Хэвлэх DOC Татаж авах

Монгол Улсын Их Хурлын 2015 оны

62 дугаар тогтоолын хавсралт

 

 

ТӨРӨӨС АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАЛААР

БАРИМТЛАХ БОДЛОГО

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

1.1.Аж үйлдвэрийн салбар нь төр, шинжлэх ухаан, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд түшиглэсэн, дэвшилтэт техник, технологи, өндөр бүтээмж, өрсөлдөх чадвар бүхий экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл мөн.

1.2.Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого нь хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, уул уурхайн олборлох үйлдвэрлэлээс мэдлэг, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгож, аж үйлдвэрийн бүтцийг төрөлжүүлэн, бүтээмжийг дээшлүүлэх замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад чиглэсэн цогц зорилтыг тодорхойлоход чиглэнэ.

1.3.Уул уурхайн олборлох, баяжуулах үйлдвэрлэлээс бусад үйлдвэрийн салбарууд аж үйлдвэрийн бодлогод хамаарна.

1.4.Энэхүү бодлого нь Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах үндсэн баримт бичиг байх бөгөөд бусад салбарын бодлоготой харилцан уялдсан байна.

 

Хоёр.Бодлогын зарчим

 

2.1.Төрөөс аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд дараах зарчмыг баримтална:

                        2.1.1.хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг дэмжих;

                        2.1.2.экспортын чиг баримжаатай, импортыг орлох, өрсөлдөх чадвар бүхий эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих;

                        2.1.3.дэвшилтэт техник, технологи, өндөр технологи, инновацид суурилсан эдийн засгийн үр ашигтай үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх;

                        2.1.4.төр, шинжлэх ухаан, хувийн хэвшлийн үр ашигтай хамтын ажиллагаанд тулгуурлах;

                     2.1.5.аж үйлдвэрийн салбарт оролцогч талуудын үйл ажиллагаанд тэгш байдал, шударга өрсөлдөөнийг дэмжих;

                        2.1.6.аж үйлдвэрийн салбарын бүтээмж, өрсөлдөх чадварын байдалд судалгаа хийж, аж үйлдвэрийн бүтцийг нэмэгдүүлэх стратегийг баримтлах.

 

Гурав.Бодлогын зорилго

 

         3.1.Бодлогын зорилго нь дэвшилтэт техник, технологи, өндөр технологи, өрсөлдөх чадвар бүхий үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгож, аж үйлдвэрийн салбарыг Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхэд оршино.

 

Дөрөв.Бодлогын зорилт, түүнийг хэрэгжүүлэх чиглэл

 

4.1. Бодлогыг дараах зорилтын хүрээнд хэрэгжүүлнэ:

               4.1.1.аж үйлдвэрийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгож, үйлдвэрлэл эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх;

              4.1.2.аж үйлдвэрийн хөгжлийн бүсийг тодорхойлон "Монгол Улсын аж үйлдвэрийн нэгдсэн төлөвлөлт, зураглал"-ыг экосистем, хүн амын нутагшил, суурьшил, түүхий эдийн нөөц, дэд бүтцийн бодлоготой уялдуулан боловсруулах;

                4.1.3.аж үйлдвэрийн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлж, үйлдвэрийн кластер, чөлөөт бүс, үйлдвэрлэл, технологийн парк, тээвэр логистикийн сүлжээг цогцоор төлөвлөн хэрэгжүүлэх;

               4.1.4.аж үйлдвэрийн салбарт төр, шинжлэх ухаан, хувийн хэвшлийн үр ашигтай хамтын ажиллагааг дэмжих;

                4.1.5.дэвшилтэт техник, технологи, өндөр технологи, инновацид суурилсан, эдийн засаг, нийгмийн үр ашиг бүхий боловсруулах, дахин боловсруулах, бүтээлч аж үйлдвэрлэлийг хөрөнгө оруулалт, санхүүгийн бодлогоор дэмжих;

                 4.1.6.бүтээлч аж үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх;

                 4.1.7.аж үйлдвэрийн салбарын хүний нөөцийг бэлтгэх, ур чадварыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

                 4.1.8.худалдаа, үйлчилгээний салбарын хөгжих таатай орчныг бүрдүүлэх, экспортыг төрөлжүүлэх.

            4.2.Бодлогын зорилтыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан дараах чиглэлийг баримтална:

                        4.2.1.аж үйлдвэрийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгож, үйлдвэрлэл эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилтын хүрээнд:

                                    4.2.1.1.аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх стратеги, төлөвлөгөө, зорилтот хөтөлбөрүүдийг олон улсын хөгжлийн жишигт нийцүүлэн, эдийн засаг, нийгмийн хөгжлийн чиг хандлага, хэрэгцээ шаардлагатай уялдуулан боловсруулж, хэрэгжүүлэх;

                                    4.2.1.2.оюуны өмчийн эрхээр хамгаалагдсан үндэсний үйлдвэрийн бараа, бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулахыг бодлогоор дэмжих;

                             4.2.1.3.төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр хийх худалдан авалтад дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүнийг тэргүүн ээлжинд хамруулах тогтолцоог бий болгож, хэрэгжүүлэх;

                                      4.2.1.4.худалдааны эрх зүйн орчныг дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, хөгжүүлэх бодлоготой уялдуулан, нэг хаалганы тогтолцоог хөгжүүлж, тарифын болон тарифын бус зохицуулалтыг олон улсын гэрээнд нийцүүлэн шинэчлэх;

                              4.2.1.5.үйлдвэрлэл эрхлэгчдэд татварын бодлогоор дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх;

                       4.2.1.6.хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны эрх зүйн орчныг бий болгож, тогтолцоог боловсронгуй болгох;

                         4.2.1.7.зээлийн батлан даалт болон хөрөнгийн барьцааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох замаар үйлдвэрлэл эрхлэгчдийн санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх;

                             4.2.1.8.кластер, чөлөөт бүс, үйлдвэрлэл, технологийн паркийг хөгжүүлэх эрх зүйн таатай орчныг бий болгох;

                           4.2.1.9.аж үйлдвэрийн салбарт шаардлагатай судалгаа хөгжлийн ажлыг эрчимжүүлж, бүтээгдэхүүн, үйлчилгээний шинэ төрлийг бий болгох, технологийн түвшинг сайжруулах, аж үйлдвэрийн оюуны өмчийн патентийг эдийн засгийн эргэлтэд оруулахад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлд суурилсан судалгааны тогтолцоог бүрдүүлэх, судалгааны төвийг байгуулж ажиллуулах;

                        4.2.1.10.төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан аж үйлдвэрийн мэдээллийн сан бүхий мэдээллийн системийг бий болгох;

                        4.2.1.11.дахин боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэхтэй холбогдсон эрх зүйн орчныг бий болгох;

                        4.2.1.12.генетик материал, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, тэдгээрийг ашигласнаас бий болох үр ашгийг ил тод хуваарилахтай холбоотой эрх зүйн орчныг бий болгох;

                          4.2.1.13.аж үйлдвэрийн салбарт мэдээллийн технологи, харилцаа холбоо болон мэдээллийн үйлчилгээг нэвтрүүлж, аж үйлдвэрийн салбарын бүтээмж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх.

                       4.2.2.Аж үйлдвэрийн хөгжлийн бүсийг тодорхойлон “Монгол Улсын аж үйлдвэрийн нэгдсэн төлөвлөлт, зураглал”-ыг экосистем, хүн амын нутагшил, суурьшил, түүхий эдийн нөөц, дэд бүтцийн бодлоготой уялдуулан боловсруулах зорилтын хүрээнд:

                           4.2.2.1.экосистем, геополитик, хүн амын нутагшил, суурьшил, дэд бүтэц, ашигт малтмал, үндсэн түүхий эдийн нөөцөд үндэслэн аж үйлдвэрийн хөгжлийн бүсийг тодорхойлох;

                               4.2.2.2.“Монгол Улсын аж үйлдвэрийн нэгдсэн төлөвлөлт, зураглал”-ыг боловсруулж, батлуулах;

                             4.2.2.3.аж үйлдвэрийн салбарын мэдээллийн тогтолцоог бүрдүүлж, нэгдсэн мэдээллийн санг бий болгох.

                4.2.3.Аж үйлдвэрийн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлж, үйлдвэрийн кластер, чөлөөт бүс, үйлдвэрлэл, технологийн парк, тээвэр логистикийн сүлжээг цогцоор нь төлөвлөн хэрэгжүүлэх зорилтын хүрээнд:

                                    4.2.3.1.бүс нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх тэргүүлэх чиглэлийг тогтоох;

                                    4.2.3.2.хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн салбарыг кластераар хөгжүүлэх, кластерийн талаар баримтлах стратегийг боловсруулах;

                                   4.2.3.3.хөдөө аж ахуй, уул уурхайн түүхий эдийг дотооддоо бүрэн боловсруулах үйлдвэрлэлийг үе шаттайгаар хөгжүүлэх;

                                    4.2.3.4.түүхий эд бэлтгэн нийлүүлэх тогтолцоо, бараа бүтээгдэхүүнийг борлуулах тээвэр логистикийн сүлжээг кластерийн тогтолцоотой уялдуулан хөгжүүлэх;

                                    4.2.3.5.кластер, чөлөөт бүс, үйлдвэрлэл, технологийн паркийг эдийн засгийн тооцоо, үр өгөөжид үндэслэн дэд бүтцийн хамт цогцоор барих байршил, жагсаалтыг баталж, хэрэгжүүлэх;

                                    4.2.3.6.газрын тос, нүүрс хими, кокс хими, өнгөт болон хар төмөрлөгийн үйлдвэрийг дагалдах үйлдвэрийн хамт цогцоор нь байгуулах.

                        4.2.4.Дэвшилтэт техник, технологи, өндөр технологи, инновацид суурилсан, нийгэм, эдийн засгийн үр ашиг бүхий үндсэн материалын, машин, тоног төхөөрөмжийг угсрах, болон бусад боловсруулах, дахин боловсруулах бүтээлч аж үйлдвэрлэлийг хөрөнгө оруулалт, санхүүгийн бодлогоор дэмжих зорилтын хүрээнд:

             4.2.4.1.аж үйлдвэрийн салбарт үзүүлэх санхүү, хөрөнгө оруулалтын тогтолцоог боловсронгуй болгох;

          4.2.4.2.инноваци, өндөр технологи, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээ, дахин боловсруулах болон бүтээлч аж үйлдвэрлэлийг тусгай сангаас дэмжих;

            4.2.4.3.аж үйлдвэрийг дэмжих тусгай сангийн хөрөнгийг дотоод, гадаад эх үүсвэрээр нэмэгдүүлэх;

            4.2.4.4.кластер, чөлөөт бүс, үйлдвэрлэл, технологийн паркад үйлдвэрлэл эрхлэгчдийг татвар, санхүүгийн бодлогоор дэмжих;

         4.2.4.5.хүнд аж үйлдвэрийн паркийн дэд бүтцийг төрийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, концессоор барьж байгуулах, хөрөнгө оруулалтыг татвар, санхүүгийн бодлогоор дэмжих.

              4.2.5.Аж үйлдвэрийн салбарт шинжлэх ухаан, төр, хувийн хэвшлийн үр ашигтай хамтын ажиллагааг дэмжих зорилтын хүрээнд:

            4.2.5.1.аж үйлдвэрийн салбарт судалгаа хөгжлийн ажлыг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагыг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр төрөөс урамшуулах зохицуулалтыг бий болгох;

            4.2.5.2.аж үйлдвэрийн хамтын ажиллагааг дэмжих, гадаад улс орнуудын технологийн дэвшлийг ашиглах, нутагшуулах замаар болон өөрийн орны нөөц, чадавх, онцлогт тулгуурлан хөгжүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээний чиглэлийг тодорхойлж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх;

            4.2.5.3.улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх тогтолцоог бүрдүүлэх;

            4.2.5.4.төр, шинжлэх ухаан, боловсролын байгууллага болон хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд түшиглэн дэвшилтэт технологи, инновацийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх тогтолцоог дэмжих.

                        4.2.6.Бүтээлч аж үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх зорилтын хүрээнд:

                4.2.6.1.үндэсний түүх, өв уламжлал, ёс заншил, соёлын онцлогийг агуулсан, мэдлэг, мэдээлэлд суурилсан бүтээлч аж үйлдвэрлэлийн салбарыг дэвшилтэт техник, технологи, инновацид тулгуурлан мэдлэгийн менежментийг хэрэгжүүлэх замаар хөгжүүлж, шинэ чадавхи, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох;

                 4.2.6.2.соёлын статистикийг олон улсын байгууллагаас баталсан аргачлалын дагуу нэвтрүүлэх.

                    4.2.7.Аж үйлдвэрийн салбарын хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах зорилтын хүрээнд:

                                    4.2.7.1.үйлдвэрийн удирдлага, инженер, техникийн ажилтныг өндөр технологи бүхий улсуудад үе шаттайгаар бэлтгэх, мэргэшүүлэх, ур чадварыг дээшлүүлэх тогтолцоог бий болгож, дотоодод бэлтгэх чадавхыг сайжруулах;

                                    4.2.7.2.техникийн болон технологийн боловсролын чиглэл, төрлөөр мэргэжлийн зэрэг олгох, мэргэжлийн ур чадвартай уялдсан цалин хөлс, урамшууллын тогтолцоог бий болгож, хэрэгжүүлэх;

                                 4.2.7.3.гадаадад ажиллаж, амьдарч байгаад ирсэн иргэдийн үйлдвэрлэл эрхлэх бүтээлч санал, санаачлагыг дэмжих, тэдний мэдлэг, туршлагыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх;

                       4.2.7.4.үйлдвэрлэл, технологийн инкубаторийг хөгжүүлэх замаар гарааны компаниудын үйл ажиллагааг дэмжих;

                             4.2.7.5.ур чадварт суурилсан, ажлын байран дахь болон зайны сургалтаар мэргэжилтэй ажилчдыг сургаж, бэлтгэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх.

                        4.2.8.Худалдааны таатай орчныг бүрдүүлэх, экспортыг төрөлжүүлэх зорилтын хүрээнд:

                             4.2.8.1.хоёр болон олон талт худалдааны харилцаа, бүс нутгийн интеграцид нэгдэн орохдоо дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах;

                             4.2.8.2.худалдааны ерөнхий хэлэлцээр, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах хэлэлцээр, чөлөөт худалдааны хэлэлцээр болон давхар татварын гэрээ, хэлэлцээрийг байгуулах замаар олон улсын болон бүс нутгийн худалдааны интеграцид идэвхтэй оролцож, экспортыг нэмэгдүүлэх, дотоодын болон хамтарсан үйлдвэрүүдийг байгуулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн, дэвшилтэт техник, технологи, шилдэг менежментийн арга хэрэгслийг нэвтрүүлэх;

                   4.2.8.3.түнш орнууд болон бүс нутгийн хэмжээнд байгуулах худалдааны хэлэлцээрт худалдааг хөнгөвчлөх, тарифын болон тарифын бус саад тотгорыг багасгах арга хэмжээг тусгах замаар гадаад зах зээлд дотоодын үйлдвэрийн барааны нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх;

                           4.2.8.4.экспортод чиглэсэн, өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг худалдааны болон эдийн засгийн чөлөөт бүсэд хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

                     4.2.8.5.цахим сүлжээ ашиглан аутсорсингийн үйлчилгээ үзүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлах, худалдах үйл ажиллагааг дотоодод болон олон улсад нэгдсэн зохион байгуулалттайгаар хөгжүүлэх;

                   4.2.8.6.иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн худалдан авалтад дотоодын үйлдвэрийн бараа, бүтээгдэхүүнийг хамруулах ажлыг зохион байгуулалтаар хангах.

 

Тав.Бодлогыг хэрэгжүүлэх үе шат

 

            5.1.Бодлогыг дараах 3 үе шаттай хэрэгжүүлнэ. Үүнд:

                        5.1.1.I үе шат /2015-2020 он/: үндэсний үйлдвэрлэлийг хамгаалж, үндсэн түүхий эдийг дотооддоо боловсруулж, техник, технологийг нутагшуулан экспортыг дэмжих, импортыг орлох аж үйлдвэрийн бодлогыг хэрэгжүүлнэ.

                        5.1.2.II үе шат /2020-2025 он/: экспорт давамгайлсан аж үйлдвэрийн бүтцийг бий болгож өндөр технологи, машин, тоног төхөөрөмж, химийн үйлдвэрлэлийг хөгжүүлнэ.

                      5.1.3.III үе шат /2025-2030 он/: мэдлэгт суурилсан аж үйлдвэрийг хөгжүүлж, үйлчилгээ болон технологийн экспортыг дэмжин хөгжүүлнэ.

 

Зургаа.Бодлогыг хэрэгжүүлснээр хүрэх үр дүн

 

            6.1.Хүн амын амьжиргааны түвшин сайжирч, үндэсний аюулгүй байдлын баталгаа нэмэгдэнэ.

            6.2.Үндэсний бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дотоодын хэрэгцээгээ хангасан экспортлогч орон болж, олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвар нэмэгдэнэ.

            6.3.Боловсруулах болон үйлчилгээний салбарын бүтээгдэхүүний дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээ 2014 оны түвшнээс 2 дахин нэмэгдсэн байна.

            6.4.Үйлдвэрлэл, технологийн парк байгуулагдаж, үйлдвэрийн кластер, логистикийн сүлжээ хөгжинө.

            6.5.Судалгаа хөгжлийн боловсруулалтын ажлын үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулж үндэсний баялгийг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэнэ.

            6.6.Аж үйлдвэрийн салбарт дотоод, гадаадын хөрөнгө оруулалтын таатай орчин бий болж, экспортын зах зээл өргөжинө.

            6.7.Үндэсний түүх, соёлын онцлогийг агуулсан, шинэ бүтээл, бүтээгдэхүүн, үйлчилгээний үйлдвэрлэл хөгжсөнөөр эдийн засагт тус салбарын эзлэх байр суурь нэмэгдэж, соёлын нөлөө олон улсад бэхэжсэн байна.

 

Долоо.Удирдлага, зохион байгуулалт,

хяналт-шинжилгээ, үнэлгээ

              7.1.Энэхүү бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны ангилал дахь аж үйлдвэрийн салбарын бүтцийн хөгжлийг дэмжих, бүтээмж, өрсөлдөх чадвар болон технологийн түвшнийг сайжруулах, байгаль орчинд ээлтэй техник, технологийг нэвтрүүлэхэд бүтээгдэхүүн, үйлчилгээний олон улсын болон бүс нутгийн зах зээлийн хандлагын судалгаанд тулгуурлан дүгнэлт өгөх, зөвлөмж гаргах, дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий, төрийн байгууллага, хөрөнгө оруулагч, мэргэжлийн холбооны тэгш оролцоог хангасан аж үйлдвэрийн Бодлогын зөвлөл ажиллана.

              7.2.Бодлогын хэрэгжилтийг аж үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага бусад яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллага болон хувийн хэвшлийн оролцоотойгоор зохион байгуулна.

               7.3.Бодлогыг хэрэгжүүлэх үе шат бүрд хяналт-шинжилгээ, үнэлгээг хийж гүйцэтгэнэ.

 

---o0o---