Хэвлэх DOC Татаж авах

Засгийн газрын 2014 оны 215 дугаар

            тогтоолын хавсралт

 

 

ҮНДЭСНИЙ СОЁЛЫН ӨВИЙГ БҮРТГЭН БАРИМТЖУУЛАХ

2 ДАХЬ ШАТНЫ ХӨТӨЛБӨР

 

Нэг. Хөтөлбөрийн эрх зүйн үндэслэл

 

Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын стратегийн зорилтод “Монголчуудын уламжлалт соёлын биет болон биет бус өвийг хадгалах, хамгаалах, сэргээх, үндэсний хийгээд дэлхий дахины танин мэдэхүй, боловсролын нийтлэг хүртээл болгон дэлгэрүүлэн хөгжүүлэх үйл ажиллагааг дэмжих...”, Төрөөс соёлын талаар баримтлах бодлогын 4.2.11 дэх заалтад “Төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагын оролцоог хангасан соёлын мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгож, иргэдэд соёлын үнэт зүйлийн тухай мэдээлэл олж авах, хүртэх боломжийг нэмэгдүүлэх”, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 6.1 дэх хэсэгт соёлын өвийн тогтолцоог байгууллага дахь бүртгэл, мэдээллийн сан, сум, аймаг, нийслэлийн бүртгэл, мэдээллийн сан, улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн сан байхаар, 7.2 дахь хэсэгт “бүртгэл, мэдээллийн сан нь тухайн түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэлийг тодорхойлох, хадгалж хамгаалах, өвлүүлэх, түүнчлэн түүх, соёлын дурсгалт зүйл эвдэрч гэмтсэн, соёлын биет бус өв  нь устсан, мартагдсан тохиолдолд тэдгээрийг сэргээхэд шаардагдах бүрэн мэдээллийг агуулсан байвал зохино” гэж заажээ. 

 

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Соёлын өвийн нэгдсэн бүртгэл, мэдээллийн тогтолцоог шинэ шатанд гаргаж, улсын нэгдсэн бүртгэлийн цахим мэдээллийг хил, гааль, цагдаа, мэргэжлийн хяналтын дотоод сүлжээтэй холбох” гэж тус тус заасан нь соёлын өвийн бүртгэл, мэдээллийн сангийн үйл ажиллагааг цахимжуулж, мэдээллийн урсгалыг шуурхай хүлээн авах, дамжуулах, цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангах талаар хөтөлбөр хэрэгжүүлэх эрх зүйн үндэслэл болж байна.

 

Хоёр. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэслэл

 

Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 244 дүгээр тогтоолоор Үндэсний соёлын өвийн бүрэн мэдээллийг бүрдүүлэх, соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн сангийн тогтолцоог сайжруулах, соёлын өвийн мэдээллийг тоон системд оруулан, нэгдсэн сүлжээ бий болгох, мэдээллийг шуурхай дамжуулах, найдвартай хадгалах нөхцөлийг бүрдүүлэх зорилго бүхий “Үндэсний соёлын өвийн мэдээллийг тоон системд оруулан хадгалах хөтөлбөр”-ийг баталж 2006-2008 онд хэрэгжүүлсэн билээ.      

 

Уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр музейн үзмэрийн бүртгэлийн программ хангамжийг боловсруулан улс, орон нутгийн 35 музейд суурилуулж, шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангасан байна. Түүнчлэн бүртгэл, мэдээллийн санчийн орон тоог батлуулж, тэднийг үе шаттайгаар сургалтад хамруулж чадавхижуулах ажлыг зохион байгуулан, музейн нэгдсэн сүлжээ, цахим мэдээллийн сангийн суурийг тавьсан болно.

 

Хөтөлбөрийн үр дүнд улс, орон нутгийн музей, томоохон сүм хийдэд хадгалагдаж байгаа соёлын өвийн бүртгэл, мэдээллийг Улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санд хүлээн авах ажлыг шуурхай зохион байгуулахад зохих үр дүнгээ өгч байгаа ч Соёлын өвийг хамгаалах тухай хуульд заасан аймаг, нийслэл, сум, дүүргийн бүртгэл, мэдээллийн санд мэдээлэл хуримтлагдахгүй завсардах, орон нутаг дахь түүх, соёлын үл хөдлөх болон биет бус соёлын өвийг бүртгэн баримтжуулах, мэдээллийн сан бүрдүүлэх ажил хоцорсоор байна.

 

Нөгөөтэйгүүр соёлын өв хулгайд алдагдсан, хууль бусаар худалдагдсан тохиолдолд хууль, хяналтын байгууллагыг шуурхай мэдээллээр хангах ажил эхлэл төдий байна. Энэ байдал нь хулгайд алдагдсан болон хууль бусаар худалдагдсан соёлын өвийг эрэн хайх ажиллагаанд багагүй хүндрэл учруулаад зогсохгүй гадаад орон руу гарах эрсдэлийг дагуулдаг. Энэхүү эрсдлийг бууруулахын тулд соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн сантай хил, гааль, цагдаа, тагнуулын байгууллагыг тусгай сүлжээгээр холбож алдагдсан, хууль бусаар худалдагдсан соёлын өвийн талаарх мэдээллээр шуурхай хангах шаардлагатай байна.

 

Гурав. Хөтөлбөрийн зорилго, зорилт

 

3.1. Хөтөлбөрийн зорилго

 

Соёлын өвийн бүртгэл, мэдээллийг дамжуулах, хүлээн авах, баяжуулах үйл ажиллагааг тоон системд оруулан, бүртгэл, мэдээллийн сангийн тогтолцоог боловсронгуй болгох замаар соёлын өвийн хадгалалт хамгаалалтын аюулгүй байдлыг хангахад хөтөлбөрийн зорилго оршино.

 

3.2. Хөтөлбөрийн зорилт

 

     3.2.1. соёлын өвийн бүртгэлийн программ хангамжийг шинэчлэн сайжруулах;

 

     3.2.2. соёлын өвийн бүртгэл, мэдээллийн санг шаардлагатай техник, хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах;

 

     3.2.3. соёлын өвийн бүртгэл, мэдээллийн санд программ хангамж суурилуулах, нэгдсэн сүлжээнд холбох;

 

     3.2.4. соёлын өвийн бүртгэл, мэдээллийн санчийн чадавхийг дээшлүүлэх;

 

     3.2.5. соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санг хил, гааль, цагдаа, хяналтын байгууллагатай холбох.

 

Дөрөв. Хэрэгжүүлэх арга зам

 

4.1. Соёлын биет болон биет бус өвийн бүртгэлийн программ хангамжийг шинэчлэн сайжруулах зорилтын хүрээнд:

 

     4.1.1. музейн үзмэр, эд өлгийн зүйлийн бүртгэлийн RCH (Registration of cultural heritage) программ хангамжийг шинэчлэн сайжруулах;

    

     4.1.2. түүх, соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэлийн RICH (Registration of immovable cultural heritage) программ хангамжийг шинэчлэн сайжруулах;

 

     4.1.3. соёлын биет бус өвийн бүртгэлийн ICH (Intangible cultural heritage) программыг шинээр боловсруулах.

 

4.2.  Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн санг шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах зорилтын хүрээнд:

 

     4.2.1. тоног төхөөрөмж, техник хэрэгслийг холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдан авах;

 

     4.2.2. тоног төхөөрөмж, техник хэрэгслийг орон нутагт тараан байршуулах.

 

4.3.  Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн санд программ хангамж суурилуулах, нэгдсэн сүлжээнд холбох зорилтын хүрээнд:

 

     4.3.1. соёлын өвийн бүртгэлийн RCH, RICH, ICH программ хангамжийг бүртгэл, мэдээллийн сангийн компьютерт суулгах;

 

     4.3.2. бүртгэл, мэдээллийн санг нэгдсэн сүлжээнд холбох.

 

4.4. Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн санчийн чадавхийг дээшлүүлэх зорилтын хүрээнд:

 

     4.4.1. бүртгэл, мэдээллийн санчийн чадавхийг дээшлүүлэх талаар үе шаттай сургалт зохион байгуулах.

 

4.5. Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санг хил, гааль, цагдаа, хяналтын байгууллагатай холбох зорилтын хүрээнд:

 

     4.5.1. хил, гааль, цагдаа, хяналтын байгууллагыг шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангах;

 

     4.5.2. хил, гааль, цагдаа, хяналтын байгууллагад зориулсан дэд систем боловсруулах;

 

     4.5.3. соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санг хил, гааль, цагдаа, хяналтын байгууллагатай сүлжээгээр холбох;

  

     4.5.4. хил, гааль, цагдаа, хяналтын байгууллагын холбогдох ажилтнуудыг мэргэшүүлж, дадлагажуулах.

 

Тав. Хөтөлбөрийн хамрах хүрээ

 

            5.1. Байгууллага дахь бүртгэл, мэдээллийн 18 сан

 

            5.2. Сум, дүүргийн бүртгэл, мэдээллийн 340 сан

                       

            5.3. Аймаг, нийслэлийн бүртгэл, мэдээллийн 22 сан

                       

            5.4. Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн сан

 

5.5. Хил, гааль, цагдаа, хяналтын 4 байгууллага

 

Зургаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлага,

        зохион байгуулалт

 

6.1. Хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх стратеги төлөвлөлт, удирдлага, зохион байгуулалтаар ханган зохицуулах, хэрэгжилтэд нь хяналт тавих үүргийг соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага гүйцэтгэнэ.

 

6.2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүйгээр хангах ажлыг Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн сан хариуцан зохион байгуулна.

 

6.3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахад бүх шатны Засаг дарга, хил, гааль, цагдаа, хяналтын байгууллагын удирдлагууд дэмжлэг үзүүлнэ.

 

Долоо. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа

 

7.1. Хөтөлбөрийг 2015-2016 онд хэрэгжүүлнэ.

 

Найм. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилт

 

8.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд шаардагдах зардлыг улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ.

 

8.2. Соёлын өвийн мэдээллийг тоон системд оруулах дотоод сүлжээний хөрөнгийг хөтөлбөр хэрэгжих хугацаанд хөтөлбөрийн зардлаас гаргах ба хөтөлбөр дуусмагц тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга, улсын музейн захирал, бусад байгууллагууд  нь тухайн оны төсөвт суулгаж үргэлжлүүлнэ.

 

Ес. Хөтөлбөрийн үр дүн

 

Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараах үр дүнд хүрнэ:

 

9.1. Сум, аймаг, нийслэлийн соёлын өвийн бүртгэл, мэдээллийн сан бий болж үйл ажиллагаа нь боловсронгуй болно.

 

9.2. Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн сан нь нэгдсэн сүлжээнд холбогдож үндэсний цахим мэдээллийн тогтолцоо бүрдэнэ.

 

9.3. Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн сан шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангагдана.

 

9.4. Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн сангийн бүх үйл ажиллагаа тогтмолжиж, бүрдэлт, баяжилтын чанар дээшилнэ.

 

9.5. Соёлын өвийг эрсдэлээс хамгаалах боломж нэмэгдэнэ.

 

9.6. Соёлын өвийг хамгаалах үүрэг бүхий төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа сайжирна. 

 

Арав. Хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт

 

- Бүртгэлийн программ хангамж шинэчлэгдэн сайжирсан байдал;

 

- Бүртгэлийн программ  суурилуулсан бүртгэл, мэдээллийн сангийн тоо;

 

- Нэгдсэн сүлжээнд холбогдсон бүртгэл, мэдээллийн сангийн тоо;

 

- Бүртгэл, мэдээллийн сан нь шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангагдсан байдал;

 

- Бүртгэл, мэдээллийн санчийн чадавх дээшилсэн байдал;

 

- Төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа сайжирсан байдал;

 

- Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн сангийн үйл ажиллагаа боловсронгуй болж тогтмолжсон байдал.

 

ҮНДЭСНИЙ СОЁЛЫН ӨВИЙГ БҮРТГЭН БАРИМТЖУУЛАХ

2 ДАХЬ ШАТНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ

АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ

 

д/д

Хэрэгжүүлэх арга хэмжээ

Хугацаа

Шаардагдах зардал (төг)

Хариуцах болон хамтран ажиллах байгууллага

 

1. Соёлын өвийн бүртгэлийн программ хангамжийг шинэчлэн сайжруулах зорилтын хүрээнд:

 

 

1.1. Музейн үзмэр, эд өлгийн зүйлийн бүртгэлийн RCH (Registration of cultural heritage) программ хангамжийг шинэчлэн сайжруулах

2015

57.0 сая

ССАЖЯ

Соёлын өвийн төв

 

1.2. Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэлийн RICH (Registration of immovable cultural heritage) программ хангамжийг шинэчлэн сайжруулах

2015

45.0 сая

ССАЖЯ

Соёлын өвийн төв

 

1.3. Соёлын биет бус өвийн бүртгэлийн ICH (Intangible cultural heritage) программыг шинээр боловсруулах

2015

55.0 сая

ССАЖЯ

Соёлын өвийн төв

 

2. Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн санг шаардлагатай техник хэрэгсэл,

тоног төхөөрөмжөөр хангах зорилтын хүрээнд:

 

 

2.1. Тоног төхөөрөмж, техник хэрэгслийг холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдан авах

2015

1.303.3 сая

ССАЖЯ

Соёлын өвийн төв

 

2.2. Тоног төхөөрөмж, техник хэрэгслийг орон нутагт тараан байршуулах

2015

17.8 сая

Соёлын өвийн төв

 

3. Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн санд программ хангамж суурилуулах,

нэгдсэн сүлжээнд холбох зорилтын хүрээнд:

 

 

3.1. Соёлын өвийн бүртгэлийн RCH, RICH, ICH программ хангамжийг бүртгэл, мэдээллийн сангийн компьютерт суулгах

2015

3.0 сая

Соёлын өвийн төв

 

3.2. Бүртгэл, мэдээллийн санг интернэт сүлжээнд холбох

2015

486.8 сая

ССАЖЯ

Соёлын өвийн төв

 

4. Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн санчийн чадавхийг дээшлүүлэх зорилтын хүрээнд:

 

 

4.1. Бүртгэл, мэдээллийн санчдын чадавхийг дээшлүүлэх зорилгоор  үе шаттай сургалт зохион байгуулах

  2015 - 2016

70.7 сая

ССАЖЯ

Соёлын өвийн төв

 

5. Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санг хил, гааль, цагдаа, хяналтын байгууллагатай холбох зорилтын хүрээнд:

 

 

5.1. Хил, гааль, цагдаа, хяналтын байгууллагад шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангах

2016

12.6 сая

ССАЖЯ

Соёлын өвийн төв, Хил, гаал, цагдаа, хяналтын байгууллага

 

5.2. Хил, гааль, цагдаа, хяналтын байгууллагад зориулсан дэд систем боловсруулах

2016

25.0 сая

Соёлын өвийн төв, Хил, гаал, цагдаа, хяналтын байгууллага

 

 

 

Бүгд

 

2.076 сая