Хэвлэх DOC Татаж авах

/ХЗДХЯ, ШЕЗ-ийн 2016.09.12-ны А/40,113 дугаар тушаалаар хүчингүй болсон/

Хууль зүйн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн

даргын 2014 оны А/96, 90 дүгээр хамтарсан тушаалын хавсралт

 

ШҮҮХ, ШҮҮГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү журмаар шүүх, шүүхийн барилга, байгууламжийн аюулгүй байдлыг хамгаалах, шүүх хуралдааны журам сахиулах, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, хуяглан хүргэх, хүч нэмэгдүүлэн хуяглан хүргэх, шүүхийн дуудаснаар ирэхгүй байгаа яллагдагч, гэрчийг албадан ирүүлэх, оргон зайлсан яллагдагчийг эрэн сурвалжлах, баривчлах ажиллагааг зохицуулна.

1.2.Энэ журмын 1.1-д заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хууль, Тахарын албаны тухай хууль, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Гүйцэтгэх ажлын тухай хууль, Төрийн нууцын тухай хууль, Байгууллагын нууцын тухай хууль, Хувь хүний нууцын тухай хууль болон энэ журмыг баримтална.

Хоёр. Нэр томьёоны тодорхойлолт

2.1.Энэ журамд заасан дараах нэр томьёог дор дурдсанаар ойлгоно:

2.1.1.“шадар хамгаалалт” гэж шүүгчийг биечлэн дагах хамгаалалт;

2.1.2.“гадуур хамгаалалт” гэж шүүгч, түүнд хамаарал бүхий этгээдийг гадуур зорчих үед тэдний аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор тодорхой орчин, нутаг дэвсгэрт ил хэлбэрээр зохиож байгаа хамгаалалт;

2.1.3.“далд хамгаалалт” гэж шүүгч, түүнд хамаарал бүхий этгээдийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор тэдний ажиллаж, амьдарч, байрлаж байгаа орчин, явах зам, чиглэлийн дагуу заналхийлэгч этгээдийг илрүүлэх, үйлдлийг нь таслан зогсоох далд хэлбэрийн хамгаалалт;

2.1.4.“Яллагдагч, шүүгдэгч, ялтны эрүүл мэндийн байдалд өөрчлөлт орох” гэж бие, эрүүл мэндийн хэвийн байдал алдагдах, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх нөхцөл үүсэхийг ойлгоно;

2.1.5.“Тээврийн хэрэгслийн саатал” гэж техникийн эвдрэл, гэмтэл, шатах, тослох материалын хүрэлцээгүй байдлыг ойлгоно;

2.1.6.“Хоноглох” гэж төлөвлөгөөний дагуу заасан цэгүүдэд амраахыг ойлгоно;

2.1.7.“Байгалийн хүчин зүйлийн нөлөөлөл” гэж тээврийн хэрэгсэл цас, шаварт суух, төөрөх, зам боогдох зэргийг ойлгоно.

Гурав. Шүүх, шүүхийн барилга, байгууламжийн аюулгүй байдлыг хамгаалах

3.1.Тахарын албаны тухай хуульд заасны дагуу бүх шатны шүүх, шүүхийн барилга байгууламжийн харуул хамгаалалтыг тахарын алба бүрэн хариуцаж, шүүхийн аюулгүй байдлыг хангах ажиллагааг холбогдох хууль тогтоомж, энэ журамд заасны дагуу гүйцэтгэнэ.

3.2.Тойргийн тахарын алба нь шүүх, шүүхийн барилга байгууламжийн аюулгүй байдлыг хамгаалах дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.2.1.шүүхийн байрны харуул хуягийг томилон, үйл ажиллагаанд нь өдөр тутмын хяналт тавьж мэргэжлийн удирдлагаар хангах;

3.2.2.шүүх, шүүхийн барилга байгууламжийг 24 цагаар харуул хамгаалалтад байхаар зохион байгуулж, харуул хуягийн ажиллах горимыг тогтоох;

3.2.3.шүүхийн харуул хуягийн өдөр тутмын ажил хүлээлцэх, тусгай хэрэгсэл, эд зүйл хүлээлцэх, үүрэг гүйцэтгэлийн байдалд байнгын хяналт тавьж ажиллах;

3.2.4.шүүхийн харуул хуягаас хууль тогтоомж, энэ журамд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгэхийг шаардах, дотоод хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, илэрсэн зөрчил дутагдлыг шалгах, арилгах арга хэмжээг зохион байгуулах;

3.2.5.шүүх хуралдааныг өөр газар явуулах /Цагдан хорих, нүүдэллэн ажиллах/ болон шүүхийн Ёс зүйн хорооны хуралдаанд шүүгч оролцох үеийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг тахарын алба, шүүхийн тамгын газартай хамтран зохион байгуулах;

3.2.6.онцгой нөхцөл байдал, ажлын ачаалал үүссэн тохиолдолд шүүхийн харуул хуягийг нэмж томилох, цагдаагийн байгууллагаас нэмэлт хүч авах;

3.2.7.онцгой нөхцөл үүссэн тохиолдолд учрах эрсдэл, аюулыг зайлуулах, түүний хохирлыг багасгах талаар шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

3.2.8.шүүх болон түүний гадна орчинд олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, гэнэтийн халдлага гарах, шүүгч, гэрч, хохирогчийн амь биед халдах, барьцаалах, шүүхийн байр руу дайрах, бүслэх, үйл ажиллагааг тасалдуулахыг оролдох, галдан шатаах, шүүхийн байрны орчимд замын хөдөлгөөн хаах зэрэг иргэд, байгууллагын зүгээс учруулж буй аливаа хууль бус үйлдлийн улмаас шүүхийн шүүн таслах ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх боломжгүй, мөн үйл ажиллагаанд нь саад учруулсан буюу учруулж болох /цаашид “онцгой нөхцөл” гэх/ тохиолдолд, тойргийн тахарын алба удирдан шүүхийн тамгын газартай хамтран тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад мэдэгдэн шүүхийн байрыг хүч нэмэгдүүлсэн хамгаалалтад авах.
3.2.9.шүүхийн тамгын газраас тахарын үйл ажиллагааг сайжруулах, хамтарч ажиллах чиглэлээр ирүүлсэн санал, шаардлагыг хэрхсэн тухайгаа албан бичгээр эргэж мэдэгдэж байх. /ХЗС, ШЕЗ-ийн 2015-11-11-ний А/255,174 тоот тушаалаар 3.2.9 дахь заалтыг нэмсэн/

3.3.Шүүх, шүүхийн барилга байгууламжийн аюулгүй байдлыг хамгаалах үүрэг гүйцэтгэж буй харуул хуяг шүүхийн байранд нэвтрэгсдийн биеийн байцаалт, холбогдох баримт бичгийг шалгаж оруулахдаа шатах, тослох, тэсэрч дэлбэрэх материал, хорт бодис, зэвсгийн чанартай эд зүйлс байгаа эсэх, гадаад төрх, биеэ авч яваа байдлаараа сэжиг бүхий этгээд, согтууруулах болон мансууруулах бодис хэрэглэсэн этгээдэд үзлэг хийх, согтуурлын зэрэг тогтоох багаж /драгер/-аар шалгаж  согтуурлын зэрэг нь 0.18-с их байгаа тохиолдолд шүүх хуралдаанд оруулахгүй, шүүхээр үйлчлүүлэхгүй байх арга хэмжээ авна.

3.4.Харуул хуяг нь тухайн шүүхийн байрны барилгын бүтэц, онцлог, зохион байгуулалтын талаар болон тусгай техник хэрэгсэл ажиллуулах мэдлэгтэй байж аливаа эвдрэл, гэмтэл гарсан тохиолдолд шүүхийн тамгын газар, харуул хуягийн ахлагчид нэн даруй мэдэгдэнэ.

3.5.Харуул хуяг шүүх хуралдааныг сонирхогч этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчдийг тухайн шүүх хуралдааны нарийн бичгийн даргаас урьдчилан өгсөн нэрсийн жагсаалтын дагуу тулган шалгаж, дотогш нэвтрүүлнэ.

3.6.Харуул хуяг шүүх хуралдаанд оролцогч болон сонирхогч этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид шүүхийн байранд энэхүү журмаар /дуу чимээ гаргах, чанга ярих, хашгирах, дүрс бичлэгийн болон хөгжмийн хэрэгсэл ажиллуулах, хог хаях, эд зүйл эвдлэх, гэмтээх, зарлал, мэдээлэл наах, зураг зурах, дайрч орох, хууль бус аргаар нэвтрэх, бусад зөрчил/ хориглосон үйлдэл гаргуулахгүй байх, таслан зогсоох арга хэмжээг авна.

3.7.Харуул хуяг нь энэ журмын 3.6-д заасан этгээдүүдээс шүүх, шүүхийн барилга байгууламж, хамгаалалтын бүсэд хуулийн дагуу тавьсан албан шаардлагыг биелүүлэхгүй байхыг уриалах, шүүхийн эзэмшлийн хашаа, ил зогсоолд зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд 18.00 цагаас хойш тээврийн хэрэгсэл байрлуулах, шүүхийн байрны орчинд согтууруулах ундаа хэрэглэх, шүүхийн эзэмшлийн нутаг дэвсгэрт шүүх хуралдаантай холбогдуулан жагсаал, цуглаан, аливаа арга хэмжээг зохион байгуулахыг хориглох, таслан зогсоох талаар арга хэмжээ авна.

3.8.Харуул хуяг шүүхийн байранд үүрэг гүйцэтгэхдээ шүүхийн дотоод дэг журам, хөдөлмөр хамгааллын болон галын аюулгүй байдлын дүрэм, зааврыг чанд мөрдөж ажиллана.

3.9.Шүүгч, шүүх бүрэлдэхүүн, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангахдаа харуул хуяг дараах эрх эдлэнэ:

3.9.1.хамгаалалтын үүрэг гүйцэтгэхтэй холбоотой шаардлагатай мэдээллийг шүүхийн тамгын газраас авах;

3.9.2.шүүгч, ажилтан, шүүхэд нэвтэрч буй бусад этгээдээс шүүхийн дотоод дэг журмыг дагаж мөрдөхийг шаардах;

3.9.3.шүүхийн байрны хамгаалалтыг хэрэгжүүлэхэд шаардагдах ажлын байр, орчин нөхцөлийг бүрдүүлэх тухай санал гаргах.

3.10.Шүүхийн байрны аюулгүй байдлыг хангах зорилгоор хамгаалалтын бүсийг эрх бүхий байгууллагаас олгосон газрын кадастрын зураглал, газрыг тогтоосон хашаа болон бусад тэмдэглэгээгээр шүүхийн тамгын газар баталгаажуулна. Хамгаалалтын бүс, түүний аюулгүй байдлыг хангах ажлыг тахарын алба зохион байгуулж хэрэгжүүлнэ.

3.11.Шүүхийн байранд шүүн таслах ажиллагааг хэвийн явуулах, аюулгүй байдлыг хангахад шаардагдах дохиолол, холбооны хэрэгсэл, гал унтраах хэрэгсэл, хяналтын камер, металл илрүүлэгч хаалга, гар металл илрүүлэгч, ачаа тээш шалгах рентген төхөөрөмжөөр /цаашид "Тусгай техник хэрэгсэл" гэх/ хангах ажлыг Шүүхийн ерөнхий зөвлөл, Тахарын ерөнхий газар байгууллагын төсөвт тусгуулж хамтран зохион байгуулна. Мөн шүүгч, шүүхийн ажилтнууд орох, гарах тусгай хаалгатай байж болно.

3.12.Ачаа тээш шалгах рентген төхөөрөмжид сэжигтэй дүрс илрэх болон дуут дохиогоор мэдээлэл өгвөл харуул хуяг нарийвчилсан үзлэгийг гар металл хайгчаар бие болон гар тээшинд хийж, ноцтой зөрчил илэрсэн тохиолдолд түр саатуулж шүүхийн тамгын газар, харуул хуягийн ахлагч, тухайн шүүх байрлах нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэнэ.

3.13.Шүүхийн байрны үүдний хэсэгт ачаа тээш түр хадгалах хайрцаг бүхий төмөр шүүгээ байрлуулж, иргэд түүнд гар цүнх, бусад овор ихтэй эд зүйлсээ хадгалуулан дотогш нэвтэрнэ. Шүүхийн байранд нэвтрэгсэд нь биеийн байцаалт, баримт бичгээ харуул хуягт шалгуулж дотогш нэвтрэх бөгөөд гар тээш, сав, баглаа боодол, бусад зүйлд шаардлагатай гэж үзвэл харуул хуяг үзлэг хийнэ. Шүүгч, шүүхийн ажилтнуудаас бусад этгээд нэвтэрч байгаа тохиолдолд энгэрийн зүүлт зүүнэ.

3.14.Шүүхийн серверийн өрөө, хэргийн эд мөрийн баримт хадгалах өрөө, архивын өрөөнүүд нь галын аюулгүй байдал, архивын баримт бичиг, хадгалалт хамгаалалтын аюулгүй байдлын стандартын дагуу тоноглогдсон байна.

3.15.Шүүхийн байрны нэгдүгээр давхар, шүүх хуралдааны танхим, шүүгдэгчийг түр саатуулах өрөө, хонгил, шат хоорондын цонх дотроосоо онгойх цоожтой төмөр хаалттай байх ба түлхүүрийг шүүхийн тамгын газар, тухайн шүүхэд үүрэг гүйцэтгэж буй харуул хуяг хадгална.

3.16.Шүүгчийн өрөө, шүүх хуралдааны танхим, зөвлөлдөх тасалгаа дуу чимээ нэвтрэхээс хязгаарласан 2 давхар хаалгатай байна.

3.17.Шүүх хуралдааны танхим дахь шүүгдэгчийн суух хэсгийг 200х80 см харьцаатай хаалга бүхий 220 см хүртэл өндөр, яллагдагч, ялтны бие харагдах, яриа сонсогдох зай завсартай, сум нэвтэрдэггүй шилэн материалаар хийгдсэн хаалттай байхаар байрлуулна.

3.18.Шүүх хуралдааны танхим, шүүгчийн өрөө, шүүгдэгчийг түр саатуулах өрөөнд аюулын дохио өгөх тусгай төхөөрөмж суурилуулна.

3.19.Шүүх хуралдааны танхим нь шүүх бүрэлдэхүүн, улсын яллагч, өмгөөлөгч болон хэргийн оролцогч, зохигчийг тус тусын хаалгаар орох, гарах нөхцөлөөр хангах ба шүүх бүрэлдэхүүний индрийн хэсгийг шүүх хуралдаанд оролцогчдын сууж буй хэсгээс 150 см-ээс доошгүй өндөртэй хаалтаар тусгаарлахаас гадна танхимд үүрэн утасны сүлжээ сарниулагч байрлуулна.

3.20.Шүүгч, шүүхийн ажилтан, хэргийн оролцогч, зохигч бусад оролцогчийг шаардлагатай тохиолдолд ослын болон нөөц хаалгаар оруулж, гаргана. Тухайн шүүхийн тамгын газрын даргын болон тахарын албаны зөвшөөрснөөс бусад тохиолдолд ослын болон нөөц хаалгаар аливаа этгээдийг болон эд зүйлс оруулж, гаргахыг хориглоно.

3.21.Шүүгч, шүүхийн ажилтан бүх нийтээр амрах амралтын өдрүүдэд ажиллахаар бол энэ талаар тамгын газраас харуул хуягт урьдчилан мэдэгдэж, тэдгээрийн нэрсийн жагсаалтыг хүргүүлнэ.

3.22.Шүүхэд аливаа эд зүйл, техник хэрэгслийг оруулж, гаргах тухай холбогдох байгууллага, албан тушаалтны албан бичиг, зөвшөөрлийн хуудсыг үндэслэн харуул хуяг тоо ширхэг, дугаарыг бүртгэлтэй нь тулган шалгаж, энэ тухай бүртгэлийн дэвтэрт тэмдэглэнэ.

3.23.Шүүхийн байранд холбооны хэрэгсэл, техник тоног төхөөрөмж, барилгын засвар, үйлчилгээг ажлын бус цагаар гүйцэтгэхдээ тухайн байгууллага, аж ахуйн нэгжээс ажиллах хүмүүсийн нэрс, цагийн хуваарийг шүүхийн тамгын газар, харуул хуягт урьдчилан өгсөн байна.

3.24.Шүүх болон түүний гадна орчинд онцгой байдал /аюулт үзэгдэл, гал түймэр, үер, газар хөдлөлт, цасан болон шороон шуурга, хүн амын болон малын гоц халдварт өвчин, техникийн холбогдолтой осол, барилга, байгууламжийн шугам сүлжээ эвдрэх, хорт бодис алдагдах, тээврийн хэрэгсэл осолдох, сүйрэх/ үүссэн үед ажиллах төлөвлөгөөг батлуулж тахарын алба нь шүүхийн тамгын газар, цагдааг онцгой байдлын алба болон холбогдох бусад байгууллагатай баталсан төлөвлөгөөний дагуу хамтран ажиллах ба онцгой нөхцөлд ажиллах бэлтгэл, сургуулилтийг тодорхой хугацаанд хийж, бэлэн байдлыг хангаж ажиллана.

3.25.Шүүхийн байрны хамгаалалтад үүрэг гүйцэтгэсэн тухай дэлгэрэнгүй илтгэх хуудас бичих дэвтэртэй байна. Энэ дэвтэрт ажиллах үед болсон үйл явдал шүүх хуралдааны явц, нөхцөл байдал, анхаарал татсан зүйл, гарсан зөрчил дутагдал, саналыг тодорхой тусгаж өгнө. Ээлж хүлээлцэх үедээ илтгэх хуудсаа дараагийн ээлжийн харуул болон удирдах дарга, шүүхийн тамгын газрын даргад танилцуулна.

3.26.Галт зэвсэг, тусгай хэрэгсэл, техник тоног, төхөөрөмж, холбооны хэрэгсэл хүлээлцсэн, барилга байгууламж шалгасан, эд зүйл, аж ахуйн бүтэн байдал, лац, тэмдэг хүлээн авсан, гаднаас орсон, гадагш гаргасан эд зүйлийн талаарх бүртгэл хөтөлнө.

3.27.Тухайн тойргийн тахарын алба шүүхийн байр, хамгаалалтын бүсийн талаарх судалгаа зураглалтай байна.

3.28.Тахарын алба хаагч шүүх, шүүхийн барилга байгууламжийн аюулгүй байдлыг хамгаалах үүрэг гүйцэтгэх үедээ дараах зүйлийг хориглоно:

3.28.1.төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс ирүүлсэн аливаа шуудан, илгээмж, албан бичиг, өргөдөл, урилга, мэндчилгээ, дурсгалын болон бусад зүйлсийг хүлээн авах, түүнийг шүүгч, ажилтанд дамжуулан өгөх;

3.28.2.ажлын байранд өөрт хариуцуулан олгосон тусгай хэрэгсэл, галт зэвсгийг ил орхих, бусдад шилжүүлэх, ажлын байрнаас гадуур авч явах, зориулалтын бусаар ашиглах, хадгалах, зэвсгийн чанартайгаар хэрэглэж болохуйц, галын аюултай эд болон шингэн зүйлийг ил тавих, хяналтгүй орхих;

3.28.3.шүүхийн байр, шүүх хуралдааны танхимын зохион байгуулалт, шүүн таслах болон бусад үйл ажиллагаа, шүүх хуралдааны зар, шүүхийн бүтэц, зохион байгуулалтын талаарх аливаа мэдээлэл, шүүгч, ажилтнуудын утас /ажил, гэр, гар/, тээврийн хэрэгслийн дугаар, гэрийн хаягийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр шүүхийг төлөөлж, хэргийн оролцогчид, бусад этгээдэд мэдээлэх;

3.28.4.хамгаалж байгаа байр, обьект, пост, хэсгийг орхиж явах, шүүх хуралдааны журам сахиулж буй алба хаагчид хариуцуулан орхих;

3.28.5.үүрэг гүйцэтгэж байх үедээ унтах, байгууллагын болон үүрэн холбооны утсаар ажил үүрэгт холбогдолгүй зүйлийг бусадтай ярих, согтууруулах ундаа, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэх, хэрэглэсэн үедээ ажил хүлээлцэх;

3.28.6.шүүхийн байрны өрөө тасалгаа, танхим, агуулах, машины зогсоолд дур мэдэн нэвтрэх, тэдгээрийг албаны бус зорилгоор ашиглах, эд зүйлийг хувьдаа завших, хэрэглэх.

3.29.Шүүхийн тамгын газар шүүхийн харуул, хамгаалалттай холбогдуулан дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.29.1.шүүхийн харуул хуягаас хууль тогтоомж, энэ журамд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгэхийг шаардах, хэрэгжилтэд хяналт тавих;

3.29.2.харуул хуягийн ээлж хүлээлцэх бүртгэлийн дэвтэртэй танилцах, гарсан зөрчил, дутагдлын талаар холбогдох арга хэмжээ авахыг тэднээс шаардах;

3.29.3.үүргээ зохих ёсоор хангалттай гүйцэтгэж буй харуул хуягийг шагнаж, урамшуулах сахилгын болон ёс зүйн зөрчил гаргасан талаар шууд удирдах байгууллагад санал өгөх;

3.29.4.шүүхийн байр, шүүх хуралдааны танхимийн зохион байгуулалт, онцлог, гадна орчны талаарх мэдээллээр харуул хуягийг хангах;

3.29.5.шаардлага хангасан тусгай техник хэрэгсэл суурилуулж, тэдгээрийг ажиллуулах техникийн нөхцөлийг бүрдүүлэх, онцгой нөхцөлд ажиллах ажилтнуудын нэрс, ажлын зааврыг баталж, харуул хуяг болон шүүгч, ажилтнуудад урьдчилан танилцуулах;

3.29.6.харуул хуягаас хуулийн хүрээнд тавьсан ажиллах нөхцөлийг хангах, зөрчил дутагдлын үр дагаврыг арилгуулах, түүнээс урьдчилан сэргийлэх талаар гаргасан санал хүсэлтийг хүлээн авч холбогдох арга хэмжээг шуурхай зохион байгуулах, энэ талаар тахарын албанд мэдээлэх;

3.29.7.тухайн шүүхэд сахилга хариуцлага, дэг журам, сонор сэрэмжийг дээшлүүлэх зорилгоор нийтээр амрах баяр ёслолын өдрүүдэд хариуцлагатай эргүүлийг шүүгч, ажилтнаас томилон ажиллуулах, тэдгээрт хяналт тавих;

3.29.8.архивын болон хэргийн эд мөрийн баримт хадгалах өрөө, тасалгааг лацдаж тусгай дэвтрээр хүлээлцэх болон бусад өрөө тасалгааг түгжиж, лацдахад хяналт тавих;

3.29.9.Шүүхийн тамгын газар нь шүүх хуралдааны товыг харьяалах Тойргийн тахарын албанд шүүх хуралдаан болохоос өмнө хүргүүлнэ;

3.29.10.Шүүхийн тамгын газрын дарга, ажилтнаас тахарын алба хаагчийг хууль, бусад журамд заагдаагүй эрх, үүрэг хүлээлгэх, албан шаардлага, хүсэлт гаргах, ажил үүрэг гүйцэтгүүлэхийг хориглоно.

3.30.Харуул хуяг хавтаст хэрэгтэй богцны цоож лацыг шалган шүүхийн бичиг хүргэгчийн хамт шууданд хүргэх, хүлээн авахад хамт явж аюулгүй ажиллагааг хангах.

3.31.Тахарын ерөнхий газар шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангаж ажилласан тухай тайлан, цаашид анхаарах асуудлын талаар Шүүхийн ерөнхий зөвлөлд жил бүрийн 12 дугаар сарын 20-ны дотор мэдээлэл хүргүүлж байна.

3.32.Шүүхийн тамгын газар, тахарын тойрог, хэсгийн алба жил бүр хийх ажлын төлөвлөгөөг хамтран баталж үр дүнгийн мэдээг өгч байх. /ХЗС, ШЕЗ-ийн 2015-11-11-ний А/255,174 тоот тушаалаар 3.30, 3.31, 3.32 дахь заалтыг нэмсэн/

 

Дөрөв.Шүүх хуралдааны журам сахиулах

4.1.Тахарын албанаас шүүх хуралдааны журам сахиулах, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, шүүн таслах ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлнэ.

4.2.Тойргийн тахарын алба нь шүүх хуралдааны журам сахиулахаар дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

4.2.1.ажлын цаг дууссанаас хойш шүүх хуралдаан зайлшгүй үргэлжлэх тохиолдолд болон олны анхаарал татсан, олон үйлдэл, оролцогчтой гэмт хэргийг шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүн, улсын яллагчийг албан ажлын болон үйлчилгээний автомашинаар гэрт нь хүргэх ажлыг Тойргийн тахарын алба зохион байгуулах.

4.3.Журам сахиулагч хуягийг тойргийн тахарын албаны шийдвэрээр томилж, мэргэжлийн удирдлагаар хангах бөгөөд тухайн шүүхийн тамгын газрын дарга өдөр тутмын хяналт тавьж ажиллана.

4.4.Журам сахиулагч хуяг нь шүүх хуралдааны үед хуралдаан даргалагчийн шийдвэрт захирагдана.

4.5.Шүүх хуралдааны журмыг сахиулах ажиллагаа нь шүүх хуралдааны журам сахиулах, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах ажиллагаагаар хязгаарлагдана.

4.6.Шүүх хуралдааны журам гэдэгт хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны үед шүүх хуралдааны танхимын аюулгүй байдлыг хангаж шүүгч, шүүх бүрэлдэхүүн шүүх хуралдааны танхимд орж ирэх үеэс эхлэн шүүх хуралдаан хаах хүртэлх хугацаанд явагдаж байгаа хянан харгалзах журам сахиулахтай холбогдсон цогц ажиллагааг ойлгоно.

4.7.Журам сахиулагч хуяг шүүх хуралдааны танхимд шүүгч /шүүх бүрэлдэхүүн/-ийг орж ирэх, гарч явах үед “Эрхэм шүүгч /шүүх бүрэлдэхүүн/-ийг хүндэтгэн босохыг хүсье” гэж хэлж, хурлын үйл ажиллагаа явуулах хэвийн нөхцөлийг бүрдүүлнэ.

4.8.Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны журам сахиулах талаар журам сахиулагч хуяг дараах ажиллагааг хэрэгжүүлнэ:

4.8.1.цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан яллагдагч, ялтныг хуяглан хүргэгчээс хүлээн авч яллагдагчийн хувийн байдлыг магадлан холбогдох бичиг баримттай нь тулган шалгах, бие, эд зүйлд нь үзлэг хийх;

4.8.2.шүүх хуралдааны явцад яллагдагч, ялтанд эмнэлгийн тусламж үзүүлэх шаардлагатай болсон тохиолдолд шүүх хуралдаан даргалагчийн зөвшөөрлөөр Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан цагдан хоригдсон этгээдэд эмнэлгийн тусламж үзүүлэх, түүнийг эрүүл мэндийн байгууллагад эмчлэх, цагдан хорих байранд эмнэлгийн мэргэжилтэн ирж үйлчлэх журмын дагуу эмнэлгийн тусламж үзүүлэх;

4.8.3.яллагдагч, ялтан согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй байдалтай биеэ авч яваа, энэ тухай гомдол, мэдээлэл, шаардлага ирсэн тохиолдолд согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн эсэхийг зориулалтын багаж, төхөөрөмж ашиглан шалгах;

4.8.4.холбогдох журмын дагуу үзлэг шалгалт хийсний дараа журам сахиулагч хуяг яллагдагч, ялтныг хүлээн авсан тухай тэмдэглэлд гарын үсэг зурж хүлээн авах;

4.8.5.шүүх хуралдааны танхимын аюулгүй байдлыг шалган, гарсан зөрчлийг арилгах талаар хуралдаан даргалагчид нэн даруй танилцуулж, шууд захирах даргадаа мэдэгдэх;

4.8.6.шүүх хуралдааны танхимд шүүгч /шүүх бүрэлдхүүн/ орж ирэхээс өмнө шүүх хуралдаанд оролцогчдод журам сахиулагч хуяг хуралдааны журам сахих зөвлөмж өгөх ба уг зөвлөмжийг хуралдааны танхимын гадна байрлуулсан байх;

4.8.7.шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдаанд оролцогчид болон хурлын танхимд ирсэн бусад хүмүүсийн биедээ авч яваа зүйлийг шалган галт болон хүйтэн зэвсэг, зэвсгийн чанартай бусад эд зүйл илэрсэн тохиолдолд тэмдэглэл үйлдэн түр хураан авч, тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад мэдэгдэн, хүлээлгэж өгөх;

4.8.8.шүүх хуралдааны явц, завсарлагааны үед цагдан хорих байрнаас ирүүлсэн хоолыг олгох ажлыг зохион байгуулах, шүүх хуралдааны дараа яллагдагч, ялтныг тусгаарлах өрөөнд байнгын хяналтанд харгалзах;

4.8.9.цагдан хоригдсон яллагдагч, ялтны гар, хөл, хурууны гав болон бусад тусгай хэрэгслийг тухайн тойрог хэсгийн даргын зөвшөөрлөөр тайлж салгах.

4.9.Журам сахиулагч хуяг нь шүүх хуралдааны үед шүүх бүрэлдэхүүний аюулгүй байдлыг сахин хамгаалж, шүүх хуралдааны дэгийг зөрчсөн яллагдагч, ялтан, бусад оролцогчийг шүүх хуралдаан даргалагчийн шийдвэрийн дагуу хуралдааны танхимаас гаргана.

4.10.Шүүх хуралдаан завсарлах, дуусах үед болон шүүх бүрэлдэхүүн шүүхийн танхимаас гарах хүртэл танхимд байгаа яллагдагч, ялтныг бусад хүмүүстэй уулзуулахгүй байх арга хэмжээ авна.

4.11.Журам сахиулагч хуяг нь яллагдагч, ялтныг шүүх хуралдааны завсарлага болон шүүх хуралдаан дууссаны дараа дараах үндэслэлээр тусгаарлана:

4.11.1.насанд хүрээгүй яллагдагчийг, насанд хүрсэн яллагдагч ялтнаас тусгаарлах;

4.11.2.эмэгтэй яллагдагч, ялтныг эрэгтэй яллагдагч, ялтнаас тусгаарлах;

4.11.3.нийгэмд учруулах эрсдэл өндөртэй яллагдагч, ялтан, удаа дараа шийтгүүлсэн яллагдагч, ялтныг анх удаа гэмт хэрэг үйлдсэн яллагдагч, ялтнаас тусгаарлах;

4.11.4.нэг гэмт хэрэгт холбоотой яллагдагч, ялтныг тусгаарлах.

4.12.Тусгаарлан харгалзаж байгаа яллагдагч, ялтанг бусад этгээдтэй харилцах, аливаа эд зүйл дамжуулахгүй байх арга хэмжээг авна.

4.13.Шүүх хуралдааны явцад болон шүүх хуралдааны завсарлагаанаар яллагдагч, ялтанг өмгөөлөгчөөс бусад хүмүүстэй уулзуулах, эд зүйл дамжуулах, оруулахгүй байхад хяналт тавина.

4.14.Шүүх хуралдаан завсарлах, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орох үед хуралдаан даргалагч тусгайлан дэг тогтоогоогүй бол шүүх хуралдааны өмнө танилцуулсан дэгийг журам сахиулагч хуяг үргэлжлүүлэн сахиулна.

4.15.Шүүх хуралдаан дууссаны дараа баривчлах, хорих ял шийтгэгдсэн яллагдагчийг шүүгчийн зөвшөөрөлтэйгээр гэр бүл, төрөл садангийн 2-оос илүүгүй хүнтэй уулзуулах бөгөөд уулзалтын хугацаа 10 минутаас хэтрэхгүй байна. Уулзалтын үед ялтны болон өөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллана.

4.16.Журам сахиулагч хуяг нь шүүх хуралдааны дараа баривчлах, хорих ял шийтгэгдсэн ялтан, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан яллагдагчийг хуяглан хүргэгчид энэ журамд заасны дагуу хүлээлгэн өгнө.

4.17.Энэ журмын 4.2.1 дэх заалтад олон оролцогчтой, ээдрээ төвөгтэй иргэний болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мөн адил хамаарна.

4.18.Энэ журмын 4.15 дахь хэсэгт заасан уулзалтын үеэр хууль тогтоомжоор хориглосон зүйл, эсхүл мэдээлэл дамжуулахыг оролдсон тохиолдолд журам сахиулагч хуяг уулзалтыг нэн даруй таслан зогсооно.

4.19.Яллагдагч, ялтны амь нас, эрүүл мэндэд аюул тулгарсан, бусад этгээдийн зүгээс түүнд заналхийлсэн, довтолсон тохиолдолд журам сахиулагч хуяг тухайн этгээдийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авна.

4.20.Журам сахиулагч хуяг шүүх хуралдаанд саад учруулсан буюу шүүх бүрэлдэхүүн, хуралдаанд оролцогч, шүүхийн танхимд байгаа хүмүүсийн амь бие, эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан үед өөр аргаар зогсоох боломжгүй бол нэг бүрийн тусгай хэрэгсэл, биеийн хүч, галт зэвсгийг хууль тогтоомжид заасны дагуу хэрэглэнэ.

4.21.Шүүх хуралдааны явцад эсэргүүцэл үзүүлэх, эмх замбараагүй байдал гарч болзошгүй байдал үүсвэл цагдаагийн байгууллагаас дэмжлэг авч хамгаалалт хийх бөгөөд хамгаалалтын арга хэмжээг учирч болох эрсдлийн зэрэглэлээс хамаарч тухайн асуудал хариуцсан нэгжийн дарга болон тойргийн тахар, шүүхийн тамгын газрын даргатай хамтарч зохион байгуулна.

4.22.Журам сахиулагч хуяг баривчлах, хорих ял шийтгүүлсэн ялтныг болон баривчлах, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан яллагдагчийг хуяглан хүргэгчид хүлээлгэн өгөх, хүлээн авах бүртгэлийг хөтөлнө.

4.23.Журам сахиулагч хуяг нь иргэний хэргийн шүүх хуралдааны журам сахиулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 90.4, 102 дугаар зүйлийн 102.2, 114 дүгээр зүйлийн 114.2 дахь хэсэгт заасны дагуу хуралдаан даргалагчийн шийдвэрийг биелүүлж ажиллана.

4.24.Журам сахиулагч хуяг нь захиргааны хэргийн шүүх хуралдааны журам сахиулахдаа Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг биелүүлж ажиллана.

4.25.Шүүх хуралдаан дууссаны дараа журам сахиулагч хуяг дэлгэрэнгүй илтгэх хуудас бичиж хамгаалалт удирдаж байгаа тахарын албаны ажилтанд танилцуулна.

4.26.Шүүх хурлын явцад зураг авах, бичлэг хийх, хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагааг шүүх хуралдаан даргалагчийн шийдвэрээр явуулна.

4.27.Шүүх хуралдаан дууссаны дараа танхимаас оролцогчдыг гарган, цагдан хоригдсон болон хорих ял шийтгүүлсэн этгээдийг хуяглан хүргэгчид хүлээлгэн өгөх, эрх хязгаарлах бусад таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан этгээдийг холбогдох материалыг бүрдүүлэн, суллах ажиллагааг /хавсралт 4/ явуулна.

4.28.Шүүх хуралдааны явцад онцгой нөхцөл үүсэх үед цагдаагийн байгууллагаас нэмэлт хүч татан ирүүлэх ажлыг тухайн тойргийн тахарын албаны дарга зохион байгуулна.

4.29.Шүүх хуралдааны үйл ажиллагаанд онцгой нөхцөл үүссэн эсхүл энэ тухай мэдээлэл авсан бол тахарын алба холбогдох байгууллагатай харилцан мэдээлэл солилцон, хүч нэмэгдүүлсэн хамгаалалтыг зохион байгуулах талаар цагдаагийн байгууллагад санал гаргаж, төлөвлөгөө боловсруулж хамтран зохион байгуулна.

4.30.Журам сахиулагч хуягийн үйл ажиллагаанд тухайн шүүхийн тамгын газрын дарга хяналт тавьж, холбогдох санал, хүсэлтээ Тахарын ерөнхий газар, Тойргийн тахарын албаны удирдлагад гаргана.

4.31.Шүүх хуралдааны журам сахиулах, аюулгүй байдлыг хангах, эмх замбараагүй байдлаас сэргийлэхтэй холбоотойгоор журам сахиулагч хуягаас тавьсан санал, хүсэлтийг шүүхийн тамгын газар хүлээн авч шийдвэрлэнэ.

4.32.Журам сахиулагч хуягаар ажиллаж байгаа тахарын алба хаагчид тусламж, тэтгэмж, шагнал, урамшуулал олгох асуудлыг шүүхийн дотоод журамд заасны дагуу шүүхийн ажилтны нэгэн адил хамааруулж шийдвэрлэж болно.

4.33.Шүүхийн тамгын газар нь шүүх хуралдааны журам сахиулах, шүүгч, шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангахтай холбоотой тусгаарлах өрөө, байрны зохион байгуулалт, камерын хяналт бүхий нөхцөлийг бүрдүүлэх, харуул хуяг, журам сахиулагч хуягийн албан хэрэгцээнд шаардлагатай согтуурал, мансуурлын зэрэглэл шалгах, металл илрүүлэх багаж хэрэгслээр хангана.

4.34.Тахарын албаны алба хаагч шүүх хуралдааны журам сахиулах үед дараах зүйлийг хориглоно:

4.34.1.шүүхийн дотоод үйл ажиллагаатай холбоотой ажил үүрэг гүйцэтгэх;

4.34.2.албаны техник хэрэгслийг хувийн зорилгоор ашиглах;

4.34.3.шүүн таслах үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг задруулах;

4.34.4.яллагдагч, ялтанг хяналтгүй орхих;

4.34.5.холбогдох албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр гар, хөл, хурууны гав, бусад тусгай хэрэгслийг тайлах, салгах;

4.34.6.яллагдагч, ялтан нартай хувийн харьцаа тогтоох.

4.35.Шүүх хуралдааны дараа хорих ялаар шийтгүүлсэн ялтанг гэр бүлийн хүмүүстэй уулзуулах үед дараах эд зүйл дамжуулахыг хориглоно:

4.35.1.өөрийн бие, эрүүл мэндэд хохирол, гэмтэл учруулах буюу бусдын эсрэг зэвсгийн чанартай ашиглаж болох эд зүйл;

4.35.2.согтууруулах, мансууруулах үйлчилгээ бүхий бүх төрлийн ундаа, бодис;

4.35.3.мөнгөн дэвсгэрт;

4.35.4.зөвшөөрөлгүй эм, эмийн бүтээгдэхүүн;

4.35.5.гар утас болон бусад холбооны төхөөрөмж;

4.35.6.хүчирхийлэл, садар самууныг сурталчилсан ном хэвлэл, бичлэг;

4.35.7.гэрэл зургийн болон дуу, дүрс бичлэгийн техник хэрэгсэл;

4.35.8.гарал үүсэл тодорхойгүй лаазалсан, савласан махан болон хүнсний бүтээгдэхүүн.

Тав.Шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах

5.1.Шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг тахарын алба зохион байгуулна.

5.2.Хамгаалалтын арга хэмжээнд дараах шаардлага, нөхцөлийг тусгана:

5.2.1.хамгаалалтын арга хэмжээ нь хүний эрх, нэр төр, алдар хүнд, эрүүл мэнд, аюулгүй байдалд харшлахгүй байх;

5.2.2.хамгаалалтын арга хэмжээний нэр, төрөл, нууцлалын нөхцөл, шуурхай байдал;

5.2.3.хамгаалалтын арга хэмжээ нь хууль сахиулах байгууллага, төрийн болон иргэний байгууллага, иргэдтэй харилцахдаа саад учруулахгүй, аюулгүй байдлыг хангасан байх;

5.2.4.хамгаалалтын арга хэмжээний гэрээ, төлөвлөгөөтэй байх;

5.2.5.онцгой нөхцөл болон онцгой байдал үүсч, эрсдлийн түвшин ихэссэн үед өндөржүүлсэн хамгаалалтын зэрэглэл тогтоох;

5.2.6.аюулгүй байдлын түвшин ихэссэн үед нууц судалгаа, шалгалт хийх.

5.3.Шүүн таслах ажиллагаатай холбогдуулан шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахаар заналхийлсэн тохиолдолд шүүгч, энэ тухай нэн даруй шүүхийн тамгын газраар дамжуулан тухайн Тойргийн тахарын албанд амаар болон бичгээр мэдэгдэнэ. Нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч Тахарын ерөнхий газрын Гэрч хохирогчийг хамгаалах газрын хариуцсан нэгжийн эрх бүхий албан тушаалтан хамгаалалтын талаар шийдвэр гаргана.

5.4.Шүүгч, шүүх бүрэлдэхүүн шүүн таслах ажиллагаа явуулахаар томилолтоор болон нүүдлэн ажиллах үед шүүхийн тамгын газрын утсаар болон бичгээр ирүүлсэн мэдэгдлийг үндэслэн тахарын алба хамгаалалтад авна.

5.5.Тахарын алба шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчдыг заналхийлсэн нь тогтоогдвол авах арга хэмжээний талаар тухайн шүүгчид хамгаалалтад авах шийдвэр гарсан даруйд мэдэгдэнэ.

5.6.Тахарын ерөнхий газар, Тойргийн тахарын албаны холбогдох нэгж, албан тушаалтан шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчдыг хамгаалалтад авах шийдвэр гарсны дараа нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч, хамгаалалтад авах тухай гэрээ байгуулж, үйл ажиллагааны талаар төлөвлөгөөг боловсруулж, тойргийн тахарын албаны дарга батална. Гэрээ, төлөвлөгөөнд дараах арга хэмжээг тусган хэрэгжүүлнэ:

5.6.1.урьдчилан сануулах;

5.6.2.шүүгчид бие хамгаалах тусгай хэрэгсэл /нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагч хийн шүршүүр, цахилгаан бороохой/-ийг хэрэглэх зааврын хамт олгох;

5.6.3.шүүгчид бие хамгаалах тусгай хэрэгсэл хэрэглэх талаар сургалт зохион байгуулах;

5.6.4.шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогч этгээдэд аюул занал учрах нөхцөлд түр хугацаагаар аюулгүй газар байрлуулах;

5.6.5.хамгаалалтад байгаа шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчдын ажлын болон гар утсаар заналхийлэх, дарамтлах үйлдэл хийсэн, албаны болон хувийн тээврийн хэрэгслийг эвдлэх, гэмтээх, бусад байдлаар хохирол учруулахаар заналхийлсэн, хохирол учруулахаар завдсан гэж үзвэл ажлын болон гэрийн утас, гар утасны дугаарыг өөрчлөх, албаны, хувийн тээврийн хэрэгслийн дугаарыг түр, бүрмөсөн солих арга хэмжээг зохион байгуулах;

5.6.6.шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчдын хамгаалалтын арга хэмжээний хугацааг сунгах, зогсоох нөхцөлийг дэлгэрэнгүй тусгах.

5.7.Шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчдод үзүүлэх аюулгүй байдлын хамгаалалт нь дараах төрөлтэй байна:

5.7.1.шадар хамгаалалт;

5.7.2.гадуур хамгаалалт;

5.7.3.далд хамгаалалт.

5.8.Тахарын албаны хамгаалалт нь хамрах хүрээ, хүч хэрэгсэл, нөхцөл байдлаас шалтгаалан дараах зэрэглэлтэй байна:

5.8.1.нэгдүгээр зэрэглэл;

5.8.2.хоёрдугаар зэрэглэл;

5.8.3.гуравдугаар зэрэглэл;

5.8.4.дөрөвдүгээр зэрэглэл.

5.9.Нэгдүгээр зэрэглэлийн хамгаалалтын үед аюул занал нь бодитой гэж тогтоогдсон шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчдын, тээврийн хэрэгсэл, хувийн орон байрыг 24 цагаар шадар, гадуур болон далд хэлбэрээр хамгаална.

5.10.Хоёрдугаар зэрэглэлийн хамгаалалтын үед аюул занал учрах нь бодитой байж болзошгүй шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчдыг шадар хамгаалалтын хэлбэрээр хамгаална.

5.11.Гуравдугаар зэрэглэлийн хамгаалалтын үед аюул занал учирсан нь бодитой байж болзошгүй шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчдыг, ажил гэр болон бусад чиглэлд зорчиход нь далд хэлбэрээр хамгаална.

5.12.Дөрөвдүгээр зэрэглэлийн хамгаалалтын үед шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчдын ажил, гэр болон бусад чиглэлд зорчихдоо хамгаалуулах шаардлагатай гэж үзсэн нөхцөлд гадуур хамгаалалтын хэлбэрээр хамгаална.

5.13.Шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчдод аюул занал учрах нөхцөл үүссэн үед шүүгчийн зөвшөөрлөөр оршин суугаа газар нь аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авна /хамгаалалтын сэрүүлэг, дохиолол, цоож, хамгаалалтын гэрэл, хаалга зэргийг суурилуулах/. Шүүгчийн хүсэлтээр тэдний гэрийн хаяг, бусад хувийн мэдээллийг олон нийтэд зарлахгүй байх арга хэмжээ авч болно.

5.14.Хамгаалалтад авах шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчдын ажлын байранд учирч болох аюул, эрсдлийг тооцож мэдэгдэх, урьдчилан сэргийлэх, хамгаалалтын арга хэмжээний дэг горимыг мөрдөх сургалт, дадлага явуулна.

5.15.Хамгаалалтад байгаа шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хангах зорилгоор мэдээлэл авагдсан шүүхэд нэвтрэх ажилтнуудын картын нууцлалыг тухай бүр солих арга хэмжээг авна.

5.16.Хамгаалалтад байгаа шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хангах зорилгоор шүүгч, шүүхийн ажилтны өрөө, шүүхийн барилга байгууламжид нэвтрэх, гарах хэсэг, эвлэрүүлэн зуучлах хэсэг, авто машины ил, далд зогсоол, лифт, коридор, уулзалтын өрөө зэргийг хамгаалалтын сэрүүлэг, дохиолол, камерын хяналтад авах ажлыг зохион байгуулна.

5.17.Холбоо, мэдээллийн сүлжээний тоног төхөөрөмжийн ажиллагааг зогсоох, ажиллагаагүй болгох зэрэг эрсдлийг бууруулах арга хэмжээг авна.

5.18.Шаардлагатай тохиолдолд шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчдын тээврийн хэрэгсэл, хувийн орон сууц, үл хөдлөх хөрөнгө, обьектыг хамгаалалтад авах ажиллагаанд Тахарын албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.7, 23.3.9 дэх заалтад заасны дагуу Цагдаагийн байгууллагын эргүүл, харуулын чиглэл, маршрут, хүн, хүчийг ашиглаж болно.

5.19.Дараах тохиолдолд тахарын албанаас шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчдын хамгаалалтыг зогсооно:

5.19.1.шүүхийн тамгын газар болон шүүгч нь, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчдын, хамгаалалтыг зогсоох талаар хүсэлт гаргасан;

5.19.2.заналхийлсэн үйлдэл бодитоор хэрэгжих магадлалтай гэдэг нь тогтоогдоогүй;

5.19.3.заналхийлсэн этгээдийг баривчилсан.

5.20.Тахарын алба энэ журмын 5.19-д заасан үндэслэлээр хамгаалалтыг зогсоохдоо тухайн шүүгч, шүүхийн тамгын газартай зөвшилцөж болно.

5.21.Шүүгч хамгаалалтын төрөл, хэлбэрийн талаар мэдээлэл авах эрхтэй бөгөөд хамгаалалтыг хэрэгжүүлж буй Тахарын алба, алба хаагчийн зүгээс хууль бус шийдвэр, үйлдэл гаргасан тохиолдолд Тахарын ерөнхий газарт гомдол гаргана.

5.22.Заналхийлэл болон бодит аюул занал таслан зогсоогдсон эсхүл арилсан нь бүрэн тогтоогдохоос өмнө хамгаалуулахаас татгалзвал үүнээс учирч болох эрсдлийг шүүгч өөрөө бүрэн хариуцна.

5.23.Шүүгч хамгаалалтын төрөл, зэрэглэлийг өөрчлөх хүсэлтийг шүүхийн тамгын газраар дамжуулан Тахарын албанд гаргаж болно.

5.24.Хамгаалалтад байгаа шүүгчийн хамгаалалттай холбогдон тавьсан хууль ёсны хүсэлт, шаардлагыг тахарын алба хаагч биелүүлэх үүрэгтэй.

Зургаа.Хуяглан хүргэх ажиллагаа

6.1.Яллагдагч, шүүгдэгч, ялтныг нэг обьектоос нөгөө обьектод харуул хамгаалалтын хяналт дор явганаар болон тээврийн хэрэгсэл ашиглаж хүргэх ажиллагааг хуяглан хүргэх ажиллагаа гэнэ.

6.2.Хуяглан хүргэх ажиллагаа нь ердийн, хүч нэмэгдүүлсэн, тусгай гэсэн гурван төрөлтэй байна.

6.3.Нийгэмд учруулах аюулын эрсдэл багатай, яллагдагч, шүүгдэгч, ялтан этгээдийг шүүхээс ирүүлсэн шийдвэр, мэдэгдэх хуудсыг үндэслэн хуяглан хүргэх, албадан ирүүлэх үүрэг гүйцэтгэж байгаа хоёр, эсхүл түүнээс дээш тахарын албаны алба хаагчийн гүйцэтгэж байгаа ажиллагааг ердийн хуяглан хүргэх ажиллагаа гэнэ.

6.4.Хүч нэмэгдүүлсэн хуяглан хүргэх ажиллагааг энэ журмын 7 дугаар зүйлд заасны дагуу явуулна.

6.5.Хөгжлийн бэрхшээлтэй, хэвтрийн дэглэм сахих шаардлагатай яллагдагч, ялтныг зориулалтын тээврийн хэрэгслээр хүргэхийг тусгай нөхцөлөөр хуяглан хүргэх гэнэ.

6.6.Тойргийн тахарын алба нь хуяглан хүргэхдээ дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

6.6.1.шүүхийн тамгын газраас ирүүлсэн мэдээллийг үндэслэн хүн, хүч, техник хэрэгсэл, газар орны болон цаг уурын нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгч хуяглан хүргэх төлөвлөгөө, хуваарийг гаргах;

6.7.Хуяглан хүргэх төлөвлөгөө, хуваарьт дараах зүйлсийг тусгана:

6.7.1.төлөвлөгдөж буй ажлын мэдээлэл;

6.7.2.явах замын чиглэл, хэмжээ, хугацаа;

6.7.3.үүрэг гүйцэтгэх алба хаагчдын тоо;

6.7.4.хуяглан хүргэх ажиллагааны төрөл;

6.7.5.холбоо, техник, тээврийн хэрэгсэл;

6.7.6.галт зэвсэг, тусгай хэрэгсэл;

6.7.7.мэдээлэл дамжуулах, холбоо барих горим;

6.7.8.техникийн бүрэн бүтэн байдал;

6.7.9.эрсдэл, аюулгүй ажиллагааны зааварчилгаа;

6.7.10.төлөвлөгөөний биелэлт, үр дүнг тайлагнах;

6.7.11.хуяглан хүргэх ажиллагааны төрөл, онцлогоос /ердийн, тусгай/ хамаарч төлөвлөгөөнд хавсралт хуваарь гаргаж болно.

6.8.Шүүх хуралдааны товыг үндэслэн Тойргийн тахарын алба нь хуяглан хүргэх ажиллагааг гүйцэтгэх алба хаагч, бүрэлдэхүүн, тээврийн хэрэгслийн ажиллах хуваарийг гаргана.

6.9.Яллагдагч, шүүгдэгч, ялтныг шүүх хуралдаанд оролцуулах тухай шийдвэрийг Тойргийн тахарын албанаас цагдан хорих байр, хорих ангийн захиргаанд урьдчилан мэдэгдэнэ.

6.10.Хуяглан хүргэх ажиллагаанд холбоо, техник, тусгай хэрэгсэл, галт зэвсгийг бүртгэлээр хүлээлцэж аюулгүй ажиллагааны зааварчилгааг хуяглан хүргэх харуулд танилцуулж баталгаажуулна.

6.11.Хуяглан хүргэх харуулаар томилогдсон алба хаагчийн хувийн болон албаны бэлтгэлийг шалгасны дараа шууд удирдах дарга дараах үүргийг өгнө:

6.11.1.яллагдагч, шүүгдэгч, ялтны хувийн болон хэргийн холбогдлын мэдээллийг;

6.11.2.яллагдагч, шүүгдэгч, ялтныг хүлээлгэж өгөх, хүлээн авах алба хаагч, явах чиглэл, хугацаа, түр зогсолт, хоноглох газар, мэдээлэл дамжуулах, холбоо барих горим;

6.11.3.хуяглан хүргэлтийн тээврийн хэрэгслийн байршил тогтоох багаж (GPS), дуу, дүрс бичлэгийн болон холбооны хэрэгслийн бүрэн ажиллаж байгаа эсэхийг шалгах.

6.12.Яллагдагч, шүүгдэгч, ялтныг хуяглан хүргэх ажиллагааны хамрах хүрээ:

6.12.1.цагдан хорих байрнаас шүүхэд;

6.12.2.шүүхээс цагдан хорих байранд;

6.12.3.шүүх хуралдааны оролцогч (ялтан)-ийг хорих ангиас шүүх хуралдаанд;

6.12.4.шүүх хуралдаанаас хорих ангид;

6.12.5.шүүхээс сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд;

6.12.6.сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс шүүхэд;

6.12.7.эмнэлгийн байгууллагаас цагдан хорих байранд;

6.12.8.цагдан хорих байрнаас хорих ангид;

6.12.9.цагдан хорих байрнаас эрүүл мэндийн байгууллагад болон дамжин өнгөрүүлэх ангид.

6.13.Яллагдагч, шүүгдэгч, ялтныг хуяглан хүргэх ажиллагааны үед аюулгүй байдлыг хангаж, нууцлалыг чанд хадгална.

6.14.Яллагдагч, шүүгдэгч, ялтныг хуяглан хүргэх ажиллагаанд дуу, дүрс бичлэгийн техник хэрэгсэл ашиглана.

6.15.Хуяглан хүргэх ажиллагаанд ашиглагдаж байгаа автомашин нь дуут дохио, стандартын дагуу тусгаарлах кабин, бэхлэгдсэн сандал, бэхэлгээний тоноглол, цонх, хаалга, хамгаалалтын тортой байна.

6.16.Хуяглан хүргэлтийг ахалж буй алба хаагч цагдан хорих байр, хорих анги, эмнэлгээс шүүхийн дуудах хуудсаар баталгаажсан нэрсээр яллагдагч, шүүгдэгч, ялтныг хүлээн авахдаа бие болон эд зүйлд үзлэг хийж, хуулиар зөвшөөрөгдсөнөөс бусад эд зүйлийг хураан авч, цагдан хорих байр, хорих ангийн захиргаа яллагдагч, ялтныг шүүхийн журам сахиулах хуягт тэмдэглэл үйлдэн хүлээлцэнэ.

6.17.Яллагдагч, шүүгдэгч, ялтны овог нэр, бичиг баримт зөрүүтэй тохиолдолд хүлээлцэхээс татгалзана.

6.18.Хуяглан хүргэх бүрэлдэхүүн яллагдагч, ялтны эрүүл мэндийн байдалд эмчийн дүгнэлт гаргуулна.

6.19.Яллагдагч, шүүгдэгч, ялтныг цагдан хорих байр, хорих ангид шүүхийн дуудах хуудсаар баталгаажсан нэрсээр тулган хүлээн авч, тойрог, хэсгийн тахарын албаны харьяалах нэгжийн даргад мэдэгдэнэ.

6.20.Тойрог, хэсгийн тахарын албаны нэгжийн дарга нь мэдээллийг тухай бүр Мэдээлэл шуурхай удирдлагын хэсэгт мэдэгдэнэ.

6.21.Яллагдагч, шүүгдэгч, ялтанд нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэж, тусгай зориулалтын тээврийн хэрэгслийг цагдан хорих байр болон хорих ангийн хамгаалалтын бүсэд байрлуулсны дараа нэг нэгээр нь хянан харгалзаж суулгаж буулгана.

6.22.Эмэгтэй яллагдагч, шүүгдэгч, ялтанг хуяглан хүргэх тохиолдолд уг ажиллагааг эсрэг хүйсийн яллагдагч, шүүгдэгч, ялтнаас тусад нь эмэгтэй алба хаагч хуяглан хүргэнэ.

6.23.Насанд хүрээгүй болон сэтгэцийн өвчтэй яллагдагч, шүүгдэгч, ялтныг хуяглан хүргэх үед шаардлагатай тохиолдолд сэтгэл зүйч алба хаагч, эмнэлгийн ажилтнуудыг оролцуулж болно.

6.24.Амьсгалын замын цочмог халдварт өвчтэй яллагдагч, шүүгдэгч, ялтныг хуяглан хүргэж байгаа тохиолдолд хуяглан хүргэх бүрэлдэхүүн болон бусад этгээдүүдийг амны хаалт, хамгаалах бээлийгээр хангасан байна.

6.25.Хуяглан хүргэх ажиллагаанд яллагдагч, шүүгдэгч, ялтныг хооронд нь болон гадаад орчинтой харьцахыг хориглох бөгөөд тэдний харах орчинг хязгаарлаж болно.

6.26.Яллагдагч, шүүгдэгч, ялтанд хуяглан хүргэлтийн үед оргохыг завдах, бусдын болон алба хаагчийн амь нас, эрүүл мэндэд халдах, барьцаалах үед биеийн хүч, нэг бүрийн тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэхийг урьдчилан анхааруулна.

6.27.Хуяг жолооч тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг шалгаж зөвшөөрөгдсөн чиглэлээр хуяглан хүргэлтийг явуулна.

6.28.Хуяглан хүргэх ажиллагааны явцын талаарх мэдээллийг бүрэлдэхүүн ахалж байгаа алба хаагч 1 цаг тутамд Шуурхай удирдлагын хэсэг болон тухайн Тойргийн тахарын албаны харьяалах нэгжийн даргад мэдээлнэ.

6.29.Хуяглан хүргэлтийн ажиллагааны явцад үүсч болзошгүй дараах нөхцөлд түр зогсолт хийж болох ба энэ тохиолдолд энэхүү журмын 6.28-д заасныг баримтална:

6.29.1.яллагдагч, шүүгдэгч, ялтны эрүүл мэндийн байдалд өөрчлөлт орох;

6.29.2.тээврийн хэрэгсэл саатах;

6.29.3.хоноглох;

6.29.4.байгалийн хүчин зүйл нөлөөлөх;

6.29.5.халдлага гарсан тохиолдолд.

6.30.Хуяглан хүргэх автомашины жолооч зайлшгүй шаардлагын улмаас машин зогсоох үед хөдөлгүүрийг унтрааж, түлхүүрийг биедээ авах бөгөөд жолоог бусдад шилжүүлэх, бүхээгээс гарахгүй байх үүрэг хүлээнэ.

6.31.Яллагдагч, шүүгдэгч, ялтны эрүүл мэндийн байдалд өөрчлөлт орох үед орон нутгийн цагдаагийн болон эрүүл мэндийн байгууллагаас дэмжлэг авч болно.

6.32.Хоноглох үед цагдан хорих байр цагдаагийн байгууллагын түр саатуулах байранд яллагдагч, ялтныг байрлуулах ажлыг зохион байгуулна. Энэ ажлыг гүйцэтгэхдээ Шуурхай удирдлагын хэсэг,Тойргийн тахарын алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Цагдаагийн байгууллагатай урьдчилан бэлтгэл ажлыг хангана.

6.33.Байгалийн хүчин зүйлийн нөлөөллийн үед Шуурхай удирдлагын хэсэг, Тойргийн тахарын алба тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн болон онцгой байдлын албатай харилцан тохиролцон бэлтгэл ажлыг хангана.

6.35.Хуяглан хүргэх ажиллагааны үед халдлага гарсан тохиолдолд дараах журмын дагуу ажиллана:

6.35.1.шуурхай удирдлагын хэсэгт халдлага үүссэн нөхцөл байдлын талаар шууд мэдэгдэх;

6.35.2.хуяглан хүргэх бүрэлдэхүүн нь халдлагын нөхцөл байдалд үнэлэлт өгч гэмт үйлдлийг таслан зогсоох арга хэмжээг авч ажиллах;

6.35.3.мэдээллийн дагуу шуурхай удирдлагын хэсэг нь харьяалах Тойргийн тахарын албаар дамжуулан нутаг дэвсгэрийн цагдаа, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний байгууллагаас тухай бүр дэмжлэг авна.

6.36.Халдлагын явцад гэмтэж бэртсэн хүмүүст эмнэлгийн анхны тусламж үзүүлж хуяглан хүргэлтийг үргэлжлүүлнэ.

6.37.Онц байдал зарласан, байгалийн давагдашгүй хүчин зүйл учирсан үед хуяглан хүргэх ажиллагааг түр зогсоож, ямар арга хэмжээ авсан тухайгаа шүүхийн тамгын газарт Тойргийн тахарын алба мэдэгдэнэ.

6.38.Яллагдагч, шүүгдэгч, ялтанг энэ журмын 4.1, 4.2 дугаар зүйлийг баримтлан шүүхэд хүлээлгэн өгсний дараа Шуурхай удирдлагын хэсэг болон тухайн Тойргийн тахарын албаны харьяалах нэгжийн даргад мэдэгдэнэ.

6.39.Хуяглан хүргэх ажиллагаанд Тахарын албаны тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаас гадна дараах зүйлийг хориглоно:

6.39.1.хуяглан хүргэгдэж байгаа этгээдийг төрөл садан, бусад хүнтэй уулзуулах;

6.39.2.техникийн гэмтэл, саатал болон байгалийн давагдашгүй хүчин зүйлтэй тулгарснаас бусад тохиолдолд хуяглан хүргэх үед зөвшөөрөгдөөгүй газарт зогсох, хуяглан хүргэх ажиллагаанд зориулалтын бус болон хувийн автомашин ашиглах, даац хэтрүүлэх;

6.39.3.согтууруулах, мансууруулах бодис хэрэглүүлэх.

Долоо.Хүч нэмэгдүүлэн хуяглан хүргэх ажиллагаа

7.1.Нийгэмд учруулах хор аюулын эрсдэл өндөр ялтан, яллагдагчийг, мөн нүүлгэн шилжүүлэх болон ялтан шилжүүлэх үед хүч нэмэгдүүлэн хуяглан хүргэх ажиллагааг зохион байгуулна.

7.2.Дор дурдсан үндэслэлээр зохион байгуулж буй хуяглан хүргэх ажиллагааг хүч нэмэгдүүлэн хуяглан хүргэх ажиллагаа гэнэ:

7.2.1.олон удаагийн ял шийтгэлтэй;

7.2.2.зохион байгуулалттай гэмт бүлгийн гэмт хэрэгт шалгагдаж байгаа;

7.2.3.ялтан, шүүгдэгч, яллагдагчийн сэтгэцийн эрүүл мэндэд өөрчлөлт орсон;

7.2.4.амиа хорлох болон удаа дараа оргож байсан, оргохыг завдсан;

7.2.5.хууль сахиулах байгууллагын ажилтны эрх чөлөөнд халдсан, хүч хэрэглэн эсэргүүцэл үзүүлсэн;

7.2.6.галт зэвсэг ашиглан гэмт хэрэг үйлдсэн;

7.2.7.олны анхаарал татсан, олон хохирогчтой болон нэг хэргийн хамтран оролцогчид;

7.2.8.цагдан хорих байр, хорих ангийг нүүлгэн шилжүүлэх.

7.3.Энэ журмын 7.2-д заасан хүч нэмэгдүүлэн хуяглан хүргэх ажиллагаа явуулах тушаалыг тойргийн тахарын албаны дарга батална.

7.4.Шүүхийн тамгын газраас ирүүлсэн мэдээллийг үндэслэн хүн, хүч, техник хэрэгсэл, газар орны болон цаг уурын нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгч хүч нэмэгдүүлэн хуяглан хүргэх төлөвлөгөө, хуваарийг Тойргийн тахарын албаны эрх бүхий албан тушаалтан батална.

7.5.Хүч нэмэгдүүлэн хуяглан хүргэх төлөвлөгөө, хуваарьт дараах зүйлсийг тусгана:

7.5.1.ажиллагааг удирдах албан тушаалтан, алба хаагчийн тоо, хүн нэг бүрийн гүйцэтгэх үүрэг;

7.5.2.төлөвлөгдөж буй ажлын мэдээлэл;

7.5.3.явах замын чиглэл, хэмжээ, хугацаа;

7.5.4.хуяглан хүргэх ажиллагааны төрөл;

7.5.5.холбоо, техник, тээврийн хэрэгслийн тоо, төрөл;

7.5.6.галт зэвсэг, тусгай хэрэгслийн тоо, төрөл;

7.5.7.мэдээлэл дамжуулах, холбоо барих горим;

7.5.8.техникийн бүрэн бүтэн байдал;

7.5.9.эрсдэл, аюулгүй ажиллагааны зааварчилгаа;

7.5.10.төлөвлөгөөний биелэлт, үр дүнг тайлагнах;

7.5.11.хуяглан хүргэх ажиллагааны төрөл, онцлогоос /ердийн, тусгай/ хамаарч төлөвлөгөөнд хавсралт хуваарь гаргаж болно;

7.5.12.хуяглан хүргэх явцад байгалийн болон бусад гэнэтийн аюул тулгарах, тээврийн хэрэгслийн осол, эвдрэл гарсан тохиолдолд авах арга хэмжээ;

7.5.13.яллагдагч, ялтныг хүргэх газар, явах чиглэл, зарцуулах хугацаа, шаардлагатай тохиолдолд хоноглох газар, яллагдагч, ялтныг байршуулах хорих байр.

7.6.Хүч нэмэгдүүлэн хуяглан хүргэж байгаа албан хаагчдын тоо ялтан, яллагдагчийн тооны хоёрны нэгээс багагүй байна.

7.7.Хүч нэмэгдүүлэн хуяглан хүргэх ажиллагаанд яллагдагч, ялтан саад учруулсан, эсэргүүцсэн, оргохыг завдсан, хуяглан хүргэлтэд гаднаас халдан довтолсон тохиолдолд галт зэвсэг, тусгай хэрэгсэл болон албадлагын арга хэмжээг хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэглэнэ.

7.8.Хүч нэмэгдүүлэн хуяглан хүргэх ажиллагааны явцад яллагдагч, ялтны аюулгүй байдал, ажиллагааны нууцлал, хэвийн нөхцөлийг Тойргийн тахарын албаны хуяглан хүргэх бүрэлдэхүүн хангана.

7.9.Хуяглан хүргэх бүрэлдэхүүний албаны болон хувийн бэлтгэлийг хангах талаар Тойргийн тахарын албаны Хуяглан хүргэлт хариуцсан албан тушаалтан дараах үүргийг хэрэгжүүлнэ:

7.9.1.хүч нэмэгдүүлэн хуяглан хүргэх ажиллагааны нууцлалыг хангах талаар холбогдох үүрэг, чиглэл өгөх;

7.9.2.галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэх зааварчилгаа өгөх;

7.9.3.хүч нэмэгдүүлэн хуяглан хүргэх ажиллагаанд ашиглах тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, явах замын нөхцөлд тохирох эсэхийг шалгах;

7.9.4.үүрэг гүйцэтгэх алба хаагчийн хувийн бэлтгэл, эрүүл мэндийн хувьд үүрэг гүйцэтгэхэд бэлэн эсэхийг биечлэн шалгах.

7.10.Үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагч яллагдагч, ялтанд хууль ёсны шаардлагыг чанд биелүүлэх, тогтоосон журмыг сахих, оргох, эсэргүүцэх, өөртөө болон бусдын биед гэмтэл учруулвал галт зэвсэг, мэх, тусгай хэрэгсэл хэрэглэх тухай урьдчилан анхааруулна.

7.11.Яллагдагч, ялтныг галт тэрэг, нисэх онгоцоор хүч нэмэгдүүлэн хуяглан хүргэх бол очих газрын Тойргийн тахарын албаны удирдлага, жижүүрт урьдчилан мэдэгдэнэ. Шаардлагатай тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ.

7.12.Яллагдагч, ялтныг хүлээн авах Тойргийн тахарын албаны дарга шаардлагатай тээврийн хэрэгсэл, хүч, хэрэгсэлтэйгээр галт тэрэг, нисэх онгоцны буудал, нисдэг тэрэг буух газарт урьдчилан очиж, аюулгүй байдлыг ханган цагдан хорих байранд хуяглан хүргэх алба хаагчдыг томилон үүрэг гүйцэтгүүлнэ.

7.13.Яллагдагч, ялтныг хүч нэмэгдүүлэн хуяглан хүргэхдээ болзошгүй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор явах замын чиглэлийг 2-оос доошгүй хувилбараар боловсруулж, чиглэлийн дагуу тээвэрлэнэ.

7.14.Хүч нэмэгдүүлэн хуяглан хүргэх ажиллагаанд тахарын албаны тусгай бүлгийг оролцуулан хүч нэмэгдүүлэх ба цуваанд явах тээврийн хэрэгслийг дугаарлан, цувааны эхэнд болон төгсгөлд тусгай тоноглол, гэрэл, дуут дохио бүхий автомашинаар хамгаалуулна. Энэ ажиллагаанд цагдаагийн байгууллагаас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр дэмжлэг авч болно.

7.15.Хүч нэмэгдүүлсэн хуяглан хүргэх ажиллагаанд албаны нохой ашиглаж болно.

7.16.Хүч нэмэгдүүлэн хуяглан хүргэх ажиллагааг халхавчлах зорилгоор төөрөлдүүлэх чиглэл, тээврийн хэрэгсэл ашиглаж болно.

7.17.Хүч нэмэгдүүлэн хуяглан хүргэх ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагч нь яллагдагч, ялтан оргосон, хуяглан хүргэлтэд халдсан, тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл гарч саатсан тохиолдолд шаардлагатай арга хэмжээг авч, өөрийн харьяалах тахарын алба, ойр байгаа цагдаагийн байгууллагын жижүүр, эргүүл, хэрэг хянан шийдвэрлэх шүүхэд холбооны хэрэгсэл болон биеэр мэдэгдэнэ.

7.18.Тахарын албаны алба хаагч хүч нэмэгдүүлэн хуяглан хүргэх ажиллагаанд үүрэг гүйцэтгэх үед дараах зүйлийг хориглоно:

7.18.1.хүч нэмэгдүүлэн хуяглан хүргэх ажиллагааг зохих журам, батлагдсан хуваарь, төлөвлөгөөнөөс гадуур зохион байгуулах;

7.18.2.ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Тахарын алба хаагч нь хуяглан хүргэлтийн чиглэл, очих газар, цаг, хүч, хэрэгслийн тоо, хуяглан хүргэгдэж буй яллагдагч, ялтны талаарх мэдээллийг бусдад задруулах;

7.18.3.ялтан, яллагдагчийг хүч нэмэгдүүлэн хуяглан хүргэж буй тохиолдолд цуваанд яваа тээврийн хэрэгслийг цуваанаас гаргах, хоцрох, автомашины дараалал өөрчлөх, зогсоох.

Найм.Албадан ирүүлэх ажиллагаа

8.1.Шүүх, шүүгчийн тогтоол, захирамжийг үндэслэн албадан ирүүлэх ажиллагааг хэрэгжүүлнэ.

8.2.Албадан ирүүлэх ажиллагааг дараах нөхцөл тогтоогдвол гүйцэтгэсэнд тооцно:

8.2.1.шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийн дагуу нэр дурдагдсан иргэнийг албадан хүргэсэн;

8.2.2.шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж хүчингүй болсон;

8.2.3.тогтоол, захирамжид нэр дурдагдсан иргэн нас барсан.

8.3.Албадан ирүүлэх шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид нэр дурдагдсан иргэн хаана байгаа нь тогтоогдохгүй байгаа тохиолдолд энэ тухай шүүх болон шүүгчид мэдэгдэж, Тахарын албаны мөрдөн шалгах эрэн сурвалжлах чиг үүрэг хариуцсан нэгжид материалыг шилжүүлж болно.

8.4.Албадан ирүүлэх ажиллагааны үед хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хууль дээдлэх, Тахарын албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг баримтална.

8.5.Албадан ирүүлэх ажиллагаанд оролцох алба хаагчийн тоо, техник хэрэгслийг Тойргийн тахарын алба тогтооно.

8.6.Албадан ирүүлэх ажиллагааг тахарын албан хаагчийн амь нас, эрүүл мэнд, эрх, эрх чөлөөнд нь халдах, бусдыг өдөөн турхирч эмх замбараагүй байдал бий болгох, зохион байгуулалттайгаар албадан ирүүлэх арга хэмжээг хүч хэрэглэн эсэргүүцэх, нийтийн эзэмшлийн болон бусдын эд хөрөнгийг эвдэн сүйтгэсэн, өөрийн болон бусдын амь насанд аюултай нөхцөл байдал бий болгосон, галт зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж айлган сүрдүүлэх, заналхийлэх, техник хэрэгсэл ашиглах, хувийн орон байр, албан байгууллага, хилийн болон тусгай дэглэмтэй байгууллагын эзэмшил газар ашиглах зэрэг нөхцөл үүссэн үед /цаашид “онцгой нөхцөл” гэх/ хүч нэмэгдүүлэн гүйцэтгэж болно.

8.7.Тахарын алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэх, хэл амаар доромжлох, насанд хүрээгүй хүнийг бие махбодь, сэтгэл санааны албадлагад оруулж өдөөн турхирч татан оролцуулах, гудамж талбай, замын хөдөлгөөнийг саатуулах, хаах үйлдэл нь захиргааны шийтгэл хүлээлгэх үндэслэл болно.

8.8.Албадан ирүүлэх ажиллагааг зөвхөн ажлын өдөр, өдрийн цаг буюу 06-22 цагийн хооронд гүйцэтгэнэ.

8.9.Албадан ирүүлэх ажиллагаанд нэг бүрийн болон олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл, шаардлагатай тохиолдолд галт зэвсгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэглэнэ.

8.10.Албадан ирүүлэх ажиллагааг хүч нэмэгдүүлэн гүйцэтгэх тохиолдолд дуут дохио, стандартын дагуу тусгаарлах кабин, бэхлэгдсэн сандал, бэхэлгээний тоноглол, цонх, хаалга нь тусгай тоноглогдсон автомашин ашиглана.

8.11.Эмэгтэй болон хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн өвчтэй яллагдагч, гэрч, зохигч, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх ажиллагаанд эмэгтэй алба хаагч, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн ажилтнуудыг оролцуулж болно.

8.12.Албадан ирүүлэх ажиллагаанд соронзон бичлэг, дүрс, дуу бичлэг, гэрэл зураг, чанга яригч техник хэрэгсэл ашиглан баримтжуулна.

8.13.Албадан ирүүлэх ажиллагааг хүч нэмэгдүүлэн явуулж байгаа тохиолдолд албаны нохой ашиглаж болно.

8.14.Албадан ирүүлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор бусад хууль сахиулах болон мэргэжлийн байгууллагын хүн, хүч, техник хэрэгслийг татан оролцуулж болно.

8.15.Албадан ирүүлэх ажиллагааны талаар шүүхийн тамгын газар дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ:

8.15.1.шүүх, шүүгчийн гаргасан албадан ирүүлэх тогтоол, захирамжийг тахарын албанд нэн даруй ирүүлэх;

8.15.2.тахарын албаны хүсэлтээр албадан ирүүлэх тогтоол, захирамжид дурдсан этгээдийн талаар шаардлагатай мэдээллээр хангах;

8.15.3.шүүх, шүүгчийн гаргасан тогтоол, захирамжийн биелэлтэд хяналт тавих.

8.16.Тойргийн тахарын алба дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ:

8.16.1.шүүхийн тамгын газраас ирүүлсэн шүүх, шүүгчийн захирамжийг хүлээн авч бүртгэл хөтлөх;

8.16.2.албадан ирүүлэх ажиллагааг гүйцэтгэх алба хаагчийг томилсон тушаалыг тойргийн тахарын албаны дарга, албадан ирүүлэх ажиллагаа хариуцсан нэгжийн дарга, хэсгийн дарга батлах;

8.16.3.ажиллагаа гүйцэтгэх шийдвэрт шүүх, шүүгчийн тогтоол, захирамжийн огноо, дугаар, хугацаа, тухайн этгээдийн овог нэр, гэр, ажлын хаяг, газар орон, байршил, ажиллагаанд хэрэглэгдэх хүч хэрэгсэл, техник хэрэгсэл, нэг бүрийн болон олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, нөхцөл байдал, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дурдах;

8.16.4.ажиллагаа гүйцэтгэх шийдвэрийг нэгдсэн бүртгэлд оруулж, бүртгэлийн дугаар авч, ажиллагаа дуусгавар болсны дараа тэмдэглэл үйлдэж бүртгэлийг хаах;

8.16.5.ажиллагаа гүйцэтгэх шүүгчийн захирамжид дурдагдсан этгээдийн талаарх шаардлагатай мэдээлэл, лавлагааг Тахарын ерөнхий газрын мөрдөн шалгах, эрэн сурвалжлах нэгж болон орон нутгийн цагдаагийн байгууллагаас авах;

8.16.6.ажиллагаатай холбоотой мэдээлэл, хүсэлт, шаардлагыг Тахарын ерөнхий газарт тавьж, бусад тойргийн тахарын алба, цагдаагийн байгууллагын ажиллагааг нэгтгэн дэмжлэг авч ажиллах;

8.16.7.шүүх, шүүгчийн тогтоол, захирамжийг биелүүлэх, албадан ирүүлэх арга хэмжээний үр дүнг дээшлүүлэх зорилгоор цагдаагийн байгууллагатай хамтран нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээ явуулж болно.

8.17.Албадан ирүүлэх ажиллагааг гүйцэтгэх тахарын албаны алба хаагч дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ:

8.17.1.албадан ирүүлэх захирамжид нэр дурдагдсан этгээдийн талаар мэдээлэл цуглуулж судалгаа хийх;

8.17.2.албадан ирүүлэх ажиллагааны төлөвлөгөө, зураглал гарган, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулга бэлтгэн шууд удирдах даргад танилцуулах;

8.17.3.ажиллагаа хариуцсан алба хаагч нь үүрэг гүйцэтгэх алба хаагчдыг ажиллагааны чиглэл, нэр дурдагдсан этгээдийн хувийн байдал, хэргийн онцлог, аюулгүй байдлыг хангах, ажиллагаанд оролцох алба хаагчдын хүлээх үүрэг, хориглох зүйл зэргийг тодорхойлон үүрэгжүүлэх;

8.17.4.ажиллагаанд оролцох алба хаагчдын бэлэн байдлыг шалгаж, нэг бүрийн тусгай хэрэгсэл, хамгаалалтын хувцас хэрэглэл, машин, бусад тусгай техник хэрэгслийн бэлтгэлийг хангуулах;

8.17.5.ажиллагааны үед шаардлагатай гэж үзвэл Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хойшлуулшгүй арга хэмжээг гүйцэтгэх;

8.17.6.албадан ирүүлэх үүрэг хүлээсэн албан хаагч тухайн иргэнд өөрийн албан тушаал, шүүхийн даалгавар, шийдвэр, холбогдох хуулийн заалтыг танилцуулах;

8.17.7.ажиллагааны явцад алба хаагч нууцлалыг хангаж ажиллах бөгөөд албан үүрэг гүйцэтгэх үедээ олж мэдсэн хувийн болон хууль тогтоомжид заасан нууцыг задруулах, ашиглахыг хориглоно.

8.18.Батлагдсан төлөвлөгөөний дагуу ажиллагааг гүйцэтгэж явц, нөхцөл байдлын талаар албадан ирүүлэх ажил хариуцсан дарга болон шуурхай удирдлагын хэсэгт мэдээлнэ.

8.19.Захирамжид нэр дурдсан этгээдийн оршин суугаа болон байрлаж байгаа газарт очиж, шүүхийн захирамжийг танилцуулах ажлыг зохион байгуулна. Нэр дурдагдсан этгээд хаана байгаа нь тогтоогдохгүй, санаатай зайлсхийсэн нөхцөл байдал илэрвэл өмгөөлөгч, орон нутгийн захиргааны байгууллага, цагдаагийн болон харьяалах байгууллагын захиргаа, гэр бүл, төрөл садан, хамтран амьдрагч, түрээсийн болон гэрээт байгууллагын удирдлагад мэдэгдэж, захирамжийг гардуулна.

8.20.Албадан ирүүлэх иргэний хаяг өөрчлөгдсөн бол хорооны тодорхойлолтыг авч илтгэх хуудас бичин тухайн шүүгчид танилцуулна.

8.21.Захирамжид нэр дурдагдсан этгээдийн эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах талаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт, улсын хилээр нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах талаар Иргэний шилжилт хөдөлгөөний газарт, хувийн эзэмшлийн автомашиныг замын хөдөлгөөнд оруулахыг хязгаарлах талаар Тахарын албаны эрэн сурвалжлах чиг үүрэг хариуцсан нэгжээр дамжуулан хүсэлт гаргана.

8.22.Албадлагын арга хэмжээ гүйцэтгэх талаар мэдэгдсэний дараа тодорхой хугацаа зааж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг шаардана. Тавьсан шаардлагыг биелүүлэхийг зөвшөөрвөл аюулгүй байдлыг ханган, биед нь болон эд зүйлд үзлэг хийж, шүүхэд хуяглан хүргэнэ. Заасан хугацаа дууссаны дараа дараах хүч нэмэгдүүлсэн албадлагын арга хэмжээг гүйцэтгэнэ:

8.22.1.орон байр, эзэмшил газар, автомашин, албан байгууллага, хилийн хориотой бүс, тусгай хамгаалалттай бүсэд нэвтрэх;

8.22.2.албадан ирүүлэх ажиллагааны явцад тулгарсан саадыг холдуулах, зайлуулах, хаалга, хаалт, цонхыг онгойлгох, нэвтрэх зам чөлөөлөх;

8.22.3.ажиллагааны явцад эсэргүүцсэн этгээдийн довтолгооныг няцаах, баривчлах, бичиг баримт шалгах, хүний бие болон эд зүйлд үзлэг хийх, хуулиар хориглосон эд зүйлийг хураан авах, түр саатуулагдсан хүмүүсийн хувийн байдлыг тогтоох, тээврийн хэрэгслийг зогсоож шалгах;

8.23.4.ажиллагааны явцад оргон зайлах үйлдэл гаргавал мөрдөх ажиллагаа гүйцэтгэж хуульд заасны дагуу тээврийн хэрэгсэл болон харилцаа холбооны хэрэгслийг дайчлан ашиглах;

8.23.5.ажиллагааны явцад шүүхийн шийдвэрийг бүлэглэн эсэргүүцэх, олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдалд уриалах, бүлэглэн довтлох, эмх замбараагүй байдал үүсгэх, техник хэрэгсэл, зэвсгийн чанартай болон тусгай зориулалтын хэрэгсэл ашиглан саад учруулах, галт болон бусад зэвсэг хэрэглэн эсэргүүцэх үед таслан зогсоох арга хэмжээг авч шаардлагатай тохиолдолд хууль сахиулах байгууллагаас нэмэлт хүн, хүч, техник, хэрэгслийг дайчлан ажилуулах;

8.23.6.ажиллагааны явцад нэг бүрийн, олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэсэн тухай тойргийн Тахарын албаны дарга болон ажиллагааг хариуцсан албан тушаалтан, шуурхай удирдлагын хэсэгт мэдэгдэх;

8.23.7.ажиллагаа дуусгавар болсны дараа ажиллагааны үед нийтийн эзэмшлийн барилга байгууламж, эд зүйл, техник хэрэгсэлд учирсан хохирлыг тооцох, арилгах, нөхөн сэргээх ажлыг Тахарын алба зохион байгуулах;

8.23.8.албадан ирүүлэх ажиллагааны зардлыг гаргаж тооцон, Тахарын албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг үндэслэн буруутай этгээдээр нөхөн төлүүлөх ажлыг гүйцэтгэх.

8.24.Дараах тохиолдолд албадан ирүүлэхийг хориглоно.

8.24.1.хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах бодит нөхцөл үүссэн, оргон зугатах үйлдэл гаргасан зэргээс бусад тохиолдолд шөнийн цагт албадан ирүүлэх;

8.24.2.жирэмсэн эмэгтэй, сэтгэцийн өвчтэй, 14 нас хүрээгүй этгээд, эмнэлгийн байгууллагын тодорхойлолтоор тогтоогдсон хүнд өвчтэй оролцогчийг.

8.25.Шаардлагагүй тохиолдолд биеийн хүч, нэг бүрийн тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэхийг хориглоно.

Ес.Эрэн сурвалжлах, баривчлах ажиллагаа

9.1.Тахарын албаны эрэн сурвалжлах нэгжийн алба хаагчид дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

9.1.1.эрэн сурвалжилж байгаа яллагдагч, шүүгдэгч, ялтны талаар мэдээлэл, лавлагааг холбогдох байгууллагуудаас гаргуулах;

9.1.2.тухайн хүний хувийн байдлыг тогтоох зорилгоор баримт бичиг шалгах;

9.1.3.боомт, хилийн зурвас, гааль, төрийн тусгай хамгаалалтын бүсэд нэвтрэн ажиллах;

9.1.4.эрэн сурвалжлах ажиллагаа зохион байгуулах үед нийслэл, аймаг, сум, дүүргийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллага, хотын захирагч, цагдаа, хорих, батлан хамгаалах, хил хамгаалах алба зэрэг байгууллагаас хүн хүч, зэвсэг, автомашин, шатахуун, техник хэрэгсэл, түр байрлах байр шаардан гаргуулах, дайчлан ашиглах;

9.1.5.оргосон ялтныг эрэн сурвалжлах, баривчлах үед зайлшгүй шаардлагатай тохиолдолд иргэн, тээврийн хэрэгслийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр түр дайчлах, холбоо, мэдээллийн хэрэгслээр дараалал харгалзахгүй үйлчлүүлэх.

9.2.Эрэн сурвалжлалт хариуцсан нэгжийн дарга улсын хэмжээнд дараах үүргийг хэрэгжүүлнэ:

9.2.1.эрэн сурвалжилж байгаа яллагдагч, шүүгдэгч, ялтныг олж тогтоох ажлыг мэргэжлийн удирдлагаар хангах, эрэн сурвалжлах сангийн болон бусад мэдээ, мэдээлэлтэй тогтмол танилцан, үүрэг чиглэл өгч, үр дүнг тооцох;

9.2.2.албаны болон өндөржүүлсэн бэлэн байдал зарлах, шуурхай ажлын хэсэг байгуулах, нутаг дэвсгэр, орон байранд нэвтрэн орох, гарахад хяналт тогтоох, ажиглалт, эрэн хайх ажиллагааг зохион байгуулах, оргон зайлсан этгээдийг мөрдөн хөөх, баривчлах ажиллагааг шуурхай зохион байгуулах;

9.2.3.эрэн сурвалжлах чиглэлээр зохион явуулж байгаа үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу явагдаж байгаа эсэхийг хянаж, мэргэжлийн удирдлагаар хангах;

9.2.4.эрэн сурвалжлах үйл ажиллагааны үед хууль сахиулах болон орон нутгийн өөрөө удирдах байууллагуудын хамтын ажиллагааг удирдан зохион байгуулах.

9.3.Эрэн сурвалжлалт хариуцсан ахлах мөрдөгч дараах үүрэг хэрэгжүүлнэ:

9.3.1.оргон зайлсан яллагдагч, шүүгдэгч, ялтныг эрэн сурвалжлуулахаар ирүүлсэн мэдээллийн нэгдсэн болон бусад тоо бүртгэлийг хөтлөн эрэн сурвалжлалт хариуцсан нэгжийн даргад долоо хоног бүр танилцуулах;

9.3.2.оргон зайлсан яллагдагч, шүүгдэгч, ялтныг улсын хэмжээнд эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулах;

9.3.3.эрэн сурвалжлах ажлын санд эрэн сурвалжлагдаж байгаа этгээдийн талаарх мэдээллийг нэн даруй оруулах.

9.4.Эрэн сурвалжлах ажил хариуцсан мөрдөгч энэ журмын 9.7, 9.8, 9.9 дэх хэсэгт заасан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

9.5.Тойргийн тахарын албаны дарга дараах үүрэг хэрэгжүүлнэ:

9.5.1.тойргийн Тахарын албанд эрэн сурвалжлах чиглэлээр үүрэг гүйцэтгэж байгаа мөрдөгчдийн үйл ажиллагаанд хяналт тавьж эрэн сурвалжлах ажилд шаардагдах тээврийн хэрэгсэл, шатахуун, холбоо, мэдээллийн хэрэгсэл, албан томилолт, хоол, түр үүрэг гүйцэтгэх байрны зардлыг бүрэн хариуцах;

9.5.2.тойргийн хэмжээнд хууль сахиулах бусад байгууллагатай хамтын ажиллагааг зохион байгуулах;

9.5.3.эрэн сурвалжлах ажлын чиглэлээр холбогдох мэдээ, мэдээллийн самбарыг олон нийтийн газарт ажиллуулах, иргэдээс мэдээлэл авах ажлыг зохион байгуулах;

9.5.4.энэ журмын 9.2.1, 9.2.2-т заасныг хэрэгжүүлэх.

9.6.Оргон зайлсан хүний талаарх гомдол, мэдээллийг шүүх, хууль сахиулах бусад байгууллага, гадаад улсын ижил чиг үүрэг бүхий байгууллага, иргэнээс бичгээр, амаар, холбоо харилцааны хэрэгсэл ашиглан гаргасныг хүлээн авч бүртгэхдээ дор дурдсан журмыг баримтална:

9.6.1.Улаанбаатар хотод Тахарын ерөнхий газрын эрэн сурвалжлалт хариуцсан нэгжийн дарга, орон нутагт тойргийн тахарын алба, хэсгийн дарга нар мэдээллийг хүлээн авч удирдлагад танилцуулах;

9.6.2.хүлээн авсан мэдээлэлд оргон зайлсан яллагдагч, шүүгдэгч, ялтны овог нэр, регистрийн дугаар, оршин сууж байгаа гэрийн хаяг, холбогдон шалгагдаж байгаа эрүүгийн хэргийн танилцуулга зэргийг дурдах;

9.6.3.мэдээллийг тодруулж баталгаажуулсаны дараа сүүлийн хагас жилд авахуулсан зураг, хэргийг шалгаж байсан хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, хяналтын прокурорын нэр, холбоо барих утасны дугаар, хамтран гэмт хэрэг үйлдэгчдийн судалгаа, хамт ял эдлэж байсан ялтнуудын судалгаа, хорих ял эдлэж байхад эргэлт, уулзалтаар ирсэн иргэдийн судалгаа мэдээллийг хүсэлт гаргасан байгууллагаас гаргуулан авах;

9.6.4.хүлээн авсан мэдээллийн дагуу тодруулга, лавлагаа, судалгааг хийж эрэн сурвалжлах санд бүртгэх.

9.7.Тахарын албаны алба хаагчдад эрэн сурвалжлагдаж байгаа этгээдийн талаар дараах хэлбэрээр зарлан мэдээлнэ:

9.7.1.харилцаа, холбооны хэрэгсэл ашиглан;

9.7.2.эрэн сурвалжлах сангийн сүлжээгээр.

9.8.Эрэн сурвалжлалт хариуцсан алба хаагч нь Мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газрын даргын зөвшөөрлөөр олон нийтэд дараах хэлбэрээр зарлан мэдээлж болно.

9.8.1.тахарын алба эрэн сурвалжлах самбарыг гудамж, зам, талбай, байгууллагын үүдэнд иргэд, олон нийтэд ил харагдахуйц байрлуулах;

9.8.2.олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглах;

9.8.3.цахим болон нийтийн сүлжээ ашиглах.

9.9.Дараах үндэслэлээр эрэн сурвалжлах ажиллагааг явуулна:

9.9.1.шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, прокурорын даалгавар;

9.9.2.хууль сахиулах бусад байгууллага /Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар/-аас ирүүлсэн мэдээ, мэдээлэл, хүсэлт;

9.9.3.гадаад улсын ижил чиг үүрэг бүхий байгууллагаас ирүүлсэн албан хүсэлт;

9.9.4.иргэдийн гомдол, мэдээлэл.

9.10.Эрэн сурвалжлалт хариуцсан алба хаагч нь оргон зайлсан яллагдагч, шүүгдэгч, ялтны талаар дараах судалгааг 24 цагийн дотор хийж эрэн сурвалжлалт хариуцсан нэгжийн даргад танилцуулна:

9.10.1.оргодлын биеийн байцаалт, хувийн байдал, дууддаг нэр, хоч;

9.10.2.очиж болох газар, хаяг, байршил;

9.10.3.оргон зугтахын өмнөх санаа зорилго;

9.10.4.биеийн содон шинж тэмдэг, шарх, сорви, шивээс, биеийн согог;

9.10.5.иргэний үнэмлэх, гадаад паспорт;

9.10.6.эцэг, эх, ах, дүү, төрөл садан, найз нөхдийн харилцаа, тэдгээрийн оршин суугаа хаяг, газар, холбоо барих утас;

9.10.7.үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө;

9.10.8.Монгол Улсын хил нэвтрэлтийн байдал;

9.10.9.санхүүгийн баталгаа, батлан даагч нарын талаарх мэдээлэл;

9.10.10.тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэнд, ажилгүйдлийн даатгалтай холбогдох мэдээллүүдийг эрэн сурвалжлалт хариуцсан нэгжийн ахлах мөрдөгч, мөрдөгч нар цуглуулан эрэн сурвалжлах сан хариуцсан алба хаагч нэгдсэн санд бүртгэх.

9.11.Хийсэн судалгаанд үндэслэн дараах арга хэмжээг авна:

9.11.1.шүүгч, улсын яллагч, гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндэд аюул учирах эрсдэл үүссэн үед хамгаалалтад авах саналыг хүргүүлэх;

9.11.2.оргон зайлсан этгээдийн талаарх мэдээллийг хууль сахиулах болон шаардлагатай бусад байгууллагад хүргүүлэх ажлыг эрэн сурвалжлалт хариуцсан нэгжийн дарга удирдан зохион байгуулах;

9.11.3.эрэн сурвалжлагдаж байгаа хүний талаар албан тушаалтан, иргэнтэй ярилцлага хийхдээ халхавчтайгаар ярилцах, халхавчийн бичиг баримт, хувцас хэрэглэл ашиглах, тэмдэглэл хөтлөх, тайлбар авах, гаргуулах, мэдээ, мэдээлэл цуглуулах, цугларсан мэдээлэлд үнэлэлт дүгнэлт өгөх;

9.11.4.орогнож болзошгүй газар, орон байр, барилга байгууламжид үзлэг шалгалт, ажиглалт, эрэн хайх үйл ажиллагааг гүйцэтгэх;

9.11.5.улсын хилээр нэвтрэхээс урьдчилан сэргийлэх, хяналт тавих, холбогдох байгууллагатай хамтран саатуулах арга хэмжээ авах ажиллагааг ахлах мөрдөгч, мөрдөгч нар нэн даруй хийж гүйцэтгэх.

9.12.Прокурорын зөвшөөрлөөр дараах ажиллагааг хийж гүйцэтгэнэ:

9.12.1.үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө, мөнгөн хадгаламж, зээл, төлбөр тооцоо, харилцах дансны гүйлгээ, хийх эрхийг түр түдгэлзүүлэх, лавлагаа авах;

9.12.2.гүйцэтгэх ажлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт заасан ажиллагаануудыг гүйцэтгэх /орон байр, барилга байгууламж, газар, тээврийн хэрэгсэл, ачаа, тээш, эд зүйлд нууц үзлэг хийх/;

9.12.3.зайлшгүй тохиолдолд байгууллага, иргэдийн орон байр, барилга байгууламжид хүч хэрэглэн нэвтрэх;

9.12.4.нууцаар ажиглах, тусгай техник хэрэгсэл ашиглан баримтжуулалтын үйл ажиллагааг гүйцэтгэх;

9.12.5.дээрх ажиллагаануудын талаар прокурорт 7 хоногийн дотор хариу мэдэгдэх.

9.13.Олон улсын хэмжээнд эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгүүлэхдээ Интерполын мэдээ, материалыг хүлээн авах, дамжуулах журмыг баримтална.

9.14.Эрх зүйн туслалцаа авах хүсэлтийг Хууль зүйн яам, Гадаад хэргийн яам, Улсын Ерөнхий прокурорт Тахарын албаны даргын албан бичгээр уламжилна.

9.15.Эрэн сурвалжлах цахим санг интернэт орчинд, шаардлагатай мэдээллийг иргэд, олон нийтэд хүргэх зорилгоор Тахарын ерөнхий газрын Мэдээлэл, технологийн нэгж хариуцаж ажиллана.

9.16.Эрэн сурвалжлах цахим санд энэ журамд заасан оргон зайлсан яллагдагч, шүүгдэгч, ялтны талаарх мэдээллийг бүртгэж, Тахарын албаны мэдээллийн нэгдсэн сантай холбогдоно.

9.17.Эрэн сурвалжлах мэдээллийн цахим сангийн баяжилт, ашиглалтыг Мөрдөн шалгах эрэн сурвалжлах газар, техник, сүлжээний ашиглалт, нууцлалыг Тахарын ерөнхий газрын Мэдээлэл технологийн нэгж хариуцан ажиллана.

9.18.Эрэн сурвалжлах ажиллагаа хариуцсан алба хаагч дор дурдсан журмын дагуу дараах мэдээллийг 24 цагийн дотор эрэн сурвалжлах мэдээллийн цахим санд оруулна:

9.18.1.шүүх таслах ажиллагааны явцад оргон зайлсан шүүгдэгчийн талаарх мэдээлэл;

9.18.2.шүүгч, улсын яллагчид заналхийлэн оргон зайлсан яллагдагч, шүүгдэгч, ялтны талаарх мэдээлэл;

9.18.3.гэрч, хохирогчид заналхийлэн оргон зайлсан яллагдагч, шүүгдэгч, ялтны талаарх мэдээлэл.

9.19.Тойргийн тахарын алба, хорих ангитай дараах чиглэлээр хамтран ажиллана:

9.19.1.оргон зайлсан ялтны талаарх мэдээллийг шуурхай харилцан солилцох;

9.19.2.эрэн сурвалжлах, баривчлах ажиллагаанд хамтран ажиллах.

9.20.Тойргийн тахарын алба, цагдаагийн байгууллагатай дараах чиглэлээр хамтран ажиллана:

9.20.1.оргон зайлсан яллагдагч, ялтны талаарх мэдээллийг шуурхай харилцан солилцох;

9.20.2.эрэн сурвалжлах “ASAP” санг хамтран ашиглах, мэдээлэл байршуулах;

9.20.3.эрэн сурвалжлах, баривчлах ажиллагаанд хамтран ажиллах.

9.21.Тойргийн тахарын алба Хил хамгаалах байгууллагатай дараах чиглэлээр хамтран ажиллана:

9.21.1.Тахарын албаны алба хаагчийг яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах ажиллагааны үед хилийн бүсэд нэвтрүүлэх;

9.21.2.шаардлагатай үед хүн хүч, холбоо, техник хэрэгсэл, түр байрлах байраар хангах.

9.22.Тойргийн тахарын алба Зэвсэгт хүчний анги, нэгтгэлтэй дараах чиглэлээр хамтран ажиллана:

9.22.1.шаардлагатай тохиолдолд эрэн хайх ажиллагаанд хүн хүч, холбоо, техник хэрэгсэл, түр байрлах байраар хангах.

9.23.Тойргийн Тахарын алба Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газартай дараах чиглэлээр хамтран ажиллана:

9.23.1.оргон зайлсан яллагдагч, ялтны талаарх мэдээллийг хилийн боомтуудад шуурхай түгээх, улсын хилээр нэвтрэхийг завдсан тохиолдолд тэр даруй хариу мэдэгдэх;

9.23.2.холбогдох мэдээллийг шуурхай харилцан солилцох;

9.23.3.Тахарын албаны алба хаагчийг яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах ажиллагааны үед боомтын бүсэд нэвтрүүлэх.

9.24.Тойргийн Тахарын алба Улсын бүртгэлийн ерөнхий газартай дараах чиглэлээр хамтран ажиллана:

9.24.1.оргон зайлсан яллагдагч, ялтанд хамаарах мэдээллийг гарган өгөх.

9.25.Тахарын алба хаагч хүний нэр хаягийг тодруулах зорилгоор Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүний баримт бичгийг үзэж шалгах, хөндлөнгийн гэрчийг байлцуулан тэдгээрийн бие, тээврийн хэрэгсэл, ачаа тээшид үзлэг хийх, оргон зайлсан этгээдийг мөрдөх үед байгууллага, иргэний орон байранд нэвтрэн орох, объектын хөдөлгөөнд хяналт тогтоох, нийгэмд учруулах аюулын эрсдэл өндөртэй, зэвсэглэсэн этгээдийг баривчлахдаа 2 ба түүнээс дээш алба хаагчийн бүрэлдэхүүнтэй байх бөгөөд тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх, бүлэглэн оргосон, галт зэвсгээр зэвсэглэсэн иргэнийг баривчлахдаа Тахарын ерөнхий газрын даргын шийдвэрээр тусгай бүлэг, хэсгийн дэмжлэгийг авна.

9.26.Шүүгчид гаргах баривчлах зөвшөөрөл хүссэн хүсэлтэд дор дурдсан зүйлийг тусгана:

9.26.1.оргон зайлсан хүний овог нэр, түүний байршил болон оргон зайлсан иргэнийг тодорхойлох, тогтоох бусад мэдээлэл;

9.26.2.оргон зайлсан хүнийг эрэн сурвалжилсан тухай мэдээлэл, баривчлах хуулийн үндэслэл.

9.27.Тахарын алба хаагч баривчлах зөвшөөрлийн дагуу хүнийг баривчилсан бол шүүгчийн зөвшөөрлийн хуулбарыг танилцуулна.

9.28.Тахарын алба хаагч хүнийг баривчлахдаа түүний ойлгох хэлээр дараах эрхийг танилцуулна:

9.28.1.баривчилах үндэслэл;

9.28.2.гэр бүлийн гишүүд, өмгөөлөгчдөө мэдэгдэх эрх.

9.29.Шүүгчийн зөвшөөрлийн дагуу хүнийг баривчилснаас хойш 72 цагийн дотор шүүхэд хүргэн өгч цагдан хорих эсэх шийдвэр гаргуулна.

9.30.Тахарын алба хаагч нь дараах тохиолдолд шүүгчийн зөвшөөрөлгүйгээр хүнийг баривчилж болно:

9.30.1.орогнож байгаа газраасаа шүүгчийн зөвшөөрөл ирэхээс өмнө оргон зайлах, гэрч, хохирогч, хамтрагчийг нөлөөндөө оруулж болзошгүй үед.

9.31.Тахарын алба хаагч хүнийг шүүгчийн зохих зөвшөөрөлгүй баривчилсан бол шүүгчид нэн даруй мэдэгдэнэ.

9.32.Баривчлагдсан яллагдагч, шүүгдэгч, ялтны эрүүл мэндийн байдалд өөрчлөлт орсон, тээврийн хэрэгсэл саатсан, хоноглох, гэр бүлийн гишүүдэд мэдэгдэх, байгалийн хүчин зүйлийн нөлөөлөл учирсан тохиолдолд хамгийн ойр байрлах цагдан хорих байранд харьяалал харгалзахгүй холбогдох баримт бичгийн хамт хүлээлгэн өгнө.

9.33.Цагдан хорих байрны ээлжийн дарга баривчлагдсан этгээдийг эрх бүхий албан тушаалтны үндэслэл бүхий шийдвэрийн дагуу цаг харгалзахгүй хүлээн авч, зохих журмын дагуу биед нь үзлэг хийж байрлуулах үүрэгтэй.

9.34.Энэ журмын 9.3-д заасан тохиолдолд Тахарын ерөнхий газрын эрэн сурвалжлалт хариуцсан нэгжийн дарга тухайн цагдан хорих байрны эрх бүхий албан тушаалтанд урьдчилан мэдэгдэнэ.

9.35.Оргон зайлсан хүнийг баривчлах ажиллагааг алба хаагч нь тухайн үеийн нөхцөл байдал, хүчний харьцаанд үнэлэлт өгсний үндсэн дээр гүйцэтгэнэ.

9.36.Нийгэмд учруулах аюулын эрсдэл өндөртэй, зэвсэглэсэн хүнийг баривчлахдаа 2 ба түүнээс дээш алба хаагчийн бүрэлдэхүүнтэй байх бөгөөд тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх, бүлэглэн оргосон, галт зэвсгээр зэвсэглэсэн этгээдийг баривчлахдаа Тахарын ерөнхий газрын даргын шийдвэрээр тусгай бүлэг, хэсгийн дэмжлэгийг авна.

9.37.Дараах үндэслэлээр эрэн сурвалжлах ажлыг зогсоож, эрэн сурвалжлах мэдээллийн санд тэмдэглэл хийнэ:

9.37.1.эрэн сурвалжлагдсан яллагдагч, шүүгдэгч, ялтан баривчилхаар гаргасан шүүгчийн захирамж биелсэн;

9.37.2.эрэн сурвалжлагдсан яллагдагч, шүүгдэгч, ялтан нас барсан нь тогтоогдсон;

9.37.3.цаг үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нийгэмд аюултай шинж чанараа алдсан буюу уг этгээд нийгэмд аюулгүй болсон нь тогтоогдсон.

9.38.Дээрх үндэслэлийн дагуу эрэн сурвалжлах ажиллагааг зогсоох хүсэлтийг шүүгчид бичгээр гарган эрэн сурвалжлах ажиллагааг зогсооно.

9.39.Оргон зайлсан яллагдагч, шүүгдэгч, ялтныг эрэн сурвалжлахад гарсан зардлыг оргон зайлсан хүн, түүний батлан даагч нараар нөхөн төлүүлэх зардлын тооцоо, санхүүгийн баримтын хуулбарыг байгууллагын нэхэмжлэлийн хамт хавтаст хэрэгт хавсаргана.

9.40.Зардлын тооцоо, санхүүгийн баримтын хуулбар, байгууллагын нэхэмжлэлийг оргон зайлсан яллагдагч, шүүгдэгч, ялтан болон түүнийг батлан даагч нарт заавал танилцуулж энэ талаар тэмдэглэл үйлдэнэ.

9.41.Эрэн сурвалжлах ажиллагааны зардал нь дор дурдсан зардлаас бүрдэнэ:

9.41.1.алба хаагчийн албан томилолтын;

9.41.2.шатахуун, унаа, хоолны;

9.41.3.холбоо, мэдээллийн хэрэгсэл, бичиг хэргийн;

9.41.4.шүүхэд албадан ирүүлэх ажиллагааны.

9.42.Эрэн сурвалжлах ажиллагаанд хэрэглэгдсэн улсын нууцтай холбоотой зардал үүнд хамаарахгүй.

9.43.Эрэн сурвалжлах ажиллагаанд дараах зүйлийг хориглоно:

9.43.1.Хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөнөөс бусад арга, хэрэгслэлээр эрэн сурвалжлах ажиллагаа явуулах;

9.43.2.Эрэн сурвалжлах ажиллагааны явцад олж авсан төрийн болон хувь хүн, захидал харилцааны нууцтай холбоотой мэдээ, мэдээллийг задруулах;

9.43.3.Эрэн сурвалжлах ажиллагааг хувийн болон бусад зорилгоор ашиглах;

9.43.4.Дипломат төлөөлөгчийн болон албан тушаалын, түүнчлэн үүргээ гүйцэтгэж яваа түргэн тусламжийн, гал унтраах албаны, техникийн ослын дуудлагын автомашиныг дайчлах.

Арав.Бусад зүйл

10.1.Энэхүү журмыг зөрчсөн албан тушаалтан, алба хаагчид холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага ногдуулна.

10.2.Энэ журамд хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөлт оруулж болно.

 

-----оОо-----

/Энэ хавсралтад ХЗС, ШЕЗ-ийн 2015-11-11-ний А/255,174 дугаар тушаалаар орсон нэмэлт, өөрчлөлтийг тусгав.