Хэвлэх DOC Татаж авах

УБЕГ-ын даргын  2014 оны 08  дугаар сарын 27-ны

өдрийн 1125 дугаар тушаалын 8 дугаар хавсралт

 

БАРЬЦААНЫ ЗҮЙЛИЙГ ХУДАЛДАХ ТУХАЙ МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛЭХ ЖУРАМ

 

1. Барьцаалагч нь үүрэг гүйцэтгэгч, барьцаалуулагч, тухайн барьцааны зүйлтэй холбоотой эрхээ бүртгүүлсэн гуравдагч этгээдэд Иргэний хууль,Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу барьцааны зүйлийг худалдах тухай мэдэгдэл (цаашид “мэдэгдэл” гэх)-ийг хүргүүлэхдээ энэхүү журмыг баримтална. 

2. Мэдэгдлийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалаар баталсан маягтаар хүргүүлэх бөгөөд дараах тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулах тухай мэдэгдлийг хүргүүлсэн гэж үзнэ: 

2.1.үүрэг гүйцэтгэгч, барьцаалуулагч, тухайн барьцааны зүйлтэй холбоотой эрхээ бүртгүүлсэн гуравдагч этгээдэд өөрт нь гардуулсан;

2.2.үүрэг гүйцэтгэгч, барьцаалуулагч, тухайн барьцааны зүйлтэй холбоотой эрхээ бүртгүүлсэн гуравдагч этгээдэд өөрт нь гардуулах боломжгүй байсан   бол гэрээнд заасан, эсхүл иргэний үнэмлэхэд заагдсан хаягаар нь баталгаат шуудангаар хүргүүлсэн;

2.3.энэ журмын 2.2-т зааснаар мэдэгдлийг гардуулж чадаагүй тохиолдолд үндэсний хэмжээний өдөр тутмын сонинд нийтлүүлсэн;

2.4.энэ журмын 2.3-т заасан сонинд нийтлүүлэх шаардлага нь сонины нүүрийг найм хуваасны нэгээс багагүй хэмжээтэй байна. 

3. Мэдэгдлийг үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч, тухайн барьцааны зүйлтэй холбоотой эрхээ бүртгүүлсэн гуравдагч этгээдэд гардуулан өгч, гарын үсэг зуруулж, гардуулсан огноог тэмдэглэнэ. Хуулийн этгээдэд өгөх мэдэгдлийг удирдах албан тушаалтан буюу холбогдох ажилтанд гардуулан өгч, гарын үсэг зуруулж, гардуулсан огноог тэмдэглэнэ. 

4. Мэдэгдлийг шуудангаар хүргэсэн бол хүлээн авагчийн нэр, хаяг, явуулж буй он,сар, өдрийг тэмдэглэж, шуудангийн ажилтны гарын үсгийг зуруулна. Өдөр тутмын сонинд нийтлүүлсэн бол энэ тухайгаа баримтжуулсан байна. 

5. Үүрэг гүйцэтгэгч, барьцаалуулагч, үүрэг гүйцэтгэгч, барьцаалуулагч, тухайн барьцааны зүйлтэй холбоотой эрхээ бүртгүүлсэн гуравдагч этгээдэд хаягаа өөрчилбөл энэ тухай барьцаалагчид мэдэгдэх үүрэгтэй.

6. Хаягаа өөрчилснөө мэдэгдээгүй үүрэг гүйцэтгэгч, барьцаалуулагч, тухайн барьцааны зүйлтэй холбоотой эрхээ бүртгүүлсэн гуравдагч этгээдэд мэдэгдлийг түүний сүүлчийн хаягаар хүргүүлнэ. 

7. Барьцааны зүйлийг давхар барьцаалсан тохиолдолд барьцаалагч нь энэхүү мэдэгдлийг хүргүүлэхийн өмнө бүх өмнөх болон дараачийн барьцаалагч нарт, барьцаалуулагч нь гуравдагч этгээд бол үүрэг гүйцэтгэгчид, барьцааны зүйл нь түрээсийн зүйл зэрэг тухайн барьцааны зүйлтэй холбоотой эрхээ бүртгүүлсэн гуравдагч этгээдэд энэ тухай урьдчилан мэдэгдсэн байх үүрэгтэй. 

8. Энэ журмыг зөрчсөн тохиолдолд мэдэгдлийг хүргүүлсэнд тооцохгүй.