбанк, Засгийн газар хооронд байгуулсан Батлан даалтын гэрээнд заасан дүнгээс буурсан нөхцөлд уг журмын 4.3.3.3-т заасан Засгийн газрын батлан даалтын нөхцөл үүснэ.

Тав. Зээлийн нөхцөл

5.1. Зээлийн эх үүсвэрийг банк үйлдвэрт зөвхөн түүхий ноолуур худалдан авч, боловсруулсан ноолуур үйлдвэрлэж экспортлоход зориулан төгрөгөөр олгоно.

5.2. Банк зээлийн эх үүсвэрийг Монголбанкинд төлөх сүүлийн хугацаа 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байна.

5.3. Үйлдвэрт олгох зээлийн хүүгийн түвшинг Монголбанк тогтоох ба зээлийн ерөнхий нөхцөлийг Монголбанкнаас банкинд олгох зээлийн гэрээнд тусгасан байна.

5.4. Монголбанк зээлийн эх үүсвэрийг банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлт, заавал байлгах нөөцийн шаардлагыг ханган ажиллаж байгаа банкинд олгоно.

5.5. Банк үйлдвэрт зээл олгох шийдвэрийг банкны эрсдэлийн удирдлагад тулгуурлан бие даан гаргана.

5.6. Зээл авахаар хүсэлт гаргасан үйлдвэрийн хүсэлтийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам хүлээн авч, энэхүү журмын 3.1-д заасан шаардлагыг хангаж буй эсэхэд үнэлгээ, дүгнэлт хийж, шаардлага хангасан үйлдвэртэй Бодлогын гэрээг байгуулан, үйлдвэрээс ирүүлсэн хүсэлт, Бодлогын гэрээ, холбогдох баримт бичгийг банкинд хүргүүлнэ.

5.7. Банкнаас үйлдвэрт олгох зээлийн хувьд зээл, үнэлгээний харьцаа (ЗҮХ) 70 хувиас ихгүй байна.

5.8. Банк агуулахад байгаа стандартын шаардлага хангасан, сертификатаар баталгаажсан түүхий ноолуурын үлдэгдлийг барьцаанд тооцож, түүхий ноолуур худалдан авах дараагийн зээлийг үйлдвэрт олгоно.

5.9. Агуулахын нөөцийг баталгаажуулсан сертификатад Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Нэхмэлийн хүрээлэнгийн төлөөлөгч, хяналт тавих үүрэг бүхий бусад холбогдох байгууллага гарын үсэг зурж баталгаажуулна.

5.10. Агуулах болон үйлдвэрийн үе шат бүрт байгаа ноолуур нь банкны зээлийн барьцаанд байна.

Зургаа. Ноолуурын стандарт, ноолуурын гарц

6.1. Самнасан ноолуур нь дараах стандартын шаардлагыг хангасан байна:

6.1.1. MNS 3683 Ямааны боловсруулсан ноолуур. Техник шаардлага хангасан байх;

6.1.2. Биржээр арилжаалах нөхцөл хангах савлагаа, шошго бүхий байх. (шаардлагыг Хөдөө аж ахуйн бирж тогтооно)

6.2. Үйлдвэрийн шат дамжлага тус бүрийн ноолуурын гарцыг дунджаар дараах хувиар тооцно:

6.2.1. түүхий ноолуурыг угаасны дараа 70-75 хувьтай тэнцэх угаасан ноолуур гарна;

6.2.2. түүхий ноолуурыг угааж, самнасны дараа 45-50 хувьтай тэнцэх хэмжээний самнасан ноолуур гарна.

Долоо. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны эрх, үүрэг

7.1. Агуулах дахь түүхий, угаасан болон самнасан ноолуурын стандартыг энэ журмын 6.1-д зааснаар тодорхойлно.

7.2. Агуулахад байгаа ноолуурын үлдэгдэлд гарч байгаа өөрчлөлт, агуулахын хөдөлгөөнийг бүртгэх, хяналт тавих, тайлагнах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

7.3. Агуулахын нөөцийн тайланг ажлын өдрүүдэд Монголбанкинд тогтмол хүргүүлж, тайлангийн үнэн бодит байдалд газар дээрх хяналт шалгалтыг долоо хоногийн давтамжтай хийж гүйцэтгэнэ.

7.4. Хөдөө аж ахуйн биржээс түүхий ноолуур худалдан авах дээд үнийг зарлана.

7.5. Бодлогын гэрээ байгуулсан үйлдвэрүүдээс шаардлагатай мэдээ, тайланг гаргуулан авна.

Найм. Үйлдвэрийн эрх, үүрэг

8.1. Үйлдвэр нь түүхий ноолуурыг Хөдөө аж ахуйн биржээс худалдан авах бөгөөд биржийн арилжаанд гэрээт брокероор дамжуулан нэгдсэн захиалга өгч оролцоно.

8.2. Үйлдвэр нь Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамтай Бодлогын гэрээ байгуулна.

8.3. Үйлдвэрийн агуулахад буй түүхий болон самнасан ноолуурын чанар, хадгалалтын горим, аюулгүй байдлыг үйлдвэр бүрэн хариуцна.

8.4. Зээлийн эх үүсвэрээр худалдан авсан түүхий ноолуурыг зөвхөн угааж самнан, энэ журмын 6.1-д заасан стандартын шаардлага хангасан самнасан ноолуурыг экспортолно.

8.5. Самнасан ноолуур борлуулах экспортын гэрээгээр баталгаажсан төлөвлөгөөг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд хүргүүлнэ.

8.6. Үйлдвэр зээлийн хөрөнгөөр авсан ноолуурыг давхар барьцаалах, өрийн баталгаа гаргах, зориулалтын бусаар ашиглахыг хориглоно.

Ес. Хөдөө аж ахуйн биржийн эрх, үүрэг

9.1. Журмын дагуу түүхий ноолуурын арилжааг бирж дээр зохион байгуулна.

9.2. Үйлдвэрүүдийн биржээс худалдан авсан ноолуурын гэрээг баталгаажуулна.

9.3. Самнасан ноолуурыг биржээр арилжаалж болно.

Арав. Бусад

10.1. Энэхүү журмын нөхцөлүүдийг зөрчсөн үйлдвэрт дахин зээл олгохгүй бөгөөд авсан хөнгөлөлттэй зээлийг зах зээлийн нөхцөлд шилжүүлж буцаан төлүүлнэ.

10.2. Үйлдвэр энэхүү журмын 6.2-т заасан хувь, хэмжээнд хүрээгүйгээс үүсэх үр дагаврыг бүрэн хариуцна.

10.3. Энэхүү журмыг зөрчсөн үйлдвэрт холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

 

------oOo-----