Хэвлэх DOC Татаж авах

Засгийн газрын 2014 оны 404 дүгээр
тогтоолын хавсралт

ӨРХИЙН МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САНГ
УДИРДАХ, АШИГЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Өрхийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, удирдах, ашиглах, түүний хадгалалт, хамгаалалт, нууцлалын найдвартай байдлыг хангахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад энэхүү журмыг мөрдөнө.

1.2. Өрхийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж, хэвийн ажиллуулах, тухай бүр шинэчлэх үүргийг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хүлээнэ.

1.3. Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ журмын 2.1-д заасан үүргийг биелүүлэхэд нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, удирдлагаар хангаж ажиллана.

Хоёр. Мэдээллийн санг бүрдүүлэх

2.1. Өрхийн мэдээллийн нэгдсэн сан (цаашид "мэдээллийн сан" гэх) нь Үндэсний статистикийн хороо болон нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хамтран баталсан өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох аргачлалын дагуу тогтоож, амьжиргааны түвшингээр нь эрэмбэлсэн өрх, хүн амын талаарх мэдээллээс бүрдэнэ.

2.2. Мэдээлийн санд хадгалагдаж байгаа мэдээ, баримтыг:
 
2.2.1. өрх, хүн амын нийгэм, эдийн засгийн шинж байдлыг илэрхийлэх,  нийтэд ил тод байх тоон мэдээлэл;

2.2.2. өрх, хүн амын талаарх бодлогын загвар гаргах, судалгаа, шинжилгээнд зориулсан статистик мэдээлэл;

2.2.3. өрх, иргэний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл гэж тус тус ангилна.

2.3. Энэ журмын 2.1-д заасан мэдээллийн санг бүрдүүлэхэд ашиглаж байгаа аргачлалыг нийгэм, эдийн засгийн өөрчлөлттэй уялдуулан 3 жил тутамд шинэчилнэ.

Гурав. Мэдээллийн санд хадгалагдаж байгаа
      мэдээллийг шинэчлэх

3.1. Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага  мэдээллийн санд хадгалагдаж байгаа мэдээлэлд тухай бүр баяжилт хийн шинэчлэх бөгөөд өрх, хүн амын талаарх мэдээллийг бусад эх үүсвэртэй тулган шалгах, баталгаажуулах, шинэчлэх зорилгоор холбогдох төрийн байгууллагуудтай хамтран ажиллана.

3.2. Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага  өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох аргачлалын дагуу мэдээллийн санг иргэдээс гаргасан өргөдөл болон бусад аргыг ашиглан шинэчлэх арга хэмжээ авна.

3.3. Иргэн, хуулийн этгээд нь мэдээллийн санд хадгалагдаж байгаа мэдээ, тоо баримт болон бусад мэдээлэлд өөрчлөлт оруулах бол хүсэлтээ холбогдох баримтын хамт нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргана.

3.4. Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ журмын 3.3-т заасан хүсэлтийг хүлээн авч танилцаад үндэслэлтэй гэж үзвэл 21 хоногийн дотор шаардлагатай өөрчлөлтийг холбогдох мэдээлэлд оруулна.

3.5. Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлохтой холбогдуулан Дахин үнэлгээний систем ажиллуулах зааварт1 заасан өрхийн дахин үнэлгээнд хамрагдах бол иргэн хүсэлтээ тухайн аймаг, дүүргийн нийгмийн халамжийн байгууллагад гаргана.

3.6. Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн байгууллага хүсэлт ирүүлсэн өрхөөс асуулга авч мэдээллийн санд оруулсны дараа дахин судалгаанд хамруулсан өрхийн жагсаалтыг нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлж, өрхийн оноог дахин бодуулна.

3.7. Өрхийн дахин үнэлгээг дор дурдсан шаардлага, нөхцөл бүрдсэн тохиолдолд хийнэ:

3.7.1. өрхийн ам бүлийн 3 болон түүнээс дээш гишүүдтэй холбоотой мэдээлэл өөрчлөгдсөн;

3.7.2. тухайн үйлчилгээний шалгуурыг хангаагүй өрх хамрагдсан;

3.7.3. өрхийн шилжилт хөдөлгөөн нь амьжиргааны түвшний оноонд нөлөөлсөн;

3.7.4. судалгаанд хамрагдахдаа хуурамч мэдээлэл өгсөн нь баримтаар нотлогдсон;

3.7.5. хөндлөнгийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдол;

3.7.6. тухайн өрх судалгаанд хамрагдаагүй орхигдсон;

3.7.7. мониторинг, хяналт-үнэлгээний ажлын явцад;

3.7.8. өрхийн амьжиргааны түвшинд судалгаа авснаас хойш мэдэгдэхүйц өөрчлөлт орсон;

3.7.9. тухайн өрхийн талаарх мэдээлэл зөрчилтэй, мэдээллийг засварлах боломжгүйн улмаас амьжиргааны түвшингийн үнэлгээний оноо буруу эсхүл оноог бодоогүй;
__________________________________________________________________________
1 Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын даргын 2014 оны 11 дүгээр
  сарын 6-ны өдрийн 1/143 дугаар тушаалаар батлагдсан


3.7.10. өрхийн гишүүн-иргэн хүсэлт гаргасан.

3.8. Тухайн өрхийн амьжиргааны түвшинд үнэлгээ хийснээс хойш 1 жилийн хугацаанд дахин үнэлгээ хийхгүй.

3.9. Мэдээллийн санд хадгалагдаж байгаа өрх, иргэний талаарх мэдээлэлд дор дурдсан тохиолдолд өөрчлөлт оруулж болно:

3.9.1. өрхийн гишүүн нас барсан, хүүхэд төрсөн, үрчлэн авсан, үрчлүүлсэн, харьяатаас гарсан, шилжилт хөдөлгөөн хийсэн;

3.9.2. дахин үнэлгээнд хамрагдан өрхийн оноог шинээр бодсон;

3.9.3. гэрээ байгуулсан хэрэглэгчээс ирүүлсэн тайлан мэдээнд үндэслэн.

 

Дөрөв. Мэдээллийн санг ашиглах



4.1. Мэдээллийн сан дахь хуулиар хориглосноос бусад мэдээлэл нийтэд нээлттэй байна.

4.2. Мэдээллийн санд хадгалагдаж байгаа мэдээллийн агуулгаас хамааруулан мэдээллийн санг ашиглах хэрэглэгчийг дор дурдсанаар ангилна:

4.2.1. энэ журмын 2.2.1, 2.2.2-т заасан мэдээллийг авах эрхтэй энгийн хэрэглэгч-иргэн, хуулийн этгээд;

4.2.2. энэ журмын 2.2.1-2.2.3-т заасан мэдээллийг авах эрхтэй тусгай хэрэглэгч-төрийн байгууллага.

4.3. Иргэн нь энэ журмын 2.2.3-т заасан өөртэй нь холбоотой мэдээллийн талаарх лавлагааг мөн журмын 5.1-д заасны дагуу авч болно.

4.4. Иргэн, хуулийн этгээд нь мэдээллийн санд хадгалагдаж байгаа, энэ журмын 4.3-т зааснаас бусад мэдээллийн талаар мөн журмын 5.1-д заасны дагуу лавлагаа авч болно.

4.5. Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага  мэдээллийн санд хадгалагдаж байгаа мэдээ, тоо баримтыг дор дурдсан байгууллагатай үнэ төлбөргүй солилцож, харилцан мэдээлнэ:

4.5.1. Үндэсний статистикийн хороо;

4.5.2. эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;

4.5.3. боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага; 

4.5.4. улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага;

4.5.5. нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага;

4.5.6. хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага;

4.5.7. эрх бүхий бусад этгээд.

4.6. Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай холбогдох журмын дагуу иргэний бүртгэлийн талаарх мэдээллийг солилцож ажиллана.

4.7. Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь төсөв, санхүүгийн асуудлаар тооцоо, судалгаа боловсруулахад шаардлагатай тоон мэдээллээр санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагыг шуурхай хангах үүрэг хүлээнэ.

4.8. Мэдээллийн санг ашиглах заавар, мэдээллийн санг ашиглах талаар гаргах хүсэлт  болон гэрээний загварыг энэ журамд нийцүүлэн нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Тав. Мэдээллийн санг ашиглах хэрэглэгчийн
       хүсэлтийг хүлээн авах, эрх олгох

5.1. Энгийн хэрэглэгч

5.1.1. энгийн хэрэглэгч мэдээллийн санг ашиглах бол хүсэлтээ цахим хэлбэрээр нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ. Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энгийн хэрэглэгчийн хүсэлтийг цахим хэлбэрээр бүртгэх техникийн нөхцөлийг бүрдүүлсэн байна.

5.1.2. нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энгийн хэрэглэгчийн хүсэлтийг үндэслэн мэдээллийн санг ашиглах эрх олгоно.

5.1.3. нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энгийн хэрэглэгчийн эрх, үүрэг, хориглох зүйл, хариуцлагын талаарх санамжийг мэдээллийн сангийн бүртгэлийн системээс хэрэглэгчдэд илгээх бөгөөд хүлээн зөвшөөрсөн хариу ирүүлсэн энгийн хэрэглэгчийг системд бүртгэснээр мэдээлэл авах эрх нь баталгаажна.

5.1.4. мэдээллийн санд нэвтрэх хэрэглэгчийн эрхийн хугацаа 12 сар байна. Хугацаа дууссан тохиолдолд тухайн хэрэглэгч эрхээ сэргээлгэх хүсэлтийг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад цахим хэлбэрээр дахин гаргана.

5.1.5. энэ журмын 5.1.4-т заасан эрх сэргээхтэй холбоотой харилцааг мөн журмын 5.1.1-5.1.3-т заасны дагуу зохицуулна.


5.2. Тусгай хэрэглэгч

5.2.1. тусгай хэрэглэгч хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор мэдээллийн санг ашиглах хүсэлтээ нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бичгээр гаргана. 

5.2.2. тусгай хэрэглэгч өрх, иргэний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авах бол хүсэлтээ энэ журмын 5.2.1-д заасан байгууллагаас гадна тагнуулын төв байгууллагад бичгээр гаргана.

5.2.3. тагнуулын төв байгууллага тухайн хэрэглэгчийн хүсэлтийг судлан үзээд, мэдээллийн санг ашиглах зөвшөөрөл олгож болно.

5.2.4. тагнуулын төв байгууллага энэ журмын 5.2.3-т заасан зөвшөөрөл олгосон тохиолдолд нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага мэдээллийн санд хадгалагдаж байгаа өрх, иргэний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ашиглах гэрээг тухайн хэрэглэгчтэй байгуулна. Гэрээнд тухайн мэдээллийг ашиглах нөхцөл, шаардлага, хугацаа, тусгай хэрэглэгчийн эрх, үүрэг, хориглох зүйл, хүлээх хариуцлага болон бусад асуудлыг тодорхой тусгана.

5.2.5. Өрх, иргэний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ашиглах тусгай хэрэглэгчийн үйл ажиллагаанд нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон тагнуулын төв байгууллага хяналт тавьж ажиллана.

Зургаа. Мэдээллийн сангийн нууцлал,
аюулгүй байдал

6.1. Мэдээллийн сан нь Үндэсний дата төвд байршина. Мэдээллийн сангийн хадгалалт, хамгаалалт, нууцлалын найдвартай байдлыг хариуцан ажиллах ажилтныг тагнуулын төв байгууллагын зөвшөөрлийг үндэслэн томилно.  тагнуулын төв байгууллагын зөвшөөрөлгүй ажилтанд уг ажлыг хариуцуулахыг хориглоно.

6.2. Мэдээлийн сангийн хадгалалт, хамгаалалт, нууцлалын найдвартай байдлыг Үндэсний дата төв хариуцна.

6.3. Энэ журмын 6.2-т заасан үйл ажиллагаанд тагнуулын төв байгууллага хяналт тавьж ажиллана.

6.4. Үндэсний дата төв нь мэдээллийг цахим хэлбэрт оруулах, мэдээллийн сан үүсгэх, түгээх, ашиглах болон түүний байнгын тасралтгүй үйл ажиллагаа, хадгалалт, хамгаалалт, нууцлалын найдвартай байдлыг хангах чиглэлээр нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, бусад байгууллагын албан хаагчдад зориулан сургалт зохион байгуулж, тэдгээрт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж ажиллана.

6.5. Мэдээллийн санг ашиглах, түүний хадгалалт, хамгаалалт, нууцлалын найдвартай байдлыг хангах ажиллагаа нь Төрийн нууцын тухай хууль, Байгууллагын нууцын тухай хууль, Хувь хүний нууцын тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль болон Засгийн газрын 2013 оны 212 дугаар тогтоолоор баталсан  “Төрийн байгууллагуудын цахим мэдээллийн санг ашиглах журам”, мэдээллийн аюулгүй байдал, технологийн талаарх Монгол Улсын холбогдох стандартад нийцсэн байна.

Долоо. Санхүүжилт

7.1. Мэдээллийн санг бүрдүүлэх, удирдах, ашиглах, түүний хадгалалт, хамгаалалт, нууцлалын найдвартай байдлыг хангах болон энэ журмын 3.7-д заасны дагуу өрхийн дахин үнэлгээ хийхтэй холбогдох зардлыг нийгмийн халамжийн сангийн төсөвт тусган санхүүжүүлнэ.
Найм. Төрийн байгууллагуудын чиг үүрэг
8.1. Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын мэдээллийн сан бүрдүүлж, хэвийн ажиллуулах, тухай бүр шинэчлэх үйл ажиллагаанд  бүх шатны төрийн байгууллага дэмжлэг үзүүлэн шаардлагатай мэдээллээр үнэ төлбөргүй хангах бөгөөд хуульд заасны дагуу хамтран ажиллах үүрэгтэй.


Ес. Бусад

 

9.1. Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараах тохиолдолд мэдээллийн сангийн хэрэглэгчийн эрхийг хүчингүй болгоно:

9.1.1. мэдээллийн сангийн хэвийн үйл ажиллагаанд санаатай болон санамсаргүй хэлбэрээр техникийн саатал, гэмтэл учруулсан;

9.1.2. мэдээллийн санд хадгалагдаж  байгаа мэдээ, баримтыг нийгмийн халамжийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрчилсөн, устгасан;

9.1.3. мэдээллийн санд хадгалагдаж байгаа мэдээ, баримтыг хууль бусаар ашигласан.

9.2. Энэ журмын 9.1.1-д заасан нөхцөл байдал арилсан тохиолдолд мөн журамд заасны дагуу хэрэглэгчийн эрхийг сэргээж болно.

 

------оОо-----