Хэвлэх DOC Татаж авах

/ХЗДХС-ын 2018 оны А/187 дугаар тушаалаар хүчингүй болсон/

Хууль зүйн сайдын 2014 оны
А/187  дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

 
ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАЛАЛГҮЙ ХҮН МОНГОЛ УЛСАД ОРШИН СУУХ,
ХАРЬЯАЛАЛГҮЙ ХҮНД ЗОРЧИХ ҮНЭМЛЭХ ОЛГОХ,
ЭЗЭМШИХ, ХАДГАЛАХ, АШИГЛАХ ЖУРАМ


                                                            Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Албан болон хувийн хэргээр Монгол Улсад оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэн, харьяалалгүй хүнд Монгол Улсад оршин суух үнэмлэх /цаашид "оршин суух үнэмлэх" гэх/, харьяалалгүй хүнд гадаад улсад зорчих үнэмлэх  /цаашид "зорчих үнэмлэх" гэх/ олгох, сунгах, эзэмших, хадгалах, ашиглахад энэхүү журмыг баримтална.

1.2.Гадаадын иргэн, харьяалалгүй хүнд оршин суух үнэмлэх олгох, солих, хураан авах, хүчингүй болгох, дахин олгох, буцаан олгох, үнэмлэхний хугацааг сунгах, үнэмлэхэд нэмэлт мэдээлэл оруулах, харьяалалгүй хүнд зорчих үнэмлэх олгох, хураан авах, хүчингүй болгох, үнэмлэхний хугацааг сунгах, эдгээр үнэмлэхний нэгдсэн  бүртгэл хөтлөх ажлыг Гадаадын иргэн, харьяатын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын /цаашид "Газар" гэх/ эрхэлнэ. /ХЗДХС-ын 2016 оны А/128 дугаар тушаалаар өөрчлөлт орсныг тусгав./

1.3.Зорчих үнэмлэхэд Газрын дарга эсхүл түүний эрх олгосон албан тушаалтан гарын үсэг зурж баталгаажуулна.

                                                 Хоёр.Оршин суух үнэмлэх олгох

2.1.Оршин суух үнэмлэхийн хугацаа нь гадаадын иргэн, харьяалалгүй хүнд олгосон Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрлийн хугацаатай адил байна.

2.2.Оршин суух үнэмлэх дээр бичигдэх зөвшөөрлийн дугаарыг гадаадын иргэний Монгол Улсад орж ирсэн зохих ангиллын визийн хажууд давхар бичиж тэмдэглэнэ.

Гурав.Оршин суух үнэмлэхийг дахин олгох

              3.1.Оршин суух үнэмлэхийг дараахь тохиолдолд дахин олгоно:

                 3.1.1.гадаад паспорт солигдсон;

                 3.1.2.үнэмлэхээ гээсэн, үрэгдүүлсэн;

                 3.1.3.үнэмлэхний хүчинтэй байдлыг алдагдуулсан;

                 3.1.4.дүр төрхийн өөрчлөлт орсон;

                 3.1.5.хүйс өөрчлөгдсөн.

3.2.Оршин суух үнэмлэхийг дахин авахад дараахь баримт бичгийг бүрдүүлж өгнө:

                      3.2.1.гадаад паспорт;

                      3.2.2. гэрэл зураг 3х4 см хэмжээтэй 1 хувь;

                      3.2.3.оршин суух үнэмлэх дахин олгож өгөхийг хүссэн албан бичиг /хувь хүн бол өргөдөл/;

                      3.2.4.оршин суух үнэмлэхээ гээсэн, үрэгдүүлсэн болохыг зарлуулсан тухай баримт болон холбогдох байгууллагын тодорхойлолт;

                      3.2.5.оршин суух үнэмлэхний үнэ болон тэмдэгтийн хураамж төлсөн баримт;

3.3.Гадаадын иргэн, харьяалалгүй хүнд энэ журмын 3.1-д заасан үндэслэлээр 3.2-т заасан материалыг бүрдүүлж өгснөөс хойш ажлын 5 өдөрт багтаан оршин суух үнэмлэх олгоно. /3-р зүйлийг ХЗДХС-ын 2016 оны А/128 дугаар тушаалаар өөрчлөлт орсныг тусгав./

 
                                               Дөрөв. Оршин суух үнэмлэхийг  буцаан олгох,
                                                       хураах,  хүчингүй болгох


4.1. Оршин суух үнэмлэх авсан гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын харьяат болсон тохиолдолд Ерөнхийлөгчийн зарлиг гарснаас хойш 30 хоногийн дотор оршин суух үнэмлэхийг Газарт хураалгаж, тодорхойлолт авна.

4.2. Дор дурдсан тохиолдолд оршин суух үнэмлэхийг хүчингүй болгоно. Үүнд:

                 4.2.1. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27.3, 28.4.1, 29.3-д заасан үндэслэл байгаа бол;

               4.2.2. оршин суух зөвшөөрлийн хугацаанд багтаж сунгалт хийлгээгүй бол;

               4.2.3.  гарах-орох визийн хугацаанд Монгол Улсад орж ирээгүй бол;

               4.2.4. оршин суух зөвшөөрлийг хүчингүй болгосон бол.

                                            Тав. Гадаадын иргэн, харьяалалгүй хүний хүүхдэд
                                                                 оршин суух үнэмлэх олгох


5.1.Оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэн, харьяалалгүй хүний хүүхдэд оршин суух үнэмлэхийг нэгэн адил олгоно.

5.2.Энэ журмын 5.1-д заасан хүсэлт гаргагч нь дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байна:

              5.2.1.мэдүүлгийн хуудас;

             5.2.2. өргөдөл;

              5.2.3. хүүхдийн төрсний гэрчилгээ/ харьяалалгүй хүний хүүхдийн хувьд Монгол Улсад төрснийг гэрчлэх баримт/;

              5.2.4.эцэг, эхийн оршин суух үнэмлэх;

               5.2.5. эцэг, эхийн паспортын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /харьяалалгүй хүний хувьд гадаадад зорчих үнэмлэх/;

              5.2.6. хаяг, ам бүлийн талаархи сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;

              5.2.7.3х4 см-ийн хэмжээний 3 хувь гэрэл зураг.

5.3.Энэ журмын 5.2-т заасан бичиг баримтыг бүрэн бүрдүүлж  өгснөөс хойш 5 өдөрт багтаан хүүхдэд оршин суух үнэмлэх гаргаж өгнө.

                                    Зургаа. Оршин суух үнэмлэхийг эзэмших,
                                                       ашиглах, хадгалах, сунгах

 

6.1. Оршин суух үнэмлэх нь тухайн гадаадын иргэн, харьяалалгүй хүний биеийн байцаалт тул биедээ байнга авч явах үүрэгтэй бөгөөд Газарт хураалгаснаас бусад тохиолдолд эзэмшигч өөрөө хадгална./энэ хэсгийг ХЗДХС-ын 2016 оны А/128 дугаар тушаалаар өөрчлөлт орсныг тусгав./

6.2.Оршин суух үнэмлэхийг бусдад шилжүүлж, барьцаалж үл болно.

6.3.Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсаас бүрмөсөн болон оршин суух зөвшөөрлийн хугацаанд ирэхгүйгээр явах бол оршин суух үнэмлэхээ Газарт хураалгаж, хасалт хийлгэнэ.

6.4.Газар нь гадаадын иргэн, харьяалалгүй хүний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгахдаа оршин суух үнэмлэхэд нэмэлт, өөрчлөлтийг шинээр оруулан, хувийн хэрэг болон холбогдох материалд энэ тухай тэмдэглэл үйлдэж, мэдээллийн санд оруулна.

                                          Долоо.Зорчих үнэмлэх олгох, түүний хугацааг сунгах

7.1.Монгол Улсад оршин суух үнэмлэх авсан харьяалалгүй хүн Газраас олгосон зорчих үнэмлэхээр гадаад улсад зорчино.
                
7.2.Зорчих үнэмлэхийг дараах хүнд олгоно:
                       
7.2.1.Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа харьяалалгүй хүн, түүний хүүхэд;
7.2.2.гадаад улсын харьяат болох зорилгоор Монгол Улсын харьяатаас гарсан боловч аль нэг улсын харьяат болж амжаагүй бөгөөд Монгол Улсад оршин суугаа хүн, түүний хүүхэд.
    
7.3.Зорчих үнэмлэх нь олгосон өдрөөс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байна.
          
7.4.Шаардлага гарвал зорчих үнэмлэхийн хүчинтэй байх хугацааг 1 хүртэл жилийн хугацаагаар сунгаж, энэ журмын 1.3-т заасан ажилтан гарын үсэг зурж баталгаажуулна.
            
7.5.Зорчих үнэмлэх авах, түүний хугацааг сунгуулах хүсэлтийг Газарт хандаж гаргах бөгөөд дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байна:

                  7.5.1.оршин суух үнэмлэх;

                  7.5.2.3.5x4.5 см хэмжээний 2 хувь гэрэл зураг;

                  7.5.3.зорчих үнэмлэхэд бичигдэх хүүхдийн төрсний гэрчилгээ;

                   7.5.4.зорчих үнэмлэхэд бичигдэх хүүхдийн 3x4 см хэмжээний 1 хувь гэрэл зураг.

           7.6.Энэ журмын 7.5-д заасан бичиг баримтыг хүлээн авсан ажилтан дор дурдснаар нягтлан:

                  7.6.1.энэ журмын 7.2.1-д заасан харьяалалгүй хүний хувьд Монгол Улсад оршин суух үнэмлэх, урьд нь харьяалагдаж байсан улсынхаа харьяатаас гарсныг гэрчлэх холбогдох байгууллагын албан бичиг;

                  7.6.2.энэ журмын 7.2.2-т заасан хүний хувьд урьд нь эзэмшиж байсан иргэний үнэмлэх /паспорт/;

                  7.6.3.хүүхдийн төрсний гэрчилгээ хүчин төгөлдөр эсэх, регистрийн дугаар, овог нэр, төрсөн он, сар, өдөр зөв эсэх, өөрийнх нь гэрэл зураг мөн эсэх;

                 7.6.4.гадаад улсад зорчихыг түдгэлзүүлэх, хойшлуулах үндэслэл байгаа эсэх.

7.7.Хүсэлт гаргагчийн материалыг хүлээн авсан ажилтан зорчих үнэмлэхийг ажлын 5 өдөрт багтаан олгоно.

                                  Найм. Зорчих үнэмлэхийг дахин олгох

             8.1.Зорчих үнэмлэхийг үрэгдүүлсэн, гэмтээсэн эсхүл мэс ажилбар хийлгэснээс үнэмлэх эзэмшигчийн царай өөрчлөгдсөн тохиолдолд дараах баримт бичгийг үндэслэн оршин суух үнэмлэхийг дахин олгоно:

                8.1.1.оршин суух үнэмлэх;

                8.1.2.3.5x4.5 см хэмжээний 1 хувь гэрэл зураг;

                8.1.3.зорчих үнэмлэх дахин олгож өгөхийг хүссэн өргөдөл;

                 8.1.4.зорчих үнэмлэх үрэгдүүлсэн болохыг зарлуулсан тухай холбогдох баримт;

                8.1.5.зорчих үнэмлэхний  үнэ болон тэмдэгтийн хураамж төлсөн баримт.

                                                  Ес. Зорчих үнэмлэх олгохоос татгалзах

             9.1.Харьяалалгүй хүний гадаадад зорчих эрхийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн тохиолдолд түүнд зорчих  үнэмлэх олгохоос татгалзах бөгөөд энэ тухай  ажлын 5 өдөрт багтаан бичгээр мэдэгдэнэ.

                                                 Арав. Зорчих үнэмлэх эзэмших, ашиглах, хадгалах

10.1.Зорчих үнэмлэх эзэмшигч нь Монгол Улсад буцаж ирэхгүй тохиолдолд Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газарт зорчих үнэмлэхээ хураалгах үүрэгтэй.
          
10.2.Зорчих үнэмлэхийг бусдад шилжүүлэх, эсхүл барьцаанд тавьж үл болно.

                                                     Арван нэг. Зорчих үнэмлэхийг хүчингүй болгох

11.1.Дараах тохиолдолд Газар нь зорчих үнэмлэхийг хүчингүй болгоно:

11.1.1.зорчих үнэмлэхийг гэмтээсэн, засварласан;

11.1.2.зорчих үнэмлэхийг бусдад шилжүүлсэн;

11.1.3.хуульд заасан бусад.

           11.2.Хүчингүй болсон, гэмтсэн, хүчинтэй хугацаа нь дууссан, түүнчлэн энэ журмын 10.2-т заасан дагуу дипломат төлөөлөгчийн газраас ирүүлсэн зорчих үнэмлэхийг Газар устгаж, эзэмшигчийн хувийн хэрэгт тэмдэглэл хийнэ.

           11.3.Хүчин төгөлдөр бус, эсхүл зөрчил бүхий зорчих үнэмлэхтэй этгээдийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүй бөгөөд тухайн үнэмлэхийг хураан авна.

                                                 Арван хоёр. Бусад зүйл

12.1. Гадаадын иргэн, харьяалалгүй хүн энэхүү журмыг зөрчсөн, эсхүл оршин суух, зорчих үнэмлэхийг гээсэн, үрэгдүүлсэн, хүчинтэй байдлыг нь алдагдуулсан бол Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 42.1.12, 42.1.13-т заасан хариуцлага хүлээлгэнэ. /энэ хэсгийг ХЗДХС-ын 2016 оны А/128 дугаар тушаалаар өөрчлөлт орсныг тусгав./

12.2.Хүчингүй болсон, хураагдсан болон зорчих үнэмлэхийг устгана.

12.3.Оршин суух болон зорчих үнэмлэхний зургийг 5 жил тутам солино.

 


 

                                                   _____________оОо_____________