Хэвлэх DOC Татаж авах

Зам, тээврийн сайдын 2014 оны

                                                                         10 дугаар сарын 14-ны өдрийн

234  дүгээр тушаалын хавсралт

/ЗТХС-ын 2018 оны 264 дүгээр тушаалаар хүчингүй болгосон/

Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүний

бүртгэл хөтлөх, хүлээлцэх журам

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1. Энэхүү журмаар Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл хөтлөх, хүлээлцэх /цаашид “хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл хөтлөх, хүлээлцэх” гэх/-тэй холбоотой харилцааг зохицуулна.

 

 1.2. Хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл хөтлөх, хүлээлцэх үйл ажиллагаанд үнэн зөв, шуурхай, ил тод байх, хууль тогтоомжийг сахин мөрдөх зарчмыг баримтална.

 

1.3. Монгол Улсын төмөр замын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүнийг өмчийн төрөл, хэлбэр харгалзахгүйгээр хилийн төмөр замын өртөөнд бүртгэн, хүлээлцэхдээ энэхүү журмын 2.1-д заасан этгээд дараах эрх зүйн баримт бичгийг мөрдөж ажиллана. Үүнд:

 

1.3.1. Төмөр замын тээврийн тухай хууль тогтоомж;

 

1.3.2. Гаалийн тухай хууль тогтоомж;

 

1.3.3.  Монгол Улсын хилийн тухай хууль тогтоомж;

 

1.3.4.  Хилийн боомтын тухай хууль тогтоомж.

 

1.4. Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүнийг хүлээлцэхэд  дараах олон улсын гэрээ, хэлэлцээр болон дүрэм, протоколын заалтыг баримтална. Үүнд:

 

1.4.1. Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын “Олон Улсын ачааны харилцааны хэлэлцээр” /ОУАХХ/;

 

1.4.2. Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын “Олон Улсын зорчигчийн харилцааны  хэлэлцээр” /ОУЗХХ/;

 

1.4.3. Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын “Олон Улсын харилцааны зорчигчийн вагон эдэлгээний дүрэм” /ЗВЭД/;

 

1.4.4. Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын “Олон Улсын харилцааны ачааны вагон эдэлгээний дүрэм” /АВЭД/;

 

1.4.5. Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын “Олон Улсын зорчигчийн галт тэрэгний зурмаг тохирох хурал”-ын протокол;

 

1.4.6. Монгол-Оросын хилийн төмөр замын хамтарсан комиссын зөвлөлгөөний протокол;

 

1.4.7. Монгол-Хятадын хилийн төмөр замын хамтарсан комиссын зөвлөлгөөний протокол;

 

1.4.8. Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төмөр замуудын төлөөлөгчдийн зөвлөгөөний протокол;

 

1.4.9. Монгол Улсын хилийн төмөр замын өртөөгөөр “Тусгай зориулалтын, олон голт, хүнд даацын, хортой аюултай ачаа тээвэрлэх” дүрэм;

 

1.4.10. Төмөр замын тээврийн нийтлэг багц дүрэм;

 

1.4.11. Төмөр замаар аюултай ачаа тээвэрлэх, ачиж буулгах, хадгалах журам;

 

1.4.12. Төмөр замаар хэтрүү овортой, хүнд жинтэй, урт ачаа тээвэрлэх журам;

 

1.4.13. Зорчигчийн галт тэрэг дамжуулах технологийн процесс;

 

1.4.14. Хилийн төмөр замын өртөөний нэгдсэн технологийн процесс;

 

1.4.15. Хилийн төмөр замын өртөөнд вагонд үзлэг, шалгалт, техникийн үйлчилгээ хийх технологийн процесс;

 

1.4.16. Төмөр замын тээврийн салбарт нийтээр дагаж, мөрдөхөөр тогтоосон бусад дүрэм, журам;

 

1.4.17. Монгол Улсын хилээр нэвтэрч буй галт тэрэгний төмөр замын ажилтны нэрсийн жагсаалт.

 

1.5. Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүнийг хүлээлцэхэд   дараах стандартын шаардлагыг баримтална. Үүнд:

 

1.5.1. “Гол замын ба сэлгээний илчит тэрэгний ялгаруулах хорт бодис болон ажилласан хийн утаажилт. Норм хэмжээ ба тодорхойлох арга” MNS 5877:2008;

 

1.5.2. “Илчит тэрэгний техникийн ерөнхий шаардлага” MNS 6039:2009;

 

1.5.3. “Төмөр замд барилга байгууламжийн ойртолтын болон хөдлөх бүрэлдэхүүний овор хэмжээ” MNS 5833:2010;

 

1.5.4. “1520 мм-ийн царигтай Төмөр зам. Техникийн ерөнхий шаардлага” MNS 6229:2010;

 

1.5.5. “1520 мм-ийн царигтай Төмөр замын ачааны вагоны хоёр голт тэргэнцэр техникийн ерөнхий шаардлага” MNS 6143:2010;

 

1.5.6. “Төмөр замын ачааны вагон. Техникийн ерөнхий шаардлага” MNS 6276:2011;

 

1.5.7. “Төмөр замын зорчигч тээврийн үйлчилгээ. Зорчигчийн галт тэрэг, вагоны үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага” MNS 5876: 2012;

 

1.5.8. “Төмөр замын зорчигчийн вагон. Техникийн ерөнхий шаардлага” MNS 6312:2012;

 

1.5.9. “Ачилт буулгалт ба сэлгээний ажлын үед вагоны бүрэн бүтэн байдлыг хангах ерөнхий шаардлага”  MNS 3084:2013.

 

1.6. Хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл хөтлөх, хүлээлцэх ажиллагааг суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигч хариуцан зохион байгуулж, хилийн өртөөний тэдгээрийн холбогдох ажилтан төмөр замын өртөөнд гүйцэтгэнэ.

 

1.7. Монгол Улсын хилийн төмөр замын өртөө нь хөдлөх бүрэлдэхүүнд техникийн болон хил, гаалийн үзлэг, шалгалт хийх нөхцөлөөр бүрэн хангагдсан байна.

 

Хоёр. Хамрах хүрээ

 

2.1. Энэхүү журмыг төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв” улсын төсөвт үйлдвэрийн газар /цаашид “Хөдөлгөөн зохицуулалтын төв” гэх/, төмөр замын суурь бүтэц эзэмшигч, хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигч, төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дагаж мөрдөнө.

 

Гурав. Нэр, томъёо, тодорхойлолт

 

3.1. Энэхүү журамд хэрэглэгдсэн нэр, томьёог Төмөр замын тээврийн тухай хууль,  Төмөр замын тээврийн нийтлэг багц дүрэм, “Төмөр зам. Хөдлөх бүрэлдэхүүний  нэр томьёо, тодорхойлолт” MNS 6387-3:2013 стандартад зааснаар болон дараах утгаар ойлгоно. Үүнд:

 

3.1.1. “Хилийн төмөр замын өртөө” гэж хил, гааль, хилийн шалган нэвтрүүлэх болон мэргэжлийн хяналтын алба, төмөр замын байгууллага хөдлөх бүрэлдэхүүнд техникийн болон бусад үзлэг, шалгалт хийх Монгол Улсын хилийн боомтын төмөр замын өртөөг;

 

3.1.2. “Хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигч” гэж хууль буюу гэрээний үндсэн дээр хөдлөх бүрэлдэхүүнийг өөрийн мэдэлд эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээдийг;

 

3.1.3. “Хөдлөх бүрэлдэхүүн нэвтрэх” гэж Монгол Улсын хилийн боомтын төмөр замын өртөөгөөр хөдлөх бүрэлдэхүүнийг оруулах, гаргах, дамжин өнгөрүүлэхийг;

 

3.1.4. “Бүртгэл хөтлөх” гэж Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүнийг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын болон хоёр талын  гэрээ, хэлэлцээр, төмөр замын тээврийн салбарын холбогдох эрх зүйн акт, баримт бичгийн дагуу хүлээн авч, хүлээлгэн өгсөн болохыг бүртгэн баталгаажуулахыг;

 

3.1.5. “Хөдлөх бүрэлдэхүүн хүлээлцэх” гэж хөдлөх бүрэлдэхүүнийг энэ журамд заасны дагуу хүлээн авч, хүлээлгэж өгөх ажиллагааг;

 

3.1.6. “Хөдлөх бүрэлдэхүүнд дугаар олгох” гэж Монгол Улсын  төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд 12 сараас дээш хугацаанд ашиглах, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцох зүтгүүр, вагон, түүнчлэн төмөр замаар явдаг бусад техникт тавьсан дугаар, тэмдэглэгээ;

 

3.1.7. “Монгол Улсын хилээр байнга нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүн” гэж Монгол Улсын төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд 12 сараас дээш хугацаанд Монгол Улс болон хөрш орнуудын төмөр замд ашиглах зүтгүүр, вагон, түүнчлэн төмөр замаар явдаг бусад техникийг;

 

3.1.8. “Монгол Улсын хилээр байнга бус нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүн” гэж Монгол Улсын төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд 12 хүртэлх сарын хугацаанд ашиглах зүтгүүр, вагон, түүнчлэн төмөр замаар явдаг бусад техникийг;

 

3.1.9. “Монгол Улсын хилээр анх удаа нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүн” гэж Монгол Улсын хилээр анх удаа нэвтэрч төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд байнга болон байнга бус оролцох зүтгүүр, вагон, түүнчлэн төмөр замаар явдаг бусад техникийг;

 

3.1.10. Гадаад вагон гэж Монгол Улсад төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцож буй Монгол Улсад бүртгэлгүй, гадаад улсын бүртгэлтэй вагоныг тус тус ойлгоно.

 

Дөрөв. Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх

бүрэлдэхүүнд тавих техникийн шаардлага

 

4.1. Монгол Улсын хилээр байнга нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүн нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

 

4.1.1. Хөдлөх бүрэлдэхүүн нь энэхүү журмын 1.3-1.5-д заасан хөдлөх бүрэлдэхүүнийг бүртгэн хүлээлцэхэд мөрдөх баримт бичгийн шаардлагыг хангасан байх;

 

4.1.2. Хөдлөх бүрэлдэхүүн нь техникийн байдлыг тодорхойлох техникийн баримт бичиг /гэрчилгээ/-тэй байх;

 

4.1.3. Хөдлөх бүрэлдэхүүний ашиглалтын хугацаа нь үйлдвэрлэгчээс тогтоосон хугацааны 1/3 /гуравны нэг/-ээс хэтрэхгүй байх;

 

4.1.4. Олон улсын түвшинд зохих засвар үйлчилгээ хийхээр итгэмжлэгдсэн төмөр замын байгууллагаар засвар хийлгэсэн хөдлөх бүрэлдэхүүн нь техникийн болон тээврийн аюулгүй байдал, найдвартай ажиллагааны баталгааг тодорхойлсон баримт бичигтэй байх ба түүнийг хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигч хариуцах;

 

4.1.5. Хөдлөх бүрэлдэхүүний дугаар, тэмдэг тэмдэглэгээ нь эрх бүхий   байгууллагаас баталсан горим, журам, стандартад нийцсэн байна.

 

 4.2. Монгол Улсын хилээр байнга бус нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүн энэхүү журмын 4.1.1-4.1.2,  4.1.4-4.1.5-д  заасан шаардлагыг тус тус хангасан байна.

 

Тав. Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх

бүрэлдэхүүний бүртгэл хөтлөх

 

5.1. Энэхүү журмын 2.1-д заасан этгээд Монгол Улсын хилээр байнга болон байнга бус нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүнийг бүртгүүлэхдээ төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад дараах баримт бичгийг бүрдүүлж ирүүлсэн байна. Үүнд:

 

5.1.1. Хөдлөх бүрэлдэхүүнийг бүртгүүлэхээр хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэх, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ;

 

5.1.2. Монгол Улсын хилээр байнга болон байнга бус нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүний гэрчилгээ, хөдлөх бүрэлдэхүүнийг эзэмших, ашиглахтай холбоотой гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар;

 

5.1.3. Хөдлөх бүрэлдэхүүний төрөл, хийц, бүдүүвч, гэрэл зураг, ашиглалтын болон техникийн үзүүлэлт, үйлдвэрлэгчээс тогтоосон үндсэн болон тусгай шаардлага, засвар, үйлчилгээг тодорхойлсон баримт бичиг;

 

5.2. Иргэн, аж ахуй нэгж, байгууллага нь Монгол Улсын хилээр анх удаа нэвтрүүлэх хөдлөх бүрэлдэхүүний талаарх албан хүсэлт, техникийн болон холбогдох баримт бичиг, мэдээллийн хамт Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргах ба тус байгууллагын томилсон ажлын хэсэг хөдлөх бүрэлдэхүүн нь техникийн болон хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагад нийцэж байгаа эсэхэд дүгнэлт гаргана.

 

5.3. Дүгнэлтийг ажлын хэсгийн олонхийн саналаар шийдвэрлэх бөгөөд эсрэг саналтай гишүүд энэ тухайгаа дүгнэлтэд тусгаж, гарын үсэг зурсан байна.

 

5.4. Хөдөлгөөн зохицуулалтын төв нь Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүний талаарх шаардлагатай бүртгэл, мэдээ, тайланг суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч байгууллагаас тухай бүрт нь шуурхай, цахим хэлбэрээр болон бичгээр авч, нэгтгэн мэдээллийн сан бүрдүүлж, хөтөлж ажиллана.

 

5.5. Мэдээллийн сан бүрдүүлж, хөтөлж ажиллах болон Монгол Улсын хилээр анх удаа нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүнд дугаар олгох журмыг Хөдөлгөөн зохицуулалтын төв баталж хэрэгжүүлнэ.

 

5.6. Монгол Улсын төмөр замын тээвэрлэлтэнд ашиглахаар хилийн төмөр замын өртөөгөөр нэвтрүүлэх урьд нь ашиглагдаж байсан хөдлөх бүрэлдэхүүн нь техникийн паспорт /гэрчилгээ/, тухайн улсын эрх бүхий байгууллагаас техникийн шаардлага хангаж байгааг тодорхойлсон дүгнэлт болон бүртгэлээс хассан тухай тодорхойлолт, тэмдэглэл, гаалийн татвар, бусад төлбөр тооцоог зохих журмын дагуу төлснийг нотлох баримт тус тус бүрдүүлсэн байна.

 

5.7.     Суурь бүтэц эзэмшигч, хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигч, тээвэрлэгч нь Монгол Улсын хилээр нэвтэрч буй галт тэрэгний бүрэлдэхүүний бүдүүвч болон хөдлөх бүрэлдэхүүний хийцэд өөрчлөлт оруулсан тохиолдолд Хөдөлгөөн зохицуулалтын төвд мэдэгдэж, гэрчилгээнд тэмдэглэл хийлгэсэн байна.

 

Зургаа. Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх

бүрэлдэхүүнийг хүлээлцэх

 

6.1. Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүнийг хүлээлцэхдээ суурь бүтэц эзэмшигч нь дараах баримт бичгийг хөтлөж ажиллана. Үүнд:

 

6.1.1. Галт тэрэгний биечилсэн хуудас /энэхүү журмын нэгдүгээр хавсралт/;

 

6.1.2. Хөдлөх бүрэлдэхүүн дамжуулах хүснэгт /энэхүү журмын хоёрдугаар хавсралт/;

 

6.1.3. Зүтгүүрийн машинчийн замналын болон зүтгүүрийн хуудас /энэхүү журмын гуравдугаар хавсралт/.

 

6.2. Монгол Улсын хилээр нэвтэрч буй олон улсын зорчигчийн галт тэргийг хөдөлгөөний нэгдсэн зурмаг, цагийн хуваарийн дагуу хилийн төмөр замын өртөөн дээр үзлэг, шалгалт, техникийн үйлчилгээг технологийн процессийн дагуу хийж хүлээлцэнэ.

 

6.3. Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүнд техникийн үзлэг хийсний дараа вагон дамжуулах хүснэгтэд хоёр талын хилийн өртөөний холбогдох төмөр замын ажилтан гарын үсэг зурсан цаг минутаас эхлэн хөдлөх бүрэлдэхүүнийг хүлээлцсэнд тооцно.

 

Долоо. Хяналт, хариуцлага

 

7.1. Энэхүү журмын хэрэгжилтэд Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Хөдөлгөөн зохицуулалтын төв, төмөр замын суурь бүтэц эзэмшигч нар тус тусын эрх хэмжээний хүрээнд  хяналт тавина.

 

7.2. Суурь бүтэц эзэмшигч нь хөдлөх бүрэлдэхүүний бүртгэлийн тайланг тухай бүр “Төмөр замын байгууллагууд харилцан мэдээлэл солилцох журам”-д заасны дагуу Хөдөлгөөн зохицуулалтын төвд ирүүлж байх ба тус төв нь гадаад вагоны ашиглалт, хөдөлгөөнд хяналт тавина.

 

7.3. Хөдөлгөөн зохицуулалтын төв нь Монгол Улсын хилээр анх удаа нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүнд төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлт болон хөдлөх бүрэлдэхүүнд олгосон дугаарыг үндэслэн  мэдээллийн нэгдсэн санд бүртгэж, суурь бүтэц эзэмшигчтэй зөвшилцөн төмөр замын тээврийн хөдөлгөөнд оролцуулж  түүний хөдөлгөөнд хяналт тавьж ажиллана.

 

7.4. Суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигч, захиалагч нь Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүнийг олон улсын болон төмөр замын салбарт мөрдөгдөж буй журам, заавар, технологийн дагуу засвар, үзлэг, үйлчилгээнд хамруулж түүний техникийн болон тээврийн аюулгүй байдлыг бүрэн хариуцна.

 

7.5. Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд Төмөр замын тээврийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

- - - о О о - - -