Хэвлэх DOC Татаж авах

 

/ХЗДХС-ын 2018 оны А/207 дугаар тушаалаар хүчингүй болсон/

Хууль зүйн сайдын 2014 оны

А/61 дүгээр тушаалын хавсралт

 

ИРГЭНИЙ ОВОГ, ЭЦЭГ /ЭХ/-ИЙН НЭР,

НЭР ӨӨРЧЛӨХ ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Иргэний овог, эцэг /эх/-ийн нэр, нэрийг өөрчлөхөд Иргэний бүртгэлийн тухай хууль болон энэхүү журмыг мөрдөнө.

1.2.Бага насны болон шүүхээс эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон хүний овог, эцэг /эх/-ийн нэр, нэр өөрчлөх, насанд хүрээгүй хүний овог, эцэг /эх/-ийн нэр, нэр өөрчлөхөд Иргэний бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, 18.3-т заасныг баримтална.

1.3.Энэхүү журам нь Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д заасан журам хамаарахгүй.

Хоёр.Иргэний овог, эцэг /эх/-ийн нэр, нэрийг өөрчлөх

2.1.Иргэний овог, эцэг /эх/-ийн нэр, нэрийг Иргэний бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7-д заасны дагуу тус бүр 1 удаа өөрчилж болно.

2.2.Иргэн өөрийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэрийг өөрчлүүлэхээр нэгэн зэрэг болон тус тусад нь өргөдөл гаргаж болно.

2.3.Иргэн урьдын овог, эцэг /эх/-ийн нэр, нэр авахаар өргөдөл гаргахдаа энэхүү журмын 4 дүгээр зүйлд заасан баримт бичгийг бүрдүүлж, 3 дугаар зүйлд заасан журмыг баримтална.

Гурав.Иргэний хүсэлтийг хүлээн авах, хянах

3.1.Иргэн овог, эцэг /эх/-ийн нэр, нэр өөрчлөх тухай өргөдлөө өөрийн оршин суугаа газрын сумын улсын бүртгэгч, дүүргийн Бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчид гаргана. Өргөдөлд Иргэний бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4-т заасныг дурдсан байна.

3.2.Иргэн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийн биеэр ирэх боломжгүй тохиолдолд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч өмнөөс нь өргөдөл гаргаж болно. Итгэмжлэлийг нотариатаар гэрчлүүлсэн байна.

3.3.Сумын улсын бүртгэгч, дүүргийн Бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч иргэний ирүүлсэн материалын бүрдлийг хянан үзэж, хүлээн авна. Энэхүү журмын 4.1, 4.2-т заасан бүрдүүлбэр дутуу тохиолдолд хүлээн авахаас татгалзаж, татгалзсан үндэслэлийг иргэнд мэдэгдэнэ.

3.4.Улсын бүртгэгч иргэний бүрдэл хангасан материалыг хүлээн авсны дараа ажлын 10 хоногийн дотор өмнө нь овог, эцэг /эх/-ийн нэр, нэрээ өөрчлүүлж байсан эсэхийг мэдээллийн санд шалгана. Хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн иргэн овог, эцэг /эх/-ийн нэр, нэрээ өөрчлүүлэхээр өргөдөл гаргасан тохиолдолд улсын бүртгэгч холбогдох байгууллагаас лавлагаа, мэдээлэл авсны дараа сум, дүүргийн Засаг даргад танилцуулна.

3.5.Сум, дүүргийн Засаг дарга иргэний баримт бичигтэй танилцан ажлын 5 хоногийн дотор иргэний овог, эцэг /эх/-ийн нэр, нэрийг өөрчлөх тухай захирамж гаргана.

Дөрөв.Бүрдүүлэх баримт бичиг

4.1.Овог, эцэг /эх/-ийн нэр, нэр өөрчлүүлэхийг хүссэн иргэн өргөдөлд Иргэний бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4.1, 18.4.2, 18.4.4, 18.4.5, 18.4.7 заасан баримт бичиг болон дараах баримт бичгийг хавсаргана:

4.1.1.итгэмжлэгдсэн төлөөлөгч өргөдөл гаргаж байгаа тохиолдолд итгэмжлэл;

4.1.2.үйлчилгээний хөлс төлсөн баримт;

4.1.3.Банк, татварын албанд өртэй эсэх лавлагаа.

4.2.Бага насны болон шүүхээс эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон хүний овог, эцэг /эх/-ийн нэр, нэр өөрчлүүлэх, насанд хүрээгүй хүний овог, эцэг /эх/-ийн нэр, нэр өөрчлүүлэх тухай өргөдөлд Иргэний бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, 18.3, 18.4.1-18.4.3, 18.4.5, 18.4.7 заасан баримт бичиг болон үйлчилгээний хөлс төлсөн баримтыг хавсаргана.

Тав.Овог, эцэг /эх/-ийн нэр, нэр өөрчилснийг бүртгэх

5.1.Сумын улсын бүртгэгч, дүүргийн Бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Засаг даргын захирамжийг үндэслэн иргэний овог, эцэг /эх/-ийн нэр, нэр өөрчилснийг ажлын 2 хоногийн дотор бүртгэн, төрсний гэрчилгээ болон бусад иргэний баримт бичгийг шинэчлэн, иргэний овог, эцэг /эх/-ийн нэр, нэр өөрчилсний гэрчилгээг олгож, иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэж, баталгаажуулна.

5.2.Иргэний нэр өөрчилснийг бүртгэхдээ Иргэний бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5-д заасны дагуу түүний нэрээр овоглодог хүүхдийн эцэг /эх/-ийн нэрийг нэг адил өөрчилж, иргэний баримт бичгийг шинэчлэн олгож, иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэж, баталгаажуулна.

5.3.Овог, эцэг /эх/-ийн нэр, нэрийн нэг үсэг өөрчлөгдсөнөөр тухайн үгийн утга, агуулга өөрчлөгдөж байвал овог, эцэг /эх/-ийн нэр, нэр өөрчлөгдсөн гэж үзнэ. /Жишээ нь: Саран, Сараа ,Оч, Ач г.м/

Зургаавог, эцэг /эх/-ийн нэр, нэрийг өөрчлөхөөс татгалзах

6.1.Улсын бүртгэгч Иргэний бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4, 18.7, 18.8 дахь хэсгийг тус тус үндэслэн иргэний овог, эцэг /эх/-ийн нэр, нэрийг өөрчлөхөөс дараах тохиолдолд татгалзана:

6.1.1.энэ журмын 4 дүгээр зүйлд заасан баримт бичгийн бүрдэл хангагдаагүй;

6.1.2.өмнө нь овог, эцэг /эх/-ийн нэр, нэрээ өөрчилсөн;

6.1.3.өргөдөл гаргагч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хоригдол, хорих ял эдэлж байсан;

6.1.4.өргөдөл гаргагч нь банк, татварын албанд өртэй.

6.2.Иргэний овог, эцэг /эх/-ийн нэр, нэрийг өөрчлөхөөс татгалзах үндэслэл илэрсэн тохиолдолд улсын бүртгэгч иргэнд овог, эцэг /эх/-ийн нэр, нэрийг өөрчлөхөөс татгалзсан тухай хариуг ажлын 3 хоногийн дотор бичгээр мэдэгдэнэ.

Долоо.Бусад зүйл

7.1.Овог, эцэг /эх/-ийн нэр, нэр өөрчлүүлсэн иргэн боловсролын болон нийгмийн даатгалын байгууллагаас олгосон диплом, гэрчилгээ, нийгмийн даатгалын болон эрүүл мэнд, тэтгэврийн дэвтэр, төрийн эрх бүхий бусад байгууллагаас олгосон баримт бичигт өөрчлөлт оруулахаар холбогдох эрх бүхий байгууллагад 60 хоногийн дотор хандаж, шинэчлэн авна.

7.2.Улсын бүртгэгчийн хөтөлсөн иргэний овог, эцэг /эх/-ийн нэр, нэр өөрчилсний бүртгэлийн үйл ажиллагаанд хяналтын чиг үүрэг бүхий улсын байцаагч хяналт тавина.