Хэвлэх DOC Татаж авах

/ХЗДХС-ын 2018 оны А/208-р тушаалаар хүчингүй болсонд тооцсон/

Хууль зүйн сайдын 2015 оны А/40 дугаар тушаалын хавсралт

ГАДААДЫН ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫГ УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГЭХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү журам нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9.2 дахь хэсэгт заасны дагуу гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрыг /цаашид “Төлөөлөгчийн газар” гэх/ улсын бүртгэлд бүртгэхтэй холбоотой харилцааг зохицуулна.

1.2.Энэ журамд гадаад улсын төрийн байгууллага, гадаад улсад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг нөхөрлөл, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 40.1.5-д заасан гадаадын төрийн бус байгууллагын төлөөлөгчийн газар хамаарахгүй.

1.3.Иргэний хуулийн 29.6, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.1.6 дахь заалтад заасны дагуу төлөөлөгчийн газар нь хуулийн этгээдийн эрхгүй байх ба Монгол Улсад бие дааж аж ахуйн үйл ажиллагаа явуулахгүй.

1.4.Төлөөлөгчийн газрыг 2 жилийн хугацаатай бүртгэх бөгөөд төлөөлөгчийн газрын зорилго бүрэн биелэгдээгүй,түүнийг үргэлжлүүлэн ажиллуулах шаардлагатай гэж гадаадын хуулийн этгээд үзвэл цаашид анх олгосон хугацаатай адил  хугацаагаар сунгаж болно.

1.5.Улсын бүртгэлийн байгууллага нь төлөөлөгчийн газрын бүртгэлийн цахим мэдээллийн сантай байна.

Хоёр.Төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх

2.1.Улсын бүртгэгч бүртгэлийн үйлчилгээг үзүүлэхэд дараах дарааллыг баримтална:

2.1.1.энэ журмын 3-7-д заасан баримт бичгийг хянаж, шаардлага хангасан баримт бичгийн хүлээн авна;

2.1.2.хүлээн авсан баримт бичгийг дугаарлаж, өргөдөл гаргагчид баримт бичиг хүлээн авсан тухай хуудас олгоно;

2.1.3.хүлээн авсан баримт бичгийг тухай бүрт нь улсын ахлах бүртгэгчид танилцуулж, хуваарилуулна;

2.1.4.өргөдөл, баримт бичгийн агуулга, бүрдэл нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг хянаж, улсын бүртгэлд бүртгэх эсэх шийдвэр гаргана;

2.1.5.төлөөлөгчийн газрын дүрмийн эхний хуудас дээр баталгааны тэмдэг, бусад хуудас дээр улсын бүртгэгчийн тэмдэг дарна;

2.1.6.төлөөлөгчийн газрын бүртгэлийн мэдээллийг цахим мэдээллийн санд оруулж, регистрийн дугаар, хувийн хэргийн дугаар, улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно.

2.2.Төлөөлөгчийн газрын үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэж, баталгаажуулна.

2.3.Улсын бүртгэгч нь төлөөлөгчийн газар байгуулах, түүний мэдээлэлд өөрчлөлт оруулсан, улсын бүртгэлээс хассан мэдээлэлд нотлох баримт нь зөрүүтэй, баримт, бичгийн бүрдэл дутуу, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана.

2.4.Энэ журмын 2.3-д заасан үндэслэлээр бүртгэхээс татгалзсан тохиолдолд хуульд заасан хугацаанд холбогдох үндэслэлийг тодорхой тайлбарласан мэдэгдлийг бичгээр өргөдөл гаргагчид өгнө.

2.5.Энэ журмын 2.3-д заасны дагуу бүртгэхээс татгалзсан тохиолдолд өргөдөл гаргагч нь зөрчлийг арилгасны дараа бүртгүүлэх хүсэлт дахин гаргаж болно.

Гурав. Шинээр байгуулсан төлөөлөгчийн газрыг улсын бүртгэлд бүртгүүлэх

3.1.Улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлийг доор дурдсан этгээд /цаашид “өргөдөл гаргагч” гэх/ гаргана:

3.1.1.гадаадын хуулийн этгээдийн удирдлага;

3.1.2.гадаадын хуулийн этгээдээс эрх олгосон этгээд;

3.1.3.итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд.

3.2.Өргөдөл гаргагч нь шинээр байгуулах төлөөлөгчийн газрыг бүртгүүлэхэд дараах баримт бичгийг баталгаат орчуулгын хамт ирүүлнэ:

3.2.1.баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл;

3.2.2.Монгол Улсад төлөөлөгчийн газар нээх тухай гадаадын хуулийн этгээдийн эрх барих дээд байгууллагын шийдвэр;

3.2.3.тухайн орны хууль тогтоомжийн дагуу уг байгууллага гадаадад төлөөлөгчийн газраа нээж ажиллуулахад өөрийн улсын эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авахаар заасан байвал уг зөвшөөрөл;

3.2.4.гадаадын хуулийн этгээдийн гэрчилгээ, дүрмийн хуулбар;

3.2.5.төлөөлөгчийн газрын удирдлагын иргэний баримт бичгийн хуулбар;

3.2.6.төлөөлөгчийн газрын дүрэм; 

3.2.7.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.

3.3.Улсын бүртгэгч энэ журмын 3.2-т заасан баримт бичгийг хянаж, бүртгэх эсэх шийдвэр гаргана.

Дөрөв.Төлөөлөгчийн газрын нэрийн өөрчлөлтийг бүртгүүлэх

4.1.Төлөөлөгчийн газрын нэрийн өөрчлөлтийг бүртгүүлэхэд дараах баримт бичгийг баталгаат орчуулгын хамт ирүүлнэ:

4.1.1.баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл;

4.1.2.төлөөлөгчийн газрын нэрийг өөрчлөх тухай гадаадын хуулийн этгээдийн шийдвэр;

4.1.3.гадаадын хуулийн этгээдийн оноосон нэр өөрчлөгдсөнийг гэрчлэх тухайн улсын эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичиг, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

4.1.4.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.

4.2.Улсын бүртгэгч энэ журмын 4.1-т заасан баримт бичгийг хянаж, бүртгэх эсэх шийдвэр гаргана.

Тав.Төлөөлөгчийн газрын удирдлагын өөрчлөлтийг бүртгүүлэх

5.1.Төлөөлөгчийн газрын удирдлагын өөрчлөлтийг бүртгүүлэхэд дараах баримт бичгийг баталгаат орчуулгын хамт ирүүлнэ:

5.1.1.баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл;

5.1.2.төлөөлөгчийн газрын удирдлагыг өөрчлөх тухай гадаадын хуулийн этгээдийн шийдвэр;

5.1.3.удирдлагын иргэний баримт бичиг;

5.1.4.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.

5.2.Улсын бүртгэгч энэ журмын 5.1-т заасан баримт бичгийг хянаж, бүртгэх эсэх шийдвэр гаргана.

Зургаа.Төлөөлөгчийн газрын гэрчилгээний хугацааг сунгах

6.1.Төлөөлөгчийн газрын гэрчилгээний хугацааг сунгахад дараах баримт бичгийг баталгаат орчуулгын хамт бүрдүүлнэ:    

6.1.1.баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл;

6.1.2.төлөөлөгчийн газрын хугацааг сунгах тухай гадаадын хуулийн этгээдийн шийдвэр; 

6.1.3.төлөөлөгчийн газрын сүүлийн хоёр жилийн үйл ажиллагааны тайлан;

6.1.4.харьяалагдах татварын байгууллагын тодорхойлолт;

6.1.5.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.

6.2.Улсын бүртгэгч энэ журмын 6.1-т заасан баримт бичгийг хянаж, бүртгэх эсэх шийдвэр гаргана.

6.3.Төлөөлөгчийн газар гэрчилгээний хугацаа дуусахаас ажлын арваасдоошгүй өдрийн өмнө сунгуулах хүсэлтийг Улсын бүртгэлийн байгууллагад гаргана.

Долоо.Төлөөлөгчийн газрыг улсын бүртгэлээс хасах

7.1.Дараах тохиолдолд төлөөлөгчийн газрыг улсын бүртгэлээс хасна:

7.1.1.төлөөлөгчийн газрыг нээсэн гадаадын хуулийн этгээд татан буугдсан;

7.1.2.төлөөлөгчийн газрыг татан буулгахаар гадаадын хуулийн этгээдийн шийдвэр гарсан;

7.1.3.төлөөлөгчийн газар Монгол Улсын хууль тогтоомжид харшилсан үйл ажиллагаа явуулсан тухайэрх бүхий байгууллагын шийдвэр гарсан;

7.1.4 энэ журмын 6.3-т заасан хугацаанд хүсэлт гаргаагүй бол.

---ооОоо---