A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 

Дугаар 216

Улаанбаатар хот

"САЙНШАНД" АЖ ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОР ТӨСЛИЙН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь заалтыг үндэслэн Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.2.15 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Сайншанд" аж үйлдвэрийн цогцолбор төслийн мастер төлөвлөгөөний бүрдлийг хавсралтаар баталсугай.

2. Мастер төлөвлөгөө болон цогцолборын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх, төслийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах үүрэг бүхий төрийн өмчит "Сайншанд" аж үйлдвэрийн цогцолбор ХХК-ийг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулах арга хэмжээ авахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо (Ч.Хашчулуун), Төрийн өмчийн хороо (Б.Заяабал)-нд даалгасугай.

З. "Сайншанд" аж үйлдвэрийн цогцолбор ХХК-ийн үйл ажиллагааг эхлүүлэхэд шаардагдах зардлын тооцоог гаргаж эхний ээлжинд улсын төсвөөс санхүүжүүлэх хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхийг Сангийн сайд Д.Хаянхярваад даалгасугай. /Энэ заалтыг ЗГ-ын 2018 оны 9-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

4. "Сайншанд" аж үйлдвэрийн цогцолборын ерөнхий төлөвлөгөө, инженерийн дэд бүтэц (зам, тээвэр, эрчим хүч, усан хангамж) болон нийгмийн үйлчилгээний барилга, байгууламжийн техник-эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулах, дэд бүтцийг барихад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг улсын болон орон нутгийн төсөвт тусган хэрэгжүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд Д.Хаянхярваа, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо (Ч.Хашчулуун), Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг нарт даалгасугай. /Энэ заалтыг ЗГ-ын 2018 оны 9-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

5. Цогцолборын үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтыг эдийн засаг, татварын бодлогоор дэмжих эрх зүйн орчинг бүрдүүлэх чиглэлээр холбогдох шийдвэрийн төсөл боловсруулан 2012 оны III улиралд багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд Д.Хаянхярваа нарт даалгасугай.

6. Сайншанд орчмын "Бор-Хөөвөр"-ийн ордод өмнө нь судалгаагаар тогтоогдсон усны хуримтлал бүхий талбайд гидрогеологийн нарийвчилсан хайгуул хийж, ашиглах боломжит нөөцийн хэмжээг шинэчлэн тогтооход шаардагдах 1.500.0 (нэг тэрбум таван зуун) сая төгрөгийг Монгол Улсын 2013 оны төсөвт тусган санхүүжүүлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар, Сангийн сайд Д.Хаянхярваа нарт даалгасугай.

7. "Сайншанд" аж үйлдвэрийн цогцолборыг дагалдан хөгжүүлэх жижиг, дунд үйлдвэрлэлийн техник-эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулах, түүнд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг улсын болон орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд Д.Хаянхярваа, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо (Ч.Хашчулуун), Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг нарт даалгасугай.

8. "Сайншанд" аж үйлдвэрийн цогцолборын санхүүжилтийн төлөвлөгөө, бүтэц, арилжааны загвар болон санхүүжилттэй холбоотой бусад асуудлаар Монгол Улсын Хөгжлийн банкыг санхүүгийн зөвлөхөөр ажиллуулсугай.

9. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.ХҮРЭЛБААТАР