Хэвлэх DOC Татаж авах

Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 2015 оны А/108/149 дүгээр хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралт

 

ГАДААДЫН ИРГЭНД ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэний /цаашид “байгууллага” гэх/ ажлын байрандхөдөлмөрийн гэрээгээр ажиллах гадаадын иргэнд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох үйлчилгээ, үйлчилгээний хураамжтай холбоотой харилцааг Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хууль тогтоомж болон энэ журмаар зохицуулна.

1.2.Гадаадын иргэнд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох үйл ажиллагааг Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан эрх бүхий байгууллага /цаашид “эрх бүхий байгууллага” гэх/ эрхлэн явуулна.

Хоёр. Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах хүсэлт гаргах

2.1.Байгууллага дараах хувь, хэмжээний дотор гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах хүсэлт гаргана. Үүнд:

2.1.1.Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасан шалгуурын дагуу тухайн жил Засгийн газраас баталсан гадаадын ажиллах хүч, мэргэжилтний хувь;

2.1.2.Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т заасан үндэслэлээр тухайн байгууллагад Засгийн газрын шийдвэрээр зөвшөөрсөн ажиллах хүч, мэргэжилтний тоо;

2.1.3.Засгийн газраас хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд эрх шилжүүлсэн хэмжээний дотор Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т заасан үндэслэлээр тухайн байгууллагад зөвшөөрсөн гадаадын ажиллах хүч, мэргэжилтний тоо.

2.2.Байгууллагын гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний хэрэгцээ энэ журмын 2.1.1-д заасан хувь, хэмжээнд багтаж байгаа тохиолдолд эрх бүхий байгууллагад гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах хүсэлт гаргаж болно.

2.3.Байгууллагын гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний хэрэгцээ энэ журмын 2.1.1-д зааснаас их байгаа тохиолдолд журмын 2.1.2, 2.1.3-т заасны аль тохирох нөхцөлөөр гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах асуудлаар хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хандаж урьдчилан шийдвэрлүүлнэ.

2.4.Байгууллага энэ журмын 2.3-т заасан хүсэлтэд гадаадаас авч ажиллуулах ажиллах хүч, мэргэжилтний хэрэгцээг тодорхойлж, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасан баримт бичгийг зохих журмын дагуу бүрдүүлж хавсаргана.

Гурав. Гадаадын иргэнд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох үйлчилгээ, хугацаа

3.1.Гадаадын иргэнд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох чиглэлээр Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хууль тогтоомж, энэ журмын дагуу дараах үйлчилгээг үзүүлнэ. Үүнд:

3.1.1.Гадаадын иргэнийг Монгол Улсад хөдөлмөр эрхлүүлэхээр урихыг зөвшөөрсөн урьдчилсан зөвшөөрөл олгох;

3.1.2.Гадаадын иргэнд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох;

3.1.3.Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацаа сунгах;

3.1.4.Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн бүртгэлээс хасалт хийх;

3.1.5.Хууль тогтоомжид заасан бусад.

3.2.Байгууллага энэ журмын 3.1.1-т заасан үйлчилгээ авахдаа Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан баримт бичиг /мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.4, 8.2.5-т зааснаас бусад/-ийг зохих журмаар бүрдүүлж, нийгмийн даатгалын НД-7 болон эрх бүхий байгууллагаас баталсан маягтыг үнэн зөв хөтлөж, албан бичгээр хандана.

3.3.Байгууллага энэ журмын 3.1.2-т заасан үйлчилгээ авахад Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан бичиг баримт, эрүүл мэндийн бичиг, ажлын байрны төлбөр тушаасан баримт, татварын өргүйг тодорхойлсон тодорхойлолт, эрх бүхий байгууллагын баталсан маягтыг үнэн зөв хөтөлж, албан бичгээр хандана.

3.4.Эрх бүхий байгууллага хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авсан гадаадын иргэнд паспортын хамт хүчин төгөлдөр үйлчлэх “Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн үнэмлэх” олгоно. Үнэмлэх нь ялгагдах онцлог тэмдэг, аль улсын иргэн болох, иргэний овог нэр, зураг, паспортын дугаар, ажиллах байгууллагын нэр, хаяг, эрхлэх ажил, албан тушаал, зөвшөөрлийн эхлэх болон дуусах хугацаа, нэгдсэн дугаар бүхий мэдээллийг агуулсан байна.

3.5.Байгууллага энэ журмын 3.1.3-т заасан үйлчилгээг авахад Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан бичиг баримтыг бүрдүүлж, ажлын байрны төлбөр тушаасан баримт, нийгмийн даатгалын НД-7 болон эрх бүхий байгууллагаас баталсан маягтыг үнэн зөв хөтлөж, албан бичгээр хандана.

3.6.Байгууллага энэ журмын 3.1.4-т заасан үйлчилгээг авахдаа улсын бүртгэлийн гэрчилгээ, гадаадын иргэний паспортын хуулбарын хамт, албан бичгээр хандана.

3.7.Гадаадын иргэнийг хөдөлмөр эрхлүүлэхээр урьдчилсан зөвшөөрөл авах хүсэлтээ тухайн иргэнийг Монгол Улсад ирэхээс нэг сарын өмнө, хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авахдаа гадаадын иргэнийг Монгол Улсын хилээр орж ирсэн өдрөөс эхлэн ажлын 10 хоногт, хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааны сунгалтыг хугацаа дуусгавар болохоос ажлын 10-аас доошгүй хоногийн өмнө холбогдох материалын хамт эрх бүхий байгууллагад хүргүүлнэ.

3.8.Эрх бүхий байгууллага энэ журмын 3.1.1-д заасан хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор, 3.1.2, 3.1.3-т заасан асуудлыг ажлын 3-5 хоногт, энэ журамд заасан бусад үйлчилгээг ажлын 1 хоногт шийдвэрлэнэ.

3.9.Байгууллага хүсэлтээ хууль тогтоомж болон энэ журамд заасан хугацаанд гаргаагүйгээс үүсэх үр дагаврыг эрх бүхий байгууллага хариуцахгүй.

Дөрөв. Үйлчилгээний хураамж төлөх, тайлан мэдээ гаргах

4.1.Байгууллага энэ журамд заасан үйлчилгээ авахдаа хөдөлмөрийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан хэмжээгээр үйлчилгээний хураамж төлнө.

4.2.Эрх бүхий байгууллага үйлчилгээний хураамжийн тайлан мэдээг сар бүр гаргаж, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн болон санхүү, төсвийн асуудал төрийн захиргааны төв байгууллагад улирал тутам хүргүүлнэ.

4.3.Эрх бүхий байгууллага хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох, сунгалт хийх, хасалт хийх үйлчилгээ үзүүлсэн мэдээллийг 7 хоног бүр хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад мэдэгдэнэ.