Хэвлэх DOC Татаж авах

Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 126 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

 

БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН ЗУРАГ ТӨСӨЛД МАГАДЛАЛ ХИЙХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэ журмаар барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх, гүйцэтгэх хугацаа, магадлал хийхэд тавигдах шаардлага болон эх загвар /эскиз/, ажлын зургийн бүрдэл, мэдээллийн сан үүсгэх, тэдгээрийг хадгалах ажлуудын үйл ажиллагааг зохицуулна.

1.2.Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх үйл ажиллагааг Барилгын тухай хууль, Засгийн газрын 2009 оны 204 дүгээр тогтоолоор батлагдсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм”, 2010 оны 200 дугаар тогтоол, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 121 дүгээр тушаал болон энэ журмаар зохицуулна.

Хоёр. Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх

2.1.Барилга байгууламжийн зураг төслийн магадлалыг зохион байгуулах эрх бүхий хуулийн этгээд /цаашид “нэгж” гэх/ хариуцна.

2.2.Боловсруулсан зураг төслийн магадлалыг эх загвар зураг /эскиз/, ажлын зурагт гэсэн 2 үе шаттайгаар гүйцэтгэнэ.

2.3.Энэ журмын хүснэгт 1-д дурдсан чиглэлийн мэргэжлийн орон тооны бус экспертүүд /цаашид “эксперт” гэх/, орон тооны бус мэргэжлийн зөвлөл /цаашид “мэргэжлийн зөвлөл” гэх/ барилга байгууламжийн зураг төслийн магадлалыг хийж гүйцэтгэнэ. Зураг төслийн магадлалын ажлыг хэлэлцэх мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны нарийн бичгийн дарга нэгжийн ажилтан байна.

2.4.Барилга байгууламжийн зураг төслийн магадлалыг БХБ-ын сайдын 2015 оны 126 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтад заасан барилга байгууламжийн ангиллаар хүснэгт 1-д заасны дагуу хийнэ.

                                                                                                                                                                                                                                                                                    Хүснэгт 1

 

Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх үе шатууд

Барилгын ангилал

Нэгдүгээр үе шат

/эх загвар зураг /эскиз/-т магадлал хийх/

Хоёрдугаар үе шат

/ажлын зураг төсөлд магадлал хийх/

1 дүгээр

I ангиллын барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийхгүй.

2-5 дугаар

Чиглэлийн мэргэжлийн экспертүүдээр өргөтгөсөн мэргэжлийн зөвлөлийн хурлаар эх загвар зургийн төслийг хэлэлцэж шийдвэрлэнэ.

Ажлын зургийг эх загвар зургийн дагуу боловсруулсныг хянаж, ажлын зурагт магадлал хийсэн чиглэлийн мэргэжлийн экспертүүдийн дүгнэлтийг үндэслэн магадлалын ерөнхий дүгнэлтийг нэгжийн орон тооны мэргэжилтнүүд бичнэ.

 

2.5.Зураг төслийн магадлалын ажлыг хийхдээ Засгийн газрын 2009 оны 204 дүгээр тогтоолоор батлагдсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм”-ийн 7.5-т заасан шаардлагуудын дагуу хянана.

2.6.Магадлал хийж баталгаажсан давтан хэрэглэх, нэг маягийн зургийг холбохдоо зөвхөн ажлын зураг төсөлд магадлал хийнэ.

2.7.Хоёр дахь архитектор, инженерийн шалгалт хийгдсэн ажлын зураг төсөлд магадлал хийнэ.

2.8.Магадлалын ажлыг зохион байгуулж буй нэгж мэргэжлийн зөвлөлөөр зөвшөөрөгдсөн хяналтын хуудсыг ерөнхий дүгнэлтэд хавсаргана.

2.9.Барилга байгууламжийн ажлын зураг төсөл энэ журмын 2.5-д заасан шаардлагуудыг хангаж байгааг хянаж магадлалын ерөнхий дүгнэлтэд тодорхой тусгана.

2.10.Эх загвар зурагт магадлал хийсэн экспертүүд ажлын зургийг хянаж баталгаажуулна.

2.11.Хоёр, гуравдугаар ангиллын барилга байгууламжийн зориулалт, төвөгшил, технологиос хамааруулан магадлалын нэгдүгээр үе шатны ажлыг экспертүүдээр хийлгэж болно.

2.12.Нэгж, мэргэжлийн чиглэлийн экспертүүд энэ журмын 2.11-т заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэх эсэхийг шийдвэрлэнэ.

2.13.Магадлалын ерөнхий дүгнэлт барилга байгууламжийн архитектур төлөвлөлт, инженерийн шийдлүүдэд өгөх мэргэжлийн үнэлгээ байна.

2.14.Гадаадын зээл, тусламж, улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх зураг төслийн төсөвт магадлал заавал хийнэ.

2.15.Ажлын зурагт магадлал хийгдэхээс өмнө инженер геологийн дүгнэлт магадлалаар баталгаажсан байна.

2.16.Цогцолбор барилга байгууламжийн технологийн хувьд нэгдмэл бус бүрдэл хэсгийн зураг төсөлд хэсэгчлэн магадлал хийж болно.

Гурав. Барилга байгууламжийн зураг төсөлд магадлалын ажлыг баталгаажуулах, түүнийг гүйцэтгэх хугацаа

3.1.Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын ажлыг хүснэгт 2-т заасны дагуу баталгаажуулна.

                                                                                                                                                                                                                                                                                   Хүснэгт 2

 

Барилгын ангилал

Нэгдүгээр үе шат

/эх загвар зураг /эскиз/-т магадлал хийх/

Хоёрдугаар үе шат

/ажлын зураг төсөлд магадлал хийх/

1 дүгээр

I ангиллын барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийхгүй.

2-5 дугаар

Өргөтгөсөн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн архитектур төлөвлөлт, инженерийн шийдлүүдийг тусгасан эх загвар зургийн хуудас бүрт мэргэжлийн чиглэлийн экспертүүд, нүүр хуудсанд нэгжийн дарга тус тус гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулна.

Магадлал хийгдсэн ажлын зургийн архитектур, инженерийн шийдлүүдийг тусгасан зургуудад магадлал хийсэн мэргэжлийн чиглэлийн экспертүүд гарын үсэг зурж, экспертийн хувийн дугаараа бичиж, магадлал хийсэн огноог тавина.

Ажлын зургийн нүүр хуудас, ерөнхий дүгнэлтэд нэгжийн дарга гарын үсэг зурж, тэмдэг дарж, баталгаажуулна.

 

3.2.Ажлын зураг төслийн боловсруулалт эхлэх үед батлагдсан эх загвар зургийн архитектур төлөвлөлт, инженерийн үндсэн шийдлүүдэд зарчмын өөрчлөлт орвол эх загвар зурагт магадлал хийсэн экспертүүдтэй зөвшөөрөлцсөн байна.

3.3.Магадлал хийгдсэн эх загвар, ажлын зургийг 1 хувь, ажлын зурагт хийсэн магадлалын ерөнхий дүгнэлтийг 2 хувь баталгаажуулна.

3.4.Магадлалын ажлыг нэгдүгээр үе шатанд ажлын 5 хоног, хоёрдугаар үе шатанд ажлын 10 хоногт хийж гүйцэтгэнэ.

Дөрөв. Барилга байгууламжийн эх загвар зураг /эскиз/-ийн бүрдэл, магадлал хийгдэхэд бүрдүүлэх материалууд

4.1.Эх загвар зураг Засгийн газрын 2009 оны 204 дүгээр тогтоолоор батлагдсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм”-ийн 4.1.2-т заасан бүрдэлтэй байна. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө М1:500, М1:1000, М1:2000 архитектур төлөвлөлт, технологи, барилга бүтээц, инженерийн хангамжийн байгуулалт, огтлол М1:200, орчны тойм М1:2000, М1:5000, М1:10000 масштабтайгаар зураг төслийг боловсруулна.

4.2.Эх загвар болон ажлын зурагт магадлал хийлгэх хүсэлтэндээ газар олголт, аймаг, хот, нийслэлийн ерөнхий архитекторын баталсан загвар зураг /эскиз/, архитектур төлөвлөлтийн болон зургийн даалгаврыг хавсаргасан байна.

4.3.Ажлын зурагт магадлал хийлгэх хүсэлтэндээ энэ журмын 4.2-т заасан материалаас гадна техникийн нөхцөлүүд, зураг төслийн байгууллагын тусгай зөвшөөрлийн хуулбар болон инженер геологийн дүгнэлт зэрэг материалыг нэмж хавсаргана.

Тав. Зураг төслийн баримт бичгийг хадгалах

5.1.Батлагдсан эх загвар зураг, магадлалын ерөнхий дүгнэлт, магадлал хийсэн мэргэжлийн чиглэлийн экспертүүдийн дүгнэлт болон ажлын зурагт эх загвар зургаас архитектур төлөвлөлт, инженерийн шийдэлд өөрчлөлт орсон тухайн хэсгийн зургийг магадлалын ажлыг зохион байгуулж буй нэгжийн архивт хадгална.

5.2.Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийсэн мэдээллийг магадлалын ажил зохион байгуулж буй нэгжийн бүртгэл мэдээллийн санд оруулж, барилгын асуудал эрхэлсэн төрийн төв байгууллагад тогтсон загварын дагуу улирал тутам хүргүүлнэ.