Хэвлэх DOC Татаж авах

Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 05 сарын 13-ны өдрийн 194 дүгээр тушаалын хавсралт

 

 

Донорт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хөнгөлөлттэй үзүүлэх, эрүүл мэндийн
үзлэгт үнэ төлбөргүй хамруулах журам

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

           1.1. Хүмүүнлэг, энэрэнгүй сэтгэлээр донорын үйлсэд идэвхитэй оролцсон донорт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хөнгөлөлттэй үзүүлэх, эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулахтай холбогдох харилцааг энэхүү журмаар зохицуулна.


            1.2. Донорт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хөнгөлөлттэй үзүүлэх, жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулахдаа Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, эдгээр хуулиудад нийцүүлэн гаргасан дүрэм, журмыг  үндэслэнэ.

 

             1.3 Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар нь хүний амь насыг аврахын төлөө сайн дураараа цус, эд, эрхтнээ өгсөн донорын талаарх мэдээллийн санг бий болгож эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хөнгөлөлтэй үзүүлэх, жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй хамрагдах доноруудын мэдээллийг харъяалах эрүүл мэндийн байгууллагад хүргэн хяналт тавьж ажиллана. 

 

 

Хоёр. Донорт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хөнгөлөлттэй үзүүлэх, эрүүл мэндийн үзлэгт хамруулах

 

           2.1.Төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хөнгөлөлттэй үзүүлэх, жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдах донорын дэлгэрэнгүй мэдээллийг албан бичгээр болон цахим хэлбэрээр тухайн донорын харъяалах нутаг дэвсгэрийн  эрүүл мэндийн газарт жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор хүргүүлнэ.

          2.2. Аймаг, дүүргийн эрүүл мэндийн газар нь донорын мэдээллийг харъяа эрүүл мэндийн байгууллагад цаг тухайд нь хүргэнэ.

          2.3.Донор нь дараах үзлэг, шинжилгээг дараалал харгалзахгүйгээр үнэ төлбөргүй хийлгэнэ.

Аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллагад:

  • Дотор
  • Мэдрэл
  • Нүд
  • Чих, хамар хоолой
  • Эмэгтэйчүүд
  • Мэс засал
  •  Хэвлийн хөндийн хэт авиа
  • Зүрхний цахилгаан бичлэг
  • Тархины цахилгаан бичлэг
  •  Рентгэн шинжилгээ

 

Цусны алба:

  • Резус сөрөг донор эмэгтэйчүүд жирэмсэн тохиолдолд резус Д-ийн эсрэг үүссэн эсрэг бие илрүүлэх, таньц тодорхойлох, кумбсын шинжилгээ,
  • Доноруудын ийлдсэнд агуулагдах төмөр, ферритины хэмжээг тодорхойлох шинжилгээ.

       2.4.Төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв нь дараах доноруудад “донор” болохыг нотолсон  тодорхойлолт,  баримт бичгийг олгоно.

             2.4.1.Цус, сийвэнгээ 35-аас дээш удаа цусаа бэлэглэсэн мөн сүүлийн 2 жилд сайн дурын, авлагагүйгээр 8-12 удаа цус, эсвэл 16-20 удаа сийвэнгээ бэлэглэсэн,

            2.4.2.Эд эрхтэнээ бэлэглэсэн амьд донор.

       2.5. Аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллага нь төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн “донор” болохыг нотолсон тодорхойлолт, баримт бичгийг үндэслэн цус, сийвэнгийн донорт жилд нэг удаа, эд, эрхтэний амьд донор болсноос хойш  2 жил дараалан жилд нэг удаа төр хариуцах тусламж үйлчилгээнээс гадна энэ журмын 2.3-т заасан эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулна.

 

Гурав. Бүрдүүлэх баримт бичиг

 

          3.1.Энэ журмын дагуу эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдах донорууд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

 

  1. Төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, цусны салбар төвүүдийн Донор болохыг нотолсон тодорхойлолт, баримт бичиг
  2. Иргэний үнэмлэхний хуулбар
  3. Цусны донор бол хүндэт донорын үнэмлэх,

 

Дөрөв. Бусад

 

            4.1.Энэхүү журмын 2.4-д заасан мэдээллийн үнэн бодит байдлыг төв эмнэлэг, тусай мэргэжлийн төв хариуцаж, мэдээллийг зөв тодорхойлж,  баримт бичиг олгосон эсэхэд аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар хяналт тавина.

 

            4.2.Энэхүү журамд заасан “донор” болохыг нотолсон  тодорхойлолт,  баримт бичгийг хуурамчаар үйлдсэн иргэн, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хөнгөлөлтөд хамрагдах донорыг буруу тогтоосон, тодорхойлолтыг үндэслэлгүйгээр буюу хуурамчаар үйлдсэн албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага тооцно.

 

           4.3.Төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв нь энэ журмын 2.1-д заасан донорын мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж, мэдээ, тайланг улирал, хагас, бүтэн жилээр гарган Эрүүл мэндийн хөгжлийн төвд хүргүүлнэ.

 

 

 

-----оОо----