Хэвлэх DOC Татаж авах

Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгчийн 2014 оны 11 дүгээр сарын 24 өдрийн

А/209 дугаар тушаалын хавсралт

 

/ХЗДХЯ-ны 2017 оны 13 тоот дотоод албан бичгээр хасалт хийсэн/

ХОРИХ БАЙРНЫ ДОТООД ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

        1.1.Хорих, байрны өдөр тутмын үйл ажиллагаанд Үндсэн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулиуд болон Монгол Улсын олон улсын гэрээ тэдгээрт нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад акт болон энэхүү журмыг удирдлага болгоно.

          1.2.Цагдан хорих, баривчлах шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаанд Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд заасан  зарчмыг баримтална.

 

Хоёр. Хоригдох этгээдийг хүлээн авах

 

          2.1.Баривчлагдсан, цагдан хоригдсон сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг /энэ зүйлд “хоригдох этгээд” гэх/ нийслэлд цагдан хорих төв, баривчлах байр, орон нутагт цагдан хорих  байр, баривчлах байранд /цаашид “хорих байр” гэх/ хүлээн авах үүргийг ерөнхий жижүүр, жижүүр эмч, жижүүрийн туслах, шалган нэвтрүүлэх байрны харуул, тоо бүртгэлийн ажилтан, орон нутагт ээлжийн дарга, тоо бүртгэл, харуул хамгаалалтын ажилтан нар хариуцан хүлээн авна.

           

         2.2.Хорих байр нь хоригдох этгээдийг нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу 08.00-18.00 цагийн хооронд хүлээн авах ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.10 дахь хэсэгт заасан үндэслэлээр нэг хорих байрнаас нөгөө хорих байранд шилжүүлэхээс бусад тохиолдолд хорих байранд нутаг дэвсгэрийн харьяаллын бус хоригдох этгээдийг хүлээн авахыг хориглоно.

 

2.3.Аймаг, орон нутагт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга цагдан хорих үйл ажиллагаанд хяналт тавих бөгөөд хорих байрны дарга нь албаны даргын шууд удирдлагад хорих байрны хамгаалалтын болон бусад үйл ажиллагааг зохион байгуулж ажиллана.

 

2.4.Хоригдох этгээдийг хүлээн авах үед жижүүрийн туслах хоригдох этгээдийн талаарх мэдээлэл бүхий лавлагааг хөтөлж, ерөнхий жижүүр /ээлжийн дарга/ хүлээн авсан баримт бичгийг тоо бүртгэлийн ажилтанд хүлээлгэн өгнө.

 

2.5.Хоригдох этгээдийг хүлээн авахдаа тухайн этгээдийг хүргэж ирсэн албан тушаалтныг байлцуулан баривчлах, цагдан хорих шийдвэрт заагдсан этгээд мөн эсэх, тогтоолын бүрдэл / прокурорын зөвшөөрөл, батламжилсан шүүгчийн гарын үсэг, шүүгчийн захирамж, байгууллагын тамга, тэмдэг байгаа эсэх/-ийг ерөнхий жижүүр, ээлжийн дарга шалгана.

 

2.6.Хоригдох этгээдийг хүлээн авах үүрэг бүхий бүрэлдэхүүн уг этгээдийг мансууруулах бодис, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх, биеийн өндөр, нас хүйс, биеийн эрүүл мэндийн байдал, жин, биед нь байгаа гэмтэл, шарх сорви, шивээс, содон шинж тэмдгийг шалгаж улмаар дээрх байдлуудыг дижитал аппаратаар зурагжуулж, бүртгэлд бүртгэж хорих байрны мэдээллийн санд болон уян дискэнд хадгална.

 

2.7.Согтууруулах ундааны зүйл, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм бодис хэрэглэсэн хоригдох этгээдийг хорих байранд саадгүй хүлээн авч тусгай өрөөнд байршуулна. Хэрэв хоригдох этгээдэд хорих байрны эмнэлгийн шатлалаас дээш шатлалын нарийн мэргэжлийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ шаардлагатай бол хүлээн авахгүй.

 

2.8.Энэ журмын 2.7-д заасан хоригдох этгээдийг хүлээн авахгүй нөхцөл үүссэн үед хорих байрны жижүүр, цагдан хорих байрны эмч энэ талаар тэмдэглэл үйлдэж, цагдан хорих шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтанд нэн даруй мэдэгдэнэ. Хүлээн авч болохгүй нөхцөл байдал арилсан үед хоригдох этгээдийг хүлээн авна.

 

2.9.Хоригдох этгээдийг хүлээн авахдаа хүргэж ирсэн албан тушаалтныг байлцуулан шалган нэвтрүүлэх байрны харуул, ээлжийн дарга үзлэг хийж, хориотой эд зүйлсийг хураан авч, тэмдэглэл хөтлөн холбогдох этгээдээр гарын үсэг зуруулна.

 

2.10.Хоригдох этгээдийн хувцсыг хураан авч, нэг загварын хувцас, улавч олгож, суллагдах болон хорих анги руу шилжих үед нь буцаан авч, түүний хувцсыг эргүүлэн олгоно.

 

2.11.Хоригдох этгээдийг хүлээн авсан тухай лавлагааг жижүүрийн туслах хөтлөх бөгөөд хүлээлгэн өгсөн албан тушаалтнаар лавлагаанд гарын үсэг зуруулна. Лавлагаанд уг этгээдийг баривчлах, хорих болсон шалтгаан, цагдан хорих гэж байгаа газрын талаар түүний ар гэрийнхэн, төрөл садан болон өмгөөлөгчид нь албан ёсоор мэдэгдсэн эсэх талаар лавлаж тэмдэглэл үйлдэнэ.

 

2.12.Хоригдох этгээдэд хорих байрны дотоод журам, цагийн хуваарь, сахилгын шийтгэл оногдуулах журам, эрх, үүргийг нь хүлээн авсан албан тушаалтан танилцуулж, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна. Хоригдох этгээдэд дээрх мэдээллийг бичгээр гаргаж өгөх бөгөөд бичиг үсэг мэдэхгүй, хөгжлийн бэрхшээлтэй хүнд тайлбарлан өгөх үүрэг хүлээх ба энэ тухай тэмдэглэлд тусгана.

 

2.13.Хэрэв хоригдох этгээд нь гадаад улсын харьяат буюу харьяалалгүй хүн бол тухайн этгээдийн харьяалах улсын хэл дээр эсхүл англи хэл дээр хөрвүүлэн баривчлах, цагдан хорих байрны дотоод журам, цагийн хуваарь болон бусад шаардагдах баримт бичгийг тоо бүртгэлийн ажилтан танилцуулахаас гадна тухайн орны дипломат төлөөлөгчийн газар буюу консулын газарт нь нэн даруй мэдэгдэх үүргийг хүлээнэ. Хоригдох этгээд нь засгийн газар хоорондын олон улсын байгууллагуудын хамгаалалтад байдаг этгээд бол  олон улсын эрх бүхий байгууллагын төлөөлөгчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар дээрх баримт бичгийн албан ёсны орчуулгыг бэлтгэн, хорих байруудад тараах үүрэг хүлээж, Гадаад харилцааны яаманд уг этгээдийн талаарх мэдээллийг бичгээр явуулна.

 

2.14.Жижүүр эмч шинээр хүлээн авсан хоригдох этгээдийн биеийн ерөнхий байдал, ил шарх, сорви өвчин зовиур байгаа эсэхэд үзлэг хийж, энэ тухай тэмдэглэл үйлдэн, өвчний карт нээж, хойшлуулшгүй тохиолдолд хорих байрны эмнэлэгт хэвтүүлнэ.

 

2.15.Аймаг, орон нутгийн хорих байранд хоригдсон этгээдийг эмнэлэгт хэвтүүлэх зайлшгүй шаардлагатай тохиолдолд Хууль зүйн сайдын баталсан “Цагдан хоригдсон этгээдэд эмнэлгийн тусламж үзүүлэх, түүнийг эрүүл мэндийн байгууллагад эмчлэх, цагдан хорих байранд эмнэлгийн ажилтан ирж үйлчлэх журам”-ыг хорих байрны эмч баримталж ажиллана.

 

Гурав.  Хоригдсон этгээдийг хорих өрөөнд хуваарилах

 

3.1.Баривчлагдсан, цагдан хоригдсон сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг /цаашид “хоригдсон этгээд” гэх/ хорих өрөөнд хуваарилахдаа Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийг мөрдлөг болгоно.

 

3.2.Хоригдсон этгээдийг хорих өрөөнд хуваарилах асуудлыг нийслэлд гүйцэтгэх ажил, харуул хамгаалалт эрхэлсэн дэд дарга, орон нутагт цагдан хорих байрны даргын гаргасан хуваарийг үндэслэн ээлжийн дарга шийдвэрлэн хяналт тавьж ажиллана.

 

3.3.Хорих байрны харуул хамгаалалтын ажилтан шинээр хоригдсон этгээдийг хуваарилагдсан өрөөнд хүргэж, хучлага, дэвсгэр олгоно.

 

3.4.Шаардлагатай тохиолдолд хорих байрны даргын шийдвэрээр шинээр хоригдсон этгээдийг тусгайлсан хорих өрөөнд 5 хоног байрлуулж, орчинд нь дасгах, сэтгэл зүйн нөлөөлөл үзүүлэх арга хэмжээ авч болно.

 

3.5.Хоригдсон этгээдийн хорих өрөөг дараах үндэслэлээр солих буюу дахин хуваарилна:

3.5.1.эрүүл мэндийн шалтгаанаар;

3.5.2.хорих байранд гарч болзошгүй гэмт хэрэг, онцгой нөхцөл байдал, ноцтой зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор;

3.5.3.хоригдсон этгээдийн хууль ёсны өмгөөлөгчийн бодит үндэслэл бүхий хүсэлтээр;

3.5.4.хэрэг бүртгэх, мөрдөн байцаах эрх бүхий байгууллагын бичгээр өгсөн үндэслэл бүхий хүсэлтээр.

  

3.6.Энэ журмын 3.5-д заасан үндэслэлээр хоригдсон этгээдийн хорих өрөөг солихдоо прокурорын зөвшөөрөл, албан тушаалтны санал, тодорхойлолтыг үндэслэн хорих байрны дарга шийдвэрлэнэ.

 

3.7.Энэ журмын 3.5 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд хорих өрөөг солих, хуваарилахыг хориглоно.

 

Дөрөв. Хорих өрөөг онгойлгох

 

4.1.Хорих өрөөг онгойлгохдоо 2 ба түүнээс дээш харуул хамгаалалтын ажилтан байлцаж шагайвраар өрөөн доторх хөдөлгөөнийг урьдчилан хянах бөгөөд хоригдсон этгээдүүд босож хаалганаас 1 метрийн зайд байрлана.

 

4.2.Хорих өрөөний хаалгыг 45 градус онгойхоор хязгаарлагч байршуулсан байна.

 

4.3.Онцгой нөхцөл байдал, байгалийн гамшгийн үед, түүнчлэн ажлын зайлшгүй шаардлагаар эрх бүхий албан тушаалтны зөвшөөрлөөр хорих өрөөг онгойлгоно.

 

4.4.Хоригдсон этгээдүүд бие биедээ болон өөртөө санаатай гэмтэл учруулсан, өөрийгөө егүүтгэх оролдлого гаргасан, егүүтгэсэн гэх тохиолдолд ерөнхий жижүүр /ээлжийн дарга, төлөөлөгч/ нь түүний туслах, харуул хамгаалалтын ажилтан, жижүүр эмч/сувилагч/-ийн бүрэлдэхүүнтэй хорих өрөөг цаг харгалзахгүйгээр онгойлгож болно.

 

4.5.Хорих байрны албан хаагч 4.4-д заасан дуудлагын дагуу үйл явдлыг тодруулахдаа дор дурдсан зааврыг баримтална:

 

            4.5.1.хорих өрөөний шагайвраар хоригдсон этгээдүүдтэй харилцаж асуудлыг нэн даруй тодруулах;

            4.5.2.хорих өрөөнд хоригдож байгаа этгээдүүдийн үйлдлийг телекамераар хянуулж, богино долгионы станцаар мэдээлэл авч, улмаар хорих өрөөг онгойлгох эсэхийг ерөнхий жижүүр шийдвэрлэн холбогдох арга хэмжээг шуурхай авах;

            4.5.3.телекамергүй хорих өрөөнд хоригдсон этгээд өөрийгөө егүүтгэсэн гэх тохиолдолд алба хаагчдын аюулгүй байдлыг эхний ээлжинд хангах арга хэмжээг авч, хорих өрөөг онгойлгох эсэх асуудлыг цагдан хорих байрны дарга, ерөнхий жижүүр шийдвэрлэнэ.

 

Тав. Хоригдсон этгээдийг гаргах, оруулах

 

5.1.Дараах тохиолдолд хоригдсон этгээдийг хорих өрөөнөөс гаргана:

 

            5.1.1.хоригдсон этгээдийг хорих шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны албан бичиг, хүсэлтийн дагуу эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцуулах тохиолдолд прокурорын бичгээр өгсөн зөвшөөрлийг үндэслэн;

            5.1.2.Хуульчдын холбооны өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх эрх бүхий өмгөөлөгчтэй уулзуулах;

            5.1.3.хоригдсон этгээдийг эрх бүхий албан тушаалтны зөвшөөрлийн бичгийг үндэслэн төрөл садан болон бусад хүмүүстэй уулзуулах;

            5.1.4.хорих байрны дарга болон дэд даргын зөвшөөрлөөр үзлэг, нэгжлэг хийх, усанд оруулах, салхилуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх.

 

5.2.Хорих байрны харуул хамгаалалтын ажилтан нь хоригдсон этгээдийг эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцуулахаар хорих өрөөнөөс гаргахдаа хүлээн авч байгаа эрх бүхий албан тушаалтныг байлцуулан үзлэг, нэгжлэг хийж, гарсан, орсон цагийг тодорхой тэмдэглэнэ.

 

5.3.Хоригдсон этгээдийг хорих өрөөнөөс гаргаж, хууль журамд заасан хөдөлгөөнд хамруулах үед харуул хамгаалалтын ажилтан хорих өрөөний хаалганы ар талд зогсож тэдгээрийг нэг, нэгээр нь гарган ар талаас нь 1-1,5 метрийн зайд дагаж хяналт тавина.

 

5.4.Нэг хорих өрөөнөөс 2 болон түүнээс дээш хоригдсон этгээдийг гаргах үед харуул хамгаалалтыг хүч нэмэгдүүлэн зохион байгуулна.

 

5.5.Хоригдсон этгээдийг оруулах:

 

            5.5.1.хоригдсон этгээд хорих өрөөнөөс гарч яваад эргэж ирмэгц үзлэг, нэгжлэг хийж түүнийг харуул хамгаалалтын ажилтан хорих өрөөнд нь нэн даруй;

            5.5.2.хоригдсон этгээд 5.1.4-д заасан үндэслэлээр хоригдсон этгээдийг хорих өрөөнөөс гаргасан тохиолдолд 17.00 цагаас өмнө буцаан хорих өрөөнд;

         5.5.3.харуул хамгаалалтын ажилтан хоригдсон этгээдийн биеийн эрүүл мэндийн байдлыг магадлаж, шинээр үүссэн гэмтэл, шарх сорви байгаа эсэхэд үзлэг хийж тэмдэглэл хөтөлж, шаардлагатай тохиолдолд хорих байр хариуцсан хяналтын прокурорт танилцуулж;

         5.5.4.хоригдсон этгээдийг хүлээлгэн өгөх үед хүлээн авсан албан тушаалтан өөрийн биеэр байлцаж, гарын үсэг зуран, ямар нэгэн санал, хүсэлт байгаа эсэхийг лавлах;

            5.5.5.хоригдсон этгээдийг хорих өрөөнд оруулахдаа тэдгээрийг нэг, нэгээр нь оруулж харуул хамгаалалтын ажилтан аюулгүй байдлыг сахиулна.

           

Зургаа. Хорих байрны харуул хамгаалалтын

 зохион байгуулалт

 

6.1.Хорих байрны харуул хамгаалалтын ажилтан нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж, тэдгээрээс хорих байранд дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, баримталж буй цагийн хуваарийг мөрдүүлэх, түүнчлэн хорих байрны болон хоригдсон этгээдийн аюулгүй байдлыг хангаж ажиллана.

6.2.Хорих байрны харуул хамгаалалтыг өдөр тутмын болон өндөржүүлсэн бэлэн байдал, хүч нэмэгдүүлсэн хамгаалалт гэсэн төрлөөр зохион байгуулна.

6.3.Улс орны гадаад, дотоод улс төрийн байдал хүндэрсэн, байгалийн гамшиг тохиолдсон, нийтийг хамарсан үймээн самуун гарсан, хорио цээрийн дэглэм тогтоосон, түүнчлэн улсын чанартай баяр ёслолын өдрүүдэд болон цагдан хорих байранд бий болсон онцгой нөхцөл байдал үүссэн үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын болон анги, албадын даргын тушаалаар хүч нэмэгдүүлсэн хамгаалалт, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэн ажиллана.

6.4.Хүч нэмэгдүүлсэн хамгаалалт зарласан тушаалд түүний үргэлжлэх хугацаа, эрх бүхий албан тушаалтны гүйцэтгэх үүрэг, цагийн хуваарь, эргүүл, нэмэгдэл жижүүр, хоногийн жижүүрийн бүрэлдэхүүний томилгоог тодорхой заана.

6.5.Хорих байранд онцгой нөхцөл байдал бий болсон үед ажиллах төлөвлөгөөг Цагдан хорих төвийн дарга, шийдвэр гүйцэтгэх албаны дарга тусгайлан баталж мөрдүүлнэ.

         6.6.Нийслэлд хорих байрны хоногийн жижүүр нь дараах бүрэлдэхүүнтэй байна:

 

6.6.1.ерөнхий эргүүл, жижүүр, түүний туслах;

6.6.2.ээлжийн дарга;

6.6.3.шалган нэвтрүүлэх харуул;

6.6.4.хорих байрны харуул хамгаалалтын ажилтан;

6.6.5. эмч;

6.6.6.холбоочин ;

6.6.7.теле хяналтын ажилтан /операторчин/.

 

6.7.Орон нутагт хорих байрны хоногийн жижүүр нь дараах бүрэлдэхүүнтэй байна:

 

            6.7.1.ээлжийн дарга;

            6.7.2.хорих байрны харуул хамгаалалтын ажилтан.

 

6.8.Энэ журмын 6.7-д заасан бүрэлдэхүүн дээр шаардлагатай тохиолдолд ерөнхий эргүүл, жижүүр, түүний туслахыг томилж болно.

 

Долоо.Жижүүрийн бүрэлдэхүүний үүрэг

7.1.Хорих байрны эргүүл  дараах үүргийг гүйцэтгэнэ.

7.1.1.хоногийн жижүүрийн үйл ажиллагаа, хорих байрны дотоод цагийн хуваарийн биелэлтэд хяналт тавьж, шаардлагатай тохиолдолд албаны ажиллагааг хэвийн явуулахад жижүүрийн бүрэлдэхүүнд туслах;

7.1.2.хоригдсон этгээдийн эргэлт, уулзалт, мөрдөн байцаалт болон өмгөөллийн үйлчилгээ авах зэрэг хөдөлгөөнийг зохион байгуулахад хяналт тавих, тэдний хоол, хүнсний орц, боловсруулалт, түгээлтэд хяналт тавих;

7.1.3.ажил тарахад өрөө тасалгаа, касс, зэвсгийн өрөөний лац зэргийг шалгаж, хүлээн авах, өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, агуулах, автограж бусад объектыг биечлэн шалгаж, галын аюулгүй байдлыг хангуулах, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах;

7.1.4.алба хаагчдын үүрэг гүйцэтгэл, сахилга, хариуцлагад байнгын хяналт тавьж, нэмэлт үүрэг өгч ажиллах;

7.1.5.хоригдсон этгээдийн зүгээс оргох болон бусад гэмт хэрэг үйлдэгдэж болзошгүй мэдээлэл авагдсан тохиолдолд урьдчилан сэргийлэх арга хэмжээг яаралтай авч энэ тухай удирдлагад шуурхай мэдэгдэх, шаардлагатай тохиолдолд удирдлагын шийдвэрээр бие бүрэлдэхүүнийг түгшүүрийн дохиогоор ажиллуулах.

 

7.2. Ерөнхий жижүүр дараах үүргийг гүйцэтгэнэ:

7.2.1.гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээг зохион байгуулж ажиллах;

7.2.2.жижүүрийн үүрэг гүйцэтгэлд шаардлагатай галт зэвсэг, тусгай хэрэгсэл, жижүүрийн автомашин, техник хэрэгслийн аюулгүй байдал, ажиллагааг биечлэн шалгах, хүлээлцэх;

7.2.3.жижүүрийн бүрэлдэхүүнийг мэргэжлийн удирдлагаар хангах, үйл ажиллагаанд байнгын хяналт тавих, сахилгын өрөө, тусгаарлах тасалгаа болон онцгой анхаарал татсан объектод  хяналт тавих;

7.2.4.нийт хоригдсон этгээдийн хөдөлгөөн, аж ахуйн үйлчилгээнд ажиллаж буй ялтны үйл ажиллагаанд хяналт тавих;

7.2.5.жижүүрийн бүрэлдэхүүнийг хүлээлцэх үед хоригдсон этгээдүүдээс хорих байрны үйл ажиллагаатай холбоотой гомдол, санал, хүсэлт гаргасан тохиолдолд хорих байрны удирдлагад танилцуулна.

 

7.3.Ээлжийн дарга дараах үүргийг гүйцэтгэнэ:

 

7.3.1.цагдан хорих байрны дарга, ерөнхий жижүүрийн шууд удирдлагад ажиллан хоригдсон этгээдийн хөдөлгөөнд хяналт тавьж, харуул хамгаалалтын ажилтнуудын ажлыг шалган зааварлахаас гадна ерөнхий жижүүрийн эзгүйд түүнийг орлох;

7.3.2.харуул хамгаалалтын үйл ажиллагаанд холбогдолтой бүртгэл, судалгааг хөтлөн үзлэг, нэгжлэгийг зохион байгуулж хураагдсан эд зүйлийг энэ журмын 9 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэрлэх;

7.3.3.хорих байрны дотоод цагийн хуваарийн биелэлтэд хяналт тавих;

7.3.4.сахилгын өрөөнд хоригдсон, өлсгөлөн зарласан хоригдсон этгээдэд байнгын хяналт  тавих;

7.3.5.резинэн болон цахилгаан бороохой, шаардлагатай тохиолдолд нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагч хийгээр цэнэглэсэн буу зэрэг тусгай хэрэгслээр ээлжийн бүрэлдэхүүнийг хангах;

7.3.6.ангийн удирдлага болон ерөнхий жижүүрээс өгсөн нэмэгдэл үүргийг гүйцэтгэх;

7.3.7.хоригдсон этгээдийн хөдөлгөөний талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын жижүүрт албан ёсоор мэдэгдэж, шаардлагатай арга хэмжээг авах.

 

   7.4.Холбоочин  дараах үүрэг гүйцэтгэнэ:

7.4.1.хорих байрны холбоо, мэдээллийн техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хариуцан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Тогтоол гүйцэтгэх газрын болон шийдвэр гүйцэтгэх албаны даргыг мэдээллээр хангах, түргэн шуурхай дамжуулах;

7.4.2.мэдээ, мэдээллийн нууцлалыг чанд хадгалан “энгийн”, “нууц” зэрэглэлээр нь ангилан бүртгэлд авч удирдлагад танилцуулах, шаардлагатай бол даргын шийдвэрээр холбогдох ажилтанд дамжуулж шийдвэр гаргуулах, мэдээний хариуг шуурхай илтгэх ба холбоогоор нууц нэр, дуудлагаар харьцах;

7.4.3.шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын жижүүртэй байнгын холбоотой байх, хорих байрны хамгаалалтын хүч хэрэгсэл, нөхцөл байдал, хоригдсон этгээдийн хөдөлгөөний талаар тухай бүр нь илтгэх;

7.4.4.Бусад нэмэгдэл үүргийг гүйцэтгэх.

 

7.5.Телекамер хяналтын ажилтан/операторчин/ дараах үүргийг гүйцэтгэнэ:

7.5.1.телекамерын бүрэн бүтэн байдлыг хариуцан жижүүрлэлтийн бүрэлдэхүүнийг мэдээллээр хангах,  илэрсэн зөрчлийг ерөнхий эргүүл, жижүүр, ээлжийн дарга болон холбогдох албан тушаалтанд түргэн шуурхай мэдэгдэх;

7.5.2.телекамерын хяналтыг байнгын тасралтгүй тавьж телекамерт илэрсэн хөдөлгөөн, алба хаагчдын үүрэг гүйцэтгэлтийг нэг бүрчлэн бүртгэж, тэмдэглэл хөтөлж байх;

7.5.3.ерөнхий жижүүр болон ээлжийн даргад цаг тутамд телекамерын хөдөлгөөнийг танилцуулах;

7.5.4.үүрэг гүйцэтгэх хугацааны камерын бичилтийг хийж, удирдах албан тушаалтанд танилцуулан хадгалах эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэн өгөх;

7.5.5.телекамерын хяналтын өрөөнд эрх бүхий албан тушаалтнаас бусад гадны хүнийг нэвтрүүлэхгүй, хяналтын өрөөг эзэнгүй орхихгүй байх.

 

7.6. Шалган нэвтрүүлэх байрны харуул дараах үүргийг гүйцэтгэнэ:

7.6.1.эргүүл, ерөнхий жижүүр, ээлжийн даргын өгсөн үүрэг, даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх, шалган нэвтрүүлэх байраар дамжин өнгөрөх хоригдсон этгээдийн хөдөлгөөнд хяналт тавин тэдгээрийн биед үзлэг, нэгжлэг хийж, хураагдсан эд зүйлийг журмын дагуу шийдвэрлэх;

7.6.2.эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хорих өрөөнөөс гарсан хоригдсон этгээдийн хөдөлгөөнийг тухай бүр тэмдэглэж, бүртгэл хөтлөн уг хөдөлгөөнийг ерөнхий эргүүл, жижүүр /ээлжийн дарга/-т мэдэгдэх;

7.6.3.өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах.

 

7.7.Харуул хамгаалалтын ажилтан дараах үүргийг гүйцэтгэнэ:

7.7.1.хорих байр, өрөөнд дэг журам сахиулах,  үйл ажиллагаанд хяналт тавих;

7.7.2.хоригдсон этгээдийг байнгын хяналтад байлгах, тэдний үг яриа, үйл хөдлөл, хорих өрөөнөөс орох, гарах хөдөлгөөнд хяналт тавих;

7.7.3.хоригдсон этгээдийн бие, эд зүйлд үзлэг, нэгжлэгийг хийх, хориглосон эд зүйлийг хураан авах, журмын дагуу шийдвэрлэх;

7.7.4. 8-10 хорих өрөөнд хяналт тавих;

7.7.5.удирдлага болон ерөнхий эргүүл, жижүүр, ээлжийн даргын өгсөн нэмэлт  үүргийг гүйцэтгэх.

 

7.8.Өндөржүүлсэн бэлэн байдал, хүч нэмэгдүүлсэн хамгаалалт зарласан болон шаардлагатай үед Цагдан хорих төв, албаны даргын шийдвэрээр нэмэгдэл эргүүл, жижүүрийг томилон ажиллуулна.

   7.9.Цагдан хорих төвийн болон албаны дарга, дэд дарга нь жижүүрийн бүрэлдэхүүнийг хорих байрны нөхцөл байдалтай холбогдуулан урьдчилан сэргийлэх, сонор сэрэмжтэй ажиллах талаар үүрэгжүүлэн, өдөр тутмын удирдлагаар хангаж ажиллана.

   7.10.Тухайн өдөр 24 цагийн харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэх ээлжийн бүрэлдэхүүн бүрэн бус, хоригдсон этгээдийн болон үйл ажиллагааны холбогдолтой бичиг баримт дутуу, хоригдсон этгээдтэй холбоотой зөрчил шийдвэрлэгдээгүй, хамгаалалтын техник хэрэгсэл, байгууламж эвдрэлтэй зэрэг тохиолдолд удирдах албан тушаалтан уг зөрчлийг арилгасны дараа ээлжийг хүлээлцүүлнэ.

Найм. Хорих байранд хөтлөгдөх баримт бичиг

   8.1.Хорих байрны харуул хамгаалалтын үйл ажиллагаанд дараах баримт бичиг хөтлөгдөнө:

                        8.1.1.эргүүл, жижүүрийн тэмдэглэл;

                        8.1.2.хорих байрны өдөр тутмын цагийн хуваарь, хөдөлгөөн, үйл ажиллагааг тусгасан ерөнхий бүртгэл, тэмдэглэл;

8.1.3. эмчийн тэмдэглэл;

8.1.4.холбоо-теле хяналтын бүртгэл;

8.1.5.харуул хамгаалалтын ажилтан нэг бүрийн ажлын тэмдэглэл;

8.1.6.хоригдсон этгээдийг оруулах, гаргах хөдөлгөөн, биеийн эрүүл мэндийн байдалд үзлэг хийсэн бүртгэл;

8.1.7.хоригдогчийн бичгээр болон амаар гаргасан өргөдөл, гомдол, хүсэлтийг хэрхэн хүлээн авч, шийдвэрлэсэн тухай бүртгэл хөтөлнө;

8.1.8.хоригдогчийн бичгээр болон амаар гаргасан өргөдөл, гомдол, хүсэлтийг хэрхэн хүлээн авч шийдвэрлэсэн тухай бүртгэл хөтөлнө

8.1.9.бусад бүртгэл, тэмдэглэл.

 

8.2.Тоо бүртгэлийн ажилтан нь хоригдсон этгээдийн хувийн хэрэг болон ял, хэргийн байдалтай холбогдолтой  судалгаа, бүртгэлийг тогтмол хөтөлнө.

8.3.Тоо бүртгэлийн ажилтан нь Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу хоригдсон этгээдийн хувийн хэргийг нээж, түүнтэй холбоотой хөдөлгөөний баяжилтыг тухай бүр хийж ажиллана.  

8.4.Хорих байрны тоо бүртгэлийн ажилтан нь шинээр хоригдсон этгээдийн бүтэн биеийн фото зургийг дижитал аппаратаар дөрвөн талаас нь авч, цаасан дээр буулган хувийн хэрэгт  нь хадгална.

Ес.Хоригдсон этгээдийн бие, эд зүйл,

хорих өрөөнд үзлэг, нэгжлэг хийх

 

9.1.Хоригдсон этгээдийн биед хийх үзлэгийг тухайн этгээдтэй ижил хүйсний ажилтан гүйцэтгэнэ.

9.2.Хорих байрны харуул хамгаалалтын ажилтан нь хорих өрөөнд үзлэг, нэгжлэгийг хийж, хориотой эд зүйлсийг тэмдэглэл хөтлөн хураан авна.

9.3.Хоригдсон этгээдийн бие, эд зүйл, хорих өрөөнөөс хориотой эд зүйлийг хураан авсан харуул хамгаалалтын ажилтан нь Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3, 33.4 дэх хэсэгт зааснаас гадна дараах байдлаар шийдвэрлэнэ:

                        9.3.1.түргэн гэмтэж муудах болон орчин тойронд аюултай эд зүйлсийг удирдах албан  тушаалтанг байлцуулан тэмдэглэл хөтлөх;

                        9.3.2.зориулалтын байр, саванд хадгалж, суллагдах үед нь буцаан олгох;

                        9.3.3.ар гэр, эсхүл хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хүлээлгэн өгөх.

 

9.4.Хураагдсан эд зүйлсийг ар гэр, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хүлээлгэн өгөхдөө уг эд зүйлийг хүлээн авсан хүний биеийн байцаалт, ажлын болон гэрийн хаягийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд тодорхой тусгаж, хувийн хэрэгт хавсаргана.

Арав. Хоригдсон этгээдэд оногдуулах

 сахилгын шийтгэл

10.1.Хоригдсон этгээдэд Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасны дагуу сахилгын шийтгэл оногдуулна.

Арван нэг. Хорих байранд нэвтрэх албан тушаалтнууд,

тэдгээрийн аюулгүй байдлыг хангах

 

11.1.Хорих байрны үйл ажиллагаатай танилцах, хяналт тавих эрх бүхий албан тушаалтныг нэвтрэх үед тэдний аюулгүй байдлыг цагдан хорих байрны дарга, ерөнхий жижүүр /ээлжийн дарга/ хариуцна.

11.2.Хорих байранд нэвтэрч буй этгээд хорих байрны болон бусдын аюулгүй байдлыг хангах үүднээс харуул хамгаалалтын ажилтны тавьсан шаардлагыг биелүүлэх үүрэгтэй.

11.3.Хорих байранд нэвтрэх эрх бүхий албан тушаалтан, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, өмгөөлөгч, уулзалтаар ирсэн хүнийг металл мэдрэгч хаалгаар, эд зүйлсийг рентген хяналтын төхөөрөмжөөр оруулж, хорих байранд хориглосон эд зүйл болон гар утсыг хураан авч тэмдэглэл үйлдэж, гарахад нь буцаан олгоно.

Арван хоёр. Хоригдсон этгээдийн ахуй хангамж, үйлчилгээ

12.1.Хоригдсон этгээдэд болон хорих өрөөнд дараах эд зүйл байлгахыг зөвшөөрнө:

                        12.1.1.тухайн улирлын нэг удаагийн солих хувцас, гурван ээлжийн дотуур хувцас;

                        12.1.2.шүдний оо, саван, сойз, алчуур бусад зайлшгүй шаардлагатай ариун цэврийн хэрэглэл /сахлын, хумсны хутгаас бусад/;

                        12.1.3.хөнжил, дэр, гудас, цагаан хэрэглэл;

                        12.1.4.зөвшөөрөгдсөн аяга, халбага;

                        12.1.5.эрүүл ахуйн шаардлага хангасан дөрвөн кг хүртэлх гурилан бүтээгдэхүүн;

                        12.1.6.эмчийн бичгээр зөвшөөрсөн мансууруулах, тайвшруулахаас бусад эм /тоо, ширхэг, нэрийг дурдсан байна./;

                        12.1.7.аллага, хүчирхийлэл, садар самууныг сурталчилснаас бусад ном, сонин, сэтгүүл, хэвлэл;

                        12.1.8.бичгийн цаас, дугтуй, бал;

 

12.2.Энэ журмын 12.1-д зааснаас бусад эд зүйлсийг хоригдсон этгээдэд болон хорих өрөөнд байлгахыг хориглоно.

12.3.Хоригдсон этгээдийг усанд оруулах:

                        12.3.1.7 хоногт нэг удаа;

                        12.3.2.хорих байр нь нийтийн халуун устай байх бөгөөд эрүүл мэндийн шаардлага хангасан байх;

                        12.3.3.халуун усанд ороход шаардагдах ариун цэврийн хэрэгсэл /савангаас бусад/-ийг хоригдсон этгээд өөрөө хариуцах;

                        12.3.4.халуун усанд орох үеэр хоригдсон этгээдийн өөрийнх нь хүсэлтээр буюу ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага илт хангахгүй байгаа тохиолдолд түүний үсийг өөрийнх нь зөвшөөрлийн үндсэн дээр авах;

                        12.3.5.хувцас, цагаан хэрэглэлийг 14 хоногт нэг удаа нэгдсэн угаалгад авч ариутгана.

 

12.4.Хоригдсон этгээдийг салхилуулах:

                        12.4.1.хорих байрны даргын баталсан хуваарийн дагуу насанд хүрсэн хоригдсон этгээдийг 7 хоногт хоёр удаа тус бүр 30 минутаас багагүй хугацаагаар салхилуулж, хамгаалалтын ажилтнууд хяналт тавина;

                        12.4.2.хоригдсон этгээдийг салхилуулахдаа тусгай талбайд өрөө тус бүрээр нь  гаргана. Салхилах хугацаанд нэг өрөөний хоригдсон этгээд, нөгөө өрөөний хоригдсон этгээдтэй харьцахыг хориглоно;

                        12.4.3.хоригдсон эмэгтэйчүүдийг 7 хоногт дөрвөн удаа тус бүр 30 минутаас багагүй хугацаагаар салхилуулна;

                        12.4.4.жирэмсэн эмэгтэйчүүд болон насанд хүрээгүй хоригдсон этгээдийг өдөр бүр 1 цагаас доошгүй хугацаагаар салхилуулна;

                        12.4.5.хэт халуун, хэт хүйтэн зэрэг цаг агаарын хүндрэлтэй үед салхилуулах эсэхийг хорих байрны захиргаа шийдвэрлэнэ;

                        12.4.6.хоригдсон этгээд гарахаас татгалзаж болох бөгөөд салхинд гараагүй хоригдсон этгээдийн тухай ерөнхий жижүүр тэмдэглэл хөтөлнө.

 

12.5.Хоригдсон этгээдэд өгөх цай, хоол:

                        12.5.1.хоригдсон этгээдэд өдөрт 2 удаа халуун хоол, гурван удаа цай, нэг  удаа гурилан бүтээгдэхүүн өгөх бөгөөд нэг хоригдсон этгээдэд ногдох хоногийн хоолны илчлэг нь 3400 килокалориос багагүй, нэг удаад олгох ус, цай 1-1,5 литр, хоол 0,5 литр байна;

                        12.5.2.Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 30.1, 31.1 дэх заалтуудыг үндэслэн жирэмсэн эмэгтэй, насанд хүрээгүй этгээдэд өгөх хоолны илчлэгийг батлагдсан нормативын дагуу нэмэгдүүлнэ;

                        12.5.3.хоригдсон этгээдэд өгч буй хоолны илчлэгийг хорих байрны захиргаа улиралд нэг удаа мэргэжлийн хяналтын байгууллагаар шалгуулан хариуг албан ёсоор авч, хорих байрны санхүүд хадгална;

                        12.5.4.хоолны амт, чанарыг эмч өдөр тутам шалгаж, хоолны дээж авч тэмдэглэл хөтөлнө;

                        12.5.5.хорих байрны хамгаалалтын ажилтан хоригдсон этгээдэд хоол, цайг биечлэн олгох ба тэдний хооллож буй эсэхэд хяналт тавина. Хоригдсон этгээдийг  хэрэгцээтэй үед нь уух ундны усаар хангана.

 

12.6. Хоригдсон этгээд шашны зан үйл үйлдэх:

                        12.6.1.хоригдсон этгээд нь шашны зан үйл үйлдэх тухай хүсэлтээ амаар болон бичгээр гаргаж, хамгаалалтын ажилтнаар дамжуулан хорих байрны удирлагад хүргүүлэх бөгөөд уг хүсэлт нь хорих байрны дотоод журам зөрчихөөргүй бол хорих байрны дарга шашны зан үйл үйлдэх зөвшөөрлийг бичгээр олгоно;

                        12.6.2.шашны зан үйлийг хорих байр буюу тусгайлан бэлдсэн шашны зан үйл явуулах  өрөөнд үйлдэнэ.

 

Арван  гурав. Хоригдсон этгээд бусадтай уулзах

13.1.Хоригдсон этгээдийн уулзалтыг Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь заалтын дагуу эрх бүхий албан тушаалтны албан ёсны зөвшөөрлийг үндэслэн 7 хоногт 2 удаа 10.00-17.00 цагийн хооронд зохион байгуулах бөгөөд цагийн хуваарийг нийслэлд хорих байрны, орон нутагт шийдвэр гүйцэтгэх албаны дарга батална.

13.2.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон этгээдийн уулзалтыг нийслэлд хорих байрны, орон нутагт шийдвэр гүйцэтгэх албаны дарга шийдвэрлэнэ.

13.3.Хоригдсон этгээдийг нэг удаагийн уулзалтаар гурваас илүүгүй хүнтэй уулзуулах бөгөөд уулзалтыг 20 минутаас дээшгүй хугацаагаар харуул хамгаалалтын ажилтан байнгын хяналт тавих ба хорих байранд хориглосон зүйл дамжуулахыг хориглоно.

13.4.Хоригдсон этгээдийг бусадтай уулзуулах тухай эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлд бичигдсэн хүний иргэний бичиг баримтыг хүний тоо бүртгэлийн ажилтан нягтлан үзэж, хоригдсон этгээдийн найз нөхөд, төрөл садангийн хүн болох нь хувийн хэрэгт бүртгэгдсэн эсэх тухай лавлагааг Хорих байрны даргад гаргаж өгнө. Хувийн хэрэгт бүртгэгдээгүй бол баримт бичгийг үндэслэн хувийн хэрэгт нь бичилт хийж, энэ тухай лавлагаанд дурдаж өгнө.

13.5.Харуул хамгаалалтын ажилтан нь уулзалтаар хүлээн авсан эд зүйлд үзлэг, нэгжлэг хийж, энэ журмаар зөвшөөрсөн эд зүйлийг хоригдсон этгээдэд хүлээлгэн өгөх ба зөвшөөрсөнөөс бусад эд зүйлсийг уулзалтаар ирсэн хүнд эргүүлэн өгч, тэмдэглэл үйлдэн энэ тухай уулзалтаар ирсэн хүмүүст танилцуулсны дараа уулзалтын зөвшөөрлийн бичгийн хамт тоо бүртгэлийн ажилтанд өгч, хувийн хэрэгт хавсаргана.

13.6.Уулзалтын нэгдсэн бүртгэлийг хорих байрны тоо бүртгэлийн ажилтан хөтөлнө.

13.7.Уулзалтын явцад зөрчил илэрвэл хоригдсон этгээдийн бие болон эд зүйлд хамгаалалтын ажилтан үзлэг, нэгжлэг хийж болно.

13.8.Сахилгын хорих байранд хоригдсон этгээдийн эргэлт, уулзалтыг Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.9-д заасны дагуу зохион байгуулна.

13.9.Хоригдсон этгээдийн төрөл садан энэ журмаар зөвшөөрсөн эд зүйлсийг хорих байрны захиргаанд ажлын өдрүүдэд бичгээр хүсэлт гаргаж, илгээмж хэлбэрээр хүргүүлж болно.

13.10.Илгээмжинд харуул хамгаалалтын ажилтан үзлэг, нэгжлэг хийж тэмдэглэл үйлдэн илгээмж өгсөн иргэн болон хүлээн авсан хоригдсон этгээдээр  гарын үсэг зуруулж баталгаажуулна.

Арван дөрөв.Захидал харилцаа

14.1.Хоригдсон этгээдэд ирсэн болон түүний явуулсан захидал, цахилгааныг уг этгээд нь хамгаалалтын ажилтнаар дамжуулан тоо бүртгэлийн байцаагчид өгөх ба хүлээн авна.

14.2.Хорих байрны захиргаа захидал, цахилгааныг хянан үзэж Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан нөхцөл байдал илрээгүй бол тэдгээрийг дурдсан нэр, хаяг бүхий этгээдэд өгөх буюу холбооны салбарт хүргүүлж, үйлчилгээний төлбөрийг хоригдсон этгээдийн нэрийн дансан дахь мөнгөнөөс суутгана.

14.3.Хоригдсон этгээд нэрийн дансандаа мөнгөгүй тохиолдолд түүний хүсэлтийг үндэслэн яаралтай захидал, цахилгааны үйлчилгээний төлбөрийг хорих байрны захиргаанаас хариуцан явуулж болно.

Арван тав.Хорих байрны захиргаанаас хоригдсон

этгээдүүдэд үзүүлэх төлбөрт үйлчилгээ

          15.1.Хорих байрнаас дараах төрлийн төлбөрт үйлчилгээг хоригдсон этгээдэд үзүүлж болно:

                        15.1.1.хоол, хүнсний бүтээгдэхүүнийг ямар нэгэн ашиг олохгүйгээр  худалдаалах;

     15.1.2.ариун цэвэр, ахуйн хэрэглээний нэн тэргүүний хэрэгцээт зүйлс худалдаалах;

                        15.1.3.ном, сонин, сэтгүүл худалдаалах.

 

15.2.Хорих байрны тоо бүртгэлийн ажилтан нь  хоригдсон этгээдийн нэрийн дансанд тушаасан мөнгөнөөс төлбөрт үйлчилгээний зардлыг суутгах бөгөөд үлдэгдлийг тухайн этгээдийг хорих байрнаас суллагдах, эсхүл өөр хорих байранд шилжих тохиолдолд түүнд буцаан олгож, тэмдэглэл үйлдэнэ.

15.3.Хорих байрны тоо бүртгэлийн ажилтан нь баталгаажуулсан албан маягтад хоригдсон этгээдээр авахыг хүссэн төлбөрт үйлчилгээний төрлийг бичүүлэх бөгөөд гарсан зардал болон дансны үлдэгдлийг маягтад тусгаж, түүнд эргүүлэн өгч, нэгдсэн бүртгэлд гарын үсэг зуруулна.

15.4.Хоригдсон этгээдийн нэрийн дансан дахь мөнгийг хорих байрны бэлэн мөнгөний дансанд хадгалж, орлого зарлагыг 14 хоногт 1 удаа хоригдсон этгээдэд тоо бүртгэлийн ажилтан танилцуулна.

Арван зургаа. Хоригдсон этгээдэд үзүүлэх эмнэлгийн

 тусламж, үйлчилгээ

 

16.1.Хоригдсон этгээдэд хийх анхны үзлэг:

                        16.1.1.хорих байранд шинээр хоригдсон этгээдийг хүлээн авч байгаа эмч /эмнэлгийн ажилтан/  хүн нэг бүрт эрүүл мэндийн карт нээн ажиллана;

16.1.2.хоригдсон этгээдийн эрүүл мэндийн картанд тухайн этгээдийн биеийн өндөр, жин, даралт, биед нь ил гэмтэл, шарх, сорви бий эсэхийг үзэж, суурь болон биеийн өвчний түүх, биеийн өвчин, зовиур байгаа эсэхийг тэмдэглэнэ;

16.1.3.хоригдсон этгээд нь хүссэн үедээ эмнэлгийн тусламж үйлчилгээ авч болох ба Хорих байрны эмч нь тухайн хоригдсон этгээдийг эмчлэх боломжтой бүхий л арга хэмжээг авна.

 

            16.2.Хорих байранд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээ:

16.2.1.хоригдсон этгээдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ “Цагдан хоригдсон этгээдэд эмнэлгийн тусламж үзүүлэх, түүнийг эрүүл мэндийн байгууллагад эмчлэх, цагдан хорих байранд эмнэлгийн ажилтан ирж үйлчлэх журам”-ыг мөрдөнө;

16.2.2.хоригдсон этгээдийг 14 хоногт 1 удаа урьдчилан сэргийлэх үзлэгт  хамруулна. Үзлэгээр түүний биеийн эрүүл мэндийн байдлыг үзэж, эрүүл мэндийн картанд тэмдэглэнэ;

16.2.3.хорих байранд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх боломжгүй тохиолдолд хоригдсон этгээдийг Тогтоол гүйцэтгэх газрын харьяа Нэгдсэн эмнэлэг болон төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нараас зөвлөгөө авч болно.

16.2.4.хоригдсон этгээд нь хорих байрны эмчийн бичгээр өгсөн зөвшөөрлөөр ар гэрээс ирүүлсэн эмийг хорих өрөөндөө хэрэглэж болно;

16.2.5.хорих байрны эмч нь хоригдсон этгээдийн эмчилгээнд шаардлагатай мансууруулах болон хүчтэй цочролд оруулж болзошгүй эмнээс бусад эмийг зөвхөн нэг өдөр хэрэглэх хэмжээгээр зөвшөөрөх ба хэрэглэж байгаа эсэхэд байнгын хяналт тавина;

16.2.6.эмчлэгдэж байгаа хоригдсон этгээдийн тухайн өдрийн эмчилгээг эмнэлгийн ажилтан эмнэлэгт болон хорих байранд хийнэ;

16.2.7.хоригдсон этгээдийг хорих байрнаас гаргаж эмчилгээ хийх зөвшөөрлийг харуул хамгаалалт хариуцсан дэд дарга, цагдан хорих байрны даргын зөвшөөрлийг үндэслэн хорих өрөөнөөс хяналттайгаар гаргаж эмчилгээ, үйлчилгээ хийнэ;

16.2.8.сүрьеэ буюу үргэлжлэх шатны эмчилгээтэй, халдварт өвчтэй хоригдсон этгээдийг тусгайлсан өрөөнд хорино.

 

            16.3.Хоригдсон этгээд өлсгөлөн зарлах, өлсгөлөн зарласан тохиолдолд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх:

16.3.1.хоригдсон этгээд нь хэргийн талаар болон бусад шалтгаанаар өлсгөлөн зарлах хоригдсон этгээдийн өргөдлийг харуул хамгаалалтын ажилтан хүлээн авч, хорих байрны тоо бүртгэлийн ажилтанд хүлээлгэн өгнө;

16.3.2.хорих байрны тоо бүртгэлийн байцаагч өлсгөлөн зарлах тухай өргөдлийг хүлээн авч өлсгөлөн зарласан тухай маягт үйлдэж, хэргийг нь шалгаж байгаа албан тушаалтан, прокурор, өмгөөлөгчид 3 цагийн дотор мэдэгдэж, бусад этгээдээс тусгаарлан эмчийн хяналтанд авна;

16.3.3.өлсгөлөн зарласан хоригдсон этгээдийг хорих байрны эмч биеийн байдал, жинг үзэж, өгсөн хоол, цай идэж, уухыг татгалзсан тухай тэмдэглэл үйлдэж, хувийн хэрэгт нь хавсаргана;

16.3.4.өлсгөлөн зарласан хоригдсон этгээдийн амь насанд нь аюул учирч болзошгүй тохиолдолд эмчийн бичгээр гаргасан дүгнэлтийг үндэслэн түүний эрүүл мэндийг сайжруулах албадлагын арга хэмжээг хорих шийдвэр гаргасан хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, хяналт тавьж байгаа прокурор, эмчилгээ үзүүлж буй эмч нар хамтран авна;

                        16.3.5.хорих байрны эмч өлсгөлөн зарласан хоригдсон этгээдийн эрүүл мэндийн байдалд өөрчлөлт орсон тухай бүрт хорих шийдвэр гаргасан албан тушаалтанд албан бичгээр танилцуулна;

                        16.3.6.өлсгөлөн зарласан хоригдсон этгээдэд хорих байрны харуул хамгаалалтын ажилтан, жижүүр эмч өдөр бүр хяналт тавина.

 

            16.4.Хоригдсон этгээдийн өлсгөлөн зарласан тухай албан бичгийг хорих байрны тоо бүртгэлийн ажилтан цагдан хорих шийдвэр гаргасан байгууллагад явуулж, нэг хувийг хувийн хэрэгт нь хавсаргана.

 

            16.5.Өлсгөлөн зарласан хоригдсон этгээд нь цай, хоол болон хүнсний бүтээгдэхүүн идсэн үеэс эхлэн өлсгөлөнг зогссонд тооцох ба өлсгөлөн зарласан этгээдийн талаар хөтлөгдөж байсан  тэмдэглэлийг хувийн хэрэгт нь хавсаргана.

Арван долоо. Хоригдсон этгээдийг суллах, үндэслэл, журам

            17.1.Хоригдсон этгээдийг Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 43, 44 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу суллана.

            17.2.Хорих байрнаас суллагдсан этгээдийн хоригдсон хугацааны бүх мэдээллийг агуулсан, суллагдсан тухай лавлагааг өөрөөр нь эсхүл өмгөөлөгчөөр нь бичүүлж хувийн хэрэгт нь хавсаргана.

            17.3.Хорих байрнаас суллагдсан этгээдийн суллагдсан тухай лавлагаанд дараах зүйлсийг тусгана:

   17.3.1.цагдан хоригдож байсан өрөө;

   17.3.2.цагдан хоригдох болон суллагдах үеийн биеийн байдал /шарх, сорви, жин, гэмтэл, өвчин зовиур/;

   17.3.3.хорих өрөө сольж байсан эсэх;

   17.3.4.өмссөн хувцас, үнэт эдлэл хүлээлгэн өгсөн эсэх;

   17.3.5.эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцуулсан талаарх тэмдэглэл, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн эсэх /биеийн өөрчлөлт, шинээр үүссэн шарх сорви байгаа эсэх/;

   17.3.6.эмнэлгийн туслалцаа авч байсан эсэх;

   17.3.7.эргэлт, уулзалт авч байсан эсэх;

   17.3.8.өмгөөлөгчөөр хангагдсан эсэх;

   17.3.9.хорих байрны талаар гомдол, санал байгаа эсэх.

 

Арван найм. Мөрдөн байцаах ажиллагаа, шүүх хуралдаанд хоригдсон этгээдийг оролцуулах, буцаан авч ирэх

 

            18.1.Мөрдөн байцаах, шүүх хуралдааны ажиллагаанд хоригдсон этгээдийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас бичгээр ирүүлсэн баримтыг үндэслэн оролцуулах ба тэдгээрийг хуяглан хүргэх, буцаан авч ирэх, харуул хамгаалалтын ажиллагааг Тахарын алба гүйцэтгэнэ.

            18.2.Ерөнхий жижүүр, ээлжийн дарга нь энэ журмын 17.1-д заасан үндэслэлээр хоригдсон этгээдийг хорих байрнаас гаргах үед хуяглан хүргэх албан тушаалтанд хүлээлгэн өгч гарын үсэг зуруулах бөгөөд эргэж ирмэгц ирсэн, он, сар, өдөр, цаг, минутыг жижүүрийн туслах бүртгэлд бүртгэж тэмдэглэл хөтлөх бөгөөд тухайн этгээдийн биед болон хувцас, эд зүйлд үзлэг, нэгжлэг хийж зөрчил илэрвэл баримтжуулан засах арга хэмжээ авч хорих байрны даргад мэдэгдэнэ.

Арван ес. Хоригдсон этгээд хууль зүйн туслалцаа

авах, өмгөөлүүлэх

 

            19.1.Хоригдсон этгээд өөрийн хүссэн үедээ сонгон авсан өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх эрхтэй.

            19.2.Хорих байр нь хоригдсон этгээдийг сонгон авсан өмгөөлөгчтэйгээ ганцаарчлан уулзах, нотариатын үйлчилгээ авах нөхцөл боломжоор хангана.

            19.3.Өмгөөлөгчийг хоригдсон этгээдтэй ганцаарчлан уулзах үед бичлэг хийх, харуул хамгаалалтын ажилтан хажууд нь байхыг хориглох бөгөөд аюулгүй байдлыг хангах зорилгоор телекамерийн хяналт тавьж болно.

Хорь. Бусад зүйл

            20.1.Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцсон хоригдсон этгээд нь гадны нөлөөллөөс авсан гэмтэл, шархтай ирсэн тохиолдолд хорих байрны төлөөлөгч тухайн асуудлыг баримтжуулан шалгаж, харьяа прокурорын байгууллага болон шаардлагатай бусад байгууллага, албан тушаалтанд танилцуулна.

20.2.Хоригдсон этгээд цагдан хорих байрнаас гарахдаа хорих өрөөнд эдэлж хэрэглэж байсан эд зүйлээ бүрэн бүтэн хүлээлгэж өгөх үүрэгтэй.

20.3.Хоригдсон этгээд шүүхэд дуудагдсан тохиолдолд өдөр, оройн хоолыг хорих анги хариуцна.

20.4.Тахарын алба шүүхэд хуяглан хүргэх хоригдогч нарын тоог тухайн хорих ангийн удирдлагад 1 хоногийн өмнө бичгээр мэдэгдсэн байна.

20.5.Шинжээч хоригдсон этгээдийн зургийг авахаар хорих байранд нэвтрэх тохиолдолд хорих байрны даргад мэдэгдсэн байна.

20.6.Хорих байранд гэмт хэрэг, зөрчил гарвал тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэнэ.

20.7.Аймаг, орон нутаг дахь хорих байранд онцгой нөхцөл байдал бий болсон тохиолдолд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, цагдаагийн газар, хэлтэс, Тахарын албаны дарга нар гэмт үйл ажиллагааг таслан зогсоох, нүүлгэн шилжүүлэх, хамгаалалтын хүчийг нэмэгдүүлэх ажиллагааг хамтран зохион байгуулна. 

 

---оОо---