Хэвлэх DOC Татаж авах

/ЗТХС-ын 2018 оны 264 дүгээр тушаалаар хүчингүй болгосон/

Зам, тээврийн сайдын 2014 оны

09 дугаар сарын 18-ны өдрийн

216 дугаар тушаалын хавсралт

 

ГАЛТ ТЭРЭГНИЙ ЗУРМАГ ЗОХИЦУУЛАЛТЫН ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү журмаар Монгол Улсын хэмжээнд төмөр замын галт тэрэгний хөдөлгөөний зурмаг боловсруулах, түүнд өөрчлөлт оруулах, мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, гүйцэтгэлд шинжилгээ хийх харилцааг зохицуулна.

1.2. Галт тэрэгний хөдөлгөөний зурмаг боловсруулахдаа зах зээлийн өрсөлдөөнийг хязгаарлахгүй, аливаа этгээдэд давуу эрх олгохгүй, харилцан уялдаатай, нэгдмэл байх зарчмыг баримтална.

1.3. Энэхүү журамд хэрэглэсэн “галт тэрэгний хөдөлгөөний зурмаг” гэснийг “хөдөлгөөний нэгдсэн зурмаг[1]”, “суурь бүтэц дэх хөдөлгөөний зурмаг[2]” гэж тус тус ойлгох бөгөөд бусад нэр томъёог Монгол Улсын Төмөр замын тээврийн тухай хууль[3], Төмөр замын тээврийн нийтлэг багц дүрэм /цаашид "багц дүрэм" гэх/-д заасан утгаар ойлгоно.

1.4. Галт тэрэгний хөдөлгөөний нэгдсэн зурмаг /цаашид “Хөдөлгөөний нэгдсэн зурмаг” гэх/-ийг “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв” улсын төсөвт үйлдвэрийн газар /цаашид “Хөдөлгөөн зохицуулалтын төв” гэх/, суурь бүтэц дэх хөдөлгөөний зурмагийг тухайн суурь бүтэц эзэмшигч хөдөлгөөний нэгдсэн зурмагт нийцүүлэн тус тус боловсруулж, батална.

1.5. Хөдөлгөөний нэгдсэн зурмагийг Хөдөлгөөн зохицуулалтын төв, суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч, төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч байгууллага, иргэн дагаж мөрдөнө.

1.6. Хөдөлгөөн зохицуулалтын төв нь хөдөлгөөний нэгдсэн зурмаг боловсруулах, түүнд өөрчлөлт оруулах, хөдөлгөөний нэгдсэн зурмагийн хэрэгжилтэнд хяналт тавих бөгөөд төрийн байгууллага болон олон нийтийг мэдээллээр хангаж ажиллана.

Хоёр. Галт тэрэгний хөдөлгөөний зурмаг боловсруулах,

түүнд өөрчлөлт оруулахад тавигдах шаардлага

2.1. Галт тэрэгний хөдөлгөөний зурмаг боловсруулах, түүнд өөрчлөлт оруулахад багц дүрэмд заасан болон дараах шаардлага тавигдана. Үүнд:

2.1.1. “Галт тэрэгний хөдөлгөөний зурмаг нь Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ хэлэлцээр, Төмөр замын тээврийн тухай хууль, Багц дүрэм, Тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч төмөр замын байгууллагын нэгдсэн технологийн горим болон суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгчийн хооронд байгуулсан тээвэрлэлтийн гэрээнд нийцсэн байх;

2.1.2. Суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүнийг өндөр бүтээмжтэй, үр дүнтэй ашиглах, тэдгээрт засвар, арчилгаа, үйлчилгээ хийх боломжоор хангасан байх;

2.1.3. Төмөр замын тээврийг бусад төрлийн тээвэр болон хилийн боомтын үйл ажиллагаатай уялдуулсан байх;

2.1.4. Тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын саналыг харгалзсан байх.

Гурав. Галт тэрэгний хөдөлгөөний зурмаг боловсруулах

3.1.Суурь бүтэц дэх хөдөлгөөний зурмаг боловсруулах:

3.1.1.Тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь суурь бүтэц дэх хөдөлгөөний зурмагт тусгуулах саналаа суурь бүтэц эзэмшигчид бичгээр гаргах бөгөөд дараах материалыг хавсаргасан байна. Үүнд:

3.1.1.1.Тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт;

3.1.1.2.Суурь бүтэц ашиглах болон тээвэрлэлтийн гэрээ, түүнд орсон нэмэлт, өөрчлөлтийн гэрээний хуулбар;

3.1.1.3.Иргэний үнэмлэхийн хуулбар /зөвхөн иргэнд хамаарна/.

3.1.2. Суурь бүтэц эзэмшигч нь өөрийн суурь бүтэц дэх хөдөлгөөний зурмаг боловсруулахдаа захиалсан ачааны хэмжээ нь суурь бүтцийн хүчин чадлаас давсан тохиолдолд олон улсын гэрээ хэлэлцээрээр хүлээсэн дамжин өнгөрөх, экспорт, импорт, улс орны эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой ачаа зэргээс бусад ачааг захиалгат хэмжээнээс үл хамааран өөрийн суурь бүтцийн тээх нэвтрүүлэх чадварт тохируулан, шударга өрсөлдөөнийг ханган тээвэрлэсэн байхаар зурмагт тусгасан байна.

3.2. Хөдөлгөөний нэгдсэн зурмаг боловсруулах:

3.2.1. Суурь бүтэц эзэмшигч нь хөдөлгөөний нэгдсэн зурмагт тусгуулах саналаа Хөдөлгөөн зохицуулалтын төвд бичгээр гаргах бөгөөд дараах материалыг хавсаргасан байна. Үүнд:

3.2.1.1.Суурь бүтэц дэх хөдөлгөөний зурмагийн төсөл;

3.2.1.2.Суурь бүтэц дэх хөдөлгөөний зурмагийн төсөлд тусгуулахаар тээвэрлэгч болон бусад үйлчлүүлэгч этгээдээс ирүүлсэн зорчигч, ачаа тээвэрлэлтийн захиалга, түүнийг хэрхэн шийдвэрлэсэн тухай товч тайлбар;

3.2.1.3. Зэргэлдээ суурь бүтэцтэй солилцох /хүлээлгэн өгөх буюу хүлээн авах/ галт тэрэг, хөдлөх бүрэлдэхүүн, нэвтрүүлэх зорчигч, ачааны боломжит дээд хэмжээний тухай санал, түүний үндэслэл, тооцоо;

3.3. Хөдөлгөөн зохицуулалтын төв нь хөдөлгөөний нэгдсэн зурмагийг үндэсний  аюулгүй байдал, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлсийн нөлөөлөл, олон улсын тээвэрлэлт, эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой тээвэрлэлт, суурь бүтцийн тээх, нэвтрүүлэх чадвар, тээвэрлэгчдийн ашиг сонирхлын зөрчил зэргээс болон бусад шалтгаанаар тээвэрлэлтийн үйл ажиллагаа, галт тэрэгний аяллын мөрний хуваарилалтад хуульд заасан үндэслэлээр аливаа хязгаарлалт, давуу эрх, дараалал тогтоох харилцааг холбогдох олон улсын гэрээ, хэлэлцээр, хууль тогтоомж болон тэдгээрт нийцүүлэн тусгайлан гаргасан дүрэм, журам, аргачлалын дагуу боловсруулна.

3.4. Галт тэрэгний хөдөлгөөний зурмаг боловсруулах, түүнд өөрчлөлт оруулах явц болон тэдгээртэй хамааралтай мэдээллүүд нь суурь бүтэц эзэмшигчид бүрэн, тээвэрлэлтийн үйл ажиллааганд оролцогч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад гаргасан саналын хүрээнд нь тус тус нээлттэй байна.

Дөрөв. Галт тэрэгний хөдөлгөөний зурмагийн цаглабар

4.1. Галт тэрэгний хөдөлгөөний зурмагийг өвлийн ба зуны гэж дараах цаглабарын дагуу боловсруулж, батална.

4.1.1. Суурь бүтэц дэх хөдөлгөөний зурмагийг дараах цаглабарын дагуу боловсруулж, батална:

4.1.1.1. Суурь бүтэц эзэмшигч нь тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч байгууллага, иргэнээс өвлийн суурь бүтэц дэх хөдөлгөөний зурмагт тусгуулах саналыг жил бүрийн 8 дугаар сарын 05-ны дотор, зуны суурь бүтэц дэх хөдөлгөөний зурмагт тусгуулах саналыг 3 дугаар сарын 20-ны дотор авах ба санал авах тухай 21-ээс доошгүй хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарласан байх;

4.1.1.2. Суурь бүтэц эзэмшигч нь суурь бүтэц дэх хөдөлгөөний зурмагт тусгуулахаар ирүүлсэн саналыг нэгтгэн, өвлийн суурь бүтэц дэх хөдөлгөөний зурмагийг жил бүрийн 8 дугаар сарын 25-ны дотор, зуны суурь бүтэц дэх хөдөлгөөний зурмагийг 4 дүгээр сарын 10-ны дотор  боловсруулах;

4.1.1.3. Суурь бүтэц эзэмшигч нь өөрийн суурь бүтэц дэх хөдөлгөөний өвлийн зурмагийн төслийг 9 дүгээр сарын 01-ний дотор, зуны зурмагийн төслийг 4 дүгээр сарын 15-ны дотор  Хөдөлгөөн зохицуулалтын төвд тус тус ирүүлэх.

4.1.1.4. Суурь бүтэц эзэмшигч нь нэгдсэн зурмаг батлагдсанаас хойш 10 хоногийн дотор өөрийн суурь бүтэц дэх хөдөлгөөний зурмагийг батлах.

4.1.2. Хөдөлгөөний нэгдсэн зурмагийг дараах цаглабарын дагуу боловсруулж, батална:

4.1.2.1. Хөдөлгөөн зохицуулалтын төв нь хөдөлгөөний нэгдсэн зурмагт тусгуулахаар ирүүлсэн төслүүдийг нэгтгэн, өвлийн хөдөлгөөний нэгдсэн зурмагийг жил бүрийн 9 дүгээр сарын 20-ны дотор, зуны хөдөлгөөний нэгдсэн зурмагийг 5 дугаар сарын 05-ны дотор боловсруулж, батлах;

4.1.2.2. Хөдөлгөөний нэгдсэн зурмагийг батлагдсанаас хойш ажлын 3 хоногийн дотор суурь бүтэц эзэмшигчид хүргүүлэх.

Тав. Галт тэрэгний хөдөлгөөний зурмагт өөрчлөлт оруулах

5.1. Суурь бүтцийн ачаа тээврийн хэмжээнд өөрчлөлт орох, тээвэрлэлтийн үйл ажиллагаатай холбоотойгоор шинээр өртөө, зөрлөг нээх, хаах, шинээр шугам барих зэрэг техникийн шинэчлэлт хийж, технологид өөрчлөлт орох, тээх, нэвтрүүлэх чадвар нэмэгдэх тохиолдол бүрт суурь бүтэц эзэмшигч нь өөрийн суурь бүтэц дэх хөдөлгөөний зурмагт өөрчлөлт оруулна.

5.2. Тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь суурь бүтэц дэх хөдөлгөөний зурмагт өөрчлөлт оруулах тухай саналаа бичгээр гарган, үндэслэл, түүнийг нотолсон баримт, материалын хамт суурь бүтэц эзэмшигчид ирүүлнэ.

5.3. Суурь бүтэц эзэмшигч нь өөрийн суурь бүтэц дэх хөдөлгөөний зурмагт өөрчлөлт оруулсан тухай бүрт хөдөлгөөний нэгдсэн зурмагт өөрчлөлт оруулах саналыг Хөдөлгөөн зохицуулалтын төвд энэхүү журмын 3.2.1-д заасны дагуу ирүүлнэ.

5.4. Хөдөлгөөн зохицуулалтын төв нь суурь бүтэц эзэмшигчийн хөдөлгөөний нэгдсэн зурмагт өөрчлөлт оруулах тухай саналыг хянан үзэж, ажлын 5 хоногийн дотор эцэслэн шийдвэрлэнэ.

5.5. Галт тэрэгний хөдөлгөөний зурмагт өөрчлөлт оруулах явц, түүнтэй хамааралтай мэдээллүүд нь энэхүү журмын 3.3-д заасны адил хүрээнд нээлттэй байна.

Зургаа. Галт тэрэгний хөдөлгөөний зурмагийн

гүйцэтгэлд шинжилгээ хийх

6.1. Хөдөлгөөн зохицуулалтын төв нь хөдөлгөөний нэгдсэн зурмагийн гүйцэтгэлийг сайжруулах, суурь бүтцийн тээх, нэвтрүүлэх чадвар, суурь бүтэц эзэмшигчийн хөдлөх бүрэлдэхүүний ашиглалтанд хяналт тавих зорилгоор суурь бүтэц дэх хөдөлгөөний зурмагийн гүйцэтгэлд шинжилгээ хийнэ.

6.2. Зурмагийн гүйцэтгэлийн шинжилгээг шаардлагатай гэж үзвэл суурь бүтэц эзэмшигчтэй хамтран гүйцэтгэж болно.

6.3. Хөдөлгөөн зохицуулалтын төв нь суурь бүтэц дэх хөдөлгөөний зурмагийн гүйцэтгэлд шинжилгээ хийх удирдамжийг боловсруулж, суурь бүтэц эзэмшигчид албан бичгээр хүргүүлнэ.

6.4. Суурь бүтэц эзэмшигч нь зурмагийн гүйцэтгэлийн шинжилгээнд ашиглуулахаар дараах материалыг албан бичигт заасан хугацааны дотор Хөдөлгөөн зохицуулалтын төвд ирүүлэх үүрэгтэй. Үүнд:

6.4.1. Тухайн хугацааны суурь бүтэц дэх галт тэрэгний хөдөлгөөний хоногийн ажлын төлөвлөгөө ба ээлжийн ажлын гүйцэтгэлийн зурмагууд;

6.4.2. Ачааны вагоны паркийн хоногийн тайлан;

6.4.3. Суурь бүтэц дэх хөдөлгөөний зурмагийн төлөвлөлтийн болон хөдөлгөөн зохицуулагчийн шуурхай тушаалын дэвтрүүд;

6.4.4. Удирдамжид заасан бусад баримт бичиг.

6.5. Хөдөлгөөн зохицуулалтын төв нь хөдөлгөөний нэгдсэн зурмагийн биелэлт болон суурь бүтцийн ашиглалтын ажлын чанарын үзүүлэлтүүдийн биелэлтэд дүн шинжилгээ хийж, дүгнэлт, зөвлөмж гарган, хөдөлгөөний нэгдсэн зурмагийн гүйцэтгэлийг сайжруулах талаар суурь бүтэц эзэмшигчид үүрэг өгч, биелэлтийг хангуулж ажиллана.

6.6. Суурь бүтэц эзэмшигч нь Хөдөлгөөн зохицуулалтын төвөөс өгсөн үүргийн дагуу хөдөлгөөний нэгдсэн зурмагийн гүйцэтгэлийг сайжруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх ба биелэлтийг заагдсан хугацааны дотор Хөдөлгөөн зохицуулалтын төвд ирүүлнэ.

Долоо. Хөдөлгөөний нэгдсэн зурмагийн хэрэгжилт, хяналт

          7.1. Хөдөлгөөний нэгдсэн зурмагаар тухайн төмөр замын суурь бүтцээр аялах болон төмөр замын суурь бүтцүүд хооронд солилцох галт тэрэг, хөдлөх бүрэлдэхүүн болон тээвэрлэх зорчигч болон ачааны боломжит дээд хэмжээ, галт тэрэгний аяллын хурд, хөдлөх бүрэлдэхүүний ба суурь бүтцийн ашиглалтын ажлын үндсэн үзүүлэлтүүдийг тодорхойлно.

7.2. Суурь бүтэц эзэмшигч нь энэхүү журмын 2.1.1-д нийцүүлэн өөрийн суурь бүтэц дэх хөдөлгөөний зурмаг, тодорхой хугацаа /хоног, ээлж/-ны ажлын төлөвлөгөө-зурмаг, суурь бүтэц дэх хөдөлгөөний зурмагийн шуурхай тохируулгыг[4] тус тус боловсруулан, хэрэгжүүлж байх ба өөрийн суурь бүтэц дэх хөдөлгөөний гүйцэтгэлийн зурмагийг хөтөлнө.

7.3. Хөдөлгөөний нэгдсэн зурмагт тусгасан галт тэрэгний аяллын мөрийг суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч нар хууль тогтоомжид заасан тээвэрлэлтийн гэрээ байгуулан, харилцан ашиглана.

7.4. Суурь бүтэц эзэмшигч нь өөрийн суурь бүтэц дэх хөдөлгөөний зурмаг болон тээвэрлэгчтэй байгуулах тээвэрлэлтийн гэрээг төмөр замын тээврийн тухай хууль тогтоомж, багц дүрэм, хөдөлгөөний нэгдсэн зурмагт нийцээгүй нөхцлөөр боловсруулах, байгуулах, мөрдүүлэх, түүнчлэн гэрээнд өөрөөр заагаагүй бол хөдөлгөөний нэгдсэн зурмагийн өөрийн суурь бүтэц дэх галт тэрэгний аяллын мөрийг ямар нэгэн хуулийн этгээдэд болон өөртөө /үүнд өөрийнх нь хөрөнгө оруулалттай хуулийн этгээд нэгэн адил хамаарна/ тээвэрлэлтийн үйл ажиллагаанд давуутай байдлаар ашиглах, ашиглуулахыг тус тус хориглоно.

7.5. Суурь бүтэц эзэмшигч нь өөрийн суурь бүтэц дэх хөдөлгөөний зурмаг, тодорхой хугацаа /хоног, ээлж/-ны ажлын төлөвлөгөөг үндэслэн зурмагийн гүйцэтгэлд шинжилгээ хийх ба биелэлтийн тайланг хоног, сар, улирал, жилээр Хөдөлгөөн зохицуулалтын төвд тогтоосон хугацаанд ирүүлнэ.

 

Найм. Бусад

8.1. Хөдөлгөөн зохицуулалтын төв, суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч, төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь хөдөлгөөний нэгдсэн зурмагийн биелэлтийн талаар харилцан хариуцлага хүлээнэ.

8.2. Энэхүү журмыг зөрчигчид Төмөр замын тээврийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

8.3.Галт тэрэгний хөдөлгөөний зурмагийг мөрдөөгүйгээс учирсан хохирлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.

8.4. Суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч, төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь галт тэрэгний хөдөлгөөний зурмаг боловсруулах, тэдгээрт өөрчлөлт оруулах явц болон хөдөлгөөний нэгдсэн зурмагийн хэрэгжилттэй холбоотой гомдлыг Хөдөлгөөн зохицуулалтын төвд гаргана.

8.5. Суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч, төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь Хөдөлгөөн зохицуулалтын төвийн гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад эсхүл шүүхэд гомдол гаргаж болно.

 

 

--- o0o ---

 



[1]“Төмөр замын тээврийн тухай хууль” 3.1.25 дахь заалт.

[2]“Төмөр замын тээврийн тухай хууль” 3.1.24 дэх заалт.

[3]“Төмөр замын тээврийн тухай хууль” Төрийн мэдээллийн 2007 оны №30 дугаарт нийтлэгдсэн.

[4]Байгалийн онцгой хүчин зүйлээс хамааран суурь бүтэц дэх хөдөлгөөний зурмагт 3-аас дээш хоногт түр өөрчлөлт орох тохиолдолд зурмагийг хэвийн ажиллагаанд орох хүртэл мөрдөж ажиллах түр хугацааны зурмаг боловсруулж, батлан, хэрэгжүүлэх.