Хэвлэх DOC Татаж авах

Уул уурхайн сайдын 2015 оны

09 дүгээр сарын 11-ний өдрийн

203 дугаар тушаалын хавсралт

 

 

АШИГТ МАЛТМАЛЫН БАЯЛАГ, ОРДЫН НӨӨЦИЙН АНГИЛАЛ, ЗААВАР

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

1.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн геологийн судалгаа, хайгуулын ажлын үр дүнд тогтоогдсон ашигт малтмалын баялаг, ордын нөөцийг энэхүү ангилал, зааврын дагуу тодорхойлно.

 

1.2.Геологи, хайгуулын судалгааг шинжлэх ухааны үндэслэлтэй, үе шаттайгаар гүйцэтгэх зарчмыг баримтлан ашигт малтмалын баялаг, ордын нөөцийг тодорхойлж тайлагнана.

 

1.3.Энэхүү ангилал нь геологи хайгуулын ажлын үр дүнгийн тайланд ашигт малтмалын баялаг, ордын нөөцийг үнэн зөв тодорхойлох үндсэн зөвлөмж болж үүний дагуу тодорхойлсон ашигт малтмалын баялаг, ордын нөөц нь хөрөнгө оруулалтын үндэслэл байж болно.

 

1.4.Ашигт малтмалын орд, хүдрийн биетийн нийлмэл байдлыг харгалзан бүлэглэж, геологи, эрэл, хайгуулын ажлын судалгааны түвшингээр зэрэглэн, уул техник, баяжуулалт-боловсруулалт, эдийн засаг, зах зээл, хууль эрх зүй, байгаль орчин, нийгэм, төрийн гэх зэрэг нөлөөлөх хүчин зүйлсэд үндэслэн ашигт малтмалын баялаг, ордын нөөцийг ангилна.

 

Хоёр. Ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангилал

 

2.1.Ашигт малтмалын орд, илрэл, талбай, хүдрийн дүүрэгт явуулсан геологи, эрэл, хайгуулын ажлын судалгааны түвшингээс хамааруулж тогтоогдсон эрдсийн хуримтлалыг ашигт малтмалын баялаг, ордын нөөц гэж ангилна.

 

2.1.1.“ашигт малтмалын баялаг” гэж Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.24 дүгээр заалтаар тодорхойлсон “геологийн зураглал, сэдэвчилсэн судалгаа, эрэл, хайгуулын ажлаар ашигт малтмалын тоо хэмжээ, хэлбэр, агуулга, эрдсийн бүрэлдэхүүн, эдийн засгийн ач холбогдол нь нарийвчлан үнэлэгдээгүй эрдсийн хуримтлалын хэсгийг”,

 

2.1.2.“ашигт малтмалын ордын нөөц” гэж Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.25 дугаар заалтаар тодорхойлсон “хайгуулын ажлаар ашигт малтмалын тоо хэмжээ, хэлбэр, агуулга, эрдсийн бүрэлдэхүүн нь нарийвчлан тогтоогдсон, үйлдвэрийн аргаар олборлох боломжтой, эдийн засгийн үр ашигтай, баяжуулах технологи, олборлолтын уул техникийн нөхцөл нь тодорхойлогдсон ашигт малтмалын баялгийн хэсгийг” ойлгоно.

 

2.2.Ашигт малтмалын ордын нөөцийг нөлөөлөх хүчин зүйлсээс хамааруулж геологийн нөөц, үйлдвэрлэлийн нөөц гэж ангилна.

 

2.3.Техник-эдийн засгийн үнэлгээ хийгдсэн боловч, уул техник, баяжуулалт-боловсруулалт, эдийн засаг, зах зээл, хууль эрх зүй, байгаль орчин, нийгэм, төрийн гэх зэрэг нөлөөлөх хүчин зүйлс нь эцэслэн техник-эдийн засгийн үндэслэлээр тооцоологдоогүй ордын нөөцийг геологийн нөөцөд хамааруулна.

 

2.4.Геологийн баттай (А), бодитой (B), боломжтой (C-III, IV бүлэг) нөөцөд тулгуурлан ордыг ашиглах техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах боломжтой. Үүний үр дүнд ордын нөөцийг бүхэлд нь буюу хэсэгчлэн олборлож болох уурхайн хил хязгаар дотор орших, хаягдал бохирдлыг тооцоолсон эдийн засгийн хувьд үр ашигтай нөөцийг батлагдсан (A’), магадласан (B’) үйлдвэрлэлийн нөөц гэнэ.

 

Гурав.Ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн зэрэглэл, түүний заавар

 

3.1.Хатуу ашигт малтмалын ордын үйлдвэрлэлийн нөөцийг батлагдсан (A’), магадласан (B’) зэрэглэлд ангилна.

 

3.1.1.Батлагдсан үйлдвэрлэлийн нөөц (A’) нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: Хайгуулын ажлаар тогтоогдсон баттай (А), бодитой (В) зэрэглэлийн геологийн нөөцөд тулгуурлан уулын үйлдвэрийн техник, технологийн сонголт, тооцоо, хүдрийн технологийн шинж чанарыг үйлдвэрлэлийн технологийн туршилтын түвшинд судлан, инженерийн шийдэл, байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, эрх зүй, хүний нөөц, удирдлага зохион байгуулалт, дэд бүтэц хангамж, нийгэм, ахуй үйлчилгээ, эдийн засгийн үр ашгийн тооцоо, болон холбогдох хүчин зүйлийг нарийвчлан тооцсон “Ашигт малтмалын ордыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэл”-ээр тогтоосон байна.

 

3.1.2.Магадласан үйлдвэрлэлийн нөөц (В’) нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: Хайгуулын ажлаар тогтоогдсон бодитой (В), боломжтой (С) зэрэглэлийн геологийн нөөцөд тулгуурлан уулын үйлдвэрийн техник, технологийн сонголт, тооцоо, хүдрийн технологийн шинж чанарыг үйлдвэрлэлийн технологийн туршилтын түвшинд судлан, инженерийн шийдэл, байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, эрх зүй, хүний нөөц, удирдлага зохион байгуулалт, дэд бүтэц хангамж, нийгэм, ахуй үйлчилгээ, эдийн засгийн үр ашгийн тооцоо, болон холбогдох хүчин зүйлийг нарийвчлан тооцсон “Ашигт малтмалын ордыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэл”-ээр тогтоосон байна.

 

3.2.Ордын геологийн нөөцийг баттай, бодитой, боломжтой зэрэглэлд ангилан баттай нөөцийг “А”, бодитой нөөцийг “B”, боломжтой нөөцийг “С” үсгээр тэмдэглэнэ.

 

3.2.1.Баттай (А) геологийн нөөц нь дараах шаардлагуудыг хангасан байна. Үүнд:

 

3.2.1.1.Хүдрийн биетийн хэлбэр, хэмжээ, байрших нөхцлийг нарийвчлан тодорхойлсон, дотоод бүтцийн өөрчлөлтийн зүй тогтлыг тогтоосон, хүдрийн биет дэх хоосон чулуулаг болон кондицийн бус хүдэржилттэй хэсгүүдийг ялгаж хүрээлсэн, атираашилд орсон байдал, хагарлуудын байрлал, тэдгээрийн  шилжилтийн чиглэл ба далайц нь тогтоогдсон байна.

 

3.2.1.2.Ашигт бүрдвэрийн агуулга, ашигт малтмалын биетийн зузаан зэрэг хүдрийн биетийн нийлмэл байдлыг илэрхийлэгч аль нэгэн гол үзүүлэлтийн хувиран өөрчлөлт, тасралтгүй үргэлжлэх чанарыг орон зайн гурван чиглэлд найдвартай түвшинд тогтоосон байна.

 

3.2.1.3.Ашигт малтмалын байгалийн төрлүүд нь тогтоогдсон, технологийн төрөл ба сортууд нь ялгагдаж хүрээлэгдсэн, ашигт малтмалын чанар ба хүдрийн бодисын найрлагыг тогтоосон байна.

 

3.2.1.4.Үндсэн ба дагалдах ашигт малтмал, түүнд агуулагдаж байгаа үйлдвэрийн аргаар ялган ашиглаж болох ашигт бүрдвэрүүдийг иж бүрэн авч ашиглах технологийн оновчтой бүдүүвчийг сонгон авч, ашигт малтмалын олборлох, боловсруулах үйлдвэрийн зураг төслийг зохиох нөхцлийг бүрэн хангах түвшинд ашигт малтмалын хүдэр боловсруулах технологийг нарийвчлан судалж анхдагч баримтыг бүрдүүлсэн байна.

 

3.2.1.5.Ашигт малтмал, баяжмал болон эцсийн бүтээгдэхүүн дэх ашигтай ба хортой хольцын агуулга, орших нөхцөл, тархалтыг судалж тогтоосон байна.

 

3.2.1.6.Баттай нөөцийн хил заагийг цооног болон малталтаар хязгаарлан, сорьцлолтын үр дүнд тулгуурлан, техник-эдийн засгийн тооцоогоор үндэслэсэн кондицийн дагуу тогтоосон байна.

 

                    3.2.2.Бодитой (B) геологийн нөөц нь дараах шаардлагуудыг хангасан байна. Үүнд:

                             

                              3.2.2.1.Ашигт малтмалын хэлбэр, хэмжээ, байрших нөхцлийг тодорхойлсон, дотоод бүтцийн өөрчлөлтийг тогтоосон, биет дэх хоосон чулуулаг ба кондицийн бус хүдэртэй хэсгийг ялгаж хүрээлсэн, атираашилд автсан байдал, томоохон хагарлуудын байрлал, тэдгээрийн шилжилтийн чиглэл ба далайц тодорхойлсон байна.

 

                              3.2.2.2.Ашигт бүрдвэрийн агуулга, хүдрийн биетийн зузаан зэрэг хүдрийн биетийн нийлмэл байдлыг илэрхийлэгч аль нэгэн гол үзүүлэлтийн хувиран өөрчлөлт, тасралтгүй үргэлжлэх чанарыг орон зайн гурван чиглэлд боломжийн түвшинд үнэлсэн байна.

 

                              3.2.2.3.Хүдрийн байгалийн төрлүүдийг тодорхойлсон, технологийн төрөл ба сортуудыг ялгаж, хүрээлсэн байна. Ашигт малтмалын технологийн төрөл ба сортуудыг ялгаж хүрээлэх боломжгүй нөхцөлд тэдгээрийн орон зайн байршлын зүй тогтлыг тодорхойлж, технологийн төрөл ба сортуудын тоон харьцааг тогтоосон байна.

 

                              3.2.2.4.Үндсэн ба дагалдах ашигт малтмал, түүнд агуулагдаж байгаа үйлдвэрийн аргаар ялган ашиглаж болох ашигт бүрдвэрүүдийг иж бүрэн авч ашиглах технологийн оновчтой бүдүүвчийг сонгон авч, ашигт малтмалын олборлох, боловсруулах үйлдвэрийн зураг төслийг зохиох нөхцлийг хангах түвшинд ашигт малтмалын хүдэр боловсруулах технологийг нарийвчлан судалж, анхдагч баримтыг бүрдүүлсэн байна.

 

                              3.2.2.5.Ашигт малтмалын хүдэр, баяжмал болон эцсийн бүтээгдэхүүн дэх ашигтай ба хортой хольцын агуулга, орших нөхцөл, тархалтыг судалж тогтоосон байна.

                             

                              3.2.2.6.Бодитой нөөцийн хил заагийг сорьцын шинжилгээний дүнд тулгуурлан, техник-эдийн засгийн урьдчилсан тооцоогоор үндэслэсэн кондицийн дагуу малталт ба цооногуудаар хязгаарлан тогтоохын зэрэгцээ  геологи, геофизик, геохимийн шалгууруудаар баталгаажсан тохиолдолд хязгаартай экстраполяцын шугамаар хийж болно.

 

                    3.2.3.Боломжтой (С) геологийн нөөц нь дараах шаардлагуудыг хангасан байна. Үүнд:

 

                              3.2.3.1.Хүдрийн биетийн хэлбэр, хэмжээ, байрших нөхцөл үндсэндээ тодорхойлогдсон, дотоод бүтцийн гол онцлог шинжүүдийг  тайлбарласан, томоохон хагарлуудын байрлал, тэдгээрийн шилжилтийн чиглэл ба далайцыг урьдчилан судалсан байна.

 

                              3.2.3.2.Ашигт бүрдвэрийн тархалт, хүдрийн биетийн зузаан зэрэг хүдрийн биетийн бүтцийн нийлмэл байдлыг илэрхийлэгч аль нэгэн гол үзүүлэлтийн хувиран өөрчлөлт, тасралтгүй үргэлжлэх чанарыг орон зайнд судалсан байна.

 

                              3.2.3.3.Хүдрийн байгалийн ба технологийн төрөл, сортууд  тодорхойлогдсон, тэдгээрийн орон зайн байршлын ерөнхий зүй тогтол ба тоон харьцаа нь судлагдсан байна.

 

                              3.2.3.4.Хүдэр боловсруулах технологийн шинж чанарыг цөөн тооны сорьцын лабораторийн шинжилгээ, туршилтаар судалсан эсвэл уг ордын илүү нарийвчлалтай судалсан хэсэг болон түүнтэй ижил төстэй бусад ордын үзүүлэлтүүдтэй харьцуулах замаар тодорхойлсон байна.

 

                              3.2.3.5.Ашигт малтмалын хүдэр, баяжмал болон эцсийн бүтээгдэхүүн дэх ашигтай ба хортой хольцын агуулга, орших нөхцөл, тархалтыг урьдчилан судалсан байна.

 

                              3.2.3.6.Боломжтой нөөцийн хил хязгаарыг техник эдийн засгийн урдчилсан тооцоогоор үндэслэх буюу адил төстэй ордтой жиших аргаар тодорхойлсон кондицийн үзүүлэлтийн дагуу малталт, цооногийн болон байгалийн гаршийн сорьцлолтын дүнд тулгуурлан тогтоохын зэрэгцээ геологи, геофизик, геохимийн гажил, шалгуураар давхар баталгаажсан нөхцөлд экстраполяцын аргаар хязгаарлаж болно.

 

3.3.Хатуу ашигт малтмалын баялгийг илрүүлсэн (Р1), баримжаалсан (Р2), таамагласан (Р3) баялаг гэж тус тус ангилна.

 

3.3.1.Илрүүлсэн баялаг (Р1)-ийн үнэлгээг эрэл, эрэл-үнэлгээний ажлаар ашигт малтмалын илрэлд болон хайгуул хийсэн ордын нөөцийг тооцоолсон хэсгийн гүнд болон захын хэсгүүдэд өгнө. Илрүүлсэн баялаг (Р1)-ийн үнэлгээнд хүдэржсэн бүсийн хил хүрээг хүдэржилт бүхий геологийн структурын хүрээнд болон хайгуул хийгдсэн нөөцүүдийн захаас экстраполяцын аргаар тогтооно. Үүнд мөн геофизик, геохимийн судалгаа, ашигт малтмалын тархах талбай болон гүний талаар хийсэн структурийн, литологийн, стратиграфийн судалгааны үр дүнг ашиглана. Хүдрийн чанар, тоо хэмжээний үнэлгээнд хүдрийн биетийн гарш болон цөөн тооны малталт, цооногийн сорьцлолтын  үр дүнг ашиглахын зэрэгцээ түүнтэй гарал үүслийн болон формацын төрлөөр адил төсөөтэй, хайгуул хийсэн ордын үзүүлэлтүүдийг харьцуулан, адилтгах замаар үнэлгээ өгч болно.

 

3.3.2.Баримжаалсан баялаг (Р2)-ийн үнэлгээг том масштабын геологийн зураглал, эрлийн ажлын шатанд илрүүлсэн ашигт малтмалын илрэл, хүдрийн бүсэд хийсэн геологи-структурийн судалгаа, үүссэн геологийн орчин нь зарим цооног ба малталтаар баталгаажсан геофизик, геохимийн гажил дээр тулгуурлан эрлийн шалгуур, шинж тэмдэг бүхий геологийн структурын хүрээнд хийнэ. Ашигт малтмалын чанар, тоо хэмжээний үнэлгээнд цөөн тооны сорьцлолтын үр дүнг ашиглахын зэрэгцээ түүнтэй гарал үүслийн болон формацын төрлөөр адил, хайгуул хийсэн ордын үзүүлэлтүүдийг харьцуулан, адилтгах журмаар үнэлгээг өгсөн байж болно.

 

3.3.3.Таамагласан баялаг (Р3)-ийн үнэлгээг том масштабын геологийн зураглалын ажлаар болон агаар, сансрын зургийн тайлал хийх явцад тогтоогдсон эрлийн шалгуурууд, металлогенийн болон структурийн геологийн судалгаа, геофизик, геохимийн региональ судалгааны өгөгдлийн тайлал зэрэг онолын судалгаанд суурилан ашигт малтмал илрүүлэх потенциал боломжийг харгалзан, хүдрийн сав газар, хүдрийн дүүрэг, хүдрийн талбай, хүдрийн зангилааны хэмжээнд өгнө. Мөн таамагласан баялаг (Р3)-ийн үнэлгээг судалгааны талбайд илрүүлэгдэх магадлалтай ашигт малтмалын ордтой адил төрлийн орд бүхий хүдрийн дүүрэг, талбай, сав газруудтай харьцуулах замаар өгч болно.

 

3.4.Үйлдвэрлэлийн ач холбогдолтой дагалдах бүрдвэрийн нөөцийг үндсэн ашигт бүрдвэрийн нөөц тооцоолсон хил хүрээнд судлагдсан байдал, тархалтын шинж чанар, орших хэлбэрт нь үндэслэн холбогдох ангиллаар нь ялгаж тооцоолно.

 

3.5.Ашигт малтмалын баялаг, ордын нөөцийг программ хангамжаар тооцоолж үнэлэх нөхцөлд геостатистикийн судалгаанд үндэслэн тухайн үзүүлэлтийн нөлөөллийг үндэслэн нөөц, баялгийн хил заагийг тогтоож болно.

 

3.6.Баялгийн үнэлгээг цогцолбороор буюу харьцуулж байгаа ордын ашигт малтмалын чанар, хүдэр боловсруулах технологид тавьж байгаа шаардлага, түүний хөгжлийн хандлагыг харгалзан үзэж өгнө.

 

3.7.Ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн зэрэглэл, ангилалыг тухайн төрлийн ашигт малтмалын онцлогт тулгуурлан гаргасан зааварт нийцүүлж болно.

 

Дөрөв.Хатуу ашигт малтмалын ордын бүлэглэл

 

4.1.Ордын геологийн тогтоцын онцлог, хүдрийн биетийн үндсэн үзүүлэлтүүд /агуулга, зузаан г.м/ түүнчлэн ордод эрэл үнэлгээ, хайгуулын ажлыг явуулах цаг хугацаа, хүч хөрөнгө зэрэг эдийн засгийн үзүүлэлтийг харгалзан ашигт малтмалын орд түүний хэсгийг дараах байдлаар бүлэглэж болно. Үүнд:

         

          4.1.1. I-бүлэг. Энд нөөцийн ихэнх хэсгийг агуулсан ашигт малтмалын биет нь эвдрээгүй буюу эвдрэлд бага автсан байхаас гадна, биетийн дотоод тогтоц, чанар, зузааны хувьд өөрчлөлт багатай, үндсэн ашигт бүрэлдэхүүн нь маш жигд тархсан, геологийн энгийн тогтоцтой ордуудыг хамааруулна. Ийм орд буюу түүний хэсэгт нөөцийг баттай хүртэл зэрэглэлээр тогтооно.

 

          4.1.2. II-бүлэг. Ашигт малтмалын биетийн зузаан, дотоод тогтоц, чанарын хувьд өөрчлөлттэй, эвдрэлд нэрвэгдсэн, эсвэл үндсэн ашигт бүрэлдэхүүний тархалт нь жигд бус, геологийн тогтоц төвөгтэй эсвэл геологийн энгийн тогтоцтой боловч, олборлох нөхцөл хүнд ордуудыг хамааруулна. Хайгуулын үед энэ бүлгийн ордод ихэнх нөөцийг бодитой хүртэл зэрэглэлээр тогтооно.

 

          4.1.3. III-бүлэг. Ашигт малтмалын биетийн зузаан, дотоод тогтоц огцом өөрчлөлттэй. Эвдрэлд хүчтэй нэрвэгдсэн, чанарын хувьд их өөрчлөлттэй, үндсэн ашигтай бүрэлдэхүүний тархалт нь нэлэнхүйдээ жигд бус, маш нийлмэл тогтоц бүхий ордыг энэ бүлэгт хамааруулна. Ордын нөөцийг бодитой болон боломжтой зэрэглэлээр тогтооно.

 

          4.1.4. IV-бүлэг. Ашигт малтмалын биетийн зузаан, дотоод тогтоц түүнчлэн чанарын хувьд маш огцом өөрчлөлттэй, үндсэн бүрэлдэхүүний тархалт маш жигд бус, геологийн маш нийлмэл тогтоц бүхий ордыг хамааруулна. Ордын нөөцийг боломжтой зэрэглэлээр тогтооно.

 

Тав.Ашигт малтмалын судалгааны үндсэн үе шат, зорилго, баялаг, нөөцийн зэрэглэл, эдийн засгийн үнэлгээний хамаарал

 

Ашигт малтмалын судалгааны үндсэн үе шат, нарийвчлал

Судалгааны зорилго,

объект

Нөөц, баялгийн үнэлгээ

Нөөц, баялгийн ангилал ба

 зэрэглэлийн төрөл

Эдийн засгийн үнэлгээний төрөл

Баялгийн төрөл

Нөөц, баялгийн зэрэглэл

Тэмдэглэгээ

Геологийн  судалгаа

Геологийн тогтоц, эрдэсжсэн цэг, илрэлийг судлах

Үнэлсэн нөөц, баялаг

 

Баримжаалсан

Таамагласан

 

Р3

Р2

Геологийн үнэлгээ

Эрэл

Ашигт малтмалын илрэлд хайгуулын ажил явуулах, талбайг ялгах

Илрүүлсэн

Р1 (C)

(Ашигт малтмалын баялгийн геологи -эдийн засгийн үнэлгээ)

Хайгуул

Ашигт малтмалын баялаг, ордын нөөцийг тогтоох

Геологийн нөөц

Боломжтой Бодитой

Баттай

С

B

А

Урьдчилсан техник-эдийн засгийн үнэлгээ

Орд, уурхайд ашиглалтын нөөцийг нарийвчлан тогтоох

Үйлдвэрлэлийн

нөөц

 

Магадласан

 

Батлагдсан 

B’ (C-III, IV бүлэг)

А’

 

Техник-эдийн засгийн үндэслэл, зураг төсөл

--oOo--