Хэвлэх DOC Татаж авах

Монгол Улсын Их Хурлын 2015 оны

53 дугаар тогтоолын хавсралт

 

ТӨРӨӨС ТЭТГЭВРИЙН ШИНЭЧЛЭЛИЙН

ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО

/2015-2030/

 

Нэг.Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар

         баримтлах бодлогын зорилго

 

        1.1.Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогын зорилго нь хүн амын насны бүтцийн өөрчлөлт, дундаж наслалтын өсөлтөөс үүдэлтэйгээр зайлшгүй өсөн нэмэгдэх тэтгэврийн зардлыг төр, иргэн, ажил олгогч санхүүгийн чадавхаа үндэслэн хамтран хариуцаж, ахмад настны амьжиргаанд хүрэлцэхүйц зохистой хэмжээний тэтгэвэр олгох тогтолцоог бүрдүүлэхэд оршино.

           1.2.Тэтгэврийн шинэчлэлийн бодлого нь тэтгэврийн даатгалын хамрах хүрээг нэмэгдүүлж, малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид зориулсан тусгай хөтөлбөрийг бий болгож, тэтгэврийн тогтолцоонд хувийн хэвшлийн оролцоог сайн дурын нэмэлт даатгалын хэлбэрээр дэмжин, ахмад настан олон эх үүсвэр бүхий тэтгэврийн орлоготой байх нөхцөлийг бүрдүүлж, даатгуулагчийг илүү олон жил хөдөлмөрлөж, тасралтгүй шимтгэл төлөхийг урамшуулна.

 

            Хоёр.Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар

                  баримтлах бодлогын зарчим

 

      2.1.Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд дараах зарчмыг баримтална:

            2.1.1.Монгол Улсын ахмад настан бүр орлогын наад захын баталгаат тэтгэврээр хангагдах;

            2.1.2.иргэн бүр хөдөлмөрийн чадвартай үедээ тэтгэврийн даатгалд хамрагдаж, өндөр насны, хөдөлмөрийн чадвар алдсаны, тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрхтэй байх;

           2.1.3.өндөр насны тэтгэврийн хэмжээ нь даатгуулагчийн авч байсан цалин хөлс, төлсөн шимтгэлийн хэмжээ, хугацаатай уялдаатай байх;

            2.1.4.эрэгтэй, эмэгтэй даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны доод хязгаар ижил байх;

            2.1.5.тэтгэврийн даатгалын сангийн зардлыг төр, иргэн, ажил олгогч хамтран хариуцах;

         2.1.6.тэтгэврийн даатгалын сангийн орлого, зарлагыг тэнцвэржүүлж, сангийн алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас хэтрүүлэхгүй байх;

         2.1.7.хөдөлмөрийн бүтээмж өндөртэй даатгуулагчийг нэмэлт хуримтлал, хадгаламж үүсгэх замаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох үед санхүүгийн олон эх үүсвэр бүхий тэтгэврийн орлоготой болох нөхцөлийг хангаж, орлогын баталгааг нь нэмэгдүүлэх;   

        2.1.8.иргэний насан туршдаа суралцах, хөгжих нөхцөлийг бүрдүүлж, хөдөлмөрийн зах зээлд идэвхтэй хөдөлмөрлөхийг дэмжин ахимаг насны иргэнд тохирсон ажлын байр бий болгохыг урамшуулах.

 

       Гурав.Тэтгэврийн шинэчлэлийн талаар

                 баримтлах бодлогын чиглэл

 

            3.1.Тэтгэврийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлэх хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

            3.1.1.хөдөлмөрийн гэрээ, түүнтэй адилтгах бусад гэрээгээр ажиллаж  хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос ажилтан, төрийн албан хаагчид тэтгэврийн даатгалд заавал шимтгэл төлж даатгуулах;

          3.1.2.малчин, хувиараа болон албан бус хөдөлмөр эрхлэгчид зориулсан албан журмын тэтгэврийн даатгалын тусгай хөтөлбөр бий болгох;

            3.1.3.тэтгэврийн даатгалын шимтгэл төлөх орлогын дээд хязгаараас давсан өндөр орлоготой даатгуулагч хувийн тэтгэврийн нэмэлт даатгалд сайн дурын үндсэн дээр даатгуулах нөхцөлийг бүрдүүлэх.

           3.2.Олон давхаргат тэтгэврийн тогтолцоог бүрдүүлэх ажлын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

            3.2.1.тэтгэврийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авах эрх үүсээгүй, амьжиргааны түвшин доогуур, орлогогүй ахмад настанд нийгмийн халамжийн тэтгэвэр олгох;

        3.2.2.1960 оноос өмнө төрсөн иргэнд үйлчлэх эв санааны зарчимд үндэслэсэн тэтгэврийн даатгалын хуваарилалтын одоогийн тогтолцоог үргэлжлүүлэн мөрдөж, энэ тогтолцоонд параметрийн шинэчлэл хийх замаар тэтгэврийн сангийн санхүүжилтийн тогтвортой байдлыг хангах;

            3.2.3.энэ заалтын 3.2.2-т заасан тогтолцооны хүрээнд олгох тэтгэврийн хэмжээг даатгуулагчийн авч байсан цалин хөлс, шимтгэл төлсөн хугацаанд үндэслэн тогтоох;

            3.2.4.1960 оноос 1979 оны хооронд төрсөн даатгуулагчид цалин хөлс, шимтгэл төлсөн хугацаанд суурилсан тогтолцоо болон шимтгэлийн хийсвэр нэрийн дансны тогтолцоо /цаашид “нэрийн дансны тогтолцоо” гэх/-ны аль таатай нөхцөлөөр тэтгэврээ тогтоолгох сонголт олгох;

         3.2.5.1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ба түүнээс хойш төрсөн даатгуулагчийн тэтгэврийг нэрийн дансны тогтолцоонд үндэслэн тогтоох бөгөөд энэ тохиолдолд тэтгэврийн хэмжээг тэнцвэртэй байлгах зарчмыг баримтлан холбогдох хуульд тухайн үед нь өөрчлөлт оруулах;

            3.2.6.даатгуулагч тэтгэвэр тогтоолгох насны хязгаарт хүрч, 10 ба түүнээс дээш жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бол өндөр насны тэтгэвэр авах эрхтэй байх;

            3.2.7.1979 оноос өмнө төрсөн даатгуулагчийн өндөр насны тэтгэврийн хэмжээ нь ажилласан жил тутамд дундаж цалин хөлсний хоёр хувиас багагүй байхаар бодож тогтоох;

            3.2.8.1979 оноос өмнө төрсөн даатгуулагчийн тэтгэвэр тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг даатгуулагчийн таван жилийн цалин хөлсний дунджаар тодорхойлж байгааг 2020 оноос нэмэгдүүлж, 2025 он гэхэд даатгуулагчийн 10 жилийн цалин хөлсний дунджийг үндэслэн тодорхойлдог болох бөгөөд цаашид даатгуулагчийн шимтгэл төлсөн нийт хугацааны цалин хөлсний дунджийг үндэслэн тэтгэврийг тогтоох;

            3.2.9.1960 ба 1979 оноос өмнө төрсөн даатгуулагч бүрд тэтгэврийн баталгаат хэмжээнээс багагүй тэтгэвэр тогтоож олгох бөгөөд тэтгэврийн баталгаат хэмжээг хүн амын амьжиргааны баталгаажих доод түвшин, улсын дундаж цалин хөлстэй уялдуулан Засгийн газар жил бүр тогтоох;

            3.2.10.тэтгэврийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн ахмад настан бүрд суурь тэтгэвэр олгоно. Суурь тэтгэврийн хэмжээг хүн амын амьжиргааны доод түвшинтэй уялдуулан Засгийн газраас жил бүр тогтоох бөгөөд суурь тэтгэврийн зардлыг тэтгэврийн даатгалын сан болон улсын төсвөөс хариуцан санхүүжүүлэх;

        3.2.11.1979 оноос хойш төрсөн иргэнд үйлчлэх нэрийн дансны тогтолцоо нь шимтгэлийн орлогоороо тэтгэврийн зардлаа нөхдөг хуваарилалтын санхүүжилттэй байх;

         3.2.12.нэрийн дансны тогтолцооноос олгох өндөр насны тэтгэврийн хэмжээг даатгуулагчийн төлсөн нийт шимтгэлийн хэмжээ, түүнд бодсон хийсвэр хүү, тэтгэвэр авах хугацааны дундаж илэрхийлэлд үндэслэн тогтоох;

          3.2.13.нэрийн дансны тогтолцооноос олгох хөдөлмөрийн чадвар алдсаны болон тэжээгчээ алдсаны тэтгэвэр бодох аргачлалыг шинэчилж, тэтгэврийг даатгуулагчийн цалин хөлс болон шимтгэлтэй уялдаатай байхаар өөрчлөх;

           3.2.14.2030 оноос тэтгэврийн даатгалын шимтгэлийг хэсэгчлэн хагас хуримтлалын тогтолцоонд, цаашид бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжүүлэх;

            3.2.15.тэтгэврийн даатгалын шимтгэл тооцох, тэтгэвэр тогтооход баримтлах цалин хөлс, орлогын доод, дээд хэмжээг Засгийн газар тогтоох;

            3.2.16.тэтгэврийн хэмжээг жил бүрийн үнийн өсөлт болон дундаж цалин хөлсний өсөлттэй уялдуулан нэмэгдүүлж, шаардагдах хөрөнгийг төсөвт тусгаж байх;

           3.2.17.эдийн засаг, санхүү, хөрөнгийн зах зээлийн урьдчилсан нөхцөл хангагдсан тохиолдолд иргэн бүр сайн дурын үндсэн дээр хувийн тэтгэврийн нэмэлт даатгалд хувиараа болон ажил олгогчийн дэмжлэгтэйгээр даатгуулж, нэмэгдэл тэтгэвэр авах; 

            3.2.18.хувийн тэтгэврийн нэмэлт даатгалыг хувийн хэвшлийн тэтгэврийн даатгалын сан ба уг сан бүхий хувийн хэвшлийн урт хугацааны даатгалын компани эрхлэн гүйцэтгэх бөгөөд эрх бүхий байгууллага эдгээр санд тусгай зөвшөөрөл олгож, үйл ажиллагаанд нь хяналт тавих;

          3.2.19.даатгуулагчийн хувийн тэтгэврийн нэмэлт даатгалд төлөх шимтгэл, хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт үзүүлэх зэрэг асуудлыг хуулиар зохицуулах;

            3.2.20.хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тогтолцоо нь бүрэн хуримтлалын байх бөгөөд даатгуулагчийн тэтгэврийн хэмжээ түүний төлсөн шимтгэл, хөрөнгө оруулалтын өгөөжөөс хамаарах;

          3.2.21.хувийн хэвшлийн тэтгэврийн даатгалын сангийн хөрөнгө оруулалтын багцыг хянах, хөрөнгө оруулалтын эрсдлийг зохицуулах, хөрөнгө оруулалтын өгөөжийг даатгуулагчийн дансанд шилжүүлэх асуудлыг хуулиар зохицуулах;

           3.2.22.цэргийн алба хаасны, нийгмийн халамжийн, 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэний тэтгэврийн зардал болон тэтгэврийн даатгалын сангийн алдагдлыг улсын төсвөөс санхүүжүүлэх.

            3.3.Малчин, хувиараа болон албан бус хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

                        3.3.1.малчин, хувиараа болон албан бус хөдөлмөр эрхлэгчид зориулсан тэтгэврийн даатгалын тусгай сан байгуулж, шимтгэлийн хэмжээ, хугацаа, тэтгэврийн нас болон тэтгэвэр тогтоох, олгох харилцааг тусгай хуулиар зохицуулах;

                   3.3.2.малчин, хувиараа болон албан бус хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийн 50-иас багагүй хувийг төрөөс хариуцах бөгөөд төрөөс тэтгэврийн даатгалын шимтгэлийг хариуцах хугацааг хуулиар зохицуулах;

            3.3.3.тэтгэвэр бодох аргачлал нь энгийн, ойлгомжтой, даатгуулагчийн шимтгэл төлсөн хугацаанаас тэтгэврийн хэмжээ хамаарахаар байх;

            3.3.4.нийгмийн даатгалын байгууллага нь тусгай санд шимтгэл цуглуулах үйл ажиллагааг эрхэлж, даатгуулагчийн өөрөө төлсөн шимтгэл болон төрөөс хариуцан төлсөн шимтгэлийг тухай бүр бүртгэж, даатгуулагчид мэдээлэх; 

                        3.3.5.тусгай сангийн хуримтлагдсан хөрөнгийг өсгөн арвижуулах зорилгоор Засгийн газрын бонд, үнэт цаас, бусад эрсдэл багатай банк, санхүүгийн болон хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийх.

           3.4.Тэтгэврийн нас, тэтгэвэр тогтоох хөнгөлөлттэй нөхцөлийн тухайд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:

            3.4.1.хүн амын дундаж насжилттай уялдуулж, тэтгэвэр тогтоолгох насны доод хязгаарыг өөрчлөх асуудлыг судлах;

            3.4.2.хүүхэд төрүүлж, хуульд заасан нас хүртэлх хугацаанд асарсан эхчүүдийн хүүхдээ асарсан хугацааг тэтгэврийн даатгалын шимтгэл төлж, ажилласнаар тооцон нийгмийн даатгалын сангаас олгох жирэмсэн болон амаржсаны тэтгэмжийн хугацааг нэмэгдүүлэх; 

            3.4.3.хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл /газрын доор болон хортой, халуун/-д ажиллагчдын хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоолгосон тэтгэврийн зардлыг тэтгэврийн ердийн нас хүртэлх хугацаанд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангаас хариуцах;

            3.4.4.хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллагчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэврийн ердийн наснаас өмнө тэтгэвэр тогтоох нас, ажилласан жилийн шалгуур болзлыг шинэчилж, хуулиар зохицуулах.

         3.5.Тэтгэврийн даатгалын шимтгэлийн талаар дараах арга хэмжээг  хэрэгжүүлнэ:

              3.5.1.ахмад настны тэтгэврийн үнэлэмжийг сайжруулах, ирээдүйн ахмад настны тэтгэврийн хувь хэмжээг бууруулахгүй байх үүднээс тэтгэврийн даатгалын сангийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн үр ашигтай бодлого баримтлах;

             3.5.2.малчин, хувиараа болон албан бус хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийн хэмжээг хуулиар зохицуулах;

            3.5.3.тэтгэврийн даатгалын шимтгэл ногдуулах, тэтгэвэр тооцох цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын доод, дээд хязгаарыг улсын дундаж цалин хөлсний хэмжээтэй уялдуулан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар жил бүр тогтоох;

            3.5.4.хувийн тэтгэврийн нэмэлт даатгалд төлөх шимтгэлийн хувь хэмжээг ажил олгогч болон даатгуулагчийн харилцан тохиролцсон гэрээгээр зохицуулах.

         3.6.Нийгмийн даатгалын байгууллагын тогтолцоог бэхжүүлэх хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:

           3.6.1.нийгмийн даатгалын байгууллагын тогтолцоо нь босоо удирдлагатай, улсын хэмжээний бүтэцтэй байх;

            3.6.2.аж ахуйн нэгж, байгууллага даатгуулагчийн тооноос хамаарч орон тооны ба орон тооны бус нийгмийн даатгалын ажилтантай байх;

           3.6.3.ажил олгогч, даатгуулагчийн төлсөн шимтгэлийг бүртгэх, баталгаажуулах, мэдээлэх, нууцлалыг хадгалах үйл ажиллагааг мэдээллийн дэвшилтэт технологи ашиглан гүйцэтгэх мэдээлэл, сургалтын төвийг нийгмийн даатгалын төв байгууллагын харьяанд шинэчлэн зохион байгуулах;

            3.6.4.ажил олгогч, даатгуулагч хувийн тэтгэврийн нэмэлт даатгалд шимтгэл төлөх тохиолдолд шимтгэлээ нийгмийн даатгалын байгууллагаар дамжуулан хувийн хэвшлийн тэтгэврийн даатгалын санд шилжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх;

            3.6.5.нийгмийн даатгалын байгууллагын соёлыг хөгжүүлэх, удирдлагын нээлттэй, ил тод үйл ажиллагааг төлөвшүүлэн төсөв, санхүүгийн хариуцлага, дотоод хяналтыг сайжруулах;

            3.6.6.нийгмийн даатгалын ажилтныг чадавхижуулах, давтан бэлтгэх,  мэргэшүүлэх, тасралтгүй сургах сургалтын нэгдсэн тогтолцоотой болох;

            3.6.7.хууль тогтоомжийн биелэлт, нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагад хяналт тавих, нийгмийн даатгалын үйл ажиллагаа, тайлан мэдээллийг хэлэлцэж, зөвлөмж гаргах үүрэг бүхий Засгийн газар, даатгуулагч, ажил олгогчийг тэнцүү тоогоор төлөөлсөн зөвлөл байгуулж ажиллах.

 

Дөрөв.Тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогыг

            хэрэгжүүлэх арга зам, үе шат, хүрэх үр дүн

 

            4.1.Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогыг дараах арга замаар хэрэгжүүлнэ:

            4.1.1.тэтгэврийн даатгалын хууль, эрх зүйн баримт бичиг, стратеги төлөвлөгөө, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэлийг боловсруулж, хэрэгжүүлэхэд энэхүү бодлогыг эш үндэс болгож, шаардагдах хөрөнгийг улсын болон нийгмийн даатгалын сангийн төсөвт тусган хэрэгжүүлэх;

             4.1.2.Засгийн газар, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нийгмийн даатгалын төв байгууллага болон нийгмийн даатгалын харилцаанд оролцогч тал, ажил олгогч, байгууллага Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхдээ холбогдох хууль тогтоомжийн хүрээнд төлөвлөгөө батлан биелэлтийг зохион байгуулах;

            4.1.3.Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогыг тусган хэрэгжүүлж, хэрэгжилтийн үр дүнд хяналт шинжилгээ хийж ажиллах;

            4.1.4.хүн амын насжилт, эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалан зайлшгүй тохиолдож болзошгүй тэтгэврийн даатгалын сангийн ирээдүйн алдагдал, нэрийн дансны тогтолцооноос хагас хуримтлалын тогтолцоонд шилжих тохиолдолд шаардагдах шилжилтийн зардлыг тус тус санхүүжүүлэх зорилгоор тэтгэврийн нөөц сан байгуулах.

             4.2.Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогыг дараах үе шаттайгаар хэрэгжүүлнэ:

            4.2.1.нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн төслийг шинэчлэн боловсруулж, Монгол Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн батлуулах /2015-2016 он/;

            4.2.2.тэтгэврийн шинэчлэлийг хэрэгжүүлэх асуудлаар олон нийтэд чиглэсэн, мэдээлэл сурталчилгаа хийх замаар нийгэм дэх ойлголтыг сайжруулж, нийгмийн харилцан ойлголцол, зөвшилцөл, түншлэлийг бэхжүүлэх /2017-2020 он/;

            4.2.3.Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах эхний үе шатны бодлогыг хэрэгжүүлэх /2017-2022 он/;

          4.2.4.Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх эхний үе шатны хэрэгжилтийн үр дүнг үнэлж, хоёр дахь шатны бодлогыг хэрэгжүүлэх /2023-2030 он/.

           4.3.Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлснээр дараах үр дүнд хүрнэ:

            4.3.1.даатгуулагч төлсөн шимтгэлтэйгээ уялдаатай тэтгэвэр авах олон давхаргат тэтгэврийн тогтолцоог бий болгох;

             4.3.2.тэтгэврийн даатгалын сангийн алдагдлыг дунд болон урт хугацаанд бууруулснаар улсын төсвийн ачаалал багасч, иргэн, аж ахуйн нэгжид татварын дарамт үүсэхгүй байх;

             4.3.3.тэтгэврийн даатгалын хамрах хүрээ нэмэгдэж, ахмад настан бүр наад захын орлогын баталгаагаар хангагдах;

            4.3.4.хүн амын насжилттай уялдуулан тэтгэврийн шинэчлэлийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, хууль эрх зүйн орчинг цогцоор нь шинэчлэх эрх зүйн үндэс бий болох;

            4.3.5.малчин, хувиараа болон албан бус хөдөлмөр эрхлэгч тэтгэврийн даатгалд хамрагдаж, ирээдүйн нийгмийн баталгаа нь сайжрах;

                4.3.6.өндөр орлоготой даатгуулагчид зориулсан хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тогтолцоо бүрдэж, ахмад настан олон эх үүсвэр бүхий тэтгэврийн орлоготой байх нөхцөл хангагдах;

              4.3.7.тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны шинэчлэлийг эрчимжүүлж, 1960 оноос хойш төрсөн даатгуулагчийн тэтгэвэр буурахгүй байх;

           4.3.8.тэтгэврийн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээллийн технологи, удирдлага, байгууллагын бүтэц, чадавх бий болох;

            4.3.9.тэтгэврийн шинэчлэлийн асуудлаар нийгэм дэх ойлголтыг сайжруулж, нийгмийн харилцан ойлголцол, зөвшилцөл, түншлэл бэхжих.

 

 

 

-----оОо-----