Хэвлэх DOC Татаж авах

Засгийн газрын 2015 оны 316 дугаар
тогтоолын хавсралт

 

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ УЛСЫН
ХЯНАЛТЫН ДҮРЭМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1. Худалдан авах ажиллагааны улсын хяналтын зорилго нь худалдан авах ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавих замаар төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомж болон холбогдох бусад дүрэм, журам, стандартыг мөрдүүлэхэд оршино.

1.2. Худалдан авах ажиллагааны хэрэгжилтэд тавих улсын хяналтыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.

1.3. Худалдан авах ажиллагааны улсын хяналтыг төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлж гаргасан хууль тогтоомжийн бусад актын биелэлтэд хяналт тавьж, хяналт шалгалт хийх, илэрсэн зөрчил, дутагдлын шалтгаан, нөхцөлийг тогтоож, захиргааны шийтгэл ногдуулах, хугацаатай даалгавар хүргүүлэх, хэрэгжилтийг хангуулах чиглэлээр хэрэгжүүлнэ.

 

Хоёр. Худалдан авах ажиллагааны
         хяналтын улсын байцаагч

 

2.1. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн дарга нь худалдан авах ажиллагааны хяналтын улсын ерөнхий байцаагч байна.

2.2. Улсын ерөнхий байцаагчийг Засгийн газар томилж, чөлөөлнө.

2.3. Худалдан авах ажиллагааны хяналтын улсын байцаагч, ахлах байцаагч (цаашид “улсын байцаагч” гэх)-ийн эрхийг улсын ерөнхий байцаагч олгоно.

2.4. Улсын ахлах байцаагч нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын худалдан авах ажиллагааны бодлого, арга зүй, хяналт хариуцсан нэгжийн дарга, улсын байцаагч нь тус нэгжийн мэргэжилтэн (ахлах мэргэжилтэн) байх бөгөөд дараах шаардлагыг хангасан байна:

2.4.1. төрийн захиргааны албан хаагчийн шалгалт өгч, тангараг өргөсөн байх;

2.4.2. тухайн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх;

2.4.3. хяналт шалгалтын ажлын зохих дадлага туршлагатай байх.

2.5. Улсын байцаагчийн бүрэн эрх тухайн албан тушаалыг хаших хугацаанд хадгалагдана.

2.6. Улсын байцаагч нь чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж болон энэхүү дүрмийг мөрдөж ажиллана.

2.7. Улсын ерөнхий байцаагч нь дараах үндэслэлээр улсын байцаагчийн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргана:

2.7.1. гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаатай нь холбогдуулан холбогдох эрх бүхий байгууллагаас хүсэлт ирүүлсэн;

2.7.2. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу түр чөлөөлөгдсөн.

2.8. Улсын ерөнхий байцаагч нь дараах үндэслэлээр улсын байцаагчийн эрхийг хүчингүй болгох шийдвэр гаргана:

2.8.1. Төрийн албаны тухай хууль болон энэ дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хуулиар олгосон эрхээ хэтрүүлсэн, түүнчлэн энэхүү дүрмийн         4.3, 4.11-д хориглосон үйл ажиллагааг явуулсан болох нь нотлогдсон;

2.8.2. өөр ажил, албан тушаалд томилогдсон, эсхүл тухайн албан тушаалаас чөлөөлөгдсөн;

2.8.3. тухайн байцаагчийн бичгээр гаргасан хүсэлт.

2.9. Улсын байцаагч нь чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаас гадна дараах зарчмыг удирдлага болгон ажиллана:

2.9.1. бусдын нөлөөнд үл автах;

2.9.2. бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэх;

2.9.3. асуудалд бодитой хандаж, шалгалтыг гагцхүү үндсэн баримтад тулгуурлан хийх.

2.10. Улсын байцаагч нь улсын ерөнхий байцаагчийн загварыг нь баталж, олгосон хувийн дугаар бүхий үнэмлэх, тэмдэг, албан шаардлага, дүгнэлт, акт, хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

2.11. Улсын ерөнхий байцаагч нь улсын байцаагчид мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллана. Улсын байцаагч нь ерөнхий байцаагчид ажлаа хариуцан тайлагнана.

 

Гурав. Улсын байцаагчийн бүрэн эрх

 

3.1. Улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 521.2-т зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

3.1.1. хяналт шалгалтыг энэ дүрмийн 1.3-т заасан чиглэлийн дагуу хэрэгжүүлэх;
3.1.2. хяналт шалгалтын ажилд саад учруулсан, эсэргүүцсэн этгээдэд өөрийн эрх хэмжээний хүрээнд болон эрх бүхий байгууллагад мэдэгдэж, зохих арга хэмжээ авах;

  3.1.3. зөрчил, дутагдал гаргасан нь нотлогдсон албан тушаалтанд захиргааны шийтгэл ногдуулах, түүнийг арилгуулахаар албан шаардлага өгөх, гүйцэтгэлийг хангуулах, улсын ерөнхий байцаагчийн (бичгээр) зөвшөөрснөөр үйл ажиллагааг нь бүхэлд нь буюу хэсэгчлэн түр зогсоох;

  3.1.4. хяналт шалгалтын ажилд холбогдох мэргэжлийн хүмүүсийг татан оролцуулах саналыг улсын ерөнхий байцаагчид тавьж шийдвэрлүүлэх;

  3.1.5. хяналт шалгалт хийсэн өөрийн ажилтай холбогдох хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцох, тайлбар өгөх;

  3.1.6. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14.1.4, 14.1.6, 14.1.7-д заасан нөхцөл үүссэн нь тогтоогдсон оролцогчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд оруулах тухай саналыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлэх;

  3.1.7. хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил нь гэмт хэргийн шинжтэй бол энэ тухай улсын ахлах байцаагчид танилцуулж, шалгалтын акт, холбогдох бичиг баримтыг эрх бүхий байгууллагад шилжүүлэх.

3.2. Улсын ерөнхий байцаагч нь энэ дүрмийн 3.1-д зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

  3.2.1. холбогдох байгууллагатай тохиролцон зохих мэргэжлийн хүмүүсийг хяналт шалгалтын ажилд татан оролцуулах, шаардлагатай асуудлыг магадлах зорилгоор лабораторийн буюу магадлан шинжилгээг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх;

  3.2.2. улсын байцаагчийн үйл ажиллагаа болон хяналт шалгалттай холбогдуулан гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх бөгөөд холбогдох хууль тогтоомжид нийцээгүй улсын байцаагчийн албан шаардлага, дүгнэлт, актыг хүчингүй болгох;

3.2.3. зөрчил гаргасан улсын байцаагчийн эрхийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох;

  3.2.4. иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн дагуу хяналт шалгалт хийлгэхээр улсын байцаагчийг томилон ажиллуулах;

  3.2.5. улсын байцаагчийн хийх хяналт шалгалтын удирдамжийг баталж, удирдамжид Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.2-т заасныг тусгана;

3.2.6. улсын байцаагчийн хяналт шалгалтын үйл ажиллагаанд хяналт тавих;

  3.2.7. хууль  тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

Дөрөв. Хяналт шалгалт хийх журам

 

4.1. Улсын байцаагч нь хяналт шалгалтыг гагцхүү улсын ерөнхий байцаагчийн баталсан удирдамжийн дагуу хийх бөгөөд хяналт шалгалт үргэлжлэх хугацаа 10 хоногоос хэтрэхгүй байна. Шаардлагатай тохиолдолд улсын ерөнхий байцаагчийн шийдвэрээр энэ хугацааг 10 хоногоор сунгаж болно.

4.2. Улсын байцаагч хяналт шалгалт эхлэхээс өмнө шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж, удирдамжийн нэг хувийг өгөх бөгөөд албаны үнэмлэхээ үзүүлнэ.

4.3. Хяналт шалгалтыг зөвхөн удирдамжид заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ. Удирдамжгүйгээр хяналт шалгалт хийхийг хориглоно.

4.4. Улсын байцаагч хяналт шалгалтын дүнг түүнийг дууссанаас хойш 7 хоногийн дотор ерөнхий байцаагчид танилцуулна.

4.5. Улсын байцаагч хяналт шалгалтын талаарх дүгнэлтийг 2 хувь үйлдэн гарын үсэг зурж, тэмдэг даран баталгаажуулах бөгөөд дүгнэлтийг шалгуулсан этгээдэд танилцуулан гарын үсэг зуруулж, 1 хувийг өгнө. Шалгуулсан этгээд дүгнэлтэд гарын үсэг зурахаас татгалзсан нь түүнийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй.

4.6. Шалгуулагч этгээд захиргааны зөрчил гаргасан нь тогтоогдвол улсын байцаагч захиргааны шийтгэл ногдуулж, зөрчлийн тухай тэмдэглэл үйлдэнэ. Тэмдэглэлд зөрчил гарсан газар, он, сар, өдөр, цаг, зөрчил гаргасан этгээдийн нэр, хаяг, эрхэлсэн ажил, албан тушаал, зөрчлийн байдал, товч утга, захиргааны хариуцлага хүлээлгэх үндэслэл болсон хууль тогтоомжийн холбогдох заалт, зөрчил гаргасан этгээдийн тайлбар, зөрчлийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай бусад мэдээлэл болон ногдуулсан шийтгэл, биелүүлэх хугацаа, түүний эрх зүйн үндэслэл зэргийг тэмдэглэнэ.

4.7. Зөрчлийн тухай тэмдэглэлд улсын байцаагч, шалгуулагч этгээд гарын үсэг зурна. Зөрчлийн тухай тэмдэглэлд шалгуулагч этгээд гарын үсэг зурахаас татгалзсан бол энэ тухай тайлбарыг хавсаргана.

4.8. Зөрчил гаргасан этгээд зөрчлийн тэмдэглэлд гарын үсэг зурахаас татгалзсан нь захиргааны хариуцлага хүлээхгүй байх, захиргааны шийтгэл биелүүлэхийг хойшлуулах үндэслэл болохгүй.

4.9. Улсын байцаагч хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулахаар холбогдох этгээдэд албан шаардлага хүргүүлж болно. Албан шаардлагад зөрчил гарсан он, сар, өдөр, цаг, холбогдох этгээдийн нэр, хаяг, илэрсэн зөрчлийн товч утга, зөрчигдсөн хууль тогтоомжийн холбогдох заалт, хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, учруулсан хохирлыг барагдуулахаар өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, хариу мэдэгдэхийг заасан хугацаа, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд авах арга хэмжээний талаар тусгана.

4.10. Улсын байцаагч зөрчлийн тухай тэмдэглэлийг үндэслэн захиргааны шийтгэл ногдуулахдаа шийтгэвэр гаргана. Шийтгэвэрт шийтгэл ногдуулсан он, сар, өдөр, зөрчил гаргагчийн нэр, хаяг, эрхэлсэн ажил, гаргасан зөрчлийн товч утга, шийтгэл ногдуулсан улсын байцаагчийн нэр, шийтгэлийн эрх зүйн үндэслэл, торгууль төлөх дансны дугаар, барагдуулах хугацааг тодорхой заана.

4.11. Улсын байцаагчид Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн гуравдугаар бүлэг, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлд заасан хориглосон үйл ажиллагаанаас гадна дараах зүйлийг хориглоно:

4.11.1. хяналт тавих, шалгалт хийх явцад олж авсан байгууллага, иргэний нууц баримт бичиг, түүнтэй холбоотой мэдээллийг бусдад дамжуулах, хувийн зорилгоор ашиглах, тараах;

4.11.2. хувийн ашиг сонирхлын үүднээс хяналт шалгалтын дүнг гуйвуулах;

4.11.3. шалгалт дуусаагүй, нэгдсэн дүгнэлт гараагүй байхад урьдчилан дүгнэлт гаргах, мэдээ, мэдээлэл тараах, түүнийгээ батлах зорилгоор шалгалтыг үргэлжлүүлэн хийх, хууль бус үйлдлийг нуун дарагдуулах;

4.11.4. шалгалт хийх, тайлан, дүгнэлт бичих, албан шаардлага өгөх, захиргааны шийтгэл ногдуулах явцдаа бусдын нөлөөнд автах, авлигад өртөх;

4.11.5. бичигдээгүй шалгалтын тайлан, дүгнэлт, танилцуулга, албан шаардлага, зөрчлийн тухай тэмдэглэлд урьдчилан гарын үсэг зурах, тэмдэг дарах, дугаар өгөх;

4.11.6. улсын байцаагчийн үнэмлэх, тэмдэг, албан шаардлагын болон зөрчлийн тухай тэмдэглэлийн хэвлэмэл хуудас, шийтгэврийн хуудсыг хууль бус үйл ажиллагаанд ашиглах, хуурамчаар үйлдэх, бусдад шилжүүлэх, ашиглах боломж олгох;

4.11.7. улсын байцаагчийн зүгээс бусад улсын байцаагч нарт хийж байгаа шалгалттай нь холбогдуулан ямар нэгэн хүсэлт тавих, дарамт шахалт үзүүлэх, хөндлөнгөөс нь нөлөөлж тайлан, дүгнэлт гаргуулах, албан шаардлага, зөрчлийн тухай тэмдэглэл үйлдүүлэх;

  4.11.8. албан тушаал, байгууллагын нэрээр бусдыг дарамтлах, нөлөөлөх;

  4.11.9. хууль тогтоомжид заасан бусад.

Тав. Бусад зүйл

 

5.1. Улсын байцаагч нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомж, холбогдох дүрэм, журам зөрчсөн, түүнчлэн илэрсэн зөрчлийг арилгуулах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй этгээдэд Захиргааны хариуцлагын тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

5.2. Зөрчил гаргасан этгээд нь түүнд ногдуулсан торгууль, нөхөн төлбөрийг тогтоосон хугацаанд нь улсын төсвийн орлогод оруулна.

5.3. Улсын байцаагчийн гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 10 хоногт багтаан худалдан авах ажиллагааны хяналтын улсын ерөнхий байцаагчид гомдол гаргана.

5.4. Улсын ерөнхий байцаагч гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ. Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.

5.5. Улсын байцаагч нь хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан бол холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээнэ.

 

--оОо--